Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 115/ШШ2026/0004

 

                                   

 

 

 

 

 

   2026          02          06                                                

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Болорцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “М” ХХК, РД:....

Хариуцагч: Дорноговь аймгийн Байгаль орчны газар

Хариуцагч: Дорноговь аймгийн Засаг дарга

Гуравдагч этгээд: “МХ” ХХК

Гуравдагч этгээд: “МС” ХХК нарын хооронд тусгай зориулалтаар агнуурын амьтныг агнах зөвшөөрөл олгох дуудлага худалдаатай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Гэрэлсүрэн /цахим/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Золбоо /цахим/, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нандин-Эрдэнэ, хариуцагч Дорноговь аймгийн Байгаль орчны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхзориг, Э.Анхбаяр, гуравдагч этгээд “М.Х” ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.А, гуравдагч этгээд “М.Х” ХХК-ийн өмгөөлөгч Я.Баярсайхан, гуравдагч этгээд “МС” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У/цахим/, “МС” ХХК-ийн өмгөөлөгч Б.Дагиймаа /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Дорноговь аймгийн 2025 оны ... дугаар сарын ...-ны өдрийн тусгай зориулалтаар агнуурын амьтныг агнах зөвшөөрөл олгох дуудлага худалдаанд “М” ХХК-ийг оролцуулаагүй нь хууль бус болохыг тогтоож, Дорноговь аймгийн 2025 оны тусгай зориулалтаар агнуурын амьтныг агнах зөвшөөрөл олгох дуудлага худалдааг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Дорноговь аймгийн Засаг даргын 2025 оны ... дугаар сарын ...-ний өдрийн 2 дугаар “Хаалттай дуудлага худалдаа зохион байгуулах” тухай захирамж, 2025 оны ... дугаар сарын ...-ны өдрийн 3 дугаартай “Тусгай зориулалтын агнуурын амьтныг агнах гэрээ байгуулах, эрх олгох тухай” захирамжийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

1.3. Шүүх хуралдаанд Дорноговь аймгийн 2025 оны ... дугаар сарын ...-ны өдрийн тусгай зориулалтаар агнуурын амьтныг агнах зөвшөөрөл олгох дуудлага худалдаанд “М” ХХК-ийг оролцуулаагүй нь хууль бус байсан болохыг тогтоолгох, Дорноговь аймгийн 2025 оны тусгай зориулалтаар агнуурын амьтныг агнах зөвшөөрөл олгох дуудлага худалдааг хууль бус байсан болохыг тогтоолгох,

Дорноговь аймгийн Засаг даргын 2025 оны ... дугаар сарын ...-ний өдрийн 2 дугаар “Хаалттай дуудлага худалдаа зохион байгуулах” тухай захирамж, 2025 оны ... дугаар сарын ...-ны өдрийн 3 дугаартай “Тусгай зориулалтын агнуурын амьтныг агнах гэрээ байгуулах, эрх олгох тухай” захирамжийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн болно.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Дорноговь аймгийн Байгаль орчны газар нь “Тусгай зориулалтаар агнуурын амьтныг агнах, зөвшөөрөл олгох” нээлттэй дуудлага худалдааны зарыг өөрийн байгууллагын цахим хуудсандаа 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 10 цаг хүртэлх хугацаанд байршуулж, 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр цахим дуудлага худалдааг зохион байгуулсан байна.

2.2. Уг цахим дуудлага худалдаанд “МХ” ХХК, “Н” ХХК, “М” ХХК, “МС” ХХК, “П” ХХК, “Т” ХХК, “Ш” ХХК, Б.М, Г.Б, Т.П, П.Д, У.А гэх нийт 12 оролцогч зохих дэнчинг төлж, бүртгүүлж дуудлага худалдаанд оролцсон байна.

2.3. Дуудлага худалдааны ялагчаар Б.М, Г.Б, “П” ХХК-ууд шалгарч, дуудлага худалдааны үнийг төлж барагдуулах тухай албан бичгийг ялагч иргэн, аж ахуйн нэгж байгууллагад 2025 оны 06 дугаар сарын 24, 27-ны өдрүүдэд хүргүүлсэн боловч хариу ирүүлээгүй учир худалдан авахаас татгалзсан гэж үзсэн байна.

2.4. Үүний дараагаар Дорноговь аймгийн Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Хаалттай дуудлага худалдаа зохион байгуулах тухай” 4 дугаар захирамжийг үндэслээд “МХ” ХХК, “МС” ХХК, “Хутаг уулын иргэдийн нөхөрлөл”-д хаалттай дуудлага худалдаанд оролцох урилгыг 07 дугаар сарын 18-ны өдөр хүргүүлж, 2025 оны ... дугаар сарын ...-ны өдөр хаалттай дуудлага худалдааг зохион байгуулсан байна.

2.5. “МХ” ХХК, “МС” ХХК-ууд уг дуудлага худалдааны ялагч болж, Дорноговь аймгийн Засаг даргын 2025 оны ... дугаар сарын ...-ны өдрийн 3 дугаар захирамжаар тусгай зориулалтаар агнуурын амьтныг агнах гэрээ байгуулах эрх олгожээ.

2.6. Нэхэмжлэгч “М” ХХК нь 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 169 дүгээр албан бичгээр хаалттай дуудлага худалдаанд холбогдох гомдлоо Дорноговь аймгийн Засаг даргад гаргасан боловч гомдлыг шийдвэрлэж хариу ирүүлээгүй байна.

2.7. Дорноговь аймгийн Засаг даргын 2025 оны ... дугаар сарын ...-ний өдрийн 2 дугаар “Хаалттай дуудлага худалдаа зохион байгуулах тухай” захирамжийн 2 дугаар хавсралтаар батлагдсан “Дуудлага худалдааг зохион байгуулах ажлын удирдамж”-ийн 12.2-т “Дуудлага худалдааны явцад үүссэн маргааныг дуудлага худалдааг зохион байгуулах ажлын хэсэг шийдвэрлэнэ.”, 12.3-т “Дуудлага худалдаатай холбогдсон гомдлыг ажлын 3 хоногт багтаан аймгийн Засаг дарга болон шүүхэд гаргаж шийдвэрлүүлнэ” гэж зааснаар ажлын 3 хоногт багтаан аймгийн Засаг дарга болон шүүхэд гаргаж шийдвэрлүүлэхээр байжээ.

Хэдийгээр дуудлага худалдаатай холбогдох гомдлыг ажлын 3 хоногт аймгийн Засаг дарга болон шүүхэд гаргах эрхтэй боловч удирдамжийг сонирхогч этгээд мэдэх боломжгүй олон нийтэд нээлттэй танилцуулаагүйн улмаас нэхэмжлэгч “М” ХХК нь удирдамжид заасан хугацаанд гомдол гаргаагүй, Захиргааны ерөнхий хуульд зааснаар тус шүүхэд 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэл гаргасныг хүлээн авч, шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч "М" ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дорноговь аймгийн Байгаль орчны газар өөрийн байгууллагын facebook цахим хуудсанд "Тусгай зориулалтын агнуурын амьтныг агнах, зөвшөөрөл олгох нээлттэй дуудлага худалдааг 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 10:00 цагт цахимаар нээлттэй зохион байгуулна" гэсэн зарыг байршуулсан. Тус зарын дагуу Дорноговь аймагт 6 угалз агнуулах дэнчин мөнгийг Дорноговь аймгийн Байгаль орчны газрын төрийн сангийн дансанд байршуулсан.

Гэвч дуудлага худалдаа товлосон өдрөө явагдаагүй ба дуудлага худалдааг хойшлуулсан. Дараагийн дуудлага худалдаа хэзээ явагдах талаар Дорноговь аймгийн Байгаль орчны газраас бидэнд огт мэдээлэл өгөөгүй бөгөөд дуудлага худалдаанд оролцох эрх бүхий манай байгууллагыг оролцуулалгүй, Тусгай зориулалтаар агнуурыг амьтныг агнах зөвшөөрөл олгох дуудлага худалдааг зохион байгуулах ажлын хэсэг ялагчийг шалгаруулсан.

2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр дуудлага худалдаа хэзээ явагдах талаар Байгаль орчны газрын мэргэжилтэн С.Энхзоригоос тодруулахад “Ирэх долоо хоногт, хаалттай зохион байгуулна” Дорноговь аймгийн Байгаль орчны газар өөрийн байгууллагын facebook цахим хуудсанд мэдээлэл байршуулна гэж мэдэгдсэн.

   Цахим хуудсанд дуудлага худалдааны талаарх мэдээллийг байршуулаагүй, мөн бидэнд дуудлага худалдааны хэзээ явагдах талаар ямар ч мэдээлэл ирүүлээгүй тул дуудлага худалдаа зохион байгуулагдах өдрийг хүлээсээр байсан. Харин 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Дорноговь аймагт ан хийдэг бусад байгууллагуудаас дуудлага худалдаа явагдаж, ялагч тодорсон тухай мэдсэн бөгөөд Дорноговь аймгийн Байгаль орчны газар бидэнд мэдээлэл өгөөгүй нууцаар дуудлага худалдааг зохион байгуулж, манай байгууллагын эрх ашгийг ноцтой зөрчсөн.

   Иймд Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 94.1-т заасны дагуу дэнчинг зохих ёсоор төлсөн манай байгууллагыг дуудлага худалдаанд оролцуулаагүй, үнэ хаялцах ажиллагаанд оролцох эрхийг зөрчсөн талаарх гомдлыг хууль зөрчиж дуудлага худалдаа явуулсан талаар мэдсэн өдөр буюу 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргалд гаргаж, баталгаат шуудангаар илгээсэн. Гэвч Дорноговь аймгийн Засаг дарга манай байгууллагын гаргасан гомдлыг хянан шийдвэрлэж, бидэнд хариу өгөөгүй бөгөөд хуулийн хугацаа дуусгавар болсон. Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасны дагуу захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Хариуцагч Дорноговь аймгийн Байгаль орны газраас тус шүүхэд нотлох баримтуудыг хүргүүлсэн байх ба хавтаст хэрэгт Дорноговь аймгийн Засаг даргын 2025 оны ... дугаар сарын ...-ний өдрийн 2 дугаар “Хаалттай дуудлага худалдаа зохион байгуулах” тухай захирамж, 2025 оны ... дугаар сарын ...-ны өдрийн 3 дугаартай “Тусгай зориулалтын агнуурын амьтныг агнах гэрээ байгуулах, эрх олгох тухай” захирамж тус тус цугларсан байна.

Нэг. Дорноговь аймгийн Засаг даргын 2025 оны ... дугаар сарын ...-ний өдрийн 2 дугаар “Хаалттай дуудлага худалдаа зохион байгуулах тухай” захирамж нь дараах үндэслэлээр хуульд нийцээгүй, эрх зүйн зөрчилтэй гэж үзэж байна.Үүнд

1.1. Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны ... дугаар сарын ....-ны өдрийн 5 дугаартай албан бичгээр Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Тусгай зориулалтаар 2025 онд агнах, барих агнуурын тоо хэмжээг тогтоох тухай 242 дугаар тогтоол батлагдсантай холбогдуулан тогтоолын хэрэгжилтийг хангуулж, дуудлага худалдааг зохион байгуулах, тусгай зөвшөөрөл олгохдоо баримтлан ажиллавал зохих чиглэлийг хүргүүлсэн байна.

Тус албан бичгийн 1 дэх хэсэгт “Зөвшөөрлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Амьтны тухай хуулийн 291  дүгээр зүйлийг баримтлан дуудлага худалдааны журмаар ил тод, нээлттэй зохион байгуулах” гэж заажээ. Амьтны тухай хуулийн 29 зүйлийн 291.1-т “Энэ хуулийн 20.2-т заасан ховор амьд амьтны цуглуулга хийх тусгай зөвшөөрөл, 25.1-д заасан тусгай болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнуурын амьтан агнах, барих тусгай зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлд заасны дагуу дуудлага худалдааны журмаар олгоно” гэж заасан бөгөөд тус хуулийн 291.2-т “Энэ хуулийн 291.1-д заасан зөвшөөрлийн дуудлага худалдааг мөн хуулийн 26.3-т заасны дагуу Засгийн газраас тусгай зориулалтаар агнах, барих амьтны тоо хэмжээг баталсан шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор олон нийтэд нээлттэй мэдээлж 30 хоногийн дотор цахим хэлбэрээр зохион байгуулна” 291.3-т “Дэнчин төлж бүртгүүлсэн этгээд, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч дуудлага худалдаанд оролцоно” гэж тус тус заажээ.

Тодруулбал, Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас аймгийн Заcаг дарга нарт дуудлага худалдааг хуульд заасан журмын дагуу явуулах чиглэл хүргүүлсэн бөгөөд Амьтны тухай хууль болон Зөвшөөрлийн тухай хуульд зааснаар сонгон шалгаруулалтын журмаар дуудлага худалдааг нээлттэй явуулахаар зохицуулсан бөгөөд дэнчинг төлж бүртгүүлсэн этгээд дуудлага худалдаанд оролцох эрхтэй байна.

Гэтэл Дорноговь аймгийн Засаг дарга нь ан агнуурын бүс нутгийн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээний дагуу ан агнуурыг менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан ажлаа бүрэн хэрэгжүүлээгүй гэх үндэслэлээр хуульд заасны дагуу дэнчинг төлж, дуудлага худалдаанд оролцох эрхтэй компаниудад дуудлага худалдааг оролцох урилгыг илгээгүй, мэдэгдээгүй дуудлага худалдааг хаалттай зохион байгуулсан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Засаг дарга энх хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана” гэж заасныг зөрчсөн байна.

1.2. Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.3 дахь заалт нь шинэ нөхцөл байдал бий болсноор нийтийн ашиг сонирхол хөндөгдөхөөр бол эрх зүйн зөрчилгүй, эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг түүнд гомдол гаргах боломжгүй болсон хэдий ч цуцалж болох зохицуулалт бөгөөд энэ нь анх тухайн шийдвэрийг гаргах үед мэдэгдээгүй шинээр бий болсон нөхцөл байдлаас хамаарч нийтийн ашиг сонирхол хөндөгдөхөөр тохиолдолд хэрэглэх заалт юм. Гэтэл тусгай зориулалтаар 2025 онд агнаж дуудлага худалдааг зохион байгуулах явцад нийтийн ашиг сонирхол хөндөгдсөн гэх нөхцөл байдал үүсээгүй, мөн шинэ нөхцөл байдал үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

1.3. Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.10, 197.12-т заасныг тус тус үндэслэн дуудлага худалдааг хаалттай явуулж, тусгайлан уригдсан этгээдийг оролцуулахаар тус захирамжид заасан байх боловч Иргэний хуулийн зохицуулалт нь ерөнхий зохицуулалт бөгөөд тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хууль байгаа тохиолдолд нарийвчилсан хуулийн заалтыг хэрэглэх юм. Тиймээс амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, түүний нөөцийг зохистой ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулах зорилготой нарийвчилсан хууль болох Амьтны тухай хуульд дуудлага худалдааг нээлттэй явуулахаар зохицуулсан атал Иргэний хуулийг үндэслэн дуудлага худалдааг хаалттай зохион байгуулахаар шийдвэрлэсэн шийдвэр нь үндэслэлгүй юм.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д “Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно” гэж заасан. Тодруулбал, захиргааны байгууллага нь захиргааны акт гаргахдаа хууль болон эрх зүйн хам хэмжээний актыг мөрдөх үүрэгтэй байдаг тул тэдгээрт харшилсан захиргааны акт гаргавал хууль зөрчсөн захиргааны акт гэж үзнэ.

Иймд Дорноговь аймгийн Засаг даргын 2025 оны ... дугаар сарын ...-ний өдрийн 2 дугаар “Хаалттай дуудлага худалдаа зохион байгуулах тухай” захирамж нь хад хэдэн хууль тогтоомжийг мөн Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайдын чиглэлийг зөрчсөн эрх зүйн зөрчилтэй хууль бус акт юм.

Хоёр. Дорноговь аймгийн Засаг даргын 2025 оны ... дугаар сарын ...-ний өдрийн 2 дугаар “Хаалттай дуудлага худалдаа зохион байгуулах тухай” захирамжийн дагуу хаалттай дуудлага худалдааг зохион байгуулж, Дорноговь аймгийн Засаг даргын 2025 оны ... дугаар сарын ...-ны өдрийн 3 дугаар “Тусгай зориулалтын агнуурын амьтныг агнах гэрээ байгуулах, эрх олгох тухай” актаар хаалттай дуудлага худалдаанд оролцож ялагч болсон аж ахуй нэгж байгууллагуудын нарс, агнуурын тоо хэмжээ, угалз агнах ан агнуурын тоо хэмжээ, угалз ан агнуурын бүс нутгийн хуваарийг баталсан байна.

Дорноговь аймгийн Засаг даргын 2025 оны ... дугаар сарын ...-ны өдрийн 3 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх, тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд тус тус нийцээгүй байна. Учир нь Амьтны тухай хууль болон Зөвшөөрлийн тухай хуульд тус тус заасны дагуу тусгай зориулалтаар агнуурын амьтныг агнах, барих зөвшөөрлийг олгох эрх бүхий этгээд нь тухайн аймгийн Засаг дарга мөн боловч холбогдох хууль тогтоомжийн дагуу хуульд үндэслэн, үндэслэл бүхий шийдвэрийг гаргах ёстой.

Гэтэл холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг үндэслэж зохион байгуулсан дуудлага худалдааны үр дүнг баталж, ялагчийг тодруулсан захиргааны байгууллагын шийдвэр нь захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчимд нийцээгүй, эрх зүйн зөрчилтэй байна.

Иймд Дорноговь аймгийн Засаг даргын 2025 оны ... дугаар сарын ...-ний өдрийн 2 дугаар “Хаалттай дуудлага худалдаа зохион байгуулах тухай” захирамж, 2025 оны ... дугаар сарын ...-ны өдрийн 3 дугаартай “Тусгай зориулалтын агнуурын амьтныг агнах гэрээ байгуулах, эрх олгох тухай” захирамжийг тус тус Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт зааснаар хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Гэрэлсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1.16-д зааснаар тусгай зөвшөөрлийг тухайн аймгийн Засаг дарга олгоно. Засаг дарга энэхүү зөвшөөрлийг олгохдоо Амьтны тухай хуульд заасан холбогдох зохицуулалтыг баримтлах ёстой. Тус хуулийн 29.1-д зааснаар дуудлага худалдааг зохион байгуулах, нээлттэй мэдээлэх зохицуулалттай бөгөөд 29.1.3-т гэмт хэрэгт ял шийтгэгдэж бүртгүүлээгүй иргэн, хуулийн этгээдийг дуудлага худалдаанд оролцуулна гэж заасан. Гэтэл тухайн аймгийн Засаг дарга хуулиар олгосон энэхүү зохицуулалтыг хязгаарлаж, бүс нутгийн менежментийг хариуцдаг компаниудын хүрээнд дуудлага худалдааг зохион байгуулсан нь хууль зөрчсөн гэж бид үзэж байна. Мөн Байгаль орчны газрын ажилтан Энхзориг дуудлага худалдааг зохион байгуулахдаа оролцох этгээдийг дуудлага худалдааг зохион байгуулах комиссоор шийдвэрлүүлсэн. Гэтэл тус комисс дуудлага худалдаанд оролцох этгээдийг зөвхөн агнуурын менежментийн этгээдээр хязгаарлах эрхтэй эсэх нь өөрөө маргаантай асуудал бөгөөд энэ нь бүхэлдээ хууль зөрчсөн гэж үзэж байна. Түүнчлэн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулагдсан нээлттэй дуудлага худалдааны дараа, 2025 оны ... дугаар сарын ...-ны өдөр агнуурын амьтныг агнах тусгай зөвшөөрөл олгох хаалттай дуудлага худалдааг зохион байгуулсан нь манай байгууллагын хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан. Энэ нь шударгаар өрсөлдөх боломжийг хязгаарлаж, хууль болон холбогдох хууль тогтоомжуудыг зөрчсөн гэж үзэж байна. Хаалттай дуудлага худалдаатай холбоотой журам хэрэгт авагдсан бөгөөд уг журамд зааснаар гомдлыг 3 хоногийн дотор гаргана гэж заасан. Гэтэл манай байгууллага уг хаалттай дуудлага худалдаатай холбоотой удирдамжтай танилцаагүй, мөн хэзээ явагдсаныг мэдэх боломжгүй байсан тул журамд заасан хугацаанд гомдол гаргах боломжгүй байсан. Иймд Засаг даргын гаргасан захирамжууд болон дуудлага худалдааг зохион байгуулсан ажиллагаа нь хууль болон холбогдох хууль тогтоомжуудыг зөрчсөн, хуулийн өмнө тэгш, шударгаар өрсөлдөх боломжийг хязгаарласан гэж үзэж байна. Үүнтэй холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэж хүсэж байна гэв.

 

3.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Золбоо шүүх хуралдаан гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

Дуудлага худалдаа хэзээ болох, хэзээ явагдсан, ямар хугацаанд, ямар удирдамжаар зохион байгуулсан, ямар оролцогчдыг оролцуулсан талаар ямар нэгэн мэдээлэл байгаагүй. Хуулийн зохицуулалтыг харвал бодит байдал дээр хэрэгжүүлсэн журам, сонгон шалгаруулалтын зохицуулалт нь хуульд зааснаас өөр байна. Зөвшөөрлийн тухай хууль болон холбогдох бусад хуульд хаалттай дуудлага худалдаа явуулах зохицуулалт огт байхгүй, харин нээлттэй байдлаар явуулах ёстой. Үүний нэг илрэл нь Засгийн газрын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 242 дугаар тогтоол бөгөөд агнуурын тоо хэмжээг буцаан тогтоож, цаашид үйл ажиллагааг нээлттэй, ил тод явуулах үүргийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад даалгасан. Мөн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн сайдын дэлгэрүүлэх албан бичигт сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод явуулах талаар тодорхой заасан. Анхны нээлттэй дуудлага худалдаанд оролцогчдыг хязгаарлаагүй. Харин 2025 оны ... дугаар сарын ...-нд зохион байгуулагдсан хоёр дахь дуудлага худалдааг менежмент хариуцагч байгууллагуудын хүрээнд, хаалттай хэлбэрээр явуулсан. Иймд дуудлага худалдаанд зөвхөн менежмент хариуцагч байгууллагуудыг оролцуулсан нь хуульд нийцсэн эсэх нь маргаантай. Энэ нь хуулийн зохицуулалтын дутагдал, алдааг ил болгож байна. Орон нутаг байгаль, ан амьтнаа хамгаалахдаа заавал хувийн аж ахуйн нэгжүүдээс дэмжлэг авдаг ч энэ нь хуульчлагдаагүй давуу байдал үүсгэх үндэслэл болох ёсгүй. Захиргааны байгууллага хуульд заагаагүй зүйлийг хэвийн мэт тайлбарлах боломжгүй. Бид хууль эрх зүйн орчинд амьдарч байгаа тул хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд үйл ажиллагаа явуулж, түүнийхээ төлөө хариуцлага хүлээх ёстой.

Манай байгууллага 2015 оноос хойш тухайн бүс нутагт үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд 2023 оны байдлаар хариуцаж буй бүсэд агнуурын нөөц тодорхой тооцоологдсон. Сүүлийн 10 жилийн хугацаанд зөвхөн хоёр жилд л ийм асуудал үүссэн. Сүүлийн хоёр жилд болсон хатуу өвлийн нөлөөг мөн харгалзан үзэх шаардлагатай. Мөн манай зүгээс 2024 онд үйл ажиллагаанд 28,000 ам.долларын хөрөнгө зарцуулж, орон нутагт шилжин ажилласан. Үүнээс гадна тээвэр, шатахуунд тодорхой хэмжээний зардал гаргасан. 11 гишүүнтэй нөхөрлөл олон тээврийн хэрэгслээр нийт хэдэн зуун километр газар тойрч, хамгаалалтын бүсэд хяналт шалгалт хийсэн. Эдгээр ажлуудыг 2025 онд иргэдийн хурлаар хэлэлцсэн. Иймд манай байгууллага менежментийн төлөвлөгөөнд заасан үйл ажиллагааг тодорхой хэмжээнд хэрэгжүүлсэн гэж үзэж байна. Харин 2025 оны ... дугаар сарын ...-нд зохион байгуулагдсан хаалттай дуудлага худалдааг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэл хангалтгүй гэж бид дүгнэж байна. М ХХК нь шинээр байгуулагдсан, хоёр гурван жилийн түүхтэй байгууллага биш бөгөөд 1996 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн. 2026 оны байдлаар олон жилийн туршлагатай, дараагийн шатны хэрэгцээтэй, бодит үйл ажиллагаа хэрэгжүүлж ирсэн байгууллага юм. Гэтэл өнөөдрийн нөхцөлд дуудлага худалдаа, сонгон шалгаруулалтын үйл явц нь буруу чиглэл рүү явж байна гэж үзэж байна. Иймд тухайн нөхцөл байдлыг харгалзан үзэх шаардлагатай. Хариуцагчийн зүгээс хаалттай дуудлага худалдаа явуулсан үндэслэлээ Иргэний хуулийн дуудлага худалдаа, сонгон шалгаруулах ерөнхий журмаар тайлбарлаж байна. Иргэний хуульд ийм ерөнхий зохицуулалт байдаг нь үнэн. Гэхдээ салбарын хуульд дуудлага худалдааг хаалттай хэлбэрээр явуулж болно гэсэн зохицуулалт байхгүй. Харин дуудлага худалдааг нээлттэй, ил тод зохион байгуулах ёстой гэж заасан. Үүнийг төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан албан бичгүүдээр мөн тодорхой заасан. Тухайлбал, Засгийн газрын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 242 дугаар тогтоолоор тусгай зориулалтаар агнах, барих амьтны тоо хэмжээг баталж, шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор олон нийтэд нээлттэй мэдээлэх ёстой гэж заасан. Энэ нь дуудлага худалдаа, сонгон шалгаруулалтыг нээлттэй явуулах ёстойг дахин баталгаажуулж байна. Гэтэл 2025 оны ... дугаар сарын ...-нд зохион байгуулагдсан дуудлага худалдаанд менежментийн төлөвлөгөө хэрэгжүүлээгүй байгууллагуудыг хасч, зөвхөн менежмент хариуцагч байгууллагуудыг оролцуулсан нь буруу гэж үзэж байна. Дуудлага худалдаа нь чөлөөт өрсөлдөөний зарчмаар явагдаж, оролцогч олширсноор үнэ өсөх ёстой. Гэтэл зургаан угалзыг нэг бүрийг нь 20,000,000 төгрөгөөр багцлан олгосон нь нээлттэй дуудлага худалдааны зарчимд нийцэхгүй байна. Нээлттэй дуудлага худалдаагаар, жишээлбэл, хоёр угалзыг 60,000,000 төгрөгөөс доошгүй үнээр борлуулбал нийт 120,000,000 төгрөг орон нутагт төвлөрөх боломжтой байсан. Харин гурваар нь багцлан нэг байгууллагад олгосон нь оролцогчид хоорондоо тохиролцсон байх магадлалтай харагдаж байна. Дуудлага худалдаа үнэхээр зохион байгуулагдсан бол үнийн санал, протокол, тэмдэглэл байх ёстой. Гэтэл ийм баримт хэрэгт байхгүй байна.

 Менежмент хариуцагч байгууллага орон нутагт хэрэгтэй байж болох ч энэ нь бусад этгээдэд хууль бус давуу байдал олгох үндэслэл болох ёсгүй. Салбарын хууль өөрийн онцлогтой бөгөөд хуульд заагаагүй зүйлийг захиргааны байгууллага дур мэдэн тайлбарлаж хэрэгжүүлэх боломжгүй. Манай нэхэмжлэлийн шаардлагын хувьд, уг дуудлага худалдаа, сонгон шалгаруулалт 2025 онд хэрэгжиж дууссан тул бид дахин оролцох боломжгүй болсон. Иймээс бид нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг өөрчлөөгүй, харин процессын хуулийн 106.3-т заасны дагуу шаардлагын хэлбэрийг тодотгосон. Өөрөөр хэлбэл 2025 оны ... дугаар сарын ...-нд зохион байгуулагдсан хаалттай дуудлага худалдаа хууль бус, манай байгууллагыг оролцуулаагүй, мөн түүний үндсэн дээр гарсан Засаг даргын шийдвэр, байгуулсан гэрээнүүд хууль бус байсан болохыг тогтоолгохыг хүсэж байна. Удирдамжид заасан “3 хоногийн дотор гомдол гаргах” зохицуулалтын хувьд, манай байгууллага хаалттай дуудлага худалдааны талаар урьдчилан мэдэх, удирдамжтай танилцах боломжгүй байсан тул уг хугацааг баримтлах боломж байгаагүй. Хаалттай дуудлага худалдаа явуулах байсан ч ядаж цахим хуудсаар ил тод мэдээлэх ёстой байсан. Бусад орон нутаг ийм байдлаар зохион байгуулж байна. Иймд сонирхогч этгээдүүдийг хязгаарласан, хаалттай хэлбэрээр явуулсан дуудлага худалдаа, сонгон шалгаруулалт нь холбогдох хууль тогтоомжид нийцэхгүй байна. Өнөөдрийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эдгээр тушаал, шийдвэрүүдийг хууль бус байсан болохыг тогтоож өгнө үү. Энэ нь цаашид ижил төрлийн сонгон шалгаруулалтад оролцогчдын эрх ашиг зөрчигдөхөөс сэргийлэх ач холбогдолтой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

3.4.Хариуцагч Дорноговь аймгийн Байгаль орчны газар шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 02 дугаар тогтоолоор батлагдсан “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журам”-ын дагуу 2025 онд тусгай зориулалтаар 8 бодгаль угалзыг агнуулах саналыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд хүргүүлсэн. Засгийн газрын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зориулалтаар 2025 онд агнах барих агнуурын амьтны тоо хэмжээг тогтоох тухай” 242 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтад Дорноговь аймагт 6 бодгаль угалз батлагдсан.

Засгийн газрын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зориулалтаар 2025 онд агнах барих агнуурын амьтны тоо хэмжээг тогтоох тухай” 242 дугаар тогтоол, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн “Чиглэл хүргүүлэх тухай” 01/2698 дугаар албан бичгийг үндэслэн Амьтны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2. “Энэ хуулийн 291.1-д заасан зөвшөөрлийн дуудлага худалдааг мөн хуулийн 26.3-т заасны дагуу Засгийн газраас тусгай зориулалтаар агнах, барих амьтны тоо хэмжээг баталсан шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор олон нийтэд нээлттэй мэдээлж, 30 хоногийн дотор цахим хэлбэрээр зохион байгуулна” гэж заасны дагуу нээлттэй дуудлага худалдааны зарыг байгууллагын “Дорноговь Байгаль орчны газар” Фэйсбүүк цахим хуудсанд 2025 оны 06 дүгээр сарын 04-ний өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 10 цаг хүртэлх хугацаанд байршуулж дуудлага худалдаанд оролцох хүсэлтэй иргэн, аж ахуй нэгж байгууллагыг нээлттэй бүртгэх ажлыг зохион байгуулсан. Цахим дуудлага худалдаанд дэнчинг төлж, нийт 12 оролцогч оролцсон.

   Аймгийн Засаг даргын 2025 оны 06 дүгээр сарын 20-ны өдрийн “Нээлттэй дуудлага худалдаа зохион байгуулах ажлын хэсэг байгуулах тухай” А/441 дугаар захирамжаар томилогдсон ажлын хэсэг 06 дугаар сарын 24-ний өдрийн 10 цагт “Тусгай зориулалтаар угалз агнах эрх олгох нээлттэй дуудлага худалдааг цахимаар товлосон хугацаандаа маргаангүй, амжилттай зохион байгуулсан. Дуудлага худалдааны Эрдэнэ сумын 01, Мандах сумын 06 дугаартай угалзыг Б.М, Эрдэнэ сумын 02, Хатанбулаг сумын 05 дугаартай угалзыг Г.Б, Хатанбулаг сумын 03, 04 дугаартай угалзыг “П” ХХК эцсийн үнийг хэлж ялагч болсон. Амьтны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 291.7-т “Дуудлага худалдаа зохион байгуулагч нь сүүлийн үнийг зарлаж, сүүлийн үнэ тодорхой болсны дараа дуудлага худалдааг дуусгавар болгож, ялагчийг зарлана. Дуудлага худалдааны ялагч нь дуудлага худалдаанд ялсан үнийг 24 цагийн дотор дуудлага худалдаа зохион байгуулагчийн холбогдох дансанд бүрэн төлсний дараа зохион байгуулагч ялагчийг баталгаажуулсан шийдвэр гаргана” гэж заасны дагуу дуудлага худалдааны үнийг 24 цагийн дотор 100 хувь төлж барагдуулах тухай 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 321, 322, 323 дугаар албан бичгийг ялагч иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хүргүүлсэн боловч төлбөрийг шилжүүлээгүй. Иймээс дуудлага худалдааны хоёрдох ялагч Б.М, Г.Б, “П” ХХК-д 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 331, 332, 333 дугаар албан бичгээр санал хүргүүлж 07 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хүлээсэн боловч хариу ирүүлээгүй. Иймээс худалдан авахаас татгалзсан гэж үзсэн.

Нээлттэй дуудлага худалдааны тайланг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд хүргүүлж, дуудлага худалдааны үр дүнг аймгийн Засаг даргад танилцуулсан. Монгол Улсын Иргэний тухай хуулийн 197 дугаар зүйлийн 197.10. “Дуудлага худалдаа буюу уралдааныг нээлттэй буюу хаалттай явуулж болно”, 197.12. “Хаалттай дуудлага худалдаа, уралдаанд энэ зорилгоор тусгайлан уригдсан этгээд оролцоно” гэж заасныг үндэслэн хаалттай зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Иймээс 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр дуудлага худалдаанд оролцогч 7 аж ахуйн нэгж байгууллага, 5 иргэний төлсөн дэнчинг 100 хувь буцаан олгосон.

   Аймгийн Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Хаалттай дуудлага худалдаа зохион байгуулах тухай” 4 дугаар захирамжийг үндэслэн Эрдэнэ, Мандах сумдын агнуурын бүс нутгийн менежмент хариуцагч “МХ” ХХК, Хатанбулаг сумын агнуурын бүс нутгийн менежмент хариуцагч “МС” ХХК, “Хутаг уулын хөндийн иргэдийн нөхөрлөл”-д хаалттай дуудлага худалдаанд оролцох урилгыг 07 дугаар сарын 18-ны өдөр хүргүүлсэн.

   Тусгай зориулалтаар угалз агнах эрх олгох хаалттай дуудлага худалдааг 2025 оны ... дугаар сарын ...-ны өдөр зохион байгуулж 01,02,06 дугаартай угалзыг “МХ” ХХК, 03,04,05 дугаартай угалзыг “МС” ХХК эцсийн үнийг хэлж ялагч болсон. Дээрх байгууллагууд нь 24 цагийн дотор дуудлага худалдааны төлбөрийг байгууллагын нэмэлт дансанд шилжүүлсэн тул аймгийн Засаг даргын 2025 оны ... дугаар сарын ...-ны өдрийн 3 дугаар захирамжаар дуудлага худалдааны ялагч нарыг баталгаажуулж гэрээ байгуулан зөвшөөрлийг олгосон.

   Агнуурын бүс нутгийн менежмент хариуцагч ААНБ нь Амьтны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3.2. “Амьтныг ашиглаж байгаа иргэн, хуулийн этгээд тухайн амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх арга хэмжээг өөрийн хөрөнгөөр” гэж заасан. Мөн ан агнуурын бүс нутгийн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээний дагуу ан агнуурын менежментийн төлөвлөгөөг өөрийн хөрөнгөөр хэрэгжүүлж, тухайн жилд хэрэгжүүлсэн ажлын тайланг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулж, үнэлүүлэх үүрэгтэй.

   Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 05 дугаар хуралдааны үер Өргөн сумаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсон төлөөлөгч Ж.Сүхбаатар нь “Аргалийн уул” агнуурын бүс нутгийн агнуурын амьтад нь 2024 оны зуднаар ихэнх нь хорогдож агнуурын нөөцгүй болсон тул ан ав хийлгэх боломжгүй талаар мэдэгдсэн. Иймээс 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 181 тоот албан бичгээр “Аргалийн уул агнуурын бүс нутаг”-ийн биологийн болон агнуурын нөөцийг тогтоох судалгааны ажлыг хөндлөнгийн мэргэжлийн байгууллагаар хийлгэх чиглэлийг Өргөн сумын Засаг даргад хүргүүлсэн. Уг албан бичгийн дагуу Өргөн сумын Засаг даргын тамгын газраас “Их нартын менежмент” ТББ-тай гэрээ байгуулж 2025 оны 06 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд хээрийн хайгуул судалгааны ажлыг зохион байгуулсан. Өргөн сумын “Аргалийн уул” агнуурын бүс нутгийн биологийн болон агнуурын нөөцийг тогтоох мэргэжлийн байгууллагын судалгааны тайланд биологийн нөөцийг 18+-7.5 гэж тогтоосон байна.

   Дээрх агнуурын бүс нутагт 2015 онд аргаль хонины нөөцийг 314, 2020 онд 392, 2025 онд 18 гэж тус тус үнэлсэн байна. Аргалийн уул агнуурын бүс нутгийн 2025 оны биологийн нөөцийг 2020 онтой харьцуулахад 26,13 дахин багассан тул ан ав хийх боломжгүй болсон. Өргөн сумын “Аргалийн уул” агнуурын бүс нутгийн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээний 4.3.3 “Байгалийн нөөц түүний өөрчлөлтийн тухай мэдээллийг сумын Засаг дарга, бусад байгууллага, албан тушаалтанд тухай бүр үнэн зөвөөр гарган өгч байх”, 4.3.4 “байгалийн баялгийг хамгаалах, байгаль орчны төлөв байдлыг алдагдуулахгүй байх” гэсэн заалтыг “М” ХХК зөрчсөн. Агнуурын бүс нутгийн менежмент хариуцагч “М” ХХК нь улсын хэмжээнд 2024 онд өвөлжилт хүндэрсэн үед ан амьтдыг авран хамгаалах, биотехникийн арга хэмжээ аваагүй, ажил зохион байгуулаагүй хариуцлагагүй хандсан. Манай байгууллагаас Өргөн сумын Засаг даргын тамгын газарт ан амьтанд зориулж биотехникийн арга хэмжээ авах зорилгоор 200 боодол өвсний дэмжлэг үзүүлсэн. Хариуцсан агнуурын бүс нутагт амьтдыг хамгаалах ажил зохион байгуулаагүй, менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан ажлаа бүрэн хэрэгжүүлээгүйн улмаас аргаль хонины нөөц багассан, мөн хариуцлагагүй үйлдэл гаргасан компанийг дуудлага худалдаанд оруулснаар бусад компаниудын хүч хөдөлмөр, хөрөнгө санхүүгээ зарцуулан байж, өвлийг хохирол багатай давсан агнуурын бүс нутгаас хулгай хийлгэж буйгаас ялаагүй тул тухай компанид хаалттай дуудлага худалдаанд оролцох урилга хүргүүлээгүй.

   “М” ХХК-ийн захирал Г.Одгийв 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Биологийн төрөл зүйл, тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал хариуцсан мэргэжилтэн С.Энхзоригтой мессежээр харилцсан, дуудлага худалдааг нээлттэй юу, хаалттай юу, зар тавих уу гэж асуусан байна. Манай мэргэжилтэн хаалттай зохион байгуулна гэж хариу хэлсэн байна. Тухай хүн уг мессежинд хариу өгөхдөө за за, араа дааж л байвал хамаа байж уу, өргөн хүрээтэй явж байгаа шүү, амжилт хүсье гэсэн хариу ирүүлснээс харахад агнуурын бүс нутаг нь агнуурын нөөцгүй болсон тул дуудлага худалдаанд оролцох боломжгүй гэдгээ мэдэж байсан байна. Өргөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 5/01 дугаар тогтоолоор “Аргалийн уул” агнуурын бүс нутагт түр хугацаагаар агнуурыг зогсоогоод байна гэжээ.

Хариуцагч нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан тайлбартаа: Амьтны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-д “Энэ хуулийн 29.1-д заасан зөвшөөрлийн дуудлага худалдааг мөн хуулийн 26.3-т заасны дагуу Засгийн газраас тусгай зориулалтаар агнах, барих амьтны тоо хэмжээг баталсан шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор олон нийтэд нээлттэй мэдээлж, 30 хоногийн дотор цахим хэлбэрээр зохион байгуулна.” заасны дагуу дуудлага худалдаа зохион байгуулах талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн “Чиглэл хүргүүлэх тухай” 01/2698 дугаар албан бичиг ирсэн. Уг албан бичгээр ирсэн бичвэрийн агуулга нь Амьтны тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасны хүрээнд л дуудлага худалдааг зохион байгуулах тухай дурдсан ерөнхий агуулгатай болохоос дуудлага худалдааг нээлттэй эсвэл хаалттай зохион байгуул гэж тухайлан заагаагүй болно. Мөн аливаа албан бичиг нь нийтээр заавал дагаж мөрдөх эрх зүйн хэм хэмжээний акт биш харин “хууль тогтоомжид заасан эрх, үүргийн хүрээнд тодорхой асуудлаар байгууллага хооронд болон байгууллага, иргэдийн харилцсан зохион байгуулалтын баримт бичиг” юм.

Тусгай зориулалтаар агнуурын амьтныг агнах зөвшөөрөл олгох дуудлага худалдааг агнуур зохион байгуулах тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд нь өөрийн эрх ашгийн үүднээс өөр бусад /гуравдагч этгээдтэй үгсэн хуйвалдаж дуудлага худалдаанд оролцуулан өндөр үнэ дуудуулж ялагч болгоод мөнгийг нь хугацаанд нь төлүүлэхгүй хүчингүй болгуулах замаар хугацаа алдуулсаар тухайн ондоо дуудлага худалдаа зохион байгуулах ажлыг хугацааны хувьд амжих боломжгүй байдалд хүргэдэг. Жишээ нь 2024 онд Увс аймагт тусгай зориулалтаар агнуурын амьтныг агнах зөвшөөрөл олгох дуудлага худалдааг 8 удаа нээлттэй зохион байгуулаад хүчингүй болгож 9 дэх удаа нь хаалттай зохион байгуулснаар тухайн ажил амжилттай болсон практик байна.

   Монгол Улсын Иргэний тухай хуулийн 197 дугаар зүйлийн 197.10. “Дуудлага худалдаа буюу уралдааныг нээлттэй буюу хаалттай явуулж болно”, 197.12. “Хаалттай дуудлага худалдаа, уралдаанд энэ зорилгоор тусгайлан уригдсан этгээд оролцоно” гэж заасныг үндэслэн аймгийн Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Хаалттай дуудлага худалдаа зохион байгуулах тухай” 4 дугаар захирамж гарсан. Уг захирамжийн дагуу дуудлага худалдааг хаалттай зохион байгуулахаар шийдвэрлэн 2025 оны ... дугаар сарын ...-ны өдөр зохион байгуулж ялагч нар нь дуудлага худалдааны төлбөрийг хуулийн хугацаанд холбогдох дансанд шилжүүлсэн тул аймгийн Засаг даргын 2025 оны ... дугаар сарын ...-ны өдрийн 3 дугаар захирамжаар дуудлага худалдааны ялагч нарыг баталгаажуулж гэрээ байгуулан зөвшөөрлийг олгосон.

Ийнхүү дээрх дуудлага худалдааг амжилттай зохион байгуулсан нь аймгийн Засаг даргын захирамжууд болоод Байгаль орчны газрын авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь хуулийн хүрээнд зохион байгуулсан гэж үзэж байна гэжээ.

 

3.5. Хариуцагч Дорноговь аймгийн Байгаль орчны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:  

Манай зүгээс зохион байгуулсан тендер, дуудлага худалдаанууд хуульд заасны дагуу зохион байгуулагдсан. 2023, 2024 онуудад мөн адил нээлттэй дуудлага худалдаа зохион байгуулж, хэрэв эхний, хоёрдугаар ялагч худалдан авалт хийгээгүй тохиолдолд хуульд заасны дагуу хаалттай хэлбэрт шилжүүлэн зохион байгуулж ирсэн туршлагатай. Манай аймгийн нутаг дэвсгэрт нийт таван агнуурын бүс нутагт 3, 4 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эдгээр байгууллагууд менежментийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлж, тухайн оны 10 дугаар сард Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэн, үнэлгээ дүгнэлтийг хугацаанд нь ирүүлж ирсэн. Харин М ХХК нь 2023 онд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний зарим заалтыг зөрчиж, менежментийн төлөвлөгөөгөө зохих ёсоор хэрэгжүүлээгүй гэж үзсэн. Иймд уг компанийн хариуцлагагүй байдлыг харгалзан үзэж, дуудлага худалдаанд оролцуулаагүй. Тухайлбал, 2024 оны өвлийн хүнд нөхцөлд бусад агнуурын бүс нутгийг хариуцсан компаниуд Улаанбаатар хотоос өвс тэжээл татан авч, агнуурын бүс нутагтаа байршуулж, сум, орон нутгийн байгууллагуудтай хамтран биотехникийн арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд хохирлыг багасган даван туулсан. Харин тухайн компанийн хувьд сумын Засаг дарга, байгаль орчны мэргэжилтэнтэй холбоо тогтоох боломжгүй, биотехникийн арга хэмжээ аваагүй зэргээс шалтгаалан биологийн нөөц буурч, менежментийн төлөвлөгөөний хэрэгжилт хангалтгүй байсан. Өөрийн хариуцлагагүй байдлыг бусад байгууллагад тохох, хариуцлагатайгаар ажилласан компаниудын эрх ашигт халдах нь зохисгүй гэж бид үзсэн. Иймд ийм төрлийн хариуцлагагүй байдлыг өөгшүүлэхгүй байх үүднээс тухайн компанийг дуудлага худалдаанд оролцуулах шаардлагагүй гэж дүгнэсэн. Үүнээс гадна уг компанитай холбоотой асуудлыг төрийн байгууллагын хүрээнд цаашид тусад нь шийдвэрлэх нөхцөл байдал үргэлжилж байгаа. Иймд манай зүгээс зохион байгуулсан дуудлага худалдаа нь хууль эрх зүйн хүрээнд, хуульд нийцүүлэн зохион байгуулагдаж, зохих журмын дагуу дуусгавар болсон гэж үзэж байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэв.

 

3.6. Хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нандин-Эрдэнэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

Дорноговь аймгийн Засаг дарга бол Монгол улсын Засаг захиргаа, нутаг, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасны дагуу энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана..." гэж заасан. Энэ хүрээндээ дээрх захирамжуудыг гаргахдаа Захиргааны Ерөнхий хууль, Зөвшөөрлийн тухай хууль, Амьтны тухай хууль, Иргэний хуулийг тус тус үндэслэн захирамж гаргасан. Засгийн газрын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 242 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар Спорт болон олзворын зориулалтаар агнах, барих амьтны тоо хэмжээг Дорноговь аймагт 6 "Угалз" агнах хэмжээг тогтоосон.2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр нээлттэй дуудлага худалдаа зохион байгуулах, ажлын хэсгийн томилж дуудлага худалдааг нээлттэй зохион байгуулсан, тодорхой шалтгаануудаар дуудлага худалдаа хүчингүй болсон.

   Ингээд Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.10. Дуудлага худалдаа буюу уралдааныг нээлттэй буюу хаалттай явуулж болно. 197.12 Хаалттай дуудлага худалдаа, уралдаанд энэ зорилгоор тусгайлан уригдсан этгээд оролцоно гэж заасны дагуу дуудлага худалдааг хаалттай зохион байгуулсан. Засгийн газрын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 242 дугаар тогтоол 1 дүгээр хавсралтаар Спорт болон олзворын зориулалтаар агнах, барих амьтны тоо хэмжээ нь хуулийн нэгдсэн цахим санд нээлттэй, ил тод байршигдсан.

   Иймд дээрх дуудлага худалдааг нээлттэй, эсвэл хаалттай зохион байгуул гэж зохицуулаагүй. Нутаг дэвсгэрийн байгаль орчны нөхцөл байдал, агнуурын бүс нутгийн менежментийн төлөвлөгөөний хэрэгжилт, орон нутгийн биологийн нөөцийн хамгаалал зэрэг бодит байдлаас шалтгаалан хаалттай дуудлага худалдаа сонгох нөхцөл бий болохыг хууль хориглоогүй бөгөөд Иргэний хуульд заасан хаалттай дуудлага худалдааны механизм нь сонгон шалгаруулалтын нэгэн хүлээн зөвшөөрөгдөх арга хэлбэр мөн юм. Аймгийн Засаг дарга захиргааны шийдвэр гаргахдаа холбогдох хууль тогтоомжийг үндэслэн, үр нөлөөтэй, зорилго, бодит нөхцөл байдалд тохирсон шийдвэр гаргасан.

   Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны ... дугаар сарын ....-ны өдрийн 5 дугаартай албан бичиг нь дуудлага худалдааг зохион байгуулахдаа баримтлах чиглэлийг ирүүлсэн бөгөөд дуудлага худалдаа нээлттэй, эсвэл хаалттай зохион байгуулах талаар чиглэл болгоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна.

Өмнөх тайлбарууд болон нэхэмжлэгч, гуравдагч этгээдүүдийн гаргасан тайлбаруудад дурдсантай адил, аймгийн Засаг даргын гаргасан захирамж, шийдвэрийг хууль бус гэж үзэх ямар нэгэн үндэслэл огт байхгүй. Өөрөөр хэлбэл дуудлага худалдааг заавал нээлттэй эсхүл хаалттай хэлбэрээр зохион байгуулна гэж аль нэг хуульд хатуу заагаагүй. Иймд бид Иргэний хуулийн дуудлага худалдаа, сонгон шалгаруулах ерөнхий зохицуулалтыг баримталж ажилласан. Амьтны тухай хууль болон Зөвшөөрлийн тухай хуульд заавал нээлттэй хэлбэрээр зохион байгуулна гэсэн зохицуулалт байхгүй тул аймгийн Засаг даргын гаргасан захирамж, шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн хэн нэг оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн үйл ажиллагаа хийгдээгүй. Оролцох боломжийг төрийн захиргааны байгууллагын зүгээс хангаж, нээлттэй дуудлага худалдаа зохион байгуулах шийдвэр гаргаж, ажлын хэсэг байгуулан, удирдамж баталж, холбогдох мэдээллийг ил тод байршуулсан. Орон нутагт менежмент хариуцдаг байгууллагын тоо цөөн бөгөөд эдгээр байгууллагууд харилцан мэдээлэл солилцох бүрэн боломжтой. Мөн Байгаль орчны газраас тодруулах боломж нээлттэй байсан. М ХХК-ийг анхнаасаа дуудлага худалдаанд оролцуулахгүй байх зорилго агуулаагүй, харин нээлттэй, ил тод байдлаар зохион байгуулсан. Гэвч нээлттэй дуудлага худалдаагаар бодит үр дүн гарахгүй, үйл ажиллагаа хэрэгжихгүй байх нөхцөл байдал бусад аймагт ч ажиглагддаг тул холбогдох хууль тогтоомжид хориглоогүй үндэслэлээр хаалттай дуудлага худалдаа зохион байгуулсан. Нэхэмжлэгч тал хаалттай дуудлага худалдаа зохион байгуулагдах талаар мессежээр мэдээлэл авсан нь хэргийн материалд нотлох баримтаар авагдсан бөгөөд холбогдох байгууллагаас тодруулах бүрэн боломжтой байсан. Иймд хаалттай дуудлага худалдааг нууцалсан, хууль бусаар зохион байгуулсан гэх үндэслэлгүй. Иймд аймгийн Засаг даргын гаргасан захирамж, шийдвэр нь хууль ёсны бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.7. Гуравдагч этгээд “МХ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

Манай компани Дорноговь аймгийн Байгаль орчны газрын сайтад 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр байршуулсан нээлттэй дуудлага худалдааны зарын дагуу оролцох хүсэлтээ явуулж дуудлага худалдааны дэнчин болох 2,664,000 төгрөгийг төлсөн.

Аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэг 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 10 цагт "Тусгай зориулалтаар угалз агнах эрх олгох" нээлттэй дуудлага худалдааг цахимаар товлосон хугацаандаа явуулж ялагч нарыг тодруулсан байдаг. Гэвч дуудлага худалдаанд оролцож ялсан хүн, хуулийн этгээд дуудлага худалдааны үнийг төлөөгүй тул дуудлага худалдааг хүчингүй болгож дахин “Хаалттай дуудлага худалдаа”-г 2025 оны ... дугаар сарын ...-ны өдөр зохион байгуулсан. Энэ дуудлага худалдаанд манай компани Дуудлага худалдаа зохион байгуулах ажлын хэсгийн ирүүлсэн урилгын дагуу оролцсон. Манай компанийн зүгээс Дорноговь аймгийн Байгаль орчны газраас зохион байгуулсан дуудлага худалдаа хууль ёсны дагуу болсон, хуульд нийцсэн гэж үзэж байна.

Тус компани нь 2025 оны ... дугаар сарын ...-ны өдөр зохион байгуулсан “Тусгай зориулалтаар агнуурын амьтныг агнах, зөвшөөрөл олгох” дуудлага худалдаанаас тус аймгийн Эрдэнэ сумын “Хангинуур” агнуурын бүс нутагт 2 угалз агнах эрх авч 3 толгой говийн угалз агнуулахаар Дорноговь аймгийн Байгаль орчны газартай гэрээ байгуулсан. Ан амьтан агнах тусгай зөвшөөрлөөр зохих хууль тогтоомжийн дагуу орон нутгийн нөхөрлөлийн гишүүдтэй анг амжилттай зохион байгуулсан.

Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэж хүсэж байна. Нэгдүгээрт, би өөрөө хуралдаанд хүрэлцэн ирсэн. Хоёрдугаарт, дуудлага худалдаа нээлттэй, хаалттай хэлбэрээр зохион байгуулагдсан асуудлаар нэлээд маргаан өрнөлөө. Ер нь дуудлага худалдааг удаан хугацаанд сунжруулах маргаан болдог. Энэ нь цаг хугацаатай холбоотой асуудал бөгөөд үйл ажиллагааг бүтэн жил саатуулж болохгүй. Иймээс нээлттэй дуудлага худалдаа үр дүнд хүрэхгүй, сунжрах нөхцөл үүсэхэд хаалттай хэлбэрт шилжүүлдэг практик бусад аймагт ч адил хэрэгждэг. Энэ нь аливаа зорилгогүйгээр үймүүлж, шантааж хийх шинжтэй этгээдүүдийг хязгаарлах, төрийн болон хувийн хэвшлийн ажлыг цаашид хэвийн явуулах зорилготой. Манай үйл ажиллагаа нь Монгол Улсын нэр хүнд, хүлээсэн үүрэгтэй шууд холбоотой бөгөөд гадаадын иргэн, аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан гэрээтэй, бодит хариуцлагатай ажил юм. Өнгөрсөн жилд зөвхөн Дорноговь аймагт ч биш, бусад аймгуудад мөн адил нээлттэй дуудлага худалдаа хэд хэдэн удаа зохион байгуулагдаад үр дүнд хүрээгүй тохиолдолд хаалттай хэлбэрт шилжсэн. Зарим аймаг 2, 3 дахин нээлттэй зохион байгуулсны эцэст хаалттай хэлбэрт шилжсэн жишээ бий. Хариуцагч талын хувьд төрөөс өгсөн чиглэл, холбогдох хууль тогтоомж, журам, удирдамжийн дагуу л дуудлага худалдааг зохион байгуулсан.

 Нэхэмжлэгч талын хувьд хаалттай дуудлага худалдаа анх удаа болсон мэт тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. 2024 онд Дорноговь аймагт нээлттэй дуудлага худалдаа хэд хэдэн удаа зохион байгуулагдаад үр дүнд хүрээгүй тул хаалттай хэлбэрт шилжиж, уг дуудлага худалдаанд М ХХК оролцон шалгарсан. Мөн 2025 онд Хэнтий аймагт адил байдлаар эхлээд нээлттэй, дараа нь хаалттай дуудлага худалдаа зохион байгуулагдсан. Эдгээр тохиолдолд Байгаль орчны газраас холбогдох хууль, журам, удирдамжийн дагуу бүх зөвлөмжийг өгч ажилласан. Хэрэв үнэхээр хууль зөрчсөн гэж үзэж байсан бол удирдамж гарсан даруйд холбогдох байгууллагад албан ёсоор гомдол гаргах боломж байсан. Гэтэл тухайн үед оролцож, үр дүнг нь хүлээн зөвшөөрчхөөд өнөөдөр маргаж байгааг ойлгохгүй байна. Ангийн улирлыг Амьтны тухай хууль зохицуулдаг. Мөн тухайн жил бүр Засгийн газрын тогтоолоор холбогдох зохицуулалтууд батлагддаг. Энэ жил процедурын асуудлаас шалтгаалан аймгууд ан агнах хугацаанаас өмнө, өөрөөр хэлбэл 06 дугаар сард зохион байгуулалт хийсэн. Гэвч янз бүрийн будилаан, үнийн хэт хөөрөлтөөс шалтгаалан наадмын дараа буюу 07 дугаар сарын 21-нд л хэрэгжилт эхэлсэн. Үүний улмаас үндсэндээ ан агнах нэг сарын хугацаа өнгөрсөн байсан бөгөөд бодит байдал дээр 8, 9 дүгээр саруудад л ан агнуур явагдсан. Манай зүгээс дуудлага худалдааг хууль, журмын дагуу зохион байгуулж, үйл ажиллагаагаа хэвийн явуулсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.8. Гуравдагч этгээд “М.Х” ХХК-ийн өмгөөлөгч Я.Баярсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

Дорноговь аймгийн Засаг дарга нь өөрийн харьяалсан нутаг дэвсгэрт хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах үндсэн чиг үүрэгтэй. Энэ чиг үүргийнхээ хүрээнд аймгийн Засаг дарга захирамж гаргасан бөгөөд уг захирамжийн хэрэгжилтийг тухайн аймгийн Байгаль орчны газрын томилсон комисс хуульд заасан журмын дагуу зохион байгуулсан гэж үзэж байна. Өнөөдөр хуралдаанд М ХХК-ийн эрхийг хязгаарласан, эсхүл хаалттай дуудлага худалдаагаар олон хүний эрхийг хязгаарласан мэт тайлбар яригдаж байна. Гэвч миний хувьд ийм үндэслэл байхгүй гэж үзэж байна. Би өөрөө ан агнуур хийдэг хүн биш. Гэхдээ Засгийн газраас тухайн жилд аль аймагт, ямар төрлийн ан, хэдэн тоогоор агнах зөвшөөрөл олгохыг тогтоож, олон нийтэд мэдээлдэг болохыг мэднэ. Ан агнуур нь мэргэжлийн байгууллага, мэргэжлийн хүмүүс оролцдог, онцгой шаардлага тавигддаг үйл ажиллагаа юм. 2025 онд зохион байгуулагдсан хаалттай дуудлага худалдааны талаар М ХХК-ийн захирал Одгийв огт мэдээгүй, мэдэх боломжгүй байсан гэх тайлбарыг би үндэслэлгүй гэж үзэж байна. Хэргийн материалд авагдсан мессежний агуулгыг харахад хаалттай дуудлага худалдаа явагдахыг мэдэж байсан нь тодорхой харагдаж байна. “Өргөн хүрээнд явж байна” гэх зэрэг илэрхийлэл нь тухайн нөхцөл байдлыг ойлгож байсан гэж дүгнэх үндэслэл болно.

Мөн Одгийв нь ан агнуурын чиглэлээр бараг 30 орчим жил үйл ажиллагаа явуулж ирсэн, энэ салбарын туршлагатай хүн. Иймд дуудлага худалдаа нээлттэй, хаалттай хэлбэрээр явагддаг, ямар зарчмаар зохион байгуулагддагийг мэдэхгүй байсан гэж үзэх боломжгүй. Хариуцагчийн зүгээс ангийн нөхөрлөлүүд, менежмент хариуцагч этгээдүүдийн хариуцлагыг дээшлүүлэх зайлшгүй шаардлага гарсны үндсэн дээр хаалттай дуудлага худалдааг зохион байгуулсан. Өөрийн хариуцсан менежментийн талбайд зохих ёсны үйл ажиллагаа явуулахгүйгээр бусдын хариуцсан нутаг дэвсгэрт очиж оролцох нь зохистой гэж үзэхэд эргэлзээтэй. Иймд миний хувьд аймгийн Засаг даргын гаргасан захирамжууд нь хууль ёсны, эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан шийдвэрүүд гэж үзэж байна. Эдгээр захирамжийн дагуу зохион байгуулсан дуудлага худалдаа нь нээлттэй, хаалттай хэлбэрийн аль аль нь хууль, журамд нийцсэн, хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хязгаарлаагүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна гэв

 

3.9. Гуравдагч этгээд “МС” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа:

Манай “МС” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч байна. Учир нь Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дуудлага худалдаа товлосон өдрөө явагдаагүй гэжээ.Гэвч 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр дуудлага худалдааг зохион байгуулагдсан бөгөөд дуудлага худалдаанд ялагч болсон этгээдүүд дуудлага худалдааны үнийг 24 цагийн дотор төлөөгүйн улмаас нээлттэй дуудлага худалдаа дуусгавар болсон байна.

Ийнхүү манай байгууллагад Дорноговь аймгийн Байгаль орчны газраас дуудлага худалдаанд оролцох урилга ирсний дагуу бид 2025 оны ... дугаар сарын ...-ны өдөр дуудлага худалдаанд оролцож 03, 04, 05 дугаартай угалзын ялагч болсон. Түүнчлэн Дорноговь аймгийн хэмжээнд 2025 онд тусгай зориулалтаар амьтан агнах дуудлага худалдаа нь хуулийн дагуу зохион байгуулагдсанаас гадна ялагч болсон этгээдүүд ангаа хийсэн нөхцөл байдалтай байх тул Дорноговь аймгийн 2025 оны тусгай зориулалтаар агнуурын амьтныг агнах зөвшөөрөл олгох дуудлага худалдааг хууль бус болохыг тогтоох хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.10.Гуравдагч этгээд “МС” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

Тухайн бүс нутагт нийт 4 менежмент хариуцагч үйл ажиллагаа явуулдаг. Манай байгууллага нь Хатанбулаг сум дахь тодорхой зурвасыг, мөн Иххэт суманд хамаарах менежментийн талбайг хариуцан ажиллаж ирсэн. Бид 2013 оноос хойш менежмент хариуцагчаар ажиллах хугацаандаа менежмент хариуцагчийн гэрээнд заасан үүрэг, хүлээсэн үүргийг хангалттай биелүүлж, хамгаалалт, үржүүлэг, анхны тусламжийн арга хэмжээнүүдийг тогтмол авч хэрэгжүүлж ирсэн. Иймд тухайн дуудлага худалдаанд оролцох бүрэн эрхтэй байсан гэж үзэж байна. Харин нэхэмжлэгч М ХХК-ийн хувьд гэрээнд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй. Өмнө нь “энэ жил хүртэл л тоо толгой буурсан, бусад жилүүдэд хангалттай байсан” гэх тайлбар өгч байгаа боловч бодит байдал дээр сүүлийн хоёр жилийн хугацаанд л гэхэд 300 орчим толгой ангийн нөөц буурсан нь тухайн компанийн өмнөх хугацаанд ямар үйл ажиллагаа явуулж ирсэн, гэрээнд заасан үүргээ биелүүлсэн эсэх нь эргэлзээтэй байгааг харуулж байна. Өнгөрсөн хугацаанд бодит хамгаалалт, менежментийн үйл ажиллагаа хангалтгүй явуулсны үр дагавар нь байгаль дахь тоо толгойн бодит үзүүлэлтээр илэрч байгаа. Энэ нөхцөл байдал нь Өргөн сумаас ирүүлсэн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол, мөн холбогдох тоон үзүүлэлт бүхий баримтуудаар нотлогдож байна. Манай МС ХХК нь менежментийн хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, холбогдох дүгнэлт, төлөвлөгөө болон бусад баримт материалыг бүрдүүлэн, хуульд заасан шаардлагын дагуу ажиллаж ирсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох өгнө үү гэв.

 

3.11. Гуравдагч этгээд “МС” ХХК-ийн өмгөөлөгч Б.Дагиймаа шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:  

Зөвшөөрлийн тухай хууль нь 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр батлагдаж, 2023 оны 01 дүгээр сарын 01-нээс мөрдөгдөж эхэлсэн. Уг хууль батлагдсантай холбоотойгоор аливаа тусгай зөвшөөрлийг дуудлага худалдаа, сонгон шалгаруулалтын журмаар олгох эрх зүйн зохицуулалт бий болсон. Тус хуулийн 5.6.1-д зааснаар агнуурын амьтныг агнах, барих тусгай зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга дуудлага худалдааны журмаар олгохоор заасан. Үүнтэй уялдуулан Амьтны тухай хуулийн 291 дүгээр зүйлд дуудлага худалдаатай холбоотой зохицуулалтууд орсон. Тодруулбал, агнуурын амьтныг агнах, барих зөвшөөрлийг дуудлага худалдааны журмаар олгоно гэж заасан бөгөөд уг зохицуулалтад дуудлага худалдааг заавал нээлттэй, эсхүл хаалттай байна гэж ялган заагаагүй. Зөвхөн “дуудлага худалдааны журмаар” олгоно гэсэн ерөнхий зохицуулалттай. Нэхэмжлэгчийн дурдсан Амьтны тухай хуулийн 291.2-т Засгийн газраас тухайн жил агнах, барих амьтны тоо хэмжээг баталж, шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор олон нийтэд нээлттэй мэдээлж, 30 хоногийн дотор дуудлага худалдааг зохион байгуулна гэж заасан. Гэхдээ энэ заалтад “заавал нээлттэй дуудлага худалдаа явуулна” гэсэн агуулга байхгүй, харин дуудлага худалдаатай холбоотой мэдээллийг олон нийтэд ил тод, нээлттэй хүргэх тухай зохицуулалт юм. Иймд нэхэмжлэгчийн зүгээс уг хуулийг зөвхөн нээлттэй дуудлага худалдаагаар олгоно гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. 2025 онд агнах, барих амьтны тоо хэмжээг Засгийн газрын 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн тогтоолоор баталж, үүний дагуу 30 хоногийн дотор буюу 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн хэмжээнд агнуурын амьтныг агнах, барих дуудлага худалдааг зохион байгуулсан. Энэ талаар Байгаль орчны газрын цахим хуудсаар хуульд заасан хугацаанд олон нийтэд нээлттэй мэдээлсэн нь олон нийтэд мэдээлэх үүргийг хангаж байна.

2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулсан дуудлага худалдаанд хүсэлт гаргасан бүх этгээдийг оролцуулсан. Гэвч дуудлага худалдааны явцад эхний дуудлага худалдаа амжилтгүй болсон. Учир нь зарим оролцогч нь үнэ хэт өндөр санал болгож, улмаар үнийн төлбөрийг төлөх боломжгүй, эсхүл ан хийх бодит чадамжгүй нөхцөл байдал үүссэн. Үүний улмаас эхний дуудлага худалдааг хүчингүй болгож, хоёр дахь дуудлага худалдааг зохион байгуулсан. Захиргааны байгууллага нь шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдалд нийцсэн, зорилгодоо хүрэхүйц шийдвэр гаргах ёстой бөгөөд энэ нь Захиргааны ерөнхий хуулийн суурь зарчим юм. Дуудлага худалдааг зохион байгуулж буй үндсэн зорилго нь Амьтны тухай хуульд заасан амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, байгалийн нөөцийг зохистой ашиглах зорилгыг хангах явдал юм. Мөн дуудлага худалдаанаас төвлөрсөн орлогын 50 хувь нь улсын төсөвт төвлөрч, үлдсэн 50 хувь нь байгаль хамгаалал, хамгаалагчдын үйл ажиллагаанд зарцуулагддаг. Иймээс дуудлага худалдаа нь нэг талаас байгаль хамгааллыг дэмжих, нөгөө талаас улсын төсвийн орлогыг бүрдүүлэх ач холбогдолтой. Хэрэв дуудлага худалдаа олон удаа хүчингүй болж, бодит үр дүнд хүрэхгүй бол хуульд заасан зорилт, бодит үр ашиг хангагдахгүй нөхцөл байдал үүснэ. Иймээс бодит нөхцөл байдалд нийцүүлэн хоёр дахь дуудлага худалдааг зохион байгуулсан нь зайлшгүй, үндэслэлтэй шийдвэр гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлд заасан сонгох зарчмыг энэ тохиолдолд хэрэглэсэн гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Тус зүйлд захиргааны байгууллага аливаа асуудлыг шийдвэрлэхдээ хууль болон хэм хэмжээний актад заасан хэд хэдэн боломжит хэлбэрээс сонгон хэрэглэх эрхтэй гэж заасан.

Энэ хэрэгт хамаарах дуудлага худалдаатай холбоотой процесс нь Иргэний хуулиар зохицуулагддаг бөгөөд өөр хуулиар хориглосон зохицуулалт байхгүй. Иргэний хуулийн 197 дугаар зүйлд дуудлага худалдааг нээлттэй болон хаалттай гэж хоёр төрөлд хуваан зохицуулсан байдаг. Энэ нь хуулиар зөвшөөрөгдсөн хэм хэмжээ юм. Иймд захиргааны байгууллага өөрийн бүрэн эрхийн хүрээнд, шийдвэр нь үр ашигтай, бодит нөхцөл байдалд нийцсэн байх зарчмыг баримтлан хаалттай дуудлага худалдааны хэлбэрийг сонгосон нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Зарим этгээдийг дуудлага худалдаанаас хассан асуудлын хувьд тодорхой шалтгаан байсан. Хариуцагчийн зүгээс 2017 оноос хойш менежмент хариуцагчийн хувьд тухайн компанийн үйл ажиллагаа хангалтгүй байсан тухай Байгаль орчны газар болон холбогдох мэргэжлийн байгууллагын судалгаанд үндэслэн тайлбарлаж байна. Нэхэмжлэгчийн зүгээс тайлан гаргасан гэж байгаа боловч тухайн тайланг эрх бүхий байгууллагаар хэлэлцүүлж, дүгнэлт гаргуулсан баримт байхгүй. Тусгай зөвшөөрөл, менежментийн төлөвлөгөөний биелэлтийг орон нутаг хянаж, Иргэдийн төлөөлөгчдийн хурал дүгнэдэг тухай холбогдох хуульд заасан.

Хавтаст хэрэгт авагдсан Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэмдэглэлээс харахад М ХХК нь менежментийн төлөвлөгөөг хангалттай биелүүлээгүй гэсэн үнэлгээ авсан байна. Мөн тухайн компанийн хариуцсан агнуурын бүс нутагт амьтны тоо толгой эрс буурсан бодит нөхцөл байдал тогтоогдсон. Нэхэмжлэгчийн зүгээс байгалийн дарамт, гадаад хүчин зүйлсийн нөлөөг тайлбарлаж байгаа боловч ижил төстэй байгалийн нөхцөлтэй, зэргэлдээ байрлах бусад агнуурын бүс нутагт ийм хэмжээний бууралт гараагүй нь уг тайлбарыг үндэслэлгүй болгож байна. Хариуцагч байгууллага өөрийн хариуцсан бүс нутагт өвс тэжээл тавих, биотехникийн арга хэмжээ авах зэрэг хамгаалалтын ажлыг тогтмол хэрэгжүүлж, амьтны тоо толгойг хадгалж ирсэн. Амьтны тухай хуулийн 4.1.23-т зааснаар менежментийн төлөвлөгөө гэдэг нь агнуурын амьтныг хамгаалах, тогтвортой ашиглахад чиглэсэн цогц арга хэмжээ бөгөөд үүнийг хэрэгжүүлэгч нь мэргэжлийн байгууллага байна гэж тодорхойлсон. М ХХК нь менежмент хариуцагч байгууллага боловч хууль болон гэрээнд заасан үүргээ хангалтгүй биелүүлж, эрсдэл үүсгэсэн тул дахин дуудлага худалдаанд оролцуулах нь зохисгүй гэж үзсэн. Иймд уг компанийг оролцуулаагүй шийдвэр нь үндэслэлтэй. Мөн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр ирүүлсэн албан бичиг нь чиглүүлэх, зөвлөмжийн шинжтэй бөгөөд дуудлага худалдааг заавал нээлттэй хэлбэрээр явуулах үүрэг өгсөн агуулга агуулаагүй. Уг албан бичгийн гол зорилго нь дуудлага худалдааны процессыг ил тод, оролцогч нь тодорхой байдлаар зохион байгуулахад чиглэсэн. Нэхэмжлэгч байгууллага өмнөх жилүүдэд бусад аймагт хаалттай дуудлага худалдаанд оролцож байсан атлаа энэ удаад уг хэлбэрийг хууль бус мэтээр маргаж байгаа нь өөрөө зөрчилтэй байр суурь юм. Дорноговь аймгийн дуудлага худалдааны явц, Засаг даргын шийдвэр, холбогдох процессууд нь тухайн аймгийн цахим хуудсанд ил тод нийтлэгдсэн байдаг. Нэхэмжлэгч нь 2025 оны 06 дугаар сарын 24-ний эхний болон хоёр дахь дуудлага худалдаанд оролцсон, Засаг даргын захирамж болон дуудлага худалдааны удирдамжийг урьдчилан цахимаар хүлээн авсан. Удирдамжийн 12 дугаар зүйлд зааснаар гомдлыг 3 хоногийн дотор гаргах ёстой атал нэхэмжлэгч 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр урьдчилсан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргасан нь хугацаа хэтрүүлсэнд тооцогдоно. Иймд дүгнэж хэлэхэд, дуудлага худалдааны бүх процесс аймгийн Засаг даргын эрх хэмжээний хүрээнд, хуульд заасан сонгох боломжийг хэрэгжүүлж, бодит нөхцөл байдалд нийцүүлэн явагдсан. Захиргааны акт хууль бус гэж үзэх үндэслэл байхгүй тул нэхэмжлэгчийн гаргасан гурван захиргааны акттай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг гаргаж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг  тал бүрээс нь судалж, үнэлэн дүгнээд дараах үндэслэлээр нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгч “М” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдаанд “Дорноговь аймгийн 2025 оны ... дугаар сарын ...-ны өдрийн тусгай зориулалтаар агнуурын амьтныг агнах зөвшөөрөл олгох дуудлага худалдаа /цаашид дуудлага худалдаа гэж товчлох/-нд “М” ХХК-ийг оролцуулаагүй нь хууль бус байсан болохыг тогтоолгох, Дорноговь аймгийн 2025 оны тусгай зориулалтаар агнуурын амьтныг агнах зөвшөөрөл олгох дуудлага худалдааг хууль бус байсан болохыг тогтоолгох,

Дорноговь аймгийн Засаг даргын 2025 оны ... дугаар сарын ...-ний өдрийн 2 дугаар “Хаалттай дуудлага худалдаа зохион байгуулах” тухай захирамж, 2025 оны ... дугаар сарын ...-ны өдрийн 3 дугаартай “Тусгай зориулалтын агнуурын амьтныг агнах гэрээ байгуулах, эрх олгох тухай” захирамжийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж тодорхойлсон болно.

 

2. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дуудлага худалдаа товлогдсон өдрөө явагдаагүй, дараагийн дуудлага худалдаа хэзээ явагдах талаар Дорноговь аймгийн Байгаль орчны газраас бидэнд огт мэдээлэл өгөөгүй, Амьтны тухай хуульд дуудлага худалдааг нээлттэй явуулахаар хуульчилсан байхад хаалттай зохион байгуулж, уг дуудлага худалдаанд дэнчинг төлсөн манай компанийг оролцуулаагүй зохион байгуулж ялагчийг шалгаруулсан гэж,

Хариуцагчаас нээлттэй дуудлага худалдаа товлогдсон өдрөө зохион байгуулагдсан, нэхэмжлэгч “М” ХХК нь тухайн дуудлага худалдаанд оролцсон. Харин дуудлага худалдааны ялагч иргэн, аж ахуйн нэгж нь дуудлага худалдааны төлбөрийг шилжүүлээгүй шалтгаанаар дуудлага худалдаанаас татгалзсан гэж үзэж Дорноговь аймгийн Засаг даргын захирамжийн дагуу дараагийн дуудлага худалдааг хаалттай зохион байгуулсан. Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцсан агнуурын бүс нутагт амьтдыг хамгаалах ажил зохион байгуулаагүй, менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан ажлаа бүрэн хэрэгжүүлээгүй улмаас аргаль хонины нөөц багассан. Иймээс хариуцлагагүй компанид дуудлага худалдаанд оролцох урилга хүргүүлээгүй нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус маргасан.

 

3. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарах дараах үйл баримтууд тогтоогдож байна.

3.1. Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зориулалтаар 2025 онд агнах барих агнуурын амьтны тоо хэмжээг тогтоох тухай” 242 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар Спортын болон олзворын зориулалтаар агнах, барих амьтны тоо хэмжээг Дорноговь аймагт 6 угалз батлагдсанаар хариуцагч Дорноговь аймгийн Байгаль орчны газар нь нээлттэй дуудлага худалдааны зарыг өөрийн байгууллагын цахим хуудсанд 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр байршуулж, дуудлага худалдаанд 12 оролцогч бүртгүүлж, уг дуудлага худалдаа товлогдсон өдөр болох 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 10 цаг 00 минутад зохион байгуулагдаж, уг дуудлага худалдаанд бүртгүүлсэн, дэнчин төлсөн нэхэмжлэгч “М” ХХК нь оролцож ялагчаар тодроогүй байна.

Улмаар дуудлага худалдааны эцсийн үнийг хэлж ялагч болсон иргэн Б.М, Г.Б, “П” ХХК нар нь дуудлага худалдааны төлбөрийг төлөөгүйн улмаас худалдан авахаас татгалзсанд тооцсон нь 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн “Дорноговь аймаг Байгаль орчин, аялал жуулчлалын газар” фейсбүүк цахим хуудсанд тавигдсан зар, тусгай зориулалтаар угалз агнах эрх олгох нээлттэй дуудлага худалдаанд оролцогчийн бүртгэл, Тусгай зориулалтаар угалз агнах эрх олгох нээлттэй дуудлага худалдаанд оролцох хүсэлт ирүүлж, дэнчин төлсөн иргэн, аж ахуйн нэгж байгууллагын бүртгэл, дуудлага худалдааны тэмдэглэл зэрэг баримтаар тус тус тогтоогдож байна. /1 дүгээр хавтаст хэргийн 76-77, 83-90 дэх тал/

Нэхэмжлэгч “М” ХХК нь 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулагдах нээлттэй дуудлага худалдааны дэнчинд 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 2,664,000 төгрөг төлсөн байх ба нэхэмжлэгч “М” ХХК-д 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр дэнчинг буцаан олгосон болох нь Дорноговь аймгийн Байгаль орчны газрын даргын 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/31 дүгээр “Хөрөнгө зарцуулах тухай” тушаал, 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн төлбөрийн хүсэлт зэрэг баримтаар тогтоогдож байна. /1 дүгээр хавтаст хэргийн 52, 91 дэх тал/ 

Өөрөөр хэлбэл хариуцагч Дорноговь аймгийн Байгаль орчны газар дуудлага худалдаа товлосон өдрөө буюу 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулж, ялагчийг тодруулсан, уг дуудлага худалдаанд дэнчин төлж, бүртгүүлсэн нэхэмжлэгч “М” ХХК нь оролцуулсан, “М” ХХК нь дуудлага худалдааны ялагч болоогүй учир дэнчинг буцаан олгосон болох нь дээрх үйл баримтаар тогтоогдож байна. Иймээс нэхэмжлэгчийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр дуудлага худалдаа явагдаагүй, дуудлага худалдааг хойшлуулсан, дараагийн дуудлага худалдаа хэзээ явагдах талаар бидэнд мэдээлэл өгөөгүй. Дэнчинг төлсөн манай компанийг дуудлага худалдаанд оролцуулаагүй гэж маргасан нь үндэслэлгүй байна.

3.2. Нэхэмжлэгч “М” ХХК-ийн захирал Г.Одгийв нь Дорноговь аймгийн Байгаль орчны газрын Биологийн төрөл зүйл, тусгай хамгаалалттай газар нутаг хариуцсан мэргэжилтэн С.Энхзоригтой 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр утсаар буюу мессежээр харилцахдаа “М” ХХК-ийн захирал Г.Одгийвийн “Сайхан наадсан уу Энхзоригоо 6 угалзын дуудлага худалдаа хэзээ зохион байгуулах вэ, хариу өгнө үү” гэх асуултад “Сайн байна уу, ирэх 7 хоногт зохион байгуулна” гэж хариулсан, “Зар тавих уу, нээлттэй юу, хаалттай юу” гэх асуултад “Хаалттай зохион байгуулна” гэж тодорхой хариултыг өгч байсан болох нь тэдгээрийн харилцсан мэссэжид хийсэн шүүхийн үзлэгээр тогтоогдож байна. 

Үүнээс үзэхэд хаалттай дуудлага худалдаа зохион байгуулагдахаас өмнө буюу 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгч “М” ХХК нь хаалттай дуудлага худалдааг ирэх 7 хоногт зохион байгуулагдахыг мэдсэн мөртлөө хаалттай дуудлага худалдаатай холбогдуулан гомдол гаргаагүй, хаалттай дуудлага худалдаанд оролцох хүсэлт гаргаагүй байх ба нэхэмжлэгчийн дуудлага худалдаа хэзээ явагдах талаар бидэнд мэдээлэл өгөөгүй гэж маргасан нь үндэслэлгүй байна.

3.3. Тусгай зөвшөөрлөөр агнах тухайн үйл ажиллагаа нь цаг хугацааны хувьд шахуу, улирлын чанартай ажиллагаа байх ба өмнөх жилүүдэд дуудлага худалдааны үнэ хөөрөгдөх, дуудлага худалдаа амжилтгүй болох тохиолдол удаа дараа гарч байсны улмаас хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргын зүгээс хоёр дахь дуудлага худалдааг хаалттай зохион байгуулахаар шийдвэрлэсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Дорноговь аймагт тусгай  зориулалтаар агнуурын амьтныг агнах, зөвшөөрөл олгох дуудлага худалдааны хурлын тэмдэглэлд “М ХХК-ийн захирал Г.Одгийв: Үнэ хөөрөгдөөд байгаа хүмүүс байгаа, ялагч болоод авахгүй бол..., Ажлын хэсгийн ахлагч Н.Отгонбаяр: ... өнгөрсөн онуудад гарсан гашуун туршлага байгаа, зарим аймгуудад 9 удаа дуудлага худалдааг зохион байгуулсан асуудал байгаа. Нээлттэй хийгээд байж болно, дуудах бүрд хүчингүй болох магадлалтай” гэж тэмдэглэгдсэнээр тус тус тогтоогдож байна. /1 дэх хавтаст хэргийн 85 дахь тал/

3.4. Дорноговь аймгийн Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Хаалттай дуудлага худалдаа зохион байгуулах тухай” 4 дугаар захирамжийг үндэслэн Эрдэнэ, Мандах сумдын агнуурын бүс нутгийн менежмент хариуцагч “МХ” ХХК, Хатанбулаг сумын агнуурын бүс нутгийн менежмент хариуцагч “МС” ХХК, “Хутаг уулын хөндийн иргэдийн нөхөрлөл”-д хаалттай дуудлага худалдаанд оролцох урилгыг 07 дугаар сарын 18-ны өдөр хүргүүлж, тусгай зориулалтаар угалз агнах эрх олгох хаалттай дуудлага худалдааг 2025 оны ... дугаар сарын ...-ны өдөр зохион байгуулж “МХ” ХХК, “МС” ХХК эцсийн үнийг хэлж ялагчаар тодорч, Дорноговь аймгийн Засаг даргын 2025 оны ... дугаар сарын ...-ны өдрийн 3 дугаар захирамжаар дуудлага худалдааны ялагч нарыг баталгаажуулж гэрээ байгуулан зөвшөөрлийг олгосон нь хуульд нийцсэн байна. /1 дэх хавтаст хэргийн 144-150,151-152 дахь тал/

3.5. Нэхэмжлэгч “М” ХХК нь Дорноговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Н.Отгонбаяртай 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр “Дорноговь аймгийн Өргөн сумын “Аргалын уул” агнуурын бүс нутгийн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээ”-г байгуулсан байх ба уг гэрээний 4.1.6. “... Агнуурын бүс нутгийн менежментийг хариуцагч иргэдийн нөхөрлөл, ...агнуурын бүс нутгийн гэрээ, менежментийн төлөвлөгөөний хэрэгжилт 80 хувиас дээш тохиолдолд БОАЖЯ-нд дараа онд тусгай зөвшөөрлөөр агнах амьтны тоо хэмжээг Засгийн газрын 2017 оны 9 дүгээр тогтоолын дагуу төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх”, 4.3.3. “Байгалийн нөөц түүний өөрчлөлтийн тухай мэдээллийг сумын Засаг дарга, бусад байгууллага, албан тушаалтанд тухай бүр үнэн зөвөөр гарган өгч байх” 4.3.4. “Байгалийн баялгийг хамгаалах, байгаль орчны төлөв байдлыг алдагдуулахгүй байх” 4.3.13. “Тухайн сумдын ИТХ-ын менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг хэлэлцүүлэн 10 дугаар сарын 05-ны дотор аймгийн  Байгаль орчин, аялал жуулчлалын газарт ирүүлэх, хамтын ажиллагааны гэрээний үр дүнг 10 дугаар сарын 10-ны дотор аймгийн ХОХБТХ, БОАЖГ-ын комисст агнуурын бүс нутгийг хариуцагч иргэдийн нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөгчид өөрсдийн биеэр тухайн жилийн ажлын тайланг танилцуулна” гэж,

Мөн Амьтны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.23. “Ангийн аж ахуй” гэж Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 30.3-т заасны дагуу агнуурын амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, зохистой ашиглах үйл ажиллагааг ан агнуурын менежментийн төлөвлөгөөний дагуу эрхэлдэг мэргэжлийн байгууллагыг ойлгохоор  тус тус заасан байна.

 Нэхэмжлэгч “М” ХХК-ийн хувьд менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн 2024 оны тайлангаа 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Өргөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнасан, хариуцсан агнуурын бүс нутагт амьтдыг хамгаалах ажил зохион байгуулаагүйн улмаас агнуурын амьтны нөөц их хэмжээгээр багассан, агнуурын нөөцгүй болсны улмаас “Аргалын уул”-ын ан агнуурын бүс нутгийн биологийн болон агнуурын бүсэд түр хугацаагаар агнуурыг зогсоосон болох нь Өргөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 5/01 дугаар тогтоол, хурлын тэмдэглэл, “Их нартын менежмент” ТББ-ын Дорноговь аймгийн Өргөн сумын “Аргалын уул” агнуурын бүс нутагт аргаль хонины нөөц тогтоож,  менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг үнэлсэн дүн зэрэг баримтаар тогтоогдож байна. /1 дүгээр хавтаст хэргийн 163 хуудас/

Иймээс нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцсан агнуурын бүс нутагт амьтдыг хамгаалах ажил зохион байгуулаагүй, менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан ажлаа бүрэн хэрэгжүүлээгүй улмаас аргаль хонины нөөц багассан. Тиймээс дуудлага худалдаанд оролцох урилга хүргүүлээгүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.

3.6. Дуудлага худалдааны ялагч болсон гуравдагч этгээд “МС”, “МХ” ХХК-ууд нь Дорноговь аймгийн Байгаль орчны газартай гэрээ байгуулж, ангаа хийсэн болох нь гуравдагч этгээдүүдийн тайлбар, холбогдох баримтаар тогтоогдож байгаа болохыг дурдах нь зүйтэй байна. /2 дахь хавтаст хэргийн 29, 92-110 дахь тал/

 

4. Дээр тогтоогдсон үйл баримтыг хуулийн зохицуулалттай уялдуулан дүгнэвэл:

4.1.Амьтны тухай хуулийн 291.2. “Энэ хуулийн 291.1-д заасан зөвшөөрлийн дуудлага худалдааг мөн хуулийн 26.3-т заасны дагуу Засгийн газраас тусгай зориулалтаар агнах, барих амьтны тоо хэмжээг баталсан шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор олон нийтэд нээлттэй мэдээлж, 30 хоногийн дотор цахим хэлбэрээр зохион байгуулна. 291.3. ”Дэнчин төлж бүртгүүлсэн этгээд, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч дуудлага худалдаанд оролцоно.” гэж заасны дагуу нэхэмжлэгч “М” ХХК-ийг 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр нээлттэй зохион байгуулагдсан дуудлага худалдаанд оролцуулсан байна.

Мөн Амьтны тухай хуулийн 291.8. “Дуудлага худалдааны ялагч энэ хуулийн 291.7-д заасан хугацаанд төлбөрийг бүрэн төлөөгүй бол дэнчинг улсын орлого болгож, дуудлага худалдааны үед дараагийн өндөр үнийн санал гаргасан этгээдэд санал тавина.” 291.12.”Дараах тохиолдолд хоёр дахь дуудлага худалдааг зохион байгуулна:” 291.12.3. “энэ хуулийн 291.8-д заасан нөхцөл байдал үүссэн бөгөөд дараагийн өндөр үнийн санал гаргасан этгээд татгалзсан тохиолдолд” хоёр дахь дуудлага худалдааг зохион байгуулахаар хуульчилсан байх ба хариуцагч Дорноговь аймгийн Байгаль орчны газраас зохион байгуулсан 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн нээлттэй дуудлага худалдааны ялагч болсон иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь дуудлага худалдааны үнийг төлөөгүй улмаас тэдгээрийг худалдан авахаас татгалзсан гэж үзэж хоёр дахь дуудлага худалдааг зохион байгуулсан нь үндэслэлтэй байна.

4.2. Амьтны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т “Тусгай төлбөр төлсөн иргэнд энэ хуулийн 24.3.3-т заасан зориулалтаар агнуурын амьтан агнах, барих тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 25.5-д заасан зөвшөөрлийг олгох эрх бүхий этгээд олгоно.” 291.1-т “Энэ хуулийн 20.2-т заасан ховор амьд амьтны цуглуулга хийх тусгай зөвшөөрөл, 25.1-д заасан тусгай болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнуурын амьтан агнах, барих тусгай зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлд заасны дагуу дуудлага худалдааны журмаар олгоно.”

Зөвшөөрлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн ... 1.23, ...дэх заалт, ...-д заасан тусгай зөвшөөрлийг дуудлага худалдааны журмаар, ...олгоно.” 2-т “Энэ зүйлийн 1-д заасан журмаар зөвшөөрлийг олгох харилцааг тухайлсан хуулиар нарийвчлан зохицуулна.” гэж зааснаас үзэхэд тусгай зориулалтаар агнуурын амьтныг агнах зөвшөөрлийг дуудлага худалдааны журмаар олгохоор зохицуулсан болохоос дуудлага худалдааг явуулах хэлбэрийг нарийвчлан зохицуулсан гэж үзэхээргүй байна.

Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.10.”Дуудлага худалдаа буюу уралдааныг нээлттэй буюу хаалттай явуулж болно.” Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Захиргааны байгууллагаас тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг хэрэглэх, эсхүл хэрэглэхгүй байхыг сонгох боломж гэнэ”, мөн зүйлийн 42.2-д Хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ гэж заасан.

Мөн Амьтны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7. ”Энэ хуулийн 7.5-д заасан үндэслэлээр агнах ховор амьтныг дор дурдсан хугацаанд олзворын ангийн зориулалтаар агнахыг хориглоно:” 9.7.1.”угалзыг жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрөөс дараа оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл;” агнахыг хориглохоор зааснаас үзэхэд тухайн анг жил бүрийн 07 дугаар сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд тусгай зөвшөөрлөөр агнах боломжтой тухайн үйл ажиллагаа нь цаг хугацааны хувьд шахуу, улирлын чанартай явагддаг үйл ажиллагаа байх ба өмнөх жилүүдэд дуудлага худалдааны үнэ хөөрөгдөж асуудал гарч байсан, хариуцагчийн зүгээс 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр нээлттэй зохион байгуулсан боловч ялагч болсон иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь дуудлага худалдааны үнийг төлөөгүй, худалдан авахаас татгалзсаны улмаас хоёр дахь дуудлага худалдааг хаалттай зохион байгуулсан нь хуульд нийцсэн байна.

Хариуцагч Дорноговь аймгийн Засаг дарга нь нөхцөл байдалтай уялдуулан шийдвэрлэсэн нь Амьтны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.1-д “аймгийн Засаг дарга амьтныг хамгаалахтай холбогдсон хууль тогтоомж, түүний хэрэгжилттэй холбогдуулан гаргасан Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах бүрэн эрхийг хэрэгжүүлэх”-ээр заасантай нийцсэн байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, эрх хэмжээнийхээ хүрээнд сонгох боломжийг хэрэглэж шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 зүйлийн 106.1, 106.2, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалтад заасныг  тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.10, Амьтны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.1, 291 дүгээр зүйлийн 291.1, Зөвшөөрлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч  “М” ХХК-ийн Дорноговь аймгийн Байгаль орчны газар болон Дорноговь аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан Дорноговь аймгийн 2025 оны ... дугаар сарын ...-ны өдрийн тусгай зориулалтаар агнуурын амьтныг агнах зөвшөөрөл олгох дуудлага худалдаанд “М” ХХК-ийг оролцуулаагүй нь хууль бус байсан болохыг тогтоолгох, Дорноговь аймгийн 2025 оны тусгай зориулалтаар агнуурын амьтныг агнах зөвшөөрөл олгох дуудлага худалдааг хууль бус байсан болохыг тус тус тогтоолгох, Дорноговь аймгийн Засаг даргын 2025 оны ... дугаар сарын ...-ний өдрийн 2 дугаар “Хаалттай дуудлага худалдаа зохион байгуулах” тухай захирамж, Дорноговь аймгийн Засаг даргын 2025 оны ... дугаар сарын ...-ны өдрийн 3 дугаартай “Тусгай зориулалтын агнуурын амьтныг агнах гэрээ байгуулах, эрх олгох тухай” захирамжийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Э.БОЛОРЦЭЦЭГ