Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2024/ДШМ/08

 

 

 

 

 

2024         02        01                                         2023/ДШМ/08

 

   Б.Бт холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: Э.Б,

Нарийн бичгийн дарга: Б.Мягмарсүрэн нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/399 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Бын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгчид холбогдох 000 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Гозон овогт Б Б, ..... оны ..... дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, ...... настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч, нягтлан бодогч мэргэжилтэй гэх, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., ............... хамт, Хөвсгөл аймгийн Б сумын ... дугаар багт оршин суух бүртгэлтэй, урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ..... оны .... дугаар сарын .....-ны ....... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн /регистрийн ..................................дугаартай/.

Шүүгдэгч Б.Б нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын  2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 284 дүгээр тушаалаар Хөвсгөл аймгийн Б сумын Засаг даргын тамгын газрын улсын бүртгэгчээр буюу төрийн захиргааны албан тушаалд томилогдон ажиллахдаа Ө их сургуулийн 000дугаартай боловсролын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/399 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Гозон овогт Б Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б Быг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баас 96,228,365 /ерэн зургаан сая хоёр зуун хорин найман мянга гурван зуун жаран тав/ төгрөгийг гаргуулж улсын төсөв /төрийн сан/-т оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, Эрүүгийн 000 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 000дугаартай Ө их сургуулийн боловсролын дипломыг устгахыг тус шүүхийн “Эд мөрийн баримт устгах комисст” даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдолдоо:  “... Миний бие 2012 оноос хойш улсын бүртгэлийн байгууллагад улсын бүртгэгчээр ажиллаж байхдаа Иргэний бүртгэлийн 8 төрлийн бүртгэлийг хийж, гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулж, Хөвсгөл аймгийн Б сумын 4500 иргэнд эрх олгосон баримт бичиг үйлдсэн байдаг. Энэ нь одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд үүнийг харьцуулж үзсэнгүй. Мөн миний олон жилийн хөдөлмөрийн урамшуулал, үр дүн, гавъяа шагнал, төрд зүтгэсэн нэр хүнд, сэтгэлийг минь үнэлэхгүй, тодорхой тооны дүнгээр шууд улсын орлого болгож, шийдвэрлэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ийм учир дээр дурдсан зүйлүүдийг хасч тооцсон шийдвэр гаргаж өгнө үү.

...Миний амьдралын байдал үнэндээ энэ их мөнгийг төлөх боломжгүй, өрх толгойлж амьдардаг, эрхэлсэн ажилгүй, өөрийн гэсэн мал ахуй, эд хөрөнгө байхгүй, 93 настай ээж, 2 хүүхдийн хамт ээжийндээ амьдардаг. Миний энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж ялгаж, салгаж, тооцож шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Шүүгдэгч Б.Б нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын  2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 284 дүгээр тушаалаар Хөвсгөл аймгийн Б сумын Засаг даргын тамгын газрын улсын бүртгэгчээр буюу төрийн захиргааны албан тушаалд томилогдон ажиллахдаа Ө их сургуулийн 000дугаартай боловсролын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Өын мэдүүлэг, гэрч Д.С, З.А Г.С, М.О нарын мэдүүлэг, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 06/2384 тоот албан бичиг, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 284 дүгээр тушаалын хуулбар, Ө их сургуулийн бакалаврын 000дугаартай дипломын хуулбар, хавсралт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/119 дүгээр тушаалын хуулбар зэрэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Шүүгдэгч Б.Б нь тухайн албан тушаалын чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх албан хаагчид тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшлийн шаардлага хангаагүй атал хуурамч диплом ашиглан улсын бүртгэгчийн  ажилд орж, төрийн албанд шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх, Монгол Улсын иргэн бүр төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах зарчмыг ноцтой зөрчжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд  шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд торгох ял оногдуулсан нь шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийг хянан  шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн давж заалдах гомдлын хувьд:

Шүүгдэгч Б.Б хуурамч диплом ашиглан Хөвсгөл аймгийн Б сумын улсын бүртгэгчээр 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллахдаа тухайн ажлын байранд шаардагдах зохих мэдлэг, чадварыг эзэмшээгүйн улмаас байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хохирол, хор уршиг учруулсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүйн дээр ажил олгогч нь ажилтан ажлын байрны шаардлагыг  хангасан эсэхийг  нягтлан шалгаж, холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлээгүй зохих буруутай гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн ...цалин хөлс авах эрхтэй”, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.3-т “ажилтан гүйцэтгэсэн ажил үүрэгтээ тохирсон цалин хөлс авах” эрхтэй,  Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно” гэж тус тус зохицуулсан. Иймд дээрх зохицуулалтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Бын ажиллах хугацаандаа авсан нийт 96,228,365 төгрөгийн цалин хөлснөөс тухайн үед дагаж мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр /2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2013 оны 08 дугаар сарын 31 дуусталх  хугацаанд сар бүр 140,400 төгрөг, 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх  хугацаанд сар бүр 192,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-нй өдрийг дуусталх хугацаанд сар бүр 240,000 төгрөг, 2019 онд сар бүр 320,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд сар бүр  420,000 төгрөг/ тооцсон цалин 31,154,454 төгрөгийг өөрт нь үлдээж, илүү гарах хэсэг болох 65,073,910.45 төгрөгийг  буцаан гаргуулж төрийн санд орууулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Дээрх үндэслэлээр шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б.Бын давж заалдах гомдлыг хүлээн авч, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/399 дүгээр шийтгэх тогтоолын 3 дахь заалтын “96,228,365 /ерэн зургаан сая хоёр зуун хорин найман мянга гурван зуун жаран тав/” гэснийг “65,073,910.45 /Жаран таван сая далан гурван мянга есөн зуун арван төгрөг дөчин таван мөнгө/ гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАЯРХҮҮ

               ШҮҮГЧИД                                    Л.ЭРДЭНЭБАТ

                                                              Б.СОСОРБАРАМ