МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “*******” ХХК /РД:6981518/,
Нэхэмжлэгч: “*******” ХХК /РД:4303938/
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Засаг дарга,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Газрын эрхийг “*******” ХХК-ийн нэр дээр бүртгэн, газар эзэмшүүлэх захирамж гаргаагүй Дархан-Уул аймгийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, “*******” ХХК-д газар эзэмших эрх олгосон захирамж гаргахыг Дархан-Уул аймгийн Засаг даргад даалгах,
Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар /дарга/-ын 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 517 дугаар татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрхийн гэрчилгээг “*******” ХХК-ийн нэр дээр гаргаж, гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах”-ыг хүссэн индексийн 114/2025/0048/З дугаартай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын төлөөлөгч ******* /цахим/, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахим/, , , /цахим/, /цахим/, /цахим/, /цахим/, орчуулагч ******* /цахим/, хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
- Нэхэмжлэгч “*******” ХХК болон “*******” ХХК нь Дархан-Уул аймгийн Засаг дарга, Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдуулан анх “Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 517 дугаар захиргааны актыг хүчингүй болгуулах, “*******” ХХК-аас 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр өөрийн газраа “*******” ХХК-ийн нэр дээр эзэмшүүлэхийг хүссэн гомдолд хариу өгөөгүй буюу “*******” ХХК-ийн нэр дээр тухайн газрыг шилжүүлээгүй Дархан-Уул аймгийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, “*******” ХХК-ийн эзэмшлийн нэгж талбарын 4504702284 дугаартай, эрхийн улсын бүртгэлийн А-2003000056 дугаартай 8 га газрыг “*******” ХХК-ийн нэр дээр гаргуулах хүсэлтийг хангаж, “*******” ХХК-ийн нэр дээр тухайн газрыг бүртгэх асуудлыг Дархан-Уул аймгийн Засаг дарга болон Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргад тус тус даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.
- Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагаа “...Газрын эрхийг “*******” ХХК-ийн нэр дээр бүртгэн, газар эзэмшүүлэх захирамж гаргаагүй Дархан-Уул аймгийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, “*******” ХХК-д газар эзэмших эрх олгосон захирамж гаргахыг Дархан-Уул аймгийн Засаг даргад даалгах, Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар /дарга/-ын 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 517 дугаар татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрхийн гэрчилгээг “*******” ХХК-ийн нэр дээр гаргаж, гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах” гэж тодруулсан.
- Хэргийн үйл баримтын тухайд:
- “*******” ХХК Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгуулсан газрын дуудлага худалдаанд орж, ялагч болж, газрын дуудлага худалдааны үнэ болох 1 348 000 000 төгрөгийг төлсөн тул Дархан-Уул аймгийн Засаг дарга 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 01-А/123 дугаар захирамжаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, үйлдвэрчний 2 дугаар гудамж, 203 тоот хаягт байрлах 80000 м.кв газрыг үйлдвэрлэлийн барилга, байгууламж, бусад газрын зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар ашиглуулах шийдвэрийг гаргаж, нэхэмжлэгч “*******” ХХК-тай газар ашиглуулах гэрээг байгуулж, 0000186204 дугаартай газар ашиглах
эрхийн гэрчилгээг түүнд олгосон байна.
-
- “*******” ХХК нь ноос, ноолуур боловсруулах үйлдвэр барьж, ашиглалтад оруулах, улмаар экспортлох үйл ажиллагааг явуулах төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд өөрийн зарим эрх буюу дээрх газар ашиглах эрхийг шилжүүлэн тусгаарлах замаар “*******” ХХК-ийг байгуулах шийдвэрийг гаргаж, улмаар санхүүгийн тайлангаа харьяа төрийн сангийн хэлтсээр баталгаажуулж, улсын бүртгэлийн бүртгүүлжээ.
- Ийнхүү “*******” ХХК нь өөрийн ашиглах эрхтэй 80 000 м.кв газрыг өөрийн 100 хувийн эзэмшлийн охин компани болох “*******” ХХК-ийн нэр дээр бүртгүүлж, гэрчилгээ гаргуулж, гэрээ байгуулахаар Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 2025/25 дугаар албан бичгээр хандсан ба тус газраас 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 428 дугаар албан бичгээр татгалзсан хариуг өгсөн.
- Үүнийг эс зөвшөөрч Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргад гомдол гаргахад 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 517 дугаар албан бичгээр мөн татгалзсан хариуг өгсөн бөгөөд нэхэмжлэгчээс 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 2025/32 дугаар албан бичгээр Дархан-Уул аймгийн Засаг даргад хандсан байна.
- Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга дээрх гомдолд хуульд заасан хугацаанд хариу өгөөгүй тул 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж маргасан.
- “*******” ХХК, “*******” ХХК-ууд нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...******* ХХК нь аймгийн засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/123 дугаар шийдвэрээр Дархан-Уул аймаг, Дархан сум, 15-р баг, Үйлдвэрчний 2 дугаар гудамж, 203 тоот хаягт байрлах, нэгж талбарын 4504702284 дугаар бүхий 8 га газрыг “Үйлдвэрийн барилга, байгууламж, бусад газар” зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар газар ашиглах эрхийн гэрчилгээг зохих журмын дагуу гаргуулан авч эрхийн улсын бүртгэлийн А-2003000056 дугаарт бүртгүүлсэн.
- “*******” ХХК нь 2025 оны 06 дугаар сарын 13, 14-ний өдрүүдийн хувьцаа эзэмшигчийн шийдвэрүүдээр охин компани болох “*******” ХХК-ийг үүсгэн байгуулж, нийт 1 528 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий хөрөнгө (үүнд Газрын эрх багтсан) болон холбогдох эрх, үүргийг журмын дагуу тусгаарласан ба энэхүү бүтцийн өөрчлөлтийг 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэл бүртгүүлсэн.
- Тусгаарлах бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор “*******” ХХК нь Газрын эрхийг тусгаарлах замаар үүсгэн байгуулсан өөрийн охин компани болох “*******” ХХК-ийн нэр дээр болгох тухай 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 2025/25 дугаар албан бичгээр хүсэлтийг Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт гаргасан. Гэвч дээрх хүсэлтэд 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 428 дугаар албан бичгээр газрын албанаас татгалзсан хариу хүргүүлсэн байдаг. Үүнийг эс зөвшөөрч дээд шатны байгууллага буюу Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Д.Батчулуунд гомдол гаргасан. Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Д.Батчулуун мөн адил 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 517 дугаар албан бичгээр татгалзсан хариуг өгсөн.
- Дээрх татгалзсан хариуг эс зөвшөөрч Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д заасны дагуу газар ашиглах талаар маргаан байх тул Дархан-Уул аймгийн Засаг даргад 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 2025/32 дугаар албан бичгээр “*******” ХХК-аас гомдол гаргасан. Дархан-Уул аймгийн Засаг даргын хариу хүргүүлэх хуулийн хугацаа 30 хоног бөгөөд 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр дууссан болно. Энэ хугацаанд “*******” ХХК ямар нэгэн хариу хүлээн аваагүй болно.
- Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Д.Батчулууны 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 517 дугаар “*******” ХХК-д хаягласан захиргааны актыг эс зөвшөөрч, 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр “*******” ХХК-аас Дархан-Уул аймгийн Засаг даргад гаргасан гомдолд хариу өгөөгүй буюу Газрын эрхийг “*******” ХХК-д шилжүүлээгүй эс үйлдэхүйг тогтоолгохоор энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
- “*******” ХХК нь 2023 онд Монгол Улсад үүсгэн байгуулагдсан гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компани бөгөөд үүсгэн байгуулагдсан цагаасаа өдийг хүртэл тус улсад ноос ноолуурын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа билээ. “*******” ХХК нь компанийн охин компани бөгөөд компанийн газрын эрхийг тусгаарлах замаар үүсгэн байгуулагдсан компани юм. 4504702284 дугаар бүхий 8 га газарт үйлдвэрийн барилга байгууламж байгуулах төслийг хариуцан ажиллахаар байгуулагдан хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн болно.
- Уг газар дээр бид ноос, ноолуур боловсруулах үйлдвэр шинээр барьж,
ашиглалтад оруулах, улмаар экспортлох үйл ажиллагаа явуулах төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ба Засаг даргатай энэхүү төслийг хэрэгжүүлэхээр Хамтран ажиллах санамж бичгийг мөн зурсан байдаг.
-
- Манай “*******” ХХК нь өөрийн тодорхой хөрөнгө, эрх үүргийг (үүнд Газрын эрх орсон) тусгаарлах замаар төслийн хэрэгжилт, удирдлагыг шинээр байгуулагдсан бие даасан аж ахуйн нэгж буюу өөрийн 100 хувийн эзэмшлийн охин компани болох “*******” ХХК-д шилжүүлж “*******” ХХК нь төсөлд стратегийн түвшинд ерөнхий анхаарал хандуулж илүү хөрөнгө оруулагч татах болон бизнесийн оролцогчдын харилцааг хариуцан ажиллахаар бүтцийн өөрчлөлтийг хийж, холбогдох бүртгэлийг хийлгэсэн. Энэхүү бүтцийн өөрчлөлтийн ажиллагаа хуулийн этгээдийн улсын бүртгэлд 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр бүртгэгдэж, газрын эрх болон бусад эд хөрөнгийг “*******” ХХК-д тусгаарласныг харьяа санхүү, төрийн сангийн хэлтсээр 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр баталгаажуулсан болно.
- Өнгөрсөн хугацаанд биднээс шалтгаалаагүй тодорхой нөхцөл байдлын улмаас бид төслөө төлөвлөсний дагуу саадгүй явуулах боломж хязгаарлагдмал байсныг тухай бүр мэдэгдэж байсан. Бид энэ ч утгаараа Засаг даргатай байгуулсан санамж бичгийн дагуу төслөө үргэлжлүүлэх зорилгын хүрээнд малчдын хоршоо болон бусад аж ахуйн нэгжүүдтэй ноолуур худалдах гэрээ байгуулсан ч ноолуураа нийлүүлээгүй улмаас үүссэн маргааныг зохицуулах болон төслийг саадгүй үргэлжлүүлэх ажлуудыг тус тусад нь бие даасан байдлаар явуулах зорилгоор дээрх бүтцийн өөрчлөлтийг хийж “*******” ХХК нь төслийг бүрэн хариуцахаар манай дотоод бизнес, стратегийн шийдвэр гарсан юм. Ингэснээр манай “*******” ХХК нь зөвхөн төслийн стратеги зохицуулалтыг хийж төсөлд шаардлагатай санхүүжилт болон бусад шаардлагатай дэмжлэгийг нэн тэргүүнд хангахаар зохицуулж, “*******” ХХК-д дэмжлэг үзүүлэн ажиллах бол “*******” ХХК нь төслийн хэрэгжилтэд бүрэн анхаарлаа хандуулан ажиллах юм. Мөн түүнчлэн “*******” ХХК нь холбогдох хамтрагч байгууллагууд, хөрөнгө оруулагч нартай шаардлагатай хэлэлцээрийг хийж хөрөнгө оруулалт татах тал дээр ажиллах нь төслийн санхүүжилтэд ч эерэгээр нөлөөлнө гэж бид стратегийн зүгээс дээрх тусгаарлах шийдвэрийг гаргасан.
- Маргааны үйл баримт хэсэгт дурдагдсан хүсэлтүүдэд Дархан-Уул аймгийн Гарын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт гаргасан бидний хүсэлт, гомдол нь Компанийн тухай хуулийн 22-р зүйлд заасны дагуу компанийн үйл ажиллагааг зогсоохгүйгээр түүний тодорхой эрх, үүрэг, хариуцлагыг шинээр байгуулагдсан компанид шилжүүлэхийг “тусгаарлах” гэж тодорхойлдог бөгөөд энэхүү зохицуулалтын хүрээнд “*******” ХХК нь 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр охин компани болох “*******” ХХК (РД: 4303938)-ийг үүсгэн байгуулж, нийт 1 528 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий хөрөнгө (үүнд Газрын эрх багтсан) болон холбогдох эрх, үүргийг тусгаарласан явдалд үндэслэсэн болно. Компани тусгаарлах гэдэг ойлголт нь компанийг ердийн журмаар үүсгэн байгуулахаас өөр бөгөөд Монголын холбогдох хууль тогтоомжид заасан компанийг өөрчлөн байгуулах үндсэн аргуудын (нэгдэх, нийлэх, хуваах, тусгаарлах) нэг хэлбэр буюу компанийн бүтцийн өөрчлөлт юм. Тусгаарлах ажиллагааны үр дүнд компани өөрийн эрх, үүрэг, эд хөрөнгийг өөрийн санхүү, балансаас тусгаарлан туслаарлах байдлаар шинээр бий болсон охин компанид салган өгөхийг хэлж буй процесс юм. Энэхүү бүтцийн өөрчлөлтийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн ба ийнхүү бүртгүүлэхдээ тусгаарлахын өмнөх болон дараагийн санхүүгийн тайланг Санхүү, төрийн сангийн хэлтсээр мөн баталгаажуулсан тул хууль ёсны дагуу хэрэгжсэн.
- Гэвч холбогдох хууль тогтоомжийн дагуу тусгаарлах процесс явагдсан байхад газрын алба тус ажиллагааг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан "бусдад шилжүүлэх" гэдэг ойлголттой адилтган авч үзэн татгалзсан шийдвэр гаргасан нь хууль ёсны болж чадаагүй байна гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна. Учир нь уг тусгаарлах ажиллагаа нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан "бусдад шилжүүлэх" гэдгээс өөр эрх зүйн харилцаа юм. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан “бусдад шилжүүлэх” гэдэг нь “*******” ХХК-д хамааралгүй гуравдагч этгээдэд эсвэл ердийн журмаар үүсгэн байгуулагдсан охин компанид газар шууд шилжүүлэх харилцаа бол тусгаарлах процесс нь Компанийн тухай хуульд заасан компанийн бүтцийн өөрчлөлтийн үр дүнд бий болж буй шууд бус өөрчлөлт юм. Манай тохиолдолд “*******” ХХК нь газрын эрхийг өөрт хамааралгүй бусад гуравдагч этгээдэд шууд шилжүүлж буй биш харин өөрийн эрх, үүрэг, эд хөрөнгийг охин компанидаа тусгаарлах байдлаар хэрэгжүүлж буй компанийн бүтцийн дотоод өөрчлөлт, зохион байгуулалт юм.
- Компанийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Компанийг тусгаарлах замаар өөрчлөн байгуулахад өөрчлөн байгуулагдаж байгаа компани нь шинээр байгуулагдсан компанийн хувьцаа эзэмшигч байна” гэсний дагуу “*******” ХХК нь “*******” ХХК-ийн цор ганц хувьцаа эзэмшигч бөгөөд газрын эрхийн эцсийн эзэмшигч “*******” ХХК хэвээр үлдэж буй. Гагцхүү компанийн үйл ажиллагааг системчлэх, жигдрүүлэх, бизнесийг бие биенээс салангид байх зорилгоор хэрэгжүүлсэн бизнесийн шийдвэр юм. Өөрөөр хэлбэл Компани өөрийн газар ашиглах эрхээ шилжүүлж байгаа хэрэг биш, нөгөө талаар “*******” ХХК нь газар эзэмших эсхүл ашиглах эрхийг толгой компаниасаа шилжүүлэн авч байгаа хэрэг огт биш юм. Талуудын хооронд газар эззэмших эсхүл ашиглах эрх худалдах худалдан авах, эрх шилжүүлэх, бэлэглэх зэрэг аль ч гэрээ хийгдээгүй бөгөөд газрын эрхийг хэрвээ шилжүүлж байсан бол аль нэг гэрээг хийх, мөн нөгөө тал буюу “*******” ХХК нь газрын эрхийг шилжүүлж авч байгаа талаарх хүсэлтийг Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасны дагуу цахимаар гаргаад явах байсан.
- Харин манай тохиолдлын хувьд “*******” ХХК нь Компанийн тухай хуулийн дагуу бүтцийн өөрчлөлт хийж, өөрийн эзэмшлийн ашиглах эрхээ шинээр байгуулагдсан өөрийн охин компанидаа тусгаарласан бөгөөд захиргааны байгууллага компанийн хүсэлтийг хангахаас татгалзснаар компанийн бүтцийн өөрчлөлтийн дагуу газраа өөрийн охин компанид тусгаарлах эрхийг хязгаарлаж буй хэрэг юм. Нөгөө талаас “*******” ХХК нь толгой компаниас хөрөнгө тусгаарлан авах эрх мөн зөрчигдөж буй хэрэг гэж бид үзэж байна.
- Компанийн тусгаарлах ажиллагаа нь хууль ёсны дагуу хэрэгжсэн. Газрын харилцааг зөвхөн Газрын тухай хуулиар зохицуулдаггүй бөгөөд Газрын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Газрын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжоос бүрдэнэ” гэж заасан. Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д зааснаар аливаа этгээдийн эзэмшилд байгаа эд юмсыг эд хөрөнгө гэж тодорхойлдог. Өөрөөр хэлбэл, “*******” ХХК-ийн эзэмшилд байгаа газар нь түүний эд хөрөнгө бөгөөд компанийн тайлан балансад тусгагдаж явах учиртай. Ийм ч учраас өөрчлөн байгуулах замаар шинээр байгуулагдсан болон хэлбэр өөрчлөгдсөн хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/208 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журам”-ын 7.3.5 болон 7.4.2-т тус тус зааснаар өөрчлөн байгуулагдах үеийн санхүүгийн тайлан болон өөрчлөн байгуулагдах үеийн санхүүгийн тайланг тус тус гаргаж өгөх шаардлагатай байдаг. Ингэснээр тусгаарлаж буй эд хөрөнгө “*******” ХХК-аас шилжсэнийг нотлох юм.
- Харин Компанийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Компанийн үйл ажиллагааг зогсоохгүйгээр түүний зарим эрх, үүрэг, хариуцлагыг шинээр байгуулагдсан компанид шилжүүлэхийг компанийг тусгаарлах гэнэ" гэж заасан бөгөөд газрын эрх нь энэ эрхэд хамаарахаар ойлгогдож байна. Гэтэл Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь бидний хүсэлтийг шийдвэрлэхээс удаа дараа татгалзаж Компанийн тухай хуулиар олгогдсон энэхүү эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн ба энэ нь биднийг цаашдын төслийн үйл ажиллагааг явуулахад саад учруулж байна.
- Анх 2025 оны 7 сард өгсөн хүсэлтэд нэхэмжлэгч “*******” ХХК-аас гадна “*******” ХХК-ийн зүгээс ч Газрын эрхийг өөрийн нэр дээр бүртгүүлэх хүсэлтээ бичгээр гаргаж байсан ч захиргааны байгууллагын хариу дан ганц нэхэмжлэгч “*******” ХХК-д хаяглагдан ирж байсан, мөн маргаан бүхий захиргааны акт нь дан ганц “*******” ХХК-д хандсан агуулгатай байсан хэдий ч нэхэмжлэгчид тусдаа хуулийн этгээдүүд тул эрх зөрчигдөж буй компаниуд хамтран нэхэмжлэл гаргаж буйг тэмдэглэх нь зүйтэй.
- Газрын тухай хуульд зааснаар гадаадын хөрөнгө оруулалттай компани өөрийн газар ашиглах эрхээ өөр бусад этгээдэд шилжүүлэх нь хориотой ч өөрийн ашиглах эрхээ тусгаарлах замаар охин компанидаа өгөхийг хуулиар хориглосон заалт байхгүй билээ. Нэхэмжлэгчийн өөрийн газар ашиглах эрхээ тусгаарлаж буй нь хуулиар хориглосон зүйл биш бөгөөд газар ашиглах эрх нь харин ч Иргэний хуулийн 84 дүгээр зүйлтйг 84.1-д заасан “*******” ХХК-ийн санхүүгийн тайланд бүртгэгдсэн эд хөрөнгийн эрх тул энэхүү тусгаарлах процессыг Газрын тухай хуулиар хязгаарлах нь хууль бус юм.
- Хэдийгээр Монгол Улсын Үндсэн хуульд иргэдэд өмчлүүлснээс бусад газар бол төрийн өмч бөгөөд гагцхүү төрөөс эзэмших, ашиглах эрхүүдийг газрын цор ганц өмчлөгчийнхөө хувьд олгодог ч нөгөө талаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн өөрийн эд хөрөнгөө тусгаарлах эрхийг мөн онолын хувьд хязгаарлаагүй билээ. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Газар эзэмших эрхийн гэрчилгээг зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгоно”, мөн 21.3.2-т зааснаар аймгийн засаг дарга нь газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх, 23.3.7-д зааснаар аймгийн газрын алба нь эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ өөрийн охин компанид тусгаарлах эрхийг хязгаарлаж буй хэрэг юм. Нөгөө талаас “*******” ХХК нь толгой компаниас хөрөнгө тусгаарлан авах эрх мөн зөрчигдөж буй хэрэг гэж бид үзэж байна.
- Нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсын ашиг сонирхол нь Дархан-Уул аймгийн Засаг даргаас тухайн газрыг “*******” ХХК-д эзэмшүүлэх захирамж гаргаж, газрын албанаас холбогдох гэрчилгээг “*******” ХХК-ийн нэр дээр гаргаж, гэрээг шинэчлэн байгуулснаар бүрэн сэргэх юм. Хариуцагч нарын тухайн татгалзал болон эс үйлдэхүйн хэрхэн хууль бус болох талаар тодорыхой тайлбарласан.
- Иймд “...Газрын эрхийг “*******” ХХК-ийн нэр дээр бүртгэн, газар эзэмшүүлэх захирамж гаргаагүй Дархан-Уул аймгийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, “*******” ХХК-д газар эзэмших эрх олгосон захирамж гаргахыг Дархан-Уул аймгийн Засаг даргад даалгах, Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар /дарга/-ын 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 517 дугаар татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрхийн гэрчилгээг “*******” ХХК-ийн нэр дээр гаргаж, гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д заасны дагуу бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
- Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга, мөн аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,******* нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Захиргааны байгууллагаас “*******” ХХК-ийн нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээг олгож, гэрээ байгуулах шийдвэр гаргахаас татгалзсан шийдвэр нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй. Учир нь аймгийн Засаг дарга нь 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр А/123 дугаар захирамжаар “*******” ХХК-д нэгж талбарын 4504702284 дугаартай газрыг ашиглах эрхийг олгож, 0000186204 дугаартай аж ахуйн нэгжийн газар ашиглах эрхийн гэрчилгээг олгосон байдаг. Уг газар ашиглах эрх, газар ашиглах эрхийн гэрчилгээг “*******” ХХК-ийн нэр дээр газар эзэмших эрх болгон захирамж гаргах, газар эзэмших эрхийн гэрчилгээг олгох хуулиар олгогдсон эрх аймгийн Засаг дарга болон аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт байхгүй.
- Газрын тухай хуульд газар ашиглах эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх хуулийн зохицуулалт байхгүй. Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлж байгаа болон шилжүүлэн авч байгаа иргэн, хуулийн этгээд нь Монгол Улсын иргэн, аж ахуй нэгж байх ёстой. Гэвч “*******” ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай компани болох нь тус компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогддог.
- “*******” ХХК-аас 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Засаг даргад гаргасан гомдолд хариу өгөөгүй эс үйлдэхүй үзүүлснийг хүлээн зөвшөөрнө. Гэвч энэ нь газар эзэмших эрхийг “*******” ХХК-ийн нэр дээр бүртгэн “*******” ХХК-д газар эзэмшүүлэх захирамж гаргаагүй эс үйлдэхүй болохыг дээр тайлбарласан. Аймгийн Засаг дарга гомдолд хариу өгөхдөө хуульд заасны дагуу бүрэн эрхээ хэрэгжүүлнэ. Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлд зааснаар гомдлыг хянан үзээд захиргааны актыг хэвээр үлдээх шийдвэр гаргах эрхтэй.
- Захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах үр дагавар бий болно. Гэвч аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 517 дугаар захиргааны актаар татгалзсан татгалзал нь хуульд нийцсэн. Гомдолд хариу өгөөгүй аймгийн Засаг даргын эс үйлдэхүй үзүүлснийг тогтоолгож болох хэдий ч энэ нь газар эзэмших эрхийг “*******” ХХК-ийн нэр дээр бүртгэн “*******” ХХК-д газар эзэмшүүлэх захирамж гаргаагүй хууль бус эс үйлдэхүй болохгүй юм” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
- “*******” ХХК, “*******” ХХК-ийн Дархан-Уул аймгийн Засаг дарга, Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдуулан гаргасан “...Газрын эрхийг “*******” ХХК-ийн нэр дээр бүртгэн, газар эзэмшүүлэх захирамж гаргаагүй Дархан-Уул аймгийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, “*******” ХХК-д газар эзэмших эрх олгосон захирамж гаргахыг Дархан-Уул аймгийн Засаг даргад даалгах, Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар /дарга/-ын 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 517 дугаар татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрхийн гэрчилгээг “*******” ХХК-ийн нэр дээр гаргаж, гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
- Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 52 дугаар зүйлийн 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.3.4-д зааснаар даалгах нэхэмжлэлийн шаардлагын хувьд шүүхээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хуулийн дагуу үүссэн эсэх, хариуцагчийн үйл ажиллагаа буюу татгалзсан шийдвэр, эс үйлдэхүй хуульд нийцсэн эсэх, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд тус тус дүгнэлт хийх учиртай.
- “*******” ХХК нь Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгуулсан газрын дуудлага худалдаанд орж, ялагч болж, газрын дуудлага худалдааны үнэ болох 1 348 000 000 төгрөгийг төлсөн, хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 01-А/123 дугаар захирамжаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, үйлдвэрчний 2 дугаар гудамж, 203 тоот хаягт байрлах 80 000 м.кв газрыг үйлдвэрлэлийн барилга, байгууламж, бусад газрын зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар “*******” ХХК-д ашиглуулах шийдвэрийг гаргаж, нэхэмжлэгчтэй газар ашиглуулах гэрээг байгуулж, 0000186204 дугаартай газар ашиглах эрхийн гэрчилгээг түүнд олгосон байгаагаас үзвэл “*******” ХХК-ийн нэгж талбарын 4504702284 дугаартай 8 га газрыг ашиглах эрх хуулийн дагуу үүссэн гэж үзэхээр байна.
- Нэхэмжлэгч нар хариуцагч нарын үйл ажиллагааг буруутгаж буй үндэслэлээ “...манай компани өөрийн эзэмшилд байгаа газар буюу эд хөрөнгөө санхүүгийн тайланд тусгаж, Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1, Компанийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар өөрийн үйл ажиллагааг зогсоохгүйгээр зарим буюу газрын ашиглах эрхээ шилжүүлэх замаар охин компанийн тусгаарлан байгуулсан, “*******” ХХК-аас тусгаарласан компани болох “*******” ХХК-д газар ашиглах эрх санхүүгийн тайлангаар шилжсэн болохыг эрх бүхий байгууллага болох харьяа төрийн сан, улсын бүртгэлийн байгууллага бүртгэн авснаар нотлогддог, Монгол Улсын хуулийн дагуу байгуулагдсан хуулийн этгээд болох “*******” ХХК тухайн газрыг авахдаа эзэмших эрхтэйгээр авах боломжтой...” гэж тайлбарлан маргасан.
- Хариуцагч нарын үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэх тухайд:
- Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж зааснаар хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд шийдвэрлэхгүй орхигдуулсныг эс үйлдэхүй гэж ойлгохоор байна.
- Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргад “... “*******” ХХК-ийн эзэмшлийн ...8 га газрыг “*******” ХХК-ийн нэр дээр гаргуулах...” тухай гомдлыг 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 2025/32 дугаар албан бичгээр гаргасан ба үүнд хариуцагч Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д заасан хугацаанд хариу өгөөгүй эс үйлдэхүй гаргасан ба үүнтэй хариуцагч маргаагүй.
- Ийнхүү хариуцагч нэхэмжлэгчээс гаргасан гомдолд хариу өгөөгүй нь хууль бус боловч түүнтэй уялдан гаргах даалгуулах буюу нэхэмжлэгчийн шаардаж буй захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгаж шууд шийдвэрлэх үндэслэл болохгүй юм.
- Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар “*******” ХХК нь зарим эрх /газар ашиглах эрх/-ээ шилжүүлэх замаар “*******” ХХК-ийг тусгаарлан байгуулсан, “*******” ХХК нь Монгол Улсын аж ахуйн нэгж болох нь тогтоогдох бөгөөд үүнтэй хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар маргаагүй.
- Монгол Улсын Үндсэн хуулийн зургаадугаар зүйлийн 1-д “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна”, 2-т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн” гэж зааснаар Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн нийтийн өмч байна.
- Газрын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах болон түүнтэй холбогдсон бусад харилцааг зохицуулахад оршино” гэж зааснаар төрийн өөрийн нийтийн өмч болох газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулахдаа тухайн хуулийн дагуу шийдвэр гаргахаар хуульчилсан тул нэхэмжлэгч нарын “...дан ганц Газрын тухай хуулиар бус бусад Иргэний хууль, Компанийн тухай хуулиар шийдвэр гаргах ёстой” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй юм.
- Дээрх хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.1.4, 3.1.8, 6 дугаар зүйлийн 6.3, 44 дүгээр зүйл, 45 дугаар зүйлийн 45.1-д зааснаар газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг ойлгох бол газар ашиглах гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг гаргаж хэрэглэхийг хэлэх төдийгүй газар ашиглах эрхийн гэрчилгээ нь энэ хуулийн дагуу гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын иргэн, харьяалалгүй хүний газар ашиглах эрхийг баталгаажуулсан баримт бичиг бөгөөд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж нь газар ашиглах эрхтэй ба газар эзэмших болон газар ашиглах эрхийн гол ялгаа нь газар эзэмшигч нь уг эрхээ бусдад шилжүүлэх болон барьцаалах боломжтой байдаг бол газар ашиглагчийн хувьд ийм эрхийг эдлэхээргүй байна.
- Нэхэмжлэгч нарын зүгээс “...газар ашиглах эрхээ бусдад шилжүүлэхгээгүй, харин Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д заасан хөрөнгөө Компанийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар газар ашиглах эрхээ шилжүүлэх замаар тусгаарлан байгуулсан өөрийн охин компани болох Монгол Улсын хуулийн этгээд “*******” ХХК-ийн нэр дээр бүртгүүлж, газар эзэмшүүлсэн захирамжийг гаргуулах” гэж тайлбарласан.
- Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д “Аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно” зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн хувьд нэгж талбарын 4504702284 дугаартай 8 га газрыг ашиглах эрх хуулийн дагуу олж авсан, түүний хөрөнгө мөн боловч Компанийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Компанийн үйл ажиллагааг зогсоохгүйгээр түүний зарим эрх, үүрэг, хариуцлагыг шинээр байгуулагдсан компанид шилжүүлэхийг компанийг тусгаарлах гэнэ” гэж зааснаар шилжүүлэх боломжтой эрх биш юм.
- Өөрөөр хэлбэл, компани үйл ажиллагаагаа зогсоохгүйгээр өөрийн зарим эрх, үүрэг, хариуцлагыг тусгаарлах замаар шинээр байгуулагдсан компанид шилжүүлэх эрхтэй ч уг эрхийн хувьд өөрийн эзэмшилд буюу захиран зарцуулах боломжтой эрх байхыг шаардана, тодруулбал хэргийн энэ тохиолдолд өмнө дүгнэсэнчлэн газар ашиглах эрхийн хувьд түүнийг захиран зарцуулах эрхийг төр эдлэх тул “*******” ХХК-ийн хувьд тухайн эрхийг эдлэхгүй.
- Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-д “Аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага болон ерөнхий нягтлан бодогч санхүүгийн тайланд гарын үсэг зурж, тамга /тэмдэг/ дарж баталгаажуулах бөгөөд гүйцэтгэх удирдлага санхүүгийн тайлангийн үнэн зөвийг хариуцна” гэж заасны дагуу санхүүгийн тайлангийн үнэн зөвийг тухайн аж ахуйн нэгж, байгууллага өөрөө хариуцах ба “*******” ХХК-ийн гаргаж өгсөн санхүүгийн тайланг харьяа төрийн сан, улсын бүртгэлийн байгууллага хүлээн авсан нь хариуцагч “*******” ХХК-ийн нэр дээр газар эзэмших шийдвэр гаргах үүргийг хүлээхгүй юм.
- Нэхэмжлэгч нар бүтцийн өөрчлөлтийг бүртгүүлж, “*******” ХХК-ийн нэр дээр маргаж буй газрыг эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулж, гэрээ байгуулахаар Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хүсэлт гаргасныг хангахаас татгалзсан хариуг тус байгууллагаас 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 428, 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 517 дугаар албан бичгүүдээр өгчээ.
- Эрх зүйт төрийн зарчимд хүн, хуулийн этгээдийн хувьд хуулиар хориглосноос бусад зөвшөөрдөг бол төрийн байгууллага, албан тушаалтны хувьд хуулиар зөвшөөрснөөс бусдыг хориглодог. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-д “Аймаг, нийслэлийн газрын алба дараах эрх хэмжээтэй байна:”, 23.3.7-д “эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох үйл ажиллагааг цахим системээр эрхлэн явуулах;” гэж тус тус зааснаар аймгийн газрын алба эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрийг үндэслэн газар ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, гэрчилгээ олгох үйл ажиллагааг цахим системээр эрхлэн явуулах эрхтэй байна.
- “*******” ХХК-ийн санхүүгийн тайланг харьяалах төрийн сангийн хэлтэс, улсын бүртгэлийн байгууллага бүртгэн авсныг эрх бүхий байгууллагын шийдвэр гэж үзэх боломжгүй бөгөөд газар ашиглах эрхтэй холбоотой харилцааг Газрын тухай хуулиар зохицуулах тул нэгж талбарын 4504702284 дугаартай 8 га газрыг “*******” ХХК-ийн нэр дээр бүртгэж, гэрээ байгуулж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдэл нь хуульд нийцсэн байна гэж үзлээ.
- Түүнчлэн нэгэнт хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргад “*******” ХХК-д газар эзэмших эрх олгосон шийдвэр гаргахыг даалгах боломжгүй тул мөн хариуцагч Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй юм.
- “*******” ХХК-ийн газар ашиглах эрх, “*******” ХХК-ийн газар эзэмших, ашиглахыг хүсэх эрх хариуцагч захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдөөгүй байх тул нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
- Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 35 дугаар зүйлийн 35.1.4, 44 дүгээр зүйл, 45 дугаар зүйлийн 45.1-д заасныг баримтлан “*******” ХХК, “*******” ХХК-ийн Дархан-Уул аймгийн Засаг дарга, Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдуулан гаргасан “...Газрын эрхийг “*******” ХХК-ийн нэр дээр бүртгэн, газар эзэмшүүлэх захирамж гаргаагүй Дархан-Уул аймгийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, “*******” ХХК-д газар эзэмших эрх олгосон захирамж гаргахыг Дархан-Уул аймгийн Засаг даргад даалгах, Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар /дарга/-ын 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 517 дугаар татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрхийн гэрчилгээг “*******” ХХК-ийн нэр дээр гаргаж, гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
- Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 114.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээрээ дамжуулан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.МӨНХ-ЭРДЭНЭ