Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 2024/ДШМ/850

 

  2024            07            23                                          2024/ДШМ/850

 

А.Д-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Одонтуяа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.М,

шүүгдэгч А.Д, түүний өмгөөлөгч Б.Бадамханд,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/635 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Д-н өмгөөлөгч Б.Бадамхандын гаргасан давж заалдах гомдлоор А.Д-д холбогдох 2403 00120 0222 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

З овгийн А-н Д, ... оны .. дугаар сарын ..-ны өдөр .......... төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ............ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ............/;

Шүүгдэгч А.Д нь 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 18 цаг 30 минутын орчим Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, “Барх” дэлгүүрийн баруун талын замд “Nissan Tiida” загварын ....... УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, мөн дүрмийн 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас явган зорчигч Т.С-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: А.Д-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А.Д-г “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, шүүгдэгч А.Д-д оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын хэлбэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “өөрийн оршин суух газраас явахыг хориглох, ... эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг” буюу Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, тухайн оршин суух газраа өөрчлөх, мөн тухайн газраас өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг хүлээлгэхээр тогтоож, хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон хорих ялаар солихыг мэдэгдэж, бага насны хохирогч Т.С, түүний хууль ёсны төлөөлөгч Д.М нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг, энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Д нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба А.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.Д-н өмгөөлөгч Б.Бадамханд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2-4 дэх хэсэг буюу шүүгдэгчид оногдуулсан ял нь түүний хувийн байдалд тохироогүй тухайд, шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагаа явагдаж эхэлсэн цаг хугацаанаас эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэн оролцож ирсэн. Шийтгэх тогтоолын шүүгдэгчийн биеийн байцаалт хэсэгт “Монгол Улсын иргэн, ......... өдөр ...........төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт ............... тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй” гэж зарим хэсгийг бодит байдлаас өөрөөр тусгажээ. Шүүх хуралдааны үед шүүгдэгчийн биеийн байцаалтыг уншиж сонсгон зөв эсэхийг асуухад “ихэнх агуулга нь зөв байна” гэж агуулга нэг бүр нь өөрийн хувийн байдалтай тохирох ёстой, хувийн байдалд нь тохируулан эрүүгийн хариуцлага оногдуулдаг гэдгийг хууль зүйн туслалцаа аваагүйгээс буруу ойлгон “зөв” гэж хариулсан. Бодит байдал дээр шүүгдэгч нь барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Б т ж” ХХК-д “туслах” ажлын байранд туслах болон өөрийн мэргэжлийн дагуу сантехникчээр ажилладаг болно. Мөн нэг биш Д-н Н /3 настай/, Д-н А /1 настай/ гэсэн бага насны хоёр охинтой байна. Түүний эхнэр Г.Н нь бага насны хүүхдүүдээ асарч, гэртээ байдаг бөгөөд тодорхой орлогогүй байгаа. Ажил хөдөлмөр эрхэлж, гэр бүлээ тэжээн тэтгэдэг хүн нь ганц А.Д байна. Түүний ажилладаг “Б т ж” ХХК нь Улаанбаатар хотын захын дүүргүүд болох Сонгинохайрхан дүүргийн 5 шар хэсэгт, Баянзүрх дүүргийн Хонхор хэсэгт барилга барьж байгаа учраас зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь ажил хөдөлмөр эрхэлж, гэр бүлээ тэжээн тэтгэх боломжгүй болох, цаашлаад түүний гэмт хэрэг үйлдсэний хариуцлагыг гэр бүл нь давхар үүрэх эрсдэлтэй байна. Шүүхээс 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргаж байсан нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт давж заалдах шатны шүүхээр хэргийг хэлэлцэхэд “... ял шийтгүүлсэн этгээдийн хувийн байдал, ялыг хөнгөрүүлэхтэй холбоотой баримт гаргаж өгч болно” гэснийг үндэслэн ажлын газрын тодорхойлолт, хоёр охины төрсний лавлагаа гарган өгч байгааг харгалзан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг 2.700.000 төгрөгөөр торгох ял болгон өөрчилж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч А.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эмчилгээний зардалд 1.000.000 гаруй төгрөгийн хохирол төлсөн. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Охины маань биед хүндэвтэр гэмтэл учирсан талаар шинжээчийн дүгнэлт гарсан. Тухайн үед шүүгдэгчээр эмчилгээнд шаардлагатай эм, тариа авахуулсан. Охин минь гэмтсэний улмаас манай нөхөр 2 сар ажил хийгээгүй, охиноо асарсан. Мөн хохирлын хэмжээг шүүхээс тогтоож өгнө гэж ойлгосон учраас тухайн үед ямар нэгэн хохирол нэхэмжлээгүй. Анхан шатны шүүх хуралдаанд болохыг надад мэдэгдээгүй. ...” гэв.

Прокурор Б.Одонтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд нийцсэн гэж үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй. Учир нь, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд шүүгдэгч А.Д нь эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтсон орлогогүй болох нь тогтоогдсон. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж шүүгдэгч А.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар А.Д-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бадамхандын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” байвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үндэслээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд ямар тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэх талаар нарийвчлан зохицуулсан ба мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” бол шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох үндэслэл үүсдэг.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтын тус тус  ноцтой зөрчсөн байна.

 Тухайлбал, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэлээ заахдаа тодорхойлох хэсэгт шүүгдэгч А.Д-д 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах талаар дүгнэсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгтээ 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах төрөл, хэмжээний үндэслэл нь оногдуулсан ялын төрөл, хэмжээтэй тохирохгүй, өөрөөр хэлбэл шийтгэх тогтоолын тодорхойлох, тогтоох хэсэг илт зөрүүтэй бичигдсэн байна.

Түүнчлэн, анхан шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.М-д шүүх  хуралдааны тов мэдэгдээгүй атлаа хэргийг эцэслэн шийдвэрлэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан хохирогчийн шүүх хуралдаанд оролцох, шүүх хуралдаанд мэтгэлцэх, цаашлаад давж заалдах гомдол гаргах болон хуулиар олгогдсон бусад эрхийг эдлүүлээгүй зөрчил тогтоогдлоо.

Үүнээс гадна, шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт насанд хүрээгүй хохирогч Т.С-н сэтгэцэд учирсан хор, уршгийн зэрэглэлийг тогтоосон /хх 60/ баримт хэрэгт авагдсан байхад Шүүх шинжилгээний тухай хууль, Улсын Дээд шүүхийн Нийт Шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолд заасны дагуу хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх, төлбөрийн жишиг аргачлалын дагуу гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг тогтоох, нөхөн төлүүлэх эсэх ажиллагаа огт хийгээгүй, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/635 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч А.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзсэн ба шүүгдэгч А.Д-н өмгөөлөгч Б.Бадамхандын гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/635 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч А.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                             Т.ӨСӨХБАЯР

            ШҮҮГЧ                                                            С.БОЛОРТУЯА

                        ШҮҮГЧ                                                            М.АЛДАР