| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2024/00979/И |
| Дугаар | 312/ШШ2025/01057 |
| Огноо | 2025-06-06 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 312/ШШ2025/01057
| 2025 оны 06 сарын 06 өдөр | Дугаар 312/ШШ2025/01057 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Булган аймаг, Булган сум, Рашаант 6 баг, Худгийн..... тоотод оршин суух, ..../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум, Шанд баг,..тоотод оршин суух, Д.2/-д холбогдох
..
Нэхэмжлэлийн шаардлага: 4,705,000 төгрөг гаргуулах тухай хэргийг Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч *******,
Хариуцагч *******,
Хариуцагчийн өмгөөлөгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ад холбогдуулан 4,705,000төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
2. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие нь 2023 оны 8 сарын 9-ний өдөр өөрийн эзэмшлийн автомашины моторыг засуулахаар Ёндожамцтай утсаар ярьж ажлын хөлс 500,000 төгрөгөөр тохиролцож манай хашаанд ирж засч янзлахаар болсон. Ирээд моторыг задлахад доор кастчерын тагны дотор байдаг маслоны шүүрийн хос гинж тасарч масло гүйхгүй болоод мотор зуурсан байсан. Нэгэнт задалсан юм чинь ээлж хийе гэж тохиролцоод Улаанбаатар хотоос 605,000 төгрөгөнд ком кольц 330,000 төгрөг, укладж их гар бие 230,000 төгрөг, гришкийн жийрэг 45,000 төгрөгөөр захиж авчруулаад, Орхон аймгаас 280,000 төгрөгөнд хос гинж 40,000 төгрөг, дахин хос гинж 100,000 төгрөг, масло шүүр 40,000 төгрөг, тосол 10 литр 45,000 төгрөг, эдгээр сэлбэгүүдийг авчраад моторыг угсарч дуусаад асаах гэтэл статчераар асахгүй машинаар чирч хүчээр асдаг болгосон. Ажилтай байна хэд хоногоос ирээд статчераар асдаг болгож өгнө гээд ажлын хөлснөөсөө бэлэн 300,000 төгрөг аваад явсан. Түүнээс хойш одоог болтол ганц удаа ирээгүй. Тухайн үед машинаар чирч хүчээр асаагаад гэрийн хажуу талын засмал зам дээр 2 км хүрэхгүй яваад машиныг унтрааж тавьсан. *******ыг ирэхгүй болохоор 2023 оны 8 сарын 17-ны үед айлаас үхэр ачих хэрэг гарсан болохоор машиныг чирч асаасан чинь дээд хос гинжний таг хагарч цуураад тос масло цацаад унасан. Унтраагаад *******ид утсаар хэлтэл 2-3 хоногоос очно гээд ирээгүй. Хүлээгээд ирэхгүй 7-8 хоносон, хадлан авах ид ажлын үе байсан болохоор өөрөө задласан. Тэгтэл дээд духны хөтлөгч, хос гинжний хоёр хөтлөгч арааны 17-ийн хоёр боолт сугараад гадна тагаа дотор талаас нь хавирч түлхээд хагалсан байсан. Хоёр боолт сулраад их биен дэх дээд ангины резво алагдсан байсан. ******* руу утсаар энэ тухай хэлэхэд резво тогтоогч шингэн байдаг түүнийг түрхээд боочих гэсэн. Хэлснээр нь Эрдэнэтээс таарах таг задаргаанаас 90,000 төгрөгөөр аваад резво тогтоогчийг нь түрхээд угсарсан. Ажилтай очиж чадахгүй байна. 4 форсункыг аваад Эрдэнэт ороод форсунк шалгадаг газар ороод шалгуулчихаарай гэхээр нь дахиад л өөрөө задлаад 4 форсункыг тайлж аваад Эрдэнэт орж шалгуулахад 3 ширхэг нь огт ажиллахгүй 1 ширхэг форсунк муу ажиллаж байсан. Машиныг засаж янзлах үед 2023 оны 8 сарын 9-12-ны үед айрагны баяр болж тэр үед Ёндонжамцыг гэртээ үлдээгээд явсан. Эрдэнэт орж тасарсан гинж авна гэхэд нь бензиний мөнгө шилжүүлж өгч явуулж байсан. Уг машин нь маслоны шүүрний хос гинж тасраад мотор зуурч зогссон болохоос 4 форсукнаас болж эвдэрч зогсоогүй юм. 1 ширхэг форсунк нь 390,000 төгрөгийн үнэтэй. Эзгүй хойгуур гинж олж авах нэрээр Эрдэнэт явж байхдаа үнэ өндөр болохоор 4 форсункыг сольсон гэж үзэж байгаа. Мөн дээд духны 2 хөтлөгч арааны 17-ын хоёр боолтыг мартаж чангалаагүй орхисноос тагаа хагалж дээд ангины суурь резво алагдсан болохоор дээд анги тэр чигээр нь солих болж байгаа юм. Иймд *******аас Улаанбаатар хотоос авсан сэлбэгийн үнэ 605,000 төгрөг, Эрдэнэт хотоос авсан сэлбэгийн үнэ 280,000 төгрөг, хагарсан тагны мөнгө 90,000 төгрөг, ком дээд анги 1,650,000 төгрөг, 4 ширхэг порсункны 1,560,000 төгрөг, цалин хөлс 300,000 төгрөг, бензин 40,000 төгрөг, 180,000 төгрөг, нийт 4,705,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
3. Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2023 оны 08 сард Булган аймгийн Булган сумын төвд оршин суудаг Баясах гэгчийн Бонго-3 автомашины мотор цохисон байсныг засаж моторыг боож асаагаад өгсөн. Би энэ хүний асахгүй байсан машиныг асааж өгсөн. Порсункийг солих ямар ч үндэслэл байхгүй. Моторыг нь солиход өөрөө хараад сууж байсан, энэ 3 порсунк чинь ажиллахгүй болсон байна, 1 порсунк ажиллахгүй байхад статчераараа асдаггүй шүү гэж өөрт нь хэлсэн. Мотор угсарч дууссаны дараа өөрөө айрагны баярт явсан. Ингэж худлаа хэлж хүн гүтгэж болохгүй. Миний бие энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.
4.Хариуцагчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбар дүгнэлтдээ: Нэхэмжлэгчийн зүгээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байдлаар гаргаж байна. Анх шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацаа буюу моторыг бооход хэрэглэгдсэн эд зүйлийг авч өгсөн, ажлын хөлс зэрэг 4,525,000 төгрөгийг нэхэмжилж байгаа юм байна. Нэхэмжилж байгаа үнийн дүнгээ нэмэгдүүлээд Улаанбаатар руу явсан 180,000 төгрөг буюу нийт 4,705,000 төгрөгийг хариуцагчид холбогдуулж нэхэмжилж байна гэж үзэж байна. Нэхэмжилж байгаа үнийн дүнг Ёндонжамц зөвшөөрдөггүй, зөвшөөрдөггүй тайлбараа тодорхой хэллээ. Энэ хэрэг анхан шатны шүүхээр хэлэлцэгдээд давж заалдах шатны шүүхээс буцахдаа тухайн автомашинд моторыг солиход эд ангийг яаж хийсэн, шинэ мотор хийсэн юм уу? хуучин мотор тэр чигээрээ байна уу? эдгээр зүйлийг тодруулах нь хэрэгт ач холбогдолтой гэж дахин шинжээч томилуулахаар анхан шатны шүүх рүү буцсан. Ингэж шинжээч томилохдоо хөрөнгийн үнэлгээ болон тухайн автомашины талаарх шинжээч болон нэхэмжлэгч, хариуцагч нар оролцоод энэ дүгнэлтүүдийг гаргуулахад тухайн машинаас авсан гэх мотор байна, моторыг шинээр тавьсан байна, тэр сольсон гээд байгаа мотор дотор саяны хэлээд байгаа 4,500,000 төгрөгийн эд зүйлийг орсон, ороогүй талаар шинжээч тодорхой хариулаагүй. 2 дугаарт саяын миний уншиж тодруулаарай гэсэн зүйлээс шинжээчид дүгнэхдээ эдгээр зүйлүүдийг тэнд байна уу? үгүй юу? гэдгийг арлын дугаарыг үзэх боломж байхгүй гэсэн дүгнэлт хийсэн байдаг. Тэгэхээр өмгөөлөгчийн зүгээс үнэхээр сольсон гээд байгаа моторт нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа эд зүйлүүд байна уу? байхгүй юу? гэдэг харыг тайлахын тулд мэргэжлийн шинжээч очиж дүгнэлт хийж байхад хэн аль нь үнэн зөв гэсэн дүгнэлт хийгээгүй. Өмгөөлөгчийн зүгээс энэ хүний авч өгсөн эд ангийг өөрийнх нь моторт суурилуулаад мотор бооно гэдэг нь монголчилсон үг, өгүүлбэр. Давж заалдах шатны шүүх хуралдааны тэмдэглэлд энэ талаар дэлгэрэнгүй туссан байх ёстой. Илтгэгч шүүгч Б.Оюунцэцэг яах гэж энэ моторыг боосон талаар тодруулж асууж байсан. Өнөөдөр Баясахын хувьд моторыг боолгох хүсэл сонирхол өөрт нь байгаа. Баясахын хүсэлтээр хэрэгтэй эд зүйлийг авхуулаад сольж өгсөн, тодорхой хугацаанд тэр машин хөдөлгөөнд оролцсон байхыг үгүйсгэхгүй. Өнөөдөр Баясахын хэлээд байгаа 1-2 км яваад таг зогссон гэсэн баримт хэрэгт байхгүй. Өнөөдөр миний үйлчлүүлэгчийн тодруулж хэлж байгаа эвдэрсэн эвдрэлтэй холбоотой 20-30 км явах ёстой, ингэж явсны дараа эдгээр эд зүйл байдаг гэдэг шиг хөдөө орон нутагт энэ хүн өөрийнхөө машиныг хэдий хугацаагаар хэрэглэсэн гэдгийг бид тооцох боломж байхгүй. Өнөөдөр шүүхийг юуг анхаарч үзээсэй гэж хүсч байгаа гэхээр ямартай ч сольсон гэх Баясахын хашаанд байгаа моторт эдгээр эд зүйл бүгдийг нь авч өгсөн, хийсэн гэдгийг миний үйлчлүүлэгч тайлбарладаг. Энэ тайлбарласан тайлбарууд шүүх хуралдааны тэмдэглэлд байдаг. 2 дугаарт шинжээчийн гаргасан дүгнэлтээр эдгээр зүйлүүдийг 1 бүрчлэн ээлжийг хийсэн, хийгээгүй гэдгийг тогтоох боломжгүй гэсэн учраас эдгээр эд зүйлийг миний үйлчлүүлэгчээс нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан хамтран ажиллах гэрээ буюу энэ хүний өгсөн үүргийн дагуу эдгээр зүйлүүдийг Ёндонжамц Баясахын машинд тавьж өгсөн гэдэг нь харагдаж байна. Мөн Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.2-т заасны дагуу энэ харилцаатай холбоотой хохирол төлбөрийг төлөх, төлөгдөх эсэх асуудал яригдана. Иргэний хуулийн 228, 229 дүгээр зүйлд заасан гэрээний үүргийн дагуу хариуцах хариуцлага миний үйлчлүүлэгчид байна. Ингэж байхдаа бүрэн хариуцна гэдэг байдал учир дутагдалтай байна. Шүүхээс хүсч байгаа зүйл нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д заасан тодорхой хэмжээгээр, тодруулж хэлэх юм бол Баясахын шүүхээс нэхэмжлээд байгаа 4,705,000 төгрөгийн тодорхой хэсгийг төлүүлэхээр шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү. Хэдийгээр миний үйлчлүүлэгчийн хувьд 500,000 төгрөг авахын тулд эдгээр зүйлийг машинд нь суурилуулаад тодорхой ажил гүйцэтгээд, Баясах өнөөдөр тайлбарлахдаа миний моторыг солихдоо эд зүйл суурилуулаад, сольж авсан байж болзошгүй гэж тайлбарлаж байгаа боловч нотлогдсон зүйл байхгүй байна. Хамтран ажиллах гэрээний дагуу ийм хариуцлага хүлээх хууль зүйн үндэслэл байхгүй байна. Тийм учраас Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2-т заасны дагуу тодорхой хэсгийг гаргуулахаар шийдвэр гаргаж өгнө үү гэв.
5. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, *******ын иргэний үнэмлэхийн хуулбар, 2023 оны 11 сарын 01-ний өдрийн 249 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоол /хх-5-6/, моторын фото зураг /1хх-7-8/, 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 15/732 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-88-100/, зарлагын падан /хх-107-108/, шилжүүлгийн баримт /хх-109-114/, зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* хариуцагч *******ад холбогдуулан сэлбэг, хэрэгслийн үнэ, цалин хөлс, бензиний зардалд 4,525,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлыг бензиний зардал 180,000 төгрөгийг гаргуулахаар нэмэгдүүлсэн.
2. Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрсөн, шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
3. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...2023 оны 8 сарын 09-нд өөрийн эзэмшлийн УАМ 45-83 улсын дугаартай Бонго-3 загварын авто машины моторыг засуулахаар Ёндонжамцтай ярьж ажлын хөлсийг 500 мянган төгрөгөөр тохиролцож Улаанбаатар хотоос 605.000 төгрөгийн сэлбэг авчирч моторыг угсарч дуусахад статчераар асахгүй машинаар чирэхээр хүчээр асч байсан. Хариуцагчид ажлын хөлс 300,000 төгрөг өгсөн. 2023 оны 8 сарын 17-ны үед айлаас үхэр ачих хэрэг гарсан болохоор машиныг чирч асаахад дээд хос гинжний таг хагарч цуураад тос масло цацсан. Унтраагаад *******ид утсаар хэлтэл 2-3 хоногоос очно гээд ирээгүй. Хүлээгээд ирэхгүй 7-8 хоносон, хадлан авах ид ажлын үе байсан болохоор өөрөө задласан. Тэгтэл дээд духны хөтлөгч, хос гинжний хоёр хөтлөгч арааны 17-ийн хоёр боолт сугараад гадна тагаа дотор талаас нь хавирч түлхээд хагалсан байсан. Хоёр боолт сулраад их биен дэх дээд ангины резво алагдсан тул задаргаанаас 90,000 төгрөгөөр аваад резво тогтоогчийг нь түрхээд угсарсан. Эрдэнэт ороод форсунк шалгадаг газар ороод шалгуулчихаарай гэхээр нь 4 форсункыг тайлж аваад Эрдэнэт орж шалгуулахад 3 ширхэг нь огт ажиллахгүй 1 ширхэг форсунк муу ажиллаж байсан. Машиныг засаж янзлах үед 2023 оны 8 сарын 9-12-ны үед айрагны баяр болж тэр үед Ёндонжамцыг гэртээ үлдээгээд явсан үед Эрдэнэт орж тасарсан гинж авна гэхэд нь бензиний мөнгө шилжүүлж өгч явуулж байсан. Уг машин нь маслоны шүүрний хос гинж тасраад мотор зуурч зогссон болохоос 4 форсукнаас болж эвдэрч зогсоогүй. Эзгүй хойгуур гинж олж авах нэрээр Эрдэнэт явж байхдаа үнэ өндөр болохоор 4 форсункыг сольсон гэж үзэж байгаа. Мөн дээд духны 2 хөтлөгч арааны 17-ын хоёр боолтыг мартаж чангалаагүй орхисноос тагаа хагалж дээд ангины суурь резво алагдсан болохоор дээд анги тэр чигээр нь солих болж байгаа юм. Иймд *******аас Улаанбаатар хотоос авсан сэлбэгийн үнэ 605,000 төгрөг, Эрдэнэт хотоос авсан сэлбэгийн үнэ 280,000 төгрөг, хагарсан тагны мөнгө 90,000 төгрөг, ком дээд анги 1,650,000 төгрөг, 4 ширхэг порсункны 1,560,000 төгрөг, цалин хөлс 300,000 төгрөг, бензин 40,000 төгрөг, 180,000 төгрөг, нийт 4,705,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэсэн.
4. Хариуцагч ******* дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч тайлбар гаргасан. Үүнд: ...2023 оны 08 сард Баясахын Бонго-3 автомашины мотор цохисон байсныг засаж моторыг боож асааж өгсөн, хийх ёстой юмаа хийсэн... гэх тайлбар гаргасан.
5. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
6. Зохигч 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Бонго-3 маркийн машины моторыг засуулахаар Улаанбаатар хот болон Эрдэнэтээс машины сэлбэг худалдан авсан, машины моторыг засаж уг сэлбэгүүдийг тавьсан, ажлын хөлсөнд 500,000 төгрөг өгөхөөр тохиролцож 3000,000 төгрөгийг бэлнээр өгсөн, моторыг засварласны дараа чирч асаалгасан, үүний дараа машины хос гинжний таг цуурч масло цацсан, 2 боолт суларсан резво алдагдсаны улмаас цаашид ажиллахгүй болсон тул нэхэмжлэгч моторыг сольж шинэ мотор авч машиндаа тавьсан, мөн резво тогтоогч 90,000 төгрөгөөр худалдаж авч тавьсан хариуцагч дахин ирж машиныг үзэж засаагүй үйл баримтууд тогтоогдож байгаа бөгөөд энэ талаар зохигч маргаагүй.
7. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, хариуцагч ******* Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д заасан захиалагчийн өмчлөлд ямар нэг доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
8. ******* нь хэдийгээр доголдолтой үр дүн хүлээлгэж өгсөн, доголдлыг арилгах үүргээ биелүүлээгүй буюу машиныг статчераар нь асаадаг болгож өгөөгүй боловч нэхэмжлэгчийн машинд авч тавьсан сэлбэг хэрэгслийн үнэ, уг ажлыг хийхэд гарсан бензиний зардлыг бүхэлд нь хариуцах үүрэг хүлээхгүй.
9. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр 45-83 УАМ улсын дугаартай Бонго-3 автомашинд үзлэг хийж шинээр мотор тавьсан эсэх, боосон гэх хуучин моторыг ашиглаж буй эсэх-ийг тогтоох шинжээчэээр Орхон аймгийн Авто тээврийн төвийг, ...уг машины боосон гэх моторыг боох болон шинээр авах 2023 оны 8-9 сарын байдлаарх зах зээлийн үнэлгээг... тогтоох шинжээчээр Арвижих-эстимейт үнэлгээ ХХК-ийг томилсон бөгөөд Орхон аймгийн Авто тээврийн төвөөс ...багаж хэрэгсэл байхгүй, ...нүдээр үзэж шинжлэх боломжгүй... гэх хариуг, Арвижих-эстимейт үнэлгээ ХХК-с 2025 оны 04 сарын 10-ны өдрийн 15/732 дугаартай дүгнэлтээр ...автомашины хөдөлгүүрийг худалдан авахдаа хөдөлгүүрийн болон бусад эд ангиудын /хөдөлгүүрийн дугаар, форсунк, агаарын хоолой, хөргөлтийн цамц гэх мэт/ дугааруудыг тэмдэглээгүй тул худалдаж авсан хөдөлгүүр мөн эсэхийг тодорхойлох боломжгүй, ...боосон гэх өөр нэг хөдөлгүүр гадаа удаан хугацаанд хадгалагдсан, автомашинаас тайлж авсан байдалтай байсан, ...моторын зах зээлийн үнэлгээг 4,100,000 төгрөг-өөр үнэлж ирүүлсэн байна.
10. Нэхэмжлэгчийн худалдаж авч солиулсан гэх мотор, түүнийг солиход тавьсан сэлбэг хэрэгслүүд нэхэмжлэгчид өөрт нь байгаа болох нь тогтоогдож байгаа бөгөөд хариуцагч засварын ажлыг гүйцэтгэж байхдаа машины 4 ширхэг форсункыг сольж тавьсан гэх нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна.
11. Иймд нэхэмжлэгчийн машинд авч тавьсан сэлбэг хэрэгсэл болох ком дээд анги 1,650,000 төгрөг, 4 ширхэг форсункны 1,560,000 төгрөг, гаргасан зардал болох бензиний 220,000 төгрөгийг хариуцагчид хариуцуулах үндэслэл нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
12. Дээрх үндэслэлүүдээр хариуцагч *******аас резвоны 90,000 төгрөг, ажлын хөлс төлбөрт авсан 300,000 төгрөг, нийт 390,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ад олгож, нэхэмжлэлээс үлдэх 4,315,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
13. Нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 12,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ад олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 350 дугаар 350.1.6-д заасныг баримтлан хариуцагч *******аас 390,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгож, нэхэмжлэлээс үлдэх 4,315,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 12,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ад олгож олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ