Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2017/0253

 

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2017/0253

Улаанбаатар хот

 

 

 

Э.О-ын  нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар, шүүгч Ц.Цогт, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, гуравдагч этгээд Н.Э нарыг оролцуулан хийж, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 03 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Э.О-ын нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 03 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан Э.О-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,  аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн Б/67 дугаар захирамжийг хүчингүй болгож, Э.О-ыг Говь-Алтай аймгийн  Ардын дуу бүжгийн Алтай чуулгийн даргын ажилд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11  дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Э.О-ыг ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 4449312 төгрөгийг хариуцагч тус аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж зохих бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Говь-Алтай аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 сарын 20-ны өдрийн 03 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Шүүхийн шүүгч нь аливаа хэрэг маргааныг шийдвэрлэхдээ бусдын нөлөөнд автахгүй. гагцхүү хуульд захирагдаж хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэр гаргах ёстой  Төрийн хуулийг дээдлэх, шударга байх, шүүхийн нэр хүндийг өндөрт өргөх хариуцлагатай байх нь шүүгчийн эрхэм үүрэг байдаг

Гэтэл тус аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Саранчимэг нь зөвлөлдөх тасалгаанаас гарч ирж шүүхийн шийдвэр уншиж сонсгохдоо нэхэмжлэгч Э.О-ыг төрийн байгууллагад 10 жил ажилласан байна гэж хэлсэн үгээ шүүхийн шийдвэртээ тусгаагүй байна. Э.О-ын төрийн байгууллагад ажилласаныг нотлох баримт хангалтгүй байхад ажилласан жилийг 10 жил гэж үндэслэлгүйгээр тогтоосон. Шагналын баярын бичиг, өргөмжлөл болон сургууль суралцуулахаар сумын Засаг даргын тодорхойлсон 2001 оны тодорхойлолт зэргээр ажилласан жилийг үндэслэлгүй тогтоосон нь илт нэг талыг барьсан гэж үзэж байна. /Э.О-ыг Ажилд авсан, ажлаас чөлөөлсөн шийдвэр хэргийн материалд байхгүй/

Ардын дуу бүжгийн Алтай чуулгын даргад Э.О нь томилогдохдоо Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60-р тогтоолоор баталсан Төрийн үйлчилгээний албан тушаалтныг сонгон шалгаруулах журамын дагуу сонгон шалгаруулалтад ороогүй мөн Боловсролын тухай хууль, Соёлын тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиудыг тус тус зөрчсөн нь хэргийн материалд цугларсан нотлох баримтаар тогтоогдоод байхад шүүх нотох баримтыг үнэлээгүй. Э.О нь “Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад ороогүй, аймгийн боловсролын газар болон харьяа салбарын яамтай зөвшилцөөгүй, хөрөнгө орлогын мэдүүлэгээ гаргаагүй байна.

Шүүгч Б.Сарантуяагийн удаа дараагийн гаргасан шийдвэрүүд нь төрийн байгууллагын шүүхэд итгэх итгэлийг алдагдуулж, шүүхийн шийдвэрт эргэлзээ төрүүлсэнээр шүүгч нь ашиг сонирхолын зөрчилтэй, бусдын нөлөөнд автан Монгол Улсын хууль тогтоомж, шүүгчийн ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн санаатай үйлдэл гэж үзэж байна.

Иймд Говь-Алтай аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сарантуяагийн 2017 оны оны 01 сарын 20-ны өдрийн 03 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй боловч хуулийн зүйл, заалтыг зөв хэрэглээгүй байх тул тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Говь-Алтай аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/67 дугаар захирамжаар нэхэмжлэгч Э.О-ыг төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмын дагуу удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтад ороогүй гэж Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т заасныг үндэслэн Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Говь-Алтай аймгийн Засаг дарга 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/32 дугаар захирамжаар нэхэмжлэгч Э.О-ыг тус чуулгын даргаар томилохдоо Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Улсын болон бүс нутгийн, түүнчлэн аймаг, нийслэл, сум, дүүргийн соёлын байгууллагын дарга, захирлыг тухайн салбарын мэргэжилтэй, соёл, урлагийн байгууллагад 3-аас доошгүй жил ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас Төрийн албаны тухай хуулийн 17.1-д заасны дагуу сонгон шалгаруулж томилно”  гэж заасны дагуу сонгон шалгаруулж томилоогүй болох нь хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байна.

Гэвч Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 60  дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 2.1-д “Удирдах албан тушаалд томилогдох ажилтныг томилох эрх бүхий этгээд хууль тогтоомжид заасны дагуу сул орон тоо гарснаас хойш ажлын 14 хоногийн дотор тухайн ажлын байрыг нөхөх, уг албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах захиалгыг ажлын байрны тодорхойлолтын хамт Салбар зөвлөлд болон аймаг, нийслэлийн Боловсролын газарт харъяаллын дагуу ирүүлнэ.” гэж зааснаас үзвэл хариуцагч захиалга өгсний дагуу сонгон шалгаруулалтыг Төрийн албаны салбар зөвлөл зохион байгуулах үүрэгтэй байна. Төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 127 дугаар албан бичгээр “Тус аймгийн Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын даргын сонгон шалгаруулалт 2014 оны 01 дүгээр сараас хойш зохион байгуулагдаагүй ...” гэх тайлбараас үзвэл уг үүргээ биелүүлээгүй хариуцагч Засаг дарга болон Төрийн албаны салбар зөвлөлийн үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийг “сонгон шалгаруулалтад ороогүй” гэж буруутгах үндэслэлгүй байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Түүнчлэн Э.О нь захиргааны эрх бүхий албан тушаалтан 2014 онд томилж хөдөлмөрийн харилцаа үүсгэснээс хойш үр дүнгийн гэрээ байгуулж 2014, 2015 онуудад “А” үнэлгээтэй дүгнэгдэж, уг албан тушаалын чиг үүргийг хэрэгжүүлж хэвийн ажиллаж байснаас үзвэл дээрх хууль, журмын дагуу сонгон шалгаруулалтыг зарлаж, зохих ёсоор томилох хүртэл Э.О-ыг ажлаас зайлшгүй чөлөөлж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

Гэтэл хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг дарга нь алдаатай шийдвэрээ засах нөхцөл бүрдээгүй, хууль ёсоор сонгон шалгаруулалт явуулж тухайн албан тушаалд томилогдох этгээд тодроогүй байхад түүнийг чөлөөлж, түүний адил сонгон шалгаруулалтад ороогүй Н.Э-ыг томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албанд дараахь зарчмыг баримтална: ... 4.2.4.иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх; 4.2.5.төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх” зарчимд нийцээгүй байна.

Иймд хариуцагчаас гаргасан “аливаа хууль зөрчсөн шийдвэрээ өөрчилж, хүчингүй болгох эрхтэй, энэ эрхийнхээ дагуу нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлж, удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалт зарлах хүртэл Н.Э-ыг түр хугацаагаар томилсон нь хууль зүйн үндэслэлтэй” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...Э.О-ыг төрийн байгууллагад ажилласныг нотлох баримт хангалтгүй байхад ажилласан жилийг 10 жил гэж үндэслэлгүйгээр тогтоосон. ... аймгийн боловсролын газар болон харьяа салбарын яамтай зөвшилцөөгүй, хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаагүй байна. ...” гэх зэргээр маргаан бүхий актын үндэслэлтэй хамааралгүй зүйлийг тайлбарлан давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 03 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д” гэснийг “Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4, 4.2.5, Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, 15.4-д” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай. 

                   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

  

ШҮҮГЧ                                                          Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Ц.ЦОГТ

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ