| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Азуйсэдийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 102/2021/02608/И |
| Дугаар | 210/МА2021/01807 |
| Огноо | 2021-12-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 210/МА2021/01807
| 2021 оны 12 сарын 17 өдөр | Дугаар 210/МА2021/01807 |
Ж.Мийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2021/02561 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ж.Мийн хариуцагч Ж.Цд холбогдуулан гаргасан 2 791 500 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.М, хариуцагч Ж.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.
Нэхэмжлэгч Ж.Мийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Ж.Цд 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 1 000 000 төгрөг сарын 8 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай зээлдүүлсэн. Хариуцагч 2019 оны 8-11 дүгээр сард 269 000 төгрөг, 2020 оны 4-12 дугаар 390 000 төгрөг, 2021 оны 1-6 дугаар сард 330 000 төгрөг, нийт 989 000 төгрөг буцааж төлсөн. Гэрээний 3.1-т “гэрээ нь үүргээ бодитойгоор биелүүлсэн нөхцөлд дуусгавар болно” гэж заасан. Ж.Ц зээлийн гэрээнд заасан үүргээ бодитойгоор биелүүлээгүй. 2019 онд төлөх зээлийн хүү 320 000 төгрөгөөс 269 000 төгрөг өгч, 51 000 төгрөг дутуу байна. 2020 онд зээлийн хүүнд 960 000 төгрөг төлөхөөс 380 000 төгрөг төлж, 580 000 төгрөг дутуу, нийт 1 580 000 төгрөг төлөх үүрэгтэй. 2021 онд 560 000 төгрөгийн зээлийн хүү төлөхөөс 330 000 төгрөг төлж, 230 000 төгрөгийн хүү төлөөгүй, үндсэн зээл 1 000 000 төгрөг, нийт 1 230 000 төгрөг төлөөгүй байна. Иймд Ж.Цаас үндсэн зээлд 1 000 000 төгрөг, зээлийн хүүнд 861 000 төгрөг, алдангид 930 500 төгрөг, нийт 2 791 500 төгрөгийг гаргуулж өгнө үү. Ж.Ц нь 2020 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн хэрхэн барагдуулах талаар бичгээр тайлбар бичиж өгсөн тул үүнийг өмнөх гэрээний хугацааг сунгасан гэж үзэж байгаа гэжээ.
Хариуцагчийн тайлбарт: Ж.Мээс 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 1 000 000 төгрөг 3 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлийн гэрээг сунгаагүй зээл, зээлийн хүүнд 1 240 000 төгрөг төлөхөөс нийт 989 000 төгрөг төлсөн. 80 000 төгрөгийг зуучлагч н.Я өгсөн. 171 000 төгрөг төлөхөд татгалзахгүй. Улсын Онцгой Комиссын шийдвэрээр Ковид-19 цар тахлын улмаас ажлын цагийн хувиараар ажиллаагүй мөнгөгүй байсан боловч сар бүр төлөлт хийж байсан. 2021 оны 6 дугаар сард ковид тусч 21 хоног тусгаарлалтад байсан. Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр банк, банк бус, санхүүгийн байгууллага цар тахлын үед хүү төлөх хугацааг хойшлуулж алданги тооцохгүй шийдвэр гаргасан. Зээлийн гэрээний үүргийн дийлэнх хэсгийг биелүүлсэн. 2020 оны 8 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээний үүргийг хэрхэн барагдуулах талаар бичгийг нэхэмжлэгч дарамталж бичүүлсэн. Гэрээний хугацааг сунгаагүй гэж үзэж байна гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Ж.Цаас 471 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Мт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 320 500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59 606 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ж.Цаас 14 780 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Мт олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Ж.М давж заалдах журмаар гаргасан гомдолд: Ж.Цд 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 1 000 000 төгрөгийг 8 хувийн хүүтэй зээлдүүлж, 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцсон. Нэхэмжлэлийн шаардлагаас 2 320 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хариуцагч зээлээ төлөхгүй 2 жил болсон, мөн Ж.Мийг олон хүнд мөнгө зээлдэг мэтээр ойлгуулж, гүтгэсэнд гомдолтой байна. Хариуцагч зээлээ төлөөгүйн улмаас хүнээс мөнгө зээлж, маш их дарамтанд орсон. Энэ хугацаанд өвчин сэдэрч эмчилгээнд мөнгө их зарцуулсан. Үндсэн зээл 11 000 төгрөг, зээлийн хүү 240 000 төгрөг, алданги 450 000 төгрөг, нийт 701 000 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Ж.М зээлд 1 000 000 төгрөг, хүүнд 861 000 төгрөг, алдангид 930 500 төгрөг, нийт 2 791 500 төгрөг нэхэмжилснээс хариуцагч Ж.Ц 171 000 төгрөг төлөхийг зөвшөөрч, бусад хэсгийг эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүх хариуцагчаас 471 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 2 320 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч Ж.М эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.
Талууд 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр давж заалдах шатны шүүх хуралдааны явцад эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээ байгуулсан болно. Уг гэрээгээр 2 791 500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 600 000 төгрөгийг хариуцагч Ж.Ц төлж барагдуулан маргааныг дуусгавар болгохоор зохигчид харилцан тохиролцож эвлэрчээ. Талуудын тохиролцоо нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дах хэсэгт заасантай нийцсэн байна.
Зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд эвлэрэх эрхтэй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дах хэсэгт зааснаар зохигчдийн эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2021/02561 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, 2 791 500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 600 000 төгрөгийг хариуцагч Ж.Ц төлж барагдуулан нэхэмжлэгч Ж.М, хариуцагч Ж.Ц нар маргааныг дуусгавар болгосноор эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21 374 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү магадлалыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол албадан гүйцэтгэхийг зохигчдод тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар зохигчид хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН
ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ
А.МӨНХЗУЛ