Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 312/шш2025/01099

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 312/ШШ2025/01099

Орхон аймаг

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:Орхон аймаг Баян-Өндөр сум ******* ******* баг ******* тоотод оршин суух, овогт /РД:/-д холбогдох

 

Эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол 4,616,207.33 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 15-нд иргэний хэрэг үүсгэж тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч М.*******,

Хариуцагч Т.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч Т.д холбогдуулан эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол 4,616,207.33 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

3. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... намайг Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/32 тоот шийтгэх тогтоолоор хохирогчоор тогтоосон. Тус хэрэгт авагдсан Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 101 тоот дүгнэлтээр 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Т. нь миний биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал гэмтэл учруулсныг тогтоосон ба уг гэмтлийг Улсын нэгдсэн төв эмнэлгийн Гэмтлийн тасагт хагалгаанд орж эмчлүүлсэн. Уг эмчилгээ хийсэн өвчний түүхийг надад огт өгөөгүй. Цагдаагаас баримт ирэхээр өгдөг юм гээд зөвхөн нүдний ухархайд Имплант тавиулахад төлсөн баримт, амбулаторын картад эмчлүүлсэн эмчлэгчийн эмчилгээ хийсэн талаарх болон цаашид хийгдэх эмчилгээний талаар баримт өгсөн. Энэхүү асуудлаар хохирогч баримтаа бүрэн бүрдүүлээгүй, шаардлага хангаагүй байна гэх үндэслэлээр иргэний хэргийн шүүхэд хандаж шийдвэрлүүлэх талаар шүүхийн шийдвэр гарсан ба Т. нь хохирол төлбөрийг төлье гэж огт боддоггүй. Улаанбаатарт хагалгаанд орж байхад тусламж үзүүлээгүй атал учирсан хохирлыг төлөхгүй гэж маргасан. Т. нь надад учруулсан гэмтлээс өөр эмчилгээ хийлгэсэн гэх баримт байхгүй байхад бүрэн нотлоогүй гэж үзэн түүнд ашигтай шийдвэр гарсан. Одоо ч хамар битүү, эмчилгээтэй байгаа бөгөөд эмчилгээ сувилгаатай холбоотойгоор ажил эрхлэх боломжгүй болж, 2 сарын цалин хөлсгүй хохироосон. Одоо ч нүдний ухархайн гэмтэл бүрэн эдгээгүй, өвдөлтийн улмаас ажилдаа байнга явж чадахгүй, маш их гомдолтой байна. Иймд Т.аас нүдний ухархайд Имплант тавиулахад төлсөн 1,800,000 төгрөг, шинжилгээ өгсөн 175,000 төгрөг, 2 сарын дундаж цалин хөлс болох 2,641,207.33 төгрөг /сүүлийн 6 сарын авсан цалин хөлсний дундаж 1,320,603.33 төгрөгөөр тооцоолов/, нийт 4,616,207.33 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэсэн.

 

4. Хариуцагч Т. нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр тайлбар гаргаж мэтгэлцсэн. Үүнд: ... М.******* нь хоёр удаа шүүх хурлаар ороод нотлох баримт хангалтгүй гээд хэрэгсэхгүй болж байсан. М.******* нь ор үндэсгүй худал хэлж хуурамч баримт бичиг бүрдүүлсэн. М.*******ын томографййн 175,500 төгрөгийн баримт нь өөр хүнийх байсан. Миний бие шүүхээс тогтоосон 1,415,000 төгрөгийг төлсөн. Одоо нэхэмжилж байгаа 4,616,207.33 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.... гэсэн.

 

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

6. Хариуцагч Т. нь 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт шугам, сүлжээ шинэчлэх ажил гүйцэтгэж байхдаа надад туслаач гэж хэлэхэд үл тоосон гэх шалтгааны улмаас хохирогч М.*******д уурлан нүүр хэсэг рүү нь цохиж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдэж, шүүхээс 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн болох нь Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний 2025/ШЦТ/32 тоот шийтгэх тогтоолоор тогтоогдож байгаа ба зохигч гэм буруугийн талаар маргахгүй байна.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй., 505 дугаар зүйлийн 505.1-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй. гэж зааснаар нэхэмжлэгч нь өөрийн эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирлыг гэм буруутай этгээд болох хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

8. Т.д холбогдох эрүүгийн хэргийг шалгах явцад гаргасан Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 101 дугаартай дүгнэлтээр нэхэмжлэгч М.*******ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь тогтоогдсон.

 

9. Хэрэгт авагдсан нотлох баримт болох нэхэмжлэгчийн амбулаториор эмчлүүлэгсдийн картанд харьяаллын дагуу Улсын нэгдсэн төв эмнэлэг рүү нүдний ухархайн хана нөхөх мэс засалд оруулахаар явуулсан эмчлэгч бичилт хийгдсэн, нэхэмжлэгч имплантыг 1,800,000 төгрөгөөр худалдаж авсан баримтыг гаргаж өгсөн боловч уг имплантыг хагалгаа хийлгэж тавиулсан өвчний түүх болон хагалгаа хийлгэсэнтэй холбоотой баримтууд хэрэгт авагдаагүй байна. Харин Эрдэнэт медикал эмнэлгийн 2025 оны 03 сарын 25-ны өдрийн үзлэгийн хуудас болон дансны хуулга, мөнгө төлсөн баримтаар нэхэмжлэгч нь тус эмнэлэгт тодосгогч бодисгүй толгойн томограф /СТ/ зураг 175,000 төгрөгөөр авахуулсан болох нь тогтоогдож байна.

 

10. Нэхэмжлэгч Эрин гүрэн ХХК-д сарын 1,500,000 төгрөгийн цалинтай хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан, хариуцагчид зодуулж гэмтэл авсны улмаас ажлаа хийгээгүй болох нь тус компаниас гаргаж өгсөн тушаал, тодорхойлолтоор тогтоогдож байгаа, мөн хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэмжийг нийгмийн даатгалын сангаас аваагүй болох нь тогтоодож байгаа, Иргэний хуульд зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгчийн 2 сарын дундаж цалин 2,641,207 төгрөг нэхэмжилснийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

11. Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Т.аас эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 2,816,207 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,800,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

12.Тухайн нэхэмжлэл хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, хариуцагч Т.аас улсын тэмдэгтийн хураамж 60,009 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан хариуцагч Т.аас эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол 2,816,207 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,800,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар тухайн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, хариуцагч Т.аас улсын тэмдэгтийн хураамжид 60,009 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар 759.3, 7511 дугаар зүйлийн 7511.1-д заасны дагуу зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 7 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ