Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 2024/ДШМ/866

 

  2024           07            24                                          2024/ДШМ/866

 

Д.Д, Б.А нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Энхбаяр,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б, түүний өмгөөлөгч Ш.Ганбат, Г.Цэрэнжамц, Б.Эрдэнэбаатар,

шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Т.Багахүү, Г.Мөнхбат, Х.Ундрах-Оргил,   

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/436 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б, түүний өмгөөлөгч Г.Цэрэнжамц, Б.Эрдэнэбаатар, шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Т.Багахүү, Г.Мөнхбат, Х.Ундрах-Оргил нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Д, Б.А нарт холбогдох 1806 08420 2595 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

1. Х овгийн Д-н Д, ... оны .. дүгээр сарын ..-ны өдөр ......... төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ............... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: .............../;  

2. Х овгийн Б-н А, .... оны .. дугаар сарын ..-ны өдөр ..... төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй,  хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ............. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ......./;

Шүүгдэгч Д.Д, Б.А нар нь хамтран:

“Ш Г” ХХК-ийн Бизнес хөгжил, бодлого зохицуулалтын газрын захирлаар ажиллаж байхдаа Д.Д, “Ш Г” интернэшнл ББСБ-ын гүйцэтгэх захирал Б.А нар нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдөр “Ш Г” ХХК-ийг төлөөлүүлж Б.А-р иргэн Ш.Ц-тэй Баянзүрх дүүргийн .. дугаар хороо, “М” гудамжинд баригдаж буй байрны А блок 1 дүгээр орц .. давхрын G тоот 37.7 мкв-ыг 38.454.000 төгрөгөөр зарахаар гэрээг байгуулан баталж, иргэн Ш.Ц-с өгсөн 38.454.000 төгрөгийг “Ш Г” ХХК-ийн дансанд тушаалгүй завшсан,

2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр “Ш Г” ХХК-ийг төлөөлж иргэн Э.Т-тай Баянзүрх дүүргийн .. дугаар хороо, “М” гудамжид баригдаж буй байрны А блок 1 дүгээр орц 9 давхрын В тоот 53 мкв-ыг 1.000.000 төгрөгөөр тооцож, 53.000.000 төгрөгөөр худалдахаар гэрээ байгуулан баталж, улмаар 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр гэрээг Э.Т-т мэдэгдэлгүй дахин мкв-ыг 910.000 төгрөгөөр тооцон 48.230.000 төгрөгөөр байгуулан иргэн Э.Т-с байрны төлбөрт төлсөн 42.000.000 төгрөгөөс 19.770.000 төгрөгийг “Ш Г” ХХК-ийн дансанд тушаалгүй завшсан,

2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр иргэн Г.Г-тай Баянзүрх дүүргийн ..........., “...........” гудамжинд баригдаж буй байрны А блок 1 дүгээр орц 12 давхрын Н тоот 42.3 мкв-ыг 1.000.000 сая төгрөгөөр тооцож, 42.300.000 төгрөгөөр худалдахаар гэрээ байгуулсныг баталж улмаар Г.Г-н тушаасан мөнгөнөөс Б.А-с 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр “Хаан” банкны ... данс руу 18.000.000 төгрөгийг нь шилжүүлэн авч “Ш Г” ХХК-ийн дансанд тушаалгүй завшсан,

2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр иргэн А.Т-тай Баянзүрх дүүргийн ..........., “...........” гудамжид баригдаж буй байрны В блок 2 дугаар орц 12 давхрын F тоот 42.4 мкв-ыг 980.000 төгрөгөөр тооцож, 41.552.000 төгрөгөөр худалдахаар гэрээ байгуулсныг баталж, улмаар А.Т-н тушаасан 34.000.000 төгрөгөөс Б.А-с 2018 оны 8 сарын 01-ний өдөр 8.000.000 төгрөгийг нь бэлнээр авч 14.500.000 төгрөг нийт 22.500.000 төгрөгийг “Ш Г” ХХК-ийн дансанд тушаалгүй завшсан,

2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр иргэн Д.У-тэй Баянзүрх дүүргийн ..........., “...........” гудамжинд баригдаж буй байрны G блок 1 дүгээр орц 10 давхрын D тоот 31.5 мкв-ыг 1.050.000 төгрөгөөр тооцож 33.075.000 төгрөгөөр худалдахаар гэрээг батлуулж улмаар Д.У-н тушаасан 33.075.000 төгрөгөөс “Ш Г” ХХК-ийн дансанд 3.150.000 төгрөгийг тушаалгүй завшиж үргэлжилсэн үйлдлээр албан тушаалын байдлаа ашиглан нийт 82.104.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг тус тус,

Шүүгдэгч Д.Д нь ганцаараа: “Ш Г” ХХК-ийн Бизнес хөгжил, бодлого зохицуулалтын газрын захирлаар ажиллаж байхдаа “Ш Г” Интернэшнл ББСБ-ийн гүйцэтгэх захирал Б.А-н иргэн Д.Н-с 15.000.000 төгрөгийг жилийн 2.5 хувийн хүүтэйгээр зээлэхээр гэрээ байгуулж, Д.Н-с өгсөн 15.000.000 төгрөгөөс 10.000.000 төгрөгийг нь ББСБ-ийн дансанд оруулалгүй өөртөө авч завшсан,

2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр “арматур төмөр” худалдан авахаар 119.616.000 төгрөгийг бэлнээр авч тухайн үеийн ханшаар 1 тн арматур төмөр нь 1.680.000 төгрөг буюу 45 тн арматур төмрийг 75.600.000 төгрөгөөр худалдан авч үлдэгдэл 44.016.000 төгрөгийг “Ш Г” ХХК-ийн дансанд буцааж тушаах байсан боловч 22.999.200 төгрөгийг тушааж 21.016.800 төгрөгийг хувьдаа завшсан,

2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр “Ай ти сервис”-ээс “Dell inspinon” загварын зөөврийн компьютерыг худалдан авахаар 2.420.000 төгрөгийг хүлээн авсан боловч Apple брэндийн IМАС загварын 2.000.000 төгрөгийн зөөврийн компьютерыг худалдан авч, 420.000 төгрөгийг хувьдаа завшиж, үргэлжилсэн үйлдлээр албан тушаалын байдлаа ашиглан нийт 113.540.800 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.Д, Б.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Д, Б.А нарыг үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хамтран оролцсон гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан үндэслэлээр Б.А-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Д-д 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг сиди, 1 ширхэг флаш зэргийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсаргах, Д.Д-н эзэмшлийн Ү-2204071889 дугаартай Баянзүрх дүүргийн ..........., 48д байрны 94 тоот байрыг, мөн ... УНЛ  улсын дугаартай “Ланд Круйзер Прадо-120” маркийн тээврийн хэрэгслүүдийг тус тус битүүмжилсэн Баянзүрх дүүргийн прокурорын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигчид буцаан олгож, шүүгдэгч Б.А нь энэ хэрэг цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч С.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон Д.Д-н өмгөөлөгч нарын давж заалдах гомдлуудтай танилцаад дараах гомдлыг гаргаж байна. Д.Д энэ компанид орж ажиллая, маркетинг бодлого боловсруулж, ойрын болон хэтийн төлөвлөлт гаргаж өгье, цалин авахгүй ажиллаад өгнө гэхэд нь баярлаж хүлээн авсан. Бага ч гэсэн цалин өгье гэж шийдээд 700.000 төгрөгийн цалинтай маркетинг менежментийн менежерийн албан тушаал шинээр үүсгэн ажилд авсан. Энэ бол 2017 оны 01 дүгээр сар юм. 1 жил 4 сар нь Д.Д “Ш Г” ХХК-д ажилласан. Худал гэдэг ийм өргөн хүрээ хамардгийг бид бие сэтгэлээрээ туулан байж өнөөдрийг хүрсэн. Гэвч эцэст нь үнэнд гүйцэгдэж, шүүхээс Д.Д болон Б.А нарыг гэм буруутайд тооцсон. Д.Д нь “би олон хүнтэй харьцана, тусдаа өрөө, сайн үзүүлэлттэй компьютер хэрэгтэй” гэхэд нөүтбүүкээс бусад шаардсан эд зүйлийг компаниас авч өгч тохижуулан, тусгай өрөө  гаргаж өгсөн. Харин ганцхан нөүтбүүкийг өөрийнх нь хүсэлтээр сайн үзүүлэлттэй нөүтбүүк өөрөө авна гэхэд нь дэмжиж 2.424.000 төгрөг “Ай ти сервис” ХХК-ийн нэхэмжлэхээр гаргаж өгсөн байдаг. ... Шүүхээс гэм буруутайг тогтоох хүртэл хуулийн байгууллагуудаар 6 жил шалгуулж явахдаа өөрийн хийсэн үйлдэл, хэлсэн үгийн буруу бүхнийг хэн нэгэн буруугаас болсон болгохын тулд бусдыг яаж гүтгэж харлуулж, хулгай залилангаа нуухын тулд хэнийг юуг ч золиослож чаддаг... гэдгийг бүрэн ойлгосон. Д.Д болон түүний гэр бүлийг сайн сайхан амьдруулахын миний бие өөрт байгаа бүхий л боломжоороо тусалж байхад үгсэн хуйвалдаж, хулгай хийж, хөрөнгө завшиж, нийлээд ар нуруу луу хутгалж явсныг мэдээд маш их цочирдсон. Гэтэл миний бие цочирдож хүлээж авах юу ч биш аймшигтай гутамшигтай байдлаар өмгөөлөгч нартайгаа нийлэн үгсэж намайг, миний хүүг, ажилчдыг, ах дүү нарыг чөлөөтэй харах зүггүй болтол дарамтлан гүтгэж эхэлсэн. Д.Д болон түүний өмгөөлөгчидтэй анх удаа шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр нүүр тулж эхлэхэд л биднийг хэн ч биш болгож эрээ цээргүй гүтгэе гэж санаа зорилго нэгдсэн юм байна даа гэж ойлгож эхэлсэн. Энэ нь өмгөөлөгч Багахүүгийн “Б өөрөө гэмт хэрэгтэн, Б-г цагдаад өгнө”, өмгөөлөгч Мөнхбатын “С.Б намайг хуурамч бичиг баримт буюу хаанаас авсан нь үл мэдэгдэх канондсон гэрээ баримтуудыг өмнө нь ял зэм хүртэж байсан нотариатч хүнтэй үгсэн хуйвалдаж батлуулж ирсэн” гэх ор үндэсгүй байж боломгүй илт худал гүтгэлэг яриануудаас илэрч эхэлсэн бөгөөд ядаж шүүх дээр очоод гэм буруугаа ухаарч уучлалт гуйж үнэнийг өчин ах дүүсийн цусан төрлийн холбоогоо авч үлдэх болов уу гэж хүлээж байсан итгэл найдвар бүрэн тасарсан. ... Нөгөө талаар Д.Д эхний мэдүүлгийн үеэр үнэний тухай 20%-тай ярьж байсан байдаг. Эрх биш хүн юм болохоор намайг миний нагац эгч, хүүг миний үеэл гэх үнэн бөгөөд зөөлөн үгнүүдийг хэрэглэж байсан боловч 2019 онд өмгөөлөгч нар нь солигдсоноор илт мушгин гуйвуулсан, гүтгэсэн, аархсан буруу бүхнийг бусдаас хайсан мэдүүлгүүд болж хувирсанд өнөөдрийг хүртэл гайхаж бас туйлын харамсаж байна. Улмаар хэрэг мөрдөн байцаалтын шатанд байх үеэс үе үеийн мөрдөн байцаагч нарыг буруутгаж байсан ба хэрэгт хяналт тавьж буй прокурорын байгууллагын удаа дараагийн шийдвэр яллах дүгнэлтийг үгүйсгэж, хохирогчтой үгсэн хуйвалдаж гэмт хэрэг хийгээгүй авлагатай хүнийг гүтгэж шүүхээр оруулж ирлээ гэх үйлдэл мөн шүүх шинжилгээний байгууллагуудын гаргасан дүгнэлтийг ч үл зөвшөөрөн хуурамч мэтээр байр сууриа илэрхийлэн шүүх хуралд оролцож байсан нь дан ганц хохирогч намайг биш өөр хэнийг ч, бүр тангараг өргөсөн хуулийн байгууллагын ажилтнуудыг ч эрээ цээргүй гүтгэн буруутгаж, аархаж байсныг хараад хэн нэгэн энэ хүнийг ийм итгэл төгс, зориг зүрхтэй болтол гэмт хэрэг хийгээгүй цагаадна гэж ойлгуулж дээ гэж бодон маш их харамсаж байсан. Гэтэл энэ байдал нь цааш үргэлжилж шүүхээс гэм буруутайг тогтоосоор байхад шүүхийн шийтгэх тогтоолыг үл тоон бас л надтай холбон намайг зохион байгуулж, хууль бус шийдвэр гаргуулсан мэтээр ярьж, ар гэр нь бид гэм буруутай юм шиг аашлан, ах дүүсээр нь алж хядахаа илэрхийлэн стори хийж, “та нарын бах чинь ханаж байна уу” гэж тавлаж эхэлсэн. Д.Д болон түүний ах дүүс яг үнэн чанартаа өнөөдөр хүртэл бидний өгсөн байранд сууж, Ц-г хохироож биднийг хууран мэхэлж, сайхан сэтгэл дээр дөрөөлж, олж авсан жип машинаа унаж, миний өгсөн ажлын байранд үйл ажиллагаа явуулж амьдралаа залгуулж, үүнээс өмнө байгаагүйгээрээ юм юмтай сайхан амьдарцгааж байгаа. Ингээд ч болов буруугаа хүлээгээд ах дүү биднийгээ гүтгэж харлуулахгүйгээр тайван амгалан орхиж болохгүй улам эвдрэлцүүлж, сэтгэл санааны гүн хямралд ахан дүүсээр нь оруулж байгаад маш их гомдолтой байна. Үүнээс өмнө бид ах дүү 13-уулаа тэдгээрийн үр хүүхэд, ач зээ нар гээд 170 гаруй хүн эвтэй найртай олны хүч оломгүй далай гэдэг зарчмаар амьдралын сайн мууг туулж ирсэн сайхан ах дүүс байсан. Бид энэ хүнд, энэ гэр бүлд ямарч өргүй. Гэтэл давж заалдах гомдолдоо одоо ч гэсэн гэм буруугүй харин ч авлагагай гэж гүтгэсэн байна. Гэр хороололд амьдардаг, өөрийн унах унаагүй, ажилгүй, дансандаа 20,000-ийн орлоготой, ийм хүн манайд ажилд орж байсан. 1 жил 4 сарын дотор өнөөдөр шүүх дээр битүүмжлүүлээд байгаа эд хөрөнгө болох 1 өрөө орон сууц, Прадо ланд крүйзер машин, зуслангийн байшин, үйлчилгээний объект дансандаа хамгийн дээд тал нь захиалагч Гантулгын байр захиалж шилжүүлсэн 18,0 сая төгрөгийг өөрийн дансаар авч хувьдаа байрны урьдчилгаа болгон захиалах хэмжээний дансны орлоготой болсон нь хавтаст хэргээс хангалттай харагддаг. Д.Д-н компаниас завшиж бусдад учруулсан хохирлыг бид хэнээс ч хамааралгүйгээр хэлүүлж шаардуулалгүйгээр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Д.Д-н өмнөөс төлж барагдуулсан. Харин иргэн Ц хүү, алданги нэхэмжлэн шүүхээр шийдүүлнэ гэсэн байр суурьтай байгаа учир энэ хүний байр захиалгын мөнгө болох 38.454.000 төгрөг түүний хүү алданги 16 сая төгрөг иргэний хэргийн шүүхийн шатанд явж байна. Гэтэл энэ хүний мөнгийг Д.Д завшиж өөртөө “Прадо” маркын машин авч унаад 6 жил болж байхад түүний өмнөөс өр төлбөрийг нь “Ш Г” ХХК төлж хүү, алдангийн асуудалд унаж байгаа. Байртай болох гэж “Ш Г” ХХК-д итгэл найдвар үзүүлэн бэлэн мөнгөө тушаагаад өнөөдөр байр ч үгүй бэлэн мөнгө ч үгүй машин ч үгүй хохирсон иргэн Ц, Д.Д-н өмнөөс хохирлыг барагдуулж байгаа “Ш Г” ХХК хоёрын хохирол одоо ч гэсэн үргэлжилсээр байхад хохироосон Д.Д машинаа унаад биднийг гүтгээд би хэрэг хийгээгүй гээд завшиж явах нь шударга ёсонд байж боломгүй үйлдэл. Унаа тэрэгтэй болох гэсэн шуналыг гүйцээхийн тулд миний хүү Б бэлэн мөнгө оролцуулахгүйгээр машин авч болно гэж өөрт байгаа боломжоороо дэмжсэн байдаг. Үүнийгээ ч мөрдөн байцаагчид үнэнээр хэлсэн байгаа. Энэ үнэнийг мэдүүлснийхээ төлөө өнөөдөр хүртэл Ц-н байрны мөнгөөр машин авч болно гэж Б зөвшөөрчихөөд авсан хойно нь завшсан гэж гүтгэлээ гэдэг дайралтад өртөж байгаа. Миний хүү 21 насандаа “Ш Г” ХХК-ийг 2004 онд байгуулж өдгөө 20 дахь жилдээ ажиллаж байна. ... Ийм учир Д.Д болон түүний өмгөөлөгч нарын яриад байгаа хуурамч бичиг баримт бүрдүүлсэн хууль хяналтын байгууллагад нөлөөлсөн, ажилчидтайгаа нийлж Д.Д-г гэмт хэрэгт гүтгэсэн... гэх мэт байж боломгүй гүтгэлгүүдийг хүлээн зөвшөөрч чадахгүй. Анхан шатны шүүх Д.Д-д хүнлэг энэрэнгүй байх зарчмаа хангалттай үзүүлсэн. Мөн анхан шатны шүүх 63.800.000 төгрөг төлөгдсөн гэж буруу дүгнэсэн байгааг анхаарч үзнэ үү. ...” гэв.

Хохирогч С.Б-н өмгөөлөгч Г.Цэрэнжамц давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх ... Д.Д-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирлын хэмжээг тогтоохдоо түүний өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг дэх хашаа байшинг “Ш Г” ХХК-ийн дулааны шугам өргөтгөлийн ажилд бартераар өгч оронд нь 63.8 м.кв байрыг орон сууц захиалан бариулах гэрээ хийж худалдан авсан болохыг харуулна. Энэ 3 өрөө байрны 1 м.кв нь 1.000.000 төгрөг нийт 63.000.000 төгрөгөөр тооцсон байна гэж хасаж тооцсон. Гэтэл тус байр бусад худалдан борлуулсан төлбөрөөс бэлнээр компанид тушаасан 35.000.000 төгрөгийг төлсөн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогддог. Прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ Д.Д, Б.А нар нь хохирогч С.Б-д учирсан хохирол төлбөр төлөгдөөгүй талаар тодорхой дурдсан. Мөн хохирогч С.Б “... Д.Д надаас орж ирээд уучлалт гуйсан. Миний өрөөний ширээн дээр зүрх нь савлаа татаад унасан. А эгч бид хоёр долоогоны ханд өгөөд тайвшруулаад би үнэхээр уучлаад чи надад хэлээд авахгүй яасан юм бэ гэхэд би үнэхээр хэлж чадаагүй, шийдвэр гүйцэтгэл дээр ч гэсэн үү хаана ч гэлээ миний өр нэхэгдээд би авчихсан юм гэж хэлсэн. Миний яриад байгаа зүйл бүгд үнэн, худлаа ярихыг тэвчдэггүй учраас үнэн үг хатуу байдаг. Хулгайч худалч харагдаад байгаа байхгүй юу, тэгээд уучлалт гуйхаар нь би уучилсан, өөрөө намайг уучилчихаад дараа нь цагдаад өгсөн байна лээ гэж ярьдаг. Би уучлаад за чи гараад өшөө миний мэдэхгүй ямар асуудал байна, санхүүтэй тооцоо хийгээд өөрөө бичээд ороод ир гээд гаргахад нэг өдөр сая сүүлд Шүүх шинжилгээнд өгсөн өөрийнх нь тооцоо нь мөн байна гэдэг дүгнэлт гаргасан баримт бариад ороод ирсэн. Юу гэж хэлсэн бэ гэхээр 31.2 м.кв үржих нь 1.350.000 тэнцүү 42.120.000 гэсэн тоо байсан. Шүүх шинжлэн судлахаар гараад ирэх байх, энэ юун байр вэ, дахиад бас миний мэдэхгүй асуудал байна уу гэхэд “таны бид нарыг өвдөхөд бэлэглэсэн байрыг би буцааж өгч байна” гэж хэлсэн. Яагаад тэгж байна вэ гэхэд П ах хүнээс авсан бүх зүйлээ буцааж өг гэж хэлсэн гэсэн. Би энэ байрны мөнгийг төлчихлөө гэсэн. Чи яаж төлсөн бэ гэхэд надад тэр 35 сая төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 9-ний өдөр тушаасан баримтыг авч орж ирсэн. Ингээд бид хоёр тооцоо нийлээд байраа буцааж өгч байгаа юм байна гээд тухайн баримтын дагуу байрны мөнгийг бусад төлсөн мөнгөнүүд 63 сая төгрөг л байгаа 20 сая төгрөг нь угаасаа хий бичигдсэн баримт байгаа 43 сая энэ компанид хэн төлөөгүй гэж хэлээгүй төлсөн. Өөрийнх нь хүсэлтээр надтай тооцоо нийлсэн баримтыг үндэслээд буцааж өгч байгаа байрны төлбөрт авсан. ...” гэх мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, Д.Д-н өөрийн гараар хохирогч С.Б-д тооцоо  нийлсэн 2 ширхэг гар бичвэр зэрэг хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар Д.Д нь хохирол төлсөн гэх 63.000.000 төгрөгийн 43.000.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн ..........., 48 дугаар байрны 94 тоот 31.5 м.кв 1 өрөө байрны төлбөрийг өөрийн сайн дурын үндсэн дээр С.Б-д тооцоо нийлэхдээ тухайн байрны төлбөрийг төлсөн талаар өөрийн санаачлагаар илэрхийлж баримтыг бүрдүүлэн өгсөн.

Мөн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 20.000.000 төгрөг бэлнээр тушаасан гэх боловч гэрч Уд-д би ББСБ-д “Ш Г” ХХК-ийн төлөх ёстой байсан 20.000.000 төгрөгийг өөрөө хувийн мөнгөнөөсөө төлсөн тул гэсэн баримт гаргаж өг гэж хэлж ойлгуулан 20.000.000 төгрөгийн хий орлого хийлгүүлж баримтыг авсан болох нь тогтоогдсон ба тус мөнгийг А.Т-тай орон сууц захиалгын гэрээний төлбөрийг “Ш Г” интернэшнл ББСБ-д орсон мөнгөнөөс нэр бүхий 4 этгээдийн нэр дээр 14.500.000 төгрөг, өөрийн төрсөн ах Д.П-р дамжуулан авсан гэх 8.000.000 төгрөг нийт 22.500.000 төгрөгийг завшсан мөнгөнөөс төлсөн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед нотлогдон тогтоогдсон ба компаниас завшсан мөнгөнөөс “Ш Г” ХХК-ийн ББСБ-аас зээлсэн төлбөрийг төлсөн байдаг. Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан завших гэмт хэргийн улмаас 133.310.800 төгрөгийн хохирол учруулсан байх тул шүүгдэгч Д.Д-с гаргуулж шийдвэрлэж өгнө үү. “Ш Г” ХХК-ийн захирал Б.Б нь анх 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэмт хэргийн шинжтэй гомдлыг цагдаагийн байгууллагад гаргаж мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр буюу 2018 хоногийн дараа анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэсэн. Энэ хугацаанд Д.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрдөггүй, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллах дүгнэлтэд удаа дараа гомдол хүсэлтээ дээд шатны прокурорын нэгж, албан тушаалтанд гаргаж ирсэн. Өөрөөр хэлбэл, зөвхөн тус дүүргийн прокурорын газар бус Монгол Улсын прокурорын байгууллагаар тухайн хэрэг нь хянагдаж гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэл хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд хангалттай нотлогдон тогтоогдсон гэж прокурорын байгууллага үзэж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг шүүхээр эцэслэн тогтоолгохоор хэрийг шүүхэд шилжүүлсэн ба Д.Д-г 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.Д түүний сонгон авсан өмгөөлөгч нарын гомдол  хүсэлтийг бүрэн хүлээн авч хуулийн дагуу тухай бүр шийдвэрлэж, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийг шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хохиролд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Д.Д-с хохирогч С.Б-д 133.310.800 төгрөг төлөх төлбөрт, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын бусад шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Хохирогч С.Б-н өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт оногдуулж болох хорих ялын хамгийн бага буюу 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн юм. Эрүүгийн хуулийн зорилгод бүрэн нийцээгүй байна гэж үзэж байна. Гэмт хэрэгт оногдуулж болох ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан оногдуулахаар хуульчилсан.

Гэтэл шүүгдэгч нарын тухайд дээрх нөхцөл байдлууд огт тогтоогдоогүй. Харин ч гэмт хэрэг үйлдээгүй, хэргийг цагаатгаж, хэрэгсэхгүй болгож өгнө үү хэмээн мэтгэлцэж оролцсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 4-т “хохирогч нь шүүгдэгчийг яллах, хариуцлагыг хүндрүүлэхтэй холбоотой санал хүсэлтийг шүүх хуралдааны аль ч үед гаргаж болно” хэмээн заасан. Хэрэгт шүүгдэгч Д.Д-н өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг танилцахад тус хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хянан хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн хэмээн үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэсэн агуулгаар гомдлыг гаргажээ.

Гэтэл прокурорын яллах дүгнэлтэд дурдсан хэргийн зүйлчлэл зөв бөгөөд анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн нөхцөл тогтоогдоогүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасны дагуу шүүгдэгч түүний  өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдол гаргаж байна. Тус хэрэг нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгагдаж эхэлснээс хойш 6 жил болж, тус хугацаанд 13 цагдаа, 8 прокурор солигдож, 3 удаа яллах дүгнэлт үйлдэж, 3-уулаа хэрэгсэхгүй болж, нэг л хуулийн гадуур, нотолбол зохих ажиллагааг бүрэн зөв хийгээгүй, асар их алдаатай, эдийн засгийн шинжилгээ гэхэд нэг тайлан эх үүсвэрээс мэдээлэл авч дүгнэлт гаргасан ч хоорондоо зөрүүтэй ээдрээ бүхий хэрэг юм. Шийтгэх тогтоолд ноцтой олон алдаа байна. Үүнийг тайлбарлавал: хохирол учирсан талаар “... хэрэгт цугларсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд болон шинжээчийн дүгнэлт /2020.06.04/, “Дабль аксиом аудит” хөрөнгө үнэлгээний тайлан, дахин шинжээчийн 86 дугаар дүгнэлт зэргээр гэмт хэргийн улмаас 133.310.800 төгрөгийн хохирол учирсан болох нь нотлогдож тогтоогдсон, харин 86 дугаар дүгнэлтээр 63.800.000 төгрөгийг хасаж тооцох нь зүйтэй ... нийт 69.510.800 төгрөгийн хохирол учирсан гэж үзсэн. Миний бие хэргийн талаар нотлох баримтуудын талаар өөрийн тайлбар мэдүүлэг болон шүүх хуралдааны явцад логик дараалалтай, нотлох баримттайгаар дэлгэрэнгүй тайлбарласан. Шийтгэх тогтоолыг уншихад миний мэдүүлгийн утга гуйвсан, зарим үг өгүүлбэр ойлгомжгүй байсан.

“Ш Г” ХХК-д тушаасан төлбөр, тооцооны талаар: Би “Ш Г” ХХК-д 2018 оны 04 дүгээр сарын 12-ноос 2018 оны 09 дүгээр сарын 14-ний хооронд 10 удаагийн шилжүүлгээр тушаалаар нийт 72.200.000 төгрөгийг төлсөн. Үүнийг улсын яллагч болон шүүхээс тус мөнгө ямар учиртай мөнгө болох яагаад “Ш Г” ХХК-д төлсөн, юунд шилжүүлсэн талаар тайлбарлаагүй, огтоос оруулаагүй болохыг би ойлгосонгүй. “Ш Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б /миний ээжийн төрсөн дүү/ мэдүүлэгтээ “... 69.211.500 төгрөг /Д.Д/ төлсөн, мөн “Ш Г” ХХК-ийн гаргаж өгсөн тайланд 63.000.000 төгрөг төлсөн байна, маргахгүй гэдэг. Шинжээч нарын 86 дугаар дүгнэлтээр 66.000.000 төгрөг төлсөн баримт байна гэх Дабль аксиом аудит хөрөнгө үнэлгээний тайланд 71.000.000 төгрөгийг тус тус “Ш Г” ХХК-д Д.Д нь өгсөн байна гэдэг. Талууд 66.000.000 төгрөг дээр ямар маргаангүйгээр санал нэгдэж, хохирогч хүлээн зөвшөөдөг. Үүнд цагдаа, прокурор дээрх төлбөрүүдийн аль нь зөв, аль нь буруу болохыг үнэлдэггүйн дээр миний тооцоонд орох ёстой Н 5.000.000 төгрөг, О 5.000.000 төгрөг, “Ш Г” ХХК-д ажилласан цалин 1.200.000 төгрөг зэргийг тооцоонд оруулдаггүй нь хачирхалтай. Миний хувьд Н-н 5.000.000 төгрөгийг түүнд буцаан төлсөн. Үүнд миний “Ш Г” ХХК-д төлсөн төлбөрт орох, О-н гэх 5.000.000 төгрөг нь миний өөрийн өмчлөлийн 63.8 м.кв байрыг иргэн О-д 73.000.000 төгрөгөөр зарж үлдэгдэл төлбөр 5.000.000 төгрөг нь 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр О-н нэрээр “Ш Г” ХХК-д тушаагдсан учир миний тооцоонд орох ёстой. Үүнийг шинжээчийн 86 дугаар дүгнэлт болон шийтгэх тогтоолд 63.800.000 төгрөг байрны төлбөрийг “Ш Г” ХХК-д төлсөн гэх дүгнэлтээр нотлогддог. Үүнийгээ ч миний бие шүүх хуралдаан дээр хэлсэн. Мөн “Ш Г” ХХК-д 2018 оны 08 сард ажилласан цалин 1.200.000 төгрөг зэргийг миний тооцоонд тус тус оруулаагүй байна. Дээрх мөнгөтэй холбоотой баримтууд бүгд хэрэгт авагдсан байгаа.

Д.Д “Ш Г” ХХК-д төлсөн 77.200.000 төгрөгийн зарцуулалт.

1. 1.000.000 төгрөг 2018.04.12 цалингаас машины төлбөрт суутгуулсан.

2. 1.000.000 төгрөг 2018.05.07 цалингаас төлбөрт суутгуулсан.

3. 1.000.000 төгрөг 2018.07.20 цалингаас төлбөрт суутгуулсан.

4. 20.000.000 төгрөг 2018.08.09 машинаа барьцаанд тавьж “Ш Г” ХХК-д зээл төлсөн. Машины төлбөрт суутгуулсан.

5. 35.000.000 төгрөг 2018.09.12 Машины төлбөрт төлж тооцоо дууссан. Үлдэгдэл мөнгийг Ш Г ХХК-д зээлүүлсэн.

6. 5.000.000 төгрөг 2018.07.20 касст бэлэн тушаасан. Т тооцоо дууссан.

7. 3.000.000 төгрөг 2018.09.04 касст бэлэн тушаасан. ББСБ-н 8 сая төгрөгийн зээлээс хассан.

8. 5.000.000 төгрөг 2018.07.04 касст бэлэн тушаасан. ББСБ-н 8 сая төгрөгийн зээлээс хасаж тооцоо дууссан.

9. 5.000.000 төгрөг 2018.11.29 касст бэлэн тушаасан. Отгонсүрэн нэрээр тушаасан 63.8 м.кв миний байрны үлдэгдэл төлбөр.

10. 1.200.000 төгрөг 2018.08 сар цалин. Нийт 77.200.000 төгрөг. Жич эдгээр төлбөрүүд нь шинжээчийн 75, 86 дүгнэлт, Дабль аксиомын тайлан зэрэг баримтад таардаг.

Харамсалтай нь анхан шатны шүүхээс “хохирогч, гэрчийн мэдүүлэг болон шинжээчийн 75, 86 дугаар дүгнэлт, Дабль акиом аудит хөрөнгө үнэлгээний тайлан зэргээр нотлогдон тогтоогдсон гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, 133.310.800 төгрөгийн хохирол учирсан, түүнээс 63.800.000 төгрөгийг Д.Д-н өмчлөлийн 63.8 м.кв байрыг тооцооноос хасаж тооцон, үлдэгдэл зөрүү 69.510.800 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэсэн. Дээр дурдсан 10 удаагийн шилжүүлгээр “Ш Г” ХХК-д төлсөн 77.200.000 төгрөгийг улсын яллагч болон шүүгчээс тус мөнгөний талаар ямар ч тайлбар өгөөгүйн дээр Д.Д би зүгээр л мөнгө төлөөд байсан юм шиг харагдуулж байна. Ядахдаа хохирогч тал маргахгүй байгаа шинжээчийн 86 дугаар дүгнэлт дээрх 66.000.000 төгрөгийг тооцоонд оруулаагүй байна нь шударга үнэнд нийцэхгүй байна. Мөн хохирол учирсан гэх 69.510.800 төгрөгийн надаар төлүүлсэн зэргийг харвал хуулийн хүрээнд шударга шийдвэр гаргаж байгаа гэж ойлгоход ухаан минь хүрэхгүй байна. Шүүхийн тогтоолоор жишээ авч үзвэл:

  1. Улсын яллагч 133.310.800 төгрөг “Ш Г” ХХК-д  хохирол учруулсан,
  2. Шүүхээс 63.800.000 төгрөг Д.Д-н өмч,
  3. Шинжээчийн дүгнэлт 66.000.000 төгрөг хохирогч тал маргахгүй гэх Д.Д-н төлсөн төлбөр.
  4. 66.000.000+63.800.000 төгрөг нийт 129.800.000 төгрөг, зөрүү 3.410.800 төгрөг.

Улсын яллагчаас оруулж ирсэн 133.310.800 төгрөгийн хохирол учруулсан /тус хохирол нь бүгд төлөгдсөн зарим нь нотлох баримт байхгүй гүтгэлэг учир хасагдах ёстой/ гэх тооцоогоор нь аваад үзэхэд би 129.800.000 төгрөгийг төлсөн, 3.410.800 төгрөгийн хохирол учирсан гэж үзвэл шүүхийн шийтгэх тогтоол болоод зүйлчлэлийн асуудал өөр шийтгэх тогтоол гарах магадлалтай байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд миний 77.200.000 төгрөгийг огтоос төлөөгүй гэж үзсэн нь эргэлзээ төрүүлж байна. Жич: Улсын яллагчаас оруулж ирсэн 8 асуудалд хавсралт хэсэгт хураангуй байдлаар тусгасан.

Өвийн журмаар Д.Д-д шилжин ирсэн байр 42.525.000 төгрөг: Улсын яллагч нь тус өвийн байрыг яллах дүгнэлтэд тус хэрэгт хамааралгүй гэж дүгнэсэн. Шинжээчийн 86 дугаар дүгнэлтэд мөн л “Ш Г” ХХК-д Д.Д нь тус байрыг төлөх ёсгүй гэж дүгнэлт гарсан. Харамсалтай нь хэргийн зангилаа гол асуудал нь хууль тогтоомжийн дагуу өвийн журмаар шилжин ирсэн 31.5 м.кв байрыг “Ш Г” ХХК-иас тус байрны төлбөр 42.525.000 төгрөгийг суутгаж авсан гэж цагдаа, прокурор, шүүхэд С.Б тайлбарладаг. Тус байрыг С.Б нь миний аав Д-д 2015 онд бэлэглэсэн бөгөөд 2018 онд аав маань бурхан болж, надад хуулийн дагуу шилжин ирсэн байр юм. Тус байрыг завшиж авсан зүйл огтоос байхгүйн дээр хэрэгт хамааралгүй юм. Харин шүүхийн шийтгэх тогтоолд агуулгаараа хамааралтай гэж үзэж, миний төлсөн мөнгөнөөс хассан агуулга харагдаж байна. Мөн өвийн журмын талаар хуулийн заалтыг мөн тусгасан байна. Тус байр хамаатай, эс хамаатай талаар дурдаагүй байгаа нь ойлгомжгүй байна.

Хөөн хэлэлцэх хугацаа дууссан асуудал:

Дээрх хэрэг нь нэг л хууль ёсноос гажууд, өөрөөр яваад байгаагийн нэг илрэл нь улсын яллагчаас хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх А-г 2024.01.17-ны өдөр яллагдагчаар татаж оруулж ирсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг ноцтой зөрчсөн асуудал болжээ. Сонирхолтой нь анхан шатны шүүхээс хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлыг хүлээн авсан, зөв гэж үзсэн. Тэгтэл шийтгэх тогтоолдоо хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир А-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзсэн. Магадгүй миний цаад учир шалтгаан нь хэргийг хүндрүүлэх, А-р Д.Д-н эсрэг мэдүүлэг өгүүлэх өөрийнх нь хууль сахиулж өгсөн мэдүүлгээ үгүйсгэх, шүүхийн шийдвэрт нөлөөлөх гэсэн оролдлого гэж харж байна.

Эцэст нь завших гэж бусдын эд хөрөнгийн эрхийг өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг ойлгоно гэж заасан. Миний бие 10 удаагийн шилжүүлэг, төлбөр тооцоогоор 77.200.000 төгрөгийг “Ш Г” ХХК-д төлсөн байдаг бөгөөд шийтгэх тогтоолоор 69.510.800 төгрөгийн хохирол учирсан гэж үзсэнийг харвал би “Ш Г” ХХК-иас авлагатай болох нь харагдана. Мөн дээр нь хохирол гэх 69.510.800 төгрөгийг шүүхийн шийтгэх тогтоолын дагуу нэмж тус компанид төлсөн болохыг тэмдэглэе. ...” гэв.

Шүүгдэгч Д.Д-н өмгөөлөгч Т.Багахүү давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах гомдол гаргаж байна. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 436 дугаар шийтгэх тогтоолоор миний үйлчлүүлэгч, шүүгдэгч Д.Д болон шүүгдэгч Б.А нарыг үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэгт хамтран оролцсон гэм буруутайд тооцож, Д.Д-г 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Б.А-г “хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн. Гэмт хэргийн улмаас 133.310.800 төгрөгийн хохирол учирсан болох нь нотлогдон тогтоогдсон гэх боловч шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт хохирол тусгаагүй болно. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь шүүгдэгч Д.Д, Б.А нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ дараах үндэслэлээр шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Үүнд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч Д.Д, Б.А нарыг үргэлжилсэн үйлдлээр албан тушаалын байдлаа ашиглан нийт 133.310.800 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйл баримт шийтгэх тогтоолын 41 дүгээр талаас 60 дугаар талд авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэсэн. Гэтэл шүүхийн үндэслэл болгосон 50 нотлох баримтуудад Д.Д-г хаана, яаж, ямар хэмжээний хохирлыг, хэрхэн учруулсан гэх баримт байдаггүй. Харин ч дээрх нотлох баримтууд нь Д.Д-г гэм буруугүй болохыг нотолсон нотлох баримтууд юм. Жишээлбэл: Гэрч М.Б, Г.Б, Ш.Ц, Д.Н, Б.Б, Д.У, Л.П, Э.Ч, М.У, Л.Ч нарын мэдүүлэгт Д.Д нь “Ш Г” ХХК-д мөнгө тушааж байсан тооцоог дэлгэрэнгүй мэдүүлсэн байдаг бөгөөд шүүх хуралдаанд гэрч нар Д.Д-н тушаасан мөнгийг компани хүлээн авсан болохыг нотолдог. Мөн шинжээчийн №75, №86, “Дабль аксиом” аудитын тайлан зэрэгт “Ш Г” ХХК нь кассын орлогын баримтаар орон сууц захиалгын гэрээний төлбөрийг хүлээн авсан болохыг бүрэн нотолсон. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан кассын орлогын баримт нь захиалагч төлбөр төлсөн болохыг нотлох бөгөөд тэрхүү мөнгө хохирогчийн мэдүүлэг, "Ш Г” ХХК-иас гарган өгсөн тооцооны баримтаар хөдөлбөргүй нотлогддог. /5-хх-220/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд зааснаар шүүх, прокурор, мөрдөгч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахих бөгөөд хэрэвзээ түүнийг зөрчиж ажиллагаа явуулсан тохиолдолд түүний гаргасан шийдвэрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцдог. Гэтэл миний үйлчлүүлэгч Д.Д-д холбогдох хэргийг хэрэг бүртгэлтийн шатнаас эхлэн хууль зүйн үндэслэлгүйгээр шалгаж ирсэн. Энэ талаар өмгөөлөгч миний бие прокурорт хүсэлт, гомдол удаа дараа гаргаж байсан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.6 дугаар зүйлд заасны дагуу хянан шийдвэрлэдэггүй байсан. Угтаа бол мөрдөгч, прокурор нь аливаа хэргийн бодит байдлыг тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасны дагуу нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд хэргийн бодит байдлыг нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, эсхүл цагаатгах, ял хүндрүүлэх, эсхүл ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох ёстой. Мөн тус хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу гэмт хэргийг хэзээ, хаана, хэн, ямар санаа сэдэлт зорилгоор, ямар хохирол, хор уршиг учруулж, яаж үйлдсэн болохыг зайлшгүй нотолсон байхыг шаарддаг. “Ш Г” ХХК нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.4 дүгээр зүйлд заасны дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст 52 хуудас хавсралт нотлох баримт бүхий гомдол, мэдээллийг бичгээр гаргасан. Гэтэл гомдол, мэдээллийг хянан шалгах ажиллагаанаас эхлэн 52 хуудас бүхий нотлох баримтууд хэрэгт хавсаргагдалгүй алга болсон /1 хх 56/. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар бичмэл нотлох баримтыг эх хувиар нь, хэрэв эхийг авах боломжгүй бол мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авах ёстой байтал 29 хуудас хуулбар баримт бичгийг нотлох баримт болгон хэрэгт хавсаргасан нь хууль бус юм /1-хх-25-54/. Уг асуудлыг анхан шатны шүүх хуралдаанд нотлох баримт шинжлэн судалж, дүгнэлтдээ танилцуулсан боловч шүүх дүгнэлт хийлгүй орхигдуулсан. Яагаад хэргийн материалаас зарим баримтууд алга болов? Мөрдөгч, прокурор, шүүгч үүнд яагаад дүгнэлт хийхгүй байгаа нь ойлгомжгүй байна. Мөн “Ш Г” ХХК-ийн дээрх гомдолд захирлын гарын үсэг нь илтэд хуурамч болох нь илэрхий буюу Б.Б-н нэрийг дуурайлган бичсэн /1-хх-56/. Гэтэл “Ш Г” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр С.Б-д олгосон хуулийн этгээдийг төлөөлөх итгэмжлэл /1 хх 57/ болон түүний гэрчээр өгсөн мэдүүлэг /1-хх-63/, орон сууц захиалан бариулах гэрээнд зурагдсан гарын үсэг нь илт өөр бөгөөд итгэмжлэлд С.Б гэх хүнийг ямар хэрэгт, ямар эрхтэй оролцох талаар огт дурдаагүй байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлд зааснаар хохирогч хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгчийг мөрдөгч, прокурор тогтоох байтал энэхүү хэрэгт “Ш Г” ХХК-ийг хохирогчоор тогтоогоогүй, С.Б-г хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогоогүй байтал түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж буй нь хуулийн зохицуулалтыг зөрчсөн үйлдэл болно. /1 хх 57/ талд авагдсан баримтад С.Б-г “Ш Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулахаар болсон хэрнээ “Ш Г интернэшнл” ББСБ гэх хуулийн этгээдийг төлөөлүүлэн уг хэрэгт оролцуулж байгаа нь хууль бус бөгөөд үнэхээр ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл тус банк бус байгууллагын гүйцэтгэх захирал Б.А нь С.Б гэх хүнд байгууллагыг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах итгэмжлэл олгоогүй бөгөөд ББСБ нь уг эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдоогүй болно. Үүнд анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй бөгөөд зөвхөн Б.Б гэх хүн тус ББСБ-ыг С.Б төлөөлж болно гэсэн мэдүүлгийг үндэслэсэн гэх боловч Хуулийн этгээдийн бүртгэлд Б.Б нь ББСБ-д ямар хамааралтай болох нь тодорхой бус юм. Мөн уг хэрэгт удаа дараа яллах дүгнэлт үйлдэгдэж байсан бөгөөд дээд шатны прокуророос хэрэгт зайлшгүй хийж гүйцэтгэх мөрдөн байцаалтын ажиллагааг явуулаагүй байх тул тухай бүрд нь хүчингүй болгож байсан боловч дээд шатны прокурорын даалгаварт заасан ажиллагааг хийж гүйцэтгэлгүй байсаар 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр №376 дугаартай яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд 2023 оны 05 сарын 12-ны өдөр хүргүүлсэн. Гэтэл 2023 оны 03 сарын 20-ны өдрийн №376 дугаартай яллах дүгнэлт, 2024 оны 01 дүгээр сарын 24-ний №376а дугаартай яллах дүгнэлт нь хуулийн шаардлага хангахгүй, ойлгомжгүй, хууль зүйн дүгнэлт хийгдээгүй байдаг. Учир нь хууль зүйн практикт “яллах дүгнэлт нь хүнийг гэмт хэрэгт буруутгаж байгаа эрх зүйн баримт бичгийн хувьд шүүхийн шийдвэрийн нэгэн адил хэргийн үйл баримт, үйлдэл холбогдлыг тодорхой тусгаж, хууль зүйн дүгнэлтийг ойлгомжтой байдлаар хийсэн байх ёстой” гэж тодорхойлж дүгнэдэг. Гэтэл хууль зүйн үндэслэлгүй яллах дүгнэлтэд анхан шатны шүүх мөн л дүгнэлт хийлгүй орхигдуулан шийдвэрлэсэн. Яллах дүгнэлтэд Д.Д-г “Ш Г” ХХК-ийн Бизнес хөгжил, бодлого зохицуулалтын газрын захирлаар ажиллаж байхдаа..." гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар ялласан боловч яагаад албан тушаалын байдлаа ашигласан гэж үзсэн талаар хууль зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь ойлгомжгүй байх бөгөөд шүүх үүнд дүгнэлт хийгээгүй. Учир нь Ш.Ц, Э.Т, Г.Г, А.Т, н.У нарын урьдчилгаа төлбөрийг “Ш Г” ХХК-ийн албан ёсны кассын орлогын баримтаар хүлээлгэн өгч, компани хүлээн авсан болох нь 5-хх-59, 5-хх-83, 5-хх-05, 4-хх-138 талд байх нотлох баримтуудаар болон тэдний гэрчээр өгсөн мэдүүлэг, шинжээчийн №75, №86, “Дабль Аксиом” аудитын тайлан зэргээр нотлогдож байтал уг үйл явдалд Д.Д-г ямар үйлдлээр албан тушаалын байдлаа ашигласан гэж үзэж байгаа нь тодорхойгүй. Д.Д-г “Ш.Ц-н тушаасан мөнгийг авч завшсан” гэх боловч 5-хх-59 дүгээр хуудсанд байх төлбөр төлсөн баримт болон гэрч Ш.Ц-н мэдүүлгээр урьдчилгаа болох 38.454.000 төгрөгийг борлуулалтын албанд тушаасан болох нь нотлогдох бөгөөд энэхүү мөнгийг Б.Б нь машин авч унаад байрны мөнгийг цалин дээрээсээ өгөөд дуусгах зөвшөөрөл өгсөн болох нь түүний мэдүүлэг, шүүх хуралдаанд хохирогч С.Б-н мэдүүлэг, гэрч Г.Б-н мэдүүлгээр /1-хх-68/ тус тус нотлогддог. Шүүх хуралдаанд гэрч Ш.Ц нь төлбөрийг компанийн санхүүгийн албаны шилэн цонхоор мөнгөө өгч, мөнгө тоолдог машинаар тоолуулан өгч, кассын орлогын баримтыг хүлээн авсан, мөнгийг Д.Д хүлээн аваагүй, уулзаагүй гэж мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл 2018.02.06-ны өдөр “Ш Г” ХХК-ийн борлуулалтын албаны борлуулагч Б.А нь байр худалдан авахаар ирсэн Ш.Ц-тэй уулзаж “Орон сууц захиалан бариулах тухай гэрээ” байгуулж, 38.454.000 төгрөгийг “Ш Г” ХХК-ийн кассын орлогын баримтаар хүлээн аван гарын үсэг зурж, мөнгө хүлээлгэн өгсөн Ш.Ц-р гарын үсэг зуруулж, тус гэрээг Д.Д-р батлуулсан. Ингээд “Ш Г” ХХК-ийн захирал Б.Б-с зөвшөөрөл авч Ш.Ц-н худалдан авсан байрны төлбөрийг компаниас Д.Д-д өгсний дагуу Тоёота Прадо-120 маркийн автомашиныг өөрөөсөө мөнгө нэмж 45.000.000 төгрөгөөр худалдан авсан байдаг. Энэхүү компанид төлөх ёстой мөнгийг “Ш Г” ХХК-д:

1. 2018.04.12-ны өдөр 1.000.000 төгрөг цалингаас суутгасан 2. 2018.05.07-ны өдөр 1.000.000 төгрөг цалингаас суутгасан

3. 2018.07.20-ны өдөр 1.000.000 төгрөг цалингаас суутгасан

4. 2018.08.09-ны өдөр 20.000.000 төгрөг нягтлан бодогчид тушаасан

5. 2018.09.12-ны өдөр 30.000.000 төгрөгийг компанид өгөхдөө автомашины үлдэгдэл болох 15.454.000 төгрөгийг төлж дээрх 38.454.000 төгрөг бүрэн төлөгдөж дууссан. /5 хх 210, гэрч н.Б, Б.Б нарын мэдүүлэг/

Харин Ш.Ц-н байрыг н.Д гэх этгээдэд худалдан борлуулсан талаарх баримтад Д.Д огт гарын үсэг зураагүй, дээрх гэрээг байгуулаагүй, түүнийг энэхүү гэрээг байгуулж мөнгийг нь авсан гэх нотлох баримт хэрэгт огт байхгүй болно. Б.А-н мэдүүлэгт Д.Д-г энэхүү гэрээ байгуулахыг даалгасан гэх боловч Б.Б нь 37.700.000 төгрөг төлсөн гэх баримт авагдаагүй байхад хэзээ ч гэрээг батлахгүй тул энэхүү гэрээ нь хүчин төгөлдөр бус юм. Логик утгаар бол Д.Д гэх этгээд байрны төлбөр тушаагаагүй байхад яагаад Б.Б гэрээг баталж байна вэ? Д.Д автомашинаар байр худалдан авсан гэж байгаа бол тэрхүү машиныг яагаад шалгаагүй вэ? Гэрээнд автомашины талаар заалт байна уу?

Д.Д-той байгуулсан гэх гэрээг Б.А нь 2018.04 дүгээр сард үйлдсэн гэж мэдүүлдэг байтал 2018.02 дугаар сард Б.Б яаж гарын үсэг зурсан байх вэ? Г.Б Д.Д-той байгуулсан гэрээг бүртгээгүй. Харин Ш.Ц-тэй байгуулсан гэрээг 2018.02 сард бүртгэж байсан нь асуудлыг үнэн зөвийг илэрхийлж байгаа болно. Үнэхээр Д.Д-г Ш.Ц-н тушаасан мөнгийг хувьдаа авсан гэж байгаа бол яагаад түүний цалингаас болон бусад байдлаар Ш Г ХХК төлбөр аваад байна вэ? “Ш Г” ХХК нь Д.Д-с 2018 онд мөнгө авах ямар тооцоотой байсан бэ? Үүнийг анхан шатны шүүх хуралдаанд хохирогч нь тодорхой мэдүүлсэн буюу тухайн цаг хугацаанд Д.Д-с төлбөр суутган авах ямар ч авлагагүй болохоо мэдүүлсэн байдаг.

Иймд Ш.Ц-н хуулийн дагуу худалдан авсан орон сууцны төлбөрт тушаасан 38.454.000 төгрөг нь /5-хх-59/ “Ш Г” ХХК-д бүрэн орсны дараа захирал Б.Б-н зөвшөөрлөөр тухайн мөнгөөр автомашин худалдан авч, түүний төлбөрийг бүрэн төлж барагдуулсан бөгөөд энэхүү төлбөрийг компани хүлээн авсан болох нь нотлох баримтаар нотлогдож байх тул уг үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй юм. Гэтэл анхан шатны шүүх уг үйл явдлыг ямар хууль зүйн үндэслэл, ямар нотлох баримтаар гэмт хэрэг гэж дүгнэсэн нь тодорхой бус байна. Учир нь, шийтгэх тогтоолын 41-60 дугаар талд байх нотлох баримтуудын аль баримтаар гэм буруутай гэж үзсэн ойлгомжгүй байна. 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Э.Т гэх худалдан авагч нь борлуулалтын албаны менежер Б.А-тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж 42.000.000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг “Ш Г” ХХК-ийн кассын орлогын баримтаар хүлээлгэн өгч гэрээг батлуулсан. Энэхүү баримтыг ч “Ш Г” ХХК хэрэгт гарган өгсөн байдаг. Тус гэрээ болон кассын орлогын баримтад ямар нэгэн хууль бус асуудал үгүй бөгөөд тэрхүү мөнгөнөөс 5.000.000 төгрөгийг компаниас зээлж, зээлийг 2018.07.20-ны өдөр “Ш Г” ХХК-д зээлийн төлбөрт төлж барагдуулсан. Харин Э.Т-н байгуулсан гэх 2017.02.22-ны өдрийн “Орон сууц захиалан бариулах тухай гэрээ”-нд /1-хх-50/ байх Д.Д-н гарын үсэг нь эргэлзээтэй байсан тул шинжээчийн дүгнэлт гаргах шаардлагатай байтал уг ажиллагааг мөрдөгч, прокурор явуулалгүй хэргийг шүүхэд шилжүүлсэн. Уг гарын үсэг нь түүний гарын үсэг биш бөгөөд уг гэрээний дагуу огт төлбөр шилжиж байгаагүй, Э.Т ч гарын үсэг зураагүй, Б.А-н гарын үсэг нь мөн хуурамч болох нь илэрхий ойлгомжтой байтал уг гэрээний дагуу мөнгө завшсан гэсэн нь үндэслэлгүй юм.

Э.Т-тай байгуулсан гэх хоёр гэрээг харьцуулан дүгнэвэл гарын үсэггүй, тамгагүй гэрээг компани борлуулалтын бүртгэлтээ бүртгэх ямар ч боломжгүй бөгөөд уг гэрээний дагуу тооцоо нийлэх боломжгүй юм. Гэтэл уг гэрээг компани бүртгэж байсан гэж байгаа нь хэргийг хэт нэг талыг барьж шалгасан нь илэрхий байдаг. Мөн кассын орлогын баримтаар Б.А Э.Т-с мөнгө хүлээн авсны дараа компаниас зээл авсан үйлдэл нь албан тушаалын байдлаа ашигласан гэж үзэх үндэслэлгүй юм. Анхан шатны шүүх хуралдаанд Б.А нь Э.Т-тай байгуулсан гэрээг Г.Б-д өгч бүртгүүлсэн гэх боловч Б нь 2018.02.22-ны өдрийн ямар зөрчилгүй гэрээг бүртгэсэн гэдэг. Өөрөөр хэлбэл Гэрээний шаардлага хангасан тамга, гарын үсэг, кассын орлогын баримт бүхий баримтыг бүртгэсэн. Гэтэл цагдаад хэрэг шалгагдах үед Д.Д-д холбогдуулан ямар ч хамааралгүй гэрээ гаргаж ирсэн. Мөн 2024.01 сард мөрдөн байцаалтын шатанд Э.Т-н тушаасан мөнгөнөөс 15 сая төгрөг завшсан гэж нэмэгдсэн. Гэтэл уг үнийн дүн бүхий мөнгийг авсан гэх ямар ч нотлох баримт хэрэгт авагдаагүй, гэрч н.У нь 2024 оны 01 сард прокурорт “Д.Д 15 сая төгрөгийг хүлээн авсан гэх өөрийн гараар бичсэн нотлох баримтыг гарган өгсөн гэж мэдүүлсэн боловч тийм нотлох баримт огт байдаггүй, шүүх хуралдаанд уг нотлох баримтыг улсын яллагч хавтаст хэргээс хайсан боловч олоогүй хэрнээ улсын яллагч уг 15 сая төгрөгийг завшсан нь 9-хх 140 талд байх хэн хаанаас яаж үйлдсэн нь мэдэгдэхгүй хүснэгт дэх “интернэшнл - 15.000.000 - баримт”-аар гэсэн бичгээр шууд буруутгасан нь хүнийг хэлмэгдүүлж буй үйл явдал гэж үзэж байна. Шүүх уг асуудалд ямар ч үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл Э.Т-н жинхэнэ гэрээ, кассын орлого нь байгууллагад бүртгэгдэж, мөнгийг хүлээн аваад Д.Д-д 4.7 сая зээлээд буцаад 2018.07.20-ний өдөр кассын орлогоороо хүлээн авсан хэрнээ дахиад 5 сая төгрөг авах ёстой гэж байгаа ойлгомжгүй бөгөөд ямар ч нотлох баримтгүйгээр ББСБ-д өгсөн байж болзошгүй мөнгийг Д.Д-р төлүүлэх гэж байгаа нь шударга бус юм. Мөн Г.Г-тай 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн “Орон сууц захиалан бариулах тухай гэрээ”-г “Ш Г” ХХК-ийг төлөөлж Б.А, нөгөө талаас Г.Г нар нь байгуулж, байрны урьдчилгаа төлбөрт 18.000.000 төгрөгийг “Ш Г” ХХК-ийн кассын орлогын баримтаар хүлээлгэн өгч, Б.А нь хүлээн авсны дараа гэрээг Д.Д-р батлуулсан байдаг. Ингээд энэхүү төлбөрийг 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Б.А нь Д.Д-н ХААН банкны данс руу шилжүүлснийг гарган авч “Ш Г” ХХК-д хүлээлгэн өгсөн /6 хх 139/. Энэхүү үйл явдлыг гэрч Б.А, С.Б нарын мэдүүлэг болон “Ш Г” ХХК-ийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдолд Г.Г-н урьдчилгаанд төлсөн мөнгийг компани хүлээн авсан болохыг дурдсан байдаг. Иймд Г.Г-н төлсөн гэх мөнгийг Д.Д нь завшаагүй болох нь нотлогддог болно. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд уг асуудлыг ямар нотлох баримтаар гэм буруутай гэж нотолсон болохыг дүгнэж чадаагүйгээс гадна хохирогч С.Б-н тухайн мөнгийг хүлээн аваад Г.Г-д шилжүүлсэн гэсэн мэдүүлгийг ч няцааж чадаагүй. 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “Орон сууц захиалан бариулах тухай гэрээ”-г “Ш Г” ХХК-ийг төлөөлж Б.А, нөгөө талаас А.Т нар байгуулсан бөгөөд байрны төлбөрийг Б.А нь хүлээн авсан байдаг /4 хх 138/. Ингээд энэхүү гэрээг Д.Д нь баталсан бөгөөд 34.000.000 төгрөгийг Б.А нь Б.Б-н зөвшөөрлөөр “Ш Г интернэшнл” ББСБ-руу шилжүүлж, бусдад зээл олгосон байдаг/2 хх 198-213/. Үүний дараа “Ш Г интернэшнл” ББСБ-аас ах Д.П-н хамт 8.000.000 төгрөг зээлж, зээлийн төлбөрийг 2018.09.14-ний өдөр бүрэн төлж барагдуулж дууссан. Үнэхээр дээрх мөнгийг ББСБ-аас зээлсэн асуудлыг гэмт хэрэг гэж үзэж буй тохиолдолд А.Т-н тушаасан мөнгөөр компанийн татварт удаа дараа төлнө гэж мөнгө авсан Б.Б, ББСБ-аас зээл авсан Г.Д, Ш, Эг, Б, А нар, мөн “Ш Г” ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулсан асуудлыг мөн ялгаагүй гэмт хэрэг гэж үзэх хэрэгтэй юм. Өөрөөр хэлбэл ганцхан Д.Д-н мөнгө зээлсэн асуудлыг гэмт хэрэг гэж үзээд, бусдыг иргэний эрх зүйн харилцаа гэж байгаа нь хууль бус юм. Мөн яагаад 8.000.000 төгрөг дээр 14.500.000 төгрөг нэмэгдэж байгаа нь ойлгомжгүй, үндэслэлгүй байна. ББСБ нь өөрөө хэрэгт доорх баримт гарган өгсөөр байтал яагаад орхигдуулаад байна вэ? 2-р хх-198 талд байгаа нотлох баримтын талаар шүүх хуралдаанд Б.А мэдүүлэхдээ бусдад олгосон зээл нь хууль ёсных бөгөөд зээл авсан иргэд бүгд зээлийн төлбөрөө “Ш Г интернэшнл” ББСБ-д төлсөн гэдгийг мэдүүлсэн. Уг мэдүүлэг нь иргэдийн зээлийн гэрээгээр нотлогддог. Үнэхээр уг иргэд зээл аваагүй, түүнийг төлөөгүй гэж үзэж байгаа юм бол мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг авах бүрэн боломжтой байсан. Гэтэл мэдүүлэг аваагүй хэрнээ нотлох баримтгүйгээр буруутгаж болохгүй юм. Мөн уг хэрэгт Д.У-тэй байгуулсан 2018.06.11-ний өдрийн гэрээтэй холбоотой асуудал нь 2023 оны 03 дугаар сарын яллах дүгнэлтэд тусгаагүй, иргэд хоорондын харилцаа гэж үзсэн хэрнээ 2024 оны 01 дүгээр сард ямар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулаагүй, Д.Д гэсэн нэрний бичиглэлд шинжээчийн дүгнэлт гаргаагүй хэрнээ түүнийг шууд гэм буруутай гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь шүүх хуралдаанд кассын орлогын баримт болох 33.075.000 төгрөг, 29.925.000 төгрөгийн баримтын аль нь үнэн баримт эсэхийг тогтоож чадаагүй бөгөөд уг асуудлаар мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн гүйцэт явуулаагүйн улмаас нотлох баримтгүйгээр шийдвэрлэгдсэн.

            Анхан шатны шүүх хуралдаанд Д.Д-г "Ш Г” ХХК-д: 2017.11.08-ны өдөр 5.000.000 төгрөг, 2018.04.12-ны өдөр 1.000.000 төгрөг, 2018.05.07-ны өдөр 1.000.000 төгрөг, 2018.07.20 өдөр 1.000.000 төгрөг, 2018.07.20-ны өдөр 5.000.000 төгрөг, 2018.08.09-ний өдөр 20.000.000 төгрөг, 2018.09.12-ны өдөр 35.000.000 төгрөг, 2018.09.14-ний өдөр 8.000.000 төгрөг, 2018.10.09-ний өдөр 1.211.500 төгрөг, нийт 77.211.500 төгрөгийг тушаасан асуудалд хохирогч, гэрч, шинжээч, шүүгдэгч нар маргаагүй. Өөрөөр хэлбэл Г.Г-н төлсөн гэх 18.000.000 төгрөгийг “Ш Г” ХХК нь хүлээн авсан болохоо илэрхийлсэн, мөн Н.Н гэх хүнээс ББСБ нь 10.000.000 төгрөгийн бодит зээл авч байгаагүй, хэн нэгэнд ямар нэгэн хохирол учраагүй байтал яагаад Д.Д-г “Ш Г” ХХК-д төлбөр төлөх ёстой гэсэн нь ойлгомжгүй байна. Ш.Ц, Э.Т, А.Т нарын компанид төлсөн мөнгөнөөс зөвшөөрлийн дагуу зээлж авсан мөнгийг бүрэн төлж барагдуулсан байтал тэрхүү мөнгийг дахин төлүүлэхээр тооцож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Хөрөнгө завших гэдэг нь гэмт этгээд түүнд итгэмжлэн өгсөн эд хөрөнгийг хууль бусаар эргэлтэд оруулахдаа өмчлөгчид эд хөрөнгөтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөр өгөхгүй байх, гэмт этгээд нь завшсан эд хөрөнгийг өөрийг эзэмшилд оруулсан боловч түүнийг үрэгдүүлээгүй байх, түүнчлэн бусад руу шилжиж, үр дүнд нь шунахай зорилгоор эд хөрөнгийг хууль бусаар ашиглах бололцоо олгодог. Гэтэл дээрх зээлийг компани хүлээлгэн өгсөн, түүнээс зээлийн төлбөрийг хүлээн авсан, түүнийгээ санхүүгийн тайлан бүртгэлдээ бүртгэсэн байгаа нь хөрөнгө завших гэмт хэргийн шинжгүй болохыг илтгэж байна. Үнэхээр гэмт хэрэг байсан тохиолдолд Д.Д нь яагаад “Ш Г” ХХК-д төлбөр төлөөд байна вэ? Компани яагаад мөнгө хүлээн аваад байна вэ? Мөнгө хүлээн авсан талаараа яагаад тооцоолол гаргаад байна вэ? Үүнийгээ шүүх хуралдаанд яагаад мэдүүлээд байна вэ? “Ш Г” ХХК нь Д.Д-н ааваас өвлөгдөн ирсэн байрны төлбөрийг авах эрхтэй юу, Д.Д уг байрны төлбөрийг төлөх үүрэгтэй юу? Анхан шатны шүүх яагаад өв залгамжлалын журмаар шилжин ирсэн байрны төлбөрийг Д.Д-н компанид тушаасан мөнгөнөөс хасаж байгаа нь ойлгомжгүй, энэ талаараа дүгнэлт хийгээгүй. Яагаад Д.Д гэдэг хүн “Ш Г” ХХКд ааваасаа өвлөн авсан байрны төлбөрийг төлөх ёстой болоод байна вэ? “Ш Г” ХХК нь Д.Д компанид тушаасан мөнгийг шууд уг байрны төлбөр гэж суутган тооцоод байна вэ? Эцэг эх нь уг байрны төлбөрийг “Ш Г” ХХК-д төлөх үүрэгтэй байсан юмуу? Дээрх асуултад хууль зүйн үндэслэл бүхий хариулт өгөхийг улсын яллагч, хохирогчоос хүссэн боловч хариулт өгөөгүй, гэтэл шүүх яагаад дээрх байрны төлбөрийг Д.Д төлсөн мэтээр дүгнэв? Шүүх хуралдаанд хохирогч нь Д.Д, Б.А нарыг Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулах, түүнийг батлах эрхгүй гэсэн хэрнээ тэдний байгуулсан гэрээ нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаад байдаг. “Ш Г” ХХК-ийн дүрэм журамд гэрээг хэн батлах, хэн байгуулах талаар зохицуулсан дүрэм журам үгүй бөгөөд гэрчүүдийн мэдүүлэгт гэрээг борлуулалтын менежер болон ерөнхий захирал, БХБЗГ-ийн захирал баталдаг болохыг мэдүүлсэн. Мөрдөн байцаалтын шатанд прокурорын даалгавраар “Ш Г” ХХК-ийн орон сууц захиалан бариулах гэрээнүүдэд үзлэг хийж хэн, хэрхэн гэрээ байгуулдаг байсан болохыг тогтоох ёстой байтал энэхүү ажиллагааг мөрдөгч явуулаагүйн улмаас дээрх нөхцөл байдлыг тогтоох боломжгүй болгосон. Уг асуудлыг 6 жилийн хугацаанд өмгөөлөгч болон Д.Д тогтмол гаргаж байсан. 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанаас хэргийг 60 хоногийн хугацаагаар хойшлуулах тухай захирамж гарсан бөгөөд уг хугацаанд Д.Д-г 2.000.000 төгрөгийн үнэтэй нөүтбүүкийг худалдан авч 420.000 төгрөг завшсан гэж буруутгасан. Гэтэл уг эд зүйлийг худалдсан этгээдийн мэдүүлэгт нөүтбүүкийг 2.500.000 төгрөгөөр худалдан борлуулсан болохыг нотолдог. Яаж гэмт хэрэг үйлдээд байна вэ? 2024 онд нөхөн нөүтбүүкний үнийг үнэлгээний байгууллагаар тогтоолгоод 2017 онд уг нөүтбүүкийг 2.000.000 төгрөгөөр худалдан авах ёстой байсан гэж хүнийг буруутгаж байгаа бол үнэхээр шударга бус байна. Мөн “Ш Г” ХХК-ийн худалдан авах арматур төмөрний төлбөр болох 119.616.000 төгрөгөөс 21.016.800 төгрөгийг завшсан гэж буруутгасан. Гэтэл “Ш Г” ХХК-иас хэргийн материалд гарсан өгсөн доорх нотлох баримт нь Д.Д-г уг хэмжээний мөнгийг аваагүй болохыг хөдөлбөргүй нотолдог /9-хх-136/. Өөрөөр хэлбэл 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр “Ш Г” ХХК нь “....... Кретик” ХХК-иас гурван янзын маркийн арматур төмрийг 32.760.000+41.512.800+22.344.000= нийт 96.616.800 төгрөгөөр худалдан авч барилгын талбайдаа буулгаж, 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр үлдэгдэл мөнгөөр “Ш э г” ХХК-иас 20.929.745 төгрөгийн арматур төмөр худалдан авч барилгын талбайдаа буулгасан байх бөгөөд уг тайланг шүүх хуралдаанд гэрчээр оролцсон гэрч н.Чинбат, н.Удвалжаргал, н.Баасанжав нар нь үнэн зөв гэдгийг мэдүүлсэн нь “Ш Г” ХХК нь арматур төмөр авах 119 сая төгрөгөөрөө бүрэн худалдан авалт хийсэн байх бөгөөд арматур төмрийг бүрэн ашигласан байдаг. Иймд Д.Д уг асуудалд гэм буруугүй байтал шүүх ямар нотлох баримтаар түүнийг уг асуудалд гэм буруутай болохыг тогтоож чадаагүй бөгөөд хэрэгт ач холбогдолтой дээрх нотлох баримтыг яагаад үндэслэл болгоогүй нь ойлгомжгүй байна. Тус хэрэг шүүхэд анх шилжиж ирснээс хойш гэм буруугийн шүүх хуралдаан хоёр удаа явагдсан. Эхний шүүх хурал буюу 2023 оны 11 сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд хохирогч нь буруутгаж буй үйлдлүүдэд ямар ч нотлох баримтаар мэдүүлэг өгөөгүй бөгөөд асуусан асуултад хариулт өгдөггүй байсан. Ингээд шүүхээс хэргийг 60 хоногийн хугацаатайгаар хойшлуулах захирамж гарсан. Захирамжийн үндэслэлийг шүүгч тайлбарлахдаа зүйлчлэлийг хүндрүүлэх үндэслэлээр биш өөр үндэслэлээр хойшлуулсан гэсэн. Уг тайлбар нь тэмдэглэлд туссан байх. Гэтэл шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь заалтыг үндэслэлгүй. Харин тус хуулийн 33.3 дугаар зүйлд заасан үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан байсан бөгөөд шүүгчийн захирамжийн үндэслэлд ямар ажиллагааг 60 хоногийн хугацаанд хийж гүйцэтгүүлэхээр хойшлуулж байгаа тусгаагүй байсан. Хэрэгт прокурорт ирсний дараа прокурор, мөрдөгч нь шүүгчийн захирамжид заагдаагүй, 60 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэж болохгүй, хуулиар хориглосон мөрдөн байцаалтын ажиллагааг хууль зөрчиж хийж гүйцэтгэсэн бөгөөд уг асуудлыг шүүх хуульд нийцсэн гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой алдаа болно. Уг алдаанаас улбаалан шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан хүнийг яллагдагчаар татаж, түүнтэй холбоотойгоор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Нэг ёсондоо хууль бусаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тулгасан үйлдэл. Мөн Д.Д-д ч холбогдох хэргийг шүүх хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байгаа талаар үндэслэл бүхий хүсэлт гаргахад Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг үндэслэлгүй шийдвэрлэсэн. Үүний улмаас шүүхийн байгууллага хуулийг нэг мөр хэрэглэхгүй байх асуудал үүсч, шүүгчийг нэр хүндэд сөрөг нөлөө үүсгэж байна. Мөн шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасан шаардлагыг бүрэн хангасан байх байтал хуулийг зөрчиж тогтоол үйлдсэн. Үүний улмаас хүн ямар хэрэгт гэм буруутайд тооцогдож буй ойлгомжгүй болсон бөгөөд хэнд ямар хохирол учруулсан нь тодорхой бус үлдсэн. Иймд Д.Д-д холбогдох үйлдэл Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй бөгөөд уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаанд зайлшгүй хийж гүйцэтгэх ажиллагааг явуулаагүйн улмаас хэргийн нөхцөл байдал бүрэн гүйцэт тогтоогоогүй байх тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 436 дугаар шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.Д-н өмгөөлөгч Г.Мөнхбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Д.Д-н өмгөөлөгч би дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Нэг. Шийтгэх тогтоолд заасан үндэслэл хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй болон Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар:

1. “Ш Г” ХХК-ийн Бизнес хөгжил, бодлого зохицуулалтын газрын захирлаар ажиллаж байхдаа Д.Д, “Ш Г интернэшнл “ ББСБ-ын гүйцэтгэх захирал Б.А нар нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж гэж шийтгэх тогтоолынхоо үндэслэл болгосон. Улсын  дээд шүүхийн 05-р сарын 05-ны өдрийн 10 дугаар тогтоолын 1 дэх хэсэгт “ Гэмт хэрэг хамтран оролцогч” гэдэгт үндсэн шалгуур болох “Гэмт хэрэгт хамтран оролцогч бүр үйлдэх гэмт хэргээ туйлд нь хүргэхэд чиглэсэн нэгдсэн зорилготой, гүйцэтгэгчийг нийгэмд аюултай үйлдэл хийхийг хүсэж байдаг онцлогоороо дангаараа гэмт хэрэг үйлдэгчээс ялгагдана.” гэж тайлбарлан дагаж мөрдөж байгаа билээ. Тэгэхээр энэ хэрэг маргаанаас бий болсон мөнгө 133,310,800 төгрөг Б.А-д очоогүй, талаар шүүх дүгнэлт хийсэн. “Ш Г” ХХК-ийг хохироох санаа зорилго бас тогтоогдоогүй. Д.Д-г мөнгөжүүлэх хүсэл зориг байхгүй. Иймд урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж гэж дүгнэсэн нь буруу болсон.

2. Мөн энэ хэргийн зүйлчлэл зөв болоогүй. Эрүүгийн хэрэг үүсгэх, нотлох баримт цуглуулах, яллагдагчаар татах, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, яллах дүгнэлт үйлдэх хэргийг шүүхээр хянан хэлэлцэх анхан шатны болон давж заалдах шүүхийн шийдвэрийг хянах зэрэг хэрэг хянан шийдвэрлэх бүх шатуудад зүйлчлэлийн ажиллагаа тасралтгүй хийгддэг тул энэ асуудлыг бичиж байна. Өмчлөгч болон бусад эрх бүхий этгээдээс Д.Д-д хууль гэрээ ба албан тушаал эрхэлж буй байдлынх нь үндсэн дээр эд зүйлс, өмч хөрөнгийг тодорхой хүрээнд итгэмжлэн олгосон зүйл байхгүй. Харин эсрэгээр нь олгосон байсан бол энэ завших гэмт хэргийг хариуцах цорын ганц субъект байх байсан. Энэ 8-н үйлдэлд байр захиалж гэрээ байгуулж төлбөр төлсөн хүмүүсээс нэгнээс ч мөнгө төгрөг хүлээж авдаггүй. Энэ байрны захиалгын мөнгө төлбөрийг “Ш Г” ХХК-ийн үүрэгт ажлаа хийж байсан байсан мөнгөний нярав, борлуулалтын ажилтнууд л захиалагчаас хүлээж авч байсан. Хэрэв гэмт хэрэг гэж үзэж байвал тэд бусдын эд хөрөнгийг хамгаалахад хайнга хандах гэмт хэрэгт холбогдох ёстой.

3. Мөн Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар буруутгасан. Хэрэгт бүх гэрч хохирогч Д.Д-д өмч хөрөнгийг захиран зарцуулах эрх мэдэл байхгүй гэж тодорхой мэдүүлдэг. Өөрөөр хэлбэл түүнд хариуцуулсан, үүрэг хүлээлгэсэн тушаал шийдвэр, гэрээ огт байхгүй ийм нотлох баримт ч хэрэг авагдаагүй. Албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байх боломжгүй юмаа.

4. Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дах хэсэгт зааснаар буруутгасан. Хохирол гэдэг бол гэмт хэргийн улмаас үүсэж буй алданги, гарз сүйтгэл, хөнөөл бөгөөд “нөхөн төлөгдөх” шинжтэй. Өөрөөр хэлбэл, хохирол нь тодорхой этгээдийн эрх зөрчигдсөнөөс түүнд бий болсон эдийн болон эдийн бус сөрөг үр дагавар байдаг. Ийм ч учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих байдал гэсэн заалтаар чухалчилж, үүнд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ гэж тодорхой заасан байдаг. Гэтэл Улсын яллагч үйлдсэн яллах дүгнэлтээ Баянзүрх дүүргийн 5-р хороо 48-р байрны 94 тоот орон сууц нь 2015 оны 5-р сарын 21-ний өдөр Ц.Б-ны өмчлөлд, 2015 оны 6-р  дугаар сарын 29-ний өдөр Ц.Б-с Л.Ч-д худалдах худалдан авах гэрээгээр, 2015 оны 9-р сарын 21 Л.Ч-с Д-д бэлэглэлийн гэрээгээр, 2019 оны 01-р сарын 03-ны өдөр Д.Д-д өвлөгдөж ирсэн байна. Д.Д-д өвлөгдөж ирсэн байна. Баянзүрх дүүргийн 5-р хороо ........... гудамжинд баригдаж байгаа байрны А блок 1-р орц 8 давхар А тоотын 3 өрөө 63.8 мкв байрыг 63,8 сая төгрөгөөр Д.Д-д худалдахаар гэрээ байгуулж, Ш Г ХХК-ийн захирал Б.Б баталсан байна гэж тодорхой бичээд энэ байрны маргаанууд нь иргэд хоорондын дунд үүссэн иргэний эрх зүйн маргаан байна гэж дүгнэсэн. Анхан шатны шүүх Д.Д-н “Ш Г” ХХК-д төлсөн мөнгийг дээрх 2 байрны өрөнд “Ш Г” ХХК авах ёстой гэж үзэж шийдвэрлэсэн буруу юм аа. Иргэний шүүхээр маргаж шийдвэрлүүлэх ёстой маргаан бүхий байрнууд байна гэж “Ш Г” ХХК нь Иргэний шүүхэд өгч шийдвэрлүүлэх ёстой атал ямар нэг шүүхийн шийдвэргүйгээр суутгаж авсан гэх байдлаар тайлбарлаж түүгээр нь шийтгэх тогтоол гаргаж хохирол төлбөрийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж болохгүй юм.

5. Компанийн эрх бүхий албан тушаалтнуудаас өөрсдөөс нь авсан мөнгөө 2018 оны 09-р сарын 12-ны өдөр буцаан тушааж дуусан өөрөөр хэлбэл цагдаагийн газар өргөдөл гомдол гаргахаас өмнө бүрэн тушаасан гэдэг нь шинжээчийн удаа дараагийн дүгнэлтүүдээр тогтоогдсон. Мөн “Ш Г” ХХК-иас 25.757.500 төгрөгийн авлага байгаа нь мөн санхүүгийн анхан шатны баримт бичгээр хөдөлбөргүй нотлогддог.

6. Дээрх нөхцөл байдал өөрөөр хэлбэл хэргийн жинхэнэ байдлыг зөв тогтоовол Д.Д-н эрх зүйн байдал илт дээрдэх ёстой. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.Д-н өмгөөлөгч Х.Ундрах-Оргил давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 25-ны өдрийн 436 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх нь Д.Д нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хэт яллах талыг барьж Эрүүгийн хуульд заасан хууль ёсны болон шударга ёсны зарчим, гэм буруугийн зарчим, хөөн хэлэлцэх болон хууль буцаан хэрэглэх нийтлэг үндэслэлүүдийг анхаарч үзэлгүйгээр Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан, хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж шийтгэх тогтоол гарган Д.Д-д Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль ёсны үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна. 1. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй...гэсэн атлаа Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял шийтгэлийн төрлүүдээс хүнд ялыг буюу хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т заасан “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”...гэсэн ял шийтгэл ногдуулах зарчим, агуулгад нийцээгүй, шүүх Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах бүрэн боломжтой байсныг анхаарч үзсэнгүй... 2. Түүнчлэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 сарын 27-ны өдрийн “Хэрэгт нэмэлт ажиллагаа хийхийг даалгаж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” захирамжаар хэргийг прокурорт буцаахгүйгээр нэмэлт ажиллагаа хийх хугацаа тогтоон шүүх хуралдааныг хойшлуулахдаа анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 буюу ...хэргийг прокурорт буцаах... гэсэн заалтыг баримталсан атлаа захирамжлах хэсгийн 1 дэх заалтаар ...хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор буюу 2023 оны 01 сарын 26-ны өдрийг хүртэл хугацаагаар хойшлуулсугай... гэсэн нь ойлгомжгүй, хойшлуулсан хугацаа тодорхойгүй, ноцтой зөрчил гаргажээ. Зүй нь шүүх нэмэлт ажиллагаа хийлгэх үндэслэлээр шүүх хуралдааныг 60 хоногоор хойшлуулж байгаа бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 5-д заасан “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна.”.. гэснийг үндэслэх байсан. Иймд анхан шатны шүүхийн хууль зөрчиж, үндэслэлгүйгээр гаргасан шүүгчийн захирамжид үндэслэн хийгдсэн нэмэлт мөрдөн байцаалтаар шалгаж ирүүлсэн нотлох баримтууд нь нотолгооны хувьд ач холбогдолгүй, хууль ёсны шийдвэргүйгээр шалгаж цуглуулсан, бэхжүүлсэн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл нотлох баримт цуглуулах бэхжүүлэх журмыг ноцтой зөрчсөн. Прокурор өөрийн санаачлагаар нэмэлт ажиллагаа хийж, нотлох баримт цуглуулсан, энэ нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон гэж үзнэ. Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоол нь хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

              3. Анхан шатны шүүх шүүгдэгч А-д холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон атлаа шүүгдэгч Д.Д-д холбогдох хөөн хэлэлцэх хугацааны асуудалд огт дүгнэлт хийгээгүй. Шүүгдэгч Д.Д нь 2017 оны 02 сараас 2018 оны 08 сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг завшсан гэх гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.2-т заасан “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг нэг жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн..” гэх хугацаа анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарах үед дууссан байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь энэ гэмт хэргийг үйлдэх үед 2015 оны 12 сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан бөгөөд мөн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг 2017 оны 05 сарын 18-ны өдрийн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар “...Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно...” гэж өөрчилсөн байна. Улмаар 2020 оны 01 сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох” гэснийг “яллагдагчаар татах” гэж өөрчилсөн. Дээрхээс дүгнэвэл Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд ангиллын гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаанд хамаарах хөөн хэлэлцэх хугацаа нь 2017 оны 05 сарын 18-ны өдрийн Эрүүгийн хуулийн үйлчлэлд хамаарч, гэмт хэрэг үйлдсэнээс хойш Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэх үндэслэлтэй. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааг шүүгдэгчид ашигтайгаар буюу Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасан “...Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...” гэснийг үндэслэн буцаан хэрэглэх боломжтой байсныг шүүх анхаарч үзсэнгүй. 4. Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Д-н холбогдсон, яллах дүгнэлтэд авагдсан 9 үйлдлийг бүгдийг нь нэг бүрчлэн гэмт хэрэг мөн эсэх, учирсан хохирол нь Д.Д-н үйлдэлтэй шалтгаант холбоотой эсэх, иргэний эрх зүйн маргаан болох арилжаа, худалдах худалдан авах, ажил гүйцэтгэх гэмт мэт гэрээний харилцаанаас ямар шинжээрээ ялгараад гэмт хэрэг гэж дүгнэсэн зэрэг үндэслэлээ нэг бүрчлэн тодорхой тайлбарлаагүй хэт яллах талыг баримтлан шийтгэх тогтоол гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Д нь дээрх гэмт хэрэгт холбогдох үедээ барилга орон сууц захиалгаар барьж ашиглалтад оруулах, худалдан борлуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулах Ш Г ХХК ийн бизнес хөгжил, бодлого зохицуулалтын газрын захирлаар ажиллаж байхдаа буюу хөдөлмөрийн гэрээ, ажил үүргийн хуваарьт заагдсан орон сууц худалдан авагчтай худалдах худалдан авах гэрээ байгуулах явцдаа зарим чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлж, хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаж байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан, ажил олгогчоос амласан шагнал урамшуулал, орон сууц, цалин зэргийг байгууллагын хөрөнгөнөөс өөрт гаргуулсан зэрэг эд хөрөнгийн маргаан гарсан үйл баримт хэрэгт авагдсан. Мөрдөн байцаалтын шатанд Д.Д-г энэ гэмт хэргүүдийг ганцаараа үйлдсэн гэж шалгаж байсан боловч прокурорын шатнаас А-тай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр компанид хохирол учруулсан гэснийг хүлээн зөвшөөрөхгүй, А нь албан тушаал, ажил үүргийн дагуу тухайн харилцаанд оролцох чиг үүрэгтэй бөгөөд энэ үүргээ хэрэгжүүлэхдээ Д.Д-тэй хэрхэн яаж нэгдэж, гэмт үйлдэл сэдэлт зорилгоо хэрхэн тодорхойлсон, учруулсан хохирлоос ашиг хуваасан эсэх зэргийг шалгаж тогтоолгүйгээр зөвхөн гэрээ байгуулах, батлахад оролцсон гэх үндэслэлээр буруутгаж байгаа нь үндэслэлгүй, мөрдөн байцаалтын шатанд эрх бүхий субьектүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ хангалттай хэрэгжүүлээгүй гэж үзнэ. Давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянах хэмжээ хязгаар олгогдсон тул шүүгдэгч Д.Д-н холбогдсон үйлдэл нэг бүрт дүн шинжилгээ хийж, үндэслэлтэй шийдвэр гаргана гэдэгт итгэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 25-ны өдрийн 436 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Д-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б-н өмгөөлөгч Ш.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б, түүний өмгөөлөгч Г.Цэрэнжамц, Б.Эрдэнэбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг дэмжиж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б хохирлыг буруу тооцсон гэсэн нь үндэслэлтэй. Иймд хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

Прокурор Д.Энхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гаргасан. Д.Д-г 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан буюу 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулийн өөрчлөлтөд зааснаар хөөн хэлэлцэх хугацаандаа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдааныг 60 хоног хойшлуулсан бөгөөд энэ хугацаанд хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Уг захирамжаар ямар ажиллагаа хийлгэх нь тодорхойгүй, ойлгомжгүй байсан. Д.Д нь 63.000.000 төгрөгийн хохирлыг төлсөн гэх, Б.А-гүйгээр хэрэг шийдвэрлэгдэх боломжгүй, мөн У-н үйлдлийг иргэний маргаан гэж үзсэн талаарх дүгнэлт байхгүй зэргийг хөндөж, энэ бүгдийг нэг мөр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэн прокурорын хяналт тавьж дээрх ажиллагаануудыг хийлгэсэн. Энэ хэрэг анх 79.000.000 төгрөгийн хохиролтой байсан ч 60 хоногийн хугацаанд 133 сая төгрөгийн хохирол болсон буюу агуулгын хувьд хүндэрсэн. Энэ утгаараа өмгөөлөгч Х.Ундрах-Оргилыг байлцуулан Д.Д-с мэдүүлэг авсан. “Ш Г” ХХК-д тушаасан баримт хэрэгт байгаа хэдий ч С.Б, Б.Б нарт мэдэгдэлгүйгээр эдгээр баримтуудыг банк бус санхүүгийн байгууллагын баримтаар кассын орлогод авсан байсан. ... 38.454.000 төгрөгийг банкинд тушаасан гэдэг боловч энэ талаар Б.Б “Бэлнээр төлөх байсан бол би зөвшөөрөл өгөхгүй, автомашиныг бартерт авч байна гэж ойлгосон тул зөвшөөрөл өгсөн” гэдэг. Үүний цаана Д.Д нь Ш.Ц-с 38.454.000 төгрөгийг бэлнээр авч, “Прадо” маркийн автомашин худалдаж авсан. Уг мөнгө “Ш Г” ХХК-ийн дансанд орох ёстой байсан ч хувьдаа автомашин авсан, энэ үйлдлээ хүлээн зөвшөөрдөг ч буцааж өгсөн гэж тайлбарладаг. Мөн Б.А-н дүү Д “Би ямар ч гэрээ байгуулаагүй” гэж мэдүүлсэн байхад Д.Д “Ямар ч хамаагүй аргаар гэрээ байгуулчих” гэдэг чиглэлийг Б.А-д өгч, Б.А нь Дүгэрсүрэнтэй гэрээ байгуулсан. ... Д.Д нь 4.770.000 төгрөгийг авсан гэж тайлбарладаг бөгөөд уг компанид орох ёстой байсан мөнгийг хувьдаа зарцуулсан үйлдлийг завших гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэж байна. Уг үйлдэлд яагаад 15.000.000 төгрөгийг нэмж оруулсан талаар өмгөөлөгч нар маргаж байх ба уг мөнгийг тушаагаагүй талаар гэрч М.У мэдүүлдэг. Тэрээр “Т-н орлого гээд 37.230.000 төгрөг орж ирсэн. 15.000.000 төгрөгийг банк бус руу гэсэн задаргаатай өөрийнх нь үндсэн мөнгө, бэлнээр бичсэн цаастай баримтыг өгсөн. Үүний дагуу бичсэн”  гэдэг.  ...  Тухайн компанийн данс руу орох ёстой мөнгө ороогүй үйлдлийг завших гэмт хэрэг төгссөн гэж үзсэн. Иргэн А.Т-н тушаасан 34.000.000 төгрөгөөс Б.А-с 8.000.000 төгрөгийг нь бэлнээр авч, 14.500.000 төгрөг, нийт 22.500.000 төгрөгийг “Ш Г” ХХК-ийн дансанд тушаалгүй завшсан үйлдэл нь хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээр тогтоогддог. ... Д.Н-с өгсөн 15.000.000 төгрөгөөс 10.000.000 төгрөгийг банк бус санхүүгийн байгууллагын дансанд оруулалгүй Д.Д өөртөө авч завшсан үйлдлийн тухайд, 5.000.000 төгрөгийг буцааж ямар ч төлбөргүй болгосон гэдэг. “....... Кретик” ХХК гэдэг компани улсын бүртгэлд бүртгэлгүй талаарх лавлагаа хэрэгт авагдсан. Д.Д нь шүүх хуралдаанд 119.616.000 төгрөгийг аваагүй гэдэг ч бэлнээр авсныг нь гэрч Э.Чинбат нотолдог. 09 дүгээр сарын 23-ны өдөр “....... Кретик” ХХК-иас гэсэн утгаар 45 тонн арматур төмрийг буулгасан. Энэ нь тухайн үеийн ханшаар 1.680.000 төгрөг буюу 75.600.000 төгрөг болно. Гэтэл өөрийн “....... Кретик” ХХК гэдэг баримт гаргаж ирээд өөрийн компанийн тэмдгийг дарж, 96.616.800 төгрөгийн арматур төмөр авсан гэж баримт үйлдсэн. Компанид орлогодсон арматур төмөр нь 75.600.000 төгрөг, үүний зөрүү 21.016.800 төгрөгийг хувьдаа завшсан. “Ай ти сервис”-ээс “Dell inspinon” загварын зөөврийн компьютерийг худалдан авах гэж 420.000 төгрөгийг хувьдаа завшсан гэх үйлдлийн тухайд, компаниас нэхэмжлэхдээ өөрийн гарын үсгийг зурж 2.420.000 төгрөгөөр компьютер авна гэж нэхэмжлэх авснаа Apple брэндийн IМАС загварын хэдэн төгрөгийн үнэтэй болох нь мэдэгдэхгүй зөөврийн компьютерийг хувь хүнээс авч, 420.000 төгрөгийг хувьдаа завшсан гэж үзсэн. Хохиролд Д.Д-н төлсөн гэх мөнгөний хувьд, С.Б-тэй байгуулсан гар бичмэл дэх өөрийнх нь гарын үсэг мөн гэдгийг нотолсон шинжээч О.Баттулгын дүгнэлт хэрэгт авагдсан. Хэрэгт “43.000.000 төгрөгийг байранд төлөв” гэж бичсэн баримт авагдсан бөгөөд прокуророос уг асуудлыг иргэд хоорондын маргаан гэж үзсэн. Иймд Д.Д-г 133.310.800 төгрөгийг “Ш Г” ХХК-д тушаалгүй хувьдаа завшсан гэж үзсэн. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос Д.Д, Б.А нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Б.А-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, шүүгдэгч Д.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн, мөн хуульд заасан шаардлагыг хангаагүй, шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, үндэслэлтэй болж чадаагүй байна.

 Учир нь, шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцэд тавигдах шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин зургадугаар бүлэгт тодорхойлон хуульчилсан байх ба шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд хуулийн ноцтой зөрчил гэж үзэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заажээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт зайлшгүй тусгахаар заасан шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэл, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл зэргийг тодорхой тусгахаар хуульчилсан.

Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хэргийн үйл баримтын талаар болон гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, уг нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны эсэх зэрэг нөхцөл байдлуудад хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Тухайлбал, прокуророос шүүгдэгч Д.Д, Б.А нарыг дангаараа болон бүлэглэн 8 удаагийн үйлдэлд буруутган яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг эргэлзээгүй нотолж тогтоосны үндсэн дээр шүүгдэгч нарын үйлдэл тус бүр нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан аль гэмт хэргийн шинжийг хангаж байгаа, уг үйлдэл нь ямар нотлох баримтаар нотлогдож байгаа талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

Нөгөөтэйгүүр, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаас үзэхэд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар талууд харилцан эрс зөрүүтэй тайлбар мэдүүлгийг гаргасан атал тухайн асуудлын талаар үндэслэл бүхий няцаан үгүйсгэсэн дүгнэлтийг болон Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын эдийн засгийн шинжилгээний дүгнэлтүүдэд нотолгооны хувьд хангалттай, хүрэлцэхүйц хэмжээнд байсан эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.

Хэрэгт авагдсан санхүүгийн анхан шатны болон бусад баримтуудад үндэслэн талуудын харилцан өр, авлага, шилжүүлсэн мөнгөн дүн, хохирол төлбөрт тооцогдох эсэх зэрэг асуудлыг нэг мөр шийдвэрлэх зорилгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан үндэслэл журмын оролцогчдын хуулиар олгогдсон эрхийг хангасны үндсэнд дахин шинжээч томилуулан шийдвэрлүүлэх боломж нээлттэй болохыг тэмдэглэвэл зохино.

Дээрх үндэслэлээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/436 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч Д.Д-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Б.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзсэн ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б, түүний өмгөөлөгч Г.Цэрэнжамц, Б.Эрдэнэбаатар, шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Т.Багахүү, Г.Мөнхбат, Х.Ундрах-Оргил нарын гаргасан давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/436 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Д.Д-д урьд авсан цагдан хорих, шүүгдэгч Б.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            С.БОЛОРТУЯА

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ           

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР