Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 2024/ДШМ/869

 

2024           07            30                                          2024/ДШМ/869

 

Ц.М, Ү.Х нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Энх-Амгалан,

хохирогч Ж.М, түүний өмгөөлөгч Б.Ганболд,

шүүгдэгч Ц.М, түүний өмгөөлөгч Г.Буянбадрал,

шүүгдэгч Ү.Х-н өмгөөлөгч Б.Алтанзаяа,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/281 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.М, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням, шүүгдэгч Ү.Х-н өмгөөлөгч Б.Алтанзаяа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ц.М, Ү.Х нарт холбогдох 2210 01821 1185 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

1. Т х овогт Ц-н М, .... оны .. дугаар сарын ..-ны өдөр ............. төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн ...........тоотод оршин суух хаягтай боловч одоо ............... тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ........../,

2. Х овогт Ү-н Х, .... оны .. дүгээр сарын ..-ны өдөр ....... төрсөн, .. настай, эмэгтэй, дээд боловсролтой, орос хэлний багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт ............ тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД: ......./;  

Шүүгдэгч Ц.М, Ү.Х нар бүлэглэж Э.О нь 2019 онд Улаанбаатар хотын банкны барьцаанд байсан Баянзүрх дүүргийн ............ ....... тоот хаягт байршилтай ........ улсын бүртгэлийн дугаартай, 3691.06 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хамтарч худалдан авч, засвар хийж, цаашид үйл ажиллагаа явуулах саналыг Б.Н-д тавьж, Б.Н нь уг саналыг хүлээн зөвшөөрч, худалдан авч буй Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгө, “М Ш О” ХХК-ийн өөрийн болон өөрийн хамаарал бүхий хүмүүсийн эзэмшлийн 15 үл хөдлөх хөрөнгө, газар зэргийг барьцаалж Улаанбаатар хотын банкнаас 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Зг9101/190319 дугаартай зээлийн гэрээ байгуулж 3.400.000.000 төгрөгийг 60 сарын хугацаатай зээлж, уг зээлээс 3.000.000.000 төгрөгийг Улаанбаатар хотын банкны дансанд тушааж, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах явцад банкинд хугацаа хэтэрсэн зээлтэй, мөн Улаанбаатар банктай нууцлалын гэрээтэй тул хамтран зээлдэгчээр оролцох боломжгүй гэх тайлбарыг өгч өөрийн нөхөр Ц.М-н төрсөн дүү Ц.Д-н эхнэр Ү.Х-г уг үл хөдлөх эд хөрөнгийн 50 хувийн эзэмшигчээр бүртгүүлсэн, улмаар тухайн үл хөдлөх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсны улмаас хохирогч Ж.М-н худалдан авсан үл хөдлөх хөрөнгө, түүний өөрийн болон хамаарал бүхий иргэдийн хөрөнгө, бизнесийн үйл ажиллагаа явуулдаг “М Ш О” ХХК-ийн үйл ажиллагааны орлого, бусад банкаар орж буй орлого зэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас битүүмжилж хохирогчийн амьдралын эх үүсвэрт ноцтой хохирол, хор уршиг учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ц.М, Ү.Х нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц.М, Ү.Х нарыг бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн өмчлөх, эзэмших эрхийг шилжүүлсэн авсны улмаас бусдад ноцтой хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ц.М-г 2 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ү.Х-г 30.000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 30.00.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Ү.Х-д шийтгэсэн 30.000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 30.00.000 төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Х нь торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон үеэс хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн .................... тоот хаягт байршилтай, 3,691.06 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай Ү...... дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны хоёр өмчлөгчөөс Ү.Х-г хасаж, тухайн үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Ж.М-г бүртгэхийг Үл хөдлөх хөрөнгийн Улсын бүртгэлийн газарт даалгаж, шүүгдэгч Ц.М, Ү.Х нараас тус бүр 306.058.106 төгрөг нэхэмжилснийг хангахаас татгалзаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ц.М, Ү.Х нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг, хохирогч Ж.М гомдолтой гэснийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхээс намайг бусдыг хуурч урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн өмчлөх эзэмших эрхийг шилжүүлэн авсны улмаас бусдад ноцтой хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь, хэргийн үйл баримтын талаар дурдахад:

Эхнэр Э.О нь 2019 оны 2 дугаар сараас эхлэн Б.Н гэх хүнтэй хамтарч бизнесийн үйл ажиллагаа явуулна, 3691.6 м.кв талбайтай худалдаа, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт худалдан авч, бизнесийн үйл ажиллагаа явуулна гэж ярих болсон. Э.О, Б.Н нар тухайн үл хөдлөх эд хөрөнгөө 3 тэрбум төгрөгөөр худалдан авах төлбөрийг 100 хувь банкны зээлээр санхүүжүүлэх, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг болон нэмэлт үл хөдлөх эд хөрөнгө барьцаалж, нийт 3.4 тэрбум төгрөгийн зээл авч, нэмэлт зээл болох 400.000.000 төгрөгөөс нь хамт ажиллах Б.Н гэх хүнээс банкны барьцаанд бүртгүүлэх үл хөдлөх эд хөрөнгүүдийг зээлээс чөлөөлөх, үлдсэн төлбөрөөс нь худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгөдөө засвар үйлчилгээ хийх, бизнесийн үйл ажиллагаа явуулах бэлтгэл ажлыг хийж гүйцэтгэхэд зарцуулахаар шийдвэрлэсэн. Мөн Б.Н-тэй тохиролцсоны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг 2 талаас нэг, нэг хүний нэр дээр бүртгүүлээд 50, 50 хувь өмчлөгчөөр бүртгүүлэхээр тохиролцсон байсан тул хамгийн ойр дотны итгэлтэй хүмүүсийн нэг болох төрсөн дүү Ц.Д-н эхнэр Ү.Х-д хандаж, түүний нэр дээр 50 хувийн өмчлөх эрхийг бүртгүүлсэн. Ингээд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр манай талаас Ү.Х, нөгөө талаас Б.Н-н нөхөр Ж.М нар бүртгэгдсэн. Тиймдээ ч Улаанбаатар хотын банкнаас авсан эхний 1-4 сарын төлбөрийг Б.Н, Э.О нар нь тухайн зээлийн хөрөнгө оруулалт болон байгууллагынхаа зардлаас гаргаж байсан ба 5 дахь сарын төлбөрийг Э.О нь манай танил ах Нацагдоржоос зээлж авсан мөнгөөр төлсөн ба энэ мөнгөний төлбөрийг одоо хүртэл төлөөд явж байгаа. Улаанбаатар хотын банкнаас 3.4 тэрбум төгрөгийн зээл авч, 3 тэрбум төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахад 170 сая төгрөгийг Б.Н-н эд хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлөхөд, 230 сая төгрөгийг С худалдааны төвийн засвар үйлчилгээнд зарцуулсан. Мөн С худалдааны төвийн үйл ажиллагаа явуулахад банкны зээлээс зарцуулсан 230 сая төгрөг нь хаанаа ч хүрэхгүй байсан учраас эхнэр Э.О бид хоёр өөрсдийн бизнесийн үйл ажиллагааны орлогоо болон өөрсдийн өмчлөлийн орон сууцаа 225 сая төгрөгөөр, “Лексус RХ-350” загварын машинаа 110 сая төгрөгөөр, Сандэй худалдааны төвд үйл ажиллагаа явуулж байсан лангуугаа 360 сая төгрөгөөр тус тус худалдан борлуулж, өөрийн найз нөхөд, гэр бүл, хамаатан садангаас мөнгө зээлж, нийтдээ 1.700.000.000 орчим төгрөгийн засварын хөрөнгө оруулалт хийсэн. Гэтэл мөрдөн байцаалтын ажиллагааг хэт нэг талыг барьж явуулсан, иргэний эрх зүйн харилцааг эрүүгийн шинжтэй үйлдэл болгон, мөн залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж болох субьектив болон обьектив шинжийг хангаагүй байхад гэмт хэрэг үйлдсэн болгож ял оногдуулсан явдалд туйлын гомдолтой байна. Тухайн үл хөдлөх хөрөнгийн эрх нь банкинд хадгалагдаж байгаа бөгөөд өмчлөгчийн эрхийг хууль бусаар, хуурч мэхлэх замаар авсан зүйл огт байхгүй. Би эхнэр Э.О-н бизнесийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн. 2022 оны эхээр Э.О нь эрүүл мэндийн шалтгаанаар буюу хорт хавдраар оношлогдож, гадаад улс руу эмчилгээнд явснаас  хойш өөрийн бага насны 3 хүүхдээ асран халамжлах болон эхнэрийн бизнесийн үйл ажиллагааг доголдуулахгүй байхын тулд С худалдааны төвийг хэсэг хугацаанд хариуцан ажиллаж байсан. Дээрх нөхцөл байдлыг гэмт хэрэгт тооцож байгааг ойлгохгүй байна. Миний бие бусдыг хууран мэхлэх, итгэл эвдэх, өмчлөгчийн эрхийг шилжүүлж авсан ямар нэгэн үйлдэл, эс үйлдэхүй хийгээгүй, хуулийн хүрээнд бизнесийн үйл ажиллагаанд оролцсон. Иймд хэргийг үнэн зөв, шударгаар шийдвэрлэж, надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ц.М-н өмгөөлөгч Ц.Дэлгэрням тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч Ц.М-г, шүүгдэгч Ү.Х-тай бүлэглэн, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн өмчлөх эрх, эзэмших эрхийг шилжүүлэн авсны улмаас бусдад ноцтой хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй буюу дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, ач холбогдолтой нотлох баримтуудын нэгийг үнэлэхдээ нөгөөг нь үгүйсгэж байгаа үндэслэлийг заагаагүй, шүүгдэгч нь нар нь хэзээ, ямар үйлдэл хийсэн нь гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл болж байгаа талаар дүгнэлтэд заагаагүй, шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой байх заалтыг зөрчсөн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг гарсан байдал” гэж заасан ба хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны шатанд ч, шүүхийн шатанд ч шүүгдэгч Ц.М, Ү.Х нар нь яг хэзээ, яг хаана хийсэн, ямар үйлдлээрээ гэмт хэрэгтэн болоод байна вэ гэдэг нь огт тогтоогдоогүй, энэ талаар шүүхээс ч дүгнэлт хийгээгүй орхигдуулсан гэж үзэхээр байна.

Нэг. Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан Залилах гэмт хэргийн шинжгүй талаар, гэмт хэрэг үйлдсэн гэх цаг хугацааг тогтоогоогүй талаар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хэргийн хүрээн хязгаар, мөн хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т яллах дүгнэлтэд “яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг тусгана” гэж тус тус хуульчилсан. Яллах дүгнэлтэд “... яллагдагч Ц.М, Ү.Х нар нь бүлэглэн ... үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийг болон бусад өөрийн хамаарал бүхий хүмүүсийн үл хөдлөх хөрөнгө, газрыг барьцаалж 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр №ЗГ9101/190319 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, 3.4 тэрбум төгрөгийн зээл авч, уг зээлээс 3 тэрбум төгрөгийг Улаанбаатар хотын банкинд тушааж дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах явцад “банкинд хугацаа хэтэрсэн зээлтэй, мөн Улаанбаатар хотын банктай нууцлалын гэрээтэй тул хамтран зээлдэгчээр орох боломжгүй” гэх тайлбарыг өгч, өөрийн нөхрийн төрсөн дүүгийн эхнэр Ү.Х-г 50 хувийн эзэмшигчээр бүртгүүлсэн. Улмаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийг бусдад худалдан борлуулна, эсхүл өөрөө худалдаж авна гэж итгүүлэн, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсны улмаас хохирогч Ж.М-н худалдан авсан үл хөдлөх хөрөнгө, түүний өөрийн болон хамаарал бүхий иргэний хөрөнгө, бизнесийн үйл ажиллагааны орлого зэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас битүүмжилж хохирогчийн амьдралын эх үүсвэрт ноцтой хохирол, хор уршиг учруулсан” гэмт хэрэгт үйлдлээрээ нэгдэж, залилах гэмт хэрэг үйлдсэн” гэж тусгасан. ... Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд гэмт этгээдийн бусдыг хуурсан, зохиомол байдлыг зориудаар бий болгосон, сүсэг бишрэлийг далимдуулсан, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигласан зэрэг үйлдлийн арга хэрэгслээр бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол залилах гэмт хэрэг гэж үзэхээр заасан. Гэтэл мөрдөн байцаалт, анхан шатны шүүх хуралдааны шатанд Ц.М, Ү.Х нар нь уг гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн эсэх үйл баримт тогтоогдоогүй. Тэр ч байтугай шүүгдэгч Ц.М, Ү.Х нар нь хохирогч Ж.М, түүний эхнэр гэрч Б.Н нартай биечлэн харилцаж байгаагүй, бизнесийн харилцаа үүсгэх, хамтран ажиллах саналыг тавьж байгаагүй, үл хөдлөх эд хөрөнгийг хамтран худалдан авах санал тавиагүй, үл хөдлөх эд хөрөнгийг бусдад худалдан борлуулаад банкны зээлийг бүрэн төлж дуусгана гэж амлалт баталгаа өгсөн зэрэг үйл баримтад нэг ч оролцоогүй бөгөөд хохирогч Ж.М-н эхнэр Б.Н нь иргэн Э.О-той харилцан тохиролцож, хамтран ажиллах гэрээ байгуулж, хамтын үйл ажиллагаагаа явуулах зорилгоор “Д С” ХХК-ийг үүсгэн байгуулж, тус бүр 50 хувийн хувьцаа эзэмшиж, хамтын үйл ажиллагаа явуулж байсан болох нь тогтоогдсон. Мөн Б.Н, Э.О нарыг хооронд үүссэн хамтын ажиллагаатай холбоотой харилцааг авч үзвэл, анхнаасаа хуурч мэхэлсэн, залилсан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд дээрх үйлдлүүдийн хаана нь ч хуурсан, зохиомол байдлыг зориудаар бий болгосон, бодит байдлыг нуусан, төөрөгдүүлсэн үйлдэл байдаггүй. Талууд анхнаасаа зээлийн санхүүжилтээр үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авъя, хамтдаа өмчилье, хамтарч ажиллаад үйл ажиллагааных нь ашгаар зээлээ төлье гэж тохирсон үйл баримт тогтоогддог. Дундаа хуулийн этгээд үүсгэж байгуулаад Б.Н гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад компанийнхаа хувьцаа, компанийн эрхийг шилжүүлж өгөөд өөрөө хамтын үйл ажиллагаагаа дуусгавар болгосон үйл баримт бодитоор тогтоогдож байхад энэ үйлдлийг ямар байдлаар залилсан, бусдыг хохироосон гэж үзээд байгаа нь ойлгомжгүй бөгөөд дээрх хамтран ажиллах гэрээ байгуулсан, хуулийн этгээд үүсгэн байгуулсан, хамтын ажиллагааг дуусгавар болгохоор тохиролцсон зэрэг үйлдэлд Ц.М, Ү.Х нарын идэвхтэй үйлдэл оролцоо нэг ч байхгүй байгаа нь шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан Залилах гэмт хэргийн обьектив талын шинж тогтоогдохгүй, гэмт хэргийн шинжгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн хохирогч Ж.М, Б.Н нар нь мэдүүлэгтээ “... барьцаанд тавьж зээл авсан хамт бизнес хийх гэж байсан,... одоо тухайн үл хөдлөх эд хөрөнгийг Э.О, Ц.М нар эзэмшиж, ашиглаж байгаа ... банкны зээл төлөгдөөгүй улмаас хохирч байна” гэж хэлдэг. Банкны зээлийн төлбөр төлөгдөөгүйн улмаас барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах, хуульд заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа яахаараа залилах гэмт хэргийн үйлдлийн шинж болж тодорхойлогдох боломжтой юу гэдэг ч анхан шатны шүүхээс дүгнэлт хийлгүй орхигдуулж, хэт яллах талыг барьсан хууль бус шийдвэр гаргасан гэж үзэхээр байна. Үнэхээр хохирогч Ж.М, Б.Н нарын мэдүүлэгт дурдагдсан шиг банкны зээлийн төлбөр төлөгдөхгүй болсны улмаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, Ж.М, Б.Н нарын хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөж байгаа үйл баримт байдаг. Үүнийг ч Ц.М болон Б.Н-тэй хамтран ажиллахаар тохиролцсон Э.О нар хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ үүнд зээлийг төлөхөөр тохиролцсон үүргээ санаатайгаар биелүүлэхгүй байна уу, эсхүл бизнесийн үйл ажиллагаатай холбоотой доголдол үүсч, хамтын тохиролцоогоор хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон уу гэдгийг анхаарах хэрэгтэй. Миний үйлчлүүлэгч Ц.М нь өөрийн мэдүүлэг, тайлбартаа тодорхой дурддаг “... би энэхүү С худалдааны төвийн үйл ажиллагаанд анхнаасаа ямар ч оролцоогүй байсан, ... манай эхнэр Э.О нь иргэн Б.Н-тэй харилцан тохиролцож, зээлээр худалдан авч, тус худалдааны төвийн өөрийнх нь үйл ажиллагааны ашгаар зээлийг нь төлөхөөр тохиролцсон байсан, ... бүх үйл ажиллагааг Э.О өөрөө хариуцаад, Б.Н-тэй харилцаад шийдэж байсан. Сүүлийн 2 жил эхнэр маань эрүүл мэндийн шалтгааны улмаас Турк улс руу эмчилгээ хийлгэхээр явсан тул би гэр бүлийн хүний хувьд хэдэн жилийн хөдөлмөрийг нь үр дүнгүй болгоод, хоосон хаягдал барилга болгочихгүйн тулд цаг зав, хөрөнгө мөнгөө зарцуулаад С худалдааны төвийн үйл ажиллагааг жигдлэх гээд хичээж ажиллаж байна. ... анх тухайн барилгыг худалдан авах үед үйл ажиллагаа явагдаж эхлээгүй, тухайн барилгын үүдний хэсэг нэг давхарт хийгдсэн засвар тохижилт нь төлөвлөж байсанчлан авто хэрэгслийн худалдаа, үйлчилгээ эрхлэх зориулалтаар тохижуулагдаагүй байсан тул барилгын гадна үүдний хэсгээс эхлүүлээд бүх давхрын дотоод заслыг дахин буулгаж автотээврийн хэрэгсэл худалдаалах зориулалтаар дахин засварлаж, тохижуулан лангуунуудын тасалгаа хийж ... 5 жилийн хугацаанд маш их хөрөнгө мөнгө, цаг хугацаа, хичээл зүтгэл зарцуулж, тус барилгад нэг давхар сэндвичэн өргөтгөл барьсан, 5 давхарт ахуйн хэрэглээний газ хэрэглэх системийн суурьлуулж, олон үндэсний хоолны газар ажиллах боломжтой болгосон, дотоод заслын ажлыг хийж гүйцэтгэх, түрээслэх боломжтой лангуу, тасалгаа болгосон, агааржуулалт, камержуулалтын систем суурилуулсан, төрийн байгууллага албан тушаалтнуудад холбогдох санал хүсэлтийг гаргаж, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл, эрх олгосон гэрээнүүдийг байгуулсан, ... автотээврийн хяналтын төвийн салбарыг ажиллуулахыг зорьсон боловч бүтээгүй, энэ хугацаанд ковид-19 цар тахлын нөлөө болон үл хөдлөх эд хөрөнгийн байршлаас хамаарч анх Э.О, Б.Н нарын тооцоолсон шиг их хэмжээний ашигтай ажиллах боломж бүрдээгүй, бизнесийн хувьд үйл ажиллагаагаа бүрэн тогтвортой хэрэгжүүлж эхлээгүй байгаа нь иргэний шүүхэд харилцагч нарын гаргасан нэхэмжлэл, хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрүүдээр нотлогдож байгаа...” талаар мэдүүлсэн ба энэ ч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогддог.

Мөн яллах дүгнэлт, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой танилцахад шүүгдэгч Ц.М, Ү.Х нарыг яг хэзээ гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Ж.М-т хэзээ хохирол учруулаад байгаа талаар буюу гэмт хэрэг хэзээ үйлдэгдсэн /хэзээ эхэлсэн, хэзээ төгссөн/ гэх үйл баримтыг огтхон ч дурдаагүй орхигдуулсан байдаг. Залилах гэмт хэрэг бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар төгсдөг. Гэтэл хэрэгт Баянзүрх дүүргийн 14 хороо, 14 хороолол, 55 тоот хаягт байрлах худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг банкны зээлийн санхүүжилтээр худалдан авч, өмчлөгчөөр Ж.М, Ү.Х нар бүртгэгдсэн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийг гэмт хэрэг гарсан цаг хугацаа гэж үзээд байна уу, эсхүл Б.Н нь хамтран ажиллахаа больсон талаараа илэрхийлж, дундаа байгуулсан “Д С” ХХК-ийн 50 хувийн хувьцаа, компанийн эрх, гүйцэтгэх захирлын албан тушаалыг Э.О-т хүлээлгэн өгсөн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг гэмт хэрэг гарсан цаг хугацаа гэж үзээд байна уу, эсхүл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зээлийн төлбөрөө төлөөгүйтэй холбоотойгоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлсэн 2022 онд гэмт хэрэг гарсан гэж үзээд байгаа нь ойлгомжгүй байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар гэмт хэрэг гарсан цаг хугацааг нарийн тогтоох ёстой бөгөөд үүнийг яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд тодорхой тусгах ёстой. Хэзээ гэмт хэрэг үйлдэгдсэн, хэзээ эхэлсэн, хэзээ төгссөнөөс шалтгаалж, тухайн гэмт хэрэгт хэн хамтран оролцсон бэ, ямар үйлдлээр хамтран оролцоод байна гэдгийг нотлон тогтоох боломжтой болно. Хэрэв Э.О-н үйлдэл анхнаасаа гэмт хэргийн шинжтэй, гэмт хэрэг үйлдэх санаа зорилготой байсан гэж үзвэл 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр буюу анх үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах, Ү.Х нь 50 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэх үед гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэх, үл хөдлөх эд хөрөнгийн 50 хувийн эрхийг шилжүүлж авснаар гэмт хэрэг төгс үйлдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй. Тэгвэл 2019.03.14-ний өдрөөс өмнө Ц.М ямар үйлдэл хийсэн юм, Э.О-тэй, Ү.Х-тай хэрхэн бүлэглэсэн юм гэхээр үйлдэл оролцоо байдаггүй. Хэрэв Э.О нь анхнаасаа гэмт хэрэг үйлдэх санаа зорилгогүй, хамтын бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаад Б.Н-г хамтын ажиллагаанаас гарах хүсэлт сонирхлоо илэрхийлсэн цаг хугацаанд гэмт хэрэг үйлдэх санаа зорилго үүсч, компанийн эрх, үл хөдлөх эд хөрөнгийг ашиглах, эзэмших эрхийг шилжүүлэн авч залилсан гэж үзвэл 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр нь гэмт хэрэг гарсан цаг хугацаа гэж үзэх, түүнээс өмнөх хамтын үйл ажиллагаа нь хууль ёсны байсан гэж үзэх үндэслэл бүрдэнэ. Энэ тохиолдолд Ү.Х-д өмчлөх эрхийг бүртгүүлэхийг зөвшөөрч байсан Б.Н, Ж.М, Э.О нарын зөвшөөрлийн дагуу үл хөдлөх эд хөрөнгийн 50 хувийн өмчлөгчөөр бүртгэгдсэн нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй буюу Ү.Х-н үйлдэл оролцоо байхгүй гэж үзэх, цаашлаад 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд Ц.М нь хохирогч нартай хэрхэн ямар байдлаар харилцсан, итгэл үнэмшил төрүүлсэн эсэх, гэм буруутай, бусдыг хуурч мэхэлсэн үйлдэл хийсэн эсэхээс хамаарч Ц.М-н оролцоо тодорхойлогдоно. Гэтэл Ц.М мэдүүлэг, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн баримтаар энэ бүхий л ажиллагааг Э.О хариуцан ажиллаж байсан, Ц.М нь Э.О-г Турк улс руу эмчилгээнд явснаас хойш С худалдааны төвийн үйл ажиллагааг удирдаж байгаа гэдэг үйл баримт тогтоогддог.

Хэрэв Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өр төлбөртэй холбоотойгоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, хохирогч нарт хохирол учирсан цаг хугацааг гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа гэж үзэж байгаа юм бол өмнөх хамтын үйл ажиллагаа нь хууль ёсны гэж үзэх, энэхүү хамтран ажиллах гэрээтэй, дундаа хуулийн этгээд үүсгэн байгуулж хамтран ажиллаж байсан иргэний эрх зүйн харилцаа нь хэзээ ямар байдлаар гэмт хэрэг болж өөрчлөгдөөд байгаа талаар тус тус дүгнэлт өгөх хууль ёсны шаардлага үүснэ. Гэтэл анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэлгүйгээр, хэт яллах талыг барьж, гэмт хэрэг үйлдэгдсэн эсэх, гэмт хэргийн шинжтэй эсэх, гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзвэл хэзээ гэмт хэрэг үйлдэгдсэн талаарх асуудлыг үнэлж дүгнэлгүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй хууль бус шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Хоёр. Шүүгдэгч Ц.М, Ү.Х нарын үйлдлийн улмаас хохирогчийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд ноцтой хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй талаар:

Хохирогч Ж.М нь мэдүүлэгтээ “... нийт 4.809.250.965 төгрөгийн хохирол учраад байна. маш их гомдолтой байна” гэх талаар, гэрч Б.Н нь мэдүүлэгтээ нөхөр бид хоёр тухайн үл хөдлөх эд хөрөнгөөс Ү.Х гэдэг хүний нэрийг хасуулж, өөрсдөө дангаар эзэмшиж, уг барилгыг зарж, банкны өрийг төлж, өөрсдийн хөрөнгийг авч үлдэх санаатай байгаа юм” гэх талаар тус тус мэдүүлснийг яллах дүгнэлтэд яллах талын нотлох баримтаар дурдагдсан. Гэтэл хэрэгт авагдсан “Ашид Билгүүн” ХХК-ийн үнэлгээний тайлангаар тухайн үл хөдлөх эд хөрөнгө, 540 м.кв газрынхаа хамтаар 9.7 тэрбум төгрөгийн үнэтэй болох нь тогтоогддог. Гэрч Б.Н, хохирогч Ж.М нар нь манайх их хэмжээний мөнгөөр хохирсон, гомдолтой байна гэдэг. Гэтэл 9.7 тэрбум төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх эд хөрөнгийг 100 хувийн өөрсдийн болгож авна гэдэг. Улсын яллагчийн яллаж байгаагаар Ж.М нь бусдад залилуулснаараа өөртөө 5 тэрбум төгрөгийн санхүүгийн ашиг шууд олох нөхцөл байдал харагдаж байна. Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ж.М, гэрч Б.Н, яллагдагч Ц.М, Э.О нарын мэдүүлэг болон бусад бичгийн баримтууд, үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, “Д С” ХХК-ийн үүсгэн байгуулах баримт бичиг, хуулийн этгээдийн гэрчилгээ зэрэг баримтуудаар “Б.Н, Э.О нар нь С худалдааны төвийн үл хөдлөх эд хөрөнгийг 100 хувь зээлийн санхүүжилтээр худалдан авах, зээлийн төлбөрийг 100 хувь үйл ажиллагааны ашгаас төлөхөөр тохиролцсон, Э.О-н өөрийн 100 хувийн хувьцаа эзэмшдэг “ЖНДБ” ХХК нь 2019 онд тухайн ул хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах зуучлалын гэрээг тус үл хөдлөх эд хөрөнгийн өмнөх өмчлөгч Т.Б-тай 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан байсан тул Э.О өөрийн нэрийг өмчлөгчөөр бүртгүүлэх боломжгүй /зуучлагч, өөртэйгөө гэрээ байгуулахыг хориглодог/ байсан, бизнесийн үйл ажиллагааг эхлүүлсэн боловч тооцоолсон хэмжээний ашиг орлого олж чадаагүй, ингээд 2019 оны 11 сард Б.Н нь “Д С” ХХК-ийн 50 хувийг хувьцаа, компанийн эрхийг, гүйцэтгэх захирлын албан тушаалын хамт Э.О-т шилжүүлж өгсөн, Э.О компанийн үйл ажиллагааг ганцаараа үргэлжлүүлж, үйл ажиллагааны орлогоор зээлийг төлж, Б.Н, Ж.М нарын барьцааны хөрөнгүүдийг суллаж өгөхөөр тохиролцсон боловч зээлийн төлбөр бодитоор төлөгдөөгүй, барьцаа хөрөнгүүдийг суллаж өгөөгүй” нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй байна. Ингээд анх тохиролцсоны дагуу Б.Н банкнаас 3.4 тэрбум төгрөгийн зээлийг авсан бөгөөд 3 тэрбум төгрөгөөр худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийн 50 хувийн өмчлөгчөөр өөрийнхөө нөхөр Ж.М-г, 50 хувийн өмчлөгчөөр Ү.Х-г тус тус бүртгүүлсэн байх ба хамтын ажиллагаа болон хамтын ажиллагааг дуусгавар болгосноос хойш Э.О-н бие даан явуулж, нөхөр Ц.М-н зүгээс дэмжлэг үзүүлж байсан үйл ажиллагааны үр дүнд анх 3 тэрбум төгрөгөөр худалдан авсан, дотор засал, зохион байгуулалтын ажиллагаа нь бүрэн дуусаагүй, үйл ажиллагаа явуулж эхлээгүй үл хөдлөх эд хөрөнгө нь дотор заслын ажил бүрэн хийгдэж, тохижилт хийж, бусад талбайг зориулалтын дагуу түрээслэн ашиг олох боломжтой болгож, капиталжуулсны үндсэнд 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар 9.714.291.018 төгрөгөөр үнэлэгдсэн үйл баримт тогтоогддог. Өөрөөр хэлбэл, анх гэрээ байгуулагдаж, хамтран ажиллахаар тохиролцож, хуулийн этгээд байгуулах үедээ өөрийн нэр дээрээ бүртгүүлсэн 50 хувийн үл хөдлөх хөрөнгөөс өөрт ногдох эрхийн үнэлгээ 4.857.145.509 төгрөгөөр үнэлэгдэж байна. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар хуульчилсан. Гэтэл хамтарч бизнес хийхээр тохиролцож, Хамтран ажиллах гэрээний харилцаанд оролцож, үүнээсээ ашиг олсон нөхцөл байдал тогтоогдож, хамтын үйл ажиллагаа дуусгавар болгоход үүрэг хүлээсэн тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ бодитоор биелүүлж, банкны зээлийг төлж чадаагүй нөхцөл байдлыг гэмт хэрэг гэж үзэж, гэмт хэргийн улмаас хохирсон гэх этгээдүүд нь бодит байдалд хохироогүй, анх авсан зээл, зээлийн төлбөрөөс хамаагүй өндөр үнийн дүнтэй үл хөлдөх эд хөрөнгийн эрхээр хөрөнгөжсөн байх ба бусдын буюу миний үйлчлүүлэгч Ц.М, түүний эхнэр Э.О нарын 5 жилийн хугацаанд оруулсан хөрөнгө оруулалт, хүч хөдөлмөрийг хууль шүүхийн байгууллагаар дамжуулан булаан авч, өөрсдөдөө 5 тэрбум төгрөгийн хууль бус давуу байдлыг өөртөө бий болгож байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй, хохирогч гэх Ж.М, түүний эхнэр Б.Н нар бодит байдалд нэг ч төгрөгөөр хохироогүй гэж үзэхээр байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, тус зүйл, заалтыг тайлбарласан Улсын дээд шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 24 дугаартай тогтоолд тусгагдсан “... “гэм буруутай эсэхэд” гэх ойлголтод... шүүгдэгчийн гэм буруутайг тогтоож буй нотлох баримтын эх сурвалж нь хангалттай, хүрэлцэхүйц, эргэлзээгүй буюу үнэн бодит, хүлээн зөвшөөрөхүйц эсэхэд үүссэн эргэлзээг ойлгоно, “эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал” гэдэгт ... нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг хуульд заасан гэмт хэргийн шинжтэй харьцуулан жишиж, зүйлчлэл хийх үед үүссэн эргэлзээг ойлгоно, “шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан шийдвэрийг гаргах, эсхүл хөнгөн ялтай болон гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэхийг ойлгоно...” гэж тус тус заасны дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, миний үйлчлүүлэгч Ц.М-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Ү.Х-н өмгөөлөгч Б.Алтанзаяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч Ү.Х-г яллагдагч Ц.М-тай бүлэглэн Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 30.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь үндэслэлгүй ба миний үйлчлүүлэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь хөдөлбөргүйгээр нотлогдохгүй байхад шүүхээс гэм буруутайд тооцож, миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйл “...гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх...” зорилт, 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэснийг ноцтой зөрчиж, хууль бусаар ял оногдуулсан, үндэслэлгүй шийдвэр болсон гэж үзэж байна. Шийтгэх тогтоолд “...Шүүгдэгч Ц.М, Ү.Х нар нь ашиг олох зорилгоор Ж.Ж.М-тай хамтран ажиллахаар харилцан тохиролцсон үйл баримт тогтоогдох бөгөөд ингэхдээ бусдын хууль журмын дагуу худалдан авсан эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчийн эрхийг хууль бусаар шилжүүлэн авч, үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрсдийн нэрийг хамтран өмчлөгчөөр бүртгүүлж, улмаар хасуулаагүй, хасуулахгүй байхаар тохирсон, мөн үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулж банкнаас авсан зээл, хүү, алданги бусад төлбөрийг төлөхгүй байгаа нь хууль бус юм...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Шүүгдэгч Ү.Х нь шүүгдэгч Ц.М-н төрсөн дүү Ц.Д-н эхнэр нь бөгөөд 2019 оны 3 дугаар сард бага насны 2 хүүхдээ харан гэртээ байх үед хадам ах Ц.М, түүний эхнэр Э.О нар утсаар ярьж, “бусадтай нийлж үл хөдлөх эд хөрөнгө худалдан авч бизнес эрхлэх болсон тухайгаа хэлж, худалдан авч буй үл хөдлөхөө хамтарч бизнес эрхлэх хүмүүстэйгээ 50:50 хувиар хувааж өмчлөх юм. Биднийг төлөөлж 50 хувийн өмчлөгчөөр бүртгүүлээд өгөөч” гэж гуйсных нь дагуу 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн №01/16 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээнд худалдан авагчаар Ж.М-н хамт орсон байдаг. Ү.Х нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах зорилго байгаагүй, зээлийн төлбөрт нэг ч төгрөг төлөх үүрэг хүлээгээгүй, тухайн үл хөдлөх хөрөнгийг бодитоор эзэмшиж ашиглаж байгаагүй, засаж сайжруулах ажлыг Ц.М, Б.Н, Э.О, Ж.М нар л хэрэгжүүлж байсан ба гагцхүү Э.О, Ц.М нарын гуйлт болон Ж.М, Б.Н нарын зөвшөөрсний дагуу үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээнд оролцож, 50 хувийн өмчлөгчөөр бүртгүүлсэн Ү.Х-н  хувьд тухайн үл хөдлөх хөрөнгөд ямар нэгэн эрхийн сонирхолгүй байсан болох нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад баримтуудаар тогтоогддог, хэргийн оролцогчид ч шүүхийн хэлэлцүүлэгт энэ талаар тодорхой мэдүүлдэг.

Мөн Ж.М, Б.Н, Ц.М, Э.О гэх 4 хүний хамтарч бизнес эрхлэхээр харилцан тохиролцсон харилцаанд Ү.Х нь анхнаасаа байгаагүй энэ 4 хүний хүсэлтээр үл хөдлөх эд хөрөнгийг худалдах худалдан авах гэрээнд өөрийн нэрийг оруулж, хөрөнгийн 50 хувийнх нь өмчлөгчөөр бүртгүүлснийхээ төлөө Ц.М, Э.О нараас ямар нэгэн шан харамж аваагүй, тухайн обьектоос Ү.Х болон түүний хамаарал бүхий этгээд ашиг хүртдэггүй нь Ү.Х тухайн харилцаанд анхнаасаа ашиг хүртэх зорилгоор оролцоогүй болох нь тогтоогддог. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар тухайн гэмт хэрэг үйлдэгдэж төгссөнд тооцохоор хуульчилсан. Ү.Х-н  хувьд 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг байгуулж, үл хөдлөх хөрөнгийн 50 хувийг өөрийн нэр дээр шилжүүлж авснаар Ү.Х-н  үйлдэл төгссөн ба түүний хувьд өөр нэг ч идэвхтэй үйлдэл хийгээгүй. Ү.Х-н үйлдэл эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан залилан мэхлэх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж төгс үйлдэгдсэн гэмт хэрэг гэж тооцогдохын тулд субъектив талын шинжийг хангах ёстой. Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд хуульчилсан гэмт хэргийн тухайд гэм буруугийн зөвхөн санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ. Иймд Ү.Х нь “...өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн...” байх ёстой буюу үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээнд оролцож, тухайн хөрөнгийн 50 хувийн өмчлөгчөөр бүртгэгдэж байгаа үйлдэл нь хууль бус үйлдэл гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэн байхыг шаардана. Гэтэл Ү.Х нь /хадам ах Ц.М, Э.О нар нь хохирогч Э.Ж.М, Б.Н нарыг хуурч мэхэлж, хууль бус үйлдэл хийж залилж байгаа гэдгийг/-ыг мэдсэн эсэх, мэдэх боломжтой байсан эсэхийг тогтоогоогүй. Түүнчлэн Ц.М, Э.О нарын үйлдэл гэмт хэрэг мөн эсэх нь үндэслэл бүхий эргэлзээтэй байна. Тухайн цаг үед Б.Н, Ц.М, Э.О, Ж.М нар нь бүгд л бид хамтарч бизнес эрхлэхээр тохиролцож тухайн үл хөдлөх хөрөнгийг худалдан авч байна, чиний нэрийг тухайн хөрөнгийн 50 хувийн өмчлөгчөөр бүртгүүлмээр байна гэж гуйсных нь дагуу л гэрээнд нь гарын үсэг зурж, тухайн обьектийн 50 хувийн өмчлөгчөөр өөрийн нэрийг бүртгүүлсэн үйлдэл нь хууль бус биш ба анхан шатны шүүхээс “...Шүүгдэгч Ү.Х-н хувьд хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор тухайн хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчөөр тогтоогдоогүй, бусдын хууль бус үйлдэлд хамтран оролцож, хөрөнгийн эзэмшигчээр тогтоогдсон гэж үзэхээр байна...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж гэрээний талуудын чөлөөт байдлын зарчмыг, мөн хуулийн 110 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлснээр хууль ёсоор олж авах зохицуулалтыг хуульчилсан. Энэ нь иргэний эрх зүйн харилцаанд оролцож гэрээ байгуулж байгаа талууд хэн хэн нь харилцан зөвшөөрсөн тохиолдолд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж гэрээг чөлөөтэй байгуулах эрхийг гэрээний харилцааны талуудад олгосон нэн чухал ач холбогдол бүхий зарчим бөгөөд үүний дагуу Э.О, Ц.М, Б.Н, Ж.М нар нь бүгд харилцан зөвшилцсөний үндсэнд миний үйлчлүүлэгч Ү.Х-г үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээндээ оруулж, 50 хувийн өмчлөгчөөр бүртгүүлсэн байдаг. Хэрэв хохирогч Ж.М, Б.Н нар нь Ү.Х-г оруулахыг зөвшөөрөөгүй бол миний үйлчлүүлэгч гэрээнд оролцож, хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдэхгүй байсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд тусгагдсан дүгнэлт нь Иргэний хуульд тусгагдсан гэрээний талуудын чөлөөт байдлын зарчмыг үгүйсгэсэн хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт гэж үзэж байна. Мөн анхан шатны шүүх дүгнэхдээ “...Шүүгдэгч Ц.М, Ү.Х нар нь ... үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрсдийн нэрийг хамтран өмчлөгчөөр бүртгүүлж, улмаар хасуулаагүй, хасуулахгүй байхаар тохирсон...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Миний үйлчлүүлэгч Ү.Х нь Ц.М, Э.О, Б.Н, Ж.М нарын гуйлтаар тухайн үл хөдлөх хөрөнгийн 50 хувийг өмчлөх эрхийг өөрийн нэр дээр бүртгүүлсэн, тухайн хөрөнгөд ямар нэгэн эрхийн сонирхолгүй, Ү.Х-н хувьд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд л 50 хувийг нь өмчлөх эрхтэй гэсэн нэр л бичигдсэнээс бусдаар тухайн хөрөнгөтэй холбоотой бүхий л эрхийг Э.О, Ц.М, Б.Н, Ж.М гэсэн хүмүүс хэрэгжүүлж байсан. Мөн Ү.Х нь өөрийн хадам ах Ц.М, түүний эхнэр Э.О нар нь Ж.М, Б.Н гэх хүмүүстэй хамтарч бизнес эрхлэхээр тохиролцсоны үндсэнд тухайн үл хөдлөх хөрөнгийг худалдаж авсан, мөн тухайн объектод хадам ах Ц.М, Э.О нар хөрөнгө оруулсан болохыг мэдэхийн хувьд өөрөө дур мэдэж /бодитоор хадам ах Ц.М, Э.О нарын өмчлөх ёстой/ тухайн үл хөдлөх хөрөнгийн 50 хувийг өмчлөх эрхийг бусдад шилжүүлж өгөх эрхгүй байсан. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024/ШЦТ/281 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, миний үйлчлүүлэгч Ү.Х-д холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ц.М-н өмгөөлөгч Г.Буянбадрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгч Ц.Дэлгэрнямын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. ... Анхан шатны шүүх хуралдааны явцад шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын зүгээс нотлох баримтын шаардлага хангасан 500 гаруй хуудас баримтыг шинээр гаргаж өгсөн. Шүүхээ хэргийг хянан шийдвэрлэхдээ дээрх нотлох баримтуудыг хангалттай үнэлж, дүгнэж чадаагүй. ... 2019 оны 11 дүгээр сард “Д С” ХХК-ийн 50 хувийн хувьцааг болон гүйцэтгэх захирлын эрх, үүргийг Б.Н-с Э.О-т шилжүүлэн өгснөөс хойш буюу 2020-2022 онуудад хийгдсэн ажил гүйцэтгэх гэрээнүүд, иргэний хэрэг, маргааны шийдвэрүүд, шүүх хуралдааны тэмдэглэлүүд, Ремаксийн эрхтэй компанитай 2019 онд байгуулсан зуучлалын гэрээ, “Д С” ХХК-ийн 2019 оны 3 дугаар сард үүсгэн байгуулагдсан талаарх баримт бичиг, хуулийн этгээдийн дүрэм, гүйцэтгэх захирлыг томилсон тушаал, шийдвэр зэрэг баримтууд бүгд хэрэгт авагдсан. Эдгээр баримтуудыг анхан шатны шүүх үнэлж, дүгнээгүй нь шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна. Хохирогч “2019 оны 11 сар хүртэлх бүх засвар үйлчилгээг би хийсэн, бусад нэмэлт засвар үйлчилгээ хийгдээгүй” гэж тайлбарладаг боловч энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар няцаагдана. Гэмт хэрэг гарсан цаг хугацаатай холбоотой асуудалд анхан шатны шүүх дүгнэлт хийхдээ хэд хэдэн цаг хугацааг хольж тусгасан байдаг. Тухайлбал, залилах гэмт хэрэг нь өмчлөгчийн эд хөрөнгийн эрх болон өмчлөлийн эд хөрөнгийг шилжүүлэн авснаар гэмт хэрэг төгссөнд тооцогддог. Үл хөдлөх эд хөрөнгийн 50 хувийн эрх 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Ү.Х-д шилжсэн. Мөн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр “Д С” ХХК-ийн 50 хувийн хувьцаа олгох гүйцэтгэх захирлын эрхийг Б.Н-с Э.О-т шилжүүлсэн. Яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд “...2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 100.000.000 төгрөгийг авсан” гэж үйл баримтыг 4 цаг хугацаагаар тодорхойлдог. Гэтэл дээр дурдсан 4 цаг хугацааны алинд нь гэмт хэрэг үйлдэгдэж, төгссөн болох нь эргэлзээтэй. Яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолоос үзэхэд гэмт хэрэг төгссөний дараа дахин үйлдэл яваад байгаа мэт харагддаг. ... Мөн анхан шатны шүүх хуралдаанд хохирогч “Тохиролцоог Э.О, Б.Н нар хийсэн. Ц.М, Ү.Х хоёртой тохиролцоогүй” гэж мэдүүлсэн. Энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар болон гэрч, хохирогч, яллагдагч, шүүгдэгч нарын мэдүүлэг, тайлбараар тогтоогддог. Энэ талаар шүүх огт дүгнээгүй. 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс өмнө Ү.Х, Ц.М нар нь Б.Н, Ж.М нартай харьцаж байгаагүй. Шүүх хуралдааны явцад 3.400.000.000 төгрөгийн санхүүжилтийн 3.000.000.000 төгрөг нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан төлбөрт, 170.000.000 төгрөг нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахад зориулсан зээлийн барьцаанд тавьсан хөрөнгийг чөлөөлөхөд, үлдэгдэл 230.000.000 төгрөг нь үл хөдлөх эд хөрөнгийн засварт зарцуулагдсан гэдэг. Гэтэл прокурор хаанаас 100.000.000 төгрөг гарган ирж, 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн “Tokyo Tower” гэх газарт бэлнээр авсан гэж гэмт хэргийн харьяаллыг тогтоож, гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр гэж үзсэн нь тодорхойгүй. Хэрэв гэмт хэрэг 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр төгссөн бол үүнээс хойш үйлдэгдэж байгаа үйлдэл нь залилах гэмт хэрэг биш юм. Талуудын хооронд хамтын тохиролцоо буюу Иргэний хуульд заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн. Иргэний эрх зүйн харилцааны явцад бий болсон эрсдэл буюу байгалийн давагдашгүй хүчин зүйл, нийгэм эдийн засгийн харилцааны зохицуулалтын өөрчлөлт, гэнэтийн осол, өвчин эмгэг, хорио цээр зэрэг талуудаас үл хамаарах нөхцөл байдал буюу тухайн үеийн “Ковид-19” цар тахлын нөлөөллийн улмаас энэ бизнес ашигтай ажиллаж, зээлээ төлж чадаагүй. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд талуудын хооронд үүссэн харилцаа нь дундын эд хөрөнгөө хэрхэн эзэмших, ашиглах, захиран зарцуулахтай холбоотой иргэд хоорондын маргаан байсан болох нь тогтоогддог. 2022 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас эд хөрөнгийг битүүмжилж, дансыг хааж, зарим хөрөнгүүдийг дуудлага худалдаагаар худалдан борлуулсан. Гэмт хэрэг төгссөнөөс хойш 3 жилийн дараа битүүмжилсэн эд хөрөнгийг дуудлага худалдаагаар борлуулж байгаа үр дагавар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасан хохирол, хор уршиг мөн эсэх нь эргэлзээтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн хүндрүүлэх шинж нь бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн байхыг шаарддаг. Хор уршиг, хохирол нь хэргийн зүйлчлэлд шууд хамааралтай. Эд хөрөнгийн өмчлөх, эзэмших эрхийг тодорхой хэмжээнд үнэлэх боломжгүй бол ердийн бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн зүйлчлэлээр шийдвэрлэх нь зүйтэй. ... Одоо маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь Ж.М-н нэр дээр бүртгэлтэй байгаа. Бодит байдал дээр Ж.М хохирсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иргэний хуульд заасан хөрөнгө оруулж, хамтран ажиллах харилцаа, хамтран ажиллах гэрээгээ дүгнэх, хамтран ажиллах харилцааны дагуу оруулсан хураамжийнхаа дагуу дундын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх асуудалд шүүх дүгнэлт хийгээгүй. ... Ж.М 3.000.000.000 төгрөг, Ц.М 2.000.000.000 төгрөгийг оруулсан байна. Дундын эд хөрөнгөө 50, 50 хувиар нь хуваахгүй гэхэд ядаж 60, 40 хувиар нь хуваамаар байна. Гэтэл дундын эд хөрөнгөтэй холбоотой асуудлыг үнэлж, дүгнэхгүйгээр анхны 3.000.000.000 төгрөгийг гаргаж, нэмэгдэл 2.000.000.000 төгрөгийг хангалттай нотлогдоогүй байна гэж үзэж, Ц.М-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байгаа нь илтэд үндэслэлгүй, хууль бус шийдвэр гарсан гэж үзэхээр байна. Иймд Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт “Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно” гэж заасантай холбоотой иргэний эрх зүйн маргаантай асуудал байх тул энэхүү асуудлаар дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Ц.М, Ү.Х нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Ж.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анх 2019 онд үйл ажиллагаа эхэлсэн. Шүүгдэгч Ц.М “Өөрийнхөө мөнгөөр засвар үйлчилгээ хийсэн” гэж тайлбарлаж байгаа нь худлаа, би шаардлагатай засвар үйлчилгээг бүгдийг хийсний дараа бид 2 хамтран ажиллахаа больсон. Ц.М тухайн үл хөдлөх эд хөрөнгөд хэр хэмжээний хөрөнгө хэрхэн, яаж оруулсан эсэх нь нотлогдоогүй. Банк тухайн үл хөдлөх эд хөрөнгийг хүлээж авахад миний хийсэн засварыг бүгдийг нь нураасан байсан. Одоо миний бүх үл хөдлөх эд хөрөнгүүд дуудлага худалдаанд орохоор болсон. Миний 15 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө байгаа. Харин Ц.М-н 3 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө байсан боловч банкнаас шаардлага хангаагүй гэж үзэж хассан. Өөрөөр хэлбэл, 21 үл хөдлөх эд хөрөнгөөс 3 үл хөдлөх эд хөрөнгийг нь хасаж, миний 18 үл хөдлөх эд хөрөнгөнөөс одоогийн байдлаар 2 үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулж худалдсан байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан. ...” гэв.

Хохирогч Ж.М-н өмгөөлөгч Б.Ганболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас “Ж.М-т ямар ч хохирол учраагүй” гэж тайлбарлаж байна. Гэтэл хохирогч Ж.М нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг авахын тулд өөрийн болон өөрийн хамаарал бүхий хүмүүсийн эзэмшлийн 15 үл хөдлөх хөрөнгө, газар зэргийг барьцаалж Улаанбаатар хотын банкнаас 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 3.400.000.000 төгрөгийн зээл авч, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн төлбөрийг бүрэн төлж авсан. Хэдийгээр Ж.М нь 50 хувийн эзэмшигч гэж байгаа боловч бодит байдал дээр тэрээр 3.400.000.000 төгрөгийн хөрөнгө оруулж, засвар үйлчилгээ хийж, үйл ажиллагаа жигдрэх шатан дээр энэ үйл ажиллагаанаас хөөгдөж гарсан. Өөрөөр хэлбэл, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үйл ажиллагаанд Б.Н, Ж.М нар орох эрхгүй болж, барьцаанд байсан өөрийн 15 үл хөдлөх эд хөрөнгөө алдсанаар түүний амьдралын эх үүсвэрт ноцтой хохирол учирсан. Шүүгдэгч Ц.М нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авснаар богино хугацаанд маш их хэмжээний орлого, ашиг олох боломжтой гэж итгүүлсэн. Дараа нь нууцлалын гэрээний талаар ярьсан. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахын тулд талууд анх хөрөнгөө 50, 50 хувиар гаргахаар тохиролцсон. Ц.М-н талаас өөрсдийн эзэмшлийн нэг ширхэг ч үл хөдлөх эд хөрөнгө барьцаанд тавиагүй атлаа үл хөдлөх эд хөрөнгө худалдан авсны дараа “Үүнийг худалдан борлуулахад заавал 50 хувийн эзэмшигч байх шаардлагатай” гэж итгүүлэн өөрийн хамаарал бүхий хүн болох Ү.Х-г тухайн үл хөдлөх эд хөрөнгийн 50 хувийн эзэмшигчээр бүртгүүлсэн. Өөрөөр хэлбэл, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн 50 хувийг хууль бусаар шилжүүлж авсан. ... Шүүгдэгч Ц.М, Ү.Х болон Э.О нар нь хохирогч Ж.М-н үл хөдлөх эд хөрөнгүүдээ барьцаалж зээлсэн 3.4000.000.000 төгрөгөөс тухайн үл хөдлөх эд хөрөнгөд завсар үйлчилгээ хийсэн. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 34 сарын хугацаанд шүүгдэгч Ц.М, Ү.Х нар эзэмшиж байсан. 2023 оны 11 дүгээр сард банк үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж авснаас хойш сард 40.000.000-50.000.000 төгрөгийн ашиг орлого олж байгаа талаар тайлан гаргасан. 34 сарын хугацаанд энэ хэмжээний ашгийг олж, өөрийн амьдралын эх үүсвэр болгож зарцуулсан болох нь нотлогдож байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд нийцсэн гэж үзэж байна. ...” гэв.

Прокурор Б.Энх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Прокурорын зүгээс 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр тухайн зээлээс 100.000.000 төгрөгийг Б.Н-с Э.О-т бэлнээр авчирч өгсөн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдсон тул гэмт хэргийг 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр төгссөн гэж дүгнэсэн. Энэ гэмт хэргийн улмаас хохирогчид ноцтой хохирол учирсан. ... Ц.М, Э.О нар нь анх тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өөрсдөө худалдан авч чадахгүй байсан учраас үйл ажиллагаа явуулж, тогтмол орлоготой болсон Ж.М, Б.Н нартай Э.О харилцан санал тавьсан. Үүний дараа тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авах явцад өмчлөх эрхийн 50, 50 хувийн асуудал яригдаж эхлэх үед Э.О, Ц.М нар “Бид оролцох боломжгүй” гэж Ү.Х-г 50 хувийн эзэмшигчээр оруулж байгаа нь анхнаасаа энэ гэмт хэргийг үйлдэх субьектив санаа зорилготой байсан гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хохирогч Ж.М-н өөрийнх нь болон хамаарал бүхий хүмүүсийн 15 үл хөдлөх эд хөрөнгө, тухайн худалдан авч буй “Д С” ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг барилга зэрэг эд хөрөнгүүд бүгд барьцаалагдсан. Үүний улмаас компанийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон. ... Хэрэгт тухайн үл хөдлөх эд хөрөнгөд 2019-2023 он хүртэл гэрээ байгуулж түрээсэлж байсан түрээслэгчийн мэдүүлэг авагдсан. Хохирогчид эд хөрөнгийг нь буцаан шилжүүлэх боломжит хугацаа байсаар байтал буцаан шилжүүлээгүй. ... Шүүгдэгч Ү.Х “Би тухайн барилгад нэг ч хөрөнгө оруулаагүй. Гэхдээ Ц.М, Э.О нар тухайн барилгад их хэмжээний хөрөнгө оруулалт оруулсан учраас эргээд надаас нэхнэ гэж айдаг. Намайг битгий шилжүүлж өгөөрэй гэж хэлсэн учраас би шилжүүлж өгөөгүй” гэж мэдүүлсэн. Уг мэдүүлгээс үзэхэд гэмт хэрэг үйлдэх санаа зорилго байсан болох нь харагдаж байна. Ц.М, Э.О нар анхнаасаа тухайн барилгыг авах санаа зорилготойгоор залилах гэмт хэрэг үйлдэж, тухайн эд хөрөнгийг өөрийнхөө өмчлөлд шилжүүлж авсан үйлдлийн улмаас хохирогчид ноцтой хохирол учирсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шаардлагатай бүхий л ажиллагааг хийсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дахь заалтад “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 1.3 дахь заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” байвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор тус тус заажээ.

Шүүх хэргийг шийдвэрлэж, шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр”, мөн 2.3 дахь хэсэгт  “...шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл...” -ийг заавал дүгнэх учиртай.

Хэрэв дээрх хуулийн шаардлагыг хангаагүй бол мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зааснаар “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн зөрчилд тооцохоор зохицуулсан.

Прокуророос шүүгдэгч Ц.М, Ү.Х нарыг бүлэглэж, Э.О нь 2019 онд Улаанбаатар хотын банкны барьцаанд байсан Баянзүрх дүүргийн .................. тоот хаягт байршилтай Ү..... улсын бүртгэлийн дугаартай, 3691.06 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хамтарч худалдан авч, засвар хийж, цаашид үйл ажиллагаа явуулах саналыг Б.Н-д тавьж, Б.Н нь уг саналыг хүлээн зөвшөөрч, худалдан авч буй Баянзүрх дүүргийн .......... дүгээр хороолол, үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгө, “М Ш О” ХХК-ийн өөрийн болон өөрийн хамаарал бүхий хүмүүсийн эзэмшлийн 15 үл хөдлөх хөрөнгө, газар зэргийг барьцаалж, Улаанбаатар хотын банкнаас 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Зг9101/190319 дугаартай зээлийн гэрээ байгуулж 3.400.000.000 төгрөгийг 60 сарын хугацаатай зээлж, уг зээлээс 3.000.000.000 төгрөгийг Улаанбаатар хотын банкны дансанд тушааж, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах явцад “банкинд хугацаа хэтэрсэн зээлтэй, мөн Улаанбаатар банктай нууцлалын гэрээтэй тул хамтран зээлдэгчээр оролцох боломжгүй” гэх тайлбарыг өгч өөрийн нөхөр Ц.М-н төрсөн дүү Ц.Доржбатын эхнэр Ү.Х-г уг үл хөдлөх эд хөрөнгийн 50 хувийн эзэмшигчээр бүртгүүлсэн, улмаар тухайн үл хөдлөх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсны улмаас хохирогч Ж.М-н худалдан авсан үл хөдлөх хөрөнгө, түүний өөрийн болон хамаарал бүхий иргэдийн хөрөнгө, бизнесийн үйл ажиллагаа явуулдаг “М Ш О” ХХК-ийн үйл ажиллагааны орлого, бусад банкаар орж буй орлого зэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас битүүмжилж, хохирогчийн амьдралын эх үүсвэрт ноцтой хохирол, хор уршиг учруулсан гэж хэргийн үйл баримтыг тодорхойлж, шүүгдэгч Ц.М, Ү.Х нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг тодорхойлохдоо Э.О нь Б.Н-с 100.000.000 төгрөгийг 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр зээл бүтээж өгөхтэй холбоотойгоор эсхүл өөр зорилгоор авснаар залилах гэмт хэргийг төгссөн гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, өөрөөр хэлбэл гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болохыг нотлоогүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дахь заалтад заасан нотолбол зохих байдлыг нотолж тогтоогоогүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт Б.Н, Ж.М нар нь 2019 оны 11 дүгээр сард компанийн үйл ажиллагаанд оролцох боломжгүй гэж үзээд компанийн гүйцэтгэх эрх мэдлийг Э.О-т шилжүүлсэн байх ба үүнээс хойш Э.О, Ц.М нар нь үргэлжлүүлэн үйл ажиллагаа явуулж, олсон орлогоор банкны зээл болон “Д С” авто худалдааны төвийн үйл ажиллагаанд зарцуулж байсан гэж Ц.М мэдүүлж байх боловч хохирогч Ж.М нь энэ байдлыг үгүйсгэсэн тайлбар гаргаж маргажээ. 

Мөн шүүгдэгч Ц.М нь цаашид үйл ажиллагаагаа явуулахын тулд обьектын засвар үйлчилгээнд 1.7 тэрбум орчим төгрөг зарцуулсан талаар тайлбарлаж, энэ талаар 546 хуудас нотлох баримтыг шүүгдэгчийн өмгөөлөгч гаргаж хэрэгт хавсаргасан байх боловч эдгээр баримтуудад анхан шатны шүүх огт дүгнэлт хийгээгүй байна.

Дээрх хэргийн нөхцөл байдлуудыг тогтоох зорилгоор “Д С” ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой нийт гарсан зардлын тооцоо, түүнчлэн, Ц.М, Э.О нараас нийт Б.Н-д зээлийн төлбөрт мөнгө шилжүүлж байсан эсэхийг хэрэгт авагдсан санхүүгийн анхан шатны баримтад үндэслэн тусгай мэдлэгийн хүрээнд эдийн засгийн шинжээчийн дүгнэлт гаргуулах замаар гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг тогтоох зайлшгүй шаардлагатай байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/...”, 1.5 дахь заалтад заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг”-ийг бүрэн тогтоосноор яллах дүгнэлтэд дурдсанчлан хохирогчид ноцтой хохирол учирсан эсэх, цаашлаад гэмт хэргийн шинжийг үндэслэлтэй зөв тодорхойлоход чухал ач холбогдолтой гэж үзэв.

Иймд энэ талаар гаргасан давж заалдах гомдлуудын үндэслэлийг агуулгын хувьд хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтуудыг зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэв.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч Ц.М-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Ү.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/281 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Ц.М-д урьд авсан цагдан хорих, шүүгдэгч Ү.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ,

 ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

               ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ

  ШҮҮГЧ                                                            М.АЛДАР