Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 2018/ШЦТ/44

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ч,

улсын яллагч Э.Н,

шүүгдэгч М.С нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Шарнууд овогт Мын Сд холбогдох эрүүгийн 1817000720031 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Шарнууд овогт Мын С /РД:ЗБ69032013/ Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд 1969 оны 03 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 49 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр баг, газарт оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, хүргэн ахын хамт амьдардаг, ял шийтгүүлж байгаагүй гэх, 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

Яллагдагч М.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 04 дүгээр сарын 02-ны орой Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр баг, Цовхон гэх газарт оршин суух Д.Бын гэрт төрсөн дүү М.Бэгийн зүүн гуян тус газарт 1 удаа хутгалж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ. Шүүгдэгч М.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 19 цагийн орчимд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр баг, газарт оршин суух Д.Бын гэрт төрсөн дүү М.Бэтай маргалдаж улмаар зүүн гуян тус газарт 1 удаа хутгалж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

1.1. Шүүгдэгч М.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би малдаа явж ирээд мах идээд сууж байсан. Гэтэл Бэ миний зүүн шанаа руу цохисон. Ахиад цохих гэхээр нь яах гэж байгаа юм гээд хөдөлтөл мах огтолж байсан хутгаараа гуя руу нь дүрсэн байсан. Тэгээд Бэгийн гуянаас цус гараад байхаар нь би аймгийн нэгдсэн эмнэлэг рүү авч ирээд оёдол тавиулсан. Гэм буруугаа болон прокурорын санал болгосон нийтэд тустай ажил хийлгэх ялыг хүлээн зөвшөөрч байна гэв.

1.2. Хохирогч М.Бэ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Би сарын өмнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр баг, Цовхон гэх газарт байх хүргэн ах Бынд ямаа самнахаар очсон. Өчигдөр буюу 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 19 цагийн үед Б ахын гэрт хоол бэлдээд байж байтал С ах нэг шил архи тавьчихсан уугаад сууж байсан. Харин Б ах гадуур хонь малаа тавих гээд явж байгаад орж ирсэн. Тэр үед С ах над руу хоол унд хурдан хий гээд уурласан. Тэгэхээр нь би хоол хийж байна, битгий солиороод бай гээд бид хоёр жаахан маргалдаж байгаад би С ахын зүүн шанаа руу гараараа нэг удаа цохисон. С ах цохиулаад юм хэлэлгүй цаашаа яваад суусан. Тэгээд байж байтал С ах миний араар тойрох шиг болсон. Тухайн үед би том цэнхэр иштэй хутгаар мах хэрчээд сууж байгаад хажуудаа тавьсан байсан юм. С ах руу харсан чинь миний мах хэрчиж байсан том цэнхэр иштэй хутгыг барьчихсан зогсож байсан. Тэгэхээр би яах гэж байгаа юм бол гэж бодоод боссон чинь С ах гартаа барьж байсан хутгаараа миний зүүн гуяны гадна хэсгээс дотогшоо чиглэлтэй дүрсэн. Би Чойрт Б ахтай хамт эмнэлэгт ирсэн. Би их согтуу биш байсан. С ах нэлээн согтуу байсан. С ах намайг урьд зодож, цохиж байгаагүй. Хааяа архи уучихаараа маргалддаг. Цэнхэр алаг иштэй, том 20-30 орчим см хэмжээтэй хутга байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 15-16 хуудас/

1.3. Гэрч Д.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр намайг малдаа явж байгаад харанхуй болсон хойно гэртээ ирэхэд манайд ямаа самналтаар ирсэн хүмүүс болон манай малчин С нар архи уусан байсан. Би гэрийнхээ хойд хэсэгт сууж байхад С Бэ нар нь хоорондоо маргалдаад гаднаас орж ирсэн. Би юунаас болж хоорондоо маргалдсаныг нь мэдээгүй. Архи уучихлаа, дуусгачихлаа л гээд байх шиг байсан. Тэгж хэрэлдэж байгаад л Бэ ёолоод газар суусан тэгэхээр нь би яав юу болов гэхэд С нь Бэг манай гэрт байдаг том цэнхэр иштэй хутгаар дүрчихсэн байсан. Өмдийг нь тайлаад үзэхэд зүүн хөлийн гуяны хэсэгт хутгаар дүрчихсэн цус гарч байсан. Тэгэхээр нь би даавуугаар боогоод Чойрын эмнэлэгт хүргэж ирсэн. Би эрүүл байсан. С Бэ хоёр нь хоорондоо зодолдож, ноцолдоогүй маргалдаж байгаад С хутгаар гуянд нь дүрсэн байсан. Энэ хоёр нь төрсөн ах дүүс байгаа юм. Тухайн үед Бэ нь Сг газарт сууж байхад нь дээрээс нь унасан зүйл огт болоогүй. Сн нь гартаа хутга барьчихсан Бэгийн хажууд зогсож байсан. С нь мах идсэн зүйл байхгүй. Цэнхэр иштэй хутгаар Бэ нь хоол хийх гээд мах хэрчиж байгаа харагдсан. Тэрийг нь С авсан юм шиг байна лээ” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 17-20 хуудас/,

1.4. Гэрч Н.А мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр би С, Бээжин нарын хамт гэртээ байж байтал миний төрсөн дүү Оюунцэцэг надтай уулзах гээд өөрийнхөө машинтай 15 цагийн үед ирэхдээ надад 0,75 литрийн Ерөөл нэртэй 1 шил архи өгсөн. Би дүүгээ явуулаад дүүгийн өгсөн архийг С, Бээжин бид гурав хувааж уусан. Би гэрийн зүүн хойморт сууж байтал С, Бээжин 2 хоорондоо муудалцаад байх шиг байсан. Тэгтэл Бээжин та намайг дүрчихлээ гээд Сд хандаж хэлэхээр нь хартал С баруун гартаа цэнхэр иштэй хутга барьсан байж байсан. Бид нар Бээжингийн өмдийг нь тайлаад үзтэл зүүн гуянаас нь цус гарч байхаар нь шархыг нь боож өгөөд Бын хамт Чойрын эмнэлэг явуулсан. Би Сг Бээжингийн хөл рүү хутгалж байхыг хараагүй. Тэр хоёр хоорондоо муудалцахдаа бие биеэ цохиж зодоогүй. Бээжин нь Сгийн төрсөн дүү нь байгаа юм” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 21-22 хуудас/,

1.5. Шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 125 дугаар дүгнэлтэд: М.Сгийн биед цээжид зүүн талын 8, 9 дүгээр хавирга орчмын зөөлөн эдийн няцрал, зүүн чихний урд хэсэгт, баруун өвдгөнд, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2018 оны 04 дүгээр сарын 02-нд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүү мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: ахлах зэргийн шинжээч эмч ахмад Л.Ж гэжээ. /х.х-ийн 31 хуудас/

1.6. Шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 128 дугаар дүгнэлтэд: М.Бэгийн биед зүүн гуянд хутгалагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь иртэй зүйлийн үйлчлэлээр 2018 оны 04 дүгээр сарын 02-нд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүү мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: ахлах зэргийн шинжээч эмч ахмад Л.Ж гэжээ. /х.х-ийн 36 хуудас/

1.7. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /х.х-ийн 3-5 хуудас/

1.8. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 6-8 хуудас/

1.9. Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 46-48 хуудас/

1.10. Яаралтай тусламжийн хуудасны хуулбар /х.х-ийн 68 хуудас/

1.11. Шүүгдэгч М.С, хохирогч М.Бэ нарын иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг болно.

Иймд шүүгдэгч М.Сг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Улсын яллагчаас шүүгдэгч М.Сг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна. Учир нь: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т заасан этгээдэд шүүгдэгч, хохирогч нар нь хамаарах ба мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-т заасан бие махбодын хүчирхийлэл үйлдэгдсэн гэж үзэх нь зүйтэй байна.

ХОЁР. Шүүгдэгч М.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:

2.1. Хохирогч М.Бэ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй тул хохирол барагдуулах шаардлагагүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн14-16 хуудас/

2.2. Гэрч С.М мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Манай аав С нь одоо ганцаараа Чойрт хөдөө айлд мал маллаж амьдарч байгаа. Би 2014 оноос хойш Улаанбаатар хотод ирж амьдарч байгаа ба аавтайгаа хааяа нэг ирж уулздаг. Манай аав эзэмшсэн мэргэжилгүй болохоор ажил олддоггүй. Өөрийн гэсэн орлого байхгүй. Сүүлийн үед архи их уугаад байна гэж эгч хэлж байсан. Зан төлөвийн хувьд их даруухан, дуу цөөнтэй хүн. Хүнтэй их нөхөрсөг, хүнд хар муу зүйл санадаггүй. Харин архи уухаараа заримдаа юу хийгээд байгаагаа мэдэхээ байчихдаг юм” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 24-25 хуудас/

2.3. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 72-73 хуудас/,

Шүүгдэгч М.С нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч М.С нь прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг зөвшөөрснийг, прокурорын саналыг тус тус харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч М.С нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 33 см урттай, ажлын хэсэг 20 см, ногоон алаг хуванцар 13 см бариултай хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шарнууд овогт Мын Сг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Сг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Сд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 /дөрөв/ цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Сд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч М.С нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 33 см урттай, ажлын хэсэг 20 см, ногоон алаг хуванцар 13 см бариултай хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.