Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2026/0120

 

 

 

 

 

2026 01 28 128/ШШ2026/0120

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Б.Анхбаяр

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: Б******* ХХК

Хариуцагч: Нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газар

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн хот байгуулалт, хотын стандартын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 11/105 дугаар Хариу хүргүүлэх тухай албан бичиг буюу хариуцагчийн татгалзал хууль бус болохыг тогтоолгох, нэхэмжлэгч компанид Барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгуулах тухай

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч төлөөлөгч Д.Н*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б. Хүслэн

Танхимын дугаар: 1

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг. Нэхэмжлэгчийн төлөөлөгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл:

1.1 Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Манай компани нь 2012 онд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах У******* ТӨХК болон Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-иас зарласан, тус компанийн эзэмшил газар дээр 594 айлын /ажилчдын/ орон сууц барих ТС-65/2012 дугаар тендерт оролцон шалгарч улмаар эдгээр компаниудтай хамтран ажиллахаар гэрээ байгуулсан юм.

1.2 Уг гэрээний дагуу манай компани нь дээрхи захиалагч компаниудын эзэмшлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах 4243 м.кв талбайд өөрөөсөө тодорхой хэмжээний хөрөнгө оруулах, түүнчлэн захиалагчдын оруулсан хөрөнгөөр орон сууцны хорооллыг бүхэлд нь барьж дуусгах үүрэг хүлээн оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр орон сууц болон үйлчилгээний талбай, авто зогсоолыг эзэмшихээр тохиролцсон, уг гэрээ өнөөдөр ч хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа болно.

1.3 Дээрхи гэрээний хүрээнд бид эхний ээлжинд 14 давхар 124 машины дулаан зогсоол бүхий үйлчилгээтэй 339 айлын орон сууц буюу 6 блок орон сууцны 4 блок барилгыг барьж ашиглалтад оруулан 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгч улмаар Нийслэлийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А/23 дугаар захирамжаар олгогдсон, нэгж талбарын 1******* тоот дугаар бүхий 1810 м.кв газрын хууль ёсны эзэмшигч болсон юм.

1.4 Цаашид өөрийн хууль ёсны эзэмшлийн газар дээр тухайн төслийн үргэлжлэл болох үлдсэн 2 блокийг 2025-2026 онуудад барих барилга угсралтын ажлыг хийхээр 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 02/03/25 дугаар, мөн оны 08 дугаар сарын 13, 14-ний өдөр 13/08/25 дугаар албан бичгээр тус тус Нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газарт хандаж ...барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах-аар хууль журамд заасны дагуу холбогдох баримтуудаа бүрэн бүрдүүлж хүсэлтээ гаргасан боловч шийдвэрлэж өгөхгүй ихээхэн хугацаа алдсаны эцэст 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 11/105 дугаар албан бичгээр ...гэрчилгээ олгох боломжгүй гэж татгалзсаныг эс зөвшөөрч шүүхэд хандаж байна.

1.5 Хариуцагч 11/105 дугаар татгалзалдаа ...тус газарт Хан-уул дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын 2025 оны 60 дугаартай албан бичиг, Г******* СӨХ-ийн 2025 оны 07 дугаартай албан бичгээр тус газарт сургууль, цэцэрлэг, авто зогсоол, ногоон байгууламж болгуулах хүсэлт ирүүлсэн байна. Иймд Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т Нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол зөрчигдөх тохиолдолд энэ хуульд заасан шаардлага, үндэслэлийн дагуу барилгын үйл ажиллагаатай холбоотой хувийн эрх, ашиг сонирхлыг эрх бүхий байгууллагын шийдвэрээр хязгаарлаж болно гэж заасны дагуу барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгох боломжгүй гэсэн нь: Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно гэж заасныг зөрчсөн. Өөрөөр хэлбэл Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын 2025 оны 60 дугаар албан бичиг, Г******* СӨХ-ийн 2025 оны 07 дугаар албан бичгүүдээр ямар нөхцөл байдлыг хэрхэн тогтоосон, тухайн тогтоогдсон нөхцөл байдал нь ямар учраас барилгын ажил эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэл болж байгааг хангалттай шалгаж тогтоолгүй, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй хууль бус шийдвэр гаргасан байна.

1.7 Учир нь нэхэмжлэгч компанийн уг газар дээр гүйцэтгэж буй төслийг эхэлсэн хугацаанаас Г******* СӨХ болон түүний нэрийг барьсан хэсэг бүлэг хүмүүс барилга угсралтын үйл ажиллагаанд хууль бусаар удаа дараа саад учруулж энэ хэрээрээ шүүхийн шүүн таслах үйл ажиллагаанд ч санаатайгаар буруу мэдээлэл өгч, гуравдагч этгээдээр оролцохыг санаархах, төслийг гацаахыг оролдох зэрэг увайгүй үйлдлүүдийг гаргаж ирсэн хэдий ч шүүхийн шударга шийдвэрээр манай компанийн хууль ёсны эрх, ашиг сонирхол сэргээгдэн тогтоогдож ирснийг зориуд цохон тэмдэглэх нь зүйтэй.

1.8 Тухайлбал, манай компанийн газар эзэмших эрхийг цуцалсан Нийслэлийн Засаг даргын хууль бус шийдвэр нь эдгээр хүмүүсийн гомдол, мэдээлэлд үндэслэсэн байсан боловч шүүх хэргийн оролцогчдыг бүгдийг нь Г******* СӨХ оролцуулан хяналт шалгалт хийсний үндсэн дээр Нийслэлийн Засаг даргын захирамж хууль бус болохыг тогтоож, улмаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 416 дугаар шийдвэрээр Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/611 дүгээр захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгож манай компанийн газар эзэмших эрхийг сэргээн тогтоосон.

1.9 Уг шийдвэрийг хэргийн оролцогчид эс зөвшөөрч 3 шатны шүүхээр эцэслэн хянагдсаны дараа Нийслэлийн Засаг дарга шүүхийн шийдвэрийг биелүүлж нэхэмжлэгчид 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А/23 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээг зохих журмын дагуу олгосноор нэхэмжлэгч компани нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн хаягт байрлах нэгж талбарын 1******* дугаар бүхий 1810 м.кв газрын хууль ёсны эзэмшигч болсон ба уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна.

1.10 Мөн хууль ёсны газар дээрээ үйлчилгээтэй орон сууцны барилгын Архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлуулахаар зохих журмын дагуу хүсэлт гаргасан боловч захиргаа хүсэлтийг татгалзаж шийдвэрлэсэн ба ийнхүү татгалзахдаа мөн иргэн н.Жагараас ирүүлсэн өргөдөл гомдлыг үндэслэн татгалзсан нь хууль бус болохыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоогоод байна. Өөрөөр хэлбэл хариуцагч Нийслэлийн ерөнхий архитектор нь тухайн татгалзсан үндэслэлээ мөн л Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасныг үндэслэсэн боловч энэ үндэслэлээр татгалзах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх шударга дүгнэсэн болно.

1.11 Үүнээс үзвэл нэхэмжлэгч компанийн хууль ёсны газар эзэмшигчийн эрх үүргээ хэрэгжүүлэх эрх, ашиг сонирхлыг захиргааны байгууллагаас хөндлөнгийн этгээдүүдийн хууль бус албан бичиг, хүсэлтийг үндэслэн газрын эрхийг цуцлах, архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталж өгөхгүй байх, барилгын ажил эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл олгохгүй байх зэрэг хууль зөрчсөн, илт дарамталсан үйлдлүүдийг удаа дараа гаргаж байх ба энэ нь Монгол улсын Үндсэн хуульд заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим, тухайлбал хуульд үндэслэх, шударга ёс болон тэгш байдлыг хангах зарчим удаа дараа зөрчигдсөөр байна.

1.12 Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5-д Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд үүрэг бий болгосон, эсхүл түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан захиргааны актыг ойлгоно гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол даалгах гэж тус тус заасан.

1.13 Дээр дурдсанаас үзвэл манай компанид Барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгохоос татгалзсан хариуцагч Нийслэлийн хот байгуулалт, хотын стандартын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 11/105 дугаар Хариу хүргүүлэх тухай татгалзал хууль бус болох нь тогтоогдсон, уг татгалзлын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байх тул Барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгаж өгнө үү. гэжээ

1.14 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б******* шүүх хуралдааны явцад гаргасан тайлбартаа: Хариуцагч нь нэхэмжлэгчээс гаргасан өөрийн эзэмшлийн нэгж талбарын 1******* дугаартай газарт дугаартай 333 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, мөн 1225/2018 дугаартай магадлалын дүгнэлтээр баталгаажсан зураг төслийн дагуу барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэхтэй холбоотой барилгын ажлын зөвшөөрлийг хүсэхэд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхол өртөгдөж хөндөгдсөн, хөндөгдөх нөхцөл байдлыг тогтоох чиглэлээр ямар нэгэн шалгалтын ажиллагаа явуулж бодит нөхцөлийг байдлыг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 24 дүгээр зүйл, 25 дугаар зүйлд заасны дагуу тогтоогүй байх бөгөөд мөн Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.1, 27.3.3 дахь заалтууд, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 213 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрмийн 5.1.1, 5.1.2 дахь заалтуудад заасан үндэслэл бүрдээгүй нөхцөл нэхэмжлэгчид барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох татгалзаж буй нь хуульд нийцэхгүй байна.

1.15 Иймд нэхэмжлэгчийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн барилгын ажлын зөвшөөрөл хүссэн хүсэлтийг Нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 11/105 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичгээр хүсэлтийг хангахаас татгалзсан буюу хариуцагчийн татгалзал бүхий шийдвэр нь хууль бус болохыг тогтоох үндэслэлтэй байна.

1.16 Үүнтэй холбоотойгоор Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3 дахь заалт, 27.2 дахь хэсэг, мөн зүйлийн 27.8 дахь хэсэг, Зөвшөөрлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйл, 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.2 дугаар зүйлийн 3.3 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 213 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрмийн 3.1.2 дахь заалт, 3.4, 3.8 дахь хэсэгт тус тус заасны дагуу барилгын ажлын зөвшөөрлийг нэхэмжлэгчид хариуцагчаа олговол зохилтой байх тул барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох хариуцагчид мөн даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэл бүрдсэн гэж үзэж байна. гэжээ.

Хоёр. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл:

2.1 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Б******* ХХК-д Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутагт, нэгж талбарын 1******* дугаартай, 1840 м2 эзэмших эрхийн гэрчилгээтэй газарт үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар Барилгын ажлын ажлын зөвшөөрөл авах тухай хүсэлт гаргасан. Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний тухайд Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйл, Зөвшөөрлийн тухай хууль, Засгийн газрын 2021 оны 213 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм, Барилгын хөгжлийн төвийн Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэлийг үндэслэн олгодог ч маргаан бүхий байршилд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын 2025 оны 60 дугаартай албан бичиг, Г******* СӨХ-ны 2025 оны 07 дугаартай албан бичгээр сургууль, цэцэрлэг, авто зогсоол, ногоон байгууламж болгуулах тухай хүсэлтийг тус тус ирүүлсэн. Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол зөрчигдөх тохиолдолд энэ хуульд заасан шаардлага, үндэслэлийн дагуу барилгын үйл ажиллагаатай холбоотой хувийн эрх, ашиг сонирхлыг эрх бүхий байгууллагын шийдвэрээр хязгаарлаж болно гэж заасны дагуу Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгоогүй болно.

2.2 Б******* ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А/23 дугаар захирамжаар дээрх 1810 м2 газрыг эзэмшиж байгаа боловч Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх эрх бүхий байгууллагаас олгосон газрын зөвшөөрөл, зургийн даалгавар, норм, нормативын баримт бичиг, стандарт, технологийн даалгавар, тоног төхөөрөмжийн паспорт, техникийн нөхцөл, инженер хайгуулын судалгаанд үндэслэн боловсруулагдсан байх, 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх барилга байгууламжийн баримт бичгийг холбогдох хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагын дагуу бүрдүүлэх, 37.1.3 дахь барилга байгууламжийн техникийн нөхцөл, зураг төсөл боловсруулах, барилгын ажлын зөвшөөрлийг энэ хуулийн 22, 23, 26 дугаар зүйлд заасны дагуу авч, түүнд заасан нөхцөлийг биелүүлэх, Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан баримт бичгийн бүрдлийг хангасан эсэх зэрэг нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай байна.

2.3 Иймд Б******* ХХК-ийн гаргасан Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг авах тухай хүсэлт нь шүүх хуралдааны явцад гуравдагч этгээдүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй нөхцөл байдал тогтоогдсоны дагуу тус газраас Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгох үндэслэлтэй байна. гэжээ.

2.4 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н******* шүүх хуралдааны явцад гаргасан хариу тайлбартаа: Би чиг үүргийнхээ хүрээнд хяналтын хэлтэстэй уулзаж тодруулсан. Тухайн уулзалтад гуравдагч этгээдээс ирүүлсэн албан бичгийн дагуу зөвшөөрлийг олгоогүй гэдэг байдлаар тайлбар өгсөн. Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгоход архитектур төлөвлөлтийн даалгавар олгосны дараагаар мэргэжлийн байгууллагаар зураг төслийг гаргадаг. Үүний дараагаар Барилгын хөгжлийн төвөөс бие даасан экспертүүдийн дүгнэлтийг үндэслэж барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгодог. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хариуцагчийн хариу тайлбар, тэдгээрт хавсаргасан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэг. Тогтоогдсон үйл баримтын тухайд:

1.1 Нийслэлийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А/23 дугаар захирамжаар Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 488 дугаар тогтоол, нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 01-218/6764 дугаартай албан бичиг-ийг үндэслэл болгон Б******* ХХК-д 15 жилийн хугацаатай, орон сууцны зориулалтаар 1,810 м.кв газрыг эзэмшүүлж,[1] гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан байна.

1.2 Б******* ХХК-аас 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 02/03/25 дугаартай албан бичгээр Хот байгуулалт, хотын стандартын газарт хандан Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр гудамж нутаг дэвсгэрт баригдахаар төлөвлөсөн 6 блок барилгын үлдсэн 2 барилга угсралтын ажлыг 2025-2026 оны хооронд гүйцэтгэх болсон тул барилгын ажлын эхлэх зөвшөөрлийн гэрчилгээг гаргаж өгнө үү гэсэн агуулгатай хүсэлтийг гаргажээ.[2]

1.3 Хариуцагчаас 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 11/73 дугаартай албан бичгээр[3] барилгын ажлын талбай түүний гаднах эрсдэл бүхий орчны аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангаж холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэн Барилгын талбайн түр хашаа ерөнхий шаардлага MNS 5414:2004 стандартын дагуу барилгын түр хашааг барьж, бэлтгэл ажлыг хангуулан ажиллана уу гэсэн хариу өгч байжээ.

1.4 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 08/14/25-1 дугаартай албан бичгээр дахин нэхэмжлэгчээс ...Манай компани 2025 оны 2 дугаар сард Барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл хүсэж хүсэлт гаргасан. Хот байгуулалт, хотын стандартын газрын 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 11/73 албан бичгийг үндэслэн 07 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд барилгажих талбайг стандартын дагуу хашаалах ажил хийгдсэн болно. Барилгын тухай хуулийн 28.6 заалтын дагуу ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл гаргаж өгнө үү [4] гэж ханджээ.

1.5 Түүний хариуг Хот байгуулалт, хотын стандартын газрын 2025 оны 09 дүгээр сарын 09-ний 11/105 дугаартай албан бичгээр өгөхдөө Тус газарт Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын 2025 оны 60 дугаартай албан бичиг, Г******* СӨХ-ны 2025 оны 07 дугаартай албан бичгээр тус газарт сургууль, цэцэрлэг, авто зогсоол, ногоон байгууламж болгуулах тухай хүсэлтийг тус тус ирүүлсэн байна. Иймд Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасны дагуу Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгох боломжгүйг мэдэгдэж байна гэжээ.

Хоёр. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд

Уг шийдвэрийг эс зөвшөөрч Б******* ХХК-аас Нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдуулан

2.1 нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 11/105 дугаар Хариу хүргүүлэх тухай албан бичиг буюу хариуцагчийн татгалзал хууль бус болохыг тогтоолгох,

2.2 нэхэмжлэгчид Барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасны дагуу захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан.

Гурав. Шүүхээс хийсэн дүгнэлтийн тухайд:

3.1 Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т Барилгын ажлын зөвшөөрөл авах хүсэлтэд хавсаргах баримт бичгийг жагсаан заасан бөгөөд уг тохиолдолд мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-д заасан эрх бүхий этгээд 28 дугаар зүйлийн 28.5-д заасны дагуу хүсэлтийг хянан шийдвэрлэж, зөвшөөрлийг олгохоор хуульчилжээ.

3.2 Б******* ХХК-ийн гаргасан хүсэлт болон түүнд хавсаргасан баримтуудыг нэхэмжлэгч болон хариуцагч нараас нотлох баримтын шаардлага хангаж шүүхэд ирүүлсэн бөгөөд хүсэлтийн баримтын бүрдлийг хангасан гэдэгт маргаангүй байна.

3.3 Харин хариуцагчаас 11/105 дугаартай татгалзалын үндэслэлээ Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын 2025 оны 60 дугаартай албан бичиг, Г******* СӨХ-ны 2025 оны 07 дугаартай албан бичгийн дагуу Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д заасан нийтийн болон гуравдагч этгээдийн эрх зөрчигдөнө гэжээ. Тодруулбал,

Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 60 дугаартай албан бичигт[5] ...Одоогоор барилгын түр хашааг барьсантай холбогдуулан оршин суугч иргэдээс гомдол, санал ирүүлж байна. Иймд дүүргийн Засаг даргын А/474 дүгээр захирамж болон иргэдийн санал хүсэлтийн дагуу цаашид тус байршилд нэн тэргүүнд тулгамдаж байгаа сургууль, цэцэрлэг, авто зогсоол, ногоон байгууламжийн зориулалтаар болгох саналыг дэмжинэ үү,

Г******* СӨХ-ийн 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 07 дугаартай албан бичигт[6] Б******* ХХК-аас болж оршин суугчид хохирч байгаа гээд ...оршин суугчдын санал хүсэлтийн дагуу 1810 м.кв газарт барилга бариулахгүйгээр нийтийн эзэмшилд авч, цаашид тус байршилд нэн тэргүүнд тулгамдаж байгаа авто машины зогсоол болгох саналыг дэмжиж өгнө үү,

Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т Нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол зөрчигдөх тохиолдолд энэ хуульд заасан шаардлага, үндэслэлийн дагуу барилгын үйл ажиллагаатай холбоотой хувийн эрх, ашиг сонирхлыг эрх бүхий байгууллагын шийдвэрээр хязгаарлаж болно гэжээ.

 

Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т Дараах үндэслэлээр барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзана: 27.3.3.энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан олон нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хангаагүй болохыг эрх бүхий байгууллага тогтоосон

Мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.7-д Зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд шаардлагатай тохиолдолд энэ хуулийн 28.5-д зааснаас гадна нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндсөн эсэхийг тогтоох ажиллагаа явуулж болно гэж заажээ.

3.4 Эдгээр хуулийн зохицуулалтаас үзэхэд барилгын үйл ажиллагаанаас шалтгаалан бусдын эрх, ашиг сонирхол зөрчигдөхийг эрх бүхий байгууллага тогтоосон, эсвэл зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд түүнийг шалган тогтоох ажилллагаа явуулсны үндсэн дээр барилгын үйл ажиллагаатай холбоотой хувийн эрх, ашиг сонирхлыг эрх бүхий байгууллагын шийдвэрээр хязгаарлах буюу барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзахаар байна.

3.5 Энэ тохиолдолд аливаа байгууллагаас нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг зөрчигдөх тухайд шалган тогтоосон, ийм үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд холбоотой тухай баримтыг хариуцагчаас гаргаж өгөөгүй, шүүх хуралдаанд шалгах ажиллагаа явуулсан нотлох баримтууд байхгүй, ирсэн албан бичгийн дагуу хариу өгсөн гэж тайлбарласан.

Иймд нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол зөрчигдөж байгаа болохыг шалган тогтоогоогүй, бусад этгээдээс тогтоосон шийдвэргүй байхад барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзсан нь үндэслэлгүй бөгөөд хуульд нийцээгүй байна.

3.6 Түүнчлэн, 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдөр №ХУД 32/12 А/333-1.45 дугаартай 6 блок барилгын Архитектур төлөвлөлтийн даалгаврыг олгосон нь өөрчлөгдөөгүй болох нь Хот байгуулалт, хөгжлийн газрын 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 09/2708 дугаартай албан бичгээр Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн хурлаар ...2012 оны А/333 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг өөрчлөх эсэх асуудлыг хэлэлцүүлэн өөрчлөх шаардлагагүй гэсэн шийдвэр гаргасан болохыг мэдэгдэж [7] байснаар тогтоогдож байна.

Үүнээс үзэхэд эзэмшил газартаа төлөвлөгөөний дагуу барилга барих нь урьд нь баригдсан хотхоны бусад орон сууцны өмчлөгчдийн эрхийг хөндөнө гэх үндэслэлгүй бөгөөд хүчин төгөлдөр захирамжийн дагуу эзэмших эрхтэй бусдын газрыг сургууль, цэцэрлэг, ногоон байгууламж, авто машины зогсоол болгуулах-аар шаардсаныг хууль ёсны эрх, ашиг сонирхол гэж үзэх боломжгүй тул Гэрэлт хотхон СӨХ, түүний гишүүдийн эрх, ашиг сонирхол зөрчигдөнө гэж нэхэмжлэгчийн эрхийг хязгаарласан нь үндэслэлгүй.

3.7 Мөн дээрх албан бичгүүдэд дурдснаар Хан-Уул дүүргийн Засаг даргын 20024 оны А/474 дүгээр захирамжийн дагуу орц гарцыг чөлөөлөн, зөвшөөрөлгүй ухсан нүхийг бөглүүлэн, авто зогсоол болгон, иргэдийн аюулгүй байдлыг хангасан гэсэн буюу захирамжид заасан зөрчлийг арилгасан байна.

3.8 Эдгээрээс дүгнэвэл хариуцагчийн татгалзал болох 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 11/105 дугаар Хариу хүргүүлэх тухай албан бичиг хууль бус байна.

3.9 Түүнчлэн, нэхэмжлэгчээс Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т заасан шаардлагатай баримтуудыг хүсэлтдээ хавсаргасан, талууд Засгийн газрын 2021 оны 213 дугаар тогтоолоор баталсан Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм-ийн 5.1-д заасан барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэлээр маргаагүй байх тул мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3, 28 дугаар зүйлийн 28.5-д заасны дагуу эрх бүхий этгээдэд Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгохыг даалгах нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3, 27.3, 27.3.3, 28 дугаар зүйлийн 28.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн хот байгуулалт, хотын стандартын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 11/105 дугаар албан бичиг буюу хариуцагчийн татгалзалыг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Б******* ХХК-д Барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгохыг Хот байгуулалт, хотын стандартын газарт даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ Б.АНХБАЯР

 

 

 

 

 

[1] Хавтаст хэрэг 2, хуудас 127

[2] Хавтаст хэрэг 2, хуудас 45

[3] Хавтаст хэрэг 1, хуудас 78

[4] Хавтаст хэрэг 2, хуудас 173

[5] Хавтаст хэрэг 1, хуудас 97

[6] Хавтаст хэрэг 1, хуудас 98

[7] Хавтаст хэрэг 1, хуудас 43