Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2022/00008

 

 

 

 

 

 

 

М.Оын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2021/02383 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч М.Оын хариуцагч ЭХХТТӨААТҮГ-т холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Анхзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, П.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцсон.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.1 Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилтийг хийлгүүлэхийг хариуцагчид даалгана.

1.2 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: М.О салбар хоорондын харилцаа холбоог хангах, үүрэгтэй ажиллаж байсан. Тухайн хугацаанд тоног төхөөрөмж шинэчлэгдээгүй, үүнийг төсөл бичин шинэчилж, ажилчдаа үе шаттайгаар сургалтад хамруулж байсан. Сургалтын маш сайн нөхцлийг бүрдүүлэхээр үе шаттайгаар ажиллаж, ажлын байрны шаардлагаа зохих ёсоор биелүүлсэн. Албан тушаалын тодорхойлолттой танилцсан. Нэршил өөрчлөгдсөн болохоос албан тушаал байхгүй болоогүй. Гэтэл 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Б/55 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр буюу Сургалт үйлдвэрлэлийн төвийн даргын ажлын байр хасагдсан гэх шалтгаанаар нэхэмжлэгчийг ажлаас халсныг хүлээн зөвшөөрөхгүй. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 50 дугаар тогтоолоор ЭХХТТӨҮГ-ын зохион байгуулалтын албан тушаалын жагсаалт, орон тооны хязгаар шинэчлэн батлагдсан бөгөөд тус тогтоолоор Сургалт үйлдвэрлэлийн төв бүтцийн нэгжийг Сургалт үйлдвэрлэлийн цогцолбор болгон өөрчилж даргын албан тушаалыг эрхлэгч гэж өөрчилсөн. Нэхэмжлэгчийн эрхэлж байсан даргын ажлын байрны нэршлийг өөрчилж эрхлэгч болгосон. Харин тус ажлын байр хасагдсан, татан буугдсан зүйл байхгүй байхад орон тоо хасагдсан гэх үндэслэлээр ажлаас халсанд гомдолтой байна гэжээ.

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Тушаал хуульд нийцсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 50 дугаар тогтоолоор ЭХХТТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтэц, албан тушаалын жагсаалт, орон тооны хязгаар шинэчлэн батлагдсан. Батлагдсан зохион байгуулалтын бүтэц, албан тушаалын жагсаалт, орон тооны хязгаарын хүрээнд 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр сонсгох ажиллагаа зохион байгуулж Сургалт үйлдвэрлэлийн төвийн даргаар ажиллаж байсан М.Оыг оролцуулсан. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 50 дугаар тогтоолыг танилцуулан Сургалтын үйлдвэрлэлийн даргын ажил албан тушаал байхгүй болж, шинээр өөрчлөн зохион байгуулагдсан Сургалт үйлдвэрлэлийн эрхлэгч гэх ажлын байранд тавигдах шаардлага, албан тушаалын тодорхойлолт өөрчлөгдсөн талаар танилцуулсан. Сургалт үйлдвэрлэлийн цогцолборын сургалтын менежерийн албан тушаалыг санал болгосон боловч хүлээж аваагүй, 4 сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмж авч ажлаас гарна гэсэн. Иймд Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 1 сарын өмнө хөдөлмөрийн гэрээг цуцлах мэдэгдэл өгсөн. Тушаал хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч М.Оын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай хариуцагч ЭХХТТӨААТҮГ-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч М.Оын давж заалдах журмаар гаргасан гомдолд: анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.1 Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нотлох баримтыг дутуу үнэлсэн. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Байгууллага үйл ажиллагааны зорилгоо хэрэгжүүлэхэд онц шаардлагагүй ажил үүргийн орон тоог бүтцийн нэгжээс гаргах явдлыг орон тоо хасах гэж ойлгох бөгөөд орон тоо нь тодорхой нэг албан тушаалаар нэрлэгдэн заах хэлбэрээр хасагдаж болох тул дээрх тогтоолоор “дарга”-ын албан тушаал хасагдсан гэж үзэх үндэслэлтэй байх ба нэхэмжлэгчийн “албан тушаалын нэршил өөрчлөгдсөнөөс орон тоо хасагдаагүй” гэх тайлбар үндэслэлгүй байна гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийг тайлбарлахдаа орон тоо хасагдана гэдэг нь хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино гэж тайлбарласан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар Сургалт үйлдвэрлэлийн төвийн дарга гэсэн орон тоо хасагдаж, байхгүй болоогүй харин тус албан тушаалын нэршил нь дарга бус эрхлэгчээр солигдсон болох нь хавтаст хэрэгт авагдсан бүтэц баталсан тушаалуудаар нотлогдож байгаа тул шүүхийг хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

4.2 ЭХХТ-ийн Сургалтын төвийн даргын ажлын байрны тодорхойлолтыг 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр баталсан бол Сургалтын төвийн эрхлэгчийн Албан тушаалын тодорхойлолтыг 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр баталсан. Уг тодорхойлолтоос үзэхэд албан тушаалын зорилго, зорилт, гүйцэтгэх чиг үүрэг нь адилхан, өөрчлөгдсөн зүйл байхгүй болох нь хэрэгт авагдсан дарга болон эрхлэгчийн ажлын байрны тодорхойлолтоос харагдана. Гэтэл шүүх уг нотлох баримтыг үнэлэхгүйгээр шууд “албан тушаал нэрлэн заах хэлбэрээр хасагдаж болно” гэх дүгнэлтийг хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс судлан үзээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй.

            Нэхэмжлэгч М.О нь хариуцагч ЭХХТТӨААТҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.

1. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг маргааны үйл баримтад хамааруулан дүгнэх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан журмыг баримтлаагүйгээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шийдвэр үндэслэл муутай болжээ.

Хариуцагч байгууллагатай 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан 102 дугаартай хөдөлмөрийн гэрээгээр нэхэмжлэгч нь тус газрын Сургалт-Үйлдвэрлэлийн төвийн даргаар ажиллаж байгаад 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/55 дугаар тушаалаар зохион байгуулалтын бүтэц албан тушаалын жагсаалт, орон тооны хязгаар шинэчлэн батлагдсан гэх үндэслэлээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ. /хх.5/

Нэхэмжлэгч нь дээрх тушаалыг эс зөвшөөрч, нэхэмжлэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт заасан хугацаанд буюу 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд гаргасан байна. /хх.1/

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа нөхцөлд аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн байх шаардлагатай.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 50 дугаар тогтоолоор ЭХХТтөрийн өмчит үйлдвэрийн газрын зохион байгуулалтын бүтэц, албан тушаалын жагсаалт, орон тооны хязгаарыг шинэчлэн баталжээ. /хх.41-44, 80-83/

Хэрэгт авагдсан ЭХХТТӨҮГ-ын Сургалт-үйлдвэрлэлийн төвийн дарга болон Сургалт-үйлдвэрлэлийн цогцолборын эрхлэгчийн ажлын байрны тодорхойлолтоос үзэхэд уг албан тушаалуудын ажлын байрны чиг үүрэг адил байна. /хх.9,10,67,68/ Иймд нэхэмжлэгчийн ажиллаж байсан Сургалт-үйлдвэрлэлийн төвийн даргын албан тушаал зөвхөн нэршлийн хувьд өөрчлөгдсөн гэж үзнэ. Орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Хариуцагч талаас Сургалт үйлдвэрлэлийн цогцолборын эрхлэгчийн эрчим хүчний инженер мэргэжилтэй байх шаардлагыг нэхэмжлэгч хангаагүй гэж тайлбарласан боловч уг үндэслэлээр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй байна.

Нэхэмжлэгчийг орон тоо хасагдсан гэх үндэслэлээр Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42.1 дэх хэсэгт заасныг баримтлан ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэгч М.Оыг ЭХХТТӨААТҮГ-ын Сургалт-үйлдвэрлэлийн цогцолборын эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч нь ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийх үүрэгтэй. Мөн ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.

2. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу тооцож олгох нь зүйтэй. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан үеийн 1 сард авах цалин хөлсийг нийгмийн даатгалын дэвтэрт нь бичигдсэн түүний тогтмол авч байсан 2021 оны 3, 4, 5 дугаар сарын дундаж цалин хөлсөөр тооцоход нэг сарын цалинтай тэнцэх олговор 2,134,429 төгрөг, нэхэмжлэгчийн ажилгүй байсан 6 сар 15 хоногийн хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 14,296,802 төгрөг болж байна. /хх.18,19/

 

Хариуцагч байгууллагаас 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр ...... төгрөгийг “Б/55 тушаалын дагуу тэтгэмж” гэх утгаар нэхэмжлэгчид шилжүүлсэн болох нь шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул дээрх дүнг нэхэмжлэгчид олговол зохих цалин хөлстэй тэнцэх олговроос хасч хариуцагчаас 5 778 119 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй. Мөн энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгахаар шийдвэрлэв.

 

Дээр дурьдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2021/02383 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Оыг ЭХХТТӨААТҮГ-ын Сургалт-үйлдвэрлэлийн цогцолборын эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч ЭХХТТӨААТҮГ-аас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 5,778,119 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.Од олгож, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч ЭХХТТӨААТҮГ-т даалгасугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                      ШҮҮГЧИД                             Д.ЦОГТСАЙХАН

                                                А.МӨНХЗУЛ