| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 102/2021/02543/И |
| Дугаар | 210/МА2022/00115 |
| Огноо | 2022-01-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 210/МА2022/00115
| 2022 оны 01 сарын 17 өдөр | Дугаар 210/МА2022/00115 |
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2021/02797 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ж.А-ийн хариуцагч Д.П-т холбогдуулан гаргасан 35,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Ж.А нь Д.П-тэй Баянгол дүүргийн 2 дугаар хороо 67/3 129 тоот 61 м.кв байрыг авахаар болж урьдчилгаа төлбөр болох 35,000,000 төгрөгийг бэлнээр нотариатаар гэрчлүүлэн өгсөн бөгөөд 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр орон сууцыг худалдаж авахаа больсноо хэлэхэд орон сууцаа худалдахаар урьдчилгаа төлбөр болох 35,000,000 төгрөгийг өгнө гэсэн боловч элдэв шалтаг хэлж аргацаасаар өнөөдрийг хүрсэн. Иймд Д.П-ээс орон сууцны урьдчилгаа мөнгө болох 35,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэгч Ж.А нь хариуцагч Д.П-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 67/3-ийн 12а тоот орон сууцыг нийт 61,000,000 төгрөгөөр худалдан авахаар болж, 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр урьдчилгаа 35,000,000 төгрөгийг хүлээн авч, гэрээг нотариатаар батлуулсан. Бидний хоорондын тохиролцоогоор Ж.А нь 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр буюу 1 хоногийн дараа цалингийн зээл аваад үлдэгдэл мөнгө болох 26,000,000 төгрөгийг өгөх байсан боловч хугацаандаа өгөлгүй хэд хоносон. Ингээд 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдөр би орон сууц худалдан авахаа болилоо гэсэн. Ингээд урьдчилгаанд өгсөн мөнгөө буцааж нэхэхээр нь Д.П чи надад зөндөө ажил удчихлаа, би орон сууцаа худалдахаараа өгнө, авах гэсэн өөр хүмүүсийг бүгдийг нь би болиулсан гэж хэлсэн. Ж.А нь орон сууцыг авахаар тохиролцохдоо обой болон шалыг нь сольж өг гэж шаардсаны дагуу Д.П нь орон сууцны шалыг солихоор хуулж зардал гаргасан. Иймд нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас 2,000,000 төгрөгийг хохиролд тооцон авч, үлдэх 33,000,000 төгрөгийг өгөхөд татгалзах зүйлгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.П-ээс 35,000,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Ж.А т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.П-ээс улсын тэмдэгтийн хураамжид 332,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.А т олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.
а/ Анхан шатны шүүхийн шийдвэрийн 2,000,000 төгрөгт холбогдох хэсгийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Д.П-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 67/3-ийн 12а тоот орон сууцыг Ж.А нь нийт 61,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр урьдчилгаа 35,000,000 төгрөгийг Д.П хүлээн авч, хэлцэл хийн нотариатаар батлуулсан. Хэлцлээр тохиролцсон тохиролцоогоор Ж.А нь 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр буюу 1 хоногийн дараа цалингийн зээл аваад үлдэгдэл мөнгө болох 26,000,000 төгрөгийг өгөх байсан боловч хугацаандаа өгөлгүй 7-8 хоног болсон. 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр үлдэгдэл мөнгөө яагаад шилжүүлэхгүй байгаа талаар асуухад Ж.А нь өнөө маргаашгүй бүтнэ, түр хүлээ, мөн орон сууцны шал, обой, тааз зэрэг нь муудсан юм байна, тэрийгээ янзалж өгөөрэй гэсэн зүйл ярьсан. Тиймээс би маргааш нь паркетан шал, обой, эмульс зэргийг худалдан авч, хүнээр засвар хийлгүүлсэн. Энэ бүхний зардал 2,000,000 төгрөг болсон. Гэтэл Ж.А нь 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр би танай орон сууцыг худалдаж авахаа болилоо гэж утсаар хэлсэн. Ингээд урьдчилгаанд өгсөн мөнгөө буцаан нэхэхээр нь Д.П чи надад зөндөө ажил удчихлаа, урьдчилгаанд авсан мөнгийг чинь би чамайг орон сууцыг авна гэж итгэж байсан учраас өнгөрсөн 7-8 хоногийн хугацаанд өөр зүйлд зарцуулчихсан, одоо бол бэлэн мөнгө байхгүй байна, би орон сууцаа худалдахаар өгнө, авах гэсэн өөр хүмүүсийг бүгдийг нь би болиулчихсан гэж хэлсэн. Гэтэл Ж.А нь үүнээс 2 хоногийн дараа шүүхэд хандсан болно. Д.П-ийн хувьд Ж.А ээс болж орон сууцаа хугацаандаа худалдаж чадаагүй, өөр авах гэсэн хүмүүсийг болиулсанаас үүдэж дахин зар өгөх, зуучлалын байгууллагад хандах зэрэгт нилээдгүй зардал засварт зарцуулсан 2,000,000 төгрөгөөс хойш дахин зардал гарсан. Гэвч энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй болно гэжээ.
5. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны гарсан. 2,000,000 төгрөгийн хууль ёсны шаардлага хангасан нотлох баримт байхгүй. Сөрөг нэхэмжлэл гаргаж, 2,000,000 төгрөг гаргуулахаар шаардлагаа гаргаагүй атлаа 2,000,000 төгрөгийн асуудлыг ярьдаг. Хариуцагч тал хугацаа авч хүний мөнгийг өгөхгүй гэсэн байдлаар давж заалдах гомдол гаргасан гэж үзэж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаж шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч Ж.А нь хариуцагч Д.П-т холбогдуулан 35,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Хариуцагч Д.П нь Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 67/3 байр 12 а тоот 61 м.кв орон сууцыг нэхэмжлэгч Ж.А т худалдах-худалдан авахаар тохиролцсон боловч талууд гэрээг бичгээр байгуулаагүй болох нь талуудын тайлбараар тогтоогдсон байна.
4. Нэхэмжлэгч Ж.А нь хариуцагч Д.П-ээс дээрх хаягт байрлалтай 61 м.кв орон сууцыг 61,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож урьдчилгаанд 35,000,000 төгрөгийг төлснийхөө дараа уг орон сууцыг худалдан авахаас татгалзсан үйл баримтын талаар талууд маргаагүй.
5. Анхан шатны шүүх талуудын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрлөлт оруулах шаардлагатай байна.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж тус тус зохицуулсан байна.
Зохигчдын хэн аль нь худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, талууд худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсан гэж тайлбарлаж байгаа тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар орон сууцны урьдчилгаанд шилжүүлсэн 35,000,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна. Үндэслэлгүй хөрөнгөжсөнтэй холбоотой үүрэг бус, гэрээнээс татгалзсаны үр дагаврыг арилгуулах тухай маргаан үүссэн байна.
Иймд хариуцагч Д.П-ээс 35,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.А т олгох нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.
6. Хариуцагч нь нэхэмжлэгчийн үйлдлээс шалтгаалан түүнд 2,000,000 төгрөгийн хохирол учирсан тул 35,000,000 төгрөгөөс 2,000,000 суутгаж авна гэж тайлбарлаж байх боловч уг тайлбарын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй. Нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас 2,000,000 төгрөгийн хохирол хариуцагчид учирсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна. /4а/
Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2021/02797 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 492 дугаар зүйлийн 492.1.1 гэснийг 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1 гэж өөрчлөн, бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ