Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 312/шш2025/01106

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 312/ШШ2025/01106

Орхон аймаг

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, 1-р хороо Чингисийн өргөн чөлөө-24, Паркплэйс оффис 3 давхарт байрлах ******* ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг ******* тоотод байрлах ******* ******* СӨХ /РД:*******/-д холбогдох,

 

4,007,504.27 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 07-нд иргэний хэрэг үүсгэж тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч ******* ******* СӨХ-д холбогдуулан 4,007,504.27 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

3. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: ...манай компанийн Барьцаа хөрөнгийн *******ын №0133040051737672 тоот гэрээний даатгуулагч Н. өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох Орхон аймаг Баян-Өндөр сумын 6-р баг, ******* 6 хороолол 17-3 байрны 120 тоот орон сууцанд дээврээс нь ус алдаж, даатгуулагчийн эд хөрөнгөд 4,007,504.27 төгрөгийн хохирол учирсныг манай компаниас төлж Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д заасны дагуу манай компани хохирол нэхэмжлэх эрхий шилжүүлж авсан. Иймд Сууц өмчлөгчийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар тухайн орон сууцны байшингийн дээврийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, засвар үйлчилгээг хийх үүрэгтэй байгууллага нь ******* ******* СӨХ тул 4,007,504.27 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэсэн.

 

4. Хариуцагч ******* ******* СӨХ-ны төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч, тайлбар гаргаж мэтгэлцсэн. Үүнд: Д.Дашдолгор шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...******* ******* СӨХ нь Баян-Өндөр сумын ******* багийн 6-р хороололд байрладаг 17в гэх ганц байрыг хариуцан ажилладаг бөгөөд тухайн байр нь 2013 онд ашиглалтад орсон, 2 орцтой, 12 давхар, 120 айл өрхтэй бөгөөд тэдгээрийн 97 нь албан байгууллагын /Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ/ өмчлөлд байдаг тухайн байгууллагатай гэрээтэй, харин 23 өрх нь манай СӨХ-той хамтран ажиллах гэрээтэй байдаг, ...тус байранд 2023 оноос дээврээс ус нэвтэрлээ гэх оршин суугчдын гомдол ирэх болсон тул 1,2 -р орцны дээвэрт хэсэгчилсэн засвар болон заадсын нөхөөсийг хувь хүмүүстэй гэрээлэн, цаг алдалгүй хийлгэсэн. Хэсэгчилсэн засвар, заадсын нөхөөс хийлгэснээр дахин гомдол гараагүй байсан бөгөөд 2024 он буюу өнгөрсөн зуны 7,8 дугаар сард орсон маш их устай, хүчтэй бороо /байгалийн давагдашгүй хүчин зүйл/-ны улмаас 120 тоот руу ус нэвчсэн. Ус нэвчсэн тохиолдлоос үүдэн 120 тоотын өмчлөгч өөрчлөгдсөн болохыг мэдсэн. Н. нь 120 тоотыг өмчлөх болсноо бидэнд албан ёсоор мэдэгдээгүй, бидэнтэй хамтран ажиллах гэрээ байгуулаагүй. Тус СӨХ нь ганцхан 17В байрыг хариуцан ажилладаг бөгөөд сарын орлого нь 3 сая орчим байдаг. Үүнээс цалин, татвар, ус, дулаан, цахилгаан, цэвэрлэгээ үйлчилгээний тогтмол зардлууд гарахад л хуримтлал үүсгэх боломж бараг байдаггүй. Энэ байдлаа иргэн Н.т тайлбарлаж, тэдний дээд талын дээврийг дахин засуулахад материалын зардлыг нь Холбооноос гаргах, засуулах ажлыг Н. хариуцахаар тохиролцсон. Тохиролцсоны дагуу Н. засварыг эхлүүлсэн. Засварт шаардагдах материалыг засварчид нь бүрэн авсан, материал авсан е-баримтыг /2,437,000.00 төгрөг/ Холбоонд өгсөн. Холбооны зүгээс 1,800.000 төгрөгийг Н. данс руу шилжүүлсэн. ******* ******* -аас ирүүлсэн нэхэмжлэлд 4 сая гаруй төгрөгийн хохиролтой гэжээ. Энэ нь орон сууцны дундын өмчлөлийн зүйлд учирсан болон учирч болох гэм хорыг арилгаж, зайлшгүй гаргасан зардал гэж үзэх үндэслэлгүй буюу өөрөөр хэлбэл сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн бус өөрийн хөрөнгөд хийсэн засвар, үйлчилгээний зардлыг СӨХ хариуцах үндэслэлгүй. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд Иргэний хуулийн 147 дугаар зүйл болон энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу оролцох, 13.2.4-т өөрийн сууцны доторхи засвар, үйлчилгээний бүх зардлыг хариуцахаас гадна мэргэжлийн байгууллагаас үзүүлсэн үйлчилгээний хөлсийг төлөх үүрэгтэй гэж тус тус заасан байх тул орон сууц өмчлөгч Н. өөрийн орон сууцны засвар, үйлчилгээний зардлыг өөрөө хариуцах үүрэгтэй бөгөөд ******* ******* СӨХ-нь бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулаагүй тул тус нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэсэн.

 

5. Шүүх хуралдаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н. дараах тайлбарыг гаргасан. Үүнд: ...уг орон сууцыг ипотекийн зээлийн гэрээгээр худалдаж авсан, ******* ******* ХК-тай байгуулсан *******ын гэрээнд үндэслэн дээврээс ус алдсаны улмаас өөрийн орон сууцны тааз, хана, шаланд хийх засварын зардалд 4,007,504 төгрөгийг гаргуулж авсан. Би нэгэнт гэртээ засвар хийж байгаа юм чинь дээврийг бас зассан дээр гэж бодоод СӨХ-той холбогдож ярилцаад дээврийн засвар хийх материал, ажлын хөлсөнд 1,800,000 төгрөг СӨХ-оос авч дээврийн засварыг хийсэн, ...үлдэх мөнгийг аваагүй байгаа... гэсэн.

 

6. Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

7. Гуравдагч этгээд болох Н. эзэмшиж, ашиглаж байсан Орхон аймаг Баян-Өндөр сумын 6-р баг, ******* 6 хороолол 17в байрны 120 тоот орон сууцны дээврээс 2024 оны 7 сарын 30-наас 8 сарын 5 хүртэл хугацаанд их хэмжээний ус ихтэй бороо орсны улмаас ус алдаж Н. орон сууцны том өрөө, жижиг өрөө, гал тогооны өрөө, 00 өрөө, тагтны таазны эмульс замаска ховхорч, ханын цаас хуурсан, паркетан шал хөөсөн хохирол учирсан, хохирлыг арилгахаар байранд засвар хийх ажлын хөлс, материалын зардлын үнэлгээг 4,940,400 төгрөгөөр тогтоосон болох нь Ашид билгүүн ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн үнэлгээний тайлангаар тогтоогдож байна.

 

8. Мөн гуравдагч этгээд Н. нь ******* ******* ХК-тай 2023 оны 12 дугаар сарын 13-нд 20 жилийн хугацаатай зээлдэгчийн барьцаа хөрөнгийн *******ын гэрээ байгуулсанд үндэслэн 4,007,504.27 төгрөгийн хохирлыг ******* ******* ХК-аас гаргуулан авч, өөрийн эд хөрөнгөд учирсан хохирлыг буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн гэрээ байгуулж нэхэмжлэгчид шилжүүлсэн байна.

 

9. ******* ******* СӨХ нь 2024 оны 7, 8 сард их хэмжээний бороо орсны улмаас гуравдагч этгээдийн эзэмшиж буй 17в байрны 120 тоот орон сууцны дээврээс ус алдсан, Н.т уг байрны дээврийн засварын ажлыг хийж гүйцэтгүүлэхээр амаар тохиролцож засварын материал, ажлын хөлсний зардалд 1,800,000 төгрөг төлсөн талаар тал маргахгүй байна.

 

10. Иймд Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ., Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь *******аар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ., Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй., 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө. гэж заасанд үндэслэн бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан гэм буруутай этгээдээс хохирол нэхэмжлэх эрх нэхэмжлэгчид үүссэн байна.

11. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд дараахь эд хөрөнгө хамаарна, 15.1.1-д орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил... гэж зааснаар дээврийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, засвар үйлчилгээ хийх үүрэгтэй байгууллага нь Сууц өмчлөгчдийн холбоо байна.

12. Хэргийн материалд авагдсан хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримтуудаас үзэхэд тухайн СӨХ-ны хариуцаж буй Орхон аймаг Баян-Өндөр сумын 6-р баг, ******* 6 хороолол 17в тоот орон сууцны дундын эзэмшлийн эд хөрөнгө болон дээвэр ашиглалтын шаардлага хангахгүйн улмаас СӨХ нь өөрийн санхүүгийн боломжоор тодорхой хэмжээний зардал мөнгө гаргаж, засвар үйлчилгээ хийдэг болох нь тогтоогдож байна.

 

13. Харин хариуцагч тал Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно. гэж зааснаар гуравдагч этгээдэд гэм хорын хохирлыг нөхөн төлсөн гэх боловч өөрийн татгалзал, тайлбараа баримтаар нотлоогүй, гуравдагч этгээдэд шилжүүлсэн 1,800,000 төгрөг нь дээврийн засвар хийлгэхээр өгсөн мөнгө болохоос дээврээс ус алдсаны улмаас гуравдагч этгээд Н. эзэмшлийн орон сууцанд үнэлгээгээр тогтоогдсон, хохиролд олгосон мөнгө биш байна.

 

14. Хэдийгээр их хэмжээний ус ихтэй бороо орсны улмаас тус орон сууцны дээврээс ус алдсан үйл баримт тогтоогдож байгаа боловч Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.8-д Холбоо нь дундын өмчлөлийн эд хөрөнгө, шугам сүлжээний засвар, үйлчилгээг гэрээний үндсэн дээр мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх... гэж зааснаар дундын өмчлөлийн эд хөрөнгө болох дээврийн засвар үйлчилгээг хийх үүрэг СӨХ-нд байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагч ******* ******* СӨХ-оос 4,007,504 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

15. Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79,071 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* Өргөө СӨХ-оос улсын тэмдэгтийн хураамж 79,071 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч ******* ******* СӨХ-оос 4,007,504 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79,071 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* СӨХ-оос улсын тэмдэгтийн хураамж 79,071 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар 759.3, 7511 дугаар зүйлийн 7511.1-д заасны дагуу зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 7 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ