Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 00023

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сарангэрэл даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г.Ганцэцэг /РД: ФМ 81072503/

Хариуцагч: Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар

Нэхэмжлэлийн шаардлага: “Орхон аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 22 дугаар тогтоолын 3 дахь заалтыг хэрэгжүүлэхийг Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий 119/2016/0021/З/ дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Ганцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Баярбаатар, нарийн бичгийн дарга Д.Оюунбилэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Ганцэцэг 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ганболдын Ганцэцэг миний бие нь төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд 2014 оны 3 сарын 3-наас Орхон аймгийн Хөдөлмөрийн хэлтэст хөдөлмөр эрхлэлтийн төлөвлөлт, бодлогын хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан. Хөдөлмөрийн хэлтсийн дарга Э.Содномжамц намайг 2016 оны 7 сарын 01-ээс сахилгын шийтгэлээр халсан Б/41 тушаал гарган тушаалыг 2016 оны 7 сарын 06-нд гардуулан өглөө. Тушаалаас үзвэл намайг албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн, төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйг зөрчсөн гэж үзсэн байна. Тушаал гаргахдаа эдгээр үндэслэл, түүнийг нотолсон баримтыг надад танилцуулаагүй болно. 2016 оны 6 сарын 24-нд намайг УИХ-ын сонгуулийн 47 дугаар тойргийн 2-р хэсэг дээр санал тоолох цахим машин турших, саналын хуудас тоолж хүлээн авч битүүмжлэх ажилтай, энэ ажлаас чөлөөлөгдөх буюу орхин явах боломжгүй байхад Ёс зүйн хорооны хурал хийх гэж байгааг хэлсэн. Би сонгуулийн ажлыг орхиж явах боломжгүйгээ мэдэгдсэн. Гэтэл хорооны хурал хийж намайг ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэсэн гэдэг ба энэ хурлын ямар ч шийдвэр, материалыг надад танилцуулаагүй.

Намайг ажиллаж байхад 2015 оны 11 дүгээр сард Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд Соёлцэцэг ахлагчтай “Богд шанд” бүлэг хүлэмжийн аж ахуй эрхлэхээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 9.0 сая гаруй төгрөгийн тоног төхөөрөмжийн дэмжлэг авсан. Энэ тоног төхөөрөмж нийлүүлэх үнийн санал, шалгаруулалтын ажлын хэсгийг би ахлаж 5 хүн оролцсон. Ажлын хэсэг байгуулсан тушаал, хурлын тэмдэглэл зэрэг баримт хэлтэст цөм бий. Энэ бүлэгт МСҮТ төгссөн 5 хүүхэд нэгдсэн байсан ба шаардлагатай бүх материалаа ирүүлсэн байсан. Харин дараа нь хүүхдүүд янз бүрийн шалтгаанаар өөрчлөгдсөн, орж гарсан, жирэмсэн болсон, цалин хөлс өгөөгүй зэрэг шалтгаанаар хоорондоо зөрчилдөж зарим нь хэлтэст өргөдөл гаргасан юм байна лээ. Энэ нь надаас хамаарсан асуудал биш юм. Энэ төслийн зарцуулалтыг Орхон аймгийн Аудитын газар 2016 оны 2-р сард шалгаж, бүлгийн хүүхдүүдтэй уулзсан гэсэн ба ямар нэгэн зөрчлийн акт тогтоосон зүйл байхгүй. Дарга Э.Содномжамц надад “Чи өөр ажил хий, яамнаас ав гэсэн хүнийг ахлах дээр авахгүй бол болохгүй байна” гэж хэлж байсан ба би түүнийг нь зөвшөөрөөгүй тул хууль бусаар халлаа гэж үзэж байна. Хэлтсийн дарга нь Хөдөлмөрийн яамны сайдаас шууд томилогддог учраас Засгийн газраас өөр дээд шатны албан тушаалтан байхгүй тул урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглэх боломжгүй тул нэхэмжлэлийг шүүхэд шууд гаргав.

Иймд Орхон аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2016 оны 7 сарын 01-ний өдрийн Б/41 тоот тушаал нь хууль бус бөгөөд нэхэмжлэгч миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тул хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулна уу” гэжээ.

Нэхэмжлэгч Г.Ганцэцэг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ганболд овогтой Ганцэцэг нь Орхон аймгийн Хөдөлмөрийн хэлтэст Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ, бодлогын хэрэгжилт, мэргэжлийн сургалт хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаад Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Б/41 тоот тушаалаар ажлаасаа халагдсан. Энэ шийдвэрийг эс зөвшөөрч Орхон аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд хандсаны дагуу Орхон аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 22 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн хэлтсийн даргын тушаалыг үндэслэлгүй, хүчингүй болгох шийдвэр гаргасан боловч Хөдөлмөрийн хэлтсийн дарга хэрэгжүүлээгүй байтал байгууллага бүтцийн өөрчлөлтөнд орж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болж өөрчлөгдсөн тул тус газарт Орхон аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 22 дугаар тогтоолын 3 дахь заалтыг хэрэгжүүлэхийг Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад даалгаж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү” гэв.

Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Орхон аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 22 дугаар тогтоолд: Хөдөлмөрийн хэлтсийн дарга 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Б/41 тоот тушаал гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг үндэслэсэн /2012 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн хуулиар хүчингүй болсон заалт/ мөн Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, Засгийн газрын 1995 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 97 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-ын 7 дугаар заалтыг тус тус зөрчсөн тул дээрх тушаалыг хүчингүй болгож 2016 оны 8 дугаар сарын 15-ны дотор хариу ирүүлэхийг Хөдөлмөрийн хэлтсийн даргад даалгасан. Орхон аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн “Хүсэлт гаргах тухай” 465 тоот албан бичгээр Авилгатай тэмцэх газарт гомдол мэдээлэл хүргүүлсэн тухайгаа /2016.08.11-ний 459, 2016.08.17-ны 467, 468/ албан бичгээр мэдэгджээ. Үүний дагуу АТГ-ын мөрдөн байцаагч, комиссар М.Эрдэнэсайхан холбогдох ажилтнуудаас мэдүүлэг тайлбар авч, гомдлыг хянан шалгаад 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн “Хариу мэдэгдэх хуудас”-нд гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг хүлээн авч хянан үзэхэд цагдаагийн байгууллагын харьяалан шалгах асуудал байх тул Орхон аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэх санал гаргаж хянуулахаар мөн өдрөө Орхон аймгийн Прокурорын газарт шилжүүлсэн байна.

Орхон аймгийн Прокурорын газрын 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 5/340 “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай” тогтоолд 270 бүртгэлтэй дугаартай гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг тус аймгийн Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх, Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөн байцаагч Б.Анчинхүү хүлээн авч шалгаад 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай” саналыг бичгээр гаргаж 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр прокурорт ирүүлсэн материалыг хүлээн авч хянаад Г.Ганцэцэг, Б.Баасандорж нар нь хуурамч бичиг баримт бүрдүүлэн төсвийн хөрөнгийг ашиглаж хохирол учруулсан нь тогтоогдохгүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байх тул Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 175 дугаар зүйлийг удирдлага болгон эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсугай” гэжээ.

Иймд Орхон аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 22 дугаар тогтоолыг биелүүлэх боломжтой гэж үзэж байна. Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалин гэж 3 190 448 төгрөг нэхэмжилж байна.  Төсвийн хуульд өөрчлөлт орсон. Үүний дагуу Сангийн сайдын 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн  319 тоот тушаал гарсан. Энэ тушаалын 7 дугаар хавсралтанд төсвийн нийт дарга, захирагч нарт чиглэл өгсөн байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 3 190 448 төгрөг яг үндсэн цалин байна уу, нэмэгдэлтэй цалин уу мэдэхгүй байна. Гэхдээ нэг удаагийн тэтгэмжийг үндсэн цалингаас тооцно гэсэн байгаа. Одоо улсын төсөв хүндрэлтэй байгаа учраас ийм чиглэл өгсөн байгааг шүүх анхаарч үзнэ үү” гэв.

  Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г.Ганцэцэгийн ажлаас халсан асуудал шалгагдах байгууллагуудаар шалгагдаад маш тодорхой болсон гэж үзэж байгаа. Г.Ганцэцэгийн ажлаас халагдсан тушаал гарснаас хойш Авилгатай тэмцэх газар шалгаад Прокурорын байгууллагад шилжүүлсэн. Прокурорын байгууллага шалгаж үзээд Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байгаа. Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэж ажлаас халсан байгаа. Энэ талаар Орхон аймгийн Төрийн албаны салбар зөвлөл авч хэлэлцээд тухайн тушаалыг хууль бус болсон байна гэж үзээд Хөдөлмөрийн хэлтсийн даргын Б/41 тоот тушаалыг хүчингүй болгож, Г.Ганцэцэгийг ажилд нь томилохоор даалгасан. Мөн хүчингүй болгосон хуулийг баримталсан байгаа. Хөдөлмөрийн хэлтсийн даргын Б/41 тоот тушаал хууль зүйн үндэслэлгүй гарсан учраас Г.Ганцэцэгийн ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах үндэслэлтэй. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаал, журам бий. Энэ журмаар тэтгэвэр тэтгэмж олгох, цалин хөлсийг нөхөж гаргуулах, ажлаас халагдах, ажилгүй болохын өмнө бүтэн ажилласан 3 сарын цалингийн дунджаар тооцно. Тиймээс 3 190 448 төгрөгийг 3 сарын цалин 2016 оны 6 дугаар сарын цалин 956 257 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын цалин 959 827 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 486 802 төгрөг авсан байгаа. Энэ 3 сарыг нэмээд 1 сарын дундаж төгрөгийг нь нэмэхээр 797 716 төгрөг болж байгаа. Үүнийг 7 сар, 8 сар, 9 сар, 10 саруудад үржүүлэхээр 3 190 448 төгрөг болж байгаа. Төрийн албаны тухай хуулийн  27 дугаар зүйлээс 30 дугаар зүйлүүдэд төрийн жинхэнэ албан хаагчийн олговор, тусламж, тэтгэмж, урамшууллуудыг зохицуулсан байгаа. Энэ нь өөрөө төрийн албанаас чөлөөлөгдсөн төрийн албан хаагчид хамаарагдана. Нэхэмжлэлийн шаардлага нь төрийн албаны сахилгын шийтгэлээр халагдсан хүнд нөхөн төлөх гэж байгаа хохирлын асуудал.  Тиймээс энэ нь өөрөө төрийн албаны хуулиар зохицуулагдах ёстой. Шүүхээр хууль бусаар халагдсан гэж үзвэл энэ нь хохирол болдог учраас тэр үед авч байсан цалин, нэмэгдэл цалин, урамшууллыг олгоно. Тиймээс Г.Ганцэцэгт 3 190 448 төгрөгийг гаргуулж олгох нь зүйтэй юм” гэв.

 

                                                    ҮНДЭСЛЭХ нь:

Text Box: 1ХХ-ийн 1, 144 дүгээр талд             Иргэн Г.Ганцэцэг нь Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдуулан “Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Б/41 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах”1-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд “Орхон аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 22 дугаар тогтоолын 3 дахь заалтыг хэрэгжүүлэхийг Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах”1-ыг хүсч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн тул шүүх хэргийг тус өөрчилсөн нэхэмжлэлийн  шаардлагын хүрээнд шийдвэрлэв.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дүгнэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангах нь зүйтэй гэж дүгнэв.          

1.Орхон аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/41 тоот тушаалаар /ХХ-ийн 17 дугаар талд/ Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.3, 13.1.5, 40 дүгээр зүйлийн 40.2, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоолын хавсралт “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 4.1.1, 5.1.4 дэх заалтуудыг үндэслэн Г.Ганцэцэгийг албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлэн, төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн, “Залуучуудын мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын төгсөгчдийн ”Богд шанд бүлэг” хуурамчаар бичиг баримт бүрдүүлэн байгуулж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжилтээр олгосон тоног төхөөрөмжүүдийг өндрөөр үнэлж, үнийг зөрүүгээс нь ашиг олсон, өөрийн найз Баасандоржтой хамтарч хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжүүлсэн тоног төхөөрөмжийг завшсан” гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Г.Ганцэцэг нь ажлаас үндэслэлгүйгээр халагдсан гэх уг гомдол, маргаанаа Орхон аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд хандан урьдчилан шийдвэрлүүлсэн /ХХ-ийн 139, 140 дүгээр талд/  ба Г.Ганцэцэгийг ажлаас халсан Орхон аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/41 тоот тушаал нь  холбогдох хууль, журмыг  зөрчсөн тул хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэсэн дүгнэлтийг Орхон аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс өгч, уг хууль бус шийдвэрээ хүчингүй болгож, 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хариу ирүүлэхийг Хөдөлмөрийн хэлтсийн дарга Э.Содномжамцад даалгасан байна.

Нөгөөтэйгүүр хариуцагч Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн /562 тоот албан бичиг/ шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Орхон аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 22 дугаар тогтоолыг биелүүлэх боломжтой...” гэж тайлбарласан нь нэхэмжлэгчийн “Орхон аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 22 дугаар тогтоолын 3 дахь заалтыг хэрэгжүүлэхийг Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй  байна.

Мөн Г.Ганцэцэгийг Орхон аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Төрийн албан хаагч Г.Ганцэцэгт сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/41 тоот тушаалын үндэслэл болгосон “...албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлэн, төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн, Залуучуудын мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын төгсөгчдийн ”Богд шанд бүлэг” хуурамчаар бичиг баримт бүрдүүлэн байгуулж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжилтээр олгосон тоног төхөөрөмжүүдийг өндрөөр үнэлж, үнийг зөрүүгээс нь ашиг олсон, өөрийн найз Баасандоржтой хамтарч хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжүүлсэн тоног төхөөрөмжийг завшсан үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй..” гэх байдал Орхон аймгийн Прокурорын газрын 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай” прокурорын тогтоолоор /ХХ-ийн 141 дүгээр талд/ дээрх нөхцөл байдал нь тогтоогдохгүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байна.

Шүүх дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Г.Ганцэцэгийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга /Х.Эрдэнэбат/-д Орхон аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 22 дугаар тогтоолын 3 дахь заалтыг хэрэгжүүлэхийг даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Г.Ганцэцэгийн ажилгүй байсан хугацааны нөхөн олговор /ХХ-ийн 18 дугаар талд авагдсан Г.Ганцэцэгийн урьд авч байсан цалин 965,000 төгрөгөөс тооцож/-ыг 2016 оны 07 дугаар сарын 01-нээс шүүхийн шийдвэр гарах өдрөөс тооцож 4 сарын 3.154.600 төгрөг /эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийх/ олгохыг Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын санхүүд даалгах нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12 дахь хэсэгт  заасныг тус тус удирдлага болгон

       ТОГТООХ нь:

            1. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга /Х.Эрдэнэбат/-д  Орхон аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 22 дугаар тогтоолын 3 дахь заалтыг хэрэгжүүлэхийг даалгасугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Г.Ганцэцэгийн ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг 2016 оны 07 дугаар сарын 01-нээс шүүхийн шийдвэр гарах /2016.11.01/ өдрөөс тооцож 4 сарын 3,154,600 /гурван сая нэг зуун тавин дөрвөн мянга зургаан зуу/ төгрөгийг олгохыг Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын санхүүд даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын төсвөөс 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Ганцэцэгт олгосугай.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.САРАНГЭРЭЛ