| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2018/0125/Э/ |
| Дугаар | 2018/ШЦТ/125 |
| Огноо | 2018-05-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Ариунцэцэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 2018/ШЦТ/125
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга П.Ундрах,
Улсын яллагч М.Ариунцэцэг,
Хохирогч Б.О,
Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М-д холбогдох эрүүгийн 1838003650173 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Б.М нь 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 5 дугаар багт хадам ээж Б.Обиед хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.М нь 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 5 дугаар багт хадам ээж Б.О биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.М мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Би 2018 оны 04 дүгээр сарын 27-нд сумын төвд байх хадам аав Бямбажавындаа хөдөө гэрээсээ очсон. Учир нь би урд өдөр эхнэр Цэцэнтэй муудаад эхнэр аавынхлуугаа явсан байсан болохоор араас нь уучлалт гуйхаар очсон. Тэгтэл хадам ээж О надруу “чи миний охиныг зовоолоо, дандаа ганцааранг нь гэртээ хаяж явдаг” гэх зэргээр надруу уурласан. Тэгээд маргалдаж байтал хадам ээж намайг цохихоор сандал бариад ирсэн. Тэгээд сандалаараа намайг цохих гээд далайхаар нь би сандал руу нь зөрүүлээд жийсэн. Тэгээд сандалаар хадам ээжийн баруун шанаа руу нэг удаа цохигдсон юм. Энэ үед хадам аав бид хоёрын дундуур орж салгасан. Дараа нь би ганцаараа хөдөө гэрлүүгээ явсан... ” гэх мэдүүлэг,
Хохирогч Б.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “ 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 07 цаг 50 минутын орчим хүргэн Б.М манайд ирээд эхнэрээ зодох гээд сандал аваад дайрахаар нь дундуур нь ороод охиноо салгах гэтэл сандал миний баруун хацар шанаан тус газарт тусаж гэмтэл учруулсан. Тэгээд манай охин арай гэж гарч зугатаад хажуу талын Нэргүй гэх айлын жижиг амбаарт нуугдаж байгаад Туяа гэдэг айлд очоод дараа нь эмнэлэг явж үзүүлсэн. Манай хүргэн Б.М яасан их охиноо нуудаг юм гээд над руу дайраад байхаар нь эмнэлэгт байгаа биеэ үзүүлж яваа гэж хэлэхэд хамт явъя гэхээр нь айсандаа хамт явж эмнэлэг орсон. Тэндээсээ би салаад ганцаараа гэртээ ирээд байж байтал араас ирээд намайг гэрээс чирч гаргаад та нар яасан их эмч нарт хэлж охиноо хэвтүүлдэг юм гээд байсан ” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/,
Гэрч А.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 27-ны өглөө бид нарыг өглөө босч байхад манай хүргэн М орж ирээд эхнэр болох манай охин Б.Цэцэнг орноос нь үсдэж татаж унагаахад ээж Б.О нь дундуур нь орж салгах гэхэд хүргэн сандал бариад манай эхнэр лүү шидэхэд манай эхнэрийн баруун нүд хацар тушаа цохигдоход манай хүний нүд нь шууд хавдаад эхэлсэн. Тэгэхээр нь сандалыг нь булааж аваад одоо боль гээд хоёр тийш нь болгосон. Тэгээд удалгүй бүгдээрээ гэрээс гарцгаасан. Дараа нь 17 цагийн орчим хүргэн ирээд Цэцэн хаана байна гээд асуухаар нь би эмнэлэгт хэвтсэн гэж хэлсэн. Тэгээд хүргэнийг бид хоёр гэрээс гаргаад хамт эмнэлэг явъя эмнэлэгт байгаа гээд манай хөгшин дагуулаад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 216 тоот
1.2. Б.О биед баруун нүдний алимны салст болон баруун хацарт цус хуралт, баруун хацрын зөөлөн эдэд няцралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохих үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байна.
4. Б.Об иед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 53-р хуудас/,
Хохирогч Б.О нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /ХХ-ийн 71 дүгээр хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Эрүүгийн 1838003650173 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Б.М нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 70 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.
Хохирогч Б.О нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Б.М нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Эрүүгийн 1838003650173 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Эрүүгийн 1838003650173 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР