Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 2024/ДШМ/043

 

 

С.Наран-Амгалан, М.Оюун-Эрдэнэ,

Х.Цогбадрах,Т.Бүжинлхам нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, шүүх бүрэлдэхүүнд Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ, шүүгч Ч.Баярцэнгэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор М.Оюунбат

Шүүгдэгч С.Наран-Амгалан, түүний өмгөөлөгч, Д.Мэндээ, Н.Энхжаргал,

Шүүгдэгч М.Оюун-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа, П.Өлзийбаяр

Шүүгдэгч Х.Цогбадрах, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуул,

Шүүгдэгч Т.Бүжинлхам, түүний өмгөөлөгч Г.Чингис,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Ариунболд нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/75 дугаар  шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Наран-Амгалан, Х.Цогбадрах, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Баярмаа, Д.Мэндээ, Н.Энхжаргал, Г.Чингис нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн С.Наран-Амгалан, М.Оюун-Эрдэнэ Х.Цогбадрах, Т.Бүжинлхам нарт холбогдох эрүүгийн 1914004860128 дугаар хэргийг 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Ганчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, .............. улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Арц овогт Самданхоролын Наран-Амгалан/РД:ВЗ81020303/,

2. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ........... улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Бэсүд овогт Халзангийн Цогбадрах/РД:ВЕ70060818/,

3. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ........ улсаас авсан гавьяа шагналгүй,

     Урьд   Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 211 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-т зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 6/зургаан/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-т заасныг баримтлан мөн хуулийн 7.6 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар зургаан сарын хугацаагаар оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг нэг жилийн хугацаагаар хойшлуулж байсан, Тэмээчин овогт Төмөрбаатарын Бүжинлхам/РД:ВЕ89012321/,

4. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, .............. улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Тугчин овогт Мөнхбаатарын Оюун-Эрдэнэ/РД:ВЮ92111008/,

Холбогдсон хэргийн талаар:

1. Шүүгдэгч С.Наран-Амгалан нийтийн албан тушаалтан болох Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч ажилтай С.Наран-Амгалан нь Монгол улсын Хууль зүйн сайдын 2015 оны А/186 дугаартай тушаалаар батлагдсан Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээх журам”-ыг баримтлан 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр, Т.Бүжинлхамаас жолоодох эрхийг сэргээх шалгалтыг 10 асуулт бүхий тестээр авч тестийн 3, 4 дүгээр асуултад буруу хариулт сонгон шалгалтад тэнцээгүй унасан байхад нь “Өгөөж мөрөн” авто сургуулийн багш Х.Цогбадрахаар дамжуулан Т.Бүжинлхамаас 50,000 төгрөгийн хахууль авсан,

2. Шүүгдэгч Х.Цогбадрах нь Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулах Тахилгат цэцэн хайрхан жолооны сургуулийн захирал ажилтай Х.Цогбадрах нь 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч С.Наран-Амгалангийн албан өрөөнд жолоодох эрх сэргээх шалгалтыг 10 асуулт бүхий тестээр өгч, тестийн 3,4 дүгээр асуултад буруу хариулт сонгож 2 алдаж шалгалтад өгөхдөө тэнцээгүй байхад нь Т.Бүжинлхамаар урьдчилан бэлдүүлсэн байсан 50,000 төгрөгийг бусдад давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг бүрэн, эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан С.Наран-Амгаланд 50,000 төгрөгийн хахуулийг дамжуулан өгсөн,

3. Шүүгдэгч Т.Бүжинлхам нь Монгол улсын Хууль зүйн сайдын 2015 оны А/186 дугаар тушаалаар батлагдсан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээх журам”-д заасны дагуу 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч С.Наран-Амгалангийн албан өрөөнд жолоодох эрх сэргээх шалгалтыг 10 асуулт бүхий тестээр өгч, тестийн 3, 4 дүгээр асуултад буруу хариулт сонгож 2 алдаж шалгалтад унасан, шалгалтын үр дүнг өөрт ашигтай байдлаар өөрчлүүлэх, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор “Өгөөж мөрөн” авто сургуулийн жолооны багш Х.Цогбадрахаар дамжуулан 50,000 төгрөгийн хахуулийг цагдаагийн албан хаагч С.Наран-Амгаланд өгсөн,

4. Шүүгдэгч М.Оюун-Эрдэнэ нь 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө жолооны багш болох Х.Цогбадрахаас Т.Бүжинлхамын сургалтын төлбөр болох 50,000 төгрөгийг авсан гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Наран-Амгаланд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар, шүүгдэгч, Х.Цогбадрах, Т.Бүжинлхам нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-д зааснаар, шүүгдэгч М.Оюун-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-д зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Арц овогт Самданхоролын Наран-Амгаланг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж бусдаар дамжуулан хахууль авсан,

Шүүгдэгч  Бэсүд овогт Жамсрангийн Цогбадрахыг  бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн,

Шүүгдэгч Тэмээчин овогт Төмөрбаатарын Бүжинлхамыг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн,

Шүүгдэгч Тугчин овогт Мөнхбаатарын Оюун-эрдэнийг гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

2015 оны  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Арц овогт Самданхоролын Наран-Амгаланг нийтийн албанд томилогдох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хасаж, 10.000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 / арван сая / төгрөгөөр торгох ялаар,

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч   Бэсүд овогт Жамсрангийн Цогбадрахыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2,700 /хоёр мянга долоон/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар,

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Тэмээчин овогт Төмөрбаатарын Бүжинлхамыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч  Тугчин овогт Мөнхбаатарын Оюун-эрдэнийг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч С.Наран-Амгаланд оногдуулсан 10,000,000/арван сая/ төгрөгөөр торгох, шүүгдэгч Х.Цогбадрахад оногдуулсан 2,700,000/хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох, шүүгдэгч М.Оюун-эрдэнэд оногдуулсан 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч С.Наран-Амгалан, Х.Цогбадрах, М.Оюун-Эрдэнэ нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солигдохыг дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.Бүжинлхамыг Улаанбаатарын хотын нутаг дэвсгэрээс явахыг хориглох үүрэг хүлээлгэж техникийн хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Т.Бүжинлхам нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж,

Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Т.Бүжинлхамын энэ хэргийн учир цагдан хоригдсон 12 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасаж,

Шүүгдэгч С.Наран-Амгалан,  Х.Цогбадрах, М.Оюун-эрдэнэ нар нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 9, 7.5 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө 50000 төгрөгийг шүүгдэгч С.Наран-Амгалан, Т.Бүжинлхам, Х.Цогбадрах нараар хувь тэнцүүлэн гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч С.Наран-Амгалан, Х.Цогбадрах, М.Оюун-эрдэнэ нарт авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, шүүгдэгч Т.Бүжинлхамд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Наран-Амгалан, Х.Цогбадрах, М.Оюун-Эрдэнэ нарт авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, шүүгдэгч Т.Бүжинлхамд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Наран-Амгалан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны А/186 дугаар тушаалын дагуу Т.Бүжинлхамаас 2018 оны 7 дугаар сарын сүүлээр шалгалт авсан. Тухайн шалгалтад 7, 8 хүн орсон. Шалгалтад унасан нэр бүхий 7 хүний шалгалтын материалыг өөрсдөд нь өгөөд гаргасан. Тухайн үед Т.Бүжинлхам нэг удаа шалгалтад унаад гарснаас хойш дахиж ирээгүй. 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс Хууль зүйн сайдын А/142 дугаар тушаал батлагдсан. Тухайн тушаалын хэрэгжилтийг тасгийн дарга 2018 оны 8 дугаар сард сургалтад явж ирээд танилцуулсан, гэхдээ зааварчилгаа ирэх юм байна гэж хэлсэн. Сайдын А/186 дугаар журам  хүчингүй болж А/142 дүгээр журам хэрэгжиж эхлэх хооронд  замын цагдаагийн тасаг болон төрийн бус байгууллага дээр шалгалтад тэнцээгүй  олон хүмүүсийн материалууд бөөгнөрсөн байсан. Удирдлагаас өгсөн чиглэлийн дагуу тасгийн замын цагдаагийн алба хаагч нар авахаа больсон.Төрийн бус байгууллага дээр байсан урьд нь явуулж байсан материалуудыг ирүүлж, тухайн иргэдийн эрхийг сэргээх үүрэг чиглэл өгсний дагуу н.Ууганбаяр дарга тухайн материалууд дээр гарын үсэг зурчих гэсэн. Би 45 хүний материалыг албан тоотоор явуулсан байдаг. 2018 оны 8 дугаар сарын 22-нд Т.Бүжинлхам хурууны хээгээрээ ТҮЦ машинаас өөрийнхөө материалыг авсан.Тэрнээс бол шалгалтад орсон материал биш. Миний авсан шалгалтын сорилгыг Т.Бүжинлхамын шалгалт өгсөн сорилготой тулгахад огт таарахгүй байгаа. Ийм байхад намайг 10,000,000 төгрөгөөр торгож төрийн албанд ажиллах эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэв.

Шүүгдэгч Х.Цогбадрах давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг Т.Бүжинлхамаас мөнгө аваад дамжуулсан нь буруутай гэж үзсэн. Би Т.Бүжинлхамаас мөнгө авсан нь үнэн. Дамжуулж өгөөгүй. Энэ үндэслэл нь буруу байна гэж үзэж гомдол гаргасан гэв.

Шүүгдэгч Т.Бүжинлхамын өмгөөлөгч Д.Мэндээ давж заалдах шүүхэд гаргасан гомдолдоо: С.Наран-Амгаланг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-д заасан буруу үйлдэл хийлээ гэж эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Хэрэгт авагдсан нотлох баримт болон бодит байдалд тохироогүй дүгнэлт хийж хэргийн байдлыг бүрэн гүйцэт үнэлээгүйгээр шийдвэр гаргалаа гэж гомдол гаргасан. Тухайн үед хэрэгт авагдсан материалаар 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр бүрдүүлсэн баримт дээр гарын үсэг зураад явуулсан гэсэн дүгнэлт хийсэн. Гэтэл энэ баримт нь Шинэ үйлс өөд ТББ материалыг бүрдүүлсэн. Материалыг төрийн бус байгууллагын ажилтан би өөрөө хийсэн гээд нотлоод байдаг. Гэтэл энэ шалгалтыг С.Наран-Амгалан авч гарын үсэг зурсан, тэнцээгүй хүнийг тэнцүүлж явууллаа гэж буруутгасан. 2018 оны 6 дугаар сард Хууль зүйн сайдын тушаал гарч Тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээх журмыг өөрчилж Цагдаагийн байгууллагын хийж гүйцэтгэж байсан ажлыг бүрэн зогсоож төрийн бус байгууллагад эрхийг шилжүүлсэн журам гарсан. Иймд С.Наран-Амгалангийн хийж гүйцэтгэх ажилд журам хүчингүй болсон учир цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд оролцох ямар ч эрхгүй. Цагдаагийн байгууллагад хамааралгүй чиг үүрэг бий болсон байхад хийж гүйцэтгэлээ гэж дүгнэж байгаа нь хуулийг зөрчиж байгаа үйлдэл байна гэж үзэж байна.

Хахууль өгсөн зүйл нотлогдоогүй. С.Наран-Амгалан болохоор би хахууль аваагүй,  Х.Цогбадрах болохоор хахууль өгөөгүй гэж хэлдэг. Т.Бүжинлхам үүдэн дээр нь мөнгө аваад очиж байхыг харсан. Хахууль өгснийг нь би хараагүй гэж мэдүүлдэг. Хахууль өгсөн нөхцөл байдал бүрдсэн үү гэхэд өрөөндөө С.Наран-Амгалан хүн асуугаад сууж байсан. Мөн замын цагдаагийн ахлах байцаагч хажууд нь сууж байсан. Энэ гэрчийг асуугаагүй байгаа. Хахууль өгөх нөхцөл байдал бүрдэхгүй байгаа гэж үзэж байгаа. Х.Цогбадрах болохоор би С.Наран-Амгалангийн өрөөнд ороод иргэний үнэмлэхийн хуулбар, эрүүл мэндийн хуудас өгсөн. Өөр зүйл өгөөгүй гэж мэдүүлдэг. Эдгээр нөхцөл байдлыг үзэхэд хахуулийн гэмт хэрэг үйлдэгдээгүй байхад хахууль өгсөн байна гэж үндэслэлгүй үзэж байна гэж дүгнэж байна. С.Наран-Амгаланг хахууль өгсөн гэдгийг нотлоод байгаа гэрч Т.Бүжинлхам нь С.Наран-Амгалантай өмнө нь албаны үйл ажиллагаанаас болж маргаантай байсан. Энэ байдал бас Т.Бүжинлхамыг мэдүүлэг өгөхөд нөлөөлсөн байж болзошгүй нь гэрчийн мэдүүлгээс харагдаж байдаг. Иймд дээрх баримтуудыг үндэслэн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн С.Наран-Амгаланд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэв.

Шүүгдэгч С.Наран-Амгалангийн өмгөөлөгч Н.Энхжаргал давж заалдах шүүхэд гаргасан гомдолдоо:

С.Наран-Амгалан Т.Бүжинлхамаас 50,000 төгрөгийн хахууль авсан нь хавтаст хэрэгт нотлогдоогүй байгаа. 50,000 төгрөг нь сургалтын төлбөрийн мөнгө байсан уу гэдгийг тогтоогоогүй байна. Улсын дээд шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ нэг нотлох баримтыг хуурамч эсэхийг эцэслэн тогтоосноор дараагийн нөхцөл байдлыг тогтоох гол үйл ажиллагаа явагдана гэж үзсэн. Гэтэл прокурор энэ нөхцөл байдлыг тогтоож чадаагүй.

Хэргийн газрын нөхцөл байдлыг харгалзан үзэх хэрэгтэй. Хажууд нь ажилчид нь сууж байхад хахууль аваад сууж байна гэж бол байхгүй. Иймд миний гаргасан гомдлыг хангаж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын С.Наран-Амгаланд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэв.

Шүүгдэгч Т.Бүжинлхамын өмгөөлөгч Т.Чингис давж заалдах шүүхэд гаргасан гомдолдоо: 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/75 дугаартай анхан шатны шүүхийн шийдвэрийг өмгөөлөгчийн зүгээс эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Энэ хэрэг маань 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Улсын дээд шүүхээр хянагдаад хэргийг прокурорын байгууллагад буцааж шаардлагатай ажиллагаануудыг нөхөж хийсэн. Гэрч асуух, нотлох баримт цуглуулж хэрэгт хавсаргасан. Шүүгдэгч Т.Бүжинлхамын С.Наран-Амгаланд 50,000 төгрөгийн хахууль өгсөн гэдэг нөхцөл байдлыг хөтөлбөргүй,эргэлзээгүйгээр тогтоох нотлох баримт байх ёстой гэдгийг Улсын дээд шүүх зааж өгсөн. Гэвч эдгээр нотлох баримтуудыг цуглуулсан боловч нотолбол зохих нөхцөл байдлууд бүрэн нотлогдоогүй байна гэж үзэж байна. Т.Бүжинлхам нь шүүхийн хэлэлцүүлэг болон гэрчээр өгсөн мэдүүлэгтээ С.Наран-Амгаланд 50,000 төгрөгийг биечлэн өгөөгүй. Жолооны багш Х.Цогбадрах нь 50,000 төгрөг авч ирж өг гэж хэлсэн. Харин Х.Цогбадрах нь 50,000 төгрөгийг С.Наран-Амгаланд өгсөн эсэхийг сайн мэдэхгүй. Ямар хэмжээтэй ямар зүйл өгснийг мөн сайн мэдэхгүй гэж мэдүүлдэг. Шүүгдэгч Х.Цогбадрах нь би тухайн үед мөнгө өгөөгүй. Энэ мөнгийг төрийн бус байгууллагад өгсөн юм гэж мэдүүлдэг. Энэ хоёр мэдүүлэг нь төрийн бус байгууллагад сургалтын төлбөрөөр очсон гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтогддог. Тухайн гэмт хэргийг 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр үйлдэгддэг гэж прокурор яллах дүгнэлт үйлддэг. Гэвч Т.Бүжинлхам нь шалгалтыг 2018 оны 7 дугаар сард өгсөн байдаг. 2018 оны 7 сард хахууль өгсөн үү эсхүл 2018 оны 8 дугаар сарын 22-нд өгсөн үү гэдгийг тогтоож чадаагүй. Сүүлд явуулсан эрх сэргээх материалын он сараар яллах дүгнэлтэд бичигдэж байгаа. Иймд Улсын дээд шүүхийн  2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 135 дугаартай тогтоолын дагуу хийгдсэн ажиллагаа явуулсан боловч Т.Бүжинлхамын хахууль өгсөн гэх үйл баримтыг эргэлзээгүй, хөтөлбөргүйгээр тогтоож чадаагүй учир түүнд оногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож цагаатгаж өгнө үү гэсэн гомдлыг гаргаж байна гэв.

Шүүгдэгч М.Оюун-Эрдэнийн өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа:Хэргийн баримтын хүрээнд М.Оюун-Эрдэнийн зүгээс ямар ашиг сонирхлын үүднээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан бэ гэсэн баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Болсон үйл явдлыг санаатай нуун дарагдуулсан, үнэнийг гуйвуулсан, ял завшуулахаар зориуд худал мэдүүлсэн ийм зүйл бол хэргийн баримтын хүрээнд огт авагдаагүй. Гэмт хэргийн шинж чанар байхгүй гэж үзэж байна. Иймд миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Прокурор М.Оюунбат давж заалдах шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Энэ гомдол дээр дурдаад байгаа асуудлуудыг мөрдөн байцаалтын явцад шалгаад прокуророос хянаад хэрэгт авагдсан баримтын хүрээнд хангалттай нотлогдон тогтоогдсон байна гэж шүүхэд шилжүүлсэн. Энэ хэрэг маш олон шатны шүүхээр явсан. Т.Бүжинлхамын эрх сэргээгдсэн эсэх, шалгалтад орсон эсэх талаарх шалгалтын лавлагааны материал байгаа. Т.Бүжинлхам тодорхой цаг хугацаанд шалгалтад ороод шалгалтдаа унасан. Эргээд жолоочийн лавлагаа мэдээлэл гэдэг хүснэгтээр харахад тэнцсэн байдаг. Улмаар Т.Бүжинлхам гэдэг хүн нь өөрийн сургуулийн багш болох Х.Цогбадрахад нөхцөл байдлаа тодорхойлж 50,000 төгрөг өгсөн. Х.Цогбадрах багш мөнгийг нь аваад цааш нь дамжуулан өгсөн. Ийм үйл баримт байгаа. Жолоочийн багц цагийн сургалтад суусан батламж мөн байгаа. Тэр баримт хаанаас гарч ирснийг талууд бүгд мэдэж байгаа. Энэ талаар бүртгэл хяналтын төвд 2015 оноос хойш одоог хүртэл ажиллаж байгаа алба хаагч гэрч н.Отгонбаатараас мэдүүлэг авсан.

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээс өнөөдрийг хүртэл дүгнээд үзэхэд Х.Цогбадрах, С.Наран-Амгалан нарын тухайн үеийн нөхцөл байдал мэдэгдээд ирэнгүүт М.Оюун-эрдэнэд 50,000 төгрөг шилжүүлсэн гэх агуулгаар мэдүүлж эхэлсэн байдаг. Улмаар М.Оюун-Эрдэнийн зүгээс огт багц цагийн сургалтад суугаагүй Т.Бүжинлхамыг багц цагийн сургалтад суусан мэтээр мэдүүлж улмаар тэр өдрийн огноотой батламж гаргаж ирдэг. Яагаад 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр худал мэдүүлэг өгөөд байна вэ гэдгийг шалгаж үзэхэд шүүгдэгч Т.Бүжинлхамын мэдүүлэг нь гэрч н.Номингоогийн мэдүүлгээр тодорхойлогдож байгаа. Х.Цогбадрах багш Т.Бүжинлхам гэдэг хүнийг сургалтад суусан гээд баримт хийгээд мэдүүлээд өгөөч гээд надаас гуйгаад байна гэж мэдүүлдэг. Т.Бүжинлхам нь шалгалтад ороод унасан. Улмаар өөрт ашигтай давуу байдал бий болгохын тулд өөрийн багш Х.Цогбадрахад 50,000 төгрөг шилжүүлсэн. Х.Цогбадрахаас С.Наран-Амгаланд 50,000 төгрөгийг өгсөн ийм л үйлдэл байгаа юм. Улсын дээд шүүхээс хэрэг шилжиж ирснээс хойш гэрч н.Ууганбаяр, н.Өлзийжаргал, н.Отгонбаатар Цэрэндаш нараас мэдүүлэг авсан. Хамт ажиллаж н.Цэрэндаш нь мэдүүлэхдээ би энэ талаар мэдэхгүй гэж мэдүүлдэг. н.Батдоржийн мэдүүлэг мөн байгаа. Баянхонгор аймгийн Цагдаагийн газар болоод замын цагдаагийн тасгаас тухайн үед бүртгэл хяналтын төвд хүргүүлж байсан шалгалт өгөөд тэнцсэн үү, сургалтын хүрээнд тэнцсэн үү гэх хүмүүсийн материалуудыг архивд нь үзлэг хийгээд мөрдөгч гаргаж ирсэн. Худалдагчийн өдрийн тэмдэглэл гэж дурддаг. Тэр тэмдэглэл дээр дурдагдсан хүмүүсийг бүгдийг нь шалгасан.Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгч С.Наран-Амгалангийн өмгөөлөгч Д.Мэндээ: Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд С.Наран-Амгаланд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэв.

Шүүгдэгч С.Наран-Амгалангийн өмгөөлөгч Н.Энхжаргал: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж С.Наран-Амгаланд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэв.

Шүүгдэгч Х.Цогбадрахын өмгөөлөгч Ц.Мөнхтуул: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна. Иймд Х.Цогбадрахад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэв.

Шүүгдэгч М.Оюун-Эрдэнийн өмгөөлөгч Ц.Баярмаа: Улсын яллагчийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн яллах дүгнэлтээр М.Оюун-Эрдэнийг Х.Цогбадрахаас Т.Бүжинлхамын сургалтын төлбөр болох 50,000 төгрөгийг гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлтийг шүүхэд шилжүүлсэн. Шүүх дүгнэлт хийхдээ шийтгэх тогтоолд Т.Бүжинлхамыг сургалтад суугаагүй байхад суусан мэтээр худал мэдүүлэг өгсөн гэсэн дүгнэлтийг хийсэн байна. Хэргийн баримтын хүрээнд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгч М.Оюун-Эрдэнийн өмгөөлөгч П.Өлзийбаяр: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар нотлох баримтуудыг шалгаж шинжлэн судалсны үндсэн дээр шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байгаа тул шүүгдэгч нарт ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү. Шийтгэх тогтоолыг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэв.

Шүүгдэгч Т.Бүжинлхамын өмгөөлөгч Г.Чингис: Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоо дэмжиж байна. Иймд шүүгдэгч Т.Бүжинлхамын холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Тус шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 хэсэгт зааснаар давж заалдсан гомдлын агуулгаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Шүүгдэгч С.Наран-Амгалан Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагчаар буюу нийтийн албан тушаалд ажиллаж байхдаа Монгол Улсын Хууль зүйн сайдын 2015 оны А/186 дугаартай тушаалаар батлагдсан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээх журам”-ыг баримтлан жолоодох эрх сэргээлгэх шалгалтад оролцогч шалгуулагч Т.Бүжинлхам сорилгын 10 асуултад хариулах даалгаврын 3 болон 4 дүгээр асуултад буруу хариулт өгч, 2 алдаж шалгалтад тэнцээгүй байхад нь 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр “Өгөөж мөрөн” авто сургуулийн захирал, багш Х.Цогбадрахаар 50,000 төгрөгийг дамжуулан хахууль авсан,

Шүүгдэгч Х.Цогбадрах Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тахилгат цэцэн хайрхан” жолооны сургуулийн захирал, жолооны багшаар ажиллаж байхдаа, жолоодох эрх сэргээлгэх шалгалтад 2 алдаж  тэнцээгүй шалгуулагч Т.Бүжинлхамаар урьдчилан бэлдүүлсэн 50,000 төгрөгийг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын нэгдүгээр давхарт 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Т.Бүжинлхамаас авч, Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч ажилтай нийтийн албан тушаалтан С.Наран-Амгаланд бусдад давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг бүрэн, эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйлийг дамжуулан өгсөн,

Шүүгдэгч Т.Бүжинлхам Монгол Улсын Хууль зүйн сайдын 2015 оны А/186 дугаар тушаалаар батлагдсан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээх журам”-д зааснаар жолоодох эрх сэргээх шалгалтад оролцож сорилгын 10 асуултын хариулах даалгаврын 3 болон 4 дүгээр асуултад буруу хариулан 2 алдаж шалгалтад тэнцээгүй, шалгалтын үр дүнг өөрт ашигтай байдлаар өөрчлүүлэх, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор урьдчилан бэлдсэн эд зүйлийг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын нэг давхарт “Өгөөж мөрөн” авто сургуулийн жолооны багш Х.Цогбадрахаар  дамжуулан 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч С.Наран-Амгаланд өгсөн,

Шүүгдэгч М.Оюун-Эрдэнэ  2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө жолооны багш болох Х.Цогбадрахаас Т.Бүжинлхамын сургалтын төлбөр болох 50,000 төгрөгийг авсан гэж зориуд худал мэдүүлэг өгсөн  гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Дээрх үйл баримт нь:

Шүүгдэгч С.Наран-Амгалангийн “...2018 оны 8 дугаар сарын 10-ны үеэр /санагдаж байна/ Цагдаагийн газрын 3 дугаар давхарт хурлын зааланд 10 орчим хүний хамтаар Т.Бүжинлхамаас цаасан 20 нүд бүхий хүснэгттэй хууль дүрмийн шалгалт авсан.Т.Бүжинлхам заалны цонхон талд урд талаасаа 4 дэх ширээнд суусан байсан.Шалгалтыг би ганцаараа 15 минутын хугацаатай аваад материалыг засаад шалгуулагч нарт өөрсдөд нь өгөөд явуулсан.Т.Бүжинлхам шалгалтад унасан байсан. Би шалгалтыг 8 дугаар сарын 28, 29-нд аваагүй. Х.Цогбадрах намайг шалгалт аваад дууссан дараа нэлээн хойно бичиг баримт өгөөд явсан...”гэх яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /2хх78/,  “...би жолооны эрх сэргээх шалгалтыг 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 11 цагаас авсан. Би 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөр Бүртгэл хяналтын төв рүү албан тоотоор жолоодох эрх сэргээх хүмүүсийн материалыг явуулсан юм...” /2хх217-219/;

Шүүгдэгч С.Наран-Амгалан давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт “...Би 2015 оны А/186 дугаар тушаалын дагуу Т.Бүжинлхамаас 2018 оны 7 дугаар сарын сүүлээр шалгалт авсан. 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Хууль зүйн сайдын 142 дугаар журам батлагдсанаас хойш замын цагдаагийн тасаг болон төрийн бус байгууллага дээр шалгалтад ороод тэнцээгүй олон хүний материал бөөгнөрсөн. Удирдлагаас өгсөн чиглэлийн дагуу 45 хүний материалд би гарын үсэг зураад албан тоотоор явуулсан. 2018 оны 8 дугаар сарын 22-нд Т.Бүжинлхам хурууны хээгээрээ ТҮЦ машинаас өөрийнхөө материалыг авсан ба шалгалтад орсон материал биш.  Миний шалгалтын шоглоом, тесттэй тулгалт хийхэд Т.Бүжинлхамын шалгалт өгсөн материал огт таарахгүй байгаа. Ийм байхад намайг 10,000,000 төгрөгөөр торгож төрийн албанд ажиллах эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэв.

Шүүгдэгч Х.Цогбадрахын “...Дээрх байдлаар хууль зөрчсөн үйлдэл гаргасандаа харамсаж, гэмшиж байна. Хэрэгт авагдсан бусад баримтаар тухайн үйлдэл нь тогтоогдож байгаа тул энэ удаад мэдүүлэг өгөх шаардлагагүй гэж үзэж байна...” гэх яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг/2хх91-92/;

Шүүгдэгч Х.Цогбадрахын “...Намайг Т.Бүжинлхамаас мөнгө аваад дамжуулсан нь буруутай гэж үзсэн. Би Т.Бүжинлхамаас мөнгө авсан нь үнэн. С.Наран-Амгаланд дамжуулж өгөөгүй гэх” давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар /шүүх хуралдааны тэмдэглэл/

Шүүгдэгч Т.Бүжинлхамын”...Би С.Наран-Амгаланд 50,000 төгрөгийг Х.Цогбадрахаар дамжуулж өгсөн нь үнэн. Х.Цогбадрах тухайн мөнгийг С.Наран-Амгаланд өгөөд, ширээнийхээ нүд рүү хийснийг би харсан нь үнэн.Тухайн мөнгийг би авлигал өгсөн гэдэг санаагаар өгөөгүй, тухайн хүнд мөнгө өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Болдоггүй асуудал гэдгийг ойлгож мэдлээ. Төрийн албан хаагчдын авлигал авч байгаа асуудлыг ил болгож хуулийн байгууллагад би анх биеэр ирж мэдэгдсэн. Тэгсэн атал намайг яллагдагчаар татаж байгаад хүндээр тусч байна.”гэх яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг/2хх 103-104/;

Шүүгдэгч Т.Бүжинлхамын .... Энэ талаар хамгийн эхэлж өгсөн гэрчээр өгсөн мэдүүлэг дээр тодорхой үнэн зөвөөр мэдүүлсэн байгаа.. Би 4 сартай охинтой, 6 настай охинтой, 14 настай хүүтэй эрхэлсэн ажилгүй, гэр бүлийн амьжиргаа доогуур, өрх толгойлсон эмэгтэй мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон амьдралын асуудлыг харгалзан үзэж хэрэг асуудлыг хуульд заасан хөнгөлөлттэй байдлаар шийдвэрлэж өгнө үү гэж хүсэх байна...” гэх яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг”/2хх 200-201/;

Шүүгдэгч Т.Бүжинлхамын “...би шалгалтыг /он сараа санахгүй байна/2018 оны 7 сард цагдаа дээр очиж С.Наран-Амгалангийн өрөөнд өгсөн, ....Х.Цогбадрах багш, за чи тэгвэл нэг дэх өдөр ирэхдээ 50,000 төгрөг авч ир гэсэн...., ...намайг чи С.Наран-Амгаланд энэ мөнгийг оруулаад өгчих гэсэн, ...би ямар учиртай мөнгийг сайн мэдэхгүй байна..., ...та өөрөө оруулж өг...,  би багшид 50,000 төгрөг өгсөн, өөр бичиг өгөөгүй..., Х.Цогбадрах багш миний өмнө ороод С.Наран-Амгалангийн өрөөнд ороод нэг юм өгснийг нь аваад ширээнийхээ нүд рүү хийж байсан гэх” давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар /шүүх хуралдааны тэмдэглэл/;

Шүүгдэгч М.Оюун-Эрдэнийн “...Би прокурорын яллагдагчаар татсан тухай тогтоолтой уншиж танилцлаа. Хуулийн зүйл заалтыг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлыг би өмгөөлөгч авч байж шийдье. Одоогоор би өмгөөлөгч сонгож аваагүй байна. Өмгөөлөгч авах эсэх асуулаа дараа нь шийдвэрлэх болно.” гэх яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /2хх42-44/;

Шүүгдэгч М.Оюун-Эрдэнийн мэдүүлсэн “......комиссар шалгаж байна лээ шүү чамтай уулзах байх..., ...мэдүүлэг авна гэж надад хэлсэн..., Тэр үед надаас мэдүүлэг авахдаа С.Наран-Амгалан, Х.Цогбадрах хоёр яриад гуйсан гээд бичсэн байсан. Тэгэхээр нь би Х.Цогбадрах над руу залгаад комиссар шалгаж байна шүү чамаас мэдүүлэг авах байх гэж хэлсэн. С.Наран-Амгалан ярьсан гэж хэлээгүй шүү дээ гэж хэлээд засуулсан. Засаад ирлээ гарын үсгээ зураарай гэхээр нь би хараагүй шууд гарын үсэг зурсан гэх” давж заалдах шатны шүүхэд өгсөн тайлбар /шүүх хуралдааны тэмдэглэл/;

Гэрч Э.Чимэдцэрэнгийн “... Он сарыг нь санахгүй байна..., .... өдөр 12 цагийн үед эхнэр Т.Бүжинлхам над руу утсаар яриад 50,000 төгрөг хэрэг болчихлоо цагдаа дээр аваад хүрээд ир гэж хэлсэн...,  Т.Бүжинлхам нь цагдаагийн газрын гадаа намайг хүлээж байсан...., 50,000 төгрөгийг би оруулж өгчхөөд ирье гээд Цагдаа руу орсон. Би цагдаагийн газрын гадаа хүлээж байтал Т.Бүжинлхам удалгүй гарч ирээд болчихлоо...”гэх мөрдөн байцаалтын шатад мэдүүлсэн  мэдүүлэг/1хх30/;

Гэрч Д.Ууганбаярын “...ерөнхийдөө журам 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр ирснийг би С.Наран-Амгаланд танилцуулсан..., ... шалгалтад унасан тохиолдолд материал нь бүртгэл хяналтын төв рүү явахгүй..., ...манай байгууллага шалгалт авахгүй болсон тул сургалтад хамрагдсан хүмүүсийн материалыг батламжийн хамт хавсарган хүргүүлсэн...” гэх мөрдөн байцаалтын шатад мэдүүлсэн мэдүүлэг/1хх36-37/

Гэрч Д.Ууганбаярын “...Хууль зүйн сайдын А/142 дугаар журмыг би С.Наран-Амгаланд танилцуулсан..., шинэ тушаал гарснаар шалгалт авах эрх зогссон...,7 дугаар сарын 31-ний өдрөөс мөрдөгдсөн..., жолоодох эрхийн шалгалт авч дээд байгууллага руу явуулдаг эрх бүхий албан тушаалтан бол С.Наран-Амгалан...,2018 оны 8 дугаар сарын Эрх сэргээх шалгалт авч байсан ажлаа тодорхой зааварчилгаа, чиглэл ирээгүй тул үргэлжлүүлж ажиллаж байсан. Сайдын журам гарсантай холбоотой шалгалтад тэнцсэн, тэнцээгүй бүх хүний материал, сургалтад хамрагдсан бүх хүмүүсийн батламжийн хамт бүртгэл хяналт шалгалтын  төв рүү явуулсан...”гэх мөрдөн байцаалтын шатад мэдүүлсэн мэдүүлэг/4хх 122, 5хх33-35/;

Гэрч А.Батхуягийн “...Баянхонгор аймагт Шинэ үйлс өөд ТББ нь сургалт зохион явуулж батламж өгдөг.Төрийн бус байгууллагаас эрх сэргээх шалгалт өгөх иргэний эрүүл мэндийн хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар, жолооны мөнгөний баримт зэрэгтэй хамт Цагдаагийн Газрын Замын цагдаагийн тасаг руу явуулахад шалгалт авах эрхтэй албан тушаалтан нь шалгалтыг авч шалгалтдаа тэнцсэн иргэдийн материалыг бүртгэл хяналтын төвд хүргүүлдэг. Манайд болон Шинэ үйлс өөд ТББ-д ЦЕГ-ын бүртгэл хяналтын төвөөс албан бичиг ирж байсан гэсэн...” гэх мөрдөн байцаалтын шатад мэдүүлсэн  мэдүүлэг/1хх36-37/;

Гэрч А.Өлзийжаргалын “...миний хувьд Цагдаагийн газрын 1 давхарт онлайнаар жолооны эрх сэргээх шалгалтыг 4-5  хүмүүсийн хамтаар шалгалт өгч байсан.Тухайн үед сургалтад суу гэж дуудсан боловч би ажилтай болоод суугаагүй. Шалгалтаа хэзээ өгснөө санахгүй байна ...” гэх мөрдөн байцаалтын шатад мэдүүлсэн мэдүүлэг /5хх38/;

Гэрч Д.Номингуагийн“...М.Оюун-Эрдэнэ надад тухайн үед Т.Бүжинлхам гэх хүнийг сургалтад суусан гээд батламж гаргаад өгөөч гээд Х.Цогбадрах гуйгаад байна, яах вэ гээд асууж байсан.., ...тэр үеэр ядаж Хууль зүйн сайдын шинэ журам гарч таарсан, яг завсрын үеэр таарсан..., чи өөрөө мэдээд зохицуулчихаа гээд л би хэлсэн...,  ......, Би өөртэй нь утсаар ярихад АТГ-ийн мөрдөгчтэй уулзаад бүх үнэн учраа үнэн зөвөөр мэдүүлгээ өгсөн. Цогбадрах гуйгаад байхаар нь дээрх байдлаар мэдүүлэг өгсөн талаараа хэлсэн...” гэх мөрдөн байцаалтын шатад мэдүүлсэн мэдүүлэг /2хх46-47/;

Гэрч Х.Отгонбаатарын “...тус төвд хадгалагдаж байгаа хадгаламжийн нэгжээс авсан Т.Бүжинлхамын жолоодох жолоочийн лавлагаанаас харахад жолоодох эрх сэргээх шалгалт өгсөн нь харагдаж байна. Уг жолоочийн лавлагаа болон шалгалтын дүнг үндэслэн архивын дугаараар мэдээллийн санд бүртгэж баталгаажуулдаг...., Манай төвөөс шалгалтын дүнг мэдээллийн санд оруулдаггүй..., Иргэний жолоочийн лавлагааг ТҮЦ машинаас авхуулаад доод хэсэгт байх хоосон зайнд шалгалтын хүснэгтэд мэдээг оруулж хэвлээд, эрүүл мэндийн хуудас, жолоочийн лавлагаа, төлбөр тушаасан баримтыг бүрдүүлж орон нутгийн шалгагч нь манай төв рүү ирүүлдэг...” гэх мөрдөн байцаалтын шатад мэдүүлсэн  мэдүүлэг/5хх42-44/;

Гэрч М.Цэрэндашийн“.... Бид 2 хамт цагдаагийн газрынхаа 1 давхарт хамт суудаг байсан..., ...намайг байх хугацаанд бол албан хаагчдын өрөөнд жолооны ямар нэгэн шалгалт авч байсан удаа байхгүй..., намайг эзгүй яасан эсэхийг мэдэхгүй..., Миний мэдэхээр эрх сэргээхэд ямар ч байсан сургалтад хамруулж нэгдсэн журмаар шалгалт авдаг байсан...” гэх мөрдөн байцаалтын шатад мэдүүлсэн мэдүүлэг/5хх47-48/;

Гэрч Ж.Ягааны “…би хүний өмнөөс Шинэ Үйлс Өөд ТТБ-д мөнгө төлж байгаагүй…, …шавь нараас асууж ирэхэд ямар зарчмаар яаж эрхээ сэргээлгэх талаар  хэлээд тэд өөрсдөө мөнгөө тушаагаад сургалтад сууж байсан…” гэх мөрдөн байцаалтын шатад мэдүүлсэн  мэдүүлэг/5хх50/;

Шүүгдэгч Т.Оюун-Эрдэнийн жолоочийн лавлагаа…/”5хх65/;

Эд мөрийн баримтад  үзлэг хийсэн тэмдэглэл/5хх84-101/;

Шүүгдэгч Т.Бүжинлхамын 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн “Жолоочийн лавлагаа, мэдээлэл”-д бичигдсэн 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр гэж огноолсон сорилгын даалгаврын гүйцэтгэл, шалгуулагч, шалгагч нарын гарын үсэг зурж, дардас дарагдсан баримт/5хх58/;

Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газраас ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвд хүргүүлсэн материал…/”5хх106-142/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Наран-Амгалан, Т.Бүжинлхам, Х.Цогбадрах нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлгийн холбогдох заалтуудад 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр өөрчлөн найруулж, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өөрчлөлт оруулсан Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4, 22.5 дугаар зүйлийн 1 дэх заалтыг шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэн буцаан хэрэглэсэн нь зөв байна.

Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 15 дугаар зүйлд нийтийн албан тушаалтныг албан үүргээ гүйцэтгэх явцад аливаа үйлдэл эсхүл эс үйлдлийг хийлгэх зорилгоор түүнд өөрт нь эсхүл өөр хувь хүн, хуулийн этгээдэд зүй бус давуу байдал олгохыг шууд болон шууд бусаар тухайн албан тушаалтанд амлах, санал болгох эсхүл ийм давуу байдлыг олгох, нийтийн албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх явцдаа аливаа үйлдэл эс үйлдэл хийх зорилгоор өөртөө эсхүл өөр хувь хүн, хуулийн этгээдэд зориулж зүй бус давуу байдал олгохыг шууд болон шууд бусаар шаардах эсхүл ийм давуу байдлыг хүлээж авах үйлдлийг гэмт хэрэгт тооцохыг тусгасан.

Авлигын эсрэг конвенцын дагуу авлигын гэмт хэргийн субъект болох нийтийн албан тушаалтан гэдгийг Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан этгээдүүдийг хамааруулж ойлгохоор хуульчилж, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд зааснаар “…Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол….” гэж гэмт хэргийн үндсэн шинжүүдийг тодорхойлсон байна.

Эдгээрээс үзэхэд шүүгдэгч С.Наран-Амгалан нь цагдаагийн дэслэгч, Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн зохицуулагч буюу албан тушаалтан болох нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 4 дүгээр зүйлийн 4.1, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 7 дугаар зүйлийн 7.1.6, 7.1.7-д зааснаар төрийн тусгай албаны гүйцэтгэх албан тушаалтан буюу нийтийн албан тушаалтан мөн болно.

Дээрх нотлох баримтуудаас дүгнэлт хийхэд:

Шүүгдэгч С.Наран-Амгалан нь Хууль зүйн сайдын 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн А/186 дугаар тушаалаар батлагдсан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох, эрх сэргээх журам”-ын 3 дугаар зүйлийн 3.1.1-д “зөрчлийн оноо дууссан /согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос бусад байдлаар эрхээ хасуулсан/ жолооч 2 цаг, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай  хуулийн 27 дугаар зүйлд заасан  зөрчлийн улмаас эрхээ хасуулсан этгээд 6 цагийн  сургалтад хамрагдан, шалгалтад тэнцсэн” тохиолдолд тээврийн эрх жолоодох эрх сэргээнэ гэх заалтыг зөрчиж Т.Бүжинлхамыг сургалтад хамрагдаагүй, шалгалтад тэнцээгүй байхад нь тэнцүүлж 50,000 төгрөгийг 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр шүүгдэгч Х.Цогбадрахаар дамжуулан  Баянхонгор аймгийн цагдаагийн байрны 1 давхарт урьдчилан авсан болох нь “...Т.Бүжинлхам” гэх, Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 33-6/2850, 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 33-6/2881 албан бичгүүд/ххххх/ болон,

шүүгдэгч Т.Бүжинлхамын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг/2хх103-104, 2хх200-201/, давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар /шүүх хуралдааны тэмдэглэл/,

шүүгдэгч Х.Цогбадрах яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /2хх91-92, давж заалдах шатны шүүхийн хуралдаанд гаргасан тайлбар/шүүх хуралдааны  тэмдэглэл/,

гэрч Э.Чимидцэрэн  /1хх30-31/, Д.Ууганбаяр/1хх36-37, 4хх122, 5хх 33-35/, Х.Отгонбаатар/5хх42-44/, М.Цэрэндаш/5хх47-48/, А.Батхуяг/1хх36-37/,  Д.Номингуа/2хх46-47/, Ж.Ягаан/5хх50/ нарын мөрдөн байцаах ажиллагаанд  мэдүүлсэн мэдүүлгүүдээр хангалттай нотлогдон тогтоогджээ.

Мөн шүүгдэгч Х.Цогбадрах бусдад давуу байдал бий болгох зорилгоор 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Т.Бүжинлхамаар урьдчилан бэлдүүлсэн эд зүйл/50,000 төгрөг/-ийг Баянхонгор аймаг дах Цагдаагийн газрын нэг давхарт  Т.Бүжинлхамаас авч, албан хаагчийн ажлын байранд албаны чиг үүрэг бүрэн, эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан С.Наран-Амгаланд дамжуулан өгсөн, шүүгдэгч Т.Бүжинлхам өөртөө давуу байдал бий болгох зорилгоор 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр урьдчилан бэлдсэн эд зүйл/50,000 төгрөг/-ийг албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Баянхонгор аймаг дах Цагдаагийн газрын Замын цагдаагийн зохицуулагчийн ажлын байрны үүдэнд шүүгдэгч Х.Цогбадрахаар дамжуулан эд зүйл/50,000 төгрөг/-ийг С.Наран-Амгаланд өгсөн, шүүгдэгч М.Оюун-Эрдэнийг мөрдөн шалгах ажиллагааны үед буюу 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө “...жолооны багш Х.Цогбадрахаас Т.Бүжинлхамын  сургалтын төлбөр 50,000 төгрөгийг авсан” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь дээрх нотлох баримтууд болон

шүүгдэгч  Т.Бүжинлхамын/2хх103-104, 2хх200-201, давж заалдах шатны шүүхийн хуралдааны тэмдэглэл/;

шүүгдэгч Х.Цогбадрахын /2хх91-92, давж заалдах шатны шүүх хуралдааны тэмдэглэл/;

гэрч Э.Чимидцэрэн/1хх30-31/, Д.Номингуа/2хх46-47/, А.Өлзийжаргал/5хх38/,  Ж.Ягаан/5хх50/ нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Шүүгдэгч С.Наран-Амгалан, Х.Цогбадрах нарын болон өмгөөлөгчдөөс  шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, цагаатгуулах агуулгаар гаргасан давж заалдах гомдол нь хэрэгт авагдсан нотлох баримт, гэрчүүдийн мэдүүлэг, хэргийн үйл баримтаар хангалттай нотлогдон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн тул  давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн гуравдах заалтад:

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч С.Наран-Амгаланд оногдуулсан 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох..., ...  ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.” гэснийг шүүгдэгч С.Наран-Амгалан нь тэтгэвэрт байдаг,  Баянхонгор аймгийн Баянхонгор суманд нөхөр, өсвөр насны 3 хүүхдийн хамт амьдардаг/1хх77-82,5хх72/  зэрэг хувийн байдлыг нь харгалзан  ... 3 /гурван/  жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэхийг... гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг тус тус  хэвээр үлдээж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Харин Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2020 оны 6 дугаар сарын 26-ны 2020/ЕШЗ/370 дугаар захирамжаар  С.Наран-Амгалан, Х.Цогбадрах, Т.Бүжинлхам,М.Оюун-Эрдэнэ нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны даргалагчаар шүүгч Ч.Байгалмааг томилж,  шийдвэрийг албажуулсан байна.(3хх1)

Гэтэл  шүүгч Ч.Байгалмаа нь “...С.Наран-Амгалан нарт холбогдох эрүүгийн хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн, тус хэргийн нөхцөл байдал өөрчлөгдөөгүй, хууль хэрэглээний хувьд өөр байр суурьтай байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1.4-д зааснаар шууд бусад энэ хэрэгт хувийн сонирхолтой байна гэж үзэж хэрэг хянан шийдвэрлэхээс татгалзаж байна....” гэх үндэслэлээр хүсэлт гаргасныг тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 60 дугаар “Хүсэлт хангаж, шүүгчийг татгалзан гаргах тухай” захирамжаар ханган шийдвэрлэжээ.(4хх52-54)

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 36 дугаар тогтоолоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 7 тухай хуулийн 84, 85, 86 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг зөв хэрэглэх талаарх албан ёсны тайлбарын 1 болон 3 дахь хэсэгт зааснаар ойлгохоор тодорхойлсон албан ёсны тайлбарыг анхан шатны шүүх зөв дагаж мөрдөх үүрэгтэй болон  Монгол Улсын Дээд  шүүхийн  2022 оны 12 сарын 14-ний өдрийн  36  дугаар, 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №04 дүгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1, 10.2, 10.3, 10.4-д заасан албан ёсны тайлбарыг анхан шатны шүүх цаашид анхаарч ажиллах шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1-ийн  1.4-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/75 дугаар шийтгэх тогтоолын  тогтоох хэсгийн  5 дахь заалтад

... шүүгдэгч С.Наран-Амгаланд оногдуулсан 10,000,000/арван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор төлүүлэхийг.... гэснийг”

 “ ...шүүгдэгч С.Наран-Амгаланд оногдуулсан 10,000,000/арван сая/төгрөгөөр торгох ялыг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурван/ жилийн хугацаанд  хэсэгчлэн төлүүлэхийг...” гэж өөрчлөлт оруулж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын  хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.ГАНЧИМЭГ

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БОЛОР-ЭРДЭНЭ

                                                                    ШҮҮГЧ                               Ч.БАЯРЦЭНГЭЛ