Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2043/ДШМ/10

 

 

 

 

 

  2024        02        01                                        2023/ДШМ/10

 

   Б.Ат холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Н.Баярхүү, Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор: Ц.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Т,

Хохирогч: Ц.Д,

Нарийн бичгийн дарга: Г.Д нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/05 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Б.Аын давж заалдах гомдлоор Б.Ат холбогдох 000 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

“Ш” овогт Бын А, ...... оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Ш ...........д төрсөн, .... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Эсумын 8 дугаар баг Ш тосгоны  01 дүгээр багт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /Регистрийн дугаар РХ-000/.

Б.А нь 2023 оны 10 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Эсумын 8 дугаар багийн Ш тосгоны 8 дугаар багт оршин суух Ц.Дн эзэмшлийн монгол гэрийн тооноор нэвтрэн орж, гоёлын бөгж, хөгжим, цахилгаан индүү, гоо сайхны нүүрний ком зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 220,000 төгрөгийн хохирол учруулж, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/05 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч “Ш” овогт Бын Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Бын Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.8 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ат оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шаргал өнгийн гуулин бөгж, BIOAOUA гэсэн бичигтэй, хайрцагтай гоо сайхны бүтээгдэхүүн зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Ц.Дд буцаан олгохыг шүүгчийн туслах Д.000т даалгаж, энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ц.Дд төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.А давж заалдах гомдолдоо: “...би бусдын гэрийн тооноор орж их хэмжээний эд зүйл хулгайлах бүрэн боломжтой байсан ч үүнээсээ татгалзаж цахилгаан индүү, гоёлын бөгж, гоо сайханы бүтээгдэхүүн болох нүүрний ком зэрэг ялимгүй эд зүйлийг санаатай хулгайлах гэмт хэргийг үйлдсэндээ их гэмшиж байна. Надад оногдуулсан 1 жилийн хорих ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна.Миний үйлдсэн хэргийн хохирлын хэмжээ 220,000 төгрөг. Би ялимгүй зүйл хулгайлчихаад ийм хүнд ял авна гэж бодоогүй.Эрүүл мэндийн байдлын хувьд зүүн нүд хараагүй, хөдөлмөрийн чадвараа 50% алдсан, группэд байдаг. Эхнэр бага насны 3 хүүхэдтэйгээ амьдардаг. Би хохирогчтой садан төрлийн холбоотой, тэгээд ч гомдол гаргаагүй, би хэргээ илчилж цагдаад очсон. Миний гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлын хэмжээ, хувийн байдлыг харгалзан надад оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Т шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ялын тухайд хэр оновчтой шийдвэр гаргасан талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийж өгнө үү” гэв.

Хохирогч Ц.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгчийн ар гэр, хувийн байдал, эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хөвсгөл аймгийн Прокурорын газраас 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 424 дугаартай яллах дүгнэлтээр Б.Аыг “2023 оны 10 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Эсумын 8 дугаар багийн Ш тосгоны 8 дугаар багт оршин суух Ц.Дн эзэмшлийн монгол гэрийн тооноор нэвтрэн орж, гоёлын бөгж, хөгжим, цахилгаан индүү, гоо сайхны нүүрний ком зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 175,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, бэхжүүлэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж үзэхэд Б.А нь иргэн Ц.Дн эзэмшлийн монгол гэрийн тооноор нэвтрэн орж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ТХҮ-923/8245 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Б.Аын яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох боловч тухайн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээнээс хамаарч бодит хохирол, хор уршиг учраагүй бол гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэж үзнэ.

Шүүгдэгч Б.А бусдын орон байранд нэвтэрч, нууц далд аргаар хохирогчийн 175,000 төгрөгийн эд хөрөнгийг авсан үйлдлийн шинж чанар, хохирлын хэр хэмжээ, эд зүйлийг буцаан өгсөн, хохирогчийг хохиролгүй болгосон зэрэг хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгчийн үйлдэл гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, нийгмийн аюулын хэр хэмжээ ялимгүй байх тул гэмт хэрэгт тооцох үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн”, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасан “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 38.2, 38.8, 38.7, 38.8, 38.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” үндэслэлээр давж заалдах шатны шүүх мөн хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянасан болно.

Иймд шүүгдэгчийн гаргасан “...миний үйлдсэн хэргийн хохирлын хэмжээ 220,000 төгрөг. Би ялимгүй зүйл хулгайлчхаад ийм хүнд ял авна гэж бодоогүй...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Б.Ат холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,  39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/05 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Ат холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ат урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгчийг шүүх хуралдааны танхимаас сулласугай.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой  гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.СОСОРБАРАМ

                                               ШҮҮГЧИД                              Н.БАЯРХҮҮ

                                                                                   Л.ЭРДЭНЭБАТ