МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Дүгнэлт гаргагч: Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч *******д холбогдох
Гуравдагч этгээд: “*******” ХХК /РД:5216362/-ийг оролцуулан
“Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “*******” ХХК-ийн шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай дүгнэлттэй, индексийн 114/2026/0002/З дугаартай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******, хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч *******, гуравдагч этгээдийн төлөөлөгч Г.Саранбаатар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
- Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор ******* нь Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч *******д холбогдуулан “Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “*******” ХХК-ийн шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай дүгнэлт үйлдэж маргасан.
- Хэргийн үйл баримтын тухайд:
- Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн Экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн ахмад Б.Отгонсүрэн хяналт шалгалтаар “*******” ХХК нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 18 дугаар багийн нутаг дэвсгэрт газраас зохих зөвшөөрөлгүй түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож ашигласан нь Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг зөрчсөн зөрчлийн шинжтэй үйлдэл гаргасан гэдгийг илрүүлснийг эрх бүхий албан тушаалтан 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр тэмдэглэж, холбогдох ажиллагааг хэрэгжүүлсний дагуу 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр удирдах албан тушаалтны 84 дүгээр тогтоолоор тухайн зөрчлийг хэргийг Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчаар шалгуулахаар шилжүүлсэн байна.
- Хариуцагч 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 2518002648 дугаартай зөрчлийн хэргийг нээх тогтоолыг гаргаж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, улмаар 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр “*******” ХХК нь улсын төсвийн хөрөнгөөр орон нутгийн чанартай авто замын ажил гүйцэтгэж, Дархан сумтай байгуулсан гэрээ, батлагдсан төсвийн хүрээнд Төсвийн тухай хууль, Авто замын тухай хуулийн дагуу үйл ажиллагаа явуулсан нь гэрч, холбогдогч нарын мэдүүлэг, батлагдсан төсөвт үзлэг хийсэн тэмдэглэл, Дархан сумын Засаг даргын 01/771 дүгээр албан бичиг, төлбөр төлсөн баримт зэргээр тогтоогдсон гэх үндэслэлээр “*******” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэлээс чөлөөлж шийдвэрлэжээ.
- Үүнийг эс зөвшөөрч Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор хуульд заасан хугацаанд тус шүүхэд дүгнэлт үйлдэн ирүүлсэн байна.
- Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор ******* шүүхэд гаргасан дүгнэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч цолтой Б.Төрмөнх 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Дархан-Уул аймаг Дархан сум 18 дугаар багийн нутаг дэвсгэрт “*******” ХХК зөвшөөрөлгүй түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон гэх мэдээллийг зөрчлийн бүртгэлийн 3745 дугаарт бүртгэн авч, 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр харьяаллын дагуу Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчид шалгуулахаар шилжүүлсэн байна.
- Улмаар эрх бүхий албан тушаалтан мэдээллийг хүлээн авч шалгаад 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр “*******” ХХК-д холбогдуулан тусгай зөвшөөрөлгүй түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон гэх үйлдэлд нь Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар зөрчлийн хэрэг нээн, 2518002648 дугаартай хэрэгт хэрэг бүртгэлийн ажиллагааг явуулсан байна.
- Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд 6 799 710 029 төгрөгийн төсөвт өртөг бүхий улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дархан-Уул аймаг доторх зам буюу Дархан сумын 1, 2, 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Олон Улсын төмөр замын гармаас Хараа голын гүүр хүртэлх 2,275 км хатуу хучилттай авто замын ажлыг 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацаатай хийж гүйцэтгэх ЗТХ-2024/45 дугаар гэрээ, Дархан хот байгуулалт, барилга захиалагчийн газар ОНӨААТҮГ, “*******” ХХК-ийн хооронд байгуулагджээ.
- Дээрх ажлыг хийхэд шаардагдах хайрга, дайрга, чулуу буюу түгээмэл тархацтай ашигт малтмалыг Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс ашиглах, нөхөн сэргээх тухай гэрээ 2024 оны 08 дугаар сарын 02, 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр тус тус Дархан сумын Засаг дарга “*******” ХХК-ийн хооронд байгуулагдсан бөгөөд авто замын ажил 2024 оны 08 дугаар сараас эхэлсэн байна.
- Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 222 дугаар тогтоолд заасны дагуу “*******” ХХК-ийн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дархан-Уул аймгийн төв дотор хийгдэж буй хатуу хучилттай авто замын ажил нь Авто замын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.24, 4.1.25, 4.1.28, Зам, тээврийн яамны 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 06/2424 дугаартай албан бичгээр улсын чанартай авто замд хамаарахгүй, Засгийн газрын дээрх 222 дугаар тогтоолоор батлагдсан журмын 3.4, 3.5-д заасны дагуу орон нутгийн зүгээс шуурхай шийдвэрлэж барилгын ажил саадгүй хэрэгжих нөхцөлөөр хангаж ажиллах талаар хариу ирүүлж байсан.
- Зам, тээврийн хөгжлийн яамны албан бичигт дурдсанаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 20 дугаар тогтоолоор авто зам, замын байгууламжийн барилга угсралт, авто замын засвар шинэчлэлтийн ажилд ашиглагдах түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах 11 байршил бүхий газрын солбицлыг баталж, “*******” ХХК тогтоолд тусгасан газраас замын ажилд шаардагдах ашигт малтмалыг олборлох мөн тухайн газраас “Бурхант эко” ХХК, “Өнөр зам” ХХК-ууд олборлох үйл ажиллагааг явуулсан.
- Дархан-Уул аймгийн Засаг дарга 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 1-10/184 дүгээр албан бичгээр Зам, тээврийн сайдад хандаж, улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах талбайн солбицлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлж, дэмжлэг үзүүлэх, хамтарч ажиллахыг хүссэн нөхцөл байдлууд тогтоогдож байна.
- Дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийхэд “*******” ХХК нь Дархан-Уул аймгийн төв дотор хатуу хучилттай авто замын ажлыг хийхдээ зөвшөөрөгдсөн талбайгаас хэтрүүлж түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон гэх үйл баримт тогтоогдсон хэдий боловч хэрэгт авагдсан гэрч А.Энхжин, Г.Гантогтох, П.Батсүх нарын мэдүүлэг, Дархан сумын Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 01/771 дүгээр албан бичиг, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 06/2424 дүгээр албан бичиг, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 1-10/184 дүгээр албан бичиг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар авто замын ажил хийгдэх үеэр хүндрэл бэрхшээлтэй асуудлууд тулгарч байсан, энэхүү ажил нь цаг хугацаатай, хойшлуулах боломжгүй, цаашлаад нийтийн эрх ашиг, иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах нөхцөлийг хангахад чиглэсэн ажил байсан бөгөөд асуудлыг шийдвэрлүүлэхээр дээд шатны байгууллагад хандах ажил, арга хэмжээ авч ажилласан нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнэхээр байна.
- Харин эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан шийтгэлээс чөлөөлсөн шийдвэр гаргасан нь үндэслэлгүй болжээ.
Өөрөөр хэлбэл, “*******” ХХК нь авто замын ажил хийж гүйцэтгэхдээ зөвшөөрөгдсөн талбайг хэтрүүлж түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон нь аюул бодитой учирсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, эрх бүхий албан тушаалтны шийтгэлээс чөлөөлсөн шийдвэр нь хуулийн зохицуулалттай нийцэхгүй байна гэж дүгнэв.
-
- Эрх бүхий албан тушаалтан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлд зааснаар зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгахдаа шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрийг Зөрчлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлээр л чөлөөлөх ёстой. Гэтэл хуульд байхгүй 2.3 дугаар зүйлийн 1 дэх заалтаар шийтгэлээс чөлөөлсөн нь буруу юм.
- Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7, 7.2 дугаар зүйлийн 8-д заасныг удирдлага болгон Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч *******ын 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 1-д заасан үндэслэлээр “*******” ХХК-ийг шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичлээ” гэв.
- Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хэрэгт цугларсан Экологийн асуудал хариуцсан цагдаагийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Төрмөнхийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, “*******” ХХК-ийн захирал Г.Саранбаатарын мэдүүлгүүд, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 664, 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 737 дугаар албан бичгүүд, гэрч Г.Гантогтох, А.Энхжин нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар “*******” ХХК нь зөвшөөрөгдсөн талбайгаас хэтрүүлж түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон нь тогтоогдсон.
- Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлд “...эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй”, Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.24, 6 дугаар зүйлийн 6.2.6, 6.2.6.а, 7 дугаар зүйлийн 7.1, 7.7, 8 дугаар зүйлийн 8.4.9, 8.5.2, Авто замын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10, 4.1.18, 4.1.19, 20 дугаар зүйлийн 20.1, 20.2, 20.11, 21 дүгээр зүйлийн 21.1, 33 дугаар зүйлийн 33.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 46.3-д энэ талаарх харилцааг зохицуулсан.
- Хэрэгт авагдсан “*******” ХХК-ийн захирал Г.Саранбаатарын мэдүүлгүүд, Дархан хот байгуулалт, барилга захиалагчийн газар ОНӨААТҮГ болон “*******” ХХК-ийн хооронд 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан техник хяналтын талаарх гэрээ, авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн гэрчилгээ, Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг дарга болон “*******” ХХК-ийн хооронд байгуулсан 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Дархан сумын нутаг дэвсгэрээс түгээмэл тархацтай, ашигт малтмал ашиглах, нөхөн сэргээх гэрээ, төлбөр төлсөн баримт, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 20 дугаар тогтоол, “*******” ХХК, “Өнөрзам” ХХК, “Бурхант эко асфальт” ХХК-уудын хийсэн хурлын тэмдэглэл, Гэрч Г.Гантогтох, Э.Болор, А.Энхжин, Д.Очирбат, П.Батсүх нарын мэдүүлэг, эрх бүхий албан тушаалтны 12 дугаар сарын 03-ны өдрийн “*******” ХХК-ийн “гэр хорооллын доторх хатуу хучилттай авто зам багц-1” ажлын батлагдсан төсөвтэй танилцсан тухай тэмдэглэл болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар “*******” ХХК нь тулгарсан аюулыг өөр арга хэрэгслээр арилгах боломжгүй нөхцөлд учирч болох аюулын хэр хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зөрчлийн шинжтэй үйлдэл үйлдсэн гэж дүгнэхээр байна. Өөрөөр хэлбэл, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал улиралд нэг удаа хуралддаг байхаар хуульчлагдсан байдаг тул тухайн Хурлын 20 дугаар тогтоолд шууд өөрчлөлт оруулах боломжгүйгээс “*******” ХХК нь карьерын асуудал шийдэгдтэл замын суурийн ажлаа зогсоосон бол дараах бодит аюулууд үүсэх байсан.
- Дараа дараагийн замын бүтээн байгуулалтын ажлууд нь зогсож, улмаар 2025 оны улсын төсөв татагдаж, замын бүтээн байгуулалт дуусах хүртэл Дархан сумын 1, 2, 3 дугаар багийн 3437 өрхийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх хангагдахгүй, замын бүтээн байгуулалтын ажил дуусаагүй тул авто зам гэж үзэхгүй, түүгээр зорчих хөдөлгөөн хязгаарлагдаж, авто машинууд гэр хорооллын гудмаар тойрч сүлжиж явснаар орчны тоосжилт нэмэгдэж, аваар осол гарах, иргэд авто машинаар гэр хорооллын гудмаар тойрч сүлжиж явснаар зөвхөн Дархан сумын 1, 2, 3 дугаар багийн иргэдийн бус, тухайн замаар явах шаардлагатай иргэдийн шатахуун зарцуулах зардал нэмэгдэж, өрхийн санхүүд бодит эрсдэл учрах, замын ажил хугацаандаа хийгдээгүй удах тусам бараа материалын үнийн өсөлтөөс шалтгаалж тухайн төсөлд зарцуулагдах төсөв хүрэхээ больж, төсвийн тодотголоор орох шаардлага үүснэ. Ингэснээр тухайн төсөлд зарцуулагдах төсвийг хэдий чинээ нэмнэ, бусад төсөл арга хэмжээнд зарцуулагдах төсвөөс төдий чинээ хасагддаг тул улсын төсвөөр хэрэгжих бусад төсөл арга хэмжээ саадгүй хэрэгжих боломжгүй болно. Тухайлбал, 2025 оны 09 дүгээр сараас манай улсад шатахууны хомсдол үүсэж, шатахууны үнэ өссөн. Энэ нь биднээс шалтгаалаагүй ч улсын төсвөөр хэрэгжих бүх төсөлд төсөв нь хүрэлцэхгүй байх бодит эрсдэл үүсгэж байна. “*******” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн замын бүтээн байгуулалтын ажил нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 40 дүгээр тогтоолоор батлагдсан “Дархан-Уул аймгийн хөгжлийн 2025 оны төлөвлөгөө”-д тусгагдсан арга хэмжээ байсан бөгөөд уг ажил доголдсон тохиолдолд аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд сөргөөр нөлөөлөх, иргэдийн аюулгүй, ая тухай зорчих нөхцөл алдагдах, төлөвлөсөн хөгжлийн зорилтууд биелэхгүй байх бодит эрсдэл үүсэхээр байв.
- Иймд прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.
- Гуравдагч этгээд “*******” ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...манай компани 2024 оны 08 дугаар сараас эхлэн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гэр хорооллын доторх 2.2 км хатуу хучилттай авто замын шинэчлэлтийн ажлыг Дархан сумын 1, 2, 3 дугаар багийн нутаг дэвсгэрт, Олон Улсын төмөр замын гармаас Хараа голын гүүр хүртэл хугацаанд хийж гүйцэтгэн ажиллаж байна. Бид 2022-2025 онд Дархан-Уул аймагт гэр хорооллын зам, зогсоолын шинэчлэлтийн хэд хэдэн төслийн ажлыг амжилттай хэрэгжүүлж гэрээний цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэн ажилласан. Манай зүгээс ажил гүйцэтгэхдээ төр захиргааны байгууллагаас зохих зөвшөөрлүүдийг авч, холбогдох гэрээг байгуулан төлбөрийг төлж, авто замын барилгын ажилд шаардлагатай үндсэн түүхий эд болох түгээмэл тархацтай материал авч замын далан байгуулах, хөвөө, далангийн үе шатны ажилд ашигладаг болно. Бид төсөвт заасан ажлын тоо хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр лабораторийн шаардлага хангасан материалыг олборлон авч үйл ажиллагаа явуулсан. Энэхүү холбогдох асуудал буюу зөвшөөрөгдсөн талбайгаас хэтрүүлсэн гэх тухайд бид дараах тайлбарыг өгч байна.
- Дархан сумын зүгээс гэрээт талбайд нэмж 2 гүйцэтгэгч оруулснаар нөөц багатай ордын хувьд дутагдал үүссэн.
- Уг карьерын талбай анхнаасаа өмнө нь тодорхой хэмжээнд ашиглаж байсан, ойр тойронд нь төрөл бүрийн хог буулгасан байсан. Тэдгээрийг ажил дуусах үед бүгдийг янзлах нөхцөл тавьсан байсан.
- Замын даланд ашиглах зохист материал тухайн заасан цэгээс гэрээний тоо хэмжээнд хүртэл гарахгүй байх, нөөцгүй болох, шинээр карьер гарах боломжгүй зэрэг асуудлууд нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлын хугацаа гүйцэтгэлд эрсдэл үүсгэх, улмаар авто замын барилгын ажил удаашрах, саатах, зогсох зэрэг эрсдэлд хүрэх магадлалтай байсан.
- Нөхөн сэргээлтийг хийхдээ талбайн хүрээнээс гарган байршуулсан хөрсний овоолгыг механизмаар түрж нөхөн сэргээлт хийхэд талбай тэлсэн юм шиг харагдаж байгаа ба цас орсны дараа асуудлыг ярьсан тул байцаагч нарт газар дээр нь үзүүлэх боломж байгаагүйгээс гадна уг талбай анхнаасаа ойр орчиндоо иргэд байгууллагаас ирсэн хог, шороо, барилгын материал их байсан тул түүнийг ухаж булах орчныг сэргээсэн нь илүү ашигласан гэдэг дүгнэлт хийхэд хүргэсэн.
- Холбогдон шалгагдах явцад миний бие цагдаа болон уул уурхайн байцаагч нарт хэргийн материалд авагдсан карьерын талбайн хэлбэр нь нэг тийш 4.3 км сунаж өнцөг үүсгэсэн гурвалжин хэлбэртэй цэгийг хялбарчлан ойртуулж талбайд тохируулсан нь тэгш бус байгааг анзаарч Дархан сумтай байгуулсан гэрээний цэг солбицол дээр алдаа байгаа тухай хэлсэн боловч хэргийн материалд газрын албанаас тодруулсан гэх тодорхойлолт байгаа гэсэн хариу өгсөн. Миний зүгээс өөрт байгаа материал болон зөрчлийн хэргийн материал дотор буй Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 34 дүгээр тогтоолд тус сумын нутаг дахь Тоосгоны үйлдвэрийн урд талд байрлах түгээмэл тархацтай материалын карьерын заасан кординати солбицол нь 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 20 дугаар тогтоол шинэчлэгдэн гарахдаа өөр сумын карьерын цэгийн уртрагийг авч бичсэн техникийн алдаа гарч 1 цэгийн солбицлыг буруу бичсэнээр тэгш хэм нь алдагдсан байгааг мэдсэн. Карьер аль болох тэгш хэмтэй байх ёстой. Үүнийг холбогдох кадастрын эрх бүхий компаниар цэгийг байршуулах зураг хийлгэж үзэхэд манай хүсэлт гаргасан цэгтэй солбицол таарахгүй байгааг мэдсэн. Энэ тухай Дархан суманд албан бичгээр хүсэлт хүргүүлэн асуудлыг тодруулахаар хандсан болно.
- Хэрэв энэхүү асуудал тогтоогдвол карьерын талбай хэмжээ тодорхой болж бидний зөвшөөрөлтэй талбай хэтрүүлсэн гэх асуудалд өөрчлөлт орохоор байна. Бидний зүгээс анх талбайг авахдаа түүний орчны хог, энд тэнд ухсан байсныг сайжруулж өгье гэсэн үүднээс хандаж түүнийг хэвийн болгосон, хоёрдугаарт улсын төсвийн хөрөнгө оруулалттай ажлыг хуульд заасан хугацаанд чанартай техникийн шаардлагад таарсан материалаар хийх нь үндсэн үүрэг гэж үзсэн, гуравдугаарт ажлын явцад иргэдээс зураг төсөвт байхгүй боловч түр зам хийх, шороо тоос босож иргэдийн эд хөрөнгө, амь нас гэмтэхээс сэргийлэх нь иргэн хүний дээд үүрэг гэж үзэн өөрсдийн хөрөнгө хүчээр хийж ажилласан. Цаашид бид өөрсдийн зүгээс хийх ажилдаа анхаарал болгоомжтой хандан ажиллах болно.
- Анх бид нар зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлээгүй хэмээн үзэж байсан боловч Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын албан бичиг, гэрээ, хувийн компаниар хийлгүүлсэн зураг зэргийг харьцуулан үзэхэд зөвшөөрөгдсөн талбайгаас хэтрүүлсэн байна лээ. Зөвшөөрөлгүй талбайгаас олборлолт хийсэн гэдэгтэй маргахгүй” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
- Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчид холбогдуулан гаргасан дүгнэлттэй захиргааны хэргийг хянан хэлэлцээд маргаж буй эрх бүхий албан тушаалтны 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “*******” ХХК-ийг шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрийг дахин шинэ акт гаргах хүртэл 58 хоногийн хугацаагаар дараах үндэслэлээр түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
- Эрх бүхий албан тушаалтан буюу хариуцагч 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр “*******” ХХК нь улсын төсвийн хөрөнгөөр орон нутгийн чанартай авто замын ажил гүйцэтгэж, Дархан сумтай байгуулсан гэрээ, батлагдсан төсвийн хүрээнд Төсвийн тухай хууль, Авто замын тухай хуулийн дагуу үйл ажиллагаа явуулсан нь гэрч, холбогдогч нарын мэдүүлэг, батлагдсан төсөвт үзлэг хийсэн тэмдэглэл, Дархан сумын Засаг даргын 01/771 дүгээр албан бичиг, төлбөр төлсөн баримт зэргээр тогтоогдсон гэх үндэслэлээр “*******” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэлээс чөлөөлж шийдвэрлэжээ.
- Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон гуравдагч этгээдийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “...зөвшөөрөгдсөн талбайгаас хэтрүүлэн түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласан байна лээ” гэх тайлбар зэргээр “*******” ХХК нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 5-р баг үйлдвэрийн хэсгийн 0.7 км хатуу хучилттай авто зам, мөн сумын 1, 2, 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Олон Улсын төмөр замын гармаас хараа голын гүүр хүртэлх 2.275 км авто замын ажлыг хийж гүйцэтгэхдээ Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргатай 2024, 2025 онуудад байгуулсан түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах, нөхөн сэргээх гэрээний дагуу хайрга, дайрга, чулууг олборлон авч хэрэглэхдээ зөвшөөрөгдсөн талбайгаас хэтрүүлж авсан болох нь тогтоогдож байх бөгөөд үүнтэй хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар маргаагүй.
- Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1-д “Тусгай зөвшөөрөлгүй хүн, хуулийн этгээд:”, 1.2-т “түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон, эсхүл борлуулсан” гэж, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д ““түгээмэл тархацтай ашигт малтмал” гэж зам, барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой, элбэг тархалт бүхий элс, хайрга, тоосгоны шавар, хүрмэн, боржин, дайргын зориулалттай барилгын чулууны хуримтлалыг” гэж тус тус зааснаар зам барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой, элбэг тархалт бүхий элс, хайрга, дайргын зориулалттай барилгын чулууны хуримтлал бүхий түгээмэл тархацтай ашигт малтмалыг олборлохдоо тусгай зөвшөөрлийг хүн, хуулийн этгээд авахаар зохицуулжээ.
- Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2023 оны 34, 2024 оны 20 дугаар тогтоолоор төсвийн хөрөнгө оруулалтаар орон нутагт хэрэгжиж байгаа авто замын байгууламжийн барилга угсралт, авто замын засвар шинэчлэлтийн ажилд ашиглагдах түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах 11 байршил бүхий газрын солбицлыг тогтоосон, гуравдагч этгээдийн хувьд Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргатай 2024, 2025 онуудад түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах, нөхөн сэргээх тухай гэрээг байгуулсан хэргийн энэ тохиолдолд “*******” ХХК-ийг гэрээнд заасан солбицол дотор зөвшөөрөгдсөн хэмжээгээр түгээмэл тархацтай ашигт малтмалыг олборлох эрхтэй гэж үзэхээс тухайн талбайгаас хэтрүүлж улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орон нутагт хэрэгжиж байгаа авто замын байгууламжид ашиглагдах хайрга, дайрга, элс авч ашигласныг зөвшөөрөлтэй этгээд гэж үзэх боломжгүй юм.
- Эрх бүхий албан тушаалтан “...холбогдогч энэхүү зөрчлийг гаргасан нь үнэн боловч илүү ухсан гэх газар нь нөхөн сэргээлт хийгдсэн, зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлээгүй, өөр бусад зүйлд ашиглаагүй, улсын төсвийн хөрөнгөөр авто замын ажил хийгдэж байсан бөгөөд хугацаандаа ашиглалтад ороогүй тохиолдолд төсөв татагдах, нэмэгдэх, Дархан сумын 1, 2, 3 багийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөх, цаашлаад авто машин эзэмшигчид тойруу замаар явснаар эдийн засагт нь хохирол учрах эрсдэл үүсэх байсан” хэмээн үзэж Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 1-д “Тулгарсан аюулыг өөр арга хэрэгслээр арилгах боломжгүй нөхцөлд учирч болох аюулын хэр хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр үйлдсэн энэ хуульд заасан зөрчлийн шинжтэй үйлдэлд шийтгэл оногдуулахгүй” гэж зааснаар шийтгэлээс чөлөөлсөн байна.
- Дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэхийн тулд урьдчилсан нөхцөл нь аюул бодитой тулгарсан, тухайн аюулыг өөр арга хэрэгслээр арилгах боломжгүй нөхцөл бий болсон, учирч болох аюулын хэр хэмжээнээс хэтрүүлээгүй, зөрчил гаргасан байхыг шаардах төдийгүй тухайн урьдчилсан нөхцөлүүд нэгэн зэрэг хангагдсан тохиолдолд эрх бүхий албан тушаалтан холбогдогчийг шийтгэлээс чөлөөлөх шийдвэрийг гаргах учиртай.
- Гуравдагч этгээдийн хувьд эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөлтэй талбайгаас холбогдох норм, стандартад нийцсэн түгээмэл тархацтай ашигт малтмалыг олборлож чадахгүй болсноор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орон нутагт хэрэгжүүлж буй авто замыг хугацаандаа ашиглалтад оруулах, цаашлаад улсын төсвийн хөрөнгө оруулалт татагдах гэх мэтчилэн бодит аюул тулгарсан, холбогдогч Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1 дэх заалтын 1.2-т заасныг зөрчсөн болох нь дээр дүгнэсэнчлэн тогтоогдох боловч өөр арга хэрэгслээр уг аюулыг арилгах боломжгүй нөхцөл бий болсон, учирч болох аюулын хэр хэмжээнээс хэтрүүлээгүй гэдэг нь тогтоогдохгүй байна.
- Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар авагдсан “*******” ХХК-ийн олборлолт хийж байсан карьераас “Өнөр зам” ХХК, “Бурхант эко асфальт” ХХК-ууд харилцан тохиролцож олборлолт хийж байсан, тухайн хуулийн этгээдүүдийн хувьд өөр газраас олборлолт хийхээр гэрээ байгуулсан боловч төсөл арга хэмжээнд шаардагдах материалууд гарахгүй болсон, эрх бүхий байгууллагад энэ талаар мэдэгдэж, газар дээр үзлэг хийлгүүлж, гуравдагч этгээдийн олборлолт хийж байсан газраас олборлохоор болсон зэрэг үйл баримтууд тогтоогдсон төдийгүй “*******” ХХК-ийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “...манай компани түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох А зөвшөөрөлтэй “Сонголон хайрхан” ХХК, “Даланбулаг” ХХК, “Чулуут” ХХК-уудаас шаардлагатай түгээмэл тархацтай ашигт малтмалыг худалдан авч байсан” гэх тайлбараас үзвэл “*******” ХХК-ийн хувьд учирсан аюулыг арилгуулах, цаашлаад талбайн хэмжээг нэмэгдүүлэх, эсхүл өөр бусад карьераас олборлолт хийх талаар хүсэлтээ гарган шийдвэрлүүлэх, төсөвт өөрчлөлт оруулах, түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй этгээдээс авах зэрэг өөр арга хэрэгслийг хэрэглэх боломжтой байжээ.
- Мөн холбогдогчийн хувьд аюулыг үүнээс өөр арга хэрэгслээр арилгах боломжгүй хэмээн үзэж, мэдэж зөрчлийг гаргадаг бол “...иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын солбицол алдаатай гарсан, гэхдээ үүнийг зөвтгөсөн ч манайх зөвшөөрөгдсөн талбайгаасаа хэтрүүлсэн болох нь Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас ирүүлсэн зураг, хувийн компаниар үзүүлсэн баримтуудаар тогтоогдож байгаа...” гэх гуравдагч этгээдийн гаргасан тайлбараас үзвэл тэрээр зөрчил гаргасан гэдгээ мэдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдсэн болох нь тогтоогдож байна.
- Хариуцагчийн гаргасан “Дархан сумын 1, 2, 3 багийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөх аюултай” гэх тайлбар үндэслэлтэй боловч байгалийн баялгийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр ухаж, түүнээс олборлолт хийх нь нийтийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөх аюултай ба энэхүү хоёрыг харьцуулан дүгнэх боломжгүй төдийгүй эрх бүхий албан тушаалтны хувьд аюулын хэр хэмжээнээс хэтрүүлээгүй гэдгийг тогтоогоогүй гэдгээ шүүх хуралдаанд тайлбарласан.
- Түүнчлэн хариуцагчийн маргаж буй “...илүү ухсан гэх газар нь нөхөн сэргээлт хийгдсэн, зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлээгүй, өөр бусад зүйлд ашиглаагүй...” гэх үндэслэлүүд нь зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох, эсхүл шийтгэл оногдуулахад хамааралтай болохоос шийтгэлээс чөлөөлөх үндэслэл биш юм.
- Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор шүүх хуралдаанд “...эрх бүхий албан тушаалтан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх заалтын 1.3 дэх хэсэгт зааснаар Зөрчлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 3-д заасан үндэслэлээр шийтгэлээс чөлөөлөх эрхтэй болохоос мөн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэлээс чөлөөлж зөрчлийн хэрэг бүртгэлийг дуусгах эрх хэмжээгүй” гэж үндэслэлээ тайлбарласныг шүүх хүлээн авах боломжгүй юм.
- Учир нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлд эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийг зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох, шийтгэл оногдуулах, шийтгэлээс чөлөөлөх гэсэн шийдвэрийн аль нэгийг гаргаж дуусгавар болгохоор хуульчилсан ба мөн зүйлийн 1.3 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол зөрчил үйлдсэн арван дөрвөөс арван найман насны хүний хувийн байдал, зөрчлийн шинж, зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзан шийтгэлээс чөлөөлөхөөр зохицуулсан боловч тухайн заалтын хувьд ерөнхий зохицуулалт байдлаар тусгагдаж, нарийвчилсан зохицуулалт болох мөн хуулийн 6.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйл, 3.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлээр зөрчил үйлдсэн хүнийг шийтгэлээс чөлөөлөх тухай шийдвэр гаргаж, прокурорт даруй мэдэгдэнэ” гэж зааснаар эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийг Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлд заасан үндэслэлээр шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрийг гаргах эрхгүй гэж үзэхээргүй байна.
- Дээрх бүхнээс дүгнэн үзэхэд эрх бүхий албан тушаалтан тулгарсан аюулыг өөр арга хэрэгслээр арилгах боломжгүй нөхцөлд учирч болох аюулын хэр хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр үйлдсэн Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийн шинжтэй үйлдэлд шийтгэл оногдуулахгүй байх эрхтэй ч хэргийн энэ тохиолдолд холбогдогч “*******” ХХК-ийн зөрчлийн шинжтэй үйлдэл уг шийтгэлээс чөлөөлөх үндэслэлд хамаарахгүй, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй боловч Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын дүгнэлтээр маргаж буй шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэх нь шүүхийн зорилготой нийцэхгүй байна гэж шүүх үзлээ.
- Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар захиргааны хэргийн шүүх нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэрэг үүсгэж, хариуцагчийн үйл ажиллагаа хууль бус бөгөөд түүнийг хүчингүй болгосноор нэхэмжлэл гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх учиртай.
- Хэргийн энэ тохиолдолд нэхэмжлэгчийн хүсэлт сонирхол нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж буйг таслан зогсоох хэмээн тайлбарлах боловч түүний шүүх хуралдаанд гаргасан “...нэгэнт эрх бүхий албан тушаалтан хуульд зааснаар шийдвэрээ гаргасан учраас прокурорын байгууллагаас дахин шийдвэр гаргуулах эрх хэмжээ байхгүй” хэмээн тайлбарлаж буйгаас үзвэл нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимтай нийцэхгүй байна.
- Өөрөөр хэлбэл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэгэнт зөрчлийн хэрэг үүсгэсэн бол эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг энэхүү шийдвэрийн Үндэслэх хэсгийн 13-д зааснаар дуусгавар болгох ёстой ба шийтгэлээс чөлөөлсөн шийдвэр нь хуульд нийцээгүй тохиолдолд бусад хэлбэр болох зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох, шийтгэл оногдуулах шийдвэрийн аль нэгийг гаргах нь шударга ёсны зарчимтай нийцэх төдийгүй энэ нь хуулиар олгосон эрх бүхий албан тушаалтны эрх, үүрэг юм.
- Хариуцагчид дээрх эрх, үүргээ хэрэгжүүлэх, алдаагаа засах боломжийг олгох нь зүйтэй төдийгүй шүүх эрх бүхий албан тушаалтны хуулиар олгосон эрх, үүрэг рүү халдаж холбогдох шийдвэр гаргах эрхгүй ба энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн тул маргаж буй “*******” ХХК-ийг шийтгэлээс чөлөөлсөн Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн шийдвэрийг дахин шинэ акт гаргах хүртэл 58 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
- Нэхэмжлэгчээс шүүхэд дүгнэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
- Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйл, 2.3 дугаар зүйлийн 1 дэх заалтыг тус тус баримтлан Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “*******” ХХК-ийг шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрийг дахин шинэ акт гаргах хүртэл 58 хоногийн хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
- Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-д зааснаар нэхэмжлэгч шүүхэд дүгнэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
- Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 58 хоногийн хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “*******” ХХК-ийг шийтгэлээс чөлөөлсөн шийдвэр хүчингүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор анхан шатны шүүхээрээ дамжуулан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.МӨНХ-ЭРДЭНЭ