МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Нарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан сумын 3 дугаар багийн ******* 4 дүгээр гудамжны ******* тоотод оршин суух *******ын *******,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан гаргасан,
Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 494 дүгээр албан бичгээр тэтгэврийн нэмэгдлийг Засгийн газраас баталсан итгэлцүүрээр зөвтгөж өөрчлөхөөс татгалзсаныг хууль бус болохыг тогтоолгож, тэтгэврийн хэмжээг зөвтгөн нэмэгдүүлэхийг хариуцагчид даалгах, мөн тэтгэврийн зөрүү 2221232 төгрөгийн хохирлыг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: *******,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц. Мандахбаяр
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* нь Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа “Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 494 дүгээр албан бичгээр тэтгэврийн нэмэгдлийг Засгийн газраас баталсан итгэлцүүрээр зөвтгөж өөрчлөхөөс татгалзсаныг хууль бус болохыг тогтоолгож, тэтгэврийн хэмжээг зөвтгөн нэмэгдүүлэхийг хариуцагчид даалгах, мөн тэтгэврийн зөрүү 2221232 төгрөгийн хохирлыг гаргуулах” гэжээ.
2. Нэхэмжлэгч *******ийн өндөр насны тэтгэврийн хэмжээг өөрчлүүлэхтэй холбоотой гаргасан хүсэлтэд Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газраас 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 494 дүгээр албан бичгээр “...1 257 619 төгрөгөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон нь үндэслэлтэй” гэсэн хариуг хүргүүлсэн байна.
3. Монгол Улсын Дээд шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 08-ний өдрийн 04/3953 дугаар албан бичигт “...хуульд заасан журмын дагуу маргаанаа эхэлж шүүхээр шийдвэрлүүлнэ үү” гэсэн хариуг иргэн Г.*******эд илгээснээр уг нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
4. Нэхэмжлэгч *******ээс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 6, 30 дугаар зүйлд заасны дагуу 1995 оноос хойш тэтгэвэр тогтоолгосон иргэний тэтгэврийг бодох, дүйцүүлэн тооцох асуудлаар Засгийн газраас холбогдох онуудад итгэлцүүр тогтоон журамлаж байсан.
Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 15 дугаар тогтоолоор батлагдсан итгэлцүүр хүчингүй болсон бөгөөд одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа мөн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 238 дугаар тогтоолоор баталсан илтгэлцүүрээр 1990 он ба түүнээс өмнөх оны итгэлцүүрийг 2060, 1991 оны итгэлцүүрийг 1031.18-аар нэмэгдүүлэн бодож тооцоход 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дутуу олгосон тэтгэврийн зөрүү 700 000 төгрөгөөр тэтгэвэр нэмэгдэхээр байна. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 238 дугаар тогтоолын 1-д Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуульд заасны дагуу тэтгэвэр бодоход баримтлах цалингийн итгэлцүүрийг хавсралтаар баталсугай гэж тус хавсралтаар тэтгэвэр авагчдыг 1990 он ба түүнээс өмнө тэтгэвэр тогтоолгосон гэж ангилан итгэлцүүрийг тогтоосон байна.
Гэтэл Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/18 дугаар тушаалаар батлагдсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хэмжээг шинэчлэн тогтооход баримтлах аргачлалд тэтгэвэр авагчдыг 2014 агуулгаар ангилан ялгамжтай байдлаар нэмэгдүүлэхээр заасан нь Монгол улсын Засгийн оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө ба хойно тэтгэвэр тогтоолгосон иргэд гэх газрын 2014 оны 15 дугаар тогтоол болон 2023 оны 238 дугаар тогтоолтой нийцээгүй байна.
******* би 1994 оны 07 дугаар сарын 15-ны өдөр мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдаж, тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгон авч байгаад 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгосон байдаг.
Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны Өдрийн 494 дүгээр албан бичигт "******* таны тус газарт хандаж гаргасан өргөдлийн дагуу 344298 дугаар бүхий өндөр насны тэтгэврийн хувийн хэрэгт байгаа баримт бичгийг хянан үзэхэд та 33 жил 10 сар 17 өдөр нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан байна. Та мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдаж Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1-т заасны дагуу 1994 оны 07 дугаар сарын 14 өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 01 өдрийг хүртэл тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгон авсан байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2004 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас тахир дутуу болсон даатгуулагчийн ажил хөдөлмөр эрхлээгүй хугацааны шимтгэлийг үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэврийн даатгалын санд төлөхөөр зохицуулсныг 2004 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж байна.
Иймд 2004 оны 06 сарын 01 өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 01 хүртэлх хугацааны 11 жил 3 сарын нийгмийн даатгалын шимтгэлийг ажилласан жилд тооцохоор нийт 45 жил 2 сар 2 өдөр нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласнаар тооцуулж, 1986-1991 оны 6 жилийн дундаж цалин хөлсөө сонгон Засгийн газрын 2023 оны 238 дугаар тогтоолын 3 дэх хэсэгт "Даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж тогтоох сарын хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд 1 404 000 мянган төгрөгөөр, мөн өдрөөс хойших хугацаанд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос баталсан тухайн үеийн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар тус тус тооцсугай" гэж заасан тул таны тэтгэвэр тогтоолгосон 1986-1991 оны 6 жилийн цалинг итгэлцүүрээр өсгөн тооцоход, 1986-1987, 1988 оны 1-3, 5-12,1989 оны 1-4, 6-11 дүгээр сар, 1990-1991 онуудад 1 404 000 төгрөгөөр тус тус хязгаарлагдсанаар тэтгэвэр бодох дундаж цалин 1 381 620 төгрөг болж өөрчлөгдсөн байна гэсэн үндэслэлгүй хариу ирүүлсэн юм. Иймд Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 494 дүгээр албан бичгээр тэтгэврийн нэмэгдлийг Засгийн газраас баталсан итгэлцүүрээр зөвтгөж өөрчлөхөөс татгалзсаныг хууль бус болохыг тогтоолгож, тэтгэврийн хэмжээг зөвтгөн өөрчлөн нэмэгдүүлэхийг даалгах, тэтгэврийн зөрүү 2 221 232 төгрөгийн хохирлыг гаргуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэж өгнө үү.
Миний том охин элэгний хорт хавдар тусаж, зөвхөн уураг хэрэглэдэг болсон. Тухайн уураг нь маш үнэтэй байсан. Охиныхоо уургийн мөнгийг олохын тулд группээ цуцлуулсан. Би тэтгэврээ нэмүүлэх гэж хандаагүй, дутуу мөнгөө л авах хүсэлтэй байгаа юм. Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн албан бичгээр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон 6 жилийн дундаж цалин хөлсөө өөрт ашигтай 5 жилийн цалин хөлсний дунджаас өөрчлөн тогтоолгох хүсэлтээ Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газарт гаргаж болно гэсэн учраас би уг хүсэлтээ Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын даргын нарийн бичигт өгсөн. Дараа нь очиход миний хүсэлтийг н.Тэрбиш байцаагчид хуваарилсан байсан тул би очиж уулзахад миний тэтгэврийг өөр нэг байцаагчтай хамт бодоод 1.400.000 төгрөгөөрөө бодох юм байна гэсэн. Би хариуд энэ асуудлаар Дээд шүүхэд хандана гээд хандсан. Монгол Улсын Дээд шүүхээс надад уг асуудлаар Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн шүүхэд ханд гэсэн хариу өгч би шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрвээ Засгийн газрын итгэлцүүрээр бодвол 82,5 хувиар бодоход 2,450,000 мянган төгрөг гарна гэв.
Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн *******ын ******* нь 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс тогтоогдсон 344298 дугаар бүхий өндөр насны тэтгэврийн хувийн хэрэгт байгаа баримт бичгийг хянан үзэхэд 33 жил 10 сар 17 өдөр нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан байна. ******* нь мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдаж Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу 1994 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгон авсан байна. "Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж төлбөрийн тухай хууль"-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2004 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас тахир дутуу болсон даатгуулагчийн ажил хөдөлмөр эрхлээгүй хугацааны шимтгэлийг үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэврийн даатгалын санд төлөхөөр зохицуулсныг 2004 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж байна. Иймд 2004 оны 06 сарын 01-ний өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны 11 жил 3 сарын нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг ажилласан жилд тооцохоор нийт 45 жил 2 сар 2 өдөр нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласнаар тооцуулж, 1986-1991 оны 6 жилийн дундаж цалин хөлсөө сонгон, сарын 813,707 төгрөгийн дундаж цалингаас өндөр насны тэтгэврийг сард 673,342 төгрөгөөр тогтоолгон 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгож авсан байна.
Засгийн газрын 2023 оны 238 дугаар тогтоолын 3 дах хэсэгт Даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж тогтоох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд 1,404,000 төгрөгөөр, мөн өдрөөс хойших хугацаанд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос баталсан тухайн үеийн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар тус тус тооцсугай" гэж заасан тул таны тэтгэвэр тогтоолгосон 1986-1991 оны 6 жилийн цалинг итгэлцүүрээр өсгөн тооцоход 1986-1987, 1988 оны 1-3, 5-12 дугаар сар, 1989 оны 1-4, 6-11 дүгээр сар, 1990-1991 онуудад 1.404.000 төгрөгөөр тус тус хязгаарлагдсанаар тэтгэвэр бодох дундаж цалин 1.381.620 төгрөг болж өөрчлөгдсөн байна. Нийт ажилласан жил 45 жил 2 сар 2 өдөр, Дундаж цалин -1,381,620 төгрөг. Үүнийг нэгтгэн бодвол: 20 жил- 1,381,620, дундаж цалин 45%=621,729 төгрөг 20-иос илүү ажилласан 25 жил х 1.5%=37.5%, 1,381,620 дундаж цалин 37.5 хувь 518,107 төгрөг, 2 сар 0.125-0.25 хувь, 1.381,620 төгрөгийн дундаж цалин 0.25%=3,454 төгрөг гээд сард олгох тэтгэвэр 621,729+518,107+3,454-1,143,290 төгрөг байна.
Засгийн газрын Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай 239 дүгээр тогтоолд заасны дагуу өөрчлөгдсөн тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлсэн. 1,143,290х10 хувь гэж тооцоход 114,329 төгрөгийн нэмэгдэл сард олгох тэтгэвэр 1,143,290+114,329-1,257,619 төгрөгөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон нь үндэслэлтэй байна.
Засгийн газрын 2024 оны 120 дугаар тогтоолоор 2024 оны 04 дүгээр сараас 100,000 төгрөгөөр нэмэгдэж 1,357,619 төгрөг, Засгийн газрын 2025 оны 221 дүгээр тогтоолоор 2025 оны 01 дүгээр сараас 6 хувиар нэмэгдэж 1,439,076 төгрөг, Засгийн газрын 2026 оны ээлжит хуралдаанаар 2026 оны 01 дүгээр сараас 80,000 төгрөгөөр нэмэгдэж 1,519,076 төгрөгийн тэтгэвэр авч байна. Иймээс тус газар нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль болон холбогдох тогтоол, дүрэм, журмын дагуу тэтгэврийг үнэн зөв тогтоосон тул иргэн *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх хуулийн үндэслэл байхгүй байна.
Нийгмийн даатгалын Ерөнхий газраас өгсөн хариуд дурдсанчлан дараалсан 5 жилийг нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу бодоход тэтгэвэр нь буурч байсан учраас өмнөх байдлаар нь олгосон. Төрийн байгууллага учраас хуулийн дагуу тэтгэврийг үнэн зөвөөр бодсон гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх хэргийн оролцогч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан үзэж, үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч *******ээс тус шүүхэд Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 494 дүгээр албан бичгээр тэтгэврийн нэмэгдлийг Засгийн газраас баталсан итгэлцүүрээр зөвтгөж өөрчлөхөөс татгалзсаныг хууль бус болохыг тогтоолгож, тэтгэврийн хэмжээг зөвтгөн нэмэгдүүлэхийг хариуцагчид даалгах, мөн тэтгэврийн зөрүү 2221232 төгрөгийн хохирлыг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн “тэтгэврийн хэмжээг Засгийн газраас баталсан итгэлцүүрээр зөвтгөж өөрчлөхөөс татгалзсаныг хууль бус болохыг тогтоолгож, Засгийн газрын 238 дугаар тогтоолын 3 дугаарт заасан, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны хурлын 2011 оны 01 дүгээр тогтоолоор баталсан тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар тооцож тэтгэврийн хэмжээг 1.587.840 төгрөгөөр тогтоохыг даалгах “ гэж тодорхойлсон болно.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөнтэй холбоотойгоор тайлбарлахад шүүхэд өмнө нь гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас өөрөөр бодож олгох хууль зүйн зохицуулалтгүй, өмнөх шаардлагад өгсөн тайлбартай ижил, өөрөөр тайлбар гаргах боломжгүй учир шүүх хуралдаан дээр тайлбараа гаргаж байгаагаа илэрхийлсэн ба сард олгох тэтгэврийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль болон холбогдох тогтоол, дүрэм журмын дагуу тэтгэврийг үнэн зөв тогтоосон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
4.Нэхэмжлэгч С.******* нь Дархан-Уул аймгийн “Дарханы Дулааны цахилгаан станц”-д ажиллаж байгаад 1994 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгосон, 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох тухай хүсэлтийг нийгмийн даатгалын байгууллагад гаргаж, 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс өндөр насны тэтгэврийг авч эхэлсэн байх бөгөөд *******ийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр тэтгэврийн хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлтэд 2021 оны 389 дүгээр албан бичгээр “...1986-1991 оны 6 жилийн дундаж цалингаар тэтгэврээ тооцуулж авах боломжтой” гэсэн хариуг, 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр цалингийн шинэчилсэн итгэлцүүрээр 1986-1991 онд авч байсан цалингаар тэтгэврийг тооцуулах тухай, 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 1987-1991 оны цалингаар тооцож тэтгэврийг олгох тухай хүсэлтүүдийг гаргасныг хүлээн авч тэтгэврийн тооцооллыг дахин бодож, тэтгэврийн хэмжээг буурч байна гэж тэмдэглэгдсэн, мөн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр тэтгэврийг өөрчилж олгох тухай болон 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр мөн тэтгэврийг өөрчлүүлэх тухай хүсэлтүүдийг тус тус Дархан-Уул аймгийн нийгмийн даатгалын газарт гаргаснаар аймгийн Нийгмийн даатгалын газраас 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 494 дүгээр албан бичгээр “...сард олгох тэтгэвэр 1,257,619 төгрөгөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон нь үндэслэлтэй” гэсэн хариуг хүргүүлж байжээ.
4.1. С.*******ийн өндөр насны тэтгэврийн хувийн хэргийн материалд авагдсан анх тогтоосон тэтгэвэр тогтоолтын хуудаст тэтгэврийг доод хэмжээ 310,000 төгрөгөөр тогтоож, сард олгох бүрэн тэтгэврийг 673,342 төгрөгөөр тогтоож, улмаар 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр тэтгэврийн доод хэмжээг 350,000 төгрөгөөр тогтоож, тэтгэврийн хэмжээг 737404 төгрөгөөр тус тус тогтоосон байна.
4.2. Хариуцагчаас “*******ийн өндөр насны тэтгэвэрийг тогтоохдоо нийт 45 жил 2 сар, 2 өдөр нийгмийн даатгалын шимтгэл төлж, ажилласнаар тооцож, 1986-1991 оны 6 жилийн дундаж цалин хөлсийг өөрөө сонгосноор, сарын 813,707 төгрөгийн дундаж цалингаас өндөр насны тэтгэврийг сард 673,342 төгрөгөөр тогтоосон, Засгийн газрын тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай 238, 239 дүгээр тогтоолоор өөрчлөгдсөн тэтгэврийг нэмээд 1,257,619 төгрөгөөр өндөр насны тэтгэврийг тогтоосон нь үндэслэлтэй” гэж тайлбарлаж байна.
5. Хууль эрх зүйн зохицуулалтын хувьд:
5.1. Тухайн үед буюу 2019 онд хүчин төгөлдөр үйлчилж байсан “Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж төлбөрийн тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2004 оны 05 дугаар сарын 13-ний өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас тахир дутуу болсон даатгуулагчийн ажил хөдөлмөр эрхлээгүй хугацааны шимтгэлийг үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэврийн даатгалын санд төлөхөөр зохицуулсныг 2004 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдсөн байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн /1994 он/ 5 дугаар зүйлийн 1-д “Өндөр насны тэтгэврийг даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 45 хувиар тогтооно”, 2-т “Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 жилээс илүү төлсөн жил тутамд 1.5 хувиар, сар тутамд 0.125 хувиар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хөдөлмөрийн хөлснөөс тооцож нэмэгдэл олгоно”, З-д “Тахир дутуугийн тэтгэвэр авч байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон даатгуулагчийн тэтгэврийг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан жил тутамд нь 1 хувиар бодож нэмэгдүүлнэ” гэж , мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Тэтгэвэр тогтоолгох сарын дундаж цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг тодорхойлохдоо даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх дараалсан 5 жилд шимтгэл төлсөн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын нийлбэрийг 60-д хувааж бодно”, 29 дүгээр зүйлийн 29.3-д “Энэ хуулийг дагаж мөрдөхөөс өмнө дараалсан зургаа, долоон жилийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос тэтгэвэр бодуулсан тэтгэвэр авагчийн тэтгэврийг түүний хүсэлтэд үндэслэн энэ хуулийн 20.1-д заасны дагуу нэг удаа өөрчлөн бодно” гэж, 22 дугаар зүйлийн 22.1-д “Тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 7 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос дор дурдсан журмаар бодож тодорхойлно”,
1/ даатгуулагч сар бүр шимтгэл төлж байсан бол долоон жилийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын нийлбэрийг мөн хугацаанд шимтгэл төлсөн нийт сарын тоонд хуваана;
2/ даатгуулагч сар бүр шимтгэл төлөх боломжгүй байсан бол долоон жилийн туршид авсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын нийлбэрийг 84-д хуваана гэж тус тус заасан.
Гэвч Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн “Зөвлөмж хүргүүлэх тухай” 1/*******4 дугаартай албан бичгийн хүрээнд нийгмийн даатгалын байгууллагаас 2019 онд дараалсан 6 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дундаж цалингаас /72 сар/ бодож өндөр насны тэтгэвэр тогтоож байсан байна.
5.2.Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн /1994 он/ 32 дугаар зүйлийн 1-д “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг дүйцүүлэн тооцох итгэлцүүрийг хэрэглээний үнийн өөрчлөлт, цалин хөлсний өсөлттэй уялдуулан Үндэсний статистикийн хороо, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар жил бүр шинэчлэн тогтооно” гэж заасан.
5.3. *******ийн хувьд анх өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтдээ 1985 оноос 1991 оны хугацаан дахь 6 жилийн цалингийн тодорхойлолтоор тэтгэврээ тогтоолгохоор өөрөө сонгон тодорхойлон нийгмийн даатгалын байгууллагад хандсан байх бөгөөд сард олгох бүрэн тэтгэврийг 673,342 төгрөгөөр тогтоосон байна. Энэ үйл баримттай талууд маргаагүй.
5.4. Хариуцагчаас *******ийн тэтгэвэр тогтоолгосон 1986-1991 оны 6 жилийн цалинг итгэлцүүрээр өсгөн тооцоход, нийт 45 жил 2 сар 2 өдөр ажилласан, 1986-1987, 1988 оны 1-3, 5-12 дугаар сар, 1989 оны 1-4, 6-11 дүгээр сар, 1990-1991 онуудад 1,404,000 төгрөгөөр тус тус хязгаарлагдсанаар тэтгэвэр бодох дундаж цалин 1,381,620 төгрөг болж өөрчлөгдсөн байна. /Бодолт: 20 жил-1,381,620 ДЦ х 45%=621.729 төгрөг 20-оос илүү ажилласан 25 жил х 1.5%= 37.5% 1,381,620 ДЦ х 37.5%=518.107 төгрөг 2 сар х 0.125%=0.25% 1381.620 ДЦ х 0.25%=3.454 төгрөг. Сард олгох тэтгэвэр 621,729+518.107+3.454=1,143,290 төгрөг, Засгийн газрын Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай 239 дүгээр тогтоолд заасны дагуу өөрчлөгдсөн тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлэхэд 1,143,290 х10%= 114,329 төгрөг, сард олгох тэтгэвэр 1,143,290+114,329= 1,257,619 төгрөгөөр тэтгэврийн хэмжээг тооцож бодсон нь үндэслэлтэй байна.
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 238 дугаар тогтоолоор итгэлцүүр шинэчлэн тогтоох, тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын 3-д "Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг тогтоох тухай" Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 251 дүгээр тогтоолын 3 дахь заалтыг "Даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж тогтоох, цэргийн алба хаагчийн тэтгэвэр тогтоох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 2013 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд 1,404,000.0 (нэг сая дөрвөн зуун дөрвөн мянга) төгрөгөөр, мөн өдрөөс хойших хугацаанд Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооноос баталсан тухайн үеийн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар тус тус тооцсугай гэж өөрчлөн найруулсугай” гэжээ.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл, өндөр насны тэтгэвэр тогтоохдоо даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгасан орлогод Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 22 дугаар зүйлд зааснаар итгэлцүүр тогтоож, энэхүү итгэлцүүр хэрэглэхтэй холбогдсон харилцаа журмыг хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар заасан байна.
5.5. Нэгэнт уг хуулийн зохицуулалтад зааснаар Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 238 дугаар тогтоолыг баталж, тогтоолын 3 дахь заалтаар “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 251 дүгээр тогтоолын 3 дахь заалтыг “Даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж тогтоох, цэргийн албан хаагчийн тэтгэвэр тогтоох сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд 1.404.000 төгрөгөөр, мөн өдрөөс хойших хугацаанд Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооноос баталсан тухайн үеийн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар тус тус тооцсугай” гэж өөрчлөн найруулсан байгаа энэ тохиолдолд энэхүү тогтоолыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа хариуцагч Дархан-Уул аймгийн нийгмийн даатгалын газрыг буруутгах хууль зүйн үндэслэлгүй.
Өөрөөр хэлбэл, Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 238 дугаар тогтоолд зааснаар нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэврийн орлогын дээд хэмжээг 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд 1.404.000 төгрөгөөр тогтоосон байх тул нэхэмжлэгчийн тэтгэврийг 1,587,840 төгрөгөөр тогтоох” шаардлага бүхий нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй юм.
Иймд нэхэмжлэгчийн гомдол гаргасантай холбогдуулан Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 494 дүгээр албан бичгээр хариуг хүргүүлсэн байх тул аймгийн Нийгмийн даатгалын газрын хувьд нэхэмжлэгч *******ийн өндөр насны тэтгэврийн хэмжээг шинэчлэн тогтоохоос татгалзсан хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэхээргүй байна.
5.6.Нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд дээр нэхэмжлэлийн шаардлагаа “тэтгэврийн нэмэгдлийг Засгийн газрын 238 дугаар тогтоолын 3 дугаарт заасан, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооноос баталсан тухайн үеийн сарын хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар тооцож, 192,000х10=1,920,000 ба 1,920,000 х 85.75%=1,587,840 төгрөг болгон өөрчилж нэмэгдүүлэхийг даалгах” гэж өөрчилсөн бөгөөд энэ шаардлагын хүрээнд тэтгэврийн нэмэгдлийг өөрчилж, сарын тэтгэврийн 1,587,840 төгрөгөөр тооцож олгох үндэслэл тогтоогдсонгүй.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн /2023 он/ 29 дүгээр зүйлийн 29.3-д “Энэ хуулийг дагаж мөрдөхөөс өмнө дараалсан зургаа, долоон жилийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос тэтгэвэр бодуулсан тэтгэвэр авагчийн тэтгэврийг түүний хүсэлтэд үндэслэн энэ хуулийн 20.1-д заасны дагуу нэг удаа өөрчлөн бодно” гэж заасан энэхүү зохицуулалтын хүрээнд нэхэмжлэгч ******* нь нийгмийн даатгалын газарт 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 1987-1991 оны цалингаар тэтгэврээ тооцуулах тухай хүсэлтээ гаргаснаар тус нийгмийн даатгалын тасгийн дарга, тэтгэврийн улсын байцаагч нар нь нэхэмжлэгчийг байлцуулан тэтгэврийн хэмжээг тооцож, тэтгэврийн хэмжээ нь буурахаар байсан тул өөрчлөөгүй гэсэн тайлбарыг хэргийн оролцогчид шүүх хуралдаан дээр тайлбарласан болно.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
5.7. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь
1.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн /1994 он/ 5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, 22 дугаар зүйлийн 22.1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн /2023 он/ 20 дугаар зүйлийн 20.1, 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан гаргасан “тэтгэврийн нэмэгдлийг Засгийн газраас баталсан итгэлцүүрээр зөвтгөж өөрчлөхөөс татгалзсаныг хууль бус болохыг тогтоолгож, Засгийн газрын 238 дугаар тогтоолын 3 дугаар, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны хурлын 2011 оны 01 дүгээр тогтоолоор баталсан тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар тооцож тэтгэврийн хэмжээг 1.587.840 төгрөгөөр тогтоохыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч нар 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НАРАНТУЯА