| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гэрэлхүүгийн Жаргалтуяа |
| Хэргийн индекс | 138/2024/01070/И |
| Дугаар | 138/ШШ2024/00906 |
| Огноо | 2024-11-19 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 138/ШШ2024/00906
Зохигч эвлэрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Жаргалтуяа би,
Нэхэмжлэгч: Дорнод аймаг, Хэрлэн сумын 1 дүгээр баг, 1 дүгээр байрны 01 тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймаг, Хэрлэн сумын 7 дугаар баг, 76г байрны 17 тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* холбогдох,
3,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* миний бие охин *******ийнхээ гэр бүлийг түрээсийн байраар хэцүүхэн амьдарч байхад нь дэмжиж тусалж өөрийн орон сууцаа байрны зээлийн урьдчилгаанд барьцаалуулж 3 өрөө орон сууц авахад дэмжлэг болсон. |2016 онд барьцаалуулсан| Тухайн үед ******* нь нөхрийн хамт надаас байрны гэрчилгээг маань хэрэглэхээр гуйсан. Тэд миний үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг 2 жилийн дараа барьцаанаас суллаж өгнө гэсэн. Түүнээс хойш 8 жил болсон. Миний бие осолд өртөн хөлөө хугалж гэмтээсэн. Тэгээд би хөл муутай, дээрээс нь баруун бөрөө авахуулсан, элэгний хавдартай гэж оношлогдоод бие муутай болсон. Манай гэр буюу Наранчимэгийн барьцаанд тавиулсан гэр маань 7-р байрны 35 тоотын 2 өрөө орон сууц 4 давхарт байдаг. Тэгээд хөгжлийн бэрхшээлтэй, 78 настай болохоор өөрийн хүссэнээр гэрээс гарах, орох гэдэг маань надад маш хүнд болсон. Орон байраа өөрчилж 1 давхарт орохын хүслэн болоод нилээд хэдэн жил болсон. Гэвч байрны маань гэрчилгээг суллаж өгөөгүй болохоор байраа зарж чадахгуй байсан. Би ХХБ-ны удирдлагад өргөдөл гарган 2 жил хөөцөлдөж байж өөрийн байрныхаа гэрчилгээг чөлөөлүүлэхийн тулд Наранчимэгийн өмнөөс түүний өр төлбөрт 3,700,000 төгрөгийг банкны зээлэнд төлсөн. Би сардаа 950000 төгрөгийн тэтгэвэр авдаг. Энэ мөнгөөр өөрийнхөө хоол хүнс, эм тариа, орон байр, цахилгаан дулаан, ус гэх мэтчилэн бүхий л зардлаа төлж амьдардаг. Миний хүүхдүүд надад нэмэр болдоггүй. Хэн нэгэн хүнд дараа болж амьдрахгүй юмсан гээд хэдий бие муутай ч гэсэн өөрийнхөө мөнгийг илүүчлэн цуглуулахаар илүү гардаггүй. …Иймд *******ээс түүний зээлийн мөнгөнд төлсөн 3,700,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Хариуцагч ******* /утас: / шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Нэргүн нэхэмжлэлтэй танилцлаа. Уг орон сууц нь 3 хүний өмч байсан. Аав Ганжуурдалай маань 2005 онд нас барсан. Уг байрны хамтран өмчлөгч нь миний бие байгаа. Өргөдөлд дурдсан янз бүрийн асуудал болоогүй. Харин өөрөө л буруу ойлголттой намайг элдвээр хэлж, загнаж байдаг. Би насстай хүн, өсгөсөн ээж маань гээд маргахгүйг хичээж, юу ч дугардаггүй, дугарахгүй болохоор янз бүр болдог учир аль болох зай бариад уурлуулж, цухалдуулахгүй байхыг л боддог. Би барьцаанд тавьсан нь үнэн, зээлээ хуваарийн дагуу сар, сардаа төлөөд л явдаг. Уг байрыг 30 хувийн барьцаанд тавьсан. Өөрөө хөөцөлдөөд 3,532,000 төгрөгийг төлөөд надад мэдэгдэлгүй банкнаас гэрчилгээ авсан. Иймд 3,532,000 төгрөгийг хуваарийн дагуу төлөх боломжтой. Би өөрөө зээл төлдөг, оюутан хүүхэдтэй. Ийм байдлыг маань ээж мэдэж байгаа. Намайг өөрт нь хэрхэн тусалж сайн хандаж явсаныг ах, эгч, дүү, хамаатнууд сайн мэднэ гэжээ.
Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Д.Нэргүй миний бие 3,700,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа 168,000 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 3,532,000 төгрөгийг хариуцагч *******ээс гаргуулахаар эвлэрлээ гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь тус шүүхэд хариуцагч *******т холбогдуулан “3,700,000 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. (хх 1 тал)
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,700,000 төгрөгөөс 168,000 төгрөгийг гаргуулахаас татгалзан, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 3,532,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч ******* нь бүрэн төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцон эвлэрч, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулжээ.
Дээрх эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд нийцсэн байх тул зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74,150 төгрөгөөс 37,075 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 37,075 төгрөгийг, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 35,731 төгрөг /3,532,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь/-ийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******д 3,532,000 /гурван сая таван зуун гучин хоёр мянга/ төгрөгийг төлөхөөр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74,150 төгрөгөөс 37,075 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 37,075 /гучин долоон мянга далан тав/ төгрөгийг, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 35,731 /гучин таван мянга долоон зуун гучин нэг/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдгдсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА