Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 2024/ДШМ/041

 

 

*******, ******* нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ шүүгч Т.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******, *******,

Шүүгдэгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Ариунболд нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж хянан шийдвэрлэсэн 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/97 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******гийн гаргасан давж заалдах гомдлоор *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2314000000232 дугаар хэргийг 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Баярцэнгэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, .............. оршин суудаг, урьд өмнө ял шийтгэлгүй, ******* овогт *******ийн ******* / РД: ******* /,

2. Шүүгдэгч,  ........... оршин суудаг, урьд

Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 69 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан,

Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 160 дугаар шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн,

Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 190 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.2, 8.7 дугаар зүйлийн 2-т зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах, 1 жилийн хугацаагаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгосон, овогт ын , /РД: /,

Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн Өлзийт сумын  5 дугаар багийн нутаг “Бийрийн хавцгай богчийн ам” гэх газраас иргэн ийн хоёр тооны хонийг хулгайлан авч иргэн т 430,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн агуулга:

Шүүгдэгч ******* овогт *******ийн *******, овогт ын нарыг бусдын малыг бүлэглэн хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар хоёр  / 02 / жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарт  оногдуулсан хоёр / 02 / жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,

Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарын энэ хэргийн учир цагдан хоригдсон 13 хоногийг эдлэх ялд нь тус тус оруулан тооцож,

Шүүгдэгч *******, ******* нар  нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж тэдний эдлэх ялыг 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн тоолж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, ******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч *******гийн тус шүүхэд гаргасан давж заалдах гомдлын агуулга:

... ******* миний бие мал хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй. ******* над руу утсаар холбогдоод мөнгөний хэрэг байна, 2 хонь худалдаад аваадах л гэсэн би *******д мөнгө байхгүй гэдгээ хэлсэн боловч зарчхаад мөнгийг нь өгч болно гэсэн нэг малыг 100.000 төгрөгөөр тооцож надад зарна гэсэн тэгэхээр нь миний хувьд дундаас нь хэдэн төгрөг унагах боломжтой юм байна гэж бодоод зөвшөөрөөд очиж малыг нь авсан, хоёр хонь хүлээд тавьсан байсныг нь би аваад нядлаад аймгийн төв оруулж зараад 200.000 төгрөгийг *******д өгсөн.

Би тухайн малыг хулгайн мал гэж бодох ямар ч үндэслэл надад байгаагүй, тийм үндэслэл ч байхгүй учир нь ******* тус хэргийн хохирогч гэх тэй хамт мал маллан амьдардаг байсан, эхнэр нь болох ч том гэдэстэй төрөх дөхсөн эмэгтэй байсан. Би тухайн айлын амьдралыг нэг бүрчлэн мэдэх боломжгүй шүү дээ тэднийг харсан хүмүүс бүгд л тэр хоёрыг эхнэр нөхөр хоёр мал маллан амьдардаг юм байна л гэж харж байгаа, би ч гэсэн тэгж л харж байсан. *******тай танилцаад удаа ч үгүй байсан учир түүний талаар нарийн зүйлийг мэдээгүй. Тэдний гэрлэлтээ батлуулаагүй, хоёулангийнх нь эд хөрөнгө, мал хуй нь нийлсэн нийлээгүйг ч мэдэхгүй. Хөндлөнгийн хүний хувьд бол *******, нарыг эхнэр нөхөр байна малтай айл байна, малаа маллаж үр шимээр нь амьдрал ахуйгаа авч явдаг айл байна л гэж харж байсан.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд ... *******, нарыг 2021 оны 09 сараас хамт амьдарч байгаа хэдий ч дээрх хуулийн шаардлагыг хангаагүй учир албан ёсны эхнэр нөхөр гэж үзэхгүй гэж тайлбарласан байна гэж ойлголоо. Тэгвэл Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.6-т "хамтран амьдрагч" гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг ойлгохоор хуульчилсан байгаа нь *******, нарыг хамтран амьдрагч буюу гэр бүлийн харилцаатай этгээд гэж үзэхээр байна, мөн тэдний дундаас төрсөн хүүхэд байгаа учир *******, нарын хооронд гэр бүлийн харилцаа үүссэн байна. Тухайн 2 тооны малын өмчлөгч нь ийг гэж байгаа бол Иргэний хуулийн 127 дугаар зүйлд зааснаар тухайн 2 тооны мал нь ийн хуваарьт эд хөрөнгө байна. Хэрэв нь өөрийн хуваарьт эд хөрөнгийг *******тай хамтран өмчлөх дундын өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон бол эсхүл захиран зарцуулахыг зөвшөөрсөн бол ******* нь уг 2 тооны малыг зарах бүрэн эрхтэй байна. Мөн ******* нь тэй хамт амьдран малыг нь хариуцан маллалцаж байгаа түүний хөдөлмөр бас орж байгааг шүүх мөн анхаарч үзээсэй гэж хүсэж байна.

Нэг ёсондоо хамтран амьдарч байгаа хугацаанд хамтын хөдөлмөрөөр бий болгосон, чанарыг нь сайжруулсан, дээшлүүлсэн тохиолдолд тэр хэмжээгээрээ дундын эд хөрөнгө гэж үзэх үндэслэл байна. Нөгөөтээгүүр ******* нь ийн малыг хамт маллалцаж байгаа нь *******гаар малаа маллуулж, малаа хариулуулж байгаа үйлдэл нь түүнд малаа бүрэн хариуцуулж итгэмжлүүлсэн гэж ойлгогдохоор байна. Итгэмжлүүлэн хариуцуулах гэдгийг итгэмжлэл эсхүл заавал гэрээ хэлцэл, албан бичиг байж уг эд хөрөнгийг итгэмжлүүлсэн гэж үзэх нь өрөөсгөл ойлголт юм. Гэр бүл, хамтран амьдрагчдын хувьд бол албан бичиг цаасаар бус үйлдлээр нь тодорхойлох боломжтой юм.

Дээрх хуулийн заалтыг дурдаж гомдлоо бичиж байгаа миний гол үндэслэл юу вэ гэхээр би *******гаас л 2 тооны мал худалдан авч хэдхэн төгрөгийн л ашиг хийсэн хүн. *******г өөрийн эзэмшил, өмчлөлийн малаа зарж байна гэж ойлгосон учраас л худалдаж авсан. Харин хуулийн байгууллагын зүгээс нотлох баримт болон хуульд тулгуурлан дүгнэлт хийвэл хэдийгээр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй ч тэдгээр хүмүүсийн гэр бүлийн харилцаатай нөхцөл байдал тогтоогдож байгаа ба н мэдүүлгүүдэд мал маллаж амьдардаг, тухайн хоёр тооны малыг зарахыг зөвшөөрсөн талаар мэдүүлдэг бол хохирогч нь мэдүүлэхдээ мал зарах зөвшөөрөл өгсөн өгөөгүй гэх зэргээр зөрүүтэй мэдүүлж байгаа хэдий ч тухайн мэдүүлгүүдэд *******тай 2021 оны 09 сараас эхлэн хамт амьдарч байгаа, мал малладаг, *******г хонь хариулдаг, *******д мөнгөний өгөлтэй, ...*******гаас ******* манай малаас хонь авсан юм шиг байна чи авсан уу гэхэд ******* би аваагүй гээд уурлаад байсан, ...*******г манай малаас мал хулгайлсан гэж бодсон гэх зэргээр мэдүүлж байгаа нь ******* т би малаас мал аваад *******д зарсан гээд хэлчихсэн бол цагдаагийн байгууллагад хандахгүй буюу *******д мал зарах эрх байсан байна гэж ойлгогдохоор байна. ******* ийн 2 тооны малыг надад зарснаа хүлээн зөвшөөрдөг ба эдгээрээс үзэхэд хэрэв *******д ийн эзэмшлийн бөгөөд хамт маллаж байсан малаа зарах эрх байгаа бол энэ нь гэмт хэргийн шинжгүй байна, харин 2021 оны 09 сараас эхлэн хамтран амьдарч малыг нь маллалцаж малыг нь хариулуулахаар итгэмжлэн хариуцсан байна. Хөрөнгө завших гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг итгэмжлэн хариуцсан этгээд өмчлөгч этгээдэд мэдэгдэлгүй дур мэдэн хууль бусаар авч, хувийн зорилгодоо ашиглаж захиран зарцуулсан шууд санаатай, шунахай сэдэлттэй гэм буруугийн санаатай хэлбэртэй байна гэжээ.                                                                                           

Эдгээрээс үзвэл *******н үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгө завших гэмт хэргийн шинжтэй гэж үзэхээр байдаг. *******, хоёрын хооронд тухайн малтай холбоотой ямар харилцаа үүссэнийг хөндлөнгийн би мэдэхгүй учир шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс харьцуулан үнэлэлт дүгнэлт хийж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар ашигтайгаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. *******гаас мал худалдан авсан учраас *******н үйлдлийг зөв тодорхойлж байж миний асуудал яригдах юм байна гэж шүүх хуралдааны үед хүмүүсийн мэтгэлцээнээс тэгж ойлгосон.

Мөн шийтгэх тогтоолд дурдсан 1-14 дугаарласан нотлох баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй буюу хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж авсан нотлох баримтаар намайг буруутгаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь надаас мэдүүлэг авахын тулд мөрдөгч нь намайг цагдаагийн копонд нэг хонуулж, миний биед халдаж зодсон, мөн мэдүүлэг өгөхгүй, мэдэхгүй гээд байхад л хэрэгт хамт холбогдсон *******г миний хажууд байлгаж байгаад тэгээ биз дээ энгээ биз дээ гэх байдлаар асууж, намайг юм хэлээгүй байхад бичиж тэмдэглэн сүүлд нь гарын үсэг зуруулсан. Хэсгийн төлөөлөгч нь намайг гэрээс очиж аваад машинд суулгасан үеэс эхлэн машины дэрээр цохих үг хэлээр сүрдүүлэх зэргээр дарамт шахалт үзүүлж явсаар цагдаагийн хэсгийн байранд ирсэн. Тэнд ч гэсэн дарамт шахалт үзүүлсээр л байсан. Гэрч гэх аас мэдүүлэг авахын тулд хонуулаагүй ч мөн л олон цагаар байлгасан. ыг өрөөнд оруулж гаргаад л байсан, нэлээн айсан байдалтай харагдаж байсан. Ер нь бол сумын хэсгийн төлөөлөгчид өгсөн хүмүүсийн мэдүүлэг бүгд эргэлзээтэй гэж харж байгаа миний нүдээр харснаар ч тэр мөн хэрэгт цугларсан баримтуудаас ч харахад. Шүүх тухайн хэсгийн төлөөлөгчид хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн талаар шийтгэх тогтоолд дурдахдаа эрүүдэн шүүсэн нөхцөл байдал тогтоогдоогүй гэх байдлаар дүгнэсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй, ямар учраас нэг хоног цагаар бол 24 цагаас дээш хугацаанд цагдаагийн копонд байлгаад байгаа юм гэдгийг анхаарч үзээгүй, зодож цохисон, айлган сүрдүүлснийг нь орхиё тэгүүл хонуулаад байгаа мөрдөгчийн үйлдэл нь намайг мэдүүлэг өгөхгүй гэснээс гарч байгаа түүний хариу үйлдэл гэж хэн ч бодсон тэгж харахаар байгаа. Би цагдаагийн байранд нь очоод мөрдөгч мэдүүлэг авна гэхэд нь өгчихсөн бол намайг тухайн байранд хонуулаад байх шалтаг шалтгаан байхгүй. Надаас заавал гэрчээр мэдүүлэг авах гээд мэдүүлэгт заавал гэмт хэрэг үйлдсэн гэж хэлүүлэх гээд шахалт үзүүлээд байгаа л нэг хэлбэр нь юм. Мөрдөгч, түүний үйл ажиллагаанд хяналт тавьж буй прокурор нь гэмт хэргийн талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг зөвхөн хуулиар зөвшөөрсөн арга хэрэгслээр шалгаж тогтоох үүрэгтэй бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлах, хуульд заасан журмыг зөрчих замаар цуглуулж бэхжүүлсэн баримтыг нотлох баримтаар тооцох боломжгүй юм. Шүүх хуралдаанд гэрч мэдүүлэхдээ мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээс тодорхой хэмжээнд зөрүүтэй өгдөг шүүх хуралдааны бичлэгээс тухайн гэрчийн биеийн хэлэмж болон мэдүүлгийг нь сэргээн үзвэл илт тодорхой харагдахаар байгаа болно....мөрдөгч нь хуульд заасан үндэслэл журмыг зөрчин, хэрэгт сэжиглэгдэж буй этгээдийн хувцсыг тайлуулан үзлэг нэгжлэг хийж байгаа нь мөн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1-д заасан энэ хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгөх, эрх чөлөөг нь хязгаарлах, өмчлөх эрхэд нь халдах, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах, гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хориглоно гэх заалтыг зөрчсөн мөн мөрдөгчийн тухайн үйлдэл буюу хэрэгт хамааралгүйгээр хувцсыг нь тайлуулж байгаа үйлдэл нь мэдүүлэг өгөхийг шахаж дарамталж сүрдүүлж байгаа үйлдэл буюу хүчээр мэдүүлэг авч байгаа хэлбэр гэж үзэхээр байдаг. Намайг буруутгаад байгаа нотлох баримтууд нь үнэн зөв бөгөөд хууль ёсных мөн эсэх дээр холбогдох хуулийн заалтуудыг үндэслэн үнэлэлт дүгнэлт хийнэ гэдэгт итгэж байна.

Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 29 ний өдрийн 2024/ШЦТ/97 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгон намайг цагаатгаж өгнө үү. гэжээ.

Прокурор ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Шүүгдэгч *******, ******* нар нь бусдын 2 тооны хонийг бүлэглэн, хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон.Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нарыг гэрчээр асуухдаа хууль зөрчсөн асуудал яригдаж, гомдлоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Шүүгдэгч нарын гэрчээр өгсөн мэдүүлгийг прокуророос нотлох баримтаар үнэлээгүй, яллах дүгнэлтийн үндэслэл болгоогүй болно. ******* нь хамтран амьдрагч ийн зөвшөөрлөөр гэр бүлийн дундын эд хөрөнгөө захиран зарцуулсан гэдэг ч энэ байдал нь хохирогчийн 3 удаагийн тогтвортой өгсөн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Шүүгдэгч нараас гэрчийн мэдүүлэг авахдаа хүч хэрэглэж, эрүүдэн шүүж мэдүүлэг авсан, энэ үндэслэлээр хэсгийн төлөөлөгчид эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тухай прокурор тайлбарлаж байх тул мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулсан нотлох баримтууд нотолгооны хувьд ач холбогдолгүй юм. Гэтэл анхан шатны шүүх гэрч нарын мэдүүлгийг үндэслэн гэм буруутайд тооцсон нь хууль зөрчсөн. Мөн хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч ******* нь хамтран амьдрагч ийн итгэмжлэн хариуцуулснаар түүний малыг маллаж, хамтран амьдарч байснаас үзэхэд түүний зөвшөөрөлгүйгээр итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг завшсан гэх үндэслэл тогтоогдож байх тул энэ үйлдэлд хамтран оролцсон *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар өөрчилж, зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж өгнө үү.. гэв.

Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Шүүгдэгч *******, хохирогч нар нь гэр бүлийн харилцаатай, гэр бүлийн гишүүд бөгөөд хамтран амьдарснаас хойш бий болсон эд хөрөнгөө ******* нь захиран зарцуулах эрхтэй юм. Энэ агуулгаар ******* нь хамтын хөдөлмөрөөр бий болсон хөрөнгөө захиран зарцуулсныг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ээс хохирогчоор мэдүүлэг авахдаа гэр бүлийн хүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг нь тайлбарлаагүй, мөн шүүгдэгч нараас гэрчийн мэдүүлэг авахдаа нэг цаг хугацаанд, цаг хугацааны зөрүүгүй, өгүүлбэр, найруулгын давхардал бүхий байдлаар нэг мэдүүлгээ хуулбарлаж бичсэн нь энэ ажиллагааг хууль бусаар явуулсан гэх үндэслэл болж байна. Иймд нотлох баримтыг хууль бусаар хүч хэрэглэж бүрдүүлсэн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгч *******г цагаатгаж өгнө үү.. гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******гийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:

Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн Өлзийт сумын 5 дугаар багийн нутаг “Бийрийн хавцгай богчийн ам” гэх газраас иргэн ийн хоёр тооны хонийг хулгайлан авч иргэн т 430,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримтыг тогтоосон байна.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна.

Дээрх үйл баримт нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцэгдсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой доорх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

1 дүгээр хавтаст хэргийн 11-12, 15-16, 186-187 дугаар талд тус тус авагдсан “...2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр манай найз залуу нь “би хонинд явъя та амар гээд” манай ах Адъяасүрэнд хэлсэн. Тэгээд хонио хариулаад өдөр 15 цагийн үед ирсэн. Ирээд цайгаа уучхаад хонь гэрийн дээгүүр усанд орох нь гэж хэлээд өөрийн Мустанг-5 маркийн мотоциклийг асаагаад явсан. Тэгээд нэг цаг гарангын дараа буюу 17 цагийн үед буцаж ирсэн. Тэгээд орой гэгээ тасарч байхад “аймаг явж гэрийнхээ элсийг зөөнө” гэж хэлээд яваад маргааш өглөө 11 цагийн үед архи уучихсан ирээд “*******гийн айлын хүнийг хадлан хадаж байна, очиж ачилцаж байгаад ирье” гээд явсан. Тэгээд орой 18 цаг өнгөрч байхад согтуу ирээд шууд унтаад өгсөн. Орой 19 цагийн үед манай хамаатны ах Мөнхжаргал манай буурай ээж Лхагваа руу залгаад “танай хонинд хэн явсан юм” гэхээр нь манай хүргэн явсан гэтэл “тэгвэл *******тай хамт “Цагаан сайр”-ын аман дээр хурааж байгаад хоёр хонь хүлээд аваад явсан” гэж хэлэхээр нь би гаас асуутал “би ямар ч хамаагүй шүү, миний нэр холбогдсон байна уу” гэж уурлаад байсан. Өглөө нь босоод хонио бүртгэхэд 2 хонь дутахаар нь өөрт нь хэлэхэд ‘би аваагүй, тэр хэлсэн 2 хүнийг чинь авч ирээд нүүрэлдүүлнэ” гэж хэлээд явсан боловч ахиж ирээгүй. Хуруу эвэртэй хар зүсмийн бүдүүн эр хонь, орой цагаан хар толгойтой шүдлэн хонь тус тус алдагдсан. Би гомдолтой байна. Алдсан хоёр тооны хонио төлүүлнэ өөр санал хүсэлт байхгүй.. Би д мөнгөний өр байсан. Гэхдээ оронд нь хонь өгье, чи аваарай гэж хэлж байсан зүйл байхгүй. өглөө хонинд явахдаа мал зарна гэж хэлсэн зүйл байхгүй. ******* 2023 оны 9 сард надтай хамтран амьдрах гэж ирэхдээ мал хөрөнгө гэх зүйл авч ирээгүй. Одоо ч манайд гийн өмчийн мал хөрөнгө гэх зүйл байхгүй. Бид 2 албан ёсны гэр бүл биш, хамтран амьдрагч ...гэх хохирогч ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 25-26, 190-191 дүгээр талд тус тус авагдсан “... 2023 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр хадмынхаа малд явж байсан. Өдөр 14 цаг өнгөрч байхад малаа гол руу гэрийнхээ урд руу хөөгөөд явж байгаа харагдсан би хариулаад харуултай ард сууж байсан. ******* манай хойд нуруунд хонинд явж байгаа харагдсан. Тэгээд би хонио хариулангаа дурандаад сууж байтал 2 хонь 3 ишигтэй ямаа тасдаад гэрийнхээ наад талын том жалга руу хөөгөөд орж байсан. Тэгээд гэр рүүгээ явсан. Маргааш өдөр 13-14 цагийн үед , ******* 2 над дээр нэг шил хараа гэсэн архи гаргаж ирээд та бид 2-ийг хонь авсныг битгий гэрийнхэн болон энэ хавынханд битгий хэлээрэй нүдний булай болно гээд хоёулаа гуйгаад байхаар нь би юм хэлээгүй явуулсан, хулгай хийсэн гэж маргааш нь ирж хэлсэн. Цэнхэр өнгийн мотоциклоор явж байсан..гэх гэрч ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 199-200 дугаар талд авагдсан “... 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Өсөхбаяр “дуудлага ирсэн байна, хэсгийн байран дээр хүрээд ир” гэж дуудахаар нь очиход иргэн “2 хонь хулгайд алдчихлаа” гээд ирсэн зогсож байсан. Тэгээд хэсгийн төлөөлөгч “сэжиглэж байгаа хүн байна уу” гэж асуухад “манай хамаатны ах болох Мөнхжаргал харсан байна, *******, 2 аваад явж байна” гэж хэлсэн “шалгаж өгнө үү” гэсэн. Тэгээд би хэсгийн төлөөлөгчийн хамт , ******* нарын араас очиход аймгийн төв рүү явсан ******* гэртээ байхаар нь *******г аваад цагдаагийн хэсгийн байран дээр ирээд “*******гаас мэдүүлэг авна” гээд хэсгийн төлөөлөгч өрөө рүүгээ аваад орсон. Тэгээд хэсэг байлгаж байгаад “г олж ирээрэй” гээд машиныг нь журамлаад явуулсан. Тэгээд 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр , *******, Алтанцэцэг нар ирээд мэдүүлгээ өгсөн. Би хэсгийн төлөөлөгчийн өрөөнд мэдүүлэг авч байх үед нь нэг удаа орж байж байгаад гарсан. Ороход мэдүүлэг өгч байсан. ******* эхнэр Алтанцэцэгийн хамт гадаа зогсож байсан. Намайг ороход зодсон зүйл байгаагүй. Ярилцаад мэдүүлгээ өгөөд сууж байсан. Манай цагдаагийн хэсгийн байранд хяналтын камер байдаг ба мэдүүлэг авах өрөөнд бас байдаг. Тухайн үед хяналтын камер ажиллагаагүй байсан. 2023 оны 08 дугаар сарын сүүлээр тог гэнэт тасраад хяналтын камер бичихээ больсон байсныг хүнээр үзүүлэхэд шилэн кабель нь шатсан байна гэсэн. Тэгээд 2023 оны 10 дугаар сарын сүүлээр засварт оруулж янзлуулсан...” гэх гэрч ы мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

2 дугаар хавтаст хэргийн 211-212 дугаар талд авагдсан “..Тухайн өдөр В. над руу залгаад мөнгөний хэрэг байна, эхнэр жирэмсэн болохоор нааш, цаашаа явмаар байна гэхээр нь надад мөнгө байхгүй гэсэн чинь тэгвэл би хонь хариулж явна чи 2 хонь мөнгөөр нь авчхаач гэхээр нь хонийг чинь мөнгөөр нь зарж байж мөнгийг нь өгнө гэж тохироод яваад очсон чинь малын бэлчээрт 2 хонь хүлж орхиод үлдээгээд явсан байсан...Тэгээд гэртээ ирээд 2 хонио янзлаад тэр оройдоо Баянхонгор аймгийн төв орж ирээд 20 цагийн үед хонины махаа ченжид 280,000 төгрөгөөр өгөөд 200,000 төгрөгийг д өгсөн..гэх яллагдагч *******гийн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 31 дүгээр талд авагдсан “...Нас гүйцсэн эр хонь 280,000, шүдлэн хонь 150,000 төгрөг, хулгайд алдагдсан гэх эд зүйлийн нийт үнэ цэнэ 2023 оны 9 дүгээр сарын 02-ны байдлаар 430.000 / Дөрвөн зуун гучин мянга / төгрөг болохыг тодорхойлов...” гэх ХХК-ийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 248 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэргийн бодит байдалд нийцүүлэн Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.   

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн “…Шүүгдэгч *******, ******* нарыг бүлэглэж мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон..” нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч *******гаас “...******* нь өөрийн гэр бүлийн хүний зөвшөөрлөөр мал худалдана гэсний дагуу 2 тооны хонь худалдан авахаар тохирсон..., хулгайлах гэмт хэрэгт ял шийтгэснийг хүлээн зөвшөөрөхгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүдэн шүүж цуглуулсан баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй тул хэргийг ашигтай байдлаар шийдвэрлүүлэх..” гэсэн агуулгаар гомдол гаргасан. 

Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч ******* нь хамтран амьдрагч, хохирогч ийн өмчлөлийн хониноос түүнд мэдэгдэлгүйгээр 2 тооны хонийг шүүгдэгч *******д өгөхөөр урьдчилан амлаж, тохиролцсоны дагуу 2 тооны хонийг нууцаар авч, малын бэлчээрт хүлж орхисныг шүүгдэгч ******* нь хүлээн авч, өөрийн өмчлөлд оруулсны дараа автомашинаар тээвэрлэн замдаа гэдэс, доторыг гээж, тухайн өдөртөө Баянхонгор суманд худалдан борлуулж, олсон орлогыг шүүгдэгч нар нь хуваан авч, архи согтууруулах ундааны зүйл худалдан авч хэрэглэсэн үйл баримт нотлогдон тогтоогджээ.

 Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийг тодорхойлсон бөгөөд мөн зүйлд “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ”... Гүйцэтгэгч, зохион байгуулагч, хатгагч, хамжигчийг гэмт хэрэгт хамтран оролцогчид тооцно..гэсэн.                                                                                                      

Эрх зүйн онолын хувьд гэмт хэргийг бүлэглэж үйлдэх ойлголт нь гэмт хэрэгт оролцогчдын оролцооны дотоод холбоогоор тайлбарлагдах бөгөөд гэмт хэрэгт хамтран оролцогчдын хамгийн энгийн хэлбэр нь ...гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэж тохиролцоогүй, хоёр буюу түүнээс дээш гүйцэтгэгч хамтарсан үйлдлээрээ нэгдэж тухайн гэмт хэргийн хор уршгийг бий болгосон байх явдал юм.

Өөрөөр хэлбэл Гэмт хэрэг хамтран үйлдэж байгаа гэмт үйлдэл нь  нэг хүний үйлдэж чадахгүй хэргийг хамтын хүчээр буюу гэмт хэрэг хамтран үйлдэгчийн гэмт үйлдэлд сэтгэл зүйн болон биеийн хүчээр дэмжлэг үзүүлэх, нэг хүний үйлдсэн хэрэгтэй харьцуулахад нийгмийн хор аюулаар их, хамтран оролцогчид гэмт хэргийн ул мөрийг баллаж, хэргийг илрүүлэхэд саад учруулдаг зэрэг шинжээрээ бусад гэмт хэргээс ялгаатай, энэ төрлийн гэмт хэрэгт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь илүү хүнд байх ёстой гэж үздэг.

Шүүгдэгч *******, ******* нарын мал хулгайлах гэмт хэрэгт хамтран оролцсон оролцооноос дүгнэхэд шүүгдэгч нар нь хэрэг болохын өмнөх өдөр малын бэлчээрт уулзан гэмт хэрэг үйлдэх талаар ярьж тохиролцон, дараа өдөр ******* нь өөрийн хариулж явсан олон тооны малнаас 2 тооны хонийг таслан авч, хээр хүлж үлдээснийг ******* нь хүлээн авч төхөөрч махыг бэлтгэсэн, малын махыг худалдан борлуулсны дараа үнийг хуваан авах зэргээр гэмт хэргийг төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг, оролцоог хуваарилсан байх тул гэмт хэрэгт зохион байгуулагч болон гүйцэтгэгчээр хамтран оролцсон болох нь тогтоогдож байна.

Хэдийгээр шүүгдэгч ******* нь тухайн цаг хугацаанд хохирогч тэй гэр бүлийн буюу эхнэр нөхрийн харилцаа, хамтын амьдралтай байсан ч ийн мал хөрөнгөнд *******н хуваарьт болон дундын өмчлөлийн эд хөрөнгө нийлснээс түүнд эд хөрөнгө захиран зарцуулах эрх үүсээгүй, ******* нь бусдын малыг хариулах явцдаа худалдан борлуулах, захиран зарцуулах талаар өмчлөгчөөс ямар нэг зөвшөөрөл аваагүй, дундын хөрөнгөө захиран зарцуулсан гэж үзэх боломжгүй болох нь хохирогч ийн 3 удаагийн тогтвортой өгсөн мэдүүлгээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгч *******гийн гомдолд дурдагдсан “.. ******* нь эхнэр ийн зөвшөөрснөөр гэр бүлийн дундын эд хөрөнгөө өөрөө дур мэдэн захиран зарцуулсныг би худалдан авсан..” гэх агуулгаар бичсэн гомдол няцаагдаж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч *******, ******* нараас хэрэг бүртгэгч, хэсгийн төлөөлөгч Б.Өсөхбаяр нь яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хүч хэрэглэж, дарамталсан, эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн гэх гомдлыг гаргасныг Баянхонгор аймгийн Прокурорын газраас хүлээн авч 2024 оны 4 сарын 4-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол үйлдэж “ *******г хууль бусаар баривчилж, саатуулсан байж болзошгүй” гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст харьяалуулан шалгаж байгаа баримт хэрэгт авагджээ.

Эндээс үзвэл мөрдөн байцаалтын шатанд цагдаагийн албан тушаалтнаас шүүгдэгч *******г хэрэг хүлээлгэх, ял, шийтгэл оногдуулах, ялгаварлах зорилгоор бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон үйлдэл хийсэн эсэх нь нотлогдон тогтоогдоогүй, энэ тухай хэрэгт нотлох баримт цуглуулж, бэхжүүлэгдээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хууль бусаар бүрдүүлсэн цуглуулсан гэж үзэх боломжгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар мөрдөгч, прокурор нь хэргийн бодит байдлыг нотлохын тулд хуульд нийцүүлэн мөрдөн шалгах бүхий л ажиллагааг явуулах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд тэдгээрийн гүйцэтгэсэн ажиллагаа түүний үр дүнд цуглуулсан баримтад мэдээллийг нотлох баримтаар тооцох боломжгүй юм.

Тухайлбал: Гэмт хэрэгт холбогдуулан нэр заасан, эсхүл хамаарал бүхий нотолгоо бий болсон хүнд худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх тухай хууль сануулж өөрийнх нь эсрэг гэрчийн мэдүүлэг авах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2, 3, 9.6 дугаар зүйлийн 5, 31.8 дугаар зүйлийн 1.5, 31.11 дүгээр зүйлийн 1.1-д заасныг тус тус зөрчиж буй тул нотлох баримтыг прокурор, шүүх нь гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож болохгүй бөгөөд энэ нь дээрх хуулийг ноцтой зөрчсөнд тооцогдох талаар мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.5-д тодорхой заажээ.

Гэтэл шийтгэх тогтоолд мөрдөн шалгах ажиллагааны явцад *******, ******* нарын гэрчээр өгсөн мэдүүлгийг шүүх үнэлж шийдвэрлэсэн мэтээр дүгнэлт хийсэн нь хуульд нийцэхгүй байгааг тэмдэглэж байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч *******, ******* нарын гэм буруутай үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг оногдуулахаар заасан 2-8 жилийн хорих ялын доод хэмжээгээр ял шийтгэсэн нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулаагүй, тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон шийдвэр болжээ.

Шүүхээс шүүгдэгч *******, ******* нарт 2024 оны 4 сарын 15-ны өдрөөс 2024 оны 4 сарын 29-ний өдөр хэргийг шийдвэрлэх хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Шийтгэх тогтоол гарах хүртэл 14 хоног цагдан хоригдсон байхад шийтгэх тогтоолын 4 дэх заалтад тэднийг 13 хоног урьдчилан цагдан хоригдсон гэж цагдан хоригдсон хугацааг буруу тооцсоныг зөвтгөн шийтгэх тогтоолын тухайн заалтад өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч *******гийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, цагаатгах агуулгаар бичсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/97 дугаар шийтгэх тогтоолын 4 дэх заалтад Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарын хэргийн учир цагдан хоригдсон 13 хоногийг эдлэх ялд нь тус тус оруулан тооцсугай... гэснийг Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарын хэргийн учир цагдан хоригдсон 14 хоногийг эдлэх ялд нь тус тус оруулан тооцсугай..гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******гийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *******, ******* нарын 2024 оны 4 сарын 29-ний өдрөөс 2024 оны 6 сарын 19-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 51 хоногийг тэдний ял эдлэх хугацаанд нь оруулж тооцсугай.           

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын  хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.БАЯРЦЭНГЭЛ

                                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.БОЛОР-ЭРДЭНЭ

                                                           ШҮҮГЧ                                  Т.ГАНЧИМЭГ