| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2018/0050/Э |
| Дугаар | 54 |
| Огноо | 2018-05-28 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Э.Тулгаа |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 54
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,
Нарийн бичгийн дарга Т.М,
Улсын яллагч Э.Т,
Шүүгдэгч Ц.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ц.А-т холбогдох эрүүгийн 1820000570039 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ээж, дүү нарын хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Борхойн багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б овогт Ц.А,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.А нь 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Ө.А-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Ц.А мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би А-н биед хүндэвтэр гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 03 дугаар сарын 08-ны өглөө 10 цаг болж байхад манай найз Т манай гэрт ирсэн. Тэгээд надад “би жижиг автомашины мотор хүнээс худалдаж авах гэж байгаа юм. Хоёулаа түүнийг аваад манай гэрт аваачиж тавиад ирье гэж хэлсэн. Тэгээд бид хоёр түүний приүс-10 маркийн улсын дугаарыг нь санахгүй байна автомашинтай гэр хороололд байх нэг айлд очиж, машины мотор аваад, түүнийгээ боомтын гудамжинд байх Т-н гэрт аваачиж тавьсан. Т нь зуны цагт уг гэрт амьдарч, өвлийн цагт Алтанхаргана цэцэрлэгийн зүүн талд байрлах хуучны катеж /байрны дугаарыг мэдэхгүй гэх/ байранд амьдардаг. Бид хоёр мотороо буулгачихаад Т-н амьдардаг байшинд ирэхэд түүний эхнэр Ж хүүхдийнхээ хамт гэрт нь байсан. Т надтай уулзахаасаа өмнө Г-н гэрт очиж хорхог хийж идэхээр ярьчихсан байсан юм шиг байна лээ. Тэгээд Т бид хоёр тэдний гэрээс гараад Г-той төвд уулзаж, бид гурав Х бөөний төвөөс хараа нэртэй 0,75 литрийн архи 1 шилийг аваад, цааш Э дэлгүүр рүү явж, тэндээс хонины хаа, гуя худалдаж авсан. Замаараа Т-г гэрээс нь очиж аваад, цааш тоотод байрлах Г-н хашаанд очсон. Г өөрөө төвд амьдардаг ба уг хашаанд 2 гэр байсан. Нэг гэр нь Г-н гэр ба түүнд хүн амьдардаггүй. Т, Г бид гурав чулуу халааж, хорхог хийж байх явцдаа Хараа нэртэй 0,75 литрийн архи 1 шил архиа хувааж уусан. Харин Т машин барьж байсан болохоор архи уугаагүй. Бид гурвыг архиа ууж дууссаны дараа Т гэр лүүгээ явж эхнэр Ж-г хүүхдийнхээ хамт авчирсан. Тэр гурвыг ирсний дараа Т, Т нар дэлгүүр рүү явж хараа нэртэй 0,75 литрийн архи дахин 1 шилийг авчирч, түүнийг нь Ж, Г, Т бид дөрөв хувааж уусан. Т уугаагүй. 2 дахь шил архиа ууж байхдаа махаа идсэн. Бид 2 шил архи уусан тул би нилээд согтоод унтсан. Түүнээс хойш юу болсныг огт мэдэхгүй байна. Нэг сэрэхэд гэртээ оччихсон унтаж байсан. Намайг сэрэхэд 19 цаг өнгөрч байсан байх. Би гэртээ хэнээр хүргүүлж яаж очсоноо санахгүй байна. Дараа нь сонсоход Т намайг хүргэж өгсөн гэсэн. Ө.А-тай утсаар ярьсан хохирол нэхэмжлээгүй. Пудволк маань энгэрээсээ авахуулаад урагдсан байсан ээж маань хаячихсан. Миний эгэмний орчим маажсан байсан өөр гэмтэл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний буруу...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-50/,
- Хохирогч Ө.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 03 сарын 08-ны өдөр гэртээ амарч байхад үүрээр 04 цагийн орчим ажлаас дуудаж ажил гараад Замын-Үүдээс Эрээн хот галт тэрэг жолоодож 05 цаг 30 минутаас Замын-Үүдээс хөдлөөд Эрээн хотод 08 цаг 30 минутын орчим очоод 09 цаг 30 минутын орчим Эрээн хотоос галт тэрэг жолоодож хөдлөөд Замын-Үүд суманд 12 цаг 30 минутын орчим орж ирсэн ба ажлаасаа буугаад А.А-н гэрт очиж хоол идсэн. А.А 0,5 литр Чингис архи талдаа орчихсон байсан архи гаргаж ирээд надад өгөхөөр нь би 2 аяга архи уусан. Дахиж уугаагүй. Үдээс хойш 14 цагийн орчим А.А-тэй хамт гэрээс нь гараад Г хашаанд байдаг гэрт очихдоо би нилээн халчихсан байсан. Тэгээд очиход танихгүй 4 хүн архи ууж байсан ба архинаас нь хамт уусан. Тэгээд Ц.А гэдэг залуутай гэрт маргалдаж байснаа санаж байна. Нэг сэрсэн чинь би Г-н гэрт ганцаараа баруун талын шалан дээр ганцаараа унтаж байхад Г шөнө ирээд намайг эмнэлэг авч явъя гэхээр нь би явахгүй гээд Г-н подволд гэрт хоносон. 2018 оны 03 сарын 09-ний өглөө 06 цагийн орчим Г эмнэлэг дуудсан чинь түргэн ирээд намайг аваад явсан. Эмнэлэг дээр очиход миний баруун хөлийн шилбийг чиг тавьж шохойдсон ба тэр өдрөө Сайншанд руу машинаар явж мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байгаад 2018 оны 03 сарын 19-ний өдөр баруун хөлийн шилбийг хадуулах хагалгаанд орсон. Ийм л асуудал болсон юм... хохирогч болсон нь үнэн боловч гомдолгүй тул шүүх хуралд өөрийн биеэр оролцож чадахгүй учир саналыг минь харгалзан үзнэ үү” гэсэн мэдүүлэг, хүсэлт /хх-ийн 6-10, 81/,
- Гэрч А.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 03 сарын 08-ны өдөр 13 цагийн орчим би 3 хүүхэддээ хоол хийж өгчихөөд гадаа салхинд аваад гарах гээд байж байхад Ө.А орж ирээд хоол идчихээд аяга тавагны тавиур дээр байсан 0,5 л задалчихсан дээрээсээ 2 хундага уучихсан байсан “Чингис” архийг харчихаад нэг хийгээд өгчих гэж гуйхаар нь би аяганд 1 удаа жаахан хийж өгснийг уухаар нь ширээн дээр хажууд нь архийг тавьчихсан чинь Ө.А дахиад өөрөө архинаас аягандаа хийж уугаад байсан. Би гэр орноо цэвэрлэж байсан болохоор хэдэн аяга архи уусныг анзаараагүй. Нэг харсан чинь талаасаа доогуур болтол архинаас уучихсан байсан. 16 цагийн үед Г надтай утсаар яриад тогооны хорхог хийчихлээ ирж мах ид гэхээр нь би Ө.А-г харьж амар гэсэн чинь би хамт явъя гээд надаас гуйгаад байхаар нь дагуулж гараад хамт такси бариад замаараа дэлгүүрээс 0,5 л “Чингис” архи 1 шилийг авч очсон. Ө.А нилээн халчихсан байсан. Г-н гэрт ороход 0,75л “Хараа” архи 1 шилийг А, Т, Ж, Г нар уугаад дуусч байсан. Миний авсан архинаас Т машин жолоодож яваа гээд уугаагүй бусад бүгд хувааж уусан. Бид нарыг юм яриад сууж байхад Ц.А тамхи татна гээд гарах гэтэл Ө.А цуг гаръя гэж хэлээд тэр хоёр хамт гарсан. Т нүүрс авна гээд бас гараад явчихсан байсан. Ж.Ж бие засчихаад буцаж орж ирэхдээ Ө.А гэрийн зүүн талд үүдний амбаарын ойролцоо газар хажуу тийшээ харчихсан хэвтэж байна гэхээр нь би Г-той хамт гартал Т ирэх таараад Г бид хоёр А-н суганаас нь, Т 2 хөлийг нь өргөөд гэрт оруултал миний баруун хөл эвгүй болчихлоо гэхээр нь би баруун хөлийнх нь гутлыг тайлсан. Тэгээд Ө.А-г гэрт чинь хүргээд өгье гэтэл би жаахан унтаж байгаад явъя гэхээр ганцааранг нь орхиод эргэж ирээд авъя гээд бөөндөө гарцгаасан. 2018 оны 03 сарын 09-ны өглөө 08 цагийн орчим Ө.А-г сэрэхэд Г түргэн дуудаад эмч ирсэн хойно нь Г бид хоёр ажил руу хамт явсан. Ө.А-с юу болсон өглөө юу болсон юм бэ гэж асуухад мэдэхгүй байна харин юу болсон юм бэ гээд олигтой юм яриагүй. Би 2018 оны 03 сарын 10-ны өдөр Ө.А-тай утсаар ярьж юу болсон талаар асуухад Ц.А гэрээс гараад намайг хавирч унагаасан газар унасан хойно миний нүд рүү өшиглөсөн гэж надад өөрөө ярьсан. Өөр надад мэдэх зүйл алга. Ийм л асуудал болсон юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-32/,
- Гэрч Ж.Ж мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 03 сарын 08-ны өглөө 10 цагийн орчим гэртээ байж байхад Ц.А ирсэн. Удалгүй Г ирсэн. Манай нөхөр Т Г-д хэлэхдээ танай гэрт очиж хонины, хаа, гуя аваад хорхог хиймээр байна гэхэд Г зөвшөөрөөд ирсэн. Би гэр орноо цэвэрлэнэ гээд үлдсэн. Тэр гурав Г-н машинтай хамт гэр лүү нь явсан. 12 цаг өнгөрч байхад би гэрээсээ нөхрийнхөө улсын дугаартай “Приус-10” маркийн машиныг жолоодоод Г-н гэрт очиход хорхогны чулуугаа халаагаад хорхгоо хийх гээд байж байсан. 0,75л “Хараа” архи 1 шилийг авсан байсан ба Т машин жолоодож байсан учир архи уугаагүй бусад нь бүгд хувааж уусан. Хорхог болж байхад А.А, Ө.А гэдэг хүнтэй хоёулаа нилээн халамцуухан ирэхдээ 0,5 литрийн “Чингис” архитай ирсэн түүнийг бид нар бүгдээрээ махаа идэж архиа хувааж уусан. Ө.А орж ирээд Ц.А-г гэрийн зүүн талын шалан дээр унтаж байхад сэрээх гээд байхаар нь би саяхан унтсан согтуу байгаа гэсэн чинь Ө.А, Ц.А-г татаж босгож ирээд чи унтах ёс байхгүй өнөөдөр эмэгтэйчүүдийн баярын өдөр чи тасрах ёс байхгүй гээд байсан. Ө.А Ц.А-н хажууд суучихаад чи өгсөн архийг уу гээд өдөөд байсан. Ц.А өөдөөс нь юу ч дуугарахгүй байсан. Ө.А Ц.А-г хоёулаа гадаа гаръя гэсэн тэгээд тэр хоёр гэрээс хоёулаа гэрээс гарсан. Би тэр хоёрын хойноос гартал манай нөхөр Т гаднаас орж ирсэн. Тэр хоёр хоорондоо муудалцсан бололтой. Ө.А гэрийн зүүн талд гадаа баруун гараа дэрлээд доошоо хараад хэвтэж байсан. Ц.А-н хувцас хунар нь тоос шороо болчихсон пудболк нь урагдчихсан, нүүр ам нь тоос шороо болчихсон байхаар нь би Т-г Ц.А-г гэрт нь хүргээд өг гээд явуулсан. Би Ө.А дээр очиж босоорой гээд хувцаснаас нь татсан чинь байж бай жаахан хэвтээд байж байя гэсэн. Ө.А-г босохгүй болохоор нь би гэр лүү орж нөгөө хоёр чинь муудалцсан юм шиг байна Ө.А босохгүй байна гэхэд А.А, Г хоёр гарч иртэл манай нөхөр Т машинтайгаа хашааны гадаа ирсэн. А, Г, Т гурав А-г дамжилж гэрт орсон. Т цээжнээс нь өргөөд А, Г хоёр хөлнөөс нь өргөөд гэрт оруулаад гэрийн баруун талд шалан дээр хэвтүүлсэн чинь Ө.А би жаахан унтмаар байна гээд байсан. Бид хэд хорхогны махаа идээд архиа ууж дуусаад Ө.А-г авч явах гэтэл дахиад босохгүй унтмаар байна гээд байхаар нь ганцааранг нь гэрт орхиод бид нар явсан. Г гэрийнхээ хаалгыг хаачихаад явсан. Гэрээ цоожилсон эсэхийг би мэдээгүй сүүлд нь Г гарч ирсэн би түрүүлээд гадаа гараад нөхрийнхөө машинд суучихсан байсан бид нар 17 цагийн үед тэндээс хөдлөөд гэртээ очиж амарцгаасан. Ийм л асуудал болсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-21/,
- Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 02/091 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
- Ц.А-н иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 53,57/,
- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54-55/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг судалсан болно.
Шүүгдэгч Ц.А нь 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Ө.А-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд болон шинжээчийн 02/091 дугаартай дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхээс шүүгдэгч Ц.А-т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэрэг хангалттай нотлогдон тогтоогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Ц.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримт болон шүүгдэгчийн иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, хохирогч Ө.А нь хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ц.А-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Ц.А-г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-т оногдуулсан 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд тус бүр 250,000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Ц.А нь 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ц.А рнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хохирогч гомдол саналгүй, хохирол нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.
7. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Н