| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2018/0123/Э/ |
| Дугаар | 2018/ШЦТ/123 |
| Огноо | 2018-05-24 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Сэндсэнсүрэн |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 2018/ШЦТ/123
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,
Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,
Өсвөр насны шүүгдэгч нарын хууль ёсны төлөөлөгч Т.Нямсүрэн, Д.Одгэрэл,
Өсвөр насны шүүгдэгч нарын өмгөөлөгч Ч.Будхүү, Н.Бүрэнчимэг,
Өсвөр насны шүүгдэгч Т.Н, Ж.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Н,Ж.М нарт холбогдох эрүүгийн 1838001110168 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Өсвөр насны шүүгдэгчТ.Н,Ж.М нар нь 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Галт сумын 3 дугаар багийн төвөөс иргэн Н.БМустанг-5 маркийн мотоциклийг хулгайлж эд ангийг нь авч 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Өсвөр насны шүүгдэгч Т.Н,Ж.М нар нь 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Галт сумын 3 дугаар багийн төвөөс иргэн Н.БМустанг-5 маркийн мотоциклийг хулгайлан эд ангийг нь авч 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь өсвөр насны шүүгдэгчЖ.Мын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “ Шөнийн 00 цаг өнгөрч байсан байх манай ангийн хүүхэдН гэдэг хүүхэдтэй хамт ангийнхаа Батбуян гэдэг хүүхэд дээр очих гэж явж байсан чинь хүүхдийн цэцэрлэгийн урд байдаг дэлгүүрийн ойролцоо улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль байхад нь биНгийн хамт энэ мотоциклийг бид хоёр хамтдаа унаж очоодН мотоциклийн ачаа, яндан, гэрэл, дохио, аккумулятор, багажны нэг таг зэргийг авсан. ...Тэгээд энэ мотоциклиос дээрх эд зүйлийг аваад мотоциклийг түрж эмнэлгийн арын гудамжинд орхиод явсан...” гэх мэдүүлэг
Өсвөр насны шүүгдэгч Т.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ 2017 оны 05 дугаар сарын 16-ны орой 21 цагийн орчим М манайд хичээлийн хэрэгсэл авах гэж ирсэн. Тэгээд Мынд очих гэж бид хоёр манайхаас гараад явж байтал Борын дэлгүүрийн урд талд улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль байхад нь би энэ мотоциклийг унаж Мын гэрт очоод М багажны хоёр ширхэг таг авсан. Би яндан, ачаа, гэрэл, дохио зэргийг авсан. Авсан зүйлээ Мын амбаарт хийсэн. Тэгээд бид хоёр мотоциклийг эмнэлгийн ар талын гудамжинд түрж аваачиж орхисон....” гэх мэдүүлэг,
Хохирогч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “ 2017 оны 05 дугаар сарын 16-ны шөнө 20 цагийн үед би хөдөөнөөс сумын төв орж ирээд хүн эмнэлгийн ар талын гудамжинд явж байтал миний мотоциклийн бензин дуусахаар нь би гудамжинд мотоциклио орхиод гэр рүүгээ хариад манайд байдаг байсан 11 дүгээр ангийн хүүхдийг бензин хийгээд мотоцикль асаагаад хүрээд ир гээд явуулсан. Тэгээд удалгүй нөгөө хүүхэд таны мотоцикль байхгүй байна гэсээр ирэхэд би нөгөө хүүхэдтэй хамт мотоцикль орхисон газраа ирэхэд байхгүй байхаар нь гэртээ харьсан. ...Маргааш нь Дэмбээ гэж хүний хашаанд мотоцикль байгааг мэдээд очиж үзэхэд миний мотоцикль тоногдчихсон байсан. Миний мотоциклиос яндан, ачаа, урд хоёр дохио, их гэрэл, аккумлятор зэрэг зүйлүүд тоногдоод байхгүй болчихсон байсан...Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хохирлоо барагдуулж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-18 дугаар хуудас/,
Гэрч Г.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “ 2017 оны 05 дугаар сарын эхээр шөнө би гадуур явж байгаад гэртээ ирэхэд хүн эмнэлгийн гараашны үүдэн тушаа нэг мотоцикль тоноод орхичихсон байсан. Тэгээд би тэр даруй цагдаад дуудлага өгсөн. Цагдаа дуудлагаар очоод зургийг нь аваад манай гэрийн хашаа руу оруулаад явсан. Түүнээс хойш нэлээд хэд хоногийн дараа Энхболд гэдэг хүн мотоциклийн эзэн Б мотоциклийн рамыг ав гэсэн гээд манай хашаанаас рамыг нь аваад явсан ” гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/,
Гэрч Х.Л-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “ 2017 оны 05 дугаар сарын үед би олон нийтийн цагдаагаар ажиллаж байсан. Тэгээд би өглөө ажил дээрээ ирэхэд тухайн үед Галт суманд цагдаагаар ажиллаж байсан Батхүү надад хэлэхдээ хүн эмнэлгийн ар талын гудамжинд мотоцикль байна, хоёулаа очиж үзье гэхээр нь би хамт очиж үзэхэд улаан өнгийн Мустанг маркийн мотоцикль байсан. Энэ мотоцикль нь бид хоёрыг очиход бензин банк, урд хойд дугуй, мотор, гинж, урд хойд хөтлөгч, рам гэсэн зүйлүүд байхаар нь цагдаа Батхүү бид хоёр эмнэлгийн хойд талд байдаг Бямбадэмбэрэл гэдэг хүний хашаа руу түрж оруулсан. ...хэд хоногийн дараа 12 жилийн сургуулийн хүүхдүүд хулгай хийсэн гэдгийг мэдсэн ” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,
Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 58 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул өсвөр насны шүүгдэгчТ.Н,Ж.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Эрүүгийн 1838001110168 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.
Өсвөр насны шүүгдэгчТ.Н,Ж.М нар нь хохирогчид хохирол төлж барагдуулсан тухай эвлэрлийн гэрээ /хх-ийн 95 дугаар хуудас/ хэрэгт авагдсан байх тул өсвөр насны шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Өсвөр насны шүүгдэгч нар нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 90, 94 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.
Өсвөр насны шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Өсвөр насны шүүгдэгчТ.Н нь 15 настай, ам бүл 3, ээж, эгч нарын хамт амьдардаг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, Хөвсгөл аймгийн Галт сумын Ерөнхий боловсролын дунд сургуульд суралцдаг, цаашид сурч хүмүүжих бололцоотой, Өсвөр насны шүүгдэгчЖ.М нь 16 настай, ам бүл 6, эцэг, эх, ах, дүү нарын хамт амьдардаг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, Хөвсгөл аймгийн Галт сумын Ерөнхий боловсролын дунд сургуульд суралцдаг, цаашид сурч хүмүүжих бололцоотой зэрэг хувийн байдлыг харгалзан тус тус ял оногдуулахыг тэнсэж, хянан хүмүүжүүлж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 18.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч Т.Н, Ж.М нарыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Н, Ж.М нарт ял оногдуулахыг тэнсэж тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Н, Ж.М нарыг энэ хугацаанд хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэхийг тэдний хууль ёсны төлөөлөгч Т.Нямсүрэн, Д.Одгэрэл нарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгчТ.Н,Ж.М нарт оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
5. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан өсвөр насны шүүгдэгч Т.Н,Ж.М нарт хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн 1838001110168 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Т.Н,Ж.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР