Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 55

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Б даргалж,

Нарийн бичгийн дарга Б.А

Улсын яллагч Э.Т

Өмгөөлөгч Э.Б

Шүүгдэгч Б М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б М /B M L/-д холбогдох эрүүгийн 1820000650052 тоот хэргийг 2018 оны 05 сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, 1995 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хянган аймгийн Залайд суманд төрсөн, 23 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй,  Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургуульд магистрантын 1-р курсийн оюутан, ам бүл 1, БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Хянган аймгийн Залайд хушууны хүрэл балгасын хоттой айл тоотод оршин суух, одоо Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг 11-р хороонд оршин суух, Б М /B M L/ паспортын дугаар /.../

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдснаар/

Шүүгдэгч Б М /B M L/ нь 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль болон Амьтны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Байгаль орчны сайдын 2007 оны 292 тушаалаар баталсан “Ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд ан амьтны холбогдолтой судалгааны ажлын сорьц, дээжийг гадаад улсад гаргах журмаар хязгаарласан бараа болох чонын элэг, ходоод, уушги, цөс зэрэг эд зүйлийг Монгол Улсын хилээр зохих зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Б М /B M L/ мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн тайлбартаа: Би 2017 оны 10 дугаар сард Монгол улсад Хөдөө Аж Ахуй Их сургуульд сурахаар ирсэн. Ингээд би Монгол улсад сурч байгаад 2018 оны 01 сарын дундуур амарсан. Яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна сургуулийн амралтаар Нарантуул олон улсын худалдааны төвөөр /зах/ явж байсан чинь захын үүдэнд 40 орчим насны эрэгтэй хүн хажуугаар зөрсөн хүмүүст чонын элэг ходоод зарж байна гэж хэлж байсан. Тэр эрэгтэй надад ч гэсэн чонын элэг ходоод зарж байгаа талаар хэлсэн. Тухайн үед миний ээж Г В /G W/ элэг муутай 1 жилийн өмнөөс элэг өвдөж эхэлсэн. Би манай Өвөрмонголчууд чонын элэг ходоод хүний элэг ходоодонд сайн гэж ярьдаг байсан болохоор би тэр чонын элэг ходоод зарж байгаа эрэгтэй дээр очсон. Би эрэгтэйгээс чонын элэг ходоодыг юунд тустай юм ямар үнэтэй юм гэж асуухад хүний элэг ходоодонд тустай, 100.000 төгрөгөөр зарж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь тэр эрэгтэйгээс 100.000 төгрөг өгч надад хар гялгар ууттай хөлдүү чонын дотор гэдэс өгсөн ба надад тэр эрэгтэй тайлбарлахдаа 2 ширхэг ходоод 2 ширхэг элэг байгаа гэж хэлсэн. Уг ууттай зүйл нь хөлдүү байсан учир яг юу гэдгийг мэдэхгүй хэлсэн үгэнд нь итгээд шууд л аваад явсан. Ингээд би Нарантуул захаас худалдан авсан зүйлээ өөрийн амьдардаг байрандаа авчран хөлдөөгчдөө хийсэн. Тухайн зүйлээс би өөрөө хэрэглээгүй ээждээ л аваачиж өгөх зорилготой байсан. 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр би нутаг руугаа явах болоод хөлдөөгчид байсан чонын элэг ходоодоо өөрийн хувцасны чемоданд хийгээд вагонд суун яваад маргааш нь Замын-Үүдэд ирсэн. Ингээд би Замын-Үүд дэх авто замын шалган нэвтрүүлэх боомтоор гарах үедээ гаалийн рентгенээр ачаагаа шалгуулаад гарах гэтэл гаалийн байцаагч миний чемоданыг шалгаад намайг саатуулсан. Нарантуул зах дээр зарж байсан эрэгтэй өөрөө надад чонын элэг ходоод мөн гэж хэлээд өгсөн би тэр хүний үгэнд итгээд худалдаж авсан. Би өөрөө хараад ялгаж мэдэхгүй. Надад санал хүсэлт байхгүй хүлээн зөвшөөрч байна. Би элэг ходоод хоёр л авна гэсэн яг ямар эрхтэн байсан талаар мэдэхгүй байна. Миний хувьд энэ асуудлыг хурдан шуурхай шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй байна гэжээ. /хх-ийн 46-48/

- Шүүгдэгч Б М /B M L/ шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Хичээл тархаас 1 сарын өмнө Улаанбаатар хотын Нарантуул зах дээр явж байгаад нэг эрэгтэй хүнээс чоны ходоод, элэг авсан. Тэр хүн зарна гэж хэлэхээр нь 100.000 төгрөг авсан. Би задлаж үзээгүй шууд итгээд худалдаж авсан. Тэгээд сургуулийн дотуур байрны хөлдөгчинд ууттай тэр чигээр нь хийсэн. 2 сард сургуулийн амралтаар чонын эд зүйлээ чемодан дотороо хийгээд хилээр гарах гэж байгаад гаалийн шалгаглтаар саатуулагдсан. Манай ээж элэгний өвчтэй, Өвөрмонгол хүмүүс чонын элэг, ходоод хүний биед маш сайн байдаг гэдгийг сонсож байсан учир ээждээ өгөх гэж авч явсан юм. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв. 

- Иргэний нэхэмжлэгч Т.У мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн тайлбартаа: Тухайн экологи эдийн засгийн үнэлгээг Монгол улсын засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаар тогтоолоор баталсан амьтны экологи эдийн засгийн үнэлгээг нь тогтоосон байдаг тул тухайн саарал чонын дотор эрхтнийг экологи эдийн засгийн үнэлгээгээр нь нэхэмжлэгчээр оролцоно. Монгол Улсын Засгийн Газрын 2011 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаартай тогтоолд эм саарал чоныг 600.000 төгрөгөөр, эр саарал чоныг 510.000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Тухайн саарал чонын дотор эрхтний эр эмийг тогтоох боломжгүй тул хамгийн бага буюу эр саарал чонын үнэлгээ болох 510.000 төгрөгөөр нь нэхэмжилнэ. БНХАУ-ын иргэн Б М нь саарал чонын 2 ширхэг ходоод, 2 ширхэг элэг, 1 ширхэг цөс, 1 ширхэг уушгийг Монгол улсын хилээр нэвтрүүлсэн байх тул үүний дагуу 2 эр саарал чонын үнэ буюу 1.020.000 төгрөгийг нэхэмжилнэ. Буруутай этгээдээс 2 саарал чонын үнэ буюу 1.020.000 төгрөгийг гаргуулж улсын орлогод авах хүсэлтэй байна өөр нэмж ярих зүйл байхгүй гэжээ.  /хх-ийн 37-38/    

- Гэрч Т.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн тайлбартаа: Би 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 09 цагийн орчимд Замын-Үүд дэх авто замын шалган нэвтрүүлэх цогцолборт хуваарийн дагуу улсын хилээр гарах чиглэлт рентген аппарат дээр ажиллаж байсан. Тухайн үед зорчигчийн ачаанд хяналт тавьж байхад зорчигчдын ачаа дунд саарал өнгийн чемодан байсан уг чемоданд мах байгаа нь харагдсан. Тэгэхээр нь би чемоданыг рентген аппаратаар орж дууссаны дараа аван зорчигч нараас хэний чемодан болохыг асуухад 20-25 орчим насны эмэгтэй зорчигч ирж уг чeмодан минийх гэж хэлсэн. Ингээд би тэр эмэгтэйгээс та өөрийн авч яваа чемодандаа ямар ачаа авч яваа юм бэ махны төрлийн бараа бүтээгдэхүүн байгаа юу гэж асуухад миний чемоданд чонын мах байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь тэр эмэгтэйн хажууд нь чемодамыг задлахад хувцсан дунд нь 2 ширхэг хар өнгийн гялгар уутыг гаднаас нь скочоор ороосон зүйл байсан ба уг хоёр гялгар ууттай зүйлийг задлахад хөлдөөсөн бондгор мах шиг зүйл харагдсан. Ингээд дээрх эмэгтэйн биед яваа бичиг баримтыг шалгахад БНХАУ-ийн дугаартай гадаад паспорттой B M L /Б М/ гэдэг эмэгтэй байсан. Б М-с би Монгол хэлээр таны чемодамд явж байгаа мах ямар амьтны мах болох хаанаас, хэзээ авсан талаар асуухад Монгол хэлээр би уг махыг Улаанбаатар хотын Нарантуул худалдааны төвөөс үл таних эрэгтэйгээс 100.000 төгрөгөөр худалдан авсан гэж хэлсэн. Үүний дагуу БНХАУ-ийн иргэн Б М-г саатуулж, авч явсан махыг нь шинжилгээнд хүргүүлэхэд саарал чонын мах гэж дүгнэлт гаргасан. Саарал нь чоно нь зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцэд орсон байдаг. Саарал чонын эд эрхтэн, мах нь Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан бараа бүтээгдэхүүнд хамаардаг байгаа юм. Тухайн үед БНХАУ-ын иргэн Б М нь ганцаараа явж байсан. Зэрлэг амьтан болох саарал чонын эд эрхтэн махыг зөвхөн судалгаа шинжилгээний зорилгоор тусгай зөвшөөрөлтэй Монгол улсын хилээр нэвтрүүлдэг ба Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зөвшөөрлийн бичиг нь гардаг. Арилжааны зорилгоор Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хориглодог гэжээ. /хх-ийн 39-41/

- Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн тайлбартаа:  Би Эрээн хот Замын-Үүд сум хооронд хүн болон ачаа тээвэрлэдэг. Би 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 07 цаг 20 минутын орчимд өөрийн эзэмшлийн улсын дугаартай Хятад улсад үйлдвэрлэсэн жиптэй хүн авч Эрээн хот руу явахаар Замын-Үүд сумын талбай дээр зогсож байтал орон нутгийн вoгaноос зорчигч нар буусан ба зорчигч нарын дунд гурван Өвөр Монгол охин бууж ирэхээр нь би Өвөр Монгол охидуудаас Эрээн гарах уу гэж асуухад Эрээн гарна гэж хэлсэн. Ингээд би дээрх гурван Өвөр Монгол охиныг нэг хүний 50 юаниар өөрийн машиндаа суулгаж Замын-Үүд дэх Автозамын шалган нэвтрүүлэх боомт буюу Монгол улсын хил рүү орсон. Ингээд Монгол Улсын хил дээр ирээд дээр зогсож штамб даруулахаар цогцолбор луу орсон. Би гадаа нь Хилийн мэргэжлийн хяналт, гааль шалганд өөрийн автомашинаа шалгуулаад өөрийнхөө паспорт дээр штанбаа даруулаад зорчигч нараа хүлээгээд зогсож байтал 2 охин нь штамбаа даруулсан бололтой цогцолбороос гарч ирээд үүдэнд зогссон нэг охин нь байхгүй байсан. Тэгэхээр нь би 2 охиноос нөгөө охин чинь яасан гэж асуухад цогцолбор луу гараараа заагаад байсан ба удалгүй гаалийн байцаагч үлдсэн охиныг дагуулан гарч ирээд буцаагаад бид нарыг бүгдийг нь цогцолбор луу аваад орсон. Тухайн үед анх гарч ирсэн 2 охины ачаа бараа миний машинд байсан ба гаалийн байцаагч дээрх 2 охиныг аваад рентгенээр оруулж шалгасан. Тэгснээ гаалийн байцаагч надад чиний машинд сууж явсан нэг эмэгтэй чонын махтай явж байсан байна чи энэ талаар мэдэж байсан уу гэж асуухаар нь би мэдэхгүй гэдгээ хэлсэн. Ингээд чонын мах байсан гэх охиныг гаалийн байцаагч Монголын хил дээр аваад үлдсэн. Харин нөгөө 2 охиныг явахыг зөвшөөрөхөөр нь би өөрийн машиндаа суулгаж Монгол улсын хилээр гарч БНХАУ-ийн Эрээн хотод хүргэж өгсөн. Би машинд суусан хоёр охиноос та нар яасан сонин юм бэ хилээр хориглосон ачаатай явж байсан байна гэж хэлэхэд миний машинд сууж явсан 2 охин Монголын хилээр үлдсэн охиныг бид 2 танихгүй ер нь бие биеэ огт танихгүй бид 2-т хамаагүй гэж хэлсэн. Ер нь машинд сууж явж байхдаа дээрх охидууд хоорондоо харьцахгүй байсан. Тухайн үед гаалийн байцаагч надад чонын махны талаар мэдэхгүй бол энэ талаараа тодорхойлолт бичиж өг гэж хэлэхээр нь бичиж өгсөн гэжээ. /хх-ийн 42-43/

- Шинжээч Г.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн тайлбартаа: Ямар ч амьтанд нэг ходоод, нэг элэгтэй байдаг учраас миний гаргасан, шинжээчийн дүгнэлтэд 2 ходоод, 2 элэг гэж бичсэн бол 2 амьтны л эд эрхтэн гэсэн үг. Тийм болохоор 2 ходоод, 2 элэг нь хоёр бодгаль амьтны эд эрхтэн. Эдгээр элэг 1 ширхэг, уушги 1 ширхэг, цөс 1 ширхэг, ходоод 1 ширхэг нь нэг бодгаль амьтны эд эрхтэн гэжээ. /хх-ийн 44/

- Зөрчлийн хэрэг нээх тухай 0318030005 дугаартай тогтоол /хх-ийн 3/

- Бараанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-10/

- Эд зүйл, баримт бичгийг хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 11-12/

- Шинжлэх ухааны академи Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн Шинжээчийн 07 тоот дүгнэлт /хх-ийн 22/

- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 29/

- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 33-34/

- Ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50/

- Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 64-65/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгээр судалсан болно.

Шүүгдэгч Б М /B M L/-ны улсын хилээр нэвтрүүлсэн эд зүйл дотор чононы цөс байсан нь шинжээч Г.Ц-н мэдүүлэг, шинжлэх ухааны академи Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн Шинжээчийн 07 тоот дүгнэлт зэргээр тогтоогдож байхад улсын яллагч яллах дүгнэлтэндээ дүгнээгүй алдааг шүүх хуралдааны явцад залруулсан байдал нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй, зүйлчлэлд нөлөөлөхгүй гэдгийг дурдах нь зүйтэй байна.  

Шүүгдэгч Б М /B M L/ нь 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль болон Амьтны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Байгаль орчны сайдын 2007 оны 292 тушаалаар баталсан “Ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд ан амьтны холбогдолтой судалгааны ажлын сорьц, дээжийг гадаад улсад гаргах журмаар хязгаарласан бараа болох чонын элэг, ходоод, уушги, цөс зэрэг эд зүйлийг Монгол Улсын хилээр зохих зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаан дээр болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, гэрч Т.Э-н “Тэгэхээр нь би чемоданыг рентген аппаратаар орж дууссаны дараа аван зорчигч нараас хэний чемодан болохыг асуухад 20-25 орчим насны эмэгтэй зорчигч ирж уг чeмодан минийх гэж хэлсэн. Ингээд би тэр эмэгтэйгээс та өөрийн авч яваа чемодандаа ямар ачаа авч яваа юм бэ махны төрлийн бараа бүтээгдэхүүн байгаа юу гэж асуухад миний чемоданд чонын мах байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь тэр эмэгтэйн хажууд нь чемоданыг задлахад хувцсан дунд нь 2 ширхэг хар өнгийн гялгар уутыг гаднаас нь скочоор ороосон зүйл байсан ба уг хоёр гялгар ууттай зүйлийг задлахад хөлдөөсөн бондгор мах шиг зүйл харагдсан. Ингээд дээрх эмэгтэйн биед яваа бичиг баримтыг шалгахад БНХАУ-ийн дугаартай гадаад паспорттай B M L /Б М/ гэдэг эмэгтэй байсан. Б М-с би Монгол хэлээр таны чемоданд явж байгаа мах ямар амьтны мах болох хаанаас, хэзээ авсан талаар асуухад Монгол хэлээр би уг махыг Улаанбаатар хотын Нарантуул худалдааны төвөөс үл таних эрэгтэйгээс 100.000 төгрөгөөр худалдан авсан гэж хэлсэн. Үүний дагуу БНХАУ-ийн иргэн Б М-г саатуулж, авч явсан махыг нь шинжилгээнд хүргүүлэхэд саарал чонын мах гэж дүгнэлт гаргасан.” гэх мэдүүлэг, Шинжээч Г.Ц-н “Ямар ч амьтанд нэг ходоод, нэг элэгтэй байдаг учраас миний гаргасан, шинжээчийн дүгнэлтэд 2 ходоод, 2 элэг гэж бичсэн бол 2 амьтны л эд эрхтэн гэсэн үг. Тийм болохоор 2 ходоод, 2 элэг нь хоёр бодгаль амьтны эд эрхтэн. Эдгээр элэг 1 ширхэг, уушги 1 ширхэг, цөс 1 ширхэг, ходоод 1 ширхэг нь нэг бодгаль амьтны эд эрхтэн” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Т.У-н “Тухайн саарал чонын дотор эрхтний эр эмийг тогтоох боломжгүй тул хамгийн бага буюу эр саарал чонын үнэлгээ болох 510.000 төгрөгөөр нь нэхэмжилнэ. БНХАУ-ын иргэн Б М нь саарал чонын 2 ширхэг ходоод, 2 ширхэг элэг, 1 ширхэг цөс, 1 ширхэг уушгийг Монгол улсын хилээр нэвтрүүлсэн байх тул үүний дагуу 2 эр саарал чонын үнэ буюу 1.020.000 төгрөгийг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг, Шинжлэх ухааны академи Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн шинжээчийн 07 тоот дүгнэлт /хх-ийн 22/, бараанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-10/  зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль болон Амьтны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Байгаль орчны сайдын 2007 оны 292 тушаалаар баталсан “Ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд ан амьтны холбогдолтой судалгааны ажлын сорьц, дээжийг гадаад улсад гаргах журам, зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцид чоно, түүний гаралтай түүхий эдийг экспортлох болон импортлоход экспортлогч улсын экспортын зөвшөөрлийн бичгийг бүрдүүлэхийг шаарддаг. Иймд шүүгдэгч Б М /B M L/ улсын хилээр нэвтрүүлсэн чонын элэг, ходоод, уушги, цөс зэргийг улсын хилээр нэвтрүүлэх эрхийн бичиггүйгээр нэвтрүүлэх үйлдэл нь хууль болон олон улсын гэрээнд заасан хязгаарлалт тогтоосон барааг Монгол улсын хилээр нэвтрүүлсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй юм.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын  прокуророос шүүгдэгч Б М-д /B M L/ зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан үзлээ.

Шинжээч Г.Ц, иргэний нэхэмжлэгч Т.У нарын мэдүүлэг, шинжээчийн 07 тоот дүгнэлт зэргээр шүүгдэгч Б М /B M L/ нь улсын хилээр хууль бусаар нэтрүүлсэн чонын эд эрхтэн нь хоёр бодгаль амьтны эд эрхтэн болох нь тогтоогддог, түүнчлэн шүүгдэгчийн авч явсан эд эрхтнээр амьтны эр, эм эсэхийг тогтоох боломжгүй гэсэн шинжээчийн дүгнэлтэд тулгуурлан шүүгдэгчид ашигтай байдлаар нь бага үнэлгээтэй буюу эр чонын экологи-эдийн засгийн үнэлгээ болох 510.000 төгрөгийг 2 чоноор тооцон хийт 1.020.000 төгрөгийг Б М /B M L/-аас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гаргуулж  улсын орлого болох нь зүйтэй гэж үзлээ.   

Эд мөрийн баримтаар хураагдсан чонын элэг, ходоод, уушги, цөс зэргийг устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй юм.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б М /B M L/-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуульд заасны дагуу хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б М /B M L/-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б М /B M L/-д оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 1 /нэг/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б М /B M L/ нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн чонын элэг 2 ширхэг, ходоод 2 ширхэг, уушги 1 ширхэг, цөс 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй. 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б М /B M L/-аас 1.020.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

7. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б М /B M L/-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ       Э.Б