Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 58

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Б даргалж,

Нарийн бичгийн дарга Т.М

Улсын яллагч Г.М   

Шүүгдэгч Ж.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ж.Э-д холбогдох эрүүгийн 1720.000.45.0051 тоот хэргийг 2018 оны 05 сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорноговь аймаг Замын-Үүд сум 3-р багт оршин суух, урьд нь 2003 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 123.750 төгрөгийн торгох ял, 2008 онд Эрүүгийн хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэн, 2009 онд Эрүүгийн хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял, 2013 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах, 2016 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, Б овогт Ж.Э,

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдснаар/

Шүүгдэгч Ж.Энхтөр нь 2017 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р багт байрлах иргэн Д.Н-н гэрт нэвтрэн орж Самсунг С3 маркийн гар утас хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Ж.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн тайлбартаа: Би 2017 оны 07 дугаар сарын сүүлчээр өдрийг нь тодорхой санахгүй байна, төмөр замын вокзал дээгүүр таних танихгүй хүмүүстэй архи ууж яваад /Ё/ буюу Д.Э-н гэрийн ойролцоо байрлах эзэнгүй улаан өнгийн байшинд унтаж байгаад архи гараад ам цангаад 19 цагийн үед босоод ирсэн, тэгтэл танил болох /Ё/ буюу Д.Э-н гэр ойрхон харагдахаар нь орж ус уух гээд гэрийнх нь гадаа очтол хаалга нь задгай онгорхой гэрт нь /Ё/ буюу Д.Э-н эхнэр Д.Н газар унтаж байсан би “Н эгчээ ус уучихъя” гэсэн чинь дуугарахгүй байхаар нь би ус уучхаад гарах гэтэл гэрийн зүүн урд талд газар Самсунг маркийн гар утас харагдахаар нь утсаар ярих гээд аваад гарсан, тэгээд залгах гэтэл түгжээтэй кодтой байхаар тэр чигт авч яваад ганц нэгэн шил архи авч уух гээд зарахаар цааш авч явсан юм. Тэгээд Н-тэй тааралдаад энэ утсыг зарах гэсэн юм гэсэн чинь Н үзчихээд өө манай дүү утас авах гэж байгаа тэгвэл энэ утсыг чинь үзүүлье гэж хэлээд гэр рүүгээ авч ороод эргээд 30.000 төгрөг аваад гараад ирсэн. Тэгэхлээр нь би тэр мөнгөнөөс Н-д 1 том пиво авч өгөөд хувааж уучхаад салсан түүнээс хойш би яг болсон эсэхийг би мэдэхгүй үлдсэн мөнгөөр нь архи аваад уучихсан. Би тэдний гэрээс 1 ширхэг Самсунг S-3 маркийн гар утас авч гарсан 2 ширхэг гар утас аваагүй, хэрвээ авсан бол хоёулангийн нь хамт нь зарах байсан. Би /Ё/ буюу Д.Э-тай сүрхий хуурай ах дүүгийн холбоотой байдаг юм. Би тэдний гэрээр байнга л орж гардаг хүн байгаа юм. Ё буюу Д.Э-н гэрээс авсан гар утсыг хохирогч Д.Н өөрөө олоод авсан байна лээ, би Н-р дамжуулан зарсан 30.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулна гэжээ. /хх-ийн 04-05/

- Хохирогч Д.Н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн тайлбартаа: 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 09 цагийн үед манай хүүгийн Прада маркийн 1 Симтэй, хар өнгийн 2016 оны 05-р сард Замын-Үүдийн таньдаг хүнээсээ 60,000 төгрөгөөр худалдаж авсан утас, Самсунг S3 маркийн 1 симтэй урд нүүр нь цэнхэр, арын таглаа нь цагаан өнгийн 2016 оны 01-р сард Улаанбаатар хот Tedy утасны худалдааны төвөөс 130,000 төгрөгөөр худалдаж авч байсан утсыг маань Н-н дүү Т гэж залуу хулгайлсан байсан. Би хүнээс асуухад S3 утсыг үл таних залуу ойр хавиар тааралдсан хүмүүсээс 2017.07.29-ны өдөр зарах гээд явж байсан гэж би сонссон. Манай хойд талын гудамжны “Янжуур” С гэдэг хочтой хүний хүүд 30,000 төгрөгөөр зарсан гэж байна лээ. Миний хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ. /хх-ийн 14-15/

- Иргэний нэхэмжлэгч З.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн тайлбартаа: 2017 оны 07 сарын 28 эсхүл 29-ний орой  21 цаг өнгөрч байх үед миний төрсөн дүү Н нь ганцаараа орж ирээд ар тал нь цагаан тагтай, урд талд нь хөх цэнхэр өнгөтэй Самсунг S3 маркийн 1 ширхэг гар утас барьчихсан энэ утсыг Ж.Э хямдхан зарна гэнээ авах уу гээд орж ирсэн. Тэгэхээр нь би тухайн үед утсыг нь сонирхоод хэдэн төгрөгөөр зарах юм гэсэн чинь 30.000, 40.000 төгрөгөөр хамаагүй зарна гэсэн гэхээр нь би 14 настай охин Ц.Г-тээ бариулах гээд бэлэн мөнгөө өгөөд авчихсан юм. Хулгайн утас гээд буцаагаад цагдаагаас хурааж аваад Д.Н-д хүлээлгэн өгсөн гэсэн. Ж.Э нь миний хохирлыг барагдуулж 30.000 төгрөг бэлнээр өгч намайг хохиролгүй болгосон гэжээ. /хх-ийн 17-18/    

- Гэрч О.Н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн тайлбартаа: Би 2017 оны 07 дугаар сарын сүүлчээр өдрийг нь тодорхой санахгүй байна Ж.Э-тэй Замын-Үүд сумын 3 дугаар баг “Хүнсний улаан байшин” гэх нэртэй газар гудамжинд орой 20 цаг өнгөрч байхад тааралдсан Ж.Э нь тал нь цагаан тагтай, нүүрэн тал нь хөх цэнхэр өнгийн Самсунг S3 маркийн гар утас барчихсан энийг зармаар байна гэхлээр би манай эгч Ц-н охин Г нь фэйсбүүк ордог утас авах гээд хайгаад байсан учраас би тэдний гэрлүү нь нөгөө утсыг нь бариад орсон Г нь сонирхоод авхаар болоод байгаа 30.000 төгрөгийг нь аваад гараад ирсэн, тэгээд 30.000 төгрөг байна гэсэн чинь Ж.Э нь өө за за болно болно гээд Ж.Э бид хоёр 1 том пиво утас зарсан мөнгөөрөө авч уугаад салсан юм. Ганцхан Самсунг S3 маркийн гар утас бариад явж байсан, түүнд өөр утас байгаагүй гэжээ. /хх-ийн 20-22/

- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 1-3/

-  Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9-10 /

- Эд зүйл хураан авсан, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлүүд /хх-ийн 11-12/

-  Шинжээчийн 116 тоот дүгнэлт /хх-ийн 26/

- Замын-Үүд сумын 3-р багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36-43/

- Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 76-93/

- Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 73-74/

- Шүүгдэгчийн зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгосон тогтоол /хх-ийн 94-95/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.  

Шүүгдэгч Ж.Э нь 2017 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р багт байрлах иргэн Д.Н-н гэрт нэвтрэн орж Самсунг С3 маркийн гар утас хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогч Д.Н-н “2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 09 цагийн үед ....Самсунг S3 маркийн 1 симтэй урд нүүр нь цэнхэр, арын таглаа нь цагаан өнгийн 2016 оны 01-р сард Улаанбаатар хот Tedy утасны худалдааны төвөөс 130,000 төгрөгөөр худалдаж авч байсан утсыг маань Н-н дүү Т гэж залуу хулгайлсан байсан.” гэх мэдүүлэг, гэрч О.Н-н “...Ж.Э-тэй Замын-Үүд сумын 3 дугаар баг “Хүнсний улаан байшин” гэх нэртэй газар гудамжинд орой 20 цаг өнгөрч байхад тааралдсан Ж.Э нь тал нь цагаан тагтай, нүүрэн тал нь хөх цэнхэр өнгийн Самсунг S3 маркийн гар утас барчихсан энийг зармаар байна” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч З.Ц-н “...миний төрсөн дүү Н нь ганцаараа орж ирээд ар тал нь цагаан тагтай, урд талд нь хөх цэнхэр өнгөтэй Самсунг S3 маркийн 1 ширхэг гар утас барьчихсан энэ утсыг Ж.Э хямдхан зарна гэнээ авах уу гээд орж ирсэн. Тэгэхээр нь би тухайн үед утсыг нь сонирхоод хэдэн төгрөгөөр зарах юм гэсэн чинь 30.000, 40.000 төгрөгөөр хамаагүй зарна гэсэн гэхээр нь би 14 настай охин Ц.Г-тээ бариулах гээд бэлэн мөнгөө өгөөд авчихсан юм.” гэх мэдүүлэг, эд зүйл хураан авсан, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлүүд /хх-ийн 11-12/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын прокуророос шүүгдэгч Ж.Энхтөрд зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Д.Н-д Самсунг С3 маркийн 1 ширхэг гар утсыг хүлээлгэн өгсөн нь эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 12/-р батлагдаж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ж.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг шүүх харгалзан үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ж.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ж.Э-г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э-н цагдан хоригдсон 32 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Шүүхэд эд мөрийн баримт болон шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Э-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ      Э.Б