Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2024/ДШМ/14

 

 

 

 

 

   2024       03        06                                        2024/ДШМ/14

 

    Л.Бт холбогдох

     эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Н.Баярхүү, Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор: Э.Г,

Нарийн бичгийн дарга: Б.М нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 000 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 000ШЦТ/408 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурор Э.Ггийн эсэргүүцлээр Л.Бт холбогдох 000 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

“Боржигон” овогт Лгийн Б, .... оны 1..... дугаар сарын ....-ны өдөр Хөвсгөл аймгийн Асуманд төрсөн, .... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Хөвсгөл аймгийн Асумын .... дүгээр багт оршин суух бүртгэлтэй, урьд 2021 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 7 сарын хугацаагаар тэнсэн харгалзсан, .... онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар, ..... оны .... дүгээр сарын ....-ний өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан, хэрэг хариуцах чадвартай /регистрийн  дугаар :....................../.

Шүүгдэгч Л.Б нь Хөвсгөл аймгийн Асумын 1 дүгээр баг “А” гэр газарт 000 оны .... дугаар сарын ....-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ж.Этай маргалдаж улмаар түүнийг түлхэн унаган нүд рүү хатган биед нь баруун нүд рүү хатгаж баруун нүдний салстад цус хуралт, тархинд доргилт бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 000 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 000ШЦТ/408 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч “Боржигон” овогт Лгийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, шүүгдэгч Лгийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Л.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг 1 хоногийн хорих ялаар тооцож 30 хоногийн буюу 1 (нэг) сарын хорих ял дээр өмнөх Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 000 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 (хоёр) жил 5 (тав) сарын хорих ялын эдлээгүй үлдсэн 6 (зургаа) сар 25 (хорин тав) хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 7 (долоо) сар 25 (хорин тав) хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бт оногдуулсан 7 (долоо) сар 25 (хорин тав) хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бын цагдан хоригдсон 37 (гучин долоо) хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Эрүүгийн 000 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Э.Г эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүх шүүгдэгч Л.Бын “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй байна” гэж дүгнэсэн байх боловч улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналыг шийтгэх тогтоолд тусгаагүй, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад “шийтгэх тогтоолын гэм буруутайд тооцох” хэсэгт заасан шийтгэх тогтоолын бүрдлийг хангаагүй байна.

Мөн шийтгэх тогтоолын удиртгал болоод тодорхойлох хэсгүүдэд холбогдсон хэргийн талаар бичихдээ шүүгдэгч Л.Быг “Хөвсгөл аймгийн Асумын 1 дүгээр баг “А” гэх газарт 000 оны 10 дугаар сарын 27-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ж.Этай маргалдаж улмаар түүнийг түлхэн унаган нүд рүү нь хатган биед нь баруун нүд рүү хатгаж баруун нүдний салстад цус хуралт, тархинд доргилт бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ” гэж дурдсан байна. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтэд “Боржигон овгийн Лгийн Б нь Хөвсгөл аймгийн Асумын 1 дүгээр баг “А” гэх газарт 000 оны 10 дугаар сарын 27-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ж.Этай маргалдаж, түлхэж унагаан нүд рүү нь хатгаж биед нь баруун нүдний салстад цус хуралт, тархинд доргилт бүхий хөнгөн гэмтэл учруулан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн” талаар тусгасан байхад гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг 000 оны 10 дугаар сарын 27-ны өдөр үйлдэгдсэн гэж, гэмт үйлдлийн шинжийг “түүнийг түлхэн унаган нүд рүү нь хатган биед нь баруун нүд рүү хатгаж” гэж тус тус алдаатай тусгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг, хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаарх нөхцөл байдал”-ыг тусгахаар заасныг зөрчсөн байна.

Иймд ...шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, шүүгдэгч Л.Бт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “ ...шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгох нь зүйтэй байна. ” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

1.Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Л.Б нь Хөвсгөл аймгийн Асумын 1 дүгээр баг “А” гэр газарт 000 оны 10 дугаар сарын 27-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ж.Этай маргалдаж, түлхэн унагаан нүд рүү хатган биед нь баруун нүдний салстад цус хуралт, тархинд доргилт бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

2.Анхан шатны шүүх “шүүгдэгч Л.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Учир нь: Шүүгдэгч Л.Б дээрх гэмт хэргийг үйлсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, хохирогч Ж.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 32, 34-р хуудас), гэрч Н.О, Ш.О нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 40-41, 46, 48-50-р хуудас), Хөвсгөл аймаг Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 000 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 557 дугаартай дүгнэлт (хх-ийн 55-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

3.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба гэм буруугийн талаар маргаангүй, дээрх гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

4.Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.

5.Прокурорын гаргасан “...улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналыг шийтгэх тогтоолд тусгаагүй, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад “шийтгэх тогтоолын гэм буруутайд тооцох” хэсэгт заасан шийтгэх тогтоолын бүрдлийг хангаагүй...” гэх эсэргүүцлийн тухайд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т “...шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт...” зэргийг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хэсэгт тусгахаар хуульчилсан ба шүүх тогтоолын тодорхойлох хэсэгт “прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв” гэж дүгнэсэн, шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс маргаагүй байх тул үүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамааруулж дүгнэх боломжгүй байна.

6. Харин прокурор яллах дүгнэлтдээ гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг “...000 оны 10 дугаар сарын 27-ны өдөр...” гэж дурдсан, энэ нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байх ба шийтгэх тогтоолын удиртгал болон тодорхойлох хэсэгт “...000 оны 10 дугаар сарын 27-ны өдөр...” гэж зөрүүтэй байдлаар бичиж, техникийн шинжтэй алдаа гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан шаардлагад нийцээгүй байх тул уг алдааг залруулж шийтгэх тогтоолын дээрх хэсгүүдэд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Энэ талаар гаргасан прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байх тул эсэргүүцлийн энэ хэсгийг хүлээн авах нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокурорын эсэргүүцлийн зарим хэргийг хүлээн авч, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  000 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 000ШЦТ/408 дугаар шийтгэх тогтоолын удиртгал, тодорхойлох хэсэгт тусгасан “...000 оны 10 дугаар сарын ...-ны өдөр...” гэснийг “...000 оны 10 дугаар сарын .....-ны өдөр...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой  гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.СОСОРБАРАМ

                                               ШҮҮГЧИД                              Н.БАЯРХҮҮ

                                                                                   Л.ЭРДЭНЭБАТ