Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 61

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,

Нарийн бичгийн дарга Т.М,

Улсын яллагч Г.М, 

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Б.Б-д холбогдох эрүүгийн 1820000870050 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт  Дорноговь аймгийн Замын-Үүд сум 3 дугаар багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, С овогт Б.Б,

Холбогдсон хэргийн талаар:  

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь авто замын шалган нэвтрүүлэх боомтоор хязгаарласан бараа болох 45 ширхэг тарваганы арьсыг биедээ нууж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би өнгөрсөн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 40 орчим насны залуу миний машинд суугаад Эрээн хотоос Замын-Үүд сум руу орж ирсэн юм. Тэгээд машинд явж байхдаа тарваганы арьс байна энийг гаргаад өгөх хүн байна уу гэж хэлэхээр нь би мэдэхгүй байна гэж хэлтэл чи чадахгүй юу гэж асуутал том жижгийг нь харъя гэж хэлсэн. Тэгээд маргааш нь буюу 04 дүгээр сарын 18-ны өдөр 12 цагийн орчим над руу нууцалсан дугаараас залгаад үзэх юм уу гэж хэлтэл би үзье гээд МТ колонк дээр уулзахаар болоод очтол зам дээр зогсож байсан. Тэгээд надад торон дотор хийсэн хатаачихсан тарваганы арьс үзүүлсэн. Тэгэхээр нь би жижигхэн болохоор нь хил давуулаад өгье гэж хэлсэн. Тэр залуу хариуд нь надад урагшаа Эрээн хот гаргаж өгвөл 400 юань өгнөө гэж хэлсэн юм. Тэгээд би куртикний дотор талдаа хийгээд скочоор тогтоосон. Тэгээд гааль дээр тээврийн хэрэгсэлдээ үзлэг хийлгэж байтал гаалийн улсын байцаагч М гэх хүн биед чинь юу байгаа юм гээд миний нуруунаас бариад авсан. Тэгэхээр нь би тарваганы арьс байгаа юм гэж үнэнээ хэлсэн. Би хязгаарласан бараанд ордог гэдгийг мэднэ. Мөнгөний хэрэг гараад банкинд мөнгө тушаах санаатай байсан юм. Энэ бүгд миний буруу. Хийсэн зүйлдээ гэмшиж байна, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 31-32/,

- Гэрч Я.М мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дэх Гаалийн газрын АЗШНЦ1-ын ГХБүсийн гаргах чиглэлд ажил үүргээ гүйцэтгэж байхад өдрийн 14 цагийн үед улсын дугаартай УАЗ-469 маркийн тээврийн хэрэгсэлд гаалийн ханалт шалгалт хийх явцад жолооч Б.Б-н өмсөж явж байсан куртикний нуруун хэсэгт товоож харагдахаар нь тухайн жолоочоос биедээ юу нуусан талаар асуухад би нуруундаа тарваганы арьс хийсэн байгаа гэж хэлсэн. Тэгээд тухайн жолоочийг биедээ нуусан байгаа тарваганы арьсаа гаргаж ир гэхэд хоёр хэсэг хар өнгийн скочоор ороосон эд зүйлийг гаргаж ирсэн. Тэгээд тухайн хоёр хэсэг эд зүйлийг задалж үзэхэд 45 ширхэг тарваганы арьс гарч ирсэн. Тэгээд унаж явж байсан тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийхэд ямар нэг эд зүйл гарч ирээгүй. Тэгээд тээврийн хэрэгслийг саатуулаад зөрчлийн материал бүрдүүлээд харьяаллын дагуу шилжүүлэх саналтай Прокурорын байгууллагад материал, тарваганы арьсыг шилжүүлсэн. Тухайн үед жолооч Б.Б хил орох замдаа нэг танихгүй хүнээс авсан талаар ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15/,

- Иргэний нэхэмжлэгч Т.У мөрдөн шалгах ажиллагаанд: “...Тухайн экологи эдийн засгийн үнэлгээг Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаар тогтоолоор баталсан амьтны экологи эдийн засгийн үнэлгээг нь тогтоосон байдаг тул тухайн тарваганы арьсыг үнэлгээгээр нь нэхэмжлэгчээр оролцоно. Хавтаст хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралд суух шаардлагатай гэж үзсэн тохиолдолд оролцох боломжтой. Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх экологи эдийн засгийн үнэлгээгээр нь буюу 1 ширхэг амьтны эд эрхтэн гэж үзэж нэг амьтнаар тооцож 170,000 төгрөгөөр бодож 7,650,000 төгрөг болж байгаа бөгөөд уг мөнгөн дүнгээр улсын орлогод авах саналтай байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42/,

- Шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 05 дугаартай дүгнэлтэд:

Хариулт 1: Шинжилгээнд хүргүүлж буй 45 ширхэг арьс нь Монгол тарваганы арьс байна. Мэдрэхүйн үзлэгээр: Монгол Улсад мөрдөгдөж буй “Арьс шир, үслэг түүхий эд тарваганы арьс ерөнхий шаардлага” MNS 0054:2001 стандартын дагуу үзлэг шалгалт хийхэд тарваганы арьсыг хэт тэлж цайруулан, сарьслаг байдалд оруулахгүйгээр, хэлбэр дүрсийг нь алдагдуулахгүй, толигор байдлаар хатааж, хөрсөн талыг гадагш харуулан, уртааш нь огцом бус нугалсан байна. Талбайн хэмжээ нь дунд зэрэг, үс хөрсний гүйцэлтийн байдлаар нь үзэхэд үсэн бүрхүүл нь гүйцэд боловч хамар, толгой, хүзүүний захын хэсэг орчмоор хөрсөнд ялигүй нэвт харвасан үсний угтай, хөрс цайвар өнгөтэй боловч зарим хэсэгтээ хөхөвтөр бараандуу, захалсан арьс байна.

Хариулт 2: Уг тарваганы арьс нь хязгаарласан бараанд орох бөгөөд мэрэгчдийн бүлэгт орно.

Хариулт 3: Шинжилгээнд явуулсан 45 ширхэг тарваганы арьс нь Монгол Улсад мөрдөгдөж буй боловсруулаагүй арьс ширний техникийн ерөнхий шаардлага арьс шир, үслэг түүхий эд, тарваганы арьс MNS 0054:2001 стандартыг хангаж байна. Цаашид ахуйн хэрэгцээнд хэрэглэх боломжтой бөгөөд хадгалах горимыг чанд сахих шаардлагатай гэж үзэж байна гэсэн дүгнэлт /хх-ийн 24/,

- Шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 05 дугаартай тарваганы арьсыг үнэлсэн дүгнэлт /хх-ийн 19/,

- Замын-Үүд дэх Гаалийн газраас хойшлуулшгүй ажиллагаа явуулсан материал /хх-ийн 1-12/,

- Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гэх 45 ширхэг тарваганы арьсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 35-36/,

- Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 37/,

-  Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46/ зэрэг шүүгдэгчийн хувийн байдлын талаарх нотлох баримтууд, эд мөрийн баримтыг судалсан болно.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь авто замын шалган нэвтрүүлэх боомтоор хязгаарласан бараа болох 45 ширхэг тарваганы арьсыг биедээ нууж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн нь гаалийн үзлэг шалгалтаар илэрсэн үйл баримт болсон байна.

Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Б.Б-г 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь авто замын шалган нэвтрүүлэх боомтоор хязгаарласан бараа болох 45 ширхэг тарваганы арьсыг биедээ нууж Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Монгол Улсын хилээр хязгаарласан бараа болох 45 ширхэг тарваганы арьсыг хууль бусаар нэвтрүүлсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Я.М-н мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Б-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг хуульд заасны дагуу хязгаарласан барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Б.Б-с иргэний нэхэмжлэгч нь “экологи эдийн засгийн үнэлгээгээр нь буюу 1 ширхэг амьтны эд эрхтэн гэж үзэж нэг амьтнаар 170,000 төгрөгөөр бодож 7,650,000 төгрөгийг нэхэмжилнэ“ гэх боловч шүүгдэгч нь тарвагыг агнасан, арьсыг нь худалдан авсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдоогүй. Харин хязгаарласан бараа болох 45 ширхэг тарваганы арьсыг улсын хил нэвтрүүлж хөлсөнд нь 400 юань авахаар тохирсон болох нь тогтоогдож байна. Иймд шүүгдэгчээс экологи эдийн засгийн үнэлгээгээр 7,650,000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байх тул иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 45 ширхэг тарваганы арьсыг улсын орлого болгох нь зүйтэй  гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овогт Б.Б-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуульд заасны дагуу хязгаарласан барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг дээрх хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 45 ширхэг тарваганы арьсыг улсын орлого болгохоор Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт шилжүүлсүгэй.

7. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч Т.У-н 7,650,000 /долоон сая зургаан зуун тавин мянга/ төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгосугай.

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Энэ шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар, мөн иргэний нэхэмжлэгч зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ         Б.Н