Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 339

 

   

                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   

                          

 

 

 

 

                      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн

улсын яллагч А.Баясгалан

шүүгдэгч Г.Ч

нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1805007570185 дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 5 дугаар сарын 11-нд Төв аймгийн Баян суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3; эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ......... гудамж, .....тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ялгүй, ......... дугаарын регистртэй, Боржигин овогт Гын Ч

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Г.Ч нь 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хохирогч Х.Аээс “Солонгос улс руу гаргаж өгнө, урьд нь зөндөө хүн гаргаж байсан, би чамайг хил гаргаж өгчихөөд ирнэ” хэмээн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 12 хорооны нутаг дэвсгэрт байрлах АТМ-ээр иргэн Г.Мөнх-Эрдэнийн ХААН банкны дансаар дамжуулан 3.000.000 төгрөгийг “хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн” авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Г.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Цаашид ийм асуудал гаргахгүй байж чадна. Хохирогчийн хохирлыг төлсөн, хохирогчоос уучлалт гуйсан гэв.      

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Х А “... 2017 оны 11 дүгээр сарын 26-ны орой 22 цагийн орчимд Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Бичил хорооллын аркын орчимд таксинд халтуур хийгээд явж байтал 3 залуу гар өргөн суугаад явж байгаад 2 залуу нь модны 2-ын орчимд буугаад нэг залуу нь Хан-Уул дүүрэг рүү хүргүүлэх замдаа ах нь япон руу хүн гаргаж жуучилдаг гэхээр нь Солонгос улс руу гаргаж өгч чадахгүй биз гэхэд нөгөө ах чадна урьд зөндөө хүн гаргаж байсан чи хэдэн төгрөгөөр гарах гэж байгаа гэхээр нь 6.000.000 төгрөгөөр гэсэн чинь тэгвэл тэрийгээ надад өгчих би чамайг хил гаргаад өгчихөөд ирнэ гэсэн. Тэгээд гэрт нь буулгаж өгчөөд тэр өдөртөө ээж, эгчтэйгээ ярилцсан бөгөөд маргааш нь Ч ахтай уулзаад дансны дугаарыг нь суухад надад карт байхгүй нэг хүнтэй утсаар яриад Хаан банкны 5026945732 тоот данс руу хийчих гэхээр нь эгч рүү ярихад Солонгосоос тухайн дансанд 3.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд бичил хороолол орж манай найзаас явуулсан мөнгийг чин авъя гээд цуг очсон бөгөөднөгөө найзтайгаа хамт явж мөнгөө авчихаадах нь гадуур жоохон ажилтай байна өдөр яръя гээд алга болсон. Энд тэнд уулзъя гэсэн мөртлөө ирдэггүй, дандаа худлаа хэлдэг. Ямар нэгэн гэрээ байгуулаагүй. Утсаар ярих гэхээр утас нь холбогдохгүй энд тэндээс хүний утас гуйж залгаж байна гээд залгадаг байсан. Гэхдээ манай эхнэрийн гар утас руу битгий залгаарай эхнэрт мэдэгдэж болохгүй би өөрөө залгана гэж хэлдэг байсан. Тэгээд өдөрт нэг утаснаас залгаад маргааш болно гэж худлаа хэлсээр байгаад өдийг хүргэсэн.” /хх-н 6-10/ гэж,

гэрч Г М “... Би Бичил хорооллын зүүн аркны хажууд зам дагуу байрлалтай Мөнгөн тайга үйлчилгээний төвийн нэг давхарт байрлах “Баярлалаа” нэртэй ломбард ажиллуулдаг юм. 2017 оны 11 дүгээр сарын 20-нд Ч гэгч манай ломбарданд 2 ширхэг монетон бөгж тавьсан юм. Тэрнээс хойш хэд хоногийн дараа Чинзо ирээд бөгжнүүдээ авъя надад бэлэн мөнгө алга чи дансныхаа дугаарыг өгчих гэхээр нь би яах гэж байгаа талаар асуухад чиний данс руу хүн 3.000.000 төгрөг явуулна тэгэхээр нь чи тэндээс өөрийн 265.000 төгрөгөө аваад үлдсэнийг нь надад өгөөрэй хамт явж авъя гээд надтай цуг яваад АТМ-ээс мөнгийг нь авч би өөрийнхээ мөнгийг аваад үлдэгдэл 2.735.000 төгрөгийг аваад өгөх гэтэл 1.000.000 төгрөгийг бас нэг хүний данс руу надаад шилжүүлүүлээд бусдыг нь аваад явсан юм. Тэгээд 2017 оны 11 дүгээр сарын 30-нд Г овогтой Ч нь дахин ирж iphone 5s загварын гар утас 250.000 төгрөгөөр тавьсан ба 2 хоногийн дараа ирж утсаараа яаралтай интернэт, фээсбүүк яаралтай орох хэрэгтэй байна. Надад хүн явуулах ёстой юм гэж хэлээд утсаа авч явсан ба тэгээд тэр чигтээ алга болсон. Би бас энэ хүнээс хохирлоо барагдуулж авах хүсэлтэй байна.” /хх-н 12-13/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Нэр бүхий хохирогч, гэрчийн дээрх мэдүүлгүүд нь залилах гэмт хэрэг үйлдэгдсэн буюу шүүгдэгч Г.Чийн гэм буруутайг нотлох бөгөөд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хэргийн бодит байдалд нийцнэ.

 

Иймд Боржигон овогт Гамсумын Чийг залилах гэмт хэргийг үйлдэхдээ хуурч өмчлөгийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Чт ял оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзав.

Тухайлбал шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй болно.

 

Шүүгдэгч Г.Чийн үйлдсэн “Залилах” гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэмт хэргийн ангилалаараа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хөнгөн” гэмт хэрэгт хамаарч байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь шүүгдэгч Г.Чийн үйлдсэн гэмт хэргийн ангилал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг байдалд нийцэж байх тул хуулийн дээрх зохицуулалтын дагуу хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч Г.Ч цагдан хоригдсон хоноггүйг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

  1. Боржигон овогт Гамсумын Чийг залилах гэмт хэргийг үйлдэхдээ хуурч өмчлөгийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шүүгдэгч Г.Чийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Г.Чт оршин суух газар, ажлаа өөрчилвөл хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

 

4. Г.Ч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Х.А гомдолгүй гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Г.Чт урьд авсан “хувийн баталгаа” гаргуулах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ