| Шүүх | Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сураагийн Отгонтуяа |
| Хэргийн индекс | 115/2025/0021/З |
| Дугаар | 115/ШШ2026/0003 |
| Огноо | 2026-02-02 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 115/ШШ2026/0003
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Отгонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Гомдол гаргагч: И ХХК, /РД: ...., УБД: ....../
Хариуцагч: Дорноговь аймгийн Байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Э.О нарын хоорондын
Гомдлын шаардлага: “Дорноговь аймгийн Байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Э.Оийн 2025 оны .. дугаар сарын ...-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” ... дугаар “Шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч “И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Энхжаргал, хариуцагч Дорноговь аймгийн Байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Э.О, шинжээч Х.М /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч “И” ХХК-аас шүүхэд анх “ 1. Дорноговь аймгийн Байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Э.Оийн 2025 оны .. дугаар сарын ...-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах утга бүхий № ... дугаар “Шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгуулах, 2. “Захиргааны шийдвэрт заасан төлбөр ногдуулах үндэслэлийг хуульд нийцээгүй болохыг тогтоолгох” гомдлын шаардлага гаргасан бөгөөд гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Энхжаргалаас шүүх хуралдаанд гомдлын шаардлагаа “Дорноговь аймгийн Байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Э.Оийн 2025 оны .. дугаар сарын ...-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” ... дугаар “Шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгуулах”[1] гэж өөрчлөн тодруулсан болно.
2. Хэргийн нөхцөл байдал, процессын түүхийн талаар:
2.1. Хариуцагч Дорноговь аймгийн Байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Э.О (цаашид “хариуцагч эрх бүхий албан тушаалтан” гэж товчлох) Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 1 дугаар удирдамжийн дагуу явуулсан хяналт шалгалтын явцад “И” ХХК-ийн “ус ашиглах дүгнэлт гаргуулаагүй, зөвшөөрөл авалгүй усыг ашигласан” зөрчлийг илрүүлсэн.
2.2. Хариуцагч эрх бүхий албан тушаалтнаас гомдол гаргагч “И” ХХК-ийг 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл “усыг үйлдвэрлэлийн зориулалтаар зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр ашигласан” гэх зөрчилд 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр ... дугаартай “Зөрчлийн хэрэг” нээж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
2.3. Улмаар эрх бүхий албан тушаалтнаас “И” ХХК-ийг “усыг үйлдвэрлэлийн зориулалтаар зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр ашигласан” зөрчил үйлдсэн гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... усыг үйлдвэрлэлийн зориулалтаар зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр, ... ашигласан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж ... , хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаар 2025 оны .. дугаар сарын ...-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” ... дугаартай “Шийтгэлийн хуудас”-аар таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,000,000 төгрөгөөр торгож, хохирол нөхөн төлбөрт 599,570,940 /таван зуун ерэн есөн сая таван зуун далан мянга есөн зуун дөчин/ төгрөгийг төлүүлэх шийтгэлийг оногдуулжээ.
2.4. Гомдол гаргагч "И" ХХК-ийн Ж.Дашхоролоос олгосон итгэмжлэлийн дагуу түүний төлөөлөгч Я.Энхжаргал 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд хандан гомдол гаргасан.
3. Гомдол гаргагч "И" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Энхжаргалаас шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:
Манай компанид оногдуулсан 599,570,940 төгрөгийн нөхөн төлбөр, 5,000,000 төгрөгийн торгуулийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан. 2025 оны 08 сарын 04, 22-ны өдрүүдийн шинжээчийн дүгнэлт хүргүүлэх тухай албан бичиг хэрэгт авагдсан. Уг албан бичгээс усны нөөцөд учирсан хохирлын үнэлгээг хэн гэдэг албан тушаалтан гаргасан нь тодорхой харагдахгүй, ойлгомжгүй байна.
Шинжээчийн дүгнэлт хүргүүлсэн тухай албан бичиг байх боловч шинжээчийн нэр, дүгнэлт гаргасан он сар, өдөр, шинжээчид эрх үүрэг тайлбарлаж гарын үсэг зуруулсан баримт хэрэгт огт байдаггүй. Сүүлийн дүгнэлтийг гаргуулахаар шинжээч томилох тухай тогтоолд шинжээч нь гарын үсэг зураагүй байдаг. Хариуцагчаас 12 сарын 16-ны өдрийн шүүх хуралдааны дараа гарын үсэг зурсан баримтыг шүүхэд өгсөн. Харахад гарын үсгийг хэдэн сарын дараагаар нөхөж зуруулаад хэрэгт хавсаргуулж байх шиг байсан.
Мөн 08 сарын 04-ний өдөр 344,115,285 төгрөгийн хохирол учруулсан гэж үнэлгээ гаргуулсан байсан хэр нь дахин уг шинжээчээ томилж дүгнэлт гаргуулсан нь ойлгомжгүй. Сүүлд гаргасан дүгнэлтээр 599,570,940 төгрөгийн хохирол учруулсан гэж өөрчилчихсөн байдаг. Шинжээчийн дүгнэлтийг нэмэлтээр гаргаад байгаа юм уу, дахин гаргаад байгаа юм уу гэдэг нь ойлгомжгүй. Шинжээчийн дүгнэлтийг Шүүх шинжилгээний тухай хуульд заасны дагуу гаргана. Дахин дүгнэлт гаргуулсан бол яагаад бүрэлдэхүүнтэйгээр гаргаагүй юм. Нэмэлтээр гаргасан гэж байгаа бол яагаад шинжээч нь тогтоол дээрээ гарын үсэг зураагүй юм. Шүүх шинжилгээний тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т Хүрээлэн байгаа орчны хохирлын үнэлгээг шинжээчдийн баг хийнэ гэж заасан. Мөн байгалийн нөөц ашигласантай холбоотой үүссэн зөрчил, гэмт хэрэгт Шүүх шинжилгээний хүрээлэн хохирлын үнэлгээг тооцохоор хуульчилсан.
Эрх бүхий албан тушаалтнаас шийтгэл оногдуулахдаа үндэслэсэн үнэлгээг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан тушаал 2025 оны А/37, А/31 дугаартай хамтарсан тушаалаар баталсан Хүрээлэн байгаа орчны хохирол тооцох аргачлалын 2.4.5 дахь хэсгийн (2.17) томьёогоор газрын доорх усны нөөцөд учирсан хохирол 599, 570,940 төгрөг гэж тооцов гэсэн байдаг. Хүрээлэн байгаа орчны хохирол тооцох аргачлалын 2.4.5-т газрын доорх усны нөөцөд учирсан хохирлыг тооцох аргачлал гэж заасан байдаг.
Газрын доорх усны нөөцөд учруулсан хохирлыг дараах төрлөөр ангилна. Үүнд:
1.Ус агуулагч үе давхарга, бүрдэл, бүсийн зузааныг хэт багасгаснаас (газрын доорх усны зузааныг зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрүүлэн ашигласан) усны нөөцөд учруулсан хохирол;
2. Газрын доорх усны ордыг батлагдсан нөөцөөс нь хэтрүүлэн ашигласнаас усны нөөцөд учруулсан хохирол;
3.Газрын доорх ус агуулагч нэгжийн хэмжээнд усны нөөцөд учруулсан хохирол гэж ангилна гэсэн байгаа. Одпүрэв уг аргачлалын 2.4.5 дахь хэсгийн (2.17) томьёогоор тооцов гэснээс үзэхэд манай компанийг ус агуулагч үе давхарга, бүрдэл, бүсийн зузааныг хэт багасгаснаас (газрын доорх усны зузааныг зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрүүлэн ашигласан) усны нөөцөд учруулсан гэж үзсэн байх.
Ашиглалтын цооног (худаг)-ийн усны нөөцөд учирсан хохирол "их" ангилалд байгаа үед усны нөөцөд учирсан хохирлыг дараах (2.17) гэдэг томьёогоор бодно гэж байгаа. Гэтэл манай компанийн усны нөөцөд учруулсан хохирлыг “их” ангилалд хамаарна гэж үзэж байгаа юм уу, “хэт их” ангилалд хамаарна гэж үзэж байгаа юм уу гэдгээ тогтоогоогүй. Зүгээр л зөвшөөрөлгүйгээр ус ашигласан гээд байгаа.
Газрын доорх усны агуулга, үе давхарга, бүрдэл, бүсийн зузаан багассан, нөөцийн бүтцэд нь бодит хохирол учирсан эсэхийг гидрогеологийн дүгнэлтээр тогтоосны дараагаар (2.17) томьёогоор боддог. Түүнээс усыг их, бага хэмжээгээр гоожуулчихсан байна гэж тооцдоггүй.
Усны экологи-эдийн засгийн суурь үнэлгээний хүснэгийн 18-т зааснаар Галба-Өөш Долоодын говийн сав газрын “газрын доорх” усны нөөцийн хэмжээ, чанар, хэрэглээний ач холбогдол, усны нөөцөд учирсан хохирлыг 10,730 төгрөгөөр тооцно. Үүнийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4/усны нөөцөд учирсан хохирлыг тухайн сав газрын усны экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно гэсний дагуу 32,190 төгрөгөөр торгоно гэсэн байгаа.
Тэгвэл Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 11/"байгаль орчинд учруулсан хохирол" гэж байгалийн баялгийг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, олборлосон, эсхүл байгаль орчны чадавхын тогтоосон хэм хэмжээ, зөвшөөрөгдөх дээд хэмжээний хязгаараас хэтрүүлэн байгаль орчныг бохирдуулсан, доройтуулсан, гэмтээсэн, байгалийн нөөц баялгийг хомсдуулсан, экологийн тогтолцоог алдагдуулсан аливаа үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж заасан. Гэтэл гидрогеологийн туршилтаар байгаль орчинд учруулсан хохирлоо тогтоогоогүй байж гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоох боломжгүй байсан.
Мөн хохирол тооцсон гэх (2.17) томьёонд “Q” гэсэн тэмдэглэгээ байгаа. “Q” тэмдэглэгээний ойлголт нь ашиглаж буй цооног (худаг)-ийн ундарга нь уг цооног (худаг)-ийг анх өрөмдөн гаргах үед хийсэн гидрогеологийн шавхалтын туршилтаар тогтоосон ундарга, худгийн паспортод бичигдсэн ундаргыг 3/хоногт шилжүүлэн авна. Харин худгийн паспортгүй ус ашиглан үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд ашигласан усны хэмжээ болон тоолуурын заалтаар хохирол тооцно гэсэн байгаа. Гэтэл манай компанийн цооног (худаг) нь паспорттой. Гэтэл паспортод бичигдсэн ундаргаар бус тоолуурын заалтаар бодчихсон.
Мөн шүүрлийн усыг (2.17) томьёогоор тооцчихсон, энэ томьёогоор тооцохгүй шүү дээ. Яагаад гэхээр шүүрлийн ус гэдэг нь байгалиас ундарч гараад буцаад байгальдаа шингэдэг. Манай компани уг усыг хэрэглээндээ ашигладаггүй. Юунд ашигладаг гэхээр уурхайн гадна байдаг 1000 гаруй улиас, хайлаас зэрэг моднууд усалдаг. Мод орчны тоосжилтыг дардаг учраас өрөмдлөгийн үед тоосыг нь дарах үүднээс уг моднуудаа усалдаг.
Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсгийн 20.2.2-т “...ургамал тарьж ургуулах замаар байгалийн баялгийг нөхөн сэргээх” зориулалтаар ус ашигласан төлбөр төлөгчийн төлбөрийг Засгийн газраас тогтоосон хувь, хэмжээгээр хөнгөлж болно гээд заачихсан байдаг. Гэтэл байгальдаа буцаад шингэчихсэн усыг хэрэглэсэн, ашигласан усанд оруулж тооцоод хохирлыг гаргачихсан нь үндэслэлгүй.
Хүрээлэн байгаа орчны хохирол тооцох аргачлалд ил, далд уурхай болон барилгын сууриас шүүрүүлэн зайлуулж буй газрын доорх усны сарын дундаж хэмжээ нэг болон түүнээс дээш жилийн турш тухайн уул уурхайн үйлдвэрийн ТЭЗҮ-д тооцоолсон шүүрүүлэн зайлуулах усны хэмжээнээс 10 хувиас илүү байгаа бол, барилгын суурийн ухалгаас шүүрүүлэн зайлуулж буй усны хэмжээ инженер-геологийн судалгаагаар тогтоосон шүүрүүлэн зайлуулах усны хэмжээнээс 10-аас дээш хувиар илүү бол тус тусын тохиолдолд усны нөөцөд учирсан хохирол "их" гэж үзэн (2.21) томьёогоор тооцно гэсэн байдаг. Аргачлалд нь зааварлаад өгчихсөн байхад манай үнэлгээг гаргахдаа ашигласан усанд оруулсан тооцсон.
Мөн аргачлалд “t” буюу хохирол тооцох хугацааг сөрөг нөлөөлөл эхэлсэн болон зөрчлийн хэрэг нээгдсэн үеэс дүгнэлт, гэрээ, зөвшөөрөл авсан хугацааг хоногоор тооцох гэж заасан. Тэгвэл манай компанид холбогдуулан 2025 оны 01 сарын 06-ны зөрчлийн хэрэг нээгдсэн. Энэ өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүртэл 7 сар, 2 хоног буюу нийт 214 хоног байдаг. Анх дүгнэлт гаргахдаа энэ хоногоор бодож гаргасан байдаг хэр нь дараагийн дүгнэлтийг гаргахдаа хоногоор бус 1 жил гэдгээр нь тооцчихсон. Гэтэл манай компани 8-12 сард ус ашиглаагүй. Энэ мэтээр хэт хэлмэгдүүлж болохгүй.
Кемпийн усыг тоолуурынх нь заалтаар тооцож 12.288м3 /12 000.288м3/ гэж гаргасан. Үүнд шүүрлийн усыг бодогдохгүй. Манай нийт ус ашигласан хугацаа 214 хоног байгаа. Тэгвэл 12,288м3 усыг 214 хоногт хуваахаар манайх хоногтоо 0,0574м3 /57.420м3/ усыг хэрэглэж байгаа. 2024 оны дүгнэлтэд манайх хоногтоо 72м3 ус хэрэглэнэ гэсэн байгаа. Тэгэхээр нийт хэрэглэсэн хугацаагаар нь бодох юм бол манайх хоногт хэрэглэх 72м3 хэмжээндээ ч хүрээгүй 57.420м3 ус хэрэглэсэн буюу хэтрүүлэн хэрэглэсэн зүйлгүй.
Сая шүүхэд гаргаж өгсөн 2025 оны 11 сарын 08-ны өдөр Усны газраас ирүүлсэн нөөцийн дүгнэлтэд “И” ХХК-ийн шүүрлийн уснаас харахад ус ашиглах нөөцийн хэмжээ хүрэлцээтэй байна гэсэн. 2025 оны 12 сарын 30-ны өдөр ус ашиглуулах дүгнэлтээ гаргачихсан. Уг дүгнэлтээр хоногтоо 179.69м3 усыг хэрэглэнэ гэсэн байгаа. Тэгээд Дорноговь аймгийн татварын алба болон Мандах сумын татварын албанаас танай компанийн 2025 оны усны төлбөр тоолуурын заалтаараа 35,100,000 төгрөг гарсан байна, эхний ээлжид төлж бай гээд төлүүлсэн.
Мөн зөвшөөрөлгүйгээр ус ашигласан төлбөр 5,000,000 төгрөгөөр торгоно гэсэн. Мандах сумын Засаг даргатай байгуулсан гэрээний хугацаа 2025 оны 12 сар хүртэл хүчинтэй, компанийн зүгээс гэрээг цуцлах эрх байхгүй. Ийм хуулийн заалт ч байхгүй. Хэрвээ Байгаль орчны газартай гэрээ байгуул гэсэн бол Мандах сумын сумын Засаг даргаас санаачилгаараа гэрээгээ цуцлах байсан. 2025 оны 01 сараас 07 сарыг дуустал Мандах сумын Байгаль орчны газар болон Засаг даргын орлогчид гэрээгээ хянуулаад л явж байсан, хэрэгт тоолуурын заалт, актыг хавсаргаж өгсөн. Тэгэхээр манай компанийг зөвшөөрөлгүйгээр ус ашиглаж байсан гэж үзэхгүй.
Дараагийн дугаарт Усны тухай хуулийн 13 дугаар зүйлд Сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрхийг зааж өгсөн. 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийн 13.1.1-т усыг үйлдвэрлэлийн зориулалтаар зөвшөөрөлгүй ашиглах, дур мэдэн цооног гаргасан үйл ажиллагааг таслан зогсоох. Мөн хуулийн 161 дүгээр зүйлийн 161.2-т усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага ус ашиглагч, хэрэглэгч, хангагч байгууллагыг усны талаарх мэргэжил, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангана. 161.4 дэх хэсгийн 161.4.9-д энэ хуулийн 28.4-т заасны дагуу гаргасан ус ашиглах дүгнэлт, 28.6-д заасан ус ашиглах зөвшөөрөл, 28.11-д заасан гэрээнд хяналт тавьж ажиллана гэж заасан.
Төр захиргааны байгууллага өөрсдөө хяналтаа тавьж ажиллаагүй байж иргэн, аж ахуйн нэгж байгууллага гэрээнийхээ дагуу усаа ашиглаж байгаагүй, зөвшөөрөлгүй байсан гэж дур мэдэн торгууль оногдуулахгүй. Хэрвээ манай байгууллагыг зөвшөөрөлгүй ашигласан гэж байгаа бол гэрээний нь дагуу үйл ажиллагаагаа явуулсан Мандах сумынхаа Засаг даргын тамгын газарт арга хэмжээ авагдаагүй юм. Мөн Одпүрэвийн оногдуулсан шийтгэлийн хуудаст Мандах сумын Засаг даргатай байгуулсан гэрээ хүчингүй гэдэг нэг ч үг, өгүүлбэр байгаагүй. Усны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай байгуулсан ус ашиглах гэрээг дараах тохиолдолд зөвшөөрөл олгогчийн санаачилгаар хугацаанаас нь өмнө цуцална. 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсгийн 29.3.6-д сав газрын захиргааны шийдвэрээр цуцална. 29 дүгээр зүйлийн 29.4-т хүн амын ус хангамжийн аюулгүй байдлыг хангах үүднээс тухайн усны эх үүсвэрээс ашиглаж байгаа бусад ус ашиглагчийн эрхийг төр өөрийн санаачилгаар цуцалж болно гэж заасан.
Тэгэхээр төр захиргааны байгууллага нь хийж байгаа ажилдаа хариуцлагатай хандаж, хяналтаа тавиад, гэрээгээ цуцлаагүй байж албан ёсны гэрээг хүчингүй гэж үзэн зөвшөөрөлгүйгээр ус ашигласан байна гэж дур мэдэн торгууль тооцох үндэслэлгүй гэдэг байдлаар гомдол гаргасан.
Хүрээлэн байгаа орчны хохирол тооцох аргачлалын (2.17) томьёогоор бодохын тулд газрын гүнд учруулсан хохирлыг тооцох ёстой байсан. Гэтэл гидрогеологийн шавхалтын туршилтаар тогтоогдсон зүйлгүй, тоолуурын заалтаар л 5 сарын хугацаанд ч ашиглаагүй усыг бүтэн жилийн хугацаанд ашигласан мэтээр тооцож, хохирлыг гурав дахин нэмэгдүүлж усны нөөцөд 599,570,940 төгрөгийн хохирол учруулсан гэж тооцсон үндэслэлгүй. Мөн шүүрлийн усыг ашигласан усанд оруулан тооцсон. Гэтэл уг аргачлалд шүүрлийн усыг тусад нь бодож томьёо байдаг. Шүүхэд шинээр гаргаж өгсөн баримтад манай цооногийн нөөц хангалттай хүрэлцээтэй байна гэсэн дүгнэлт гарсан байгаа. Тэгэхээр үндэслэлгүйгээр гаргасан хохирлын тооцоог хүчингүй болгож өгнө үү. Хуульд байгууллагуудын үүрэг, хариуцлагуудын заагаад өгчихсөн манайхаас байгуулсан гэрээгээ цуцлах эрхгүй. Дүгнэлтээ гаргуулаад Засаг даргатай гэрээ байгуулаад ажиллаж байсан учраас зөвшөөрөлгүй ус ашигласан гэж үзэхгүй байна гэв.
4. Хариуцагч Дорноговь аймгийн Байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Э.О шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:
Усны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.11-т энэ хуулийн 28.6-д заасан зөвшөөрлийг үндэслэн ус ашиглах эрхийн бичиг олгож, гэрээ байгуулснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ус ашиглах эрх үүснэ гэж заасан. Тэгэхээр “И” ХХК нь 2025 онд ус ашиглах дүгнэлт гаргуулж, гэрээ байгуулж зөвшөөрөл авч эрхийн бичиг аваагүй. Энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа.
Мөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон этгээдээс ус ашиглах дүгнэлт, зөвшөөрөл, гэрээ, эрхийн бичиг зэргийг хэрэгт хавсаргуулаагүй. Шинжээчийн дүгнэлтийг хоёр удаа гаргуулсан гэж байна. Анх шинжээчийн дүгнэлт гаргуулахад холбогдогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “манайх усны нөөцөд учруулсан хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй, түүнээс ус ашиглах зөвшөөрөл аваагүй гэдэг дээр маргахгүй, нэгэнт аваагүй” гэдэг байдлаар тайлбарлаад нөөцөд учруулсан хохиролтой холбоотой хүсэлт гаргахаар нь хүсэлтийг нь хангаж дахиад шинжээчийн дүгнэлт гаргуулахаар усны газар руу хандаж дүгнэлт гаргуулсан. Аль шинжээчийг томилох нь усны газрын эрх хэмжээний асуудал учраас би тэр талаар сайн мэдэхгүй.
Мөн нөөцөд учирсан хохирол тооцсон шинжээчийн дүгнэлттэй холбоотой л юм яриад байх шиг байна. Тэр талаар би хариулах боломжгүй, шинжээчээс асуух нь зөв болов уу гэж бодож байна. Засгийн газрын тогтоолоор батлагдсан шийтгэлийн хуудасны загвар байгаа. Түүн дээр л торгууль, шинжээчийн дүгнэлтээр гарсан мөнгөн дүнг нөхөн төлбөр болгож тавьсан болохоос 2.4, 2.7 гэж шийтгэлийн хуудсандаа бичсэнээ мэдэхгүй, огт санахгүй байна. Мөн түрүү шүүхэд нэг хуудас баримт гаргаж өгсөн. Тэр нь 2026 оны 01 сарын 30-нд “И” ХХК нь 2026 оныхоо ус ашиглах дүгнэлт гаргуулахаар Усны газарт цахимаар хандсан талаарх мэдээлэл байгаа. Тэгэхээр 2025 онд мөн адилхан ус ашиглах дүгнэлт гаргуулах хүсэлтээ Усны газар өгч гаргуулах ёстой байсан ч гаргуулаагүй байсан. Энэ талаар мэддэг гэдэг нь 2026 оны 01 сарын 30-нд хандсан хүсэлтээс тодорхой харагдаж байна.
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдогчоос манай ордны үйлдвэрлэлийн хүчин чадал, техник, эдийн засгийн үзүүлэлт; байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ зэрэг нэмэлт тодотголуудыг шинэчилж гаргах гэж байгаа учраас шинэчилж гаргасан бичиг баримтдаа үндэслэж дүгнэлт гаргуулж гэрээ, зөвшөөрлөө авах гэж байсан гэдэг. Энэ нь ямар нэгэн байдлаар зөвшөөрөлгүй ус ашиглахыг зөвтгөх шалтгаан болохгүй.
Усны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, гадаад улсын хуулийн этгээд нь тодорхой зориулалт, хугацаа, болзол нөхцөл заасан ус ашиглах зөвшөөрөл, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу ус ашиглах эрхтэй байна гэж заасан. Гомдол гаргагч компанийн эзэмшдэг уурхайн ордын техник эдийн засгийн үндэслэлийг 2021 оны 03 сарын 02-ны Т/51 дугаартай Ашигт малтмал, газрын тосны газрын даргын Техник эдийн засгийн үндэслэл хүлээн авах тухай тушаалаар хүлээн авч баталгаажуулсан.
Мөн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг 2023 онд “Биосфера” ХХК-иар хийлгэж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ерөнхий шинжээч, эрх бүхий этгээдүүдээр батлуулсан байна. Тэгэхээр эдгээрийн аль ч 5 жилийн хугацаа нь дуусаагүй, хүчин төгөлдөр байсан гэсэн үг. Үүнийгээ үндэслээд ус ашиглах дүгнэлтээ гаргуулах бүрэн боломжтой байсан ч гаргуулаагүй учраас шийтгэл оногдуулсан. Мөн төлбөр 2026 онд төлөгдчихсөн байсан, төлбөр төлөх хуультай шүү дээ. Монгол улсын хууль, сумын Засаг даргатай байгуулсан гэрээ хоёрын алийг нь илүүд үзэх юм.
Миний хувьд хуулийг баримталж ажилласан, гомдол гаргагч талаас гэрээ гэж яриад байна. Тухайн гэрээгээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгөөгүй. 2026 оны байдлаар “И” ХХК-ийн үйл ажиллагаа зогсчихсон, усны ашиглах дүгнэлтээ гаргуулахаар сав газрын захиргаанд хандчихсан байгаа.
Гомдол гаргагч талаас усны нөөцөд учруулсан хохирол дээр л маргаан үүсгэж байгаа. Хохирлын мөнгөн дүн дээр л маргаж байгаа нь зөвшөөрөлгүй ус ашигласан гэдгээ л хүлээн зөвшөөрөөд байгаа хэлбэр юм. Хэрэв зөвшөөрөлгүй ус ашигласан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байсан бол шинжээчийн дүгнэлтийн талаар ярих шаардлагагүй. Манай байгууллага энэ дүгнэлтийн дагуу ус ашиглах зөвшөөрөл, гэрээгээ байгуулсан учраас усыг зөвшөөрөлгүй ашигласан гэж үзэхгүй гэдэг байдлаар тайлбар гаргах байсан. Шинжээчээс дүгнэлт гаргахдаа 1 гэсэн коэффициент тавьсан л гээд байна. Уг томьёогоор бодоход заавал хоног тавих ёстой. Тэгэхээр хоногоор тооцоогүй, тоолуурын заалтаар дүгнэлт гаргасан учраас хоногийн оронд 1 гэсэн тоог тавьж өгсөн. Аливаа тоог нэгээр үржүүлэхэд тухайн тоо өөрөө л гарна. Тэгэхээр ямар нэгэн байдлаар үнийг дүн нэмэгдсэн зүйлгүй. Мөн хохирлыг гурав дахин нэмэгдүүлж тооцсон дээр мөн тайлбар гаргаад байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4/ усны нөөцөд учирсан хохирлыг тухайн сав газрын усны экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно гэж заасны дагуу нэмэгдүүлэн тооцсон. Задгайгаар бодвол бүр л илүү дүн гарна. Ер нь аж ахуйн нэгж талдаа тоолуурын заалтаар дүгнэлт гаргуулах нь шударга зарчимд тооцогддог. Тэгэхээр тоолуурын заалтыг үндэслэж шинжээч дүгнэлт гаргасан нь зөв гэж үзэж байна. Мөн шүүрлийн усыг өөр томьёогоор бодох байсан гэж байна. Уг хоёр томьёо нь “ш” үсгээрээ л ялгаатай болохоос бусдаар яг адилхан томьёо, аль ч томьёонд өгөгдлүүдийг нөхөж тавьсан адилхан л тоо гарна гэдгийг түрүү шинжээчээс тайлбарласан байгаа.
5. Шинжээч Х.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:
“Би 2025 оны 06 сарын 01-ний өдөр ажлаа хүлээж авсан. Уг аргачлал 2025 оны 01 сарын 17-ны өдөр батлагдаад мөрдөгдөж эхэлсэн. Манай байгууллагаас дээд байгууллагаасаа чиглэл авч уг аргачлалын дагуу боддог. Надад ажлаа хүлээлгэж өгсөн хүн ч гэсэн энэ томьёогоор бодож байсан учраас би томьёог өөрчлөх боломжгүй. Миний зүгээс аргачлалыг уншаад (2.17) томьёогоор тооцох нь тохиромжтой байна гэж үзээд хэлтсийн дарга, ахлах мэргэжилтэнтэй ярьж байгаад дээрх томьёогоор тооцсон. Ер нь Усны газраас гардаг хохирол тооцох дүгнэлтүүд бүгд энэ томьёогоор бодогдож байгаа. Тоолуурын заалтаар бодоход хамгийн үндэслэлтэй тоо гарч байгаа. Паспортод бичигдсэн ундаргаар тооцохоор бүр их хохирол гардаг. Тэгэхээр бодит үнэлгээ гэдэг утгаараа ашигласан усны хэмжээгээр тооцсон. Өмнө нь ус ашиглуулах дүгнэлт, ус ашиглах боломжит нөөцийн дүгнэлт гэж гаргуулж байсан түүн дээр тодорхой бичигдсэн байгаа. Хөрсний гүнд байсан усыг ил гаргаж ирж байна гэдэг нь ашиглаж байгаа л гэсэн үг. 2025 оны 01 сарын 01-ний өдрөөс 08 сарын 08-ны өдрийг хүртэлх тоолуурын нийт заалтын хэмжээг 5981 гэж тооцоолоод гараар нэг бүрчлэн бичиж шүүгчийн туслахад өгсөн. Хугацааг хоногоор бус 1 гэсэн коэффициентоор орлуулж бичсэн. Эхний дүгнэлтийг манайд ус ашиглах боломжит нөөцийн дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн материалд байсан Түмэн айлын чулуун нүүрсний ордын Алаг савын уурхайд орж ирэх ус, шүүрлийн усны хэмжээг тогтоосон гидрогеологийн судалгааг авч ашигласан. Жишээлбэл энд ганцхан шүүрлийн усыг л бодсон байсан ч тухайн аж ахуйн нэгжийн унд ахуйн хэрэглээний усны тоолуур мөн гүйчихсэн байсан. Үүнийг үлдээж болохгүй учраас тоолуурынхаа заалтыг барьж ажилласан. Байцаагчаас ирүүлсэн баримтуудыг үндэслэж дүгнэлтээ гаргасан, дүгнэлтдээ үндэслэл болгосон баримтуудаа тусгаж тодорхой тайлбарлаж бичсэн байгаа, Э.О байцаагч гарын үсэг зураад өгөөч гээд хүнээр энэ тогтоолыг явуулсан байсан, манайх нисэхэд байдаг гэрт хүн авч ирээд 10 сарын эхээр би гарын үсэг зурж өгсөн” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Гомдол гаргагч “И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд анх гаргасан гомдлын шаардлагаа шүүх хуралдаанд “Дорноговь аймгийн Байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Э.Оийн 2025 оны .. дугаар сарын ...-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” ... дугаар “Шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгуулах” гэж өөрчлөн тодруулсан болно.
Шүүх гомдол гаргагч, хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шинжээчийн мэдүүлэг болон хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий “Шийтгэлийн хуудас”-ыг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
1. “Гомдол гаргагч нь “... газрын доорх усанд бодитоор хохирол учирсан эсэх нь тодорхой бус, тооцоолол шинжлэх ухааны үндэслэлтэй хийгдээгүй, хохирлын хэмжээг тогтоохдоо хууль журамд заасан аргачлалыг буруу хэрэглэсэн, шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй буюу сумын Засаг даргатай байгуулсан “Ус ашиглуулах гэрээ”-ний дагуу сар бүр эрх бүхий албан тушаалтанд бүртгүүлж байсан, уурхай үйл ажиллагаа явуулаагүй бүрэн зогссон байхад ус ашигласан хугацааг буруу тооцоолсон” гэх агуулгаар гомдлын үндэслэлээ тайлбарлан маргаж байна.
2. Гомдлын шаардлагын үндэслэлд хамаарах дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
2.1. Хариуцагч Дорноговь аймгийн Байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Э.О нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 1 дугаар удирдамжийн дагуу явуулсан хяналт шалгалтын явцад “И” ХХК-ийн “ус ашиглах дүгнэлт гаргуулаагүй, зөвшөөрөл авалгүй усыг ашигласан” зөрчлийг илрүүлсэн болох нь 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн “Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл”-ээр /1 дэх хавтаст хэргийн 34 дэх тал/;
2.2. Хариуцагч эрх бүхий албан тушаалтнаас гомдол гаргагч “И” ХХК-ийг 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл “усыг үйлдвэрлэлийн зориулалтаар зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр ашигласан” гэх зөрчилд ... дугаартай “Зөрчлийн хэрэг” нээж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь “Зөрчлийн хэрэг нээх тухай” 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр “Эрх бүхий албан тушаалтны тогтоол”-оор /1 дэх хавтаст хэргийн 33 дахь тал/;
2.3. Улмаар эрх бүхий албан тушаалтнаас “И” ХХК-ийг “усыг үйлдвэрлэлийн зориулалтаар зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр ашигласан” гэх зөрчил үйлдсэн гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... усыг үйлдвэрлэлийн зориулалтаар зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр, ... ашигласан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж ... , хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаар 2025 оны .. дугаар сарын ...-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” ... дугаартай “Шийтгэлийн хуудас”-аар таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,000,000 төгрөгөөр торгож, хохирол нөхөн төлбөрт 599,570,940 /таван зуун ерэн есөн сая таван зуун далан мянга есөн зуун дөчин/ төгрөгийг төлүүлэхээр шийтгэлийг оногдуулжээ. /1 дэх хавтаст хэргийн 134 дэх тал/
3. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1. “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг тогтоосон байна”, 1.1. “тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх”, 1.5. “Зөрчлийн тухай хуульд хохирол төлүүлэх, нөхөн төлбөр гаргуулахаар заасан бол хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох” гэж заажээ.
Хариуцагч эрх бүхий албан тушаалтныг шийтгэл оногдуулах нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй байна. Үүнд:
3.1. Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... усыг үйлдвэрлэлийн зориулалтаар зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр, ... ашигласан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”,
Усны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1. “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, гадаад улсын хуулийн этгээд нь тодорхой зориулалт, хугацаа, болзол нөхцөл заасан ус ашиглах зөвшөөрөл, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу ус ашиглах эрхтэй байна”, 28.4. “Хоногт 100 шоометрээс их ус ашиглах, эрчим хүч, усан тээврийн зориулалтаар ашиглуулах дүгнэлтийг усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, 50-100 шоометр ус болон усан орчин ашиглуулах дүгнэлтийг сав газрын захиргаа, 50 шоометр хүртэлх ус ашиглуулах, хурын ус хуримтлуулж, хөв, цөөрөм байгуулах, суваг, шуудуу татах дүгнэлтийг аймаг, нийслэлийн байгаль орчны алба тус тус гаргана”, 28.6. “Энэ хуулийн 28.4-т заасан дүгнэлтийг үндэслэн ус ашиглах зөвшөөрлийг хоногт 100 шоометрээс их ус ашиглах тохиолдолд сав газрын захиргаа, хоногт 50-100 шоометр ус ашиглахад аймаг, нийслэлийн байгаль орчны алба, хоногт 50 шоометрээс бага ус ашиглахад сум, дүүргийн Засаг дарга олгож, усны мэдээллийн санд бүртгэнэ” гэж тус тус заажээ.
Гомдол гаргагч хуулийн этгээдийг “ хоногт 50-100 шоометр ус” ашиглагч гэдэгтэй хэргийн оролцогчоос маргаагүй бөгөөд тэрээр дээр дурдсан хуулийн зохицуулалтыг “ус ашиглуулах дүгнэлтийг сав газрын захиргаанаас гаргуулан авч, улмаар уг дүгнэлтийг үндэслэн ус ашиглах зөвшөөрлийг аймгийн Байгаль орчны газраас олгохоор” ойлгож хэрэгжүүлэхээр байна.
Гэтэл “И” ХХК нь 2025 онд сав газрын захиргаанаас дүгнэлт гаргуулаагүй улмаар ус ашиглах зөвшөөрлийг аймгийн Байгаль орчны газраас авалгүй 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн Мандах сумын Засаг даргатай “Ус ашиглах гэрээ”-г 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаагаар байгуулсан /1 дэх хавтаст хэргийн 188-191 дэх тал/, улмаар усны тоолуурын заалтыг сар бүр сумын байгаль орчны мэргэжилтэнд шалгуулан, баталгаажуулж байсан болох нь “Усны тоолуур шалгасан тухай акт”, “И” ХХК-ийн усны тоолуурын баталгаажуулалт” / 2 дахь хавтаст хэргийн 9-18 дахь тал/, зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Эрх бүхий албан тушаалтнаас “гомдол гаргагч хуулийн этгээд нь сумын Засаг даргатай байгуулсан “Ус ашиглах гэрээ”-г зөрчлийг шалгах явцад гаргаж өгөөгүй” гэж тайлбарлаж байгаа ч гомдол гаргагч хуулийн этгээд нь ямар шалтгааны улмаас дээрх гэрээг сумын Засаг даргатай байгуулсан;
түүнчлэн шүүх хуралдааны явцад гомдол гаргагчаас шүүхэд нотлох баримтаар гаргасан “Татвар төлсөн баримт”-аар “И” ХХК нь Дорноговь аймгийн Татварын газрын 100060000944 тоот дансанд 2025 онд үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигласан усны төлбөрийн 3,939,017.04 төгрөгийг, 31,260,388.32 төгрөгийг төлсөн /2 дахь хавтаст хэргийн 113-114 дэх тал/, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газраас “И” ХХК-д 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Дугаар Е-2512-000010 “Ус ашиглуулах дүгнэлт”-ийг /2 дахь хавтаст хэргийн 110-112 дахь тал/ олгосон талаарх үйл баримтууд, нөхцөл байдлыг дахин шинжлэн судалж гомдол гаргагчийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэхийг бүрэн тогтоох шаардлагатай байна.
4. Хариуцагчаас “И” ХХК-ийг “усыг үйлдвэрлэлийн зориулалтаар зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр ашигласан” гэх зөрчил үйлдсэн гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт 5,000,000 төгрөгөөр торгож, хохирол нөхөн төлбөрт 599,570,940 /таван зуун ерэн есөн сая таван зуун далан мянга есөн зуун дөчин/ төгрөгийг төлүүлэх шийтгэлийг оногдуулсан.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.8. дугаар зүйлийн 1. “Эрх бүхий албан тушаалтан, эсхүл эрх бүхий албан тушаалтны шинжилгээ хийлгэх хүсэлтийн дагуу Шүүх шинжилгээний тухай хуулийн 4.1.6, 8.2-т заасан этгээдийг шинжээчээр томилно” гэж,
Шүүх шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1. “Шинжилгээг шинжилгээний байгууллагаар, эсхүл шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдээр хийлгэнэ”, 8.2. “Шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдэд дараах этгээд хамаарна”, 8.2.4. “мэргэжлийн байгууллага” гэж тус тус зааснаас үзвэл Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын хийсэн “Усны нөөцөд учирсан хохирлын үнэлгээ” нь шинжилгээ хийх эрх бүхий этгээдээр хийлгэх шинжилгээнд хамаарч байна.
Хариуцагч эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийн холбогдогч “И” ХХК-ийн усны нөөцөд учруулсан хохирол нөхөн төлбөрийн хэмжээг тогтоолгохоор “Усны газар”-ыг шинжээчээр томилсон ба “Усны газар”-ын мэргэжилтэн Х.Мээс
а/ Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын даргын түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 01/478 дугаар албан бичгийн хавсралт “Усны нөөцөд учирсан хохирлын үнэлгээ”-гээр /1 дэх хавтаст хэргийн 85 дахь тал/ гомдол гаргагч “И” ХХК-ийн усны нөөцөд учруулсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг 344,155,285 /гурван зуун дөчин дөрвөн сая нэг зуун тавин таван мянга хоёр зуун наян таван/ төгрөг гэж,
б/ Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын даргын түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны .. дугаар сарын ...-ны өдрийн 01/545 дугаар албан бичгийн хавсралт “Усны нөөцөд учирсан хохирлын үнэлгээ”-гээр /1 дэх хавтаст хэргийн 134 дэх тал/ гомдол гаргагч “И” ХХК-ийн усны нөөцөд учруулсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг 599,570,940 /таван зуун ерэн есөн сая таван зуун далан мянга есөн зуун дөчин/ төгрөг гэж өөр өөр үнийн дүн бүхий 2 удаагийн “Усны нөөцөд учирсан хохирлын үнэлгээ” буюу “Шинжээчийн дүгнэлт”-ийг гаргасан байна.
Дээрх байдлаар 2 дахь удаагийн “Усны нөөцөд учирсан хохирлын үнэлгээ” буюу “Шинжээчийн дүгнэлт”-ийг дахин[2] гаргуулахдаа эрх бүхий албан тушаалтан нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2. “Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд энэ хуулийн 8.2-т заасан этгээдэд шинжилгээ хийлгэх санал тавьж, хувийн баримт бичиг, тусгай мэдлэг, мэргэжил, чадварыг нотолсон баримт бичиг, шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзах үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулж, баримтжуулна”, 10.3. “Энэ хуулийн 10.2-т заасан үйл ажиллагааг явуулсны дараа шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, ... , мэргэжлийн байгууллагын удирдлага, эсхүл төлөөлөх эрх бүхий этгээдэд шинжилгээ хийлгэх шийдвэрийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна” гэж, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1. “Шинжээчийн дүгнэлт, түүний зарим хэсэг үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй байвал шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн шийдвэрээр дахин шинжилгээ хийнэ”, 28.2. “Дахин шинжилгээ хийхэд анхдагч, эсхүл нэмэлт шинжилгээ хийж, дүгнэлт гаргасан шинжээчийг оролцуулахыг хориглоно”, 38.2. “Хүрээлэн байгаа орчны хохирлын үнэлгээг шинжээчдийн баг хийнэ” гэж заасныг тус тус зөрчсөн байна.
Тодруулбал хариуцагч эрх бүхий албан тушаалтнаас хуульд заасны дагуу мэргэжлийн байгууллага болох Усны газраар шинжилгээ хийлгэхдээ эхлээд шинжилгээ хийлгэх санал тавьж, шинжээчээр томилогдсон этгээдийн хувийн баримт бичиг, тусгай мэдлэг, мэргэжил, чадварыг нотолсон баримт бичиг, шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзах үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулж, баримтжуулж улмаар мэргэжлийн байгууллагын удирдлага, эсхүл төлөөлөх эрх бүхий этгээдэд шинжилгээ хийлгэх шийдвэрийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг урьдчилан сануулж, гарын үсэг зуруулсан тохиолдолд шинжээчийн дүгнэлт хуульд нийцэхээр байна.
Шинжээч Х.Мт эрх, үүрэг, хариуцлагыг урьдчилан сануулж, гарын үсэг зуруулалгүйгээр “дахин” шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулсан нь “шинжээч” гэх хэсэгт гарын үсэг зураагүй Эрх бүхий албан тушаалтны 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн “Хүнд холбогдуулан шинжилгээ хийлгэхээс бусад тохиолдолд шинжээч оролцуулах тухай” тогтоолоор /1 дэх хавтаст хэргийн 128 дахь тал/ тогтоогдож байх ба улмаар дахин шинжилгээ хийхэд анхдагч шинжилгээ хийж, дүгнэлт гаргасан шинжээчийг оролцуулахгүй байх хориглосон хэмжээг болон шинжээчдийн багаар хийлгэх хуульд заасан шаардлагыг зөрчиж “Усны нөөцөд учирсан хохирлын үнэлгээ”-г хийлгэсэн нь тогтоогдож байна.
Хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “шинжээч” гэх хэсэгт Х.М гэж гарын үсэг зурсан Эрх бүхий албан тушаалтны 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн “Хүнд холбогдуулан шинжилгээ хийлгэхээс бусад тохиолдолд шинжээч оролцуулах тухай” тогтоолыг /2 дахь хавтаст хэргийн 79 дэх тал/ шүүхэд гаргаж өгсөн бөгөөд энэ талаар шинжээч Х.Мээс шүүх хуралдаанд “... Э.О гарын үсэг зураад өгөөч гээд хүнээр энэ тогтоолыг явуулсан байсан, манайх Нисэхэд байдаг гэрт хүн авч ирээд 2025 оны 10 сарын эхээр би гарын үсэг зурж өгсөн” гэж мэдүүлснээр эрх бүхий албан тушаалтан нь уг тогтоолд Х.Мээр гарын үсгийг нь нөхөн зуруулсан нь тогтоогддог.
Иймээс хууль зөрчиж гаргасан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын даргын түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны .. дугаар сарын ...-ны өдрийн 01/545 дугаар албан бичгийн хавсралт 599,570,940 /таван зуун ерэн есөн сая таван зуун далан мянга есөн зуун дөчин/ төгрөгийн “Усны нөөцөд учирсан хохирлын үнэлгээ”-г үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэх үндэслэлгүй.
Шинжээчийн дүгнэлтийг хууль зөрчиж хийсэн байх тул “газрын доорх усанд бодитоор хохирол учирсан эсэх нь тодорхой бус, тооцоолол шинжлэх ухааны үндэслэлтэй хийгдээгүй, хохирлын хэмжээг тогтоохдоо хууль журамд заасан аргачлалыг буруу хэрэглэсэн” гэх гомдлын үндэслэлд шүүхээс дүгнэлт өгөх боломжгүй.
Хариуцагч эрх бүхий албан тушаалтнаас “хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх, Зөрчлийн тухай хуульд хохирол төлүүлэх, нөхөн төлбөр гаргуулахаар заасан бол хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох” зэргээр шийтгэл оногдуулах нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй бөгөөд шүүхээс хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзлээ.
Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсэгт шүүх “хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасны дагуу “Дорноговь аймгийн Байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Э.Оийн 2025 оны .. дугаар сарын ...-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” ... дугаар “Шийтгэлийн хуудас”-ыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.11 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 хэсэг, 4.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Дорноговь аймгийн Байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Э.Оийн 2025 оны .. дугаар сарын ...-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” ... дугаар “Шийтгэлийн хуудас”-ыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 2 /хоёр/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан гомдол гаргагч “И” ХХК-д олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Э.О нь шүүхээс тогтоосон 2 /хоёр/ сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд 2025 оны .. дугаар сарын ...-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” ... дугаар “Шийтгэлийн хуудас” хүчингүй болохыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ОТГОНТУЯА
[1] “Их түмэн хүрд” ХХК-ийн захирал Ж.Дашхоролоос 2025.09.19-ний өдрийн 25/92 дугаар албан бичгээр олгосон итгэмжлэлээр Я.Энхжаргалд “гомдлын шаардлагыг өөрчлөх” эрхийг олгосон /1 дэх хавтаст хэргийн 4 дэх тал/
[2] “Эрх бүхий албан тушаалтны санал” 1 дэх хавтаст хэргийн 129 дэх тал (дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах үндэслэлээр зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг сунгуулах санал гаргасан)