| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лутбатын Хэрлэнчимэг |
| Хэргийн индекс | 128/2025/0761/З |
| Дугаар | 128/ШШ2025/0876 |
| Огноо | 2025-11-27 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 128/ШШ2025/0876
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Хэрлэнчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С.Н /РД:ЧЛ690413*******/
Хариуцагч: Үндэсний Аудитын газар
Нэхэмжлэлийн шаардлага: Монгол улсын Ерөнхий аудитын 2025 оны *******дугаар сарын 01-ний өдрийн Албан хаагчдыг албан тушаалаас чөлөөлөх тухай Б/, 2025 оны *******дугаар сарын 01-ний өдрийн Албан хаагчдыг албан тушаалд томилох тухай Б/ тушаалуудын С.Нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, Үндэсний Аудитын газрын Чанарын удирдлага, эрсдэлийн газрын чанарын бодлого, эрсдэлийн удирдлага, мониторинг хариуцсан менежерийн албан тушаалд томилуулахтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Т, нэхэмжлэгч С.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, гуравдагч этгээд Ж.Б******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1.Нэхэмжлэгч 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Монгол улсын Ерөнхий аудитын 2025 оны *******дугаар сарын 01-ний өдрийн Албан хаагчдыг албан тушаалаас чөлөөлөх тухай Б/, 2025 оны *******дугаар сарын 01-ний өдрийн Албан хаагчдыг албан тушаалд томилох тухай Б/ тушаалуудын С.Нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, Үндэсний Аудитын газрын Чанарын удирдлага, эрсдэлийн газрын чанарын бодлого, эрсдэлийн удирдлага, мониторинг хариуцсан менежерийн албан тушаалд томилуулах.” гэж,
1.2.Нэхэмжлэгч 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр тодруулсан нэхэмжлэлийн шаардлагадаа: “2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Монгол Улсын Ерөнхий Аудитын А/ “Албан тушаалын тодорхойлолтыг батлах тухай” тушаалаар баталсан чиг үүргийн дагуу Чанарын удирдлага, эрсдэлийн менежер, Мониторинг хариуцсан менежер, Үнэлгээ хариуцсан менежерийн албан тушаалын аль нэгэнд томилуулах.” гэжээ.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. С.Н нь 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Монгол Улсын Ерөнхий Аудиторын Б/ дугаар тушаалаар Үндэсний аудитын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын Дотоод аудит, эрсдэлийн удирдлагын хэлтсийн Аудитын менежерийн албан тушаалд томилогдож, 2024 оны *******дугаар сарын 05-ны өдөр Б/ дугаар тушаалаар Чанарын удирдлагын газарт Хяналт-шинжилгээ үнэлгээний менежерийн албан тушаалд томилогдон ажиллаж байсан байна. 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр С.Н нь Монгол Улсын Ерөнхий Аудиторт 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөр тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдөх, буцалтгүй тусламж олгох тухай хүсэлтийг гаргасан байна.
2.2. Үндэсний аудитын газарт бүтцийн өөрчлөлт хийгдсэнтэй холбоотой 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр сонсох ажиллагаа хийгдэхэд С.Нд “Захиргааны санаачлагчаар Хяналт-шинжилгээ үнэлгээний менежерийн албан тушаалыг бууруулж, Хяналт-шинжилгээ үнэлгээний ахлах аудитораар томилж байгаа” тухай мэдэгдсэн байна. Үүнийг эс зөвшөөрч С.Н нь 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улсын Ерөнхий Аудиторт “тэтгэвэр тогтоолгох хүртэл хугацаанд албан тушаал бууруулахгүй байх арга хэмжээ авч өгөх”-ийг, 2025 оны *******дугаар сарын 01-ний өдөр “...Хөдөлмөрийн тухай хууль болон ахмад настны тухай хууль”-ийн холбогдох заалтыг зөрчсөн талаар тус тус хүсэлт гаргасан байна.
2.3. 2025 оны *******дугаар сарын 01-ний өдөр Монгол Улсын Ерөнхий Аудиторын Б/ тушаалаар С.Нг ахлах аудиторын албан тушаалд томилсон байна. Тус тушаалыг эс зөвшөөрч, 2025 оны *******дугаар сарын 18-ний өдөр Төрийн албаны зөвлөлийн маргаан хянан шалгах газарт гомдол гаргасан байна. Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс Монгол Улсын Ерөнхий аудиторт 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 04/ дугаар албан бичгээр “С.Нг холбогдох хөдөлмөрийн хууль болон журмын заалтыг зөрчиж, албан тушаал бууруулж томилсон нь үндэслэлгүй тул 2025 оны 09 дүгээр сарын 01-ны дотор холбогдох шийдвэр гаргаж Төрийн албаны зөвлөлд ирүүлэх” үүрэг болгосон боловч заасан хугацаанд шийдвэрлээгүй байна.
2.4. С.Нгээс 2025 оны 09 дугаар сарын 05-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг 2025 оны 09 дугаар сарын 12-ны өдөр тус шүүхийн шүүгчийн 128/ШЗ2025/******* дүгээр захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн байна.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: “...Хөдөлмөрийн тухай хуулийн 62.1.3 дахь хэсэгт заасан “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах” тухай заалтыг зөрчиж бүтцийн өөрчлөлтөөр томилгоо хийсэн. Мөн тэтгэвэр тогтоолгохоос 4 сарын өмнө бүтцийн өөрчлөлтөөр албан тушаал бууруулсан нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөл хамтарсан 9 оны 34/31 дүгээр тушаалаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр ажилд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам”-ын 4.4.4-д “тэтгэвэр тогтоох насанд хүрэхэд 1 жил дутуу тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийг өөртэй нь тохиролцохгүйгээр шилжүүлэн ажиллуулахыг хориглоно.” гэж заасныг зөрчсөн.” гэжээ.
3.1.1 Нэхэмжлэгч С.Н шүүх хуралдааны үеэр гаргасан тайлбартаа: “...А/******* дугаар тушаалаар бүтцийн өөрчлөлт хийж, захиргааны санаачилгаар миний ажиллаж байсан менежерийн албан тушаалыг бууруулж, ахлах аудиторын албан тушаалд томилсон. Тус томилгоог хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа 3 удаа тайлбар бичиж өгсөн боловч өөрчлөх боломжгүй гэсэн тул 2025 оны *******дугаар сарын 18-ны өдөр Төрийн албаны зөвлөлд маргаан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Төрийн албаны зөвлөлөөс шийдвэр гаргаж 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Үндэсний аудитын газарт ирүүлсэн боловч шийдвэр нь хэрэгжээгүй тул шүүхэд хандаж байна. Миний бие 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Үндэсний аудитын газрын Дотоод аудит, эрсдэлийн удирдлагын хэлтэст менежерийн албан тушаалд томилогдож 2021-2024 онд эрсдэлийн менежерээр, 2024-2025 онд хяналт шинжилгээний менежерээр ажилласан. Энэ 5 жилийн хугацаанд 5 удаа бүтцийн өөрчлөлт хийгдэж, нэгжийн удирдлага 5 удаа солигдсон. Эдгээр бүтцийн өөрчлөлтийг хийхдээ танил тал, найз нөхдөд давуу байдал болгох, намчирхах, нутгархах зэргээр хүний эрхийг зөрчиж байгаа нь ажиглагдаж байна. Үүнээс үүдэн албан хаагчийг үндэслэлгүй өөр ажилд шилжүүлэх, чөлөөлөх, албан тушаал бууруулах үйлдэл олширч байна. Иймд төрийн албан хаагчдад ялгаагүй тэгш ханддаг байх, тэгш боломж олгодог байх, эрх нь зөрчигдсөн тохиолдолд найдвартай хамгаалагдах баталгаатай байх үүднээс шүүхэд хандаж байна. 2024 оны *******дугаар сард хийсэн бүтцийн өөрчлөлтөөр Эрсдэлийн удирдлагын газрыг шинээр байгуулж, миний чиг үүргийг тус газарт шилжүүлэн хяналт шинжилгээ, үнэлгээний менежерийн албан тушаалд томилсон нь мөн л хууль зөрчсөн томилгоо байсан боловч тухайн үед ийм шаардлага байна гэж ойлгон шийдвэрийг хүлээж авсан. Энэ удаагийн бүтцийн өөрчлөлтөөр хяналт шинжилгээ, үнэлгээний менежерийн орон тоо, чиг үүрэг байхгүй болсон шалтгаанаар албан тушаал бууруулсан нь Төрийн албаны тухай хууль, холбогдох журмын дараах заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. Үүнд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарт “тус газарт 3 менежерийн албан тушаалын жагсаалтыг баталсан бөгөөд эдгээрийн чиг үүрэгт С.Нгийн хэрэгжүүлж байсан хяналт шинжилгээ, үнэлгээний менежерийн чиг үүрэг байхгүй болсон, орон тоо хасагдсан” гэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь намайг албан тушаалаас чөлөөлөх, томилох тухай тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-т “зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг өөр албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах” гэж заасныг үндэслэсэн. Гэтэл тус заалтад заасан албан тушаалын тодорхойлолт байхгүй бөгөөд өмнөх буюу 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/******* дугаар тушаалаар бүтцийн өөрчлөлт хийхдээ албан тушаалын тодорхойлолтыг шинэчлэн батлаагүй байна. Энэ нь Төрийн албаны зөвлөлийн 9 оны 03 дугаар тогтоолоор батлагдсан Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг дэг, нийтлэг журмын 2.2-т “тухайн байгууллагын чиг үүрэг, хууль тогтоомжоор өөрчлөлт орсон бол албан тушаалын тодорхойлолтод өөрчлөлт орно” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна. 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/******* дугаар тушаалаар бүтцийн өөрчлөлт хийхдээ миний ажиллаж байсан Дотоод аудит, хяналт шинжилгээ, үнэлгээний газрыг татан буулгаж 3 хуваасан. Үүнд Дотоод аудитын газар, Эрсдэлийн удирдлагын газар, хяналт шинжилгээ, үнэлгээ, эрсдэлийн удирдлагын газрыг шинээр байгуулсан. Хяналт шинжилгээ, үнэлгээний чиг үүргийг Чанарын удирдлагын газарт нэгтгэсэн. Зохион байгуулалт, бүтцийн нэгжийг татан буулгаж, шинээр байгуулж нэгтгэсэн томоохон бүтцийн өөрчлөлт хийсэн байхад албан тушаалын тодорхойлолтыг батлаагүй. Албан тушаалын тодорхойлолт батлаагүй тохиолдолд чиг үүрэг нь байхгүй болсон гэж тайлбарлах нь өөрөө боломжгүй. 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/******* дугаар тушаалаар бүтцийн өөрчлөлттэй холбоотой албан тушаалын тодорхойлолтыг батлуулах ажлыг зохион байгуулж ажиллахыг Тамгын дарга н.Б*******д даалгасугай гэж заасан боловч энэ үүрэг хэрэгжээгүй байсаар дараагийн бүтцийн өөрчлөлт хийгдэж, 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/72 дугаар тушаалаар албан тушаалын тодорхойлолтыг шинэчлэн баталсан. Тус тушаалаар 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр баталсан албан тушаалын тодорхойлолтыг хүчингүй болгосон. Энэ нь 2024 оны бүтцийн өөрчлөлтийн дараа албан тушаалын тодорхойлолт батлаагүйг нотолж байна. Албан тушаалын тодорхойлолт батлаагүй нь Төрийн албаны зөвлөлийн 9 оны 03 дугаар тогтоолоор баталсан албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журмын 5.1-т “албан тушаалын тодорхойлолтыг томилох эрх бүхий этгээд шийдвэр гаргаж, албан тушаал тус бүрээр батална” гэж заасныг зөрчсөн. Мөн журмын 6.2-т “байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтан нь албан тушаалын тодорхойлолтыг тухайн албан тушаалд томилогдож буй этгээдэд албан ёсоор танилцуулах үүрэгтэй бөгөөд танилцсан тухай баримтад гарын үсэг зуруулж, хувийн хэрэгт хавсаргана” гэж заасныг хангаагүй гэж үзэж байна. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарт дурдсан “өмнөх бүтцээр эдгээрийн чиг үүрэгт чиг үүргийг хэрэгжүүлж байсан чиг үүрэг байхгүй, орон тоо хасагдсан” гэх тайлбарууд нь хүчин төгөлдөр баталсан албан тушаалын тодорхойлолт байхгүй тохиолдолд үндэслэлгүй гэж үзэж байна. Хоёрдугаарт, Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т “Хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаалын орон тоо цөөрсөн бол” гэж заасан. Гэтэл дээр дурдсан албан тушаал, ажлын байр, орон тоо огт цөөрөөгүй, бүтцийн өмнө 3 менежерийн орон тоо байсан бол бүтцийн дараа мөн л 3 менежерийн орон тоо хэвээр хадгалагдан үлдсэн. Зөвхөн албан тушаалын нэршил өөрчлөгдсөн. Энэ талаар Төрийн албаны зөвлөлийн шийдвэрт тодорхой тусгасан. Гуравдугаарт, Албан тушаал бууруулсан шийдвэр нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 9 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журмын 4.1.4-т “тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхэд нэг жил дутуу тохиолдолд харилцан тохиролцохгүйгээр төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэхийг хориглоно” гэж заасныг зөрчсөн. Энэ тухай Төрийн албаны зөвлөлийн шийдвэрт мөн тусгагдсан боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ шийдвэрийг бодит бус гэж үзэн “энэ журам нь зохион байгуулалт, бүтцийн нэгж хооронд шилжүүлэх, сэлгэн ажиллуулахтай холбоотой харилцааг зохицуулах бөгөөд эл нөхцөл байдал үүсээгүй, хамааралгүй” гэж тайлбарлажээ. Гэтэл 2025 оны *******дугаар сарын 01-ний өдрийн Б/ дугаар албан хаагчийг томилсон тухай тушаалын үндэслэл хэсэгт эл нөхцөл байдалд хамааралгүй гэж үзсэн 44.5 дахь заалтыг үндэслэл болгосон байна. Өөрөөр хэлбэл, тайлбартаа энэ заалт хамаагүй гэсэн хэр нь тушаалдаа үндэслэл болгосон. Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйл, 44.5 дахь хэсгийг албан тушаалд томилсон тушаалд үндэслэл болгосон нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар тушаалын үндэслэлтэй зөрчилдөж байгааг харуулж байна. Мөн хуулийн дээрх заалтыг үндэслэсэн нь намайг байгууллагын нэгж хооронд шилжүүлэн ажиллуулсан гэдгийг нотолж байна. Мөн тус заалтыг заалтыг үндэслэснээр Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь заалтыг зөрчсөн. Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т “энэ хуулийн 44.5-д заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулахдаа эрхэлж байгаа албан тушаалын ангилал зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй” гэж заасан. Гэвч албан тушаалын ангилал бууруулснаар энэ заалт зөрчигдсөн. Дөрөвдүгээрт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын эхний хуудаст “тус газарт 3 менежерийн албан тушаалын жагсаалтыг баталсан бөгөөд эдгээрийн чиг үүрэгт С.Нгийн хэрэгжүүлж байсан хяналт шинжилгээ, үнэлгээний менежерийн чиг үүрэг байхгүй, орон тоо хасагдсан” гэжээ. Албан тушаалын тодорхойлолтыг батлаагүй байхад чиг үүрэг хасагдсаныг яаж нотлох вэ. Манай газрын чиг үүргээс харвал бүтцийн өмнө болон бүтцийн дараа баталсан гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайланд өөрчлөлт ороогүй, хэвээрээ байгаа. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д заасанчлан манай газрын чиг үүрэг бүтцийн өмнө болон дараа хэвээр хадгалагдаж үлдсэн...Бүтцийн өмнө Чанарын удирдлагын газар, бүтцийн дараа Чанар, эрсдэлийн удирдлагын газар болж нэршил өөрчлөгдсөн. Бүтцийн өмнө хяналт шинжилгээ гэдэг байсан бол бүтцийн дараа “мониторинг” гэх олон улсын нэршил болж өөрчлөгдсөн. Мөн үүнтэй уялдан менежерүүдийн албан тушаалын нэршил өөрчлөгдсөн. Харин орон тоо, чиг үүрэг хэвээр хадгалагдаж үлдсэн. Чиг үүрэг хасагдах биш эсрэгээрээ чиг үүрэг нэмэгдсэн...Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3 дахь заалтыг үндэслэн бүтцийн өөрчлөлтийг хийхдээ албан тушаалын нэршил өөрчлөх арга ашиглаж албан тушаал болон чиг үүрэг байхгүй болсон мэт төөрөгдүүлсэн тайлбар хийж байгаа нь бодит бус гэж үзэж байна. Нэршил өөрчлөх саналыг анх манай газар 2024 оны сүүл 2025 оны эхээр гаргаж үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн. 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Засгийн Газрын хяналт хэрэгжүүлэх газраас мониторинг хийх нийтлэг журам, үнэлгээ хийх нийтлэг журмыг танилцуулах хэлэлцүүлэг зохион байгуулж, хяналт шинжилгээ гэдэг үгийг мониторинг гэх олон улсын мэргэжлээр өөрчлөх чиглэлийг Засгийн Газрын байгууллагуудад өгсөн. Энэ хэлэлцүүлэгт миний бие чиг үүргийн дагуу оролцсон. 2024 оны сүүлээр Олон улсын чанарын удирдлагын тогтолцоо, стандарт стандартыг орчуулж, стандартын хороогоор батлуулах ажлын хүрээнд “хяналт шинжилгээ, үнэлгээ” гэх үгийг мөн олон улсын “мониторинг” гэх нэршил болгон өөрчлөх шаардлага үүссэн. Үг үсгийн тайлбар судалгааг манай газар хийж, газрын даргад 2025 оны 01 дүгээр сард миний бие танилцуулж байсан. Үүний үр дүнд 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/*******тоот тушаалаар 2025 оны 01 дүгээр сард төрийн аудитын байгууллагын 2025-2030 оны стратегийн бодлогын бичиг баримт болон 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 140 стандартад “хяналт шинжилгээ” гэх үгийг “мониторинг” гэж тусган оруулсан...Тавдугаарт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын 2 дугаар хуудаст “нэхэмжлэлийн шаардлагад дурдсан одоогийн чанарын удирдлага, бодлого, эрсдэлийн удирдлага хариуцсан менежер нь чанарын удирдлагын тогтолцоог үнэлж дүгнэж, бодлого, арга зүйг хөгжүүлэх үйл ажиллагааг гүйцэтгэнэ. Мониторинг хариуцсан менежер нь байгууллагын болон аудитын түвшний чанарын удирдлагын мониторинг хийх, бодлого, арга зүйг хөгжүүлэх үйл ажиллагааг гүйцэтгэхээр албан тушаалын тодорхойлолт туссан.” гэж дурдсан. Тус албан тушаалын тодорхойлолтыг 2025 онд баталсан. Үүнээс үзвэл байгууллагын бодлого төлөвлөлт, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, чанарын удирдлагын мониторинг хийх, бодлого, тогтолцоог хөгжүүлэх чиг үүргүүд нь өөр хоорондоо ялгаатай гэсэн тайлбарыг өгсөн нь огт ойлгомжгүй байна. Энд дурдсан мониторинг хариуцсан менежер нь байгууллагын болон аудитын түвшний мониторинг хөгжүүлнэ гэдгийг сая баталсан стандартын дагуу дараах байдлаар ойлгоно. 3Байгууллагын түвшний мониторинг3 гэдэгт хуучин нэршлээр “хяналт шинжилгээ, үнэлгээ” буюу байгууллагын бодлого төлөвлөлт, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах чиг үүргийг, “аудитын түвшний” гэдэгт чанарын бодлогын мониторинг хийх, бодлого тогтолцоог хөгжүүлэх чиг үүргийг тус тус ойлгоно. Нөгөө талаас 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/72 дугаар тушаалаар баталсан албан тушаалын тодорхойлолтод 3 менежерийн үүргийг өөр хоорондоо ялгаатай тодорхойлж баталсан хэр нь миний албан тушаалын тодорхойлолтод 3 менежерийн бүх чиг үүргийг нэг бүрчлэн бүгдийг нь тусгаж баталсан. 3 менежерийн чиг үүрэг нь ялгаатай боловч миний албан тушаалын тодорхойлолт бүгд тусгагдсан. Мониторинг хариуцсан менежерийн албан тушаалын тодорхойлолтод 19 чиг үүрэг тусгасан бол шинэчлэн баталсан миний албан тушаалын тодорхойлолтод бүгд ялгаагүй ижил тусгагдсан. Чанарын удирдлага, эрсдэлийн менежерийн албан тушаалын тодорхойлолтод заасан 21 чиг үүрэг байгаа бөгөөд үүнийг шинэчлэн баталсан миний албан тушаалын тодорхойлолтод ямар ч зөрөөгүй мөн ижил баталсан. Чанарын удирдлагын тогтолцоог үнэлэх асуудал хариуцсан менежерийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг мөн адил шинэчлэн баталсан албан тушаалын тодорхойлолтод ямар нэг ялгаагүй тусгасан. 3 менежерийн чиг үүрэг нь нэг хүний албан тушаалын тодорхойлолтод бүгд багтаж байгаа шалтгаан нь эдгээр 3 менежерийн ихэнх чиг үүрэг хоорондоо давхардсантай холбоотой. Үүнийг нотлох баримт нь 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/72 дугаар тушаалаар баталсан албан тушаалын тодорхойлолт, хавтаст хэрэгт авагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг менежерүүдийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэгтэй харьцуулсан судалгаа юм. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа “эрсдэлийн удирдлагын газрыг татан буулгасантай холбоотой эрсдэлийн чиг үүргийг Чанарын удирдлага, эрсдэлийн газарт нэмсэн. Энэ нь нэхэмжлэгчийн хяналт шинжилгээ, үнэлгээний менежерийн чиг үүргээс өмнө хэрэгжүүлж байсан албан тушаалын чиг үүрэг тул үүнийг одоогийн бүтэц, чиг үүрэгт хамааруулах нь үндэслэлгүй” гэж тайлбарлажээ. Албан тушаал тус бүрээр албан тушаалын тодорхойлолт батлаагүй тохиолдолд ийм тайлбар өгөх нь утгагүй юм. Хариуцагч талаас 2025 оны бүтцийн өөрчлөлтийн дараа шинээр бий болсон гэж тайлбарлаж байгаа стандарт, чанарын бодлогын тогтолцоо, чанарын бодлого, арга зүйг хөгжүүлэх зэрэг чиг үүргүүд нь цоо шинэ чиг үүрэг биш бөгөөд 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/******* дугаар тушаалаар баталсан чиг үүргийн 8.1.1.1-ээс 8.1.3-т тусгагдан батлагдсан. Энэ чиг үүргийг миний бие 8.3-т тусгасан хяналт шинжилгээ, үнэлгээний чиг үүрэгтэй хавсран 2024 оны 09 дүгээр сараас 2025 оны 04 дүгээр сар хүртэл хэрэгжүүлсэн. Эрсдэлийн чиг үүргийг миний бие бүтцийн өмнө хэрэгжүүлж байсан, бүтцийн дараа ч хэрэгжүүлж байна. Манай газрын 2025 оны төлөвлөгөөнд тусгагдсан чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх ажлын хүрээнд эрсдэлийн хэрэгцээ, шаардлагын үнэлгээг миний бие хариуцан 2025 оны 05-*******дугаар сард мөн хэрэгжүүлж байсан. Эдгээр чиг үүргийн хэрэгжилт нь Төрийн аудитын байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө, манай нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөө, миний гүйцэтгэлийн төлөвлөгөөнүүдэд бүгд ижил тусгагдсан. Монгол Улсын Ерөнхий аудиторын баталсан 2024-2025 оны чанарын удирдлагын тогтолцоо, стандартыг нэвтрүүлэх ажлын төлөвлөгөө, миний гүйцэтгэлийн үнэлгээ, төрийн аудитын байгууллагын сэтгүүлд хэвлүүлсэн эрсдэлийн удирдлагын нийтлэлүүд, чанарын удирдлагын тогтолцооны нийтлэлүүд, Үндэсний аудитын газрын хэмжээнд зохион байгуулсан хуралд тавьсан манай газрын албан хаагчдын илтгэлүүдээр нотлогдоно...Үндэсний аудитын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хариу тайлбар бодитой бүрд үндэслэлгүй байна...Мөн жил бүр бүтцийн өөрчлөлт хийж, сүүлийн 2 жил дараалан миний чиг үүргийг өөрчилж, энэ удаад албан тушаалын ангилал бууруулсан нь албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулсан, сэтгэл зүйн дарамт үзүүлсэн, нэр хүндэд халдсан. Цаашид төрийн аудитын байгууллагад ажиллаж байгаа албан хаагчид болон тэтгэвэр тогтоолгох насанд хүрэх ажилчдын эрхийг хамгаалах, төрийн албан хаагчдад ялгаваргүй тэгш ханддаг байх, эрх нь зөрчигдсөн тохиолдолд найдвартай хамгаалагдах баталгаатай байх үүднээс шүүхэд хандсан. Дээрх шалтгаанаар Монгол Улсын Ерөнхий аудиторын 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/72 дугаар тушаалаар баталсан чиг үүргийн дагуу чанарын удирдлага, эрсдэлийн менежерийн албан тушаалд томилуулах нь нэхэмжлэлийг гаргаж томилуулах нэхэмжлэлийг гаргаж байна. Учир нь шинэчлэн баталсан албан тушаалын тодорхойлолтын 1 дүгээр зорилтод эрсдэлийн чиг үүргийг бүхэлд нь, 2 дугаар 4 дүгээр зорилтод чанарын удирдлага, бодлого, үнэлгээ, арга зүйн чиг үүргийг бүхэлд нь, 3 дугаар зорилтод мониторингийн чиг үүргийг бүхэлд нь тусган баталсан. 3 менежерийн бүх чиг үүргийг ямар нэг агуулгын ялгаагүй миний албан тушаалын тодорхойлолтод баталсан учраас боломжтой гэж үзэж байна. 2024 оны *******дугаар сард хийсэн бүтцийн өөрчлөлтөөр Эрсдэлийн удирдлагын газрыг шинээр байгуулж, миний чиг үүргийг тус газарт шилжүүлсэн боловч 2025 оны бүтцийн өөрчлөлтөөр Эрсдэлийн удирдлагын газрыг татан буулгаж, тус газрын ажлыг 2025 оны *******дугаар сарын 08-ны өдөр ажил хүлээлцэх акт үйлдэн надад хүлээлгэж өгсөн. Одоо болон өмнө эрсдэлийн чиг үүргийг хариуцан ажиллаж байсан зэрэг нь энэ албан тушаалд томилох үндэслэл болно гэж үзэж байна.” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.О шүүх хуралдааны үеэр гаргасан тайлбартаа: “...Хариуцагч тал хуулийг буруу хэрэглэж нэхэмжлэгчийг албан тушаалаас нь чөлөөлсөн...Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3 дахь заалт нь төрийн албан хаагчийг хамгаалсан зохицуулалттай хуулийн заалт...Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах үндэслэлүүдийг дурдаагүй. С.Нгийн албан тушаалыг өөрчилсөн ямар нөхцөл байдал бий болсон талаар томьёолоогүй... Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн даргын баталсан Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журмын 4.1.4 дахь заалтыг зөрчсөн. С.Н энэ оны сүүл үеэр тэтгэвэрт гарах хүсэлтээ өгсөн байсан ч хариуцагч шилжүүлэн, албан тушаалыг нь бууруулж эрх зүйн байдлыг нь дордуулсан...Тэтгэвэр тогтоолгохдоо цалингийн зөрүүг хэрхэн тооцож зөв гаргах вэ...Хууль зөрчиж гаргасан тушаалыг үндэслэж тэтгэвэр, тэтгэмж дутуу тооцох болчхоод байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдааны үеэр гаргасан тайлбартаа: “...Төрийн аудитын тухай хуульд заасан аудит хийх үндсэн ажиллагааг сайжруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах, байгууллагын зохион байгуулалтын бүтэц, бүтцийн нэгжүүдийн үндсэн чиг үүргийг оновчтой зохион байгуулах шаардлагын хүрээнд Төрийн аудитын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т “Монгол Улсын Ерөнхий аудитор энэ хуулийн 24.2-т заасны дагуу батлагдсан орон тооны дээд хязгаарыг үндэслэн төрийн аудитын байгууллагын зохион байгуулалт, бүтэц, түүний чиг үүрэг, орон тоог батална.” гэж заасны дагуу Монгол Улсын Ерөнхий аудиторын 2025 оны 06 дугаар сарын 23-ны А/******* дугаар тушаалаар “Төрийн аудитын байгууллагын зохион байгуулалтын бүтэц, бүтцийн нэгжүүдийн үндсэн чиг үүрэг, үйл ажиллагааны чиглэл, орон тоо, албан тушаалын жагсаалт”-ыг шинэчлэн баталсан.
Энэхүү шинэчилсэн бүтэц, чиг үүргийн хүрээнд Үндэсний аудитын газрын Эрсдэлийн удирдлагын газрын чиг үүргийн зарим хэсгийг Чанарын удирдлагын газар, зарим хэсгийг Тамгын газар хэрэгжүүлэхээр тусгаж, улмаар Чанарын удирдлагын газрын нэршлийг Чанарын удирдлага, эрсдэлийн газар болгон баталсан.
Тус газарт Чанарын бодлого, эрсдэлийн удирдлага хариуцсан менежер, Мониторинг хариуцсан менежер, Чанарын удирдлагын тогтолцоог үнэлэх асуудал хариуцсан 3 менежерийн албан тушаалын жагсаалтыг баталсан бөгөөд эдгээрийн чиг үүрэгт С.Нгийн хэрэгжүүлж байсан Хяналт-шинжилгээ, үнэлгээний менежерийн чиг үүрэг байхгүй, орон тоо нь хасагдсан болно.
Тодруулбал, өмнөх бүтцээр Хяналт-шинжилгээ, үнэлгээний менежер нь Төрийн аудитын байгууллагын бодлого, төлөвлөлт, хууль тогтоомжийн хэрэгжилт, үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, хэрэгжилтийг хангуулах чиг үүргийг хэрэгжүүлж байсан. Шинэ бүтцээр Чанарын бодлого, эрсдэлийн удирдлага хариуцсан менежер нь Чанарын удирдлагын тогтолцоог үнэлж, дүгнэлт гаргах бодлого, арга зүйг холбогдох стандарт, бусад эрх зүйн актад нийцүүлэн хөгжүүлэх үйл ажиллагааг гүйцэтгэх , Мониторинг хариуцсан менежер нь байгууллагын болон аудитын түвшинд чанарын удирдлагын мониторинг хийх бодлого, арга зүйг стандарт, бусад эрх зүйн актад нийцүүлэн хөгжүүлэх чиг үүргийг гүйцэтгэхээр албан тушаалын тодорхойлолтод тусгагдсан.
Үүнээс үзвэл, байгууллагын бодлого, төлөвлөлт, хууль тогтоомжийн хэрэгжилт, үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүнг хянаж, үнэлэх, хэрэгжилтийг хангуулах болон чанарын удирдлагын мониторинг хийх, бодлого, тогтолцоог хөгжүүлэх чиг үүргүүд нь хоорондоо ялгаатай.
Хяналт-шинжилгээ, үнэлгээ бол гүйцэтгэл, үр дүн нөлөөллийг үнэлж, дүгнэх, хугацааны хувьд тодорхой үе шатуудад хийгдэх үйл ажиллагаа бол Төрийн аудитын байгууллагад хэрэгжүүлэх мониторингийн үйл ажиллагаа нь тогтмол, тасралтгүй хийгдэх үйл ажиллагаа буюу явцын хяналтыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа тул эдгээр нь тусдаа ойлголт. Мөн Эрсдэлийн удирдлагын газар татан буусантай холбоотой эрсдэлийн чиг үүргийг Чанарын удирдлага, эрсдэлийн газарт нэмсэн гэж нэхэмжлэлд дурдсан байх ба энэ нь нэхэмжлэгчийн хяналт-шинжилгээ, үнэлгээний менежерийн чиг үүргээс өмнө хэрэгжүүлж байсан албан тушаалын чиг үүрэг тул үүнийг одоогийн бүтэц, чиг үүрэгт хамааруулах нь үндэслэлгүй юм.
Иймд, үүссэн нөхцөл байдал нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах,” заалтад хамаарахгүй буюу нэхэмжлэгчийн хэрэгжүүлж байсан чиг үүрэг өөрчлөгдсөнтэй холбоотойгоор мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварын байдлыг харгалзан түүний эрх зүйн байдал, нийгмийн баталгааг зөрчихгүйгээр мөн хуулийн 62.1.4-т заасны дагуу өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тул цалин хөлсийг нь бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд буюу Чанарын удирдлага, эрсдэлийн газрын Ахлах аудиторын албан тушаалд томилсон шийдвэрийг гаргасан.
Түүнчлэн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 9 оны 34/31 дүгээр хамтарсан тушаалаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам” нь төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад, эсхүл зохион байгуулалтын бүтцийг нэгж хооронд шилжүүлэх, сэлгэн ажиллуулахтай холбоотой харилцааг зохицуулах бөгөөд эл нөхцөл байдал үүсээгүй буюу тус журмын 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхэд 1 жил дутуу бол төрийн жинхэнэ албан хаагчийг өөртэй нь тохиролцохгүйгээр шилжүүлэхийг хориглосон” заалт хамааралгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
3.3 Гуравдагч этгээд Ж.Б******* шүүх хуралдааны үеэр гаргасан тайлбартаа: “...нэхэмжлэгчээс “олон дахин бүтцийн өөрчлөлт хийсэн, ажилчдын хууль ёсны эрх ашиг тогтвортой биш байна” гэснийг хүлээн зөвшөөрч байна...Нэхэмжлэлд дурдсан гол асуудал сүүлд батлагдсан стандарттай холбоотой. Төрийн аудитын тухай хуульд “төрийн аудитын үйл ажиллагаа олон улсын стандартад нийцсэн байна” гэж заасан...Тус стандартаар чанарын хяналтаас удирдлага болж зарчмын нэлээн том өөрчлөлт хийгдсэн...Чанарын эрсдэл, чанарын мониторинг, чанарын удирдлагын тогтолцоог үнэлэх гэсэн 3 том хэсэгт хуваагдаж байгаа юм. Шинэ батлагдсан стандартын дагуу энэ 3 чиг үүргийг Чанарын удирдлагын эрсдэлийн газарт хариуцуулсан...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбарт үндэслэн дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч С.Нгээс Үндэсний аудитын газарт холбогдуулан “Монгол улсын ерөнхий аудиторын 2025 оны *******дугаар сарын 01-ний өдрийн Б/, Б/ дүгээр тушаалуудын С.Нд холбогдох хэсгийг хүчингүй болгож, Үндэсний аудитын газрын Чанарын удирдлага эрсдэлийн газрын “чанарын бодлого, эрсдэлийн удирдлага хариуцсан менежер”-ийн албан тушаалд томилуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж маргасан.
1. Маргааны үйл баримтын тухайд:
1.1. Нэхэмжлэгчийг Монгол Улсын Ерөнхий аудиторын 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/13, 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Б/189 дүгээр тушаалуудад Үндэсний аудитын газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын Дотоод аудит, эрсдэлийн удирдлагын хэлтсийн Аудитын менежерийн албан тушаалд томилжээ.
1.2. Мөн Ерөнхий аудиторын 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн “Төрийн аудитын байгууллагын зохион байгуулалтын бүтэц, бүтцийн нэгжүүдийн үндсэн чиг үүрэг, үйл ажиллагааны чиглэл, орон тоо, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлах тухай” А/******* дүгээр тушаал гарсантай холбогдуулан 2024 оны *******дугаар сарын 05-ны өдрийн Б/ дугаар тушаалаар С.Нг Чанарын удирдлагын газрын “хяналт шинжилгээ, үнэлгээний менежер”-ээр томилсон.
1.3. Дахин Монгол Улсын Ерөнхий аудиторын 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/******* дугаар тушаалаар Төрийн аудитын байгууллагын зохион байгуулалтын бүтэц, бүтцийн нэгжүүдийн үндсэн чиг үүрэг, үйл ажиллагааны чиглэл, орон тоо, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн баталж, үүнтэй холбогдуулан,
Монгол Улсын Ерөнхий аудиторын 2025 оны *******дугаар сарын 01-ний өдрийн Б/ дугаар тушаалаар нэхэмжлэгч С.Нг Чанарын удирдлагын газрын “Хяналт шинжилгээ, үнэлгээний менежер”, гуравдагч этгээд Ж.Б*******ыг Чанарын удирдлагын газрын “Газрын захирал, тэргүүлэх аудитор” албан тушаалаас тус тус чөлөөлж, мөн өдрийн Б/ дүгээр тушаалаар нэхэмжлэгчийг Чанарын удирдлага эрсдэлийн газрын “Ахлах аудиторын”, гуравдагч этгээдийг тус газрын “менежер (чанарын бодлого, эрсдэлийн удирдлага хариуцсан)”-ийн албан тушаалд тус тус томилжээ.
1.4. Нэхэмжлэгчээс дээрх 2025 оны Б/, Б/ дүгээр тушаалуудыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлийн маргаан хянан шалгах газарт гомдол гаргасан, Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 04/ тоот албан бичгээр “С.Нгийн хөдөлмөрлөх эрхтэй холбоотой эрх зүйн байдлын асуудлыг дахин судлан хууль тогтоомжид нийцсэн шийдвэр гарган, хариу ирүүлэхийг ерөнхий аудиторт даалгасан байна.
1.5. Гэвч нэхэмжлэгчийн эрх сэргээгүй хариуцагч захиргааны байгууллагаас шийдвэр гаргаагүй тул шүүхэд хандаж маргасан.
2. Хууль хэрэглээний тухайд:
2.1. Монгол Улсын Ерөнхий аудиторын маргаан бүхий 2025 оны *******дугаар сарын 01-ний өдрийн “Албан хаагчдыг албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/ дугаар тушаалыг гаргахдаа Төрийн аудитын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3, 29 дүгээр зүйлийн 29.1.7, 29.1.10, 29.3, Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/******* дугаар тушаалыг,
2.2. Мөн өдрийн “Албан хаагчдыг албан тушаалд томилох тухай” Б/ дүгээр тушаалд Төрийн аудитын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3, 29 дүгээр зүйлийн 29.1.7, 29.1.10, 29.3, Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 44 дүгээр зүйлийн 44.5, 62 дугаар зүйлийн 62.1.3, Монгол Улсын Ерөнхий аудиторын А/******* дугаар тушаалыг тус тус үндэслэсэн байна.
2.3. Төрийн аудитын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-д “…төрийн аудитын зөвлөх түшээ ангиллын албан тушаалд төрийн аудитын байгууллагын аудитын менежер, төрийн аудитын ахлах түшээ ангиллын албан тушаалд төрийн аудитын байгууллагын ахлах аудитор, … тус тус хамаарна” гэж аудитын байгууллагын албан тушаалын ангиллыг,
29 дүгээр зүйлийн 29.1.7-д “хуульд заасны дагуу төрийн аудитын байгууллагын албан хаагчийг томилох, чөлөөлөх, шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, зэрэг дэв олгох, урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах”;
29.1.10-д “энэ хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд аудит, захиргаа, боловсон хүчин, санхүүгийн үйл ажиллагааг чиглүүлж шийдвэр гаргах”;
29.3-д “Монгол Улсын Ерөнхий аудитор бүрэн эрхийнхээ хүрээнд тушаал гаргана” гэж Монгол Улсын ерөнхий аудиторын албан хаагчдыг ажлаас чөлөөлж, томилох, тушаал гаргах эрхийг,
Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д ”Төрийн захиргааны тэргүүн түшмэл, эрхэлсэн түшмэл, ахлах түшмэл, дэс түшмэл, туслах түшмэлийн албан тушаал нь тус бүртээ тэргүүн зэрэг, дэд зэрэг, гутгаар зэрэг, дөтгөөр зэрэг гэсэн зэрэг дэвтэй байна.” гэж албан тушаалын зэрэг дэвийг тодорхойлсон,
44 дүгээр зүйлийн 44.5-д “Томилох эрх бүхий этгээд төрийн жинхэнэ албан хаагчид өөрт нь мэдэгдэн тухайн байгууллагын нэгж хооронд шилжүүлэн ажиллуулж болно” гэж шилжүүлэн ажиллахтай холбоотой зохицуулалтыг,
62 дугаар зүйлийн 62.1.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшний үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авах” гэж бүтцийн өөрчлөлтэй холбогдуулан албан хаагчийг хэрхэн ажиллуулах баталгааг хангахаар тус тус заажээ.
2.4. Энэ тохиолдолд захиргааны байгууллагаас 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/******* дугаар тушаалыг Төрийн аудитын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д “Монгол Улсын Ерөнхий аудитор энэ хуулийн 24.2-т заасны дагуу батлагдсан орон тооны дээд хязгаарыг үндэслэн төрийн аудитын байгууллагын зохион байгуулалт, бүтэц, түүний чиг үүрэг, орон тоог батална” гэж заасан эрх хэмжээний хүрээнд гаргаж, байгууллагын бүтцийг шинэчлэн баталсан байна.
2.5. Уг тушаалаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн ажиллаж байсан Чанарын удирдлагын газрыг Чанарын удирдлага эрсдэлийн газар болгон өөрчилж, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс гадна байгууллагын бүх албан хаагчдыг албан тушаалаас чөлөөлснийг буруутгах үндэслэлгүй. Үүний улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэж үзэхгүй болно.
2.6. Өөрөөр хэлбэл, байгууллагын бүтэц зохион байгуулалтын дагуу албан тушаалын нэршил нэгэнт өөрчлөгдсөн, орон тоо 204 болж нэмэгдсэн, үүнд нийцүүлэхийн тулд Үндэсний аудитын газрын бүх албан хаагчдыг буюу 194 хүнийг ажлаас чөлөөлсөн, зөвхөн нэхэмжлэгчийг чөлөөлөөгүй байна.
2.7. Иймд нэхэмжлэгчийн Ерөнхий аудиторын 2025 оны *******дугаар сарын 01-ний өдрийн Б/ дугаар тушаалын С.Нд холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлгүй болно.
2.8. Ерөнхий аудиторын 2024 оны А/******* дүгээр тушаалын 4 дүгээр хавсралт (1хх-231 хуудас)-д зааснаар байгууллагын нийт орон тоо 194, Чанарын удирдлагын газар 12 орон тоотой батлагдсанаас Чанарын баталгаажуулалтын менежер, Хяналт шинжилгээ үнэлгээний менежер (нэхэмжлэгч ажиллаж байсан) гэсэн 2 менежерийн орон тоотой байсан, харин 2025 оны А/******* дугаар тушаалын 5 дугаар хавсралтаар нийт орон тоо 204 болж нэмэгдсэн, Чанарын удирдлага, эрсдэлийн газрын орон тоо 12 тоотой батлагдсанаас “Чанарын удирдлагын менежер”, Мониторингийн менежер”, “Үнэлгээний менежер” гэсэн менежерийн 3 орон тоо батлагджээ.
2.9. Гэтэл маргаан бүхий 2025 оны Б/ дугаар тушаал (1хх-99 хуудас)-аар Чанарын удирдлагын газрын 10 албан тушаалтныг чөлөөлөхөд Чанарын баталгаажуулалтын менежер Н.Б*******, Хяналт шинжилгээ, үнэлгээний менежер С.Н, Чанарын баталгаажуулалтын менежер Л.Н******* (өмнөх 2024 оны *******дугаар сарын 05-ны өдрийн Б/ дугаар тушаалд нэр байхгүй, хх 58-59 хуудас) гэж,
2.10. 2025 оны Б/ дүгээр тушаал (1хх-60-61 хуудас) -аар ажилд томилоход Чанарын удирдлага эрсдэлийн газарт 12 албан тушаалтныг томилоход Чанарын бодлого, эрсдэлийн удирдлага хариуцсан менежер Ж.Б*******, Мониторинг хариуцсан менежер Л.Н*******, Чанарын удирдлагын тогтолцоог үнэлэх менежер Н.Б*******, С.Н ахлах аудитор гэсэн байх ба Чанарын удирдлагын газраас чөлөөлөгдсөн 10 албан хаагч дээр газрын захирал, тэргүүлэх аудитор Я.С*******, аудитор Г.О******* нар нэмэгдсэн байна.
2.11. Өөрөөр хэлбэл, хариуцагч захиргааны байгууллагаас бүтцийн өөрчлөлтөөр Чанарын удирдлагын газар болон Тамгын газарт Эрсдэлийн удирдлагын удирдлагын газрыг хувааж нэгтгэсэн, Хяналт шинжилгээ үнэлгээний менежерийн чиг үүрэг хасагдсан гэж тайлбарласан боловч дээрх тушаалуудаас үзэхэд Чанарын удирдлагын газрын нэр өөрчлөгдсөнөөс нийт орон тоо өөрчлөгдөөгүй, менежерийн 2 орон тоо нь 3 болж нэмэгдсэн,
Эрсдэлийн удирдлагын газарт ажиллаж байсан албан хаагчдаас томилоогүй,
харин уг газрын албан хаагчдыг бүгдийг томилохдоо газрын захирлын албан тушаалд өөр хүн томилсноос өмнөх газрын захирал, тэргүүлэх аудитор байсан гуравдагч этгээд Ж.Б*******ыг 1 менежерийн албан тушаалд томилж, нэхэмжлэгч С.Н ахлах аудитор болж албан тушаал буурсан нь дээрх тушаалууд болон гуравдагч этгээд Ж.Б*******ы шүүх хуралдаанд гаргасан газрын захирлаар өөр хүн томилсноос нэхэмжлэгчийн маргах асуудал үүссэн гэх агуулгаар гаргасан тайлбараар тогтоогдсон.
2.12. Дээр дурдсанаар болон нэхэмжлэгчээс ажлын байрны тодорхойлолтод хийсэн дүн шинжилгээ, нэхэмжлэгчийг анх томилохдоо Хяналт, шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын Дотоод аудит эрсдэлийн удирдлагын хэлтсийн Аудитын менежерийн албан тушаалд томилсон, удаа дараа бүтцийн өөрчлөлт хийсэн, сүүлийн бүтцийн өөрчлөлтийг хийхдээ Чанарын удирдлагын газрын албан хаагчдыг бүгдийг томилсноос дүгнэхэд албан тушаалын нэр өөрчлөгдөж, ажлын байрны тодорхойлолтыг шинээр баталсан байх боловч хариуцагчийн ажлын байрын тодорхойлолт өөрчлөгдөж, чиг үүрэг байхгүй болсон гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй юм.
2.13. Ерөнхий аудиторын маргаан бүхий 2025 оны Б/ дүгээр тушаалаар нэхэмжлэгчийг Төрийн аудитын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-д зааснаар менежер зөвлөх түшээ ангилалд ажиллаж байгаад ахлах аудитор буюу ахлах түшээ ангиллын албан тушаалд томилсныг албан тушаал бууруулсан гэж үзнэ.
2.14. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д зааснаар чиг үүрэг өөрчлөгдөөгүй тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагч ажилдаа үргэлжлүүлэн ажиллах баталгаагаар хангагдах ёстой, орон тоо цөөрсөн тохиолдолд хамгийн сайн шаардлага хангасан албан хаагчийг шалгаруулахаар байна.
2.15. Гэтэл нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр албан тушаал бууруулж, ахлах аудиторын албан тушаалд томилсон нь хуульд заалтад нийцээгүй, түүний хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчжээ.
2.16. Мөн нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр албан тушаал бууруулсан атлаа энэ албан тушаалд нийцэхгүй буюу өмнөх менежерийн албан тушаалын цалинг өгч байгаагаа нэхэмжлэгчийн цалинг бууруулаагүй, түүний эрх зөрчигдөөгүй гэж хариуцагч талаас тайлбарласан нь Төрийн аудитын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасан төрийн төсөв, санхүү, нийтийн өмчийг зохистой төлөвлөх, хуваарилах, ашиглах, зарцуулахад хараат бусаар хяналт тавих зорилгыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагаанд нийцэхгүй.
2.17. Өөрөөр хэлбэл, энэ тохиолдолд нэхэмжлэгч нь томилогдсон ахлах аудиторын цалинг авах ёстой байхад менежерийн цалинг түүнд олгосноор үндэслэлгүй авсан цалинг буцаан өгөх үр дагавар үүсгэж, нэхэмжлэгчийн эрх зөрчигдөхөөр байна.
2.18. Маргаан бүхий тушаалд Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-д заасныг үндэслэсэн ч тухайн тохиолдолд нэхэмжлэгчийг албан тушаал буруулж томилсноос бус бусад байгууллага болон байгууллагын нэгж хооронд шилжүүлэн ажиллуулаагүй, харин тушаалаар байгууллагын нэгж хооронд шилжин томилогдсон бусад албан хаагчидтай хамааралтай заалт учир нэхэмжлэгчийн уг заалттай холбогдуулсан, мөн Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр ажилд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журмын 4.4.4-д заасныг зөрчсөн гэх тайлбарыг үндэслэлгүйг тэмдэглэв.
2.19. Иймд нэхэмжлэгчийг албан тушаал буруулж томилсон нь хууль бус, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн нь тогтоогдож байх тул маргаан бүхий 2025 оны *******дугаар сарын 01-ний өдрийн Б/ дүгээр тушаалын С.Нд холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлтэй.
2.20. Төрийн аудитын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7-д зааснаар Ерөнхий аудитор албан тушаалтныг томилох, чөлөөлөх бүрэн эрхтэй учир С.Нг Чанарын удирдлага эрсдэлийн газрын “Чанарын бодлого, эрсдэлийн удирдлага хариуцсан менежер”-ын албан тушаалд томилохыг Ерөнхий аудиторт даалгах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар
зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.13- д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3, Төрийн аудитын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3, 29 дүгээр зүйлийн 29.1.7-д тус тус заасныг баримтлан С.Нгийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2025 оны *******дугаар сарын 01-ний өдрийн Б/ дүгээр тушаалын С.Нд холбогдох хэсгийг хүчингүй болгож, Үндэсний аудитын газрын Чанарын удирдлага эрсдэлийн газрын “Чанарын бодлого, эрсдэлийн удирдлага хариуцсан менежерийн албан тушаалд томилохыг Монгол Улсын Ерөнхий аудиторт даалгаж, үлдэх “Монгол Улсын Ерөнхий аудиторын 2025 оны *******дугаар сарын 01-ний өдрийн Б/ дугаар тушаалын С.Нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70, төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ХЭРЛЭНЧИМЭГ