Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 2024/ДШМ/849

 

  2024            07            23                                          2024/ДШМ/849

 

Ж.Н-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Анхцэцэг,

шүүгдэгч Ж.Н-н өмгөөлөгч Л.Батаа,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/396 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Н-н өмгөөлөгч Л.Батаагийн гаргасан давж заалдах гомдлоор Ж.Н-д холбогдох 2210 02438 1300 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

Ш овгийн Ж-н Н, .... оны .. дүгээр сарын ..-ны өдөр ......... төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй, “М Д М” ХХК-д нярав ажилтай, ам бүл 5, эцэг, эх, эгч нарын хамт ...........тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ............./;  

Шүүгдэгч Ж.Н нь 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ...............тоотод түрээсийн төлбөрөөс үүдэн Н.Н-той маргалдаж, нүүрэн тус газар нь өшиглөх, цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний алимны салстад цус харвалт, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ж.Н-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ж.Н-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Н-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Н нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Ж.Н-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан хугацаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ж.Н-н өмгөөлөгч Л.Батаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт Ж.Н нь өөрийгөө өмгөөлж оролцохдоо улсын яллагчийн санал дүгнэлттэй мэтгэлцээгүй ба шүүхийн шатанд “...........” ХХК-д 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс сард 2.450.622 төгрөгийн цалинтай няравын албан тушаал дээр одоог хүртэл ажилладаг талаар холбогдох баримтыг гаргаж өгөөгүй, мөн эрх зүйн мэдлэггүй нь улмаас 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн байна. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/396 дугаартай шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ж.Н-д оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Х.Анхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Ж.Н нь мөрдөн шалгах ажиллагааны явцад биеийн байцаалт өгөхдөө өөрийгөө “оюутан” гэж хэлж байсан. Анхан шатны шүүх хуралдаанд тэрээр “ажил хөдөлмөр хийдэг” гэж хэлсэн боловч энэ талаар баримтаа өгөөгүй тул прокурорын зүгээс торгох ялын санал гаргаагүй. Шүүгдэгч Ж.Н нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулж, прокурорын шатанд оргон зайлсан. Үүнтэй холбогдуулан шүүгдэгч Ж.Н-д холбогдох хэргийг тусгаарлаж, түдгэлзүүлсэн. Энэ нь шүүгдэгчийн хувийн байдалд нөлөөлж байгаа учраас прокуророос анхан шатны шүүх хуралдаанд нийтэд тустай ажил хийх ялын санал гаргасан. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн зорилгод нийцсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л Ж.Н-н өмгөөлөгч Л.Батаагийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Ж.Н нь 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр .................. тоотод түрээсийн төлбөрөөс үүдэн Н.Н-той маргалдаж, нүүрэн тус газар нь өшиглөх, цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний алимны салстад цус харвалт, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Н.Н-н “...Би дүү нартайгаа байр хамт түрээслэх гээд үзэж байсан чинь гаднаас Н гэх залуу орж ирээд “гадаа гараад уулзъя” гэсэн. Би гутлаа өмсөж байсан чинь тэр залуу шууд миний нүүр лүү өшиглөсөн. … Тэр залуу байр түрээслэх үнэ дээрээ тохироогүй, тэгээд уурласан. …” /хх 19-20/,

мөрдөн шалгах ажиллагааны явцад Ж.Н-н яллагдагчаар өгсөн “… Байр түрээслэх зарын дагуу Н гэдэг хүн ирээд эгчтэй маргаан үүсгээд зүй бус үг хэлээд зогсож байсан. Би орж ирээд маргааныг зохицуулах гэсэн боловч намайг сонсоогүй, улмаар надтай маргалдсан. Маргалдах явцад би тэсэлгүй түүнийг гараараа татаж тонгойх үед нь Н-н хүзүү рүү өшиглөсөн. …” /хх 118/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... Н.Н-н биед зүүн нүдний алимны салстад цус харвалт, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэсэн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 13291 дугаартай дүгнэлт /хх 37-38/,

Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр “зодоон болоод байна” гэх утгатай бүртгэгдсэн дуудлагын лавлагааны хуудас /хх 9-10/   зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байх ба түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Анхан шатны шүүхээс Ж.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, уг ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Шүүгдэгч Ж.Н-н өмгөөлөгч Л.Батаагаас “...гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа ойлгон гэмшиж байгааг болон ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан үзэж, торгох ял оногдуулж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй. 

Хэдийгээр шүүгдэгч Ж.Н нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн боловч түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргээс үзэхэд анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ялын төрөл, хэмжээ тохирсон гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгчид оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг тус тус хангажээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Н-н өмгөөлөгч Л.Батаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/396 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Н-н өмгөөлөгч Л.Батаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                            С.БОЛОРТУЯА              

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР