| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Чагдаагийн Хосбаяр |
| Хэргийн индекс | 188/2019/0162/Э |
| Дугаар | 631 |
| Огноо | 2019-12-04 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Г.Гэрэлтуяа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 631
А.О-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Г.Гэрэлтуяа, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 52 дугаар шийтгэх тогтоол, Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 23 дугаар магадлалтай, А.О-т холбогдох 1929000990040 дугаартай эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сумын дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгийн бичсэн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 5/09 дугаартай эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1965 онд төрсөн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зоо техникч мэргэжилтэй, ял шийтгэлгүй, Б овогт М-ын А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх А.О-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 500,000 төгрөгөөр торгож, уг ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд Өмнөговь аймгийн Ханбогд сумын дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгийн бичсэн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 5/09 дугаартай эсэргүүцэлд “Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч А.О-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж шийдвэрлэсэн. 2015 оны Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт заасан “Шийтгүүлсэн этгээд хууль, эсхүл торгох шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор, хэрэв хуульд зааснаар торгуулийг хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосон бол тогтоосон хугацаанд торгуулийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй”, мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” ба 90 хоногоос багагүй буюу 3 жил хүртэл хугацаагаар торгох ял биелүүлэх хугацаа болон төлөх хэмжээг хэсэгчлэн тогтоох гэсэн агуулгаар ойлгож хэрэглэх талаар шүүхийн практик тогтсон байна. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг чанд сахина” гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй, мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэх” зохицуулалттай зөрчилдөж байна. Өөрөө хэлбэл, Эрүүгийн хуулиар торгох ялыг биелүүлэх хугацааны доод хязгаарыг тогтоож өгөөгүй боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан 90 хоногийн хугацааг харгалзан торгох ялыг хэсэгчлэн төлөх доод хугацааг тогтоож хуульчилсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэсэн зарчимд харшлахгүй бөгөөд тусгайлан зохицуулсан хуулийн хугацаанаас богино хугацаагаар торгох ялын биелэлтийг тогтоож шийдвэрлэсэн нь илтэд үндэслэлгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж дүгнэхээр байна. Иймд давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлснөөр Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шүүгдэгч А.О-т оногдуулсан торгох ялыг 2 сарын дотор төлүүлэхээр тогтоосон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг хүчингүй болгож, өөрчлөлт оруулахаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.
Хяналтын шатны шүүх хуралдаанд ахлах прокурор Г.Гэрэлтуяа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Анхан шатны шүүх А.О-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ түүнд хуульд заасан торгох ял оногдуулж, уг ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хугацааг тогтоосон нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарах тул прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөговь аймгийн Ханбогд сумын дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгийн бичсэн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 5/09 дугаартай эсэргүүцлийг үндэслэн А.О-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Шүүгдэгч А.О нь 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Манлай сумын Жаргалант баг, “Хүрэн хад” гэх газарт С.М-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч А.О-ын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан байна.
Харин анхан шатны шүүх шүүгдэгч А.О-ын гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж шийдвэрлэхдээ ялыг биелүүлэх хугацааг 60 хоногоор багасган тогтоож хуулийг буруу хэрэглэжээ.
Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, тохирсон байх зарчмыг хангахад торгох ялыг биелүүлэх хугацааг шүүх шүүгдэгчийн төлбөрийг нөхөн төлөх чадварт нийцүүлэн хуульд зааснаас өөрөөр тогтоох зохицуулалт чухал үүрэг гүйцэтгэнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шүүх тогтоож болохоор заасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсэгт заасан торгох ялыг биелүүлэх хугацааг шүүгдэгчийн санхүүгийн байдалд тохируулан хуульд зааснаас илүү боломж олгох байдлаар сунгаж тогтоох эрх хэмжээг шүүхэд олгосон шинэлэг зохицуулалт юм.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шүүгдэгчид хуулиар тогтоосон хязгаарлалтыг чангаруулах, олгосон эрхийг хязгаарлах байдлаар хэрэгжүүлэхгүй тул торгох ял биелүүлэх доод хугацааг илүү нарийвчлан зохицуулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан буюу шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоног байхаар хуульчилснаар авч үзнэ.
Иймээс прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 52 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгож, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН