| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2018/0049/Э |
| Дугаар | 51 |
| Огноо | 2018-05-14 |
| Зүйл хэсэг | 18.5.1., |
| Улсын яллагч | Э.Тулгаа |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 51
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч А.Ц даргалж,
Нарийн бичгийн дарга Б.А
Улсын яллагч Э.Т
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Алтанширээ сумын харьяат, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, ач хүүгийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багт оршин суудаг, өндөр настны тэтгэвэрт, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, Х овогт Д.Б-д холбогдох эрүүгийн 1820000600033 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэд авагдсанаар/
Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын авто шалган нэвтрүүлэх боомтоор Бүгд найрамдах Хятад Ард Улсаас орж ирэх чиглэлд улсын дугаартай УАЗ маркын автомашин ашиглан, Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиар хязгаарласан бараа болох 3000 ширхэг халууны шилийг зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ” Би Эрээн гараад ачих ачаа байхгүй 2-3 хоносон юм. Тэгээд 2018 оны 03 сарын 09-ний өдөр буусан буудлын хүн ачаа ачих уу гэрлийн шил байгаа гэхээр нь 2-3 хайрцгийг нь задалж үзэхэд хайрцаг дотроо 1 ширхэгтэй гудамжны гэрлүүд байсан. Ингээд ачихаар тохирсон. Би өөрөө хөл муу учир өөрөө харж зогсоод хүн гуйж ачуулсан. Хил дээр ирээд шалгуулахад дотроос нь халууны шил гарч ирсэн. Өөрийнхөө болгоомжгүй байдлаас болж ийм асуудалд орсондоо харамсаж байна. Залуу насандаа цагдаа, шүүх гэж явсангүй, надад хэцүү байна. Одоо би тэтгэвэрт байдаг. Иймд миний хувийн байдлыг харгалзан торгуулийн доод хэмжээг оногдуулж өгнө үү. ... дугаартай УАЗ машин бол миний өмчлөлийнх биш, манай хүргэнийх юм ” гэсэн мэдүүлэг
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1/
Бараанд үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 3/
Эд мөрийн баримтаар тооцох тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-11/
Мөрдөгчийн 2018 оны 04 сарын 09-ний өдрийн УАЗ маркын улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжлэх тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн16-18/
Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай тогтоол /хх-ийн 31/
Иргэний нэхэмжлэгч Г.Ж мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Би тухайн автомашиныг 2015 онд Ж гэх нэртэй хувь хүнээс 5 сая төгрөгөөр худалдаж авч байсан юм. Түүнээс хойш тухайн авто машиныг БНХАУ-Эрээн хот, Замын-Үүд чиглэлд ачаа бараа зөөх болон өөрийн хувийн хэрэглээнд ашигладаг байсан юм. Б гэх хүн бол миний хадам эцэг учир би түүнд машинаа өгч ашиглуулж байсан юм. Тэрээр настай хүн гэрт зүгээр суугаад яах вэ гээд ойр зуурхан унаж ашигладаг байсан. Надад түүнээс нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн” мэдүүлэг /хх-ийн 32-33/
Гэрч Ш.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Би 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Замын-Үүд дэх Гаалийн газраас баталсан хуваарийн дагуу АЗШНЦ1-ийн гаалийн хяналтын бүсийн орох чиглэлд хяналт шалгалт хийж байхад Замын-Үүд сумын цагдаагийн хэлтсийн мэдээллээр гаальд бараа мэдүүлсэн улсын дугаартай тээврийн хэрэгсэл гаальд мэдүүлсний дараа гаалийн ахлах байцаагч Б-н хамт тухайн тээврийн хэрэгсэлд нарийвчилсан үзлэг хийсэн. Иргэн Д.Б-н жолоодож явсан тээврийн хэрэгсэлд ачигдсан бараа бүтээгдэхүүн нь гаальд мэдүүлээгүй байсан ба халууны шил 3000 ширхэг, гар утас 110 ширхэг, дагалдах хэрэгслүүдтэй тээвэрлэсэн байсан. Халууны шил нь эм эмнэлгийн хэрэгсэлд багтдаг учир тусгай зөвшөөрөл бүхий аж ахуй нэгж нь гаалийн бүрдүүлэлт хийсний үндсэн дээр улсын хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрсөн байдаг. Гэтэл уг иргэн нь гаальд бараагаа мэдүүлээгүй, тусгай зөвшөөрөл байхгүй байгаа нь хууль бусаар улсын хилээр эд зүйл нэвтрүүлэхийг завдсан үйлдэл гаргасан байгаа юм. Харин гар утас болон дагалдах хэрэгслийн хувьд улсад тухайн барааны үнийн дүнгийн 15,5 хувийн татварыг улсад төлснөөр хилээр нэвтрэх боломжтой болж байгаа юм. БНХАУ-ын Шинжин хотод угсрагдаж ирдэг хуучин утас юм. Тиймээс үнэлгээг нь бодоход хуучин утасны үнээр бодож гаалийн бүрдүүлэлт хийдэг. Харин гар утасны дагалдах хэрэгслийн хувьд зах зээлийн үнээр бодох нь зүйтэй юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36/
Гэрч Ж.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2018 оны 03 дугаар сарын эхээр Монтел дээр гар утас зардаг Д гэдэг хүнд 2,500,000 төгрөг өгөөд гар утасны дагалдах хэрэгсэл захисан. 2018 оны 03 сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд гаалийн газарт миний бараа хураагдсан гэсэн. ... гэсэн дугаартай 3-н хайрцагтай утасны хайрцаг, радотар, юу эсби, кейс, шилэн наалт зэрэг зүйлс байгаа ангилж хэлбэл би яг тоог нь мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38/
2018 оны 03 сарын 13-ны өдрийн шинжээч Г.Э-н “1. Д.Б-н оруулж ирсэн халууны шил болон савласан цагаан хайрцаг дээр бичигдсэн хаяг шошгыг үзэхэд ямар улсад үйлдвэрлэсэн нь тодорхой бус тул тогтоох боломжгүй байна. Зайгаар ажилладаг дижитал, савласан хайрцаг дээр MODE:GF-MT502 маркын халууны шил гэж бичсэн байна.
2. Халууны шилний хаяг, шошго дээр үйлдвэрлэсэн улсын нэр хаяг, үйлдвэрийн нэр, үйлдвэрлэсэн хугацаа зэргийг бичээгүй байгаа нь хаяг, шошгын хувьд стандартын шаардлага хангахгүй байна.
3. Дээрх дижитал халууны шил нь хүний биеийн дулааныг хэмжих өвчнийг оношлох зорилгоор хэрэглэдэг багаж мөн тул МУ-ын “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль –ийн 3.1.5 дахь заалтад заасан Эм эмнэлгийн хэрэгсэлд ордог болно.
4. Дээрх дижитал халууны шилийг импортлоход МУ-ын “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль” ийн 15.12.2 дахь заалтад заасны дагуу тусгай зөвшөөрөл шаарддаг болно” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42-43/
2018 оны 03 сарын 29-ний өдрийн “Хүний биеийн халуун хэмжигч, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Электрон хэмжигч, 3000 ширхэг, 25,500,000 төгрөг, нэг ширхэг 8500 төгрөг болно” гэсэн 55 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 50/
2018 оны 04 сарын 10-ны өдрийн “УАЗ маркын автомашин 2002 онд ОХУ-д үйлдвэрлэгдсэн. 2002 оны 06 сарын 01-ний өдөр Монгол Улсад орж ирсэн. ... улсын дугаартай 2,500,000 төгрөгийн үнэтэй” гэсэн 56 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 53/
Шүүгдэгч Д.Б нь урьд ял шийтгэлгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67/
Г.Ж-ны өмчлөлийн ... улсын дугаартай УАЗ маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 69/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх хуульд зааснаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас дүгнэхэд:
Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын авто шалган нэвтрүүлэх боомтоор Бүгд найрамдах Хятад Ард Улсын Эрээн хотоос орж ирэх чиглэлд ... улсын дугаартай УАЗ маркын автомашиныг ашиглан 3,000 ширхэг халууны шилийг Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн байх ба түүний үйлдэл гаалийн үзлэг шалгалтаар илэрчээ.
Шүүгдэгчийн улсын хилээр нэвтрүүлсэн бараа болох 3,000 ширхэг халууны шил нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-т зааснаар эмнэлгийн хэрэгсэлд багтах бөгөөд уг эмнэлгийн хэрэгслийг импортлохдоо Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.12.2-т зааснаар эрүүл мэндийн чиглэлээр тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж нь импортлох эрхтэй байна.
Гэтэл шүүгдэгчийн хувьд ямар нэг тусгай зөвшөөрөлгүйгээр дээрх 3,000 ширхэг халууны шилийг улсын хилээр нэвтрүүлсэн байх ба энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг шинжийг агуулж байх тул түүнийг хуульд зааснаар хязгаарлалт тогтоосон барааг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн тухайн гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1/, бараанд үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 3/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-11/,гэрч Ш.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, 2018 оны 03 сарын 13-ны өдрийн шинжээч Г.Э-н дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгчийн үйлдлийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг түүний үйлдэлд тохирсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдлаас гадна түүний хувийн байдал буюу өндөр насны тэтгэвэрт байдаг, орлого олох боломж нөхцлийг харгалзан үзэж торгох ялын доод хэмжээгээр шийтгэж шийдвэрлэлээ. Түүнчлэн торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх тухай шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Шүүгдэгч Д.Б нь энэ гэмт хэргийг үйлдэхдээ ... улсын дугаартай УАЗ маркийн тээврийн хэрэгслийг ашигласан байх ба уг тээврийн хэрэгсэл нь хавтаст хэргийн 69 дүгээр хуудсанд авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар иргэний нэхэмжлэгч Г.Ж-ны өмчлөлийнх болох нь тогтоогдсон байна. Иймд уг тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгож, иргэний нэхэмжлэгч Г.Ж-д олгохоор шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 2,500,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, улсын орлого болгох нь зүйтэй байна.
Дээрх тээврийн хэрэгслийг шинжээчийн 2018 оны 04 сарын 10-ны өдрийн 53 тоот дүгнэлтээр /хх-ийн 53/ 2,500,000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд мөрдөгч Э.Д-н 2018 оны 04 сарын 09-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилж, хадгалах, хамгаалах үүргийг шүүгдэгч Д.Б-д хүлээлгэсэн байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон 3,000 ширхэг халууны шил нь стандартын шаардлага хангах эсэх талаар 2018 оны 03 сарын 13-ны өдөр шинжээч Г.Э дүгнэлт гаргасан байх ба уг дүгнэлтэд “ хайрцаг дээр бичигдсэн хаяг шошгыг үзэхэд ямар улсад үйлдвэрлэсэн нь тодорхой бус тул тогтоох боломжгүй байна, ...халууны шилний хаяг, шошго дээр үйлдвэрлэсэн улсын нэр хаяг, үйлдвэрийн нэр, үйлдвэрлэсэн хугацаа зэргийг бичээгүй байгаа нь хаяг, шошгын хувьд стандартын шаардлага хангахгүй байна” ... гэжээ /хх-ийн 42-43/. Иймд эд мөрийн баримтаар хураагдсан 3,000 ширхэг халууны шилийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-т зааснаар устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Х овогт Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-т заасан хуулиар хязгаарлалт тогтоосон барааг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Б-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан 450,000 төгрөгийн торгох ялыг 1 /нэг / жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Д.Б нь 450,000 төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж, ... улсын дугаартай УАЗ маркийн тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгож, иргэний нэхэмжлэгч Г.Ж-д буцаан олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ... улсын дугаартай УАЗ маркийн тээврийн хэрэгслийн үнэ 2,500,000 төгрөгийг шүүгдэгч Д.Б-с гаргуулж, улсын орлого болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3,000 ширхэг халууны шилийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ А.Ц