| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2018/0054/Э |
| Дугаар | 53 |
| Огноо | 2018-05-28 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Тулгаа |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 53
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,
Нарийн бичгийн дарга Б.А,
Улсын яллагч Э.Т,
Шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Э.Э-т холбогдох эрүүгийн 1820000750054 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт оршин суух, Б овогт Э.Э,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Э нь 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Замын-Үүд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Я төвийн гадаа иргэн Г.Б, Э.Б нартай таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож Г.Б, Э.Б нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэд авагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Э.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би ийм үйлдэл гаргасан нь үнэн учраас хүлээн зөвшөөрч байгаа ... 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 19 цагаас манай төрсөн эгч Э.С-н дархан бэр болсны цайллага Грийн Корнерт болсон. Түүнд гэр бүл, хамаатан садангаараа оролцоод 00 цагийн үед тарсан. Тэгээд ойрд уулзаагүй хамаатнуудтайгаа хажууд байх “Я” төвийн караокед орж дуулж хуурдан бага зэргийн архи уусан. Миний хувьд согтолт гайгүй байсан. Караокед байх үед Э.Б-тэй таарсан ба намайг бацаан гэхээр нь хальт маргаад өнгөрсөн. Муудалцаж янз янз болоогүй. Ингээд 01:40 цагийн үед л байх бид нар бүгд караокеноос гарсан ба караокены үүдэнд их олон хүмүүс байсан. Зарим нь хоорондоо маргаж муудаад байсан. Ямар хүмүүс гэдгийг бол мэдэхгүй байна. Би ч салхинд гараад огцом согтож эхэлсэн. Тэгтэл миний дээд талын ах З-г хэн нэг нь цохичих шиг болсон, тэгэхээр нь би ойр байсан болохоор Э.Б-г цохичихлоо гэж бодоод Э.Б дээр очоод цохисон. Энэ үед Г.Б салгахаар ирэхэд бас мөргөж цохисон. Удаа ч үгүй цагдаа нар ирээд аваад явсан. Тэр үед ухаан эргэж орсон. Зодоон болох үеийг муу санаж байсан ба гэрийнхнээсээ асууж зарим зүйлийг тодруулж авсан. Сүүлд бага багаар санаж юу болсныг ухамсарласан. Ийм л зүйл болсон. Би согтуугаар Э.Б, Г.Б нартай үл ойлголцон тэднийг цохиж биед нь гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй. Надад маш том сургамж болсон. Би Э.Б, Г.Б нараас уучлалт гуйж, эмчилгээний төлбөрийг бүрэн барагдуулна гэж удаа дараа хэлсэн...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогч Э.Б-т 1,000,000 төгрөг, Г.Б-т 1,500,000 төгрөг өгсөн... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-43/,
- Хохирогч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 03 сарын 20-ны орой 18 цаг 40 минутын орчим би Эрээн хотоос том машинтай ачаа ачиж гараад Замын-Үүд суманд 20 цагийн орчим орж ирээд машинаа рентгений талбай дээр тавиад Э.Б-н гэрт очсон. Тэнд 0,75 л виски архийг Б бид гурав хувааж уусан. Б гэртээ амарлаа гээд үлдсэн. Э.Б бид хоёр 23 цаг 30 минутын орчим тамхи авах гэж гарсан боловч тамхи олдоогүй учир “Я” караокед орж Э.Б 100 грамм цагаан архи, би бас 100 грамм цагаан архи авч уугаад 3 дуу дуулаад баарнаас гарсан ба буцаж бие засах гээд дотогшоо ороод удаагүй гараад иртэл Э.Б-г М гэдэг найзынх нь машины кабины урд хамар дээр Э.Э гэдэг залуу заамдчихсан нүүр лүү нь цохиж байхаар нь би очоод юу болж байгаа юм бэ гээд салгах гэтэл Э.Э гэдэг өндөр залуу эргэж хараад миний хамар луу 1 удаа мөргөсөн. Удалгүй цагдаа ирээд Э.Б Э.Э бид гурвыг авч явсан. Э.Б бид хоёрыг эмнэлэг рүү үзүүлээд ир гэж явуулсан. Э.Б бид хоёр эмчид үзүүлж маргааш нь хамарныхаа зургаа мэсийн эмчид үзүүлж зургаа авхуулаад цагдаад 2018 оны 03 сарын 27-ны өдөр өргөдөл гаргасан. Ийм зүйл болсон. Хамар жаахан хөндүүртэй байна. Өөр зовиурлах зүйл алга. Би Э.Э гэдэг залуутай муудалцаж маргалдаагүй намайг очоод салгах гэтэл эргэж хараад миний хамар луу 1 удаа мөргөсөн. Би Э.Э гэдэг залууд гар хүрч цохиж зодоогүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-10/,
- Хохирогч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 03 сарын 20-ны орой би 20 цагийн үед гэртээ байхад манай найз Г.Б Эрээнээс сая орж ирлээ гээд манайд орж ирсэн. Цагаан сараас хойш бид хоёр уулзаагүй байсан учир хоол идээд хажуу айлынхаа хөрш Б-той гурвуулаа 0,75 л виски архи хувааж уусан 00 цагийн үед Г.Б бид хоёр дэлгүүрээс тамхи авах гэж гарсан боловч олдоогүй?. Тэгээд Я караокед орсон чинь текний хажууд Э.Э гэдэг залуу согтуу зогсож байсан. Би барменаас танайд суух өрөө байна уу? гэхэд манайх хааж байна гэж хэлсэн. Г.Б бид хоёрыг гарах гэж байтал Э.Э бид хоёртой мэндлээд өнгөрсөн. Нийтийн караокед М бид гурав орсон. Г.Б 100 грамм архи, би 100 грамм архи авч уусан. М кола ундаа уугаад 2 дуу дуулсан. Баар хаах болж гурвуулаа гараад М-ны машины хажууд би зогсоод хүнээс тамхи асуугаад байж байтал Г.Б бие засаад ирье гээд 00 руу явсан. Тэр үед авто зогсоолын талбай дээр танихгүй хүмүүс маргалдаад байсан ба хүмүүс дундаас Э.Э гэдэг залуу бид хоёр дээр ирээд намайг заамдаж аваад миний хамар луу 1 удаа мөргөж заамдаж аваад машины урд талын копуд дээр хэвтүүлж дараад миний нүүр лүү 3-4 удаа гараараа цохисон. Г.Б гарч ирээд салгах гэж байгаад бас зодуулсан. Тухайн үед миний хамарнаас цус гарсан учир Г.Б-г яаж хаана нь цохиж зодсныг би харж чадаагүй. Удалгүй 2 цагдаа ирээд Э.Э, Г.Б бид гурвыг цагдаа дээр авчирсан. Г.Б бид хоёрыг эмнэлэгт үзүүлээд ир гэж явуулсан. Г.Б бид хоёр эмнэлэгт очиж үзүүлсэн. 2018 оны 03 сарын 27-ны өдөр цагдаад хандаж өргөдөл өгсөн. Ийм л асуудал болсон юм. Би Э.Э-тай үг сольж чадаагүй байтал хамар луу 1 удаа мөргөж машины копуд дээр дараад нүүр лүү гараараа 3-4 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-17/,
- Гэрч Т.П мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...Би Э.Э-н төрсөн ах З-н эхнэр нь л дээ. Э.Э-г сайн танина. Сүүлийн 10 жил мэднэ. 2007 онд Э.Э ХААИС-д сурч байгаад хувийн шалтгаанаар сургуулиа орхисон. Эхнэртэйгээ 2006 онд танилцаж нэг гэрт орсон. Одоо 2 хүүхэдтэй. Замын-Үүдэд 2011 онд байхаа шилжиж ирсэн шиг санаж байна. Албан ёсны шилжүүлгээ бол 3 жилийн өмнө хийлгэсэн. Замын-Үүдэд ирснээсээ хойш УАЗ-469 машинаар улс хооронд явдаг байсан. Замын-Үүдэд угаасаа төрсөн эгчийнх нь байдаг. 2014 оноос хойш “Б” ХХК-ийн Гаалийн бүрдүүлэлтийг хариуцаж хийдэг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж байгаа. Э.Э архи, согтууруулах ундааг бага хэрэглэдэг, хэрэглэсэн үедээ хэтрүүлээд байдаггүй. Тамхийг бол татдаг. Гэртээ их сайн аав гэж боддог, хүүхдүүд нь аавдаа их сайн байдаг. Эхнэртээ халамжтай гэрийн сайн эзэн, гэр орноо сайн авч явдаг. Э.Э цэргийн алба хаагаагүй. Хүнд тусархуу болохоор найз нөхдийн хүрээлэл сайтай, хамаатан садныхаа дунд нэр хүндтэй. Зан төлвийн хувьд тогтуун, хүмүүжил сайтай гэж боддог...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28/,
- Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 02/0107 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. Эмнэлгийн бичиг баримтаас үзэхэд Г.Б-н биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 30/,
- Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 02/0108 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. Эмнэлгийн бичиг баримтаас үзэхэд Э.Б-н биед хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 34/,
- Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46/,
- Шүүгдэгч Э.Э-н иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 44-45/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтад хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Дээрх нотлох баримтуудаар Э.Э нь 2018 оны 03 дугаар сарын 21-ний шөнө Замын-Үүд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Я төвийн гадаа иргэн Г.Б, Э.Б нарыг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон байна.
Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Э.Э-г 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Замын-Үүд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Я төвийн гадаа иргэн Г.Б, Э.Б нартай таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож Г.Б, Э.Б нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүгдэгч Э.Э нь Г.Б, Э.Б нарын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Г.Б-н “...Э.Б-г М гэдэг найзынх нь машины кабины урд хамар дээр Э.Э гэдэг залуу заамдчихсан нүүр лүү нь цохиж байхаар нь би очоод юу болж байгаа юм бэ гээд салгах гэтэл Э.Э гэдэг өндөр залуу эргэж хараад миний хамар луу 1 удаа мөргөсөн...” гэсэн, хохирогч Э.Б-н “...танихгүй хүмүүс маргалдаад байсан ба хүмүүс дундаас Э.Э гэдэг залуу бид хоёр дээр ирээд намайг заамдаж аваад миний хамар луу 1 удаа мөргөж заамдаж аваад машины урд талын копуд дээр хэвтүүлж дараад миний нүүр лүү 3-4 удаа гараараа цохисон. Г.Б гарч ирээд салгах гэж байгаад бас зодуулсан. Тухайн үед миний хамарнаас цус гарсан учир Г.Б-г яаж хаана нь цохиж зодсныг би харж чадаагүй....” гэсэн мэдүүлгүүд болон шинжээчийн дүгнэлтүүд зэргээр нотлогдон тогтоогдож байна. Иймд Э.Э-г хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хохирогч нар гомдол саналгүй, хохирол нэхэмжлээгүй болон түүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч Э.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт болон тэдний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Э.Э-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Э.Э-г дөрвөн зуун жаран нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460,000 /дөрвөн зуун жаран мянган/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Э.Э нь 460,000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Э.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Н