Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2018/ШЦТ/41

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга Л.М,

улсын яллагч Э.Н,

хохирогч Э.Г,

шүүгдэгч Д.Га, түүний өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Бэсүд овогт Дгийн Гат холбогдох эрүүгийн 1717000890045 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Бэсүд овогт Дгийн Га /РД:ЕЙ82091222/ Дундговь аймгийн Мандалговь суманд 1982 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, 35 настай, эмэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, тоотод оршин суух албан ёсны хаягтай, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг, ял шийтгүүлж байгаагүй гэх, 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

Яллагдагч Д.Га нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 19 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох нөхөр Э.Гын толгойн тус газар сандлаар чулуудаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ. Шүүгдэгч Д.Га нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 19 цагийн орчимд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, тоотод нөхөр Э.Гтой малын гэдэс арилгаж чадахгүй гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэн улмаар толгой тус газарт нь сандлаар нэг удаа цохиж гэр бүлийн хүчирхийллийн хэлбэр болох бие махбодын хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

1.1. Шүүгдэгч Д.Га шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн үед би согтууруулах ундаа хэрэглэсэн нь үнэн. Би нөхрийн хамт Хасын хонхор гэх газарт 0.75 литрийн архи хувааж уусан. Тэр өдөр манай хадмын тал идэш хийх гээд үхэр гаргасан байсан. Би өөрөө гэдэс арилгаж чаддаггүй. Манай хүн намайг чи ээжид туслаад гэдэс арилгаж өг гэж хэлсэн. Тэр зүйлээс болж нөхөртэй маргалдсан. Би гэрт сууж байсан сандлаар цохисон. Цохих санаа бодол надад байгаагүй босох гээд хойшоо унахдаа сандал өргөсөн манай хүн хажууд босож таарсан тэгээд толгой нь таарч цохигдсон ийм зүйл болсон. Миний согтолтын хэмжээ өндөр гарсан. Би Гтой гэр бүл болоод 20 жил болж байна. Бид хоёрын хооронд таарамжгүй харилцаа, зодолдож муудалцах зүйл байдаггүй. Болсон хэргийн талаар сайн санахгүй байсан. Нэг мэдэхэд цагдаа ирсэн байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэв.

1.2. Хохирогч Э.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Бид хоёр нэг шил архи хамт уусан. Тугал алга болсон байсан эхнэртэйгээ хамт явж олж ирсэн. Бид хоёр архиа замдаа уугаад ирсэн. Гэрт халуун байсан учраас бид манарсан байсан. Би эхнэрийг гэдэс ээжтэй хамт арилгах уу гэхэд чадахгүй гэж хэлсэн. Чи гэдэс арилгаж чадахгүй байхдаа яадаг юм гэдэг зүйлээс болж маргасан. Эхнэр сандал дээрээс хойшоо унахдаа сандал барих гээд миний толгой руу цохисон. Болсон үйл явдлыг сайн санадаггүй. Энэ бүх үйл явдал миний буруу, архинаас л боллоо. Миний толгойд бага зэрэг шалбарсан цацлага түрхэж эдгээсэн гэв.

1.3. Шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 450 дугаартай дүгнэлтэд: Э.Гын биед толгойн дагзны хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.С гэжээ. /х.х-ийн 31 хуудас/

1.4. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 3-6 хуудас/

1.5. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /х.х-ийн 7-8 хуудас/

1.6. Аюулын зэргийн үнэлгээний маягт, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /х.х-ийн 9-10, 13-21 хуудас/

1.7. Эд зүйлд үзлэг хийсэн хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 22-23 хуудас/

1.8. Гэрлэлтийн бүртгэлийн лавлагааны хуулбар /х.х-ийн 78 хуудас/ зэрэг болно.

Иймд шүүгдэгч Д.Гаийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Улсын яллагчаас шүүгдэгч Д.Гаийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна. Учир нь: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т заасан этгээдэд шүүгдэгч, хохирогч нар нь хамаарах ба мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-т заасан бие махбодын хүчирхийлэл үйлдэгдсэн гэж үзэх нь зүйтэй байна.

ХОЁР. Шүүгдэгч Д.Гат эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:

2.1. Хохирогч Э.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Архинаас болж энэ асуудал үүссэн. Би дахиж архи уухгүй гэв.

2.2. Гэрч Ц.Н мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Га, Г нар нь хамт амьдраад 20 гаруй жил болж байна. Хоорондоо эвтэй харьцаатай байдаг. Га манай 9 дэх хүүхэд байгаа юм. Ар гэрийн гачигдлаар 3 дугаар анги хүртлээ сураад сургуулиас гарсан. Түүнээс хойш ажил хийж байгаагүй. Хөдөө мал маллаж байсан. Одоо нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг. Зан байдлын хувьд ямар нэгэн уур, уцаар байдаггүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 28 хуудас/

2.3. Гэрч Д.Г мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Га манай дүү байгаа юм. Га сургуульд сурч байгаад ар гэрийн гачигдлаар сургуулиас гарсан. Одоо ажил хийдэггүй. Нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Га нь ямар нэг ааш зан гаргаад байдаггүй, дуу цөөнтэй, томоотой хүүхэд. Г, Га нар хоорондоо барагтай бол хэрэлдэж маргалдаад байдаггүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 29 хуудас/

2.4. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 43 хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Д.Га нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч Д.Гаийн хувийн байдлыг харгалзан торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Га нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бэсүд овогт Дгийн Гаийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гаийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гат оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Га нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Д.Га нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Гат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.