Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2024/ДШМ/09

 

 

 

 

 

   М.Мд холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: Э.Г,

Шүүгдэгч: М.М,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Г,

Нарийн бичгийн дарга: Г.Далайбаяр нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 000оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/394 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурор Э.Ггийн эсэргүүцлээр М.Мд холбогдох 000дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 15-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

“Б” овогт Мын М, ..... оны .... дүгээр сарын ....-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Г” ресторанд ахлах тогооч ажилтай, ам бүл 3, эмээ, өвөөгийн хамт, Хөвсгөл аймгийн Асумын .... дугаар багийн ..........тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /регистрийн 00 дугаартай/.

М.М нь …. оны 08 дугаар сард Төв аймгийн Г сумын Хийн гол гэх газраас Нэгдсэн Үндэстний байгууллагын  оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, Мөн 000оны 08 дугаар сараас 000оны 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 000УБИ улсын дугаартай 000загварын тээврийн хэрэгсэл дотор 108,4 грамм жинтэй Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 000оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/394 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б овогт Мын Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Мын Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мийн зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар буюу Хөвсгөл аймгийн Асумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгч М.Мийг Хөвсгөл аймгийн Асумаас гадагш зорчих эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хязгаарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч М.Мд тайлбарлаж, түүний зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Хөвсгөл аймгийн Прокурорын газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 000оны 06 дугаар сарын 12-ны өдөр үзлэг хийж хураан авах үеийн байдлаар гялгар уутанд савласан нийт жин 116.90 грамм, шинжээчийн дүгнэлтээр цэвэр жин 108.4 грамм Дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ буюу сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай ургамал, гялгар уутанд савласан нийт жин 14 грамм, шинжээчийн дүгнэлтээр 12.9 грамм мөөг мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст хүргүүлж, устгуулахыг Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гд даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслахад тус тус даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Э.Г эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүх шүүгдэгч М.Мд 3 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй, түүнд оногдуулсан ял хөнгөдсөн байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан суурь зарчмууд, эрүүгийн хариуцлагын зорилго, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийн хэр хэмжээг харгалзан үзээгүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон” байх, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино”, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж заасныг зөрчсөн байна.

Учир нь мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис нь хүн амын эрүүл мэндийг богино" хугацаанд өргөн хүрээ хамруулан сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотны хүмүүсээ хэрэглээндээ татан оруулдаг зэрэг нийгмийн хор аюул ихтэй, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхол цаашлаад Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд хор уршиг учруулдаг үр дагавартай юм.

Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг хууль бусаар “бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан” гэх 4 үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

Шүүгдэгчийн үйлдэл нь “хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэх гэмт хэргийн 2 шинжийг агуулсан байхад шүүх хэргийн бодит байдлыг харгалзан үзээгүй байна. Мөн “шүүгдэгч М.Мийн зан байдлын хувьд нийтэд аюултай, зайлшгүй нийгмээс тусгаарлан эрх чөлөөг тодорхой хугацаагаар хязгаарлах шаардлагатай гэх нөхцөл байдал тогтоогдоогүй” гэж дүгнэсэн байх боловч шүүгдэгчид ямар үндэслэлээр зорчих эрх хязгаарлах ял оногдуулах болсон үндэслэл, шалтгаан нөхцөлийн талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, дүгнээгүй, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад “шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэлийг тусгах” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзнэ.

Мөн шүүгдэгч М.Мийг “000оны 08 дугаар сараас 000оны 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 000УБИ улсын дугаартай 000загварын тээврийн хэрэгсэл дотор 108,4 грамм жинтэй Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон атал гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг хэрхэн шийдвэрлэх талаар дурдаагүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээг хэрэглэх үндэслэл тогтоогдсон тохиолдолд хуульд заасан уг арга хэмжээг заавал авахаар хууль тогтоогч үүрэг болгосон, хэрэв гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь бусдын эзэмшлийнх болох нь тогтоогдвол хууль ёсны эзэмшигчид нь олгож, тээврийн хэрэгслийн үнийг гэм буруутай этгээдээс гаргуулж, улсын орлого болгуулахаар хуулиар зохицуулсан байхад анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг ямар үндэслэлээр хураан аваагүй талаараа огт дүгнэлт хийгээгүй төдийгүй, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна гэж үзэж байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 000оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/394 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, шүүгдэгч М.Мд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Шүүгдэгч М.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй байх тул эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч М.Мд холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч М.М нь 000оны 8 дугаар сард Төв аймгийн Г сумын Хийн гол гэх газраас Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, мөн 000оны 08 дугаар сараас 000оны 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 000УБИ улсын дугаартай 000загварын тээврийн хэрэгсэл дотор 108,4 грамм жинтэй Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч М.Мийн мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, гэрч Л.Мын мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 000оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 3041, 3042 дугаартай дүгнэлтүүд, гэрэл зургийн үзүүлэлт, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын 000оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Н-156/332 дугаартай албан бичиг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авах тухай прокурорын зөвшөөрөл, хүний биеэс биологийн дээж авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх шүүгдэгч М.Мийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын “...шүүгдэгч нь хориглосон сэтгэцэд нөлөөт бодис тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэх гэмт хэргийн 2 шинжийг хадгалсан байхад шүүх хэргийн бодит байдлыг харгалзан үзээгүй байна. мөн шүүгдэгч М.Мийн зан байдлын хувьд нийтэд аюултай, зайлшгүй нийгмээс тусгаарлан эрх чөлөөг тодорхой хугацаагаар хязгаарлах шаардлагатай нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн байх боловч шүүгдэгчид ямар үндэслэлээр зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах болсон үндэслэл, шалтгаан нөхцлийн талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, дүгнээгүй, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтыг зөрчсөн.

Мөн шүүгдэгч М.Мийг 000оны 08 дугаар сараас 000оны 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 000УБИ улсын дугаартай 000загварын тээврийн хэрэгсэл дотор 108,4 грамм жинтэй Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон атал гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг хэрхэн шийдвэрлэх талаар дурдаагүй Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээг хэрэглэх үндэслэл тогтоогдсон тохиолдолд хуульд заасан уг арга хэмжээг заавал авахаар хууль тогтоогч үүрэг болгосон байхад шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэх утга агуулга бүхий эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв. 

Учир нь, анхан шатны шүүх нь шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын болон хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан сонгох санкцтай ялуудаас 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. ...” гэсэн шударга ёсны зарчимд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцсэн байна.

            Мөн шүүгдэгч М.Мийг 000оны 08 дугаар сараас 000оны 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 000УБИ улсын дугаартай 000загварын тээврийн хэрэгсэл дотор 108,4 грамм жинтэй Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан тул гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл эсхүл түүний үнийг албадан гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэх байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Учир нь шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг үйлдэхдээ учруулж болох хор аюулын хэмжээг ихэсгэх, гэмт үйлдлээ түргэсгэх, олж авсан эд зүйлийг зайлшгүй тээврийн хэрэгсэл ашиглан зөөж тээвэрлэх, гэмт үйлдлээ хялбар болгох, хохирогчийн эсэргүүцлийг няцаах, учирч болох саадыг арилгахын тулд ашигласан эсхүл хэрэг гарсан газраас зугтах зорилгоор тээврийн хэрэгсэл ашиглан үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байх тул энэ талаар гаргасан прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нөгөөтэйгүүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-т Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар “...тээвэрлэсэн...” бол гэмт хэрэгт тооцохоор хууль тогтоогч хуульчилсан ба энэ тохиолдолд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээг хэрэглэх үндэслэл болох юм.

Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 000оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/394 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ЭРДЭНЭБАТ

                 ШҮҮГЧИД                                    Б.СОСОРБАРАМ

                                                                                Н.БАЯРХҮҮ