Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 00022

 

  Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

     хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Сарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: БҮБУ ХХК  /РД 4391942/

Хариуцагч: Орхон аймгийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Орхон аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/570, 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/62 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг хуучин тээврийн товчооны өмнө хэсэгт байрлах газарт Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт дахин явуулах шийдвэр гаргахыг Орхон аймгийн Засаг даргад даалгах”-ыг тус тус хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай  119/2016/0012/З индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Бямбаабаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ванчиг, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Р.Нямцэрэн, нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ванчиг /шүүхэд төлөөлөх эрхийн дугаар №089/ шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “Нэхэмжлэгч “БҮБУ” ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн татгалзаж,  хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байна. Хариуцагч талтай харилцан ярилцаж зөвшилцөлд хүрсэн юм байна. “ЖАЙКА” олон улсын байгууллагаас “БҮБУ” ХХК-д өгсөн төслийг дэмжих үүднээс аймгийн удирдлагаас газар шийдвэрлэж өгнө гэсэн тул нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн татгалзаж байна. Нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн татгалзсан татгалзлаа бичгээр шүүхэд гаргаж өгнө.

Энэ асуудал нь гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй болно.” гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Р.Нямцэрэн /шүүхэд төлөөлөх эрхийн дугаар №0510/ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн “БҮБУ” ХХК-д олгохоор тохиролцсон газар нь гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байна уу гэдгийг шүүх харгалзан үзэх шаардлагатай. Хоорондоо эвлэрсэн мэтээр ярьж байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй.

Нэхэмжлэгч “БҮБУ” ХХК  нь нэхэмжлэлээсээ сайн дураараа шүүх хуралдаан дээр  татгалзсан ба энэ нь хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “БУБҮ” ХХК-ийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Орхон аймгийн Засаг даргад холбогдох “Орхон аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/570, 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/62 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг хуучин тээврийн товчооны өмнө хэсэгт байрлах газарт Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт дахин явуулах шийдвэр гаргахыг Орхон аймгийн Засаг даргад даалгах”-ыг тус тус хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “БҮБУ” ХХК-ийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Орхон аймгийн Засаг даргад холбогдох 119/2016/0012/3/ дугаарын индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар тус  шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.САРАНГЭРЭЛ