| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Мөнхдэлгэр |
| Хэргийн индекс | 128/2025/0700/З |
| Дугаар | 128/ШШ2026/0080 |
| Огноо | 2026-01-16 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 128/ШШ2026/0080
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхдэлгэр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Т” ХХК,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Э,
Хариуцагч: Сангийн сайд,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.,
Хариуцагч: Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б*******,
Маргааны төрөл: Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн гаргасан 2025 оны дүгнэлтийг хүчингүй болгуулах, Сангийн сайдыны 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн тушаал нь хуульд нийцсэн эсэх талаарх газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э, хариуцагч Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч А., хариуцагч Ч.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.дарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Тус мэдэгдлийн дагуу манай компанийг 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр тендерт оролцох эрхээ хасуулсан этгээдийн бүртгэлд оруулсан талаар ямар нэгэн мэдэгдэл шийдвэр ирээгүй. Харин бидний зүгээс санамсаргүй байдлаар худалдан авах ажиллагааны веб хуудаснаас олж мэдсэн үедээ анх шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхэд нэхэмжлэл гаргах үед ямар асуудлаас болж эрхээ хасуулсан этгээдийн бүртгэлд орсон болох талаар мэдээлэлгүй байсан.
Тийм учраас сүүлд оролцсон тендер болох 2024 онд “Э” ТӨҮГ- аас зарласан “А” нэр бүхий ЭҮΤӨΥΓ/20240102154 дугаартай тендерт оролцоход ирүүлсэн албан тоотоор ирүүлсэн мэдэгдлийг шалгасан. Тус мэдэгдэл нь манай компанийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн 25 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр хасагдсан талаар “Э” ТӨҮГ-ын 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” № дугаартай албан тоотыг ирүүлсэн. Мэдэгдэлд дурдсан хасагдсан үндэслэл дотор нотариатын гэрчлэлтийн талаарх мэдээллийг шалгахад бүртгэлгүй байсан тул татгалзсан гэсэн байсан.
Үүний дагуу бид дурдсан веб сайтаас өөрийн гэрчлэлт хийлгэсэн материалыг орж шалгахад жагсаалтад 2 нотариатч бүртгэлтэй, нэг нь бүртгэлгүй байсныг олж мэдсэн.
Дээр дурдсан нотариатаар гэрчлүүлсэн зүйл нь БНХАУ-ын үйлдвэрлэгчийн олгосон Хятад, Англи хэл дээрх дээрх үйлдвэрлэгчийн зөвшөөрлийн хуулбар байсан. Уг зөвшөөрлийн бичиг нь БНХАУ-ын Олон улсын Худалдааг дэмжих зөвлөлөөс олгодог, тухайн зөвшөөрлийг жинхэнэ болохыг шалгах веб сайт, QR код бүхий байхад эдгээрийг шалгаж үзэхгүйгээр илт хуурамч баримт бичиг гэж үзэж буй нь үндэслэлгүй.
Хоёр. Сонсох ажиллагааг хэлбэрийн төдий явуулсан тухайд
А. Сонсох ажиллагаа явуулах хугацааны талаар
Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт “Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна.” гэж заасан байдаг. Дээрх зохицуулалтын дагуу хариуцагч байгууллага нь гадаадын хуулийн этгээдэд холбогдох шийдвэр гаргах ажиллагааны хувьд сонсох ажиллагааны мэдэгдэл шуудангаар хүрэх, шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч гадаадын иргэн, хуулийн этгээд сонсох ажиллагааны дагуу шийдвэр гаргах ажиллагаанд оролцож, тайлбар гаргах боломж олгох хангалттай хугацааг олгох ёстой байдаг. Гэтэл Монгол Улсын Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б******* нь 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” № тоот албан бичгээр сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэхдээ 2024 оны 12 дугаар сарын 31-ний дотор шийдвэр гаргах ажиллагаатай холбоотой санал, тайлбараа ирүүлэх хугацаа заасан. Уг албан бичгээ 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шууданд хийж, ОХУ-ын Е хотод 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ирсэн гэх шуудангийн тэмдэг дарагдсан байдаг.
Үүнээс үзэхэд хариуцагч захиргааны байгууллага, албан тушаалтан нь Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журам болох сонсох ажиллагаа, оролцогчийг сонсох, түүнээс тайлбар авах ажиллагааг хэлбэрийн төдий явуулсан, манай компанийн зүгээс уг шийдвэр гаргах ажиллагаанд оролцох, өөрсдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн асуудлаар тайлбар, нотлох баримт гаргах боломжоор хангаагүйд гомдолтой байна.
Б. Сонсох ажиллагааны мэдэгдэлд тусгах мэдээллийг тусгаагүй талаар
Түүнчлэн Монгол Улсын Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б******* нь 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” № тоот албан бичгийн хавсралтаар холбогдох материалыг ирүүлсэн гэх боловч Монгол Улсын Сангийн яамны 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Хяналт шалгалт хийх тухай” №13 дугаар худалдан авах ажиллагааны хяналт шалгалтын удирдамж гэх 2 хуудас баримт, шалгуулагч буюу манай байгууллагын мэдээлэл бүхий 1 хуудас баримт, нийт 3 хуудас баримтаас өөр зүйл ирээгүй. Дээрх баримтуудаас манай компанид холбогдуулан чухам ямар асуудлаар хяналт шалгалт хийгээд байгаа, ямар шийдвэр гаргах гэж байгаа зэрэг нь тодорхойгүй байсан тул бидний зүгээс юунд холбогдуулж тайлбар, санал хүргүүлэх нь тодорхойгүй, ойлгомжгүй байсан болно.
Мөн нэхэмжлэл гаргах хугацааны хувьд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хугацаандаа нэхэмжлэлээ гаргасан боловч нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй үндэслэлээр 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүйн улмаас нэхэмжлэлийг буцаах тухай” №128/ШЗ2025/4097 дугаар захирамжаар нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн. Ийнхүү шийдвэрлэхдээ “Нэхэмжлэл гаргагч “Т” ХХК нь дээрх шүүгчийн захирамжид заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангасан тохиолдолд тус шүүхэд хандан 30 хоногийн дотор дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж байна.” гэжээ. Дээрх захирамжид дурдсан хугацааны дотор дахин нэхэмжлэл гаргаж буй тул нэхэмжлэл гаргах хугацаандаа хандаж буйг дурдаж байна.
Гурав. Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны тухайд
А. Монгол Улсын Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн гаргасан 2025 оны дүгнэлтийн хувьд:
Монгол Улсын Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б******* нь 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” № тоот албан бичгийн хавсралтаар холбогдох материалыг ирүүлсэн гэх боловч Монгол Улсын Сангийн яамны 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Хяналт шалгалт хийх тухай” №13 дугаар худалдан авах ажиллагааны хяналт шалгалтын удирдамж гэх 2 хуудас баримт, шалгуулагч буюу манай байгууллагын мэдээлэл бүхий 1 хуудас баримт, нийт 3 хуудас баримтаас өөр зүйл ирээгүй.
Монгол Улсын Сангийн яам, түүний улсын байцаагч нараас ирүүлж буй дээрх баримтууд нь манай компанид тодорхой хугацааны дараа ирсэн хэдий ч ирүүлсэн баримтуудад Монгол Улсын Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн гаргасан 2025 оны дүгнэлт эх хувиараа ирээгүй. Иймд эх хувиараа ирээгүй, манай компанийн зүгээс танилцаагүй шийдвэрт гомдол гаргах боломжгүй байсан болно.
Түүнчлэн Монгол Улсын Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн гаргасан 2025 оны дүгнэлттэй манай компанийн зүгээс танилцаагүй, ямар үндэслэлээр тухайн дүгнэлт гарсан эсэхийг мэдээгүй хэдий ч тухайн дүгнэлтийн эрх зүйн үйлчлэл аль хэдийн гарч түүнийг үндэслэн манай компанийг эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэсэн шийдвэр гарчээ.
Нөгөөтэйгүүр, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.10 дахь хэсэгт “Холбогдох этгээд улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо ажлын 10 өдрийн дотор худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчид гаргаж болно.” гэж зааснаар улсын ерөнхий байцаагчид гомдол гаргах ажиллагаа нь заавал хийгдэх ажиллагаа биш гэдэг нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл, манай компанийн одоо байгаа нөхцөл байдал шиг тухайн дүгнэлтийг гардаж аваагүй, танилцаагүй тохиолдолд шууд шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах боломжийг бүрдүүлэх зорилгоор хууль тогтоогч заавал биш “болно” гэх диспозиц хэрэглэсэн гэж үзэж байна.
Иймээс манай компанийн зүгээс Монгол Улсын Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн гаргасан 2025 оны дүгнэлтийг урьдчилан шийдвэрлүүлэх журмаар гомдол гаргах бодит нөхцөл байдал бий болоогүй, хуулиар гомдол гаргахгүйгээр шууд шүүхэд нэхэмжлэл гаргах боломж олгосон байх тул ийнхүү шууд шүүхэд нэхэмжлэл гаргаж буй болно.
Б. Монгол Улсын Сангийн сайдын 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн № тушаалын хувьд:
Монгол Улсын Сангийн сайдын 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн “Тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх тухай” № тушаалын хувьд тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй учраас шууд шүүхэд нэхэмжлэлээ гаргаж байна. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.4 дэх хэсэг, Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох хэсэгт зааснаар гомдол хянан шийдвэрлүүлэх чиг үүрэг бүхий болон дээд шатны захиргааны байгууллага байхгүй байна.
Иймд Монгол Улсын Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн гаргасан 2025 оны дүгнэлт, Монгол Улсын Сангийн сайдын 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн “Тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх тухай” № тушаал зэрэг нь үндэслэлгүй байх тул хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
... Сангийн сайдын шийдвэрийн тухайд манай маргаан бүхий 2 дахь актыг Захиргааны ерөнхий хуульд заасан формаль болон материаллаг эрх зүйн шаардлагын хүрээнд ярья. Формаль эрх зүйн шаардлага буюу шийдвэр гаргах ажиллагааны журмын талаар захиргааны тусгайлсан нарийвчилсан зохицуулсан хуулиар тодорхойлоогүй бол Захиргааны ерөнхий хуулийг хэрэглэх ёстой. Сангийн сайдын шийдвэрийн тухайд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8-д зааснаар шийдвэр гаргах ажиллагааны журмыг тодорхой зохицуулсан тусгайлсан журамтай. Тусгайлсан журмыг баримтлах ёстой. Хуулийн 56 дугаар зүйлийн 56.8-д санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, улсын байцаагчийн саналыг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор аж ахуй эрхлэгчийн тендер шалгаруулалтад оролцох эрхийг хязгаарласан этгээдийн жагсаалтад 3 жилийн хугацаагаар бүртгэх шийдвэрийг гаргана гэж шийдвэр гаргах ажиллагааны тодорхой журмыг зохицуулсан байгаа. Улсын байцаагч 4 дүгээр дүгнэлтээ Сангийн сайдад хүргүүлэх ёстой юм байна. Тухайн саналыг нь хүлээн авснаас хойш 15 өдрийн дотор гаргах ёстой гэсэн байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу санал хэзээ хүлээж авсан гэдгийг нотлох үүрэг нь хариуцагч талд байгаа. Сангийн сайдын томилсон итгэмжилсэн төлөөлөгч А. хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэлсэн тайлбартаа энэ талаар баримт үйлддэггүй, ямар нэгэн байдлаар нотолж чадахгүй байна гэж хэлж байгаа. Саналыг хэзээ хүлээн авсан гэдгийг тодруулах үүднээс асуултыг асуусан. Улсын байцаагч Яамны байранд ажилладаг юм байна. Дүгнэлтээ өгч авахад ямар нэгэн байдлаар хоног хугацаа алдах боломжгүй гэсэн үг. Сангийн яам хэдэн давхрыг би мэдэхгүй байна. Хэдэн ч давхар байна дээшээ доошоо гаргаад өгөх боломж байна. Улсын байцаагч дүгнэлтээ хүргүүлээд хүлээж авах хугацаа 1 хоногоос хэтрэх үндэслэл байхгүй. Нэг ажлын байранд ажиллаж байгаа учраас олон хоногоор хэтрүүлсэн бол улсын байцаагчийн хариуцлага алдсан үйлдэл болно. Дүгнэлтийг хэзээ хүлээж авсан гэдэг нь нотлох боломжгүй. 30 хоног дотроо очсон гэж байгаа юм. Яагаад 30 хоног дотроо очсон гэж үзвэл үндэслэлтэй юм шиг байна. 10 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй. Улсын ерөнхий байцаагч нь 20 хоногийн дотор хянадаг юм байна. Тэгээд бүгдийг нь шууд явуулдаг юм байна. Манай компани гомдол гаргаагүй учраас 10 хоногийн дараагаас шууд очсон байх бүрэн боломж байгаа юм. Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас харахад 30 хоногийн дотор очдог гэж байна. 30 хоногийн дотор очих ёстой бол 45 хоногийн дотор шийдвэр гарах үндэслэл бүрдэж байгаа. Хуулийн 56 дугаар зүйлийн 56.8-д заасан саналыг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор шийдвэр гаргах ажиллагааны журам баримтлах ёстой гэж үзнэ. Улсын байцаагчийн 4 дүгээр дүгнэлт 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гарсан байгаа. Сангийн сайдын тендер шалгаруулалтад оролцох эрхийг хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх тухай тушаал 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр гарсан. Энэ 2 хоорондоо хэдэн хоногийн зөрөөтэй байна гэхээр 2 сар 14 хоногийн хугацааны дараа гарсан байгаа. Хоногоор тооцвол 74 хоногийн дараа гарсан. Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч 30 хоногийн дараа бид нар хүлээж авсан гэж байна. 30 хоногийн дараа хүлээж авсан бол 45 хоногийн дотор гаргах ёстой. Сангийн яамны шийдвэр гаргах эцсийн хугацаа нь 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор гарах бүрэн боломжтой байсан. 05 дугаар сарын 02-ны өдөр гарсан. Сангийн сайд шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8-ыг зөрчсөн байна. Материаллаг эрх зүйн шаардлагыг хангаагүй байна. Яагаад материаллаг эрх зүйн шаардлагыг хангаагүй гэдэг нь маргаан бүхий Сангийн сайдын тушаалаар нотлох баримт шинжлэн судлах шат дээр судалсан эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай гэж байгаа юм. Энэ хавсралтад байгаа 2 компаниар Монгол Улсын Сангийн яамны Монгол Улсын хэмжээнд хөтөлж байгаа эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалт батлагдаад байгаа юм. Эндээс харахад 2 этгээд байна гэж харагдаад байгаа юм. Нэмсүгэй, оруулсугай гэж байхгүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд 3 жилийн хугацаагаар бүртгэх шийдвэр гаргана гэж байгаа. Сангийн сайд хавсралтаа батлаад байдаг хуульд болохоор бүртгэ гэсэн байдаг. Бүртгээд нийтэд нь хөтлөөд явъя гэхээр зөвхөн манай 2 компанийг оруулаад баталсан. Энэ тушаалыг хараад Монгол Улсын хэмжээнд тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан хоёрхон этгээд байгаа. 1 дэх нь “Т” ХХК, 2 дахь нь хавсралтад байгаа нэг компани гэдэг агуулгаар энэ тушаал ойлгогдож байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан утга агуулгын хувьд илэрхий алдаа байна. 3 жилийн хугацаагаар бүртгэх шийдвэрийг гаргана гэж байгаа. Хуулийн этгээдийг бүртгэхдээ Сангийн яам хэдэн жилийн хугацаагаар бүртгэж байгаа гэдгээ тодорхой заах ёстой байсан. Хуульд заасан шаардлага байгаа 3 жилийн хугацаагаар бүртгэнэ гэсэн. Сангийн сайдын шийдвэрт хэдэн жилийн хугацаагаар бүртгэж байгаа нь тодорхойгүй, ямар нэгэн хугацаанд бүртгээгүй нь манайд хугацаагүй бүртгэгдсэн юм байна гэдэг ойлголтыг төрүүлж байна. Монгол Улсад цаашдаа тендерт оролцох эрхгүй болсон байна гэдэг ийм ойлголтыг өгч байна. Агуулгаараа захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй юм байна. Энэ шийдвэрийг бодит нөхцөл байдалд биелүүлэх ямар ч боломж байхгүй юм байна. Тендерт оролцох нь Үндсэн хуульд заасан аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх үндсэн эрхтэй холбоотой эрх. Эрхээ бид нар хуульд 3 жилийн хугацаагаар хязгаарлуулах байтал Сангийн сайд ямар ч хугацаагүйгээр хязгаарласан байгаа юм. Агуулгаараа бид нар хугацаагүйгээр энэ жагсаалтад байх юм шиг ойлголтыг төрүүлж байгаа учраас бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй алдаанууд гэж үзэж байгаа юм. Энэ алдаанууд байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагаа илт хууль бус болохыг тогтоолгох гэж байсан.
Гэхдээ нэхэмжлэгчийн итгэмжилсэн төлөөлөгчийн хувьд хууль бус учраас хүчингүй болгож өгнө үү гэдэг шаардлагыг гаргасан. Шүүх хуралдаан дээр хууль бус алдаа байна гэдгийг шүүгчид сануулаад байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн гэдгийг Улсын дээд шүүхээс 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаар хурлын тогтоолоор тайлбарласан байгаа. Захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ч гэсэн тухайн актад хянан шийдвэрлэх ажиллагааны явцад алдаа илэрвэл шууд тухайн актыг илт хууль бус акт гэж тогтоож болно. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн гэж үзэхгүй гэж тайлбарласан байгаа. Шүүх энэ актыг шууд илт хууль бус акт гэж тогтоох бүрэн боломжтой гэж харж байгаа. Сангийн яамны итгэмжилсэн төлөөлөгч хариу тайлбар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өгсөн тайлбартай нь холбогдуулаад дүгнэлтийн тайлбараа хэлье. Цахимаар зохион байгуулах журам гээд тендер сонгон шалгаруулалтыг цахимаар зохион байгуулах журамд заасны дагуу ирүүлсэн материалын үнэн зөвийг өөрсдөө хариуцах ёстой гэсэн агуулгыг тусгасан байна. Тендерт ямар материал ирүүл гэсэн бэ гэвэл үйлдвэрлэгчийн зөвшөөрлөө ирүүл гэсэн. Манай үйлдвэрлэгчийн зөвшөөрөл хуурамч биш үнэн зөв байсан гэдэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлогдсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлогдсон учраас манайх цахимаар зохион байгуулах журамд заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл байхгүй. Журамд заасны дагуу манайх үнэн зөв, бодитой байгаа баримтаа хүргүүлсэн гэдэг нь нотлогдож байгаа. Урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэдэг тайлбарыг гаргасан. Энэ үндэслэлгүй. Тухайн асуудал нь Захиргааны хэргийн хэргийн давж заалдах шатны шүүхээр нэгэнт тогтоогдсон баримт, тодруулбал Захиргааны хэргийн давж заалдах шатын шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 0720 дугаар шүүхийн тогтоолын хянавал хэсэгт байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.2 дахь хэсгийн зохицуулалт нь гаргасан шийдвэрээ өөрөө хүчингүй болгож өөрчлөх эрхтэй байх үндсэн зарчмын хүрээнд тухайн захиргааны байгууллагад хандаж гомдол гаргаж шийдвэрлүүлэх боломжтой гэх агуулгыг илэрхийлэхээс бус шүүхэд нэхэмжлэл гаргахад заавал өөрт нь хандсан байхыг шаардсан агуулгатай биш. Өмнө нь энэ үндэслэлээр анхан шатны шүүх Сангийн сайдын 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн тушаал, худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн гаргасан 2025 оны 4 дүгээр дүгнэлтийг үндэслэн гаргасан бөгөөд нэхэмжлэгчээс уг акт болоод маргаан бүхий актын талаар гомдлоо аль ч захиргааны байгууллагад хандаж шийдвэрлээгүйг харгалзан тухайн актыг гаргасан байгууллагад хандан гомдол гаргах боломжтой гэж үзлээ гэж дүгнэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай байх тул захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ гээд үндэслэлүүдээ бичсэн байгаа. Өмнө нь шүүгч яг энэ үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаад, тэр нь хуульд заасны дагуу дээд шатны шүүхээр шийдвэрлэгдээд энэ үндэслэлээр татгалзах эрх зүйн үндэслэл байхгүй гэдгийг тогтоосон учраас хариуцагчийн итгэмжилсэн төлөөлөгчийн тайлбар нь үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэдэг хүсэлт хангагдах боломжгүй, үндэслэлгүй хүсэлт гэж үзэж байна.
Улсын байцаагчийн асуулт хариултын шатан дээр тодруулсан зүйл дээр 2 дүгнэлт нэмээд хэлье. Тендерт оролцогчийн туршлагын шаардлага гэж ямар шаардлагуудыг хэлж байна вэ гэж асуухад, бид нар туршлагатай гэдгээ нотолж ирүүлж байгаа баримт бичиг нь батлагдахгүй байсан гэж хэлж байгаа юм. Үнэлгээний хороо баталдаг. Бид нарын туршлагатай гэдгийг тодруулах баримт улсын байцаагчийн дүгнэлтийн хяналт шалгалтын удирдамжид хамаарахгүй асуудал байсан. Туршлагын асуудал биш харин үйлдвэрлэгчийн зөвшөөрлөөр энэ бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх чадвартай юу, үгүй юү гэдгийг нотлох баримт хуурамч байсан уу, үгүй юү гэдгийг шийдвэрлэх ёстой байсан. Улсын байцаагчийн зүгээс зөвхөн захиалагчаас нотариатч үнэн зөв эсэх нь тогтоогдохгүй байна гэдэг санал ирсэн. Энэ саналын дагуу нотариатчийн үйлдлийг дүгнэсэн байгаа. Манайх тэр нотариатч биш, нотариатын танхим нь биш. Манайх тендерт явуулж байгаа материал дээр нотариатаар ороод тамга тэмдгээ даруулсан. Нотариат нь би эрхтэй гээд дараад өгсөн. Тэрний дагуу л материалаа явуулсан. Манай материалыг үнэн зөв үү, хуурамч байна уу гэдгийг улсын байцаагч дүгнэх ёстой байтал нотариатчийн үйлдлийг хуурамч гээд дүгнээд явсан. Тендерт ирүүлсэн энэ баримт бичиг хуурамч уу, үгүй юү гэдгийг нь дүгнэх ёстой. Хуулийн хүрээнээс хальсан байна. Тийм учраас эрх зүйн үндэслэлгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримт, талуудын тайлбараас Сангийн яамны улсын байцаагчийн 4 дүгээр дүгнэлт болон Сангийн сайдын тушаал нь Захиргааны ерөнхий хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журам, эрх зүйн зохицуулалтыг зөрчсөн шийдвэр гаргах эрх зүйн үндэслэл байхгүй учир нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргасан байгаа учраас хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэдэг байр суурьтай байна.” гэжээ.
“Э” ТӨҮГ-аас 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн ******* тоот албан бичгээр “Т” ХХК нь “Э” ТӨҮГ-аас 2024 онд зарласан ******* дугаартай “А” нийлүүлэгчийг сонгох тендер шалгаруулалтад оролцохдоо тус компанийн тендерт хавсаргасан баримт бичиг, мэдээлэл зөрчилтэй байгаа тул хяналт шалгалт хийлгэх хүсэлтийг Сангийн яаманд ирүүлсэн.
“Т” ХХК-д хяналт шалгалт хийх, сонсох ажиллагаа явуулах, өөрийн санал, тайлбарыг ирүүлэх тухай улсын байцаагчийн мэдэгдлийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн тоот албан бичгээр, Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчийн 13 дугаартай “Удирдамжийн хугацаа сунгах тухай” удирдамжаар хяналт шалгалтын үргэлжлэх хугацааг 30 хоногоор сунгасан тухай мэдэгдлийг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 11/391 тоот албан бичгээр тус тус мэдэгдсэн. Мэдэгдэлд хяналт шалгалтын үндэслэл, худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн шийдвэр гаргах эрх олгогдсон хууль, захиргааны хэм хэмжээний актын зүйл, заалт, эрх, үүрэг, сонсох ажиллагааны хэлбэр, хугацаа, улсын байцаагчтай холбоо барих мэдээллийг тусгаж, удирдамжийг хавсаргасан.
Үүний дагуу “Т” ХХК-аас 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 154/3-тоот “Тайлбар хүргүүлэх тухай” агуулга нь ялгаатай хоёр албан бичгийг ирүүлсэн байна.
Тухайлбал “Т” ХХК-аас 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 154/3 тоот “Тайлбар хүргүүлэх тухай” бичигт “Мэдэгдэл ирүүлсэнд талархал илэрхийлье. Мэдэгдэлд дурдсан асуудалтай холбоотойгоор дараах тайлбарыг хүргүүлж байна. Манай компани нь энэхүү ******* тендерт оролцохдоо нийт 3 (гурван) нотариатын газарт баталгаажуулсан бичиг баримт хавсаргасан байдаг бөгөөд “Э” ТӨҮГ-аас тухайн тендерт татгалзсан хариуг аваад уг албан бичигт заасан сайтаар орж шалгаж үзэхэд, жагсаалтад 2 нотариатын газар бүртгэлтэй, нэг нь бүртгэлгүй, нэр нь байхгүй байсан. Бид нотариатын үйлчилгээ авахдаа нотариатчийн зөвшөөрөл хүчинтэй эсэхийг хэзээ ч асуудаггүй, жагсаалтад байгаа эсэхийг шалгаж үздэггүй байв. Энэ нь санаатай хийсэн үйлдэл биш бөгөөд ажилдаа хариуцлагагүй хандсан бичиг хэргийн ажилтанд сахилгын арга хэмжээ авсан болно. Манай компани 2018 оноос тендерт оролцож ирсэн бөгөөд цаашид ийм алдаа гаргахгүй ажиллахаа илэрхийлж байна.” гэсэн байна.
Мөн тус компанийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 154/3 тоот “Тайлбар хүргүүлэх тухай” бичигт “... Манай компани нь энэхүү ******* тендерт оролцохдоо нийт 3 (гурван) нотариатч баталгаажуулсан бичиг баримт хавсаргасан байдаг бөгөөд “Э” ТӨҮГ-аас тухайн тендерт татгалзсан хариуг аваад уг албан бичигт заасан сайтаар орж шалгаж үзэхэд жагсаалтад 2 нотариатч бүртгэлтэй, нэг нь бүртгэлгүй байсан. Худалдан авах хууль журам, тендерийн бичиг баримтад зөвхөн тодорхой жагсаалтад байгаа нотариатаар батлуулна гэсэн заалт байхгүй бөгөөд аливаа этгээд нотариатын үйлчилгээ авахдаа нотариатч ямар нэг жагсаалтад байгаа эсэхийг шалгаж үзэх заалт ч байхгүй юм. Тийм учраас манай компани энэхүү үүссэн нөхцөл байдалд санаатай зөрчил, алдаа дутагдал гаргаагүй гэж үзэж байна...” гэсэн байна.
Засгийн газрын 2024 оны 147 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрэм” (цаашид “дүрэм” гэх)-ийн 5.4-т “Улсын байцаагч хяналт шалгалт хийхийг шалгуулагчид утсаар, биечлэн, цахим хэлбэрээр, эсхүл шалгуулагчийн шуудангийн хаягаар мэдэгдэж болно. Худалдан авах ажиллагааны цахим системд бүртгэлтэй, эсхүл худалдан авах ажиллагаанд ирүүлсэн тендер, гэрээ болон бусад баримт бичигт заасан шуудангийн хаягаар мэдэгдэл хүргүүлснийг шалгуулагчид мэдэгдсэнд тооцно” гэж, 5.5-д “Хяналт шалгалтад хамрагдаж байгаа этгээд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56.5-д заасан нөхцөл үүсээгүй гэж үзвэл энэ тухай үндэслэл, тайлбарыг гаргаж, түүнтэй холбоотой нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу улсын байцаагч нь хяналт шалгалт хийхийг шалгуулагчид мэдэгдэж, оролцогч хүлээн авч тайлбар ирүүлсэн тул нэхэмжлэлд сонсох ажиллагааг хэлбэрийн төдий явуулсан, тайлбар, нотлох баримт гаргаж өгөx боломжоор хангаагүй гэж дурдсан нь үндэслэлгүй байна.
“Э” ТӨҮГ-аас 2024 онд зарласан ******* дугаартай “А нийлүүлэгчийг сонгох тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.1-д “... Бараа нийлүүлсэн гэрээ ба гэрээ дүгнэсэн акт (протокол эсхүл дүгнэлт эсхүл түүнтэй адилтгах баримт бичиг)-ын хуулбарыг нотариатаар гэрчлүүлж ирүүлнэ.”, ТШЗ 20.1-д “... Оролцогч нь үйлдвэрлэгчээс зөвшөөрөл авсан бол үйлдвэрлэгчийн зөвшөөрлийн хуулбарыг нотариатаар гэрчлүүлэн ирүүлнэ.” гэсэн шаардлага тавигдсан.
“Т” ХХК нь үйлдвэрлэгчийн зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлж ирүүлэх шаардлагад БНХАУ-ын “ Co.,Ltd”-ийн бичгийг ОХУ-ын С******* мужийн нотариатч В В******* И******* гэрчилсэн орчуулгыг тендертээ хавсаргасан нь тендерийн баримт бичгийн дээрх шаардлагыг хангахтай холбоотой баримт бичиг байсан.
“Э” ТӨҮГ-аас “Т” компанийн тендерт ирүүлсэн дээрх зөвшөөрлийн бичгийг гэрчилсэн нотариатч В В******* И*******ын талаар ОХУ-ын С******* мужийн Нотариатын холбооноос тодруулахад тус холбооны 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 1791 тоот албан бичгээр “С******* мужийн Нотариатын холбоонд 2024 оны 09 дүгээр сарын 09-нд хүргүүлсэн №2829 дугаар албан бичгийн хариуд дараах мэдээллийг илгээж байна: С******* мужийн Нотариатчидын танхимын гишүүдийн дунд И******* В В******* гэх хүн байхгүй. Үүнээс гадна баримт бичиг дээрх бүртгэлийн дугаар нь С******* мужийн Нотариатчидын дугаарт тохирохгүй байна.” гэсэн хариу ирүүлсэн байна.
Дүрмийн 5.6-д “Энэ дүрмийн 5.5-д заасан үүрэгтэй холбоотойгоор шалгуулагч этгээд тендерт ирүүлсэн баримт бичиг, мэдээллийн үнэн зөв байдал, гэрээний үүргийн гүйцэтгэл болон давуу эрх тооцуулсан нөхцөлийг гэрээний хэрэгжилтийн явцад бүрэн хангасан тухай баримт бичгийг нотлох баримтын шаардлага хангасан эх хувиар, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хувиар хяналт шалгалтын үргэлжлэх хугацаанд багтаан улсын байцаагчид хүргүүлнэ” гэж заасны дагуу оролцогч тендерт ирүүлсэн баримт бичгийн үнэн зөвийг нотлох баримтыг хяналт шалгалтын үргэлжлэх хугацаанд багтаан ирүүлэх боломжтой байсан боловч тус компани бичиг баримтын үнэн зөвийг нотлох тайлбар, баримт ирүүлээгүй, тендерт хуурамч баримт бичиг ирүүлсэн талаар үйл баримттай маргаагүй байна.
Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлд БНХАУ-ын “ Co., Ltd”-аас олгосон үйлдвэрлэгчийн зөвшөөрлийг ОХУ-ын С******* мужийн нотариатч В В******* И******* гэрчилсэн орчуулга нь үнэн зөв болох талаар тайлбар, нотлох баримт ирүүлээгүй байна. Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/248 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Цахим системээр худалдан авах ажиллагаа зохион байгуулах, түүний тасралтгүй, аюулгүй ажиллагааг хангах журам”-ын 4.5 дахь заалтад “Аж ахуй эрхлэгч холбогдох цахим системээс дамжуулан авч буй өөрийн тендерт холбоотой мэдээлэл, өөрийн ирүүлсэн тендер, түүнд хавсаргасан аливаа баримт бичгийн үнэн зөв эсэхийг нягтлах, алдаатай тохиолдолд тендер хүлээж авах эцсийн хугацаанаас өмнө залруулах үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлээгүйтэй холбоотой хариуцлагыг дангаар хүлээнэ.” гэж заасан ба “Т” ХХК-ийн эрх бүхий этгээдийн тоон гарын үсгээр баталгаажуулсан тендер нь “Т” ХХК-д эрх эдлүүлж, үүрэг хүлээлгэх тул ажилдаа хариуцлагагүй хандсан бичиг хэргийн ажилтанд сахилгын арга хэмжээ авсан гэх тайлбар нь худалдан авах ажиллагааны улсын байцаагчийг дүгнэлт гаргахаас татгалзах үндэслэл болохгүй.
Иймд хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1, 56.6.1 дэх заалтад тус тус заасныг үндэслэн “Т” ХХК тендерт хуурамч баримт бичиг ирүүлснийг тогтоож, тус компанийг тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх санал гаргах тухай Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2025 оны дүгнэлт нь үндэслэлтэй бөгөөд хууль ёсны юм.
Түүнчлэн хуулийн 56 дугаар зүйлийн 56.8 дахь хэсэгт “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн улсын байцаагчийн саналыг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор аж ахуй эрхлэгчийг тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад гурван жилийн хугацаагаар бүртгэх шийдвэрийг гаргана” гэж, 56.9 дэх хэсэгт “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтыг хөтөлж, олон нийтэд нээлттэй мэдээлнэ” гэж тус тус заасны дагуу худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн саналыг үндэслэн “Т” ХХК-ийг тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэсэн Сангийн сайдын 2025 оны тушаал нь үндэслэлтэй бөгөөд хууль ёсны юм.
Мөн дүрмийн 5.11-д “Улсын байцаагч хяналт шалгалтын талаарх дүгнэлтийг 2 хувь үйлдэн гарын үсэг зурж, тэмдгээр баталгаажуулж шалгуулсан этгээдэд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар хүргүүлэх арга хэмжээ авна” гэж, 5.12-т “Шалгуулсан этгээд дүгнэлт, шийдвэрийг хүлээн авахаас, эсхүл гарын үсэг зурахаас татгалзах нь хяналт шалгалтын талаарх дүгнэлтийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй” гэж тус тус заасны дагуу “Т” ХХК-д дээрх шийдвэрүүдийг шуудангийн хаягаар хүргүүлсэн тул нэхэмжлэлд шийдвэрийг эх хувиар хүлээн аваагүй, танилцаагүй гэж дурдсан нь үндэслэлгүй байна.
ІІ. Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт “Иргэн, хуулийн этгээд гомдлоо тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана” гэж, 93.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 93.1-д заасан байгууллага байхгүй бол тухайн актыг гаргасан байгууллагад гомдол гаргаж болно” гэж тус тус заасан.
Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.10 дахь хэсэгт “Холбогдох этгээд улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо ажлын 10 өдрийн дотор худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчид гаргаж болно” гэж заасны дагуу нэхэмжлэгч Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 04 дугаар дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзсэн гомдлоо ажлын 10 өдрийн дотор худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчид гаргаж шийдвэрлүүлээгүй байна. Нэхэмжлэгч Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3 дахь заалт, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
2.1. Тус тендерт нэхэмжлэгч “Т” ХХК-ийн ирүүлсэн материалтай холбоотойгоор “Э” ТӨҮГ-ын 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн ******* дугаар албан бичгээр “... Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1-д заасан нөхцөл илэрсэн тул хуулийн 48.2.10-д заасны дагуу холбогдох нотлох баримт мэдээллийг хүргүүлж байна...” гэх албан бичгийг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад хүргүүлж, холбогдох баримтуудыг хавсарган ирүүлсэн байна.
2.2. Тодруулбал, уг хүсэлтдээ “Э” ТӨҮГ-ын Москва дахь худалдааны төлөөлөгчийн газрын 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 56/89 дүгээр албан бичгээр ирүүлсэн “...С******* мужийн Нотариатчдын танхимын гишүүд дунд нотариатч И******* В В******* гэх хүн байхгүй...” гэх хариу, С******* мужийн нотариатын холбооны 2024 оны 09 дүгээр сарын 11-ний 1791 дугаар албан бичгээр “Э” ТӨҮГ-т ирүүлсэн “...С******* мужийн Нотариатчидын танхимын гишүүдийн дунд И******* В В******* гэх хүн байхгүй...” гэх хариу бүхий албан бичгүүдийг хавсаргасан байна.
2.3. Улмаар Сангийн яамнаас гарсан удирдамжийн дагуу хариуцагч Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б******* нь “Э” ТӨҮГ болон нэхэмжлэгчээс ирүүлсэн тайлбар болон баримтыг үндэслэн “...Тендер шалгаруулалтын баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.1-д “... Бараа нийлүүлсэн гэрээ ба гэрээ дүгнэсэн акт (протокол эсхүл дүгнэлт эсхүл түүнтэй адилтгах баримт бичиг)-ын хуулбарыг нотариатаар гэрчлүүлж ирүүлнэ.”, ТШЗ 20.1-д “… Оролцогч нь үйлдвэрлэгчээс зөвшөөрөл авсан бол үйлдвэрлэгчийн зөвшөөрлийн хуулбарыг нотариатаар гэрчлүүлэн ирүүлнэ.” гэсэн шаардлага тавигджээ. Үйлдвэрлэгчийн зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлж ирүүлэх шаардлагад “Т” компани нь БНХАУ-ын “ Co.,Ltd”-ийн бичгийг ОХУ-ын С******* мужийн нотариатч В В******* И******* гэрчилсэн орчуулгыг тендертээ хавсаргасан нь тендерийн баримт бичгийн дээрх шаардлагыг хангахтай холбоотой баримт бичиг байна. … “Т” компанитай холбоотойгоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1 дэх заалтад заасан нөхцөл үүссэн болохыг тогтоож байна. …” гэж дүгнэж маргаан бүхий 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн дүгнэлтийг гаргасан байна.
2.4. Уг ирүүлсэн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн дүгнэлтийг үндэслэн Сангийн сайдын 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн дүгнэлт гарч улмаар нэхэмжлэгч “Т” ХХК-ийг тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэсэн байна.
3. Энэхүү шийдвэрүүдийг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс “... Үүний дагуу бид дурдсан веб сайтаас өөрийн гэрчлэлт хийлгэсэн материалыг орж шалгахад жагсаалтад 2 нотариатч бүртгэлтэй, нэг нь бүртгэлгүй байсныг олж мэдсэн. Дээр дурдсан нотариатаар гэрчлүүлсэн зүйл нь БНХАУ-ын үйлдвэрлэгчийн олгосон Хятад, Англи хэл дээрх үйлдвэрлэгчийн зөвшөөрлийн хуулбар байсан. Уг зөвшөөрлийн бичиг нь БНХАУ-ын Олон улсын Худалдааг дэмжих зөвлөлөөс олгодог, тухайн зөвшөөрлийг жинхэнэ болохыг шалгах веб сайт, QR код бүхий баримт байхад эдгээрийг шалгаж үзэхгүйгээр илт хуурамч баримт бичиг гэж үзэж буй нь үндэслэлгүй. ... уг шийдвэр гаргах ажиллагаанд оролцох, өөрсдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн асуудлаар тайлбар, нотлох баримт гаргах боломжоор бүрэн хангаагүй ...” гэж,
3.1. Харин хариуцагчаас “...“Т” ХХК нь үйлдвэрлэгчийн зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлж ирүүлэх шаардлагад БНХАУ-ын “ Co.,Ltd”-ийн бичгийг ОХУ-ын С******* мужийн нотариатч В В******* И******* гэрчилсэн орчуулгыг тендертээ хавсаргасан нь тендерийн баримт бичгийн дээрх шаардлагыг хангахтай холбоотой баримт бичиг байсан. ... нэхэмжлэгч нэхэмжлэлдээ БНХАУ-ын “ Co., Ltd”-аас олгосон үйлдвэрлэгчийн зөвшөөрлийг ОХУ-ын С******* мужийн нотариатч В В******* И******* гэрчилсэн орчуулга нь үнэн зөв болох талаар тайлбар, нотлох баримт ирүүлээгүй байна...” гэж тайлбарлаж байна.
Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдах, худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “Улсын байцаагч оролцогчтой холбоотой дараах нөхцөлийн талаар дүгнэлт гаргана:” 56.5.1-т “худалдан авах ажиллагаанд оролцоход оролцогчийн ерөнхий болон чадавхын шаардлага, туршлагыг хангах талаар хуурамч баримт бичиг, эсхүл бусад этгээдийн баримт бичгийг өөрчилж тендер ирүүлсэн;” 56.6-д “Улсын байцаагч Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9-д заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” 56.6.2-т “энэ хууль зөрчсөн зөрчлийг арилгах, хариуцлага хүлээлгэх талаар дүгнэлт гаргаж, эрх бүхий байгууллагад хүргүүлэх;” 56.8-д “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн улсын байцаагчийн саналыг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор аж ахуй эрхлэгчийг тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад гурван жилийн хугацаагаар бүртгэх шийдвэрийг гаргана.” гэж тус тус заажээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 56.5.1-д тус тус заасныг баримтлан “Т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Монгол Улсын Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн гаргасан 2025 оны дүгнэлт, Монголын Улсын Сангийн сайдын 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн “Тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх тухай” тушаалын “Т” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.МӨНХДЭЛГЭР