Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2024/ДШМ/044

 

Ц.Бат-Өлзий, П.Эрдэнэ-Очир, П.Энхжаргал,

Ж.Жамъяншарав, Б.Батсүрэн, Д.Пүрэвдагва,

Н.Дорждагва, Э.Баатарчулуун  нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж,  Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ, шүүгч Ч.Баярцэнгэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Н.Улсболд /цахимаар/; 

Шүүгдэгч Ц.Бат-Өлзий, түүний өмгөөлөгч М.Энхзаяа /цахимаар/;

Шүүгдэгч П.Эрдэнэ-Очир;

Шүүгдэгч П.Энхжаргал, түүний өмгөөлөгч А.Кадербек /цахимаар/;

Шүүгдэгч Ж.Жамъяншарав, Б.Батсүрэн, Д.Пүрэвдагва, Н.Дорждагва, Э.Баатарчулуун нарын өмгөөлөгч П.Одонтунгалаг, Г.Должинсүрэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунболд нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/81 дүгээр  шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Н.Улсболд, У.Анхжаргал нарын бичсэн эсэргүүцлээр Ц.Бат-Өлзий, П.Эрдэнэ-Очир, П.Энхжаргал, Ж.Жамъяншарав, Б.Батсүрэн, Д.Пүрэвдагва, Н.Дорждагва, Э.Баатарчулуун  нарт холбогдох эрүүгийн 2301000080327 дугаар хэргийг 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Ганчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, ...................... оршин суудаг,

 Урьд нь Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн №116 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Хадныхан овогт Баярсайханы Батсүрэн ВЮ81080411 регистрийн дугаартай;

2. Монгол Улсын иргэн, ................ оршин суудаг, Жалган овогт Цэрэндоржийн Бат-Өлзий ДЕ89042418 регистрийн дугаартай;

3. Монгол Улсын иргэн, ................. оршин суудаг,

Урьд нь  Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 2018/ШЦТ/140 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн № 96 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн №19 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суугаа газраа болон ажлаа өөрчлөх үедээ хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч тус тус өөрчлөлт оруулсан, Боржигон овогт Нармандахын Дорждагва ВЮ95073111 регистрийн дугаартай;

4. Монгол Улсын иргэн, ............. оршин суудаг, Дэлэг овогт Энхбаатарын Баатарчулуун, ВК95042411 регистрийн дугаартай;

5.Монгол Улсын иргэн, .............. оршин суудаг,

Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар  нийт 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 07- ны өдрийн 146 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар таван мянга дөрвөн зуун  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Цагаановоо овогт Зоригтын Жамьяншарав, В086110210 регистрийн дугаартай;

6. Монгол Улсын иргэн, .............. оршин суудаг,  Боржигон овогт Доржийн Пүрэвдагва, ВЮ95112612 регистрийн дугаартай;

7.Монгол Улсын иргэн, ............... оршин суудаг,

Урьд нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 277 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.7, 91.2.11, 147 дугаар зүйлийн 147.3, 145 дугаар зүйлийн 145.3, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар  ялуудыг нэмж нэгтгэн нийт 25 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, Тайж овогт Пүрэвийн Эрдэнэ-Очир ДП72011116 регистрийн дугаартай;

8. Монгол Улсын иргэн, ............ оршин суудаг,

Урьд нь Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 200 дугаар зүйлийн 200.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61.1 дүгээр зүйлийн 1,4-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жил 2 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, Өөлд овогт Пүрвээгийн Энхжаргал ВГ71071925 регистрийн дугаартай.

Шүүгдэгчдийн холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч Б.Батсүрэн, Ц.Бат-Өлзий, Н.Дорждагва, Э.Баатарчулуун, З.Жамъяншарав, Д.Пүрэвдагва, П.Эрдэнэ-Очир нар нь бүлэглэн 2022 оны 9 дүгээр сард Говь-Алтай аймгийн Дарви сумын нутаг дэвсгэрт байрлах “Халцгай амны дунд” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт ашиглалт явуулж газрын хэвлийд халдсан,

Шүүгдэгч Б.Батсүрэн, Ц.Бат-Өлзий нар нь үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн 2022 оны 10 дугаар сард Говь-Алтай аймгийн Дарви сумын нутаг дэвсгэрт байрлах “Бага  дарви гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт ашиглалт явуулж газрын хэвлийд халдсан,

Шүүгдэгч П.Энхжаргал нь Б.Батсүрэн, Ц.Бат-Өлзий нарын 2022 оны 10  дугаар сард Говь-Алтай аймгийн Дарви сумын нутаг дэвсгэрт байрлах “Бага Дарви” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт ашиглалт явуулж газрын хэвлийд халдсан үйлдлийн улмаас 200 грамм алтыг гэмт хэргийн улмаас олсон гэдгийг мэдсээр байж авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч З.Жамъяншарав, Д.Пүрэвдагва, Э.Баатарчулуун, Н.Дорждагва, П.Эрдэнэ-Очир нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т хэсэгт зааснаар,

шүүгдэгч Б.Батсүрэн Ц.Бат-Өлзий нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар,

шүүгдэгч П.Энхжаргалд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-д зааснаар тус тус зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Н.Дорждагва, Э.Баатарчулуун, З.Жамъяншарав, Д.Пүрэвдагва нарт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч П.Энхжаргалд тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож,

Шүүгдэгч Б.Батсүрэн, Ц.Бат-Өлзий, П.Эрдэнэ-Очир нарыг бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт ашиглалт явуулж газрын хэвлийд халдсан,  

Шүүгдэгч Б.Батсүрэн, Ц.Бат-Өлзий нарыг үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт ашиглалт явуулж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т хэсэгт зааснаар шүүгдэгч П.Эрдэнэ-Очирыг таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Батсүрэн Ц.Бат-Өлзий нарыг тус бүр таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Батсүрэн, Ц.Бат-Өлзий, П.Эрдэнэ-Очир нарт тус бүр оногдуулсан таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн буюу 2 жилийн хугацаанд төлөхөөр тус тус тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Батсүрэн, Ц.Бат-Өлзий, П.Эрдэнэ-Очир нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Ц.Бат-Өлзийгөөс 23796500 төгрөгийг, шүүгдэгч  шүүгдэгч Ц.Бат-Өлзийн эзэмшлийн....90-02 УБЧ улсын дугаартай приус-2 маркийн тээврийн хэрэгслийг үнэ болох  16758000 төгрөгийг тус тус гаргуулж, шүүгдэгч П.Эрдэнэ-Очирын эзэмшлийн 87-88 ГАА улсын дугаартай, тоёота ланд круйзер-80 маркийн тээврийн хэрэгслийг хурааж,  тус тус улсын орлого болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4-д зааснаар хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан Экологийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа  ЭКОЦА-60 дугаарын лацаар лацадсан/ 665 грамм /мөнгөн гулдмай,  Ekol Mod 2005 Aras Compast загварын хийн гар буу 1 ширхэг, 5 ширхэг сумны хамт, Реrfecta mod FВ1 8000 загварын хийн гар буу 1 ширхэг, 5 ширхэг сум,

Экологийн цагдаагийн албаны эд мөрийн баримтын өрөөнд /24ММ19259 дугаартай лацаар лацадсан/ хадгалагдаж Баянхонгор аймаг дахь Голомт банкны салбарт барьцаалсан 1.986.4 грамм алтыг шүүгдэгч П.Энхжаргалд  буцаан олгож,

Экологийн цагдаагийн албаны эд мөрийн баримтын хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа  шар өнгийн модон иштэй хүрз 1 ширхэг, улаан өнгийн халцарсан будагтай төмөр уур 1 ширхэг, 40 см төмөр иштэй илжгэн чих /газар ухах зориулалт бүхий төмөр багаж /молдок зэргийг устгуулахаар Нийслэлийн Экологийн цагдаагийн албанд даалгаж,

хавтас хэргийн /4хх66-67, 5хх225-226, 232-233, 233-234 / байгаа  бичлэг бүхий СD  дөрвөн ширхэг зэргийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулсан мөрдөгчийн магадалгаа, нууц ажиллагааны СD таван ширхэг зэргийг Улсын Ерөнхий Прокурорын газрын Эрүүгийн хэргийн төв архивын тусгай нэгжид хадгалуулахаар шилжүүлж,

Шүүгдэгч Ц.Бат-Өлзийн эзэмшлийн ....90-02 УБЧ улсын дугаартай приус-2 маркийн тээврийн хэрэгслийг...., шүүгдэгч П.Эрдэнэ-Очирын эзэмшлийн... Баянгол дүүргийн ........................ тоот хаягт байрлах 49.48м2, Улсын бүртгэлийн Ү-2205044163 дугаартай орон сууцыг...., мөн 87-88 ГАА улсын дугаартай тоёота ланд круйзер-80 маркийн тээврийн хэрэгслийг....,  Г.Долгорсүрэнгийн  эзэмшлийн.... 88-08 БНР улсын дугаартай тоёота ланд круйзер-200 маркийн тээврийн хэрэгслийг...., хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын зөвшөөрлийг тус тус хүчингүй болгож,

Шүүгдэгч Н.Дорждагва, Э.Баатарчулуун, З.Жамъяншарав, Д.Пүрэвдагва, П.Энхжаргал нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож,

Шүүгдэгч Б.Батсүрэн, Ц.Бат-Өлзий, П.Эрдэнэ-Очир нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

Шүүгдэгч Б.Батсүрэн, Ц.Бат-Өлзий, П.Эрдэнэ-Очир, Н.Дорждагва, Э.Баатарчулуун, З.Жамъяншарав, Д.Пүрэвдагва, П.Энхжаргал нар цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй,тэдгээрийн түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч  Б.Батсүрэн, Ц.Бат-Өлзий, П.Эрдэнэ-Очир нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Н.Улсболд, У.Анхжаргал нар тус шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ:

“...Шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгч Н.Дорждагва, Э.Баатарчулуун, Д.Пүрэвдагва нар нь Б.Батсүрэнгийн Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газраас санхүүжүүлж Баянхонгор сумын Шинэ суурьшлын бүсэд Евро хашаа, Эко нойл хийж байгаа ажилд хамтран ажилладаг буюу хөлсөөр ажиллах гэрээний дагуу бүх төрлийн ажил, үйлчилгээ үзүүлж ажиллаж байсан нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Б.Батсүрэн нь шүүгдэгч Н.Дорждагва, Э.Баатарчулуун, З.Жамъяншарав, Д.Пүрэвдагва нарыг Говь-Алтай аймаг руу газар шорооны ажил хийлгэхээр, нэг өдрийн 100,000 төгрөгөөр ажиллуулах саналыг тавьсан, шүүгдэгч нар тохирсон ажил үйлчилгээг үзүүлэх буюу хөлсөөр ажиллах гэрээний дагуу нэг өдрийн 100,000 төгрөгөөр цалингаар ажилласан нөхцөл байдал тогтоогдож байна.

Гэмт хэрэгт хамтран оролцогчид нь хоорондоо бодит ямар тохироо хийсэн, уг тохиролцооныхоо хүрээнд өөр өөрсдийн үүргээ хуваарилан ямар зорилгод хүрэх зорилготой байсан, энэ тухайгаа хоорондоо хэлэлцэн тохиролцсон эсэхийг болон гэмт этгээдүүд тодорхой буюу гэмт хэрэг үйлдэхээс өмнө дээр дурдсан тохиролцоог хийгээгүй бөгөөд шүүгдэгч Н.Дорждагва, Э.Баатарчулуун, З.Жамъяншарав, Д.Пүрэвдагва нар нь ашигт малтмалыг хайх, олборлох үйлдэлд оролцсон оролцоо байгаа эсэх нь тодорхой бус ба дээрх нөхцөл байдлуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлон тогтоогдож байна” гэж дүгнэн шүүгдэгч Н.Дорждагва, Э.Баатарчулуун, З.Жамъяншарав, Д.Пүрэвдагва нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд авагдсан яллагдагч П.Эрдэнэ-Очирын гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...Баянхонгороос ирсэн бригад аймгийн хойд давааны аманд хүлээж байсан. Тэгээд хамт яваад нүхэн дээр очсон. Тухайн үед цахилгаан мотор, молдоктой очоод ажилласан. Тэнд угаасаа ухаад хаячихсан нэг л нүх байсан. Тэгээд бид нар тэр нүхийг үргэлжлүүлж молдокоор ухсан ...Тэр байдлаар 2 шөнө ухаад үзэгдэхдээ үгүйтэй 1 грамм хүрэхгүй шахуу алт олсон...”,

Яллагдагч Ц.Бат-Өлзийн гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...Говь-Алтай аймгийн Дарви сумын /хуучин алт гарч байсан нэрийг нь мэдэхгүй газар/ нутагт очиход дээрээс нь ухчихсан нэг нүх байсан тэр нүхийг 2 шөнө, 2 орой молдок, мотор ашиглаж ухсан. Тэр газар нь битүү хад учир бид нар доош нь 1 метр ухаад хаясан. Өдрийн цагаар бид нар нүхнээсээ жаахан зайдуу машин тэрэгтэйгээ байж байгаад орой нь очиж ухдаг байсан...”, “...миний хувьд Говь-Алтай аймгийн Дарви сумын нутаг дэвсгэрээс найз болох Баянхонгор аймгийн Батаа /Батсүрэн/ гэдэг залуугийн хамт олборлосон 200 гаруй грамм алтыг 2022 оны 10 сарын 17-ны өдөр алтны ченж П.Энхжаргал гэдэг хүн Баянхонгор аймгийн Баруун бүсийн худалдааны төвийн зогсоол дээр байхад нь аваачиж өгсөн юм. ...Батсүрэн, Эрдэнэ-Очир, би бас Батсүрэнгийн бригадын залуучуудтай хамт явсан...”,

Яллагдагч Б.Батсүрэнгийн гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...тэгээд Шарваа, Оросоо, Пүүжээ, Доржоо гэх дүү нарыг дагуулаад 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 30-ны өдрийн хооронд санагдаж Говь-Алтай аймгийн Дарви сумын нутаг дэвсгэрт очиж Бат-Өлзийтэй уулзахад шар Эрдэнэ-Очир гэх хүнтэй хамт явж байсан ба бид нарыг Бат-Өлзий дагуулаад тухайн газарт очсон ...”, ”...Тухайн газарт бид нарыг очих үед 2x3 метрийн хэмжээтэй 4 орчим метрийн гүнтэй нүх ухагдсан байсан ба тухайн нүхэнд бид нар 2 шөнө ажиллаж ашигт малтмал олборлосон боловч олигтой алт гараагүй....”, “...хууль бусаар ашигт малтмал олборлож байсан учраас тухайн газраас шууд зугтаад буцаад Баянхонгор аймагт ирсэн. ...металл хайгч тавиад газрын өнгөн хэсгээс энд тэндээс газрын 10-с 30 орчим см янз бүр ухаж 200 грамм орчим алт олоод тэр алтаа төгрөг авсан...”, “...Баянхонгор аймгийн Энхжаргал гэх ченжид тушаагаад 24,000,000 төгрөгөөр авсан...”,

Яллагдагч Н.Дорждагвын гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...Тэгээд явсан юм. Яваад Говь-Алтай аймгийн төвөөр дайраад цаашаа уул ихтэй, ухсан нүхтэй газар очоод тэр газрын молдокоор ухаж 2 өдөр ажилласан юм. Тэгээд тэр газраас жаахан чулуу аваад тэрийгээ Батсүрэн ах уур нүдүүрт хийж нүдэж үзээд юм гарахгүй байна...”, “...Батсүрэн, Оросоо, Пүүжээ дахиад нэг хүний хамт бид хэд Батсүрэнгийн машинаар явсан.”, “...Мотор асааж байгаад молдокоор ухсан, молдок мотор нь Батсүрэн ахынх байх. Очсон газар нь хуучин ухагдсан газар байсан. Тэр газар бага зэрэг ухсан...”,

Яллагдагч Э.Баатарчулууны гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...Говь-Алтай аймгийн нутаг хөдөө уултай газар очоод тэнд хуучин ухагдсан газар байсан. Тэр газар нүх рүү орж молдокоор шороо чулуу молдокдож газар ухсан юм...”,

Яллагдагч З.Жамъяншаравын гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...Тэгээд Говь-Алтай аймгийн Дарви суманд очиход уулан дундуур яваад нэг уулын салаанд өглөөгүүр очиход нүхний ойролцоо очиход орой болохыг хүлээж байгаад нар жаргаад харанхуй болонгуут нь нүхэн дээр очоод нүх рүү би ороод сул шороонуудыг татсан, сул шороог Пүүжээ, Оросоо, Доржоо бид 4 ээлжлэн ороод өглөө болтол татаж гаргасан. Тэгээд өглөө болонгуут тухайн газраас холдоод явсан. Тэгээд харанхуй болохыг хүлээж байгаад жаахан шороо татаж байгаад хартал алтны судал нь гарч ирсэн. Тэгээд контрол үзчих юм байна уу гаргаад ир гэж хэлсэн. Тэгээд би жаахан энд тэндээс нь цахилгаан молдок ашиглан дараад нэг хүрз хиртэй чулуу гаргаж өгсөн...”,

Яллагдагч Д.Пүрэвдагвын гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...би хамт ажилладаг Оросоо, Доржоо хоёртой хамт Говь-Алтай аймгаас цаашаагаа явж байгаад нэг газар очиж 2 шөнө ажилласан...” гэсэн мэдүүлгүүд авагдсан байна.

Дээрх мэдүүлгүүдээр шүүгдэгч Н.Дорждагва, Э.Баатарчулуун, З.Жамъяншарав, Д.Пүрэвдагва нар нь Ц.Бат-Өлзийн санал болгосны дагуу 2022 оны 9 дүгээр сард Говь-Алтай аймгийн Дарви сумын нутаг дэвсгэрт байрлах “Халцгай амны дунд хамар” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт ашиглалт явуулж газрын хэвлийд халдсан идэвхтэй үйлдэл хийсэн болох нь нотлогдон тогтоогддог.

Гэтэл шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Н.Дорждагва, Э.Баатарчулуун, З.Жамъяншарав, Д.Пүрэвдагва нарын “...Батсүрэн ирээд 100,000 төгрөгийн газар шорооны ажил байна. ...би хэрэг хийгээгүй...” гэсэн мэдүүлгүүдэд үндэслэж, дээрх мэдүүлгүүдийг яллах ач холбогдолгүй гэж дүгнэн хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т “...хэд хэдэн шүүгдэгчээс заримыг нь цагаатгасан, эсхүл шүүгдэгчийг яллаж байгаа зарим хэргийг хэрэгсэхгүй болгосон бол яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл, тэдгээрийг нотлох баримтын агуулга.” зааснаар яллах талын нотлох баримтуудыг хэрхэн үгүйсгэснийг, прокурорын яллаж буй дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн дүгнэлтийг хангалттай хийгээгүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсний зэрэгцээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн хэлбэр гэж үзэхээр байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объективын талын үндсэн шинж нь “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглал явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдсан” идэвхтэй үйлдлээр төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.

Шүүхээс шүүгдэгч Н.Дорждагва, Э.Баатарчулуун, З.Жамъяншарав, Д.Пүрэвдагва нарыг бүлэглэн 2022 оны 9 дүгээр сард Говь-Алтай аймгийн Дарви сумын нутаг дэвсгэрт байрлах “Халцгай амны дунд хамар” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт ашиглалт явуулж газрын хэвлийд халдсан гэх боловч ашигт малтмалын улмаас эвдэгдсэн талбайн хэмжилтүүд байхгүй, ухаж нүхийг шороогоор булж тэгшилсэн газрын экологи эдийн засгийн үнэлгээ болон байгаль орчинд учруулсан хохирлыг тооцох боломжгүй..., ...ашигт малтмалыг хайх, олборлох үйлдэлд оролцсон оролцоо байгаа эсэх нь тодорхой бус Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоож, хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд энэ хэрэгт уг шаардлагыг хангалгүйгээр хэргийн үйл баримтыг тогтоож шийдвэрлэсэн нь байх тул шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/81 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т тус тус заасан үндэслэлүүдээр хүчингүй болгуулахаар мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив.” гэжээ.

Давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт прокурор Н.Улсболд гаргасан дүгнэлтдээ: Прокуророос нэр бүхий 4 шүүгдэгчид холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох тухай 2024 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 53 дугаартай эсэргүүцэл бичсэн. Эсэргүүцэлд дурдагдсан үндэслэлүүдийг бол тодорхой тайлбарлаж өнөөдрийн шүүх хуралдаанд оролцлоо. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв. 

Давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч Г.Должинсүрэн гаргасан саналдаа:Цагаадсан этгээд болох Ж.Жамъяншарав, Д.Пүрэвдагва, Н.Дорждагва, Э.Баатарчулуун нар нь тусгай зөвшөөрөлгүй гэдгийг мэдсээр байж ашигт малтмалыг хууль бусаар ашигласан гэмт хэргийг шууд санаатай үйлдсэн гэх нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тэдгээрт холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт П.Одонтунгалаг гаргасан саналдаа: Мөрдөн шалгах ажиллагаа хангалттай бүрэн хийгдсэн. Гэмт хэрэг үйлдсэн талаарх нотлох баримт хавтаст хэргийн хувьд нотлогдон тогтоогдоогүй байна. Зөрчил хүлээлгэх хариуцлага гэдгээр зүйлчилсэн байна. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт А.Кадербек гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын П.Энхжаргалд холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч М.Энхзаяа гаргасан саналдаа:Ц.Бат-Өлзийд холбогдох шийтгэх тогтоолын 6 дугаар заалтад өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхэд хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна.

Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Батсүрэн, Ц.Бат-Өлзий, Н.Дорждагва, Э.Баатарчулуун, З.Жамъяншарав, Д.Пүрэвдагва, П.Эрдэнэ-Очир нарыг  бүлэглэн 2022 оны 9 дүгээр сард Говь-Алтай аймгийн Дарви сумын нутаг дэвсгэрт байрлах “Халцгай амны дунд гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт ашиглалт явуулж газрын хэвлийд халдсан,

Шүүгдэгч Б.Батсүрэн, Ц.Бат-Өлзий нар нь үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн 2022 оны 10 дугаар сард Говь-Алтай аймгийн Дарви сумын нутаг дэвсгэрт байрлах “Бага  дарви гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт ашиглалт явуулж газрын хэвлийд халдсан,

Шүүгдэгч П.Энхжаргал, Б.Батсүрэн, Ц.Бат-Өлзий нарын 2022 оны 10  дугаар сард Говь-Алтай аймгийн Дарви сумын нутаг дэвсгэрт байрлах “Бага Дарви” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт ашиглалт явуулж газрын хэвлийд халдсан үйлдлийн улмаас  олсон 200 грамм алтыг гэмт хэргийн улмаас олсон гэдгийг мэдсээр байж авсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан шүүгдэгч З.Жамъяншарав, Д.Пүрэвдагва, Э.Баатарчулуун, Н.Дорждагва, П.Эрдэнэ-Очир нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Батсүрэн Ц.Бат-Өлзий нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар, шүүгдэгч П.Энхжаргалд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-д тус тус зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлээд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Н.Дорждагва, Э.Баатарчулуун, З.Жамъяншарав, Д.Пүрэвдагва нарт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч П.Энхжаргалд тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь  хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу  хэрэглэжээ. Энэ нь:

Гэмт этгээдүүд нь ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт ашиглалт явуулсан “Халцгай амны дунд хамар”  гэх газрыг шороогоор булж, тэгшилсэн болох нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл....зэргээр тогтоогдсон байхад Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “...ашигт малтмалын улмаас эвдэгдсэн талбайн хэмжилтүүд байхгүй, ухаж нүхийг шороогоор булж тэгшилсэн газрын экологи эдийн засгийн үнэлгээ болон байгаль орчинд учруулсан хохирлыг тооцох боломжгүй...” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй.

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн Хүрээлэн буй орчны шинжилгээ, үнэлгээний лабораторийн шинжээчийн 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 2008 дугаар дүгнэлтэд “...Ашигт малтмал олборлолт явуулсан гэх ухаш нүхийг шороогоор булж тэгшилсэн газрын экологи эдийн засгийн үнэлгээ болон байгаль орчинд учруулсан хохирлыг тооцох боломжгүй...Ашигт малтмалын улмаас эвдэгдсэн талбайн хэмжилтүүд байхгүй тул техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн ажил хийхэд шаардлагатай зардлын хэмжээг тогтоох боломжгүй, уг солбицлын цэгтэй газар нь Говь-Алтай аймгийн Дарви сумын нутагт хамаарагдаж байна. Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдол бүхий асуултад дурдагдаагүй нөхцөл байдал тогтоогдоогүй байна...” гэх дүгнэлт/3хх85-88/ зэргээс үзэхэд  дээрх нэр бүхий гэмт этгээдүүд нь гэмт хэргийн ул мөрөө баллахын тулд гэмт хэрэг үйлдсэн газраа шороогоор булж тэгшилсэн нь хэргийн газрын үзлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байхад анхан шатны шүүх анхаараагүй байна.

Шүүгдэгч П.Эрдэнэ-Очирын “...Би 2022 оны 9 дүгээр сарын 20-ны Өдрийн үеэр Бат-Өлзий ...Баянхонгор аймгаас нэг бригад хүмүүс гарсан байгаа хоёулаа тэд нарын хойноос Дарви сумын нутагт байдаг Халцгай амны дунд хамар нэртэй газарт өмнө хүмүүс ухсан газарт очоод үзье гэхээр нь би тэгье гээд хамт явсан. Замдаа Баянхонгороос явж байгаа хүмүүстэй уулзаад хамт цааш яваад шөнийн 12 цаг өнгөрч байхад тэр газар нь очоод багаж хэрэгслүүдээ буулгаад хуучин ухсан байсан нүх рүү орж ухацгаасан, ойр орчим айл ихтэй байсан тул үүр цайтал ухаад гэгээ орохоос өмнө тэндээс хөдөлж хээр орой болохыг хүлээж байгаад харанхуй болохоор дахиад нөгөө газраа очоод багаж хэрэгслээ буулгаад ухах гэж байтал энд тэндээс машины гэрэл гараад байхаар нь гарц муутай газар бүтэхгүй юм байна гээд ухахаа болиод явцгаасан...”, ...би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /6хх231-232/,

Шүүгдэгч Ц.Бат-Өлзийн”...Б.Батсүрэн өөрөөсөө гадна 4 залуутай хамт ирээд бид нар Дарви сумын нутаг “Баагийн улаан” нэртэй газар луу явсан. Тэр газар шөнө очоод хуучин ухсан нүх байхаар тэр нүхийг үргэлжлүүлж ухаж бага зэргийн чулуу аваад өглөө болж гэгээ гарахаас өмнө тэндээс явсан. ...тэр өдрөө хээр хүлээж байгаад орой харанхуй болохоор буцаж нүхэн дээрээ очоод ухаж гэж байтал гэрэл чийдэн гараад энд тэнд хүмүүс яваад байхаар нь ухахаа болиод буцаад явчихсан....” гэх яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг/6хх237-238/ зэргээр гэмт этгээдүүд нь гэмт хэрэг үйлдэхээ санаа зорилго нэгдсэнийг илэрхийлнэ.

Газрын хэвлийд халдах гэж газрын хэвлийг ашиглах зөвшөөрөл олгосон эрхийн баримт бичиггүйгээр  ашигт малтмал  олборлохоос өөр зориулалтаар газар доор барилга байгууламж, түүний дотор нефть, хий бусад бодис, материал хадгалах, хортой бодис, үйлдвэрлэлийн хаягдлыг хамгаалан булах, бохир ус зайлуулахад зориулахад зориулан барилга байгууламж барих, ашиглах болон бусад хэлбэрээр газрын  хэвлийд  халдсан үйлдлийг ойлгодог. Гэтэл анхан  шатны шүүхийн шийтгэх тогтоолд  нэр бүхий шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцохдоо “…Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар Б.Батсүрэн, Ц.Бат-Өлзий, П.Эрдэнэ-Очир нарыг бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт ашиглалт явуулж газрын хэвлийд халдсан гэм буруутайд тооцсугай гэж бичсэн нь Эрүүгийн хуулийг буруу  хэрэглэсэн үндэслэл болно.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд ”...шүүгдэгч П.Энхжаргал нь шүүгдэгч Б.Батсүрэн, Ц.Бат-Өлзий нарын тушаасан 200 грамм алтыг худалдан авахдаа Говь-Алтай аймгийн “Бага дарви” гэх газраас хууль бусаар олсон буюу гэмт хэргийн улмаас олсон гэдгийг мэдэхгүй, мэдэх боломжгүй, Б.Батсүрэнгээс алтыг худалдаж авахдаа зөвшөөрөлтэй нөхөрлөлийн алт гэж бодож авсан, иргэд, аж ахуй нэгжээс  худалдан авсан алтаа Монгол банканд  тушааж  байгаа нь өөрийн бизнесийн  харилцаа гэрээ хэлцлийн үндсэн дээр худалдан авсан эд зүйлийн мөнгө угаах гэмт хэрэг гэж үзэх боломжгүй, гэмт хэргийн шинжийг агуулаагүй, гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах аргыг өөрчилж мөнгө угаасан нөхцөл байдал тогтоогдохгүй гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  гэмт хэргийн шинжгүй гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь  учир дутагдалтай болжээ.

Тухайлбал: анхан шатны шийтгэх тогтоолын 17 дугаар талд авагдсан ...шүүгдэгч П.Энхжаргал нь шүүгдэгч Б.Батсүрэн, Ц.Бат-Өлзий нарын тушаасан 200 грамм алтыг худалдан авахдаа Говь-Алтай аймгийн “Бага  дарви” гэх газраас хууль бусаар олсон  буюу  гэмт хэргийн  улмаас  олсон гэдгийг мэдээгүй, мэдэх  боломжгүй  дүгнэсэн гэтэл шүүгдэгч П.Энхжаргал нь 2022 оны 10 дугаар  сарын 17-ны өдөр Ц.Бат-Өлзийн Хаан банкны 5323157993 дансанд 23,739,500 төгрөгийг гүйлгээний  утга дээр “махны үнэ” /4хх209/гэж бичиж шилжүүлсэн байна.

Мөн шүүгдэгч П.Энхжаргал нь Санхүүгийн зохицуулах хорооноос 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгчийн үйл  ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй/3хх113,5хх183-184/ байх бөгөөд тус хорооны 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 182 тогтоолын хавсралтын “Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаанд зайны болон газар дээрх хяналт, шалгалт хийх журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.3-д “.. арилжаа эрхлэгч нь  дараах мэдээг сар бүр гаргаж, дараа сарын 10-ны өдрийн дотор хороонд цахимаар ирүүлнэ..”/3хх154/ гэж зааснаар шүүгдэгч Б.Батсүрэн, Ц.Бат-Өлзий нарын тушаасан 200 грамм алтыг худалдан авсан талаар дээрх журамд зааснаар мэдэгдэх үүргээ биелүүлсэн болох нь тодорхойгүй байгааг дурдах нь зүйтэй./давж заалдах шатны шүүх хуралдааны тэмдэглэл/.

Хүрээлэн байгаа орчны болон мөнгө угаах  гэмт хэргийн гэмт этгээдүүд нь гэмт үйлдлээ баригдахгүй, баригдсан ч бага ял шийтгэл хүлээж ашиг хамгийн их байлгах сэтгэхүйгээр гэмт хэргийг үйлддэг онцлогтой болно.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Мөн Давж заалдах шатны шүүхэд прокурорын  “...шүүгдэгч Б.Батсүрэн, Ц.Бат-Өлзий, З.Жамъяншарав, Д.Пүрэвдагва, Э.Баатарчулуун, Н.Дорждагва, П.Эрдэнэ-Очир  нарыг нь 2022 оны 9 дүгээр сард  Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрт байрлах “Бага дарви” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэл, хайгуул, олборлолт ашиглалт  явуулж газрын хэвлийд халдсан гэх боловч ашигт малтмалын  улмаас эвдэгдсэн талбайн хэмжилт байхгүй, ухаш нүхийг шороогоор булж тэгшилсэн газрын экологи эдийн засгийн үнэлгээ болон байгаль орчинд учруулсан хохирлыг  тооцох боломжгүй ..ашигт малтмалыг хайх, олборлох үйлдэлд оролцсон оролцоо байгаа эсэх нь тодорхой бус Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэх агуулгаар бичсэн  эсэргүүцлийг  дээрх үндэслэлээр хүлээн авсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дүгээр зүйлийн  1-ийн 1.1, 1.2 -т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/81 дүгээр  шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар  хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Батсүрэн, Ц.Бат-Өлзий, З.Жамъяншарав, Д.Пүрэвдагва, Э.Баатарчулуун, Н.Дорждагва, П.Эрдэнэ-Очир, П.Энхжаргал нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  авсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын  хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.ГАНЧИМЭГ

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БОЛОР-ЭРДЭНЭ

                                                                    ШҮҮГЧ                               Ч.БАЯРЦЭНГЭЛ