Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2018 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 322

 

   

 

 

 

 

 

 

 

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

     

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж, шүүгч А.Алтанхуяг, шүүгч Ч.Отгонбаяр нарын бүрэлдэхүүнтэй

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Буянхишиг хөтлөн

улсын яллагч Л.Соёмбо

шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт, Г.Г

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.А, түүний өмгөөлөгч Л.Дашравдан

гэрч Б.Гансүх, С.Эрдэнэбаатар, Д.Батзориг, Б.Жанцанноров, Г.Ариунболд, Ц.Эрдэнэбаатар

шинжээч Ч.Эрдэмболор

иргэдийн төлөөлөгч Э.Энх-Амгалан

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626021367 дугаартай, 4 хавтас бүхий хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1963 оны 5 дугаар сарын 12-нд Өвөрхангай аймгийн Сант суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй гэх, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1; Өвөрхангай аймгийн Сант сумын 1 дүгээр багт хаягийн бүртгэлтэй, одоо Баянгол дүүргийн .. дугаар хороо, ..................... хашаанд оршин суух,

ял шийтгэл: 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 415 дугаар шийтгэх тогтоолооор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар хэрэгсэхгүй болгосон, .............. дугаарын регистртэй, Б овогт Ггийн Г

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч Г.Г нь 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт Зүүннарангийн 13-42 тоот хаягтай эзэнгүй байшин дотор гэр бүлийн хамтын харилцаатай байсан Н.Эийг зодож гавал тархины битүү гэмтэл, гавлын баруун чамархай ясны шугаман хугарал, тархины баруун чамархай хэсгийн хатуу хальсан дээрх ба доорх цусан хураа, тархины баруун дух болон суурийн хэсгийн эдийн няцрал, дух хэсгийн зөөлөн бүрхүүлийн цус харвалт, баруун зулай, чамархайн хэсгийн хуйхан доорх цус хуралт бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл учруулан санаатай алсан гэмт хэрэг холбогджээ.

 

Шүүгдэгч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би талийгаач Этэй 1987 оны 11 дүгээр сард Өвөрхангай аймагт гэр бүл болсон. Түүнээс хойш 25 жил хамт амьдарсан. Хамт амьдрах явцад Э өөр хүн дагаж яваад 2016 оны 5 дугаар сарын 6-ны өдрийг хүртэл хугацаанд тусдаа байх болсон юм. 2016 оны 5 дугаар сарын 06-нд Техник импортод гурлын вагон буулгаад орой 22 цагийн үед тараад гэртээ харихаар Өргөө кинотеатрын орчим явж байтал миний гар утас дуугарсан. Тэгээд утсаа автал талийгаач залгаж байсан. Талийгаач надад “би маргааш амарна, оройхон очиж хононо, нэг шил архи аваад аятайхан хоол хийгээд байж бай” гэж хэлсэн. Би 23 цагийн үед хариад хоол хийж байтал Батзориг орж ирсэн. Тэгээд бид хоёр хоол хийгээд байж байтал талийгаач над руу залгаад “би буух гэж байна, тосож аваарай” гэж хэлсэн. Би доод хашааны урдаг нохойны тэндээс талийгаачийг тосож аваад гэртээ ороод Батзориг талийгаач бид гурав хамт хоол идэж, архиа уугаад, амраад маргааш 9 цагийн үед талийгаач намайг сэрээгээд “дотор муу байна, ганц юм авчих” гэхээр  нь нэг шил архи авчирч өгсөн. Би нэг шил архи авчирч уусан. Дараа нь цай хоолоо идээд Батзориг талийгаач бид гурав Гурвалжин зах руу явахаар гарсан. Тэгээд Өргөөгийн ойролцоо унаанд суух гээд явж байтал талийгаач “би утсаа орхичихжээ, чи маргааш надад ойртуулаад өгөөрэй” гэж хэлсэн. Тэгээд Саппоро дээр очоод талийгаач “би нэг жижиг юм авъя, та хоёр үүнийг уугаад ажилдаа гар” гэж хэлсэн. Тэнд очоод “Сутайн буянт” гэдэг бичигтэй улаан өнгийн цамцаа тайлаад “ажлын бус цагаар өмсөж болдоггүй юм” гээд надад өгсөн. Тэгээд явж байгаад Амгаланбаатар нэг залуутай хамт явж байгаатай нь тааралдсан. Би тэр залууг гарааш руу хамт явсан эсэхийг мэдэхгүй байна. Амгалантай нэг шил архи авсан байхаар нь хамт уухаар гарааш руу явсан. Тэгтэл Жанцанноров нэг залуутай хамт явж байхтай тааралдсан. Тэгээд 7-уулаа болоод гараашид архи уухаар явсан. Тэр гарааш нь өөрөө камертай байсан. Амгалангийн авсан архийг уусны дараа талийгаач бие засъя гээд надад тортой юм болон цүнхээ өгсөн. Тэгээд бие засаж ирээд “би энд тэнд мартчих гээд байдаг юм чи авч бай” гээд надаас тортой юм болон цүнхээ аваагүй. Би цүнхийг нь үүрээд тортой юмыг нь барьж байсан.  Тэгтэл Амгалан дахиад нэг 0.5 литрийн архи авсан ба хувааж уугаад дахиад мөнгөө нийлүүлээд 0.5 литрийн архи авсан. Тэрийг ууж байхад би бөөлжөөд миний дотор муухайраад байхаар нь талийгаачийг хоёулаа явъя гэсэн боловч яваагүй. Тэгтэл Амгалан “архичин авгай” гээд талийгаачтай хэрүүл гаргасан. Тэгтэл Жанцанноровтой хамт явсан залуу янз бүрийн юм яриад байсан. Жанцанноров дуугүй байж байгаад алаад өгнө гээд талийгаачийг цохиод унагаасан. Талийгаач нилээн сууж байгаад боссон. Би “чи яаж байгаа юм бэ” гэхэд Жанцанноров “та нарыг алаад өгнө шүү”  гээд байсан. Би талийгаачийг явъя гэж зөндөө гуйсан. Би “та нар манай хүнийг яаж байгаа юм бэ” гэхэд Жанцанноров “чамайг ч гэсэн алчихна шүү” гэж хэлсэн. Тэр архийг ууж дуусгалгүйгээр талийгаачийг явъя гэхэд талийгаач “Батзориг харих юм байгаа биз дээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “харих байлгүй дээ” гэж хэлэхэд талийгаач “чиний дотор муухайраад байвал явж бай, би араас чинь очъё” гэсэн. Би талийгаачийг хэд хэдэн удаа явъя гэж гуйсан боловч яваагүй ба би гэр рүүгээ явсан. Би гэртээ ороод унтаж байтал шөнө хаалга нүдээд байхаар нь сэрээд чагнаж байтал үүдний амбаарын хаалга нүдээд байхаар нь “хэн бэ” гэхэд “Батзориг байна” гэсэн. Тэгээд би босож хаалга онгойлгоод хаанаас ирсэн болохыг асуухад “архи ууж байсан газраа тасраад унтчихжээ” гээд 04 цагийн үед эрүүл ирсэн. Би түүнээс “манай хүн яасан бэ” гэхэд “би мэдээгүй, та нар бүгдээрээ байгаагүй, би ганцаараа тэнд тасраад үлдсэн байсан” гээд гутлаа тайлаад унтсан. Өглөө 9 цагт сэрэхэд миний гар утас цэнэггүй болсон байсан. Би Батзоригийг сэрээгээд “хоёулаа мөнгөний ажил хийе” гэж босгоод доошоо явах замдаа “би Гансүхийн гэрт утсаа цэнэглээд араас чинь очъё, чи түрүүлж очоод ажил олж бай” гэж хэлээд Гансүхийн гэрт очиход Эрдэнэцэцэг байсан. Тэдний угаалгын машины дэргэд талийгаачийн цүнх, тортой юм нь байсан. Би Эрдэнэцэцэгээс “энэ яагаад танайд байгаа юм бэ” гэж асуухад “чи өчигдөр 22 цагийн үед барьж орж ирээд нилээн үүрэглэж сууж байгаад тавьчихаад гарсан” гэж хэлсэн. Би тэдний гэрт гар утсаа цэнцэглээд цүнх болон тортой юмыг гэртээ аваачиж тавьсан. Тэгээд Гурвалжин ороход Батзориг байсан. Толгойтын хуучин эцэст контейнер бууна 5 хүн хэрэгтэй гэхээр нь Батзоригийг авч явах гэтэл авч явах хүн нь “та ганцаараа яв, манайх 5 хүн болсон” гэж хэлсэн. Тэгээд автобусанд суугаад Толгойтод очиж контейнор буулгаж дуусаад охин Болорцэцэг рүү залгаад “ээж нь утсаар ярьсан уу” гэхэд “яриагүй” гэж хэлсэн. Би “миний охин хаана байгаа юм бэ” гэхэд “сургууль дээрээ байна, одоо тараад харих гэж байна” гэж хэлсэн. Би “чамд мөнгө байгаа юм уу” гэж асуухад “байхгүй” гэхээр нь “чи ааваасаа мөнгө ав, аав нь ажлаа дуусаад Хархорин орно хоёулаа Хархорин дээр уулзая” гэж хэлсэн. Тэгээд би 19-ын автобусны буудал дээр охиноо хүлээж байгаад уулзаад охиндоо 10.000 төгрөг өгөөд “ээж чинь 5 дугаар сарын 06-ны орой манайд хоноод 2 утсаа орхисон, дэлгэцтэй утсаа гудсан доор хийгээд орхисон, жижиг утсаа цүнхэн дотроо хийсэн байсан, надад ээж нь цүнх тортой юмаа бариулаад аав нь түрүүлээд харьсан, ээж нь Саппоро дээр үлдсэн, тэрнээс хойш уулзаагүй, миний охин ээжийгээ ярьвал аав руугаа яриулаарай” гэж хэлсэн. Тэрнээс хойш би охинтойгоо байнга холбоотой байсан. Би охиноо автобусанд суулгаж өгөөд харих гэж байтал Батзориг, Эрдэнэбаатар нар над руу залгаад “бид хоёр ажилд явж чадсангүй, та ажилд явсан уу” гэхээр нь “би ажлаа дуусаад Хархорин дээр охинтойгоо уулзачхаад харих гэж байна” гэхэд “өөдөөс чинь явж байна уулзая” гээд Цамба дээр уулзсан. Тэгээд Эрдэнэбаатар Батзориг хоёртой нэг шил архи, нэг пиво авсан. Тэгж байтал Гансүхийн эхнэр Эрдэнэцэцэг над руу залгаад “Гансүх бид хоёр өнөөдөр муудалцаад би толгой руу нь аяга шидээд толгойг нь хагалчихлаа, одоо Гэмтлийн эмнэлэг дээр оёдол тавиулж байна, чи надад унааны мөнгө өгөөч би хүүхдийнхээ гэрт очъё” гэхээр нь “тэгье, тэгье” гээд уулзаад, Гэмтлийн эмнэлгийн хашаанд нэг шил архиа пивотойгоо уугаад Эрдэнэбаатар тэндээсээ явсан. Тэгээд автобусны буудлаас унаанд сууж Өргөө ороод тэндээсээ 500 төгрөгийн унаанд сууж карманы буудал дээр очиход “Эрдэнэцэцэг танай гэрт хэн байгаа юм бэ, очоод бөөн хэрүүл болох байхдаа, орой болчихлоо” гэхээр нь “Батзориг бид хоёр байгаа өөр хүн байхгүй” гэсэн. Тэгтэл “би тэгвэл танайд хоночихъё” гээд манай гэрт очиж хоносон. Би 5 дугаар сарын 08-ны өдөр ажил хийсэн.

Хамгийн сүүлд талийгаачтай хамт архи ууж байгаад би түрүүлээд явсан. Би тэндээс явахдаа талийгаачийг урьд сайн таньдаг Батзоригтой хамт үлдээсэн. Талийгаач болон Батзориг нар урьд жил хамт хөдөө ажилд явж байсан. Би талийгаачийг явъя гэхэд надаас “Батзориг харих болов уу” гэж асуухаар нь “харих байх” гэж хэлэхэд “за за Батзориг харих юм чинь чи явбал явж бай” гэсэн. Би бөөлжөөд сүүлийн архинаас уугаагүй. Тэгээд тортой юмыг зүүн гартаа бариад талийгаачийн цүнхийг нь үүрээд явсан. Талийгаач бие засахаар явахдаа “би энд тэнд мартаж явчих гээд байдаг юм чи аваад яваарай” гээд өгсөн юм. Талийгаач тухайн үед Сутайн буянт гэсэн шар бичигтэй улаан өнгийн цамц өмсөж яваад Саппорогийн буудал дээр очиход мөн тэрийгээ өмсөж яваад “ажлын бус цагаар өмсөж болохгүй” гээд надад өгсөн. Тэр цамцны дотуур Алтанбаганын эхнэрийн өгсөн цайвар өнгийн ноолууран цамц, цэнхэр өнгийн жинсэн өмд, цоо шинэ улаан өнгийн пүүзтэй байсан. Талийгаачийн цүнх болон тортой зүйл нь надад байсан.

Намайг талийгаачийн 2 ширхэг гар утсыг зарах талаар ярьсан гэж Батзориг мэдүүлсэн байсан. Гэхдээ тийм зүйл байхгүй. Би өөрөө байнга утастай байсан. 5 дугаар сарын 15-ны өдөр Батзориг надад “нэг утсыг нь надад өгчих” гэж хэлж байсан. Би түүнд “би хүний юм мэдэхгүй, өөрөөс нь асуу” гэж хэлж байсан. Би өөрөө утастай хүн байж хүний гар утсыг юу гэж зарах вэ дээ. Би Болорцэцэгээс “ээж чинь ярьж байна уу” гэж асуухад “ээж ярихгүй байгаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь “ээжийнх нь 2 утас аавд нь байгаа, ээж нь манайд нэг утсаа гудсан доор орхисон, нугастай утсаа цүнхтэйгээ надад өгсөн” гэж хэлсэн. Би охиноосоо мэдүүлгийнх нь талаар асуухад “аав аа би тийм зүйл яриагүй” гэж хэлсэн.

Би энэ хэрэгт Батзоригийг сэжиглэж байна. Тэр манай эхнэрийг өөрөө алаагүй гэхэд алсан хүнийг нь сайн мэдэж байгаа. Батзориг манайд 20 гаруй хоног байсан. Сүүлд нь 2 өдөр дараалан ирээгүй. Энэ нь 5 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд ирж хоноогүй дандаа шөнө ирсэн.

2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр цагдаад баригдахын өмнө Батзориг надад “дор байдаг эзэнгүй байшинд эмэгтэй хүн алаад хийсэн байна” гэхээр нь би огт тоогоогүй. Миний гар утас цэнэггүй байсан бөгөөд тэр өдөр ажилд гараагүй гэртээ байсан. Би утсаа цэнэглэхээр цагаан ТҮЦ ортол “эзгүй байшинд алсан эмэгтэй хүн чинь аниа шүү дээ” гэхээр нь “чи чинь алсан юм уу” гэж хэлсэн. Тэгтэл хүүхдүүд тэгж байна гэж хэлсэн. Тиймээс би Батзоригийг хардаж байна. Талийгаач надад “хоёулаа хүүхдүүдээ нааш цааш нь гүйлгээд эхнээсээ хэрэгт орсон, хоёулаа ингэж явахаар өөрийн гэсэн хашаатай болж нийлье, хүүхдүүдээ бодъё” гэж хэлсэн. 5 дугаар сарын 06-ны шөнө архи ууж байхдаа “Батзоригоо чи ажил хийж аяа бод, бид нар тэнгэр хангай сайхан болохооор өөрийн гэсэн газар хашаатай болж бүгдээрээ нийлнэ, яваарай” гэж хэлж байсан.

Улсын яллагчийн үзүүлсэн хантааз нь тухайн үед миний барьж явсан хантааз биш. Надаас нэг удаа байцаалт авахдаа хантааз гэж яриад байгааг ойлгоогүй. Сутайн буянт гэсэн шар бичигтэй цамцыг хэлж байна гэж хэлээд гарын үсэг зуруулсан. Манай өмгөөлөгч цамцыг хантааз гэж бичсэн байна гэхээр нь гарын үсгээ зурсан. Би улаан өнгийн цамц байсан гэж хэлсэн. Сүүлд Батзоригийг Гансүхийн гэрт очиж архи уусан гэж Эрдэнэцэцэг ярьж байсан. Намайг цагдан хорих 461 дүгээр ангиас гарснаас хойш Эрдэнэцэцэгтэй ярихад “би чамайг хантааз барьж явсан гэж яриагүй” гэж хэлсэн.

Энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Энэ хэргийг хуулийн дагуу үнэн зөвийг шийдвэрлүүлэхээр гомдол гаргасан. Гомдол саналын хувьд хуулийн дагуу бүх юм шийдэгдээсэй гэж хүсэж байна гэв.

 

Гэрч Цэрэнхүүгийн Эрдэнэбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

5 дугаар сарын 10-ны өдөр хийх ажлаа үзэхэд үдээс хойш болж байсан. Тэгээд цас шуураад, бороо ороод байсан болохор маргааш хийе гээд маргааш нь ажлаа хийсэн. Гэмтлийн эмнэлэг орохоос өмнө 1 дүгээр хороололд Гтой уулзсан. Өдрийг нь санахгүй байна, тэр өдөр цастай муухай өдөр байсан. Өглөө 11 цагийн үед ажилд гарахад нэг ажилд 2 хүн хэрэгтэй гээд Г ах нэг хүнтэй хамт ажилд явсан байсан. Тэгээд үдээс хойш 15, 16 цагийн үед Г ах устаар яриад Саппоро дээр хүрээд ир гэсэн. Өөрөө ажлаа дуусаад охиндоо хэдэн төгрөг өгөөд ирлээ гэсэн. Тэгээд Гэмтлийн эмнэлгийн хойшоо очиж нэг шил архи уусан. Тэгтэл урдаас нэг хүүхэн ирсэн. Тэндээ нэг шил архи уугаад салсан. Тэр хүүхний нэрийг нь Э гэж санаж байна. Тэр эмэгтэй нь нөхөртэйгээ маргалдаад толгой руу нь юм шидсэн. Яаралтай тусламж дээр байгаа гэсэн зүйл ярьсан. Тэр үед Гын нүүрэнд ямар нэгэн шарх байгаагүй. Надад  анзаарагдсан зүйл байгаагүй гэв.

 

Гэрч Сэдэдийн Эрдэнэбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би Гтой хамт вагон буулгах ажил хийж байсан. Цаг хугацааны хувьд 5 дугаар сар гарсан байсан, өдрийг нь сайн санахгүй байна. Тэр үед Ховдын Доржоо, Батзориг, Ганбаа нартай хамт ажил хийсэн. Ховдын Доржоо гэж Жамбалдоржийг хэлж байгаа юм. Бид нар тэгж дууддаг. Техник импортын хашаанд гурил буулгасан гэв.

 

Гэрч Гын Ариунболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2016 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 5 дугаар сарын 17-ны хооронд би цагдан хоригдож байсан. Анх энэ хэрэг гарах үед хамт явж архи уусан хүмүүс нь олдохгүй байна гэхээр нь би прокурор Соёмбод “хамт явж байсан хүмүүс нь 44 зах дээр байна” гэж хэлсэн. Мөн өмгөөлөгч байцаагчид хэлсэн. Батзоригийг 44 зах дээрээс барьж өгсөн. Тэгээд эдгээр хүмүүс хэргийг шийдэж өгөхгүй байна гээд Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх газар өргөдөл гаргасан. 2016 оны 8 дугаар сарын 29-нд 44-ийн зах дээр би Багануурын Мөнхдэлгэр гэх залуутай танилцсан. Би ээжийгээ нас барсныг мэдэхгүй ажилд явж байгаад сүүлд нь мэдсэн. Тэгээд Мөнхдэлгэр манай гэрт байхдаа “танай ээж чинь Батзориг, Жанцанноров, Амгаа, аавтай чинь хамт явж байгаад архи уусан юм байна лээ. Жанцанноров танай ээжийг алгадсан байна лээ. Би Батзоригтой хамт амьдардаг байсан ба шөнө 04-05 цагийн үед нэг шил архитай согтуу орж ирээд надтай уусан, тэгэхэд Г ахын эхнэр нас барчихжээ, ах нь одоо яах вэ гэж надад хэлсэн” гэж хэлсэн. Тэгээд манай гэрт надтай хамт 4-5 хоносон. Бид хоёр хааяа 44 зах гарч ажил хийдэг байсан. Тэгж байтал сүүлд прокурор Соёмбо Батзоригийг байцаасны дараа байцаагч Солонго намайг аваад ир гээд 2 залуу явуулсан. Намайг Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст аваачиж байцаалт авсан. Би байцаагчид “Мөнхдэлгэр надад ийм зүйл ярьсан, Батзориг энэ хэрэгт холбоотой юм шиг байна” гэсэн мэдүүлэг өгсөн. Хамар Энхээ гэдэг 44 захын грүшик байдаг. Мөнхдэлгэр 44 зах дээр ажил хийж байгаад Энхээтэй архи уусан юм байна лээ. Тэгтэл чи яагаад зугтаагаад яваад байгаа юм бэ гэж асуусан. Би тэр хүмүүсээс сонссон зүйлээ л ярьж байна Мөнхдэлгэр танай ээжийг Батзориг тэр хоёр алсан гэж байна гэж хэлсэн. Энэ яриаг 44 зах дээр грүшик хийдэг Ганхөлөг гэх хүн сонсож байсан. Энэ хүн одоо  44 зах дээр ажил хийж байгаа гэв.

Гэрч Будъяагийн Гансүх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Г бид хоёр хамт вагоноос ачаа буулгаж байсан, бас токгүй үедээ тэр манай гэрт утсаа цэнэглэдэг байсан. Г 2016 оны 5 дугаар сарын 6, 7, 8-ны аль нэг өдөр нь манайд ирэхдээ согтуу байсан бөгөөд ирэхдээ тортой юм оруулж тавиад авгайгаа авчирна гэж гараад орж ирээгүй. Их согтуу байсан. Улсын яллагчийн үзүүлж байгаа “Bus” гэсэн бичигтэй, цэнхэр өнгийн энэ хантааз мэт зүйл торны аман дээр байсан. Гэхдээ би торыг уудалж үзээгүй, яг энэ хантаазыг Г авч явсан гэдгийг тодорхой хэлж мэдэхгүй байна. Торны аман дээр цухуйгаад харагдаж байсан. Маргааш өглөө нь би айл нүүлгэж яваад ирэхэд Г манай гэрт очсон байсан. Тэгээд тортой хувцсаа бариад манай хүн ажилдаа явчихжээ гэж байсан. Тэр үед Гын баруун хацар дээр нь шалбарсан байсан. Эхнэрийнх нь талаар асуухад манай хүн ажилдаа явсан, би амарч байна гэж хэлсэн гэв.

Гэрч Батаагийн Жанцанноров шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2016 оны 5 дугаар сарын 6, 7, 8-ны өдрийн үед яг хэдний өдөр байсныг нь санахгүй байна, Бат-Эрдэнэ бид хоёр Саппорогийн ард пиво ууж байхад Батзориг, Г, мөн талийгаач, Амгаа нар нэг шил архитай ирсэн ба түүнийг нь уугаад далангийн хойд талын дэлгүүрээс нэг шил архи авч дахин уусан. Тухайн үед Г ах тортой хувцас барьсан байсан. Э дээгүүрээ “Bus” гэсэн бичигтэй, цэнхэр өнгийн хантаазтай байсан. Доогуураа юу өмссөн байсан талаар санахгүй байна. Бид нар архиа ууж дуусгаад далангаас наашаа явж байхад Э бид нарыг хэл амаар доромжлоод шороо цацаад байхаар нь би түүнийг алгадсан. Гэхдээ хурууны үзүүр шүргээд өнгөрсөн, тэрээр газар унаагүй. Далангийн араас Г ах Этэй хамт харьлаа гээд явсан. Батзориг, Амгаа бид гурав үлдээд урагшаа яваад Бат-Эрдэнэ Саппорогоос харьлаа гээд явсан. Батзориг бид хоёр Гурвалжин руу явсан. Бид нар 15 цагийн үед салсан. Г, Э нар их согтолттой байсан. Би 2016 онд өгсөн мэдүүлэгтээ “надтай хамт архи ууж байсан хүнийг Отгонбат гэдэг юм, энэ хүн Өвөрхангай аймгийн Өлзийт суманд мал маллан амьдардаг юм, энэ өдөр ирж машинаа засуулаад буцаад явсан” гэж мэдүүлсэн. 2017 онд өгсөн мэдүүлэгтээ “надтай хамт архи ууж байсан хүнийг Эрдэнэбат гэдэг юм” гэж мэдүүлсэн. Яагаад нэрийг нь сольж хэлсэн бэ гэхээр урьд пиво ууж байхдаа зүс таньдаг нэрийг нь мэддэггүй байсан учраас тэгж хэлсэн. Тэгээд байцаалтын явцад нэрийг нь мэдсэн гэв.

 

Гэрч Дарамбазарын Батзориг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би энэ хэрэг гарахаас 2 хоногийн өмнө Хэнтий аймгаас ирээд Гурвалжин зах дээр архи ууж байхад Г ах “манайд очъё” гэхээр нь түүний дагаж гэрт нь очсон. 2016 оны 5 дугаар сарын 6, 7-ны өдрүүдэд би Гтой хамт Гурвалжин дээр ажил хийсэн. Тухайн өдөр хэрэг болохоос өмнө Г ах, талийгаач болон бид гурав гэрээс нь хамт гарч Саппоро дээр очсон. Гэрт нь байхдаа талийгаач, Г ах, бид нар 1 шил архи уусан. Саппаро дээр ирээд Гурвалжин руу ажил руугаа явах гэтэл Г ах “аниа нь өнөөдөр амарна гэж байна, нэг шил архи уучихъя” гэхээр нь Саппарогоос хойшоо явж байгаад Амгаатай тааралдаад дөрвүүлээ болоод 1 шил архи хувааж уусан. Тэгээд дахин нэг шил архи аваад Жанцанноров, Бат-Эрдэнэ нар дээр очоод хувааж уусан. Биднийг очиход Жанцанноров, Бат-Эрдэнэ нар нэг пиво уугаад дуусаж байсан. Тэгээд Г ах Амгаагаас нэг шил архины мөнгө аваад Гэмтлийн баруун талын цагаан дэлгүүрээс Жанцанноров 0.75 литрийн Стандарт нэртэй архи, ундаатай авчирсан ба тойрч сууж байгаад архиа уугаад зам дээр очоод салсан. Тэр өдөр талийгаачийг Жанцанноров нь цагаан дэлгүүрийн баруун талаар тойроод Гансүх ахад сугадуулаад гарч ирэхэд нэг удаа алгадсан. Эрдэнэбат, Бат-Эрдэнэ нарын хувьд талийгаачид гар хүрээгүй. Би тухайн үед Бат-Эрдэнийг таньдаггүй байсан. Анх Жанцанноровтой ууж байхад нь тааралдсан. Дараа нь Саппоро дээр тааралдаад байцаагч Солонгод барьж өгсөн юм. Тэгээд Г ах эхнэртэйгээ яваад Жанцанноров Бат-Эрдэнэ бид нар Гурвалжин дээр очсон. Амгаа тэр үед түрүүлээд явсан. Бид нараас салахдаа талийгаач болон Г нар нилээн согтуу байсан бөгөөд Г ах түүнийг сугадаад явсан. Эийг ямар хувцас өмсөж байсныг санахгүй байна. Талийгаач болон Г нар нэг тортой юм, нэг цүнх бариад явж байсан. Түүнийг Г ах барьж явсан. Тэгээд би тэр өдөр Гурвалжин дээр өнжсөн, Гын гэрт очоогүй. Маргааш өглөө нь 9 цаг өнгөрч байхад Г ахын гэрт очсон. Намайг очиход Г ах унтаж байсан. Би түүнийг босоорой ажилд явъя гэхэд ах нь босож чадахгүй байна, миний дүү яваад ир гэхээр нь би явсан. Би Г ахын гэрт цагдаад баригдах хүртлээ өдөр бүр очсон. Намайг хамт байх үед Г ах эхнэрийнхээ талаар ямар нэг зүйл яриагүй. Харин талийгаачийн 2 ширхэг гар утас байсны цагаан өнгөтэйг нь “чи сим карт аваад барьвал барь” гэж хэлсэн. Би “би ямар утас барьж мэдэх юм биш” гээд тогооны шүүгээн дээр үлдээгээд явсан. Харин энэ “Bus” гэсэн бичигтэй цэнхэр өнгийн хантаазыг талийгаач бид нартай хамт архи уухдаа өмсөж яваагүй. Нэг орой Г ах Гансүхийн эхнэртэй архи ууж байгаад энгэрээсээ гаргаж ирсэн. Тэгээд Гансүхийн гэрт үлдээсэн байна гээд талийгаачийн цүнх, хантааз болон цамцыг авчирсан байсан.

Г ах архи уухаараа бага зэрэг танхайдуу, надтай ямар нэгэн юм ярьж байгаагүй. Би Г ахын гэрт архи уудаг өдөр буюу Жанцанноровтой хамт архи уудаг өдөр хоноогүй ба бусад өдөр нь хоносон. Надад талийгаачийн үхлийн талаар мэдэх зүйл байхгүй. Мөнхдэлгэр бид хоёр талийгаачийн үхлийн талаар ярилцаагүй. 5 дугаар сарын 8-нд Г ах бид хоёр хоноод 5 дугаар сарын 9-нд бид хоёр 3 хүнтэй хамт ажилд явсан. 5 дугаар сарын 10-нд Ховдын Доржоотой хамт 2-3 хоног вокзалд ажил хийсэн. 5 дугаар сарын 11-нд би Зайсанд ажил хийж байгаад орой нь ирсэн. Г ах Доржоотой хамт вокзалд ажил хийсэн. 5 дугаар сарын 12-нд би Гурвалжин гараад Г ах Доржоо нар вокзалын ажлаа хийсэн. 5 дугаар сарын 13-нд Техник импортод гурилын вагон буулгасан. 5 дугаар сарын 14-нд ажил хийгээгүй байх. 5 дугаар сарын 15-нд юу хийснээ сайн мэдэхгүй байна гэв.

Шинжээч Ч.Эрдэмболор шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2017 оны 1 дүгээр сарын 20-30-ны хооронд талийгаач Н.Эийн үхлийн шалтгаан болон бусад зүйлийг тогтоох шүүх эмнэлгийн магадлан шинжилгээг хийсэн. Хавтаст хэргээс 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 18 цаг 22 минутад цогцост үзлэг хийсэн тэмдэглэл болон Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 942 дугаартай шинжээчийн дүгнэлттэй танилцаж дүгнэлт гаргасан. Тэгэхэд 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 18 цаг 22 минутад талийгаачийг хүлээн авч цогцост үзлэг хийхэд нас бараад 20-22 цаг болсон байсан гэж тэмдэглэгдсэн байсан. Энэ хугацаанаас хөөж үзэхэд талийгаач 2016 оны 5 дугаар сарын 14-ний оройн 20-22 цагийн хооронд амь нас нь эрсэдсэн. Эд эсийн шинжилгээгээр талийгаачид учирсан тархины гэмтэл нь нас барахаас өмнө 24-48 цагт учирсан гэж гарсан. Үүнээс үзвэл 2016 оны 5 дугаар сарын 12-наас 13-нд тархины гэмтэл авч, 2016 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 20-22 цагийн үед нас барсан гэж дүгнэсэн.

Тархинд учирсан гэмтэл буюу цусан бүлэнгээс эд эсийн шинжилгээ авч тусгай будгийн аргаар будаж шинжилгээ хийхэд тэр гэмтэл учраад 24-48 цагаас дээш хугацаа өнгөрөөгүй гэж гарсан учраас 5 дугаар сарын 7-ноос 8-ны өдрүүдэд уг гэмтлийг авсан байх боломжгүй. Шүүх эмнэлгийн 214 дугаартай дүгнэлтэд талийгаачийн овгийн үсгийг буруу бичсэн. Бусдаар андуурагдсан зүйл байхгүй. Талийгаачийн гэмтэл авсан болон нас барсан цаг хугацааг шинжлэх ухааны аргачлалаар бодож гаргасан. Өөрөөр хэлбэл нас барсан хугацааг нас барсны дараа гардаг өөрчлөлтүүдийг судлаад барагцаагаар тогтоосон.

Яллах дүгнэлтэд хэргийн товч утга гэсэн хэсэгт 5 дугаар сарын 15-ны өдөр гэж бичсэн. Бид гэмтэл авсан цаг хугацааг 5 дугаар сарын 12-13, нас барсан хугацааг 5 дугаар сарын 14-ний өдөр гэж тодорхой дүгнэсэн. Шинжээчийн хувьд тогтоолд дурдсаныг өөрчлөх эрхгүй. Тийм учраас тогтоолд бичигдсэнийг нь хуулж бичсэн.

Этилийн спирт хэрэглэсний дараа амьд хүний биеэс 24 цагийн дотор амьсгал, шээс, бөөрөөр ялгарч эрүүлждэг. Хүний цуснаас этилийн спирт арилах хугацаа нь хүн бүрт харилцан адилгүй байдаг. Тийм учраас хэдэн цагийн дараа цуснаас этилийн спирт бүрэн ялгарч дуусна гэж хэлэх боломжгүй. Хэргийн газарт Туяа эмч очиж үзлэг хийгээд тэмдэглэлдээ нас бараад 20-22 цаг болсон гэж тодорхой байсан. Бид хэргийн материалд дүгнэлт хийсэн учраас Туяа эмчийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэлийг талийгаачаас задлан шинжилгээ хийгээд авсан эд эсийн материалыг үндэслэж дээр дурдсан хугацааг гаргасан. Хүн нас бараад 3 хоноход цогцост гарсан хүүрийн толбо нь дарахад арилахгүй, эсхүл хөшилт тавигддаг учраас 72 цагаас их хугацаа өнгөрсөн тохиолдолд нас барсан хугацааг нарийн тогтооход бэрхшээлтэй болдог. Харин нас барснаас хойш 72 цагийн дотор хугацааг тогтоож болдог. Хүн этилийн спирт хэрэглэсэн үедээ нас барсан тохиолдолд цусанд ямар спирт байгаа нь илэрнэ. Олон хоног өнгөрсөн байсан ч илэрнэ. Нас бараад 72 цагаас дээш хугацаа өнгөрсөн байвал тухайн хүний нас барсан хугацааг тогтоох боломжгүй. Гэхдээ эмч Туяа 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 18 цаг 22 минутад цогцост үзлэг хийхдээ талийгаач нас бараад 20-22 цаг өнгөрсөн байна гэж тэмдэглэл үйлдэж гарын үсэг зурсан учраас уг үзлэгт үндэслэж талийгаачийн нас барсан хугацааг дүгнэсэн. Талийгаач нь 2016 оны 5 дугаар сарын 14-ний 20-22 цагт нас барсан. Тархины гэмтлийг үүнээс өмнө буюу 2016 оны 5 дугаар сарын 12-13-ны үед авсан байх боломжтой гэв.

 

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Гыг “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэж, түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 201626021367 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

“Хүнийг алах” гэмт хэрэг үйлдэгдсэн дээрх үйл баримтыг хэргийн бодит байдалтай шүүх харьцуулан дүгнэвэл:

 

Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, Зүүннарангийн 13-42 тоот хаягтай эзэнгүй байшин дотроос 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 18 цагийн үед хүний цогцос олдсон байна.

 

Уг цогцос талийгаач Н.Э гэгчийнх мөн болох нь тогтоогдсон ба тэрээр гавал тархины битүү гэмтэл, гавлын баруун чамархай ясны шугаман хугарал, тархины баруун чамархай хэсгийн хатуу хальсан дээрх ба доорх цусан хураа, тархины баруун дух болон суурийн хэсгийн эдийн няцрал, дух хэсгийн зөөлөн бүрхүүлийн цус харвалт, баруун зулай, чамархайн хэсгийн хуйхан доорх цус хуралт бүхий амь насанд аюултай хүнд гэмтлийн улмаас нас барсан байжээ.

 

Гэмт хэрэг гарсан тухайн үеийн нөхцөл байдал хийгээд гэмт хэргийг хэн үйлдсэн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад

насанд хүрээгүй гэрч Г.Болорцэцэг “... талийгаач хамгийн сүүлд 2016 оны 5 дугаар сарын 06-нд буюу 5 дахь өдөр надтай хамт гэртээ байж байгаад 17 цагаас ажилтай гээд 15 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад явсан. Ээж надад ажилтай л гэж хэлснээс биш аавтай уулзана энэ тэр гэж огт яриагүй. Түүнээс хойш ээж маань надтай огт холбоо бариагүй юм. Би тэр өдөр гэртээ байж байгаад орой нь Төв номын сангийн тэнд 120-д байдаг найз Туяагийнд очиж хоноод маргааш нь буюу 2016 оны 5 дугаар сарын 07-ны өдөр гэртээ ирэхэд ээж гэртээ ирээгүй байсан. Тэр өдөр хагас сайн өдөр байсан болохоор би ээжийг найз нартайгаа салхинд гарсан юм болов уу гэж бодоод огт тоогоогүй. Үдээс хойш нь би ээжийн 88329755, 90320809 дугаар руу залгахад ээжийн хоёр утас хоёулаа холбогдохгүй байсан ба орой нь ээж бас л гэртээ ирээгүй тул би гэртээ ганцаараа хоносон. Маргааш нь бүтэн сайн өдөр 2016 оны 5 дугаар сарын 08-ны өдөр би Чулуун овоонд байдаг том ах Алтанбаганы гэрт очиж хоносон. А ахад би ээжийг хоёр хоног гэртээ ирж хоноогүй талаар хэлээд цагдаад мэдэгдэх үү гэхэд ах ээжийг цагдаад мэдэгдэхээр ээжийн зургийг олон нийтэд тавиад ах, дүү, төрөл төрөгсөд нь юу гэж бодох юм, жаахан хүлээе гээд больсон. Энэ хугацаанд ах бид хоёр ээжийн хоёр гар утас руу залгасан боловч бас л холбогдохгүй байсан. Гэтэл манай аав Г 2016 оны 5 дугаар сарын 09-нөөс 10-ны орчим над руу яриад уулзая гэхээр нь би хичээлээ тарчихаад аавтай Хархорин захын автобусны буудал дээр 16-17 цагийн үед уулзсан. Тэгэхэд аав надад ээжийн талаар 2-3 янзаар яриад байсан. Аав “ээжтэй чинь 2016 оны 5 дугаар сарын 06-ны орой уулзаагүй” гэж ярьсан мөртлөө нэг болохоор “ээжтэй чинь уулзсан. Ээж чинь хоноод явсан” гэсэн. Тэгснээ өмнө нь хоёр янз хэлснээсээ арай өөрөөр яриад “ээжтэй чинь Саппарогийн автобусны буудал дээр таарсан, ээж чинь автобусаа угаагаад буугаад явж байна. Орой очъё гэж хэлээд надад цүнхээ, гар утастайгаа өгсөн” гэсэн. Аав эхлээд “ээж чинь скайтелийнхаа утсыг цүнх, цамцтайгаа өгсөн” гэж ярьсанаа дараа нь “ээж чинь цүнхээ хоёр утастайгаа өгсөн” гэх зэргээр зөрүүтэй яриад байсан. Тэгэхээр нь би дотороо “ээж хэрэв аавынд хоноод явсан бол цүнх, гар утсаа яагаад үлдээсэн юм болоо” гэж бодсон. Учир нь ээж гар цүнх болон утсаа биеэсээ огт салгадаггүй юм. Аав надтай тэгж уулзахдаа 10 000 төгрөг өгчихөөд гэр рүүгээ явлаа гээд салсан. Тэр өдөр юм буулгасан гэлүү, ачсан гэлүү. Тэгээд мөнгө авсан гэж аав ярьсан. Тухайн үед аав архи уугаагүй, эрүүл байсан ба би “аавд ээжийг гэртээ ирж хоноогүй” гэж хэлэхэд “аав ямар сонин юм, ээж чинь явсан” гэж хэлсэн. Түүнээс хойш аав над руу байн байн залгаад “ээж чинь очсон уу” гэж асуугаад байсан. Аав цагдаад баригддаг өдрөө байнга шахуу над руу залгаад ээжийг асуугаад мөн миний утсаар А ахтай яриад байхаар нь би маргааш цагдаад мэдэгдье гэж аавд хэлсэн. Хархорин зах дээр аавтайгаа уулзахад аавын нүүр өрөөсөн шанаа орчимдоо байх, бага зэрэг шалбарсан байхаар нь би аавыг ээжтэй муудалцаж дээ гэж бодсон” /1 дүгээр хх-н 111-112/ гэж,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.А “... миний төрсөн дүү Ариунболд л шүүх хурал дээр хаа хамаагүй иймэрхүү зүйл ярих гээд байхаар нь би огт ойшоогоогүй, энэ яриаг эсрэг талын буюу аав Гын өмгөөлөгч л гаргаад байсан. Ариунболдын өөрийнх нь яриагаар бол хамт архи уусан хүмүүсээсээ ам алдуулах гээд янз бүрээр оролдсон бололтой байна лээ. Мөн аав Гын өмгөөлөгч нөлөөлөөд байхыг үгүйсгэхгүй. Учир нь манай аав Гын өмгөөлөгч над руу утсаар яриад чи аавынхаа талаар гомдолгүй гээд өргөдөл бичээд өгчих гэж хэлэхээр нь би тэр өмгөөлөгчид тийм асуудал байхгүй, энэ хэргийг хууль шүүхээр нь шийдүүлнэ гэдгээ хэлсэн. ...талийгаач гэртээ ирэхгүй сураггүй болсоны дараахан миний доод талын дүү Ганзориг над руу хөдөөнөөс ирчихлээ гээд ярьж байсан ба ээжийн эзгүйд Ганзориг ээжийн гэрт хэд хоног байсан болохоор Хилчиний 92-18 тоотоос хураасан гэх хоёр шил архины шил, хогийн саванд байсан гэх цус мэд зүйл болсон цэнхэр өнгийн даавуу зэрэг нь талийгаачтай хамааралгүй. ...Урьд өгсөн мэдүүлэгтээ нэхэмжилсэн 3 282 000 төгрөгөөс гадна “Бадмаараг” ХХК-ийн ресторанд буяны цайллага хийхэд урьдчилгаанд төлсөн 523 450 төгрөгийг нэхэмжилнэ. Баримтыг нь шүүхийн шатанд гарган өгч хэрэгт хавсаргуулсан байгаа. Мөн буяны ажилд зарцуулсан 800 000 төгрөгийг /гар цайлгах/ тус тус нэхэмжилнэ. Энэ хэргийг хуулийн дагуу шийдэж өгөхийг хүсэж байна. Гомдолтой байна” /3 дугаар хх-н 108-109/ гэж,

гэрч Б.Г “... цагдаагийн байгууллага дээр би урьд өмнө мэдүүлэг өгөхдөө Гын авч явсан гээд байгаа тэр хантаазны зургийг харсан. Тэр хантаазыг Г гар дээрээ тохчихсон, мөн эхнэрийнхээ хар цүнх болон тортой зүйлийн хамт 2016 оны 5 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө манай гэрт авч орж ирээд удалгүй цүнх, тортой юмаа үлдээгээд, харин хантаазыг нь барьсан чигээрээ эхнэрээ аваад ирье гэж хэлээд манайхаас гарч явсан боловч буцаж ирээгүй талаар би тодорхой мэдүүлсэн байгаа. Тэр хантааз бол цэнхэрдүү өнгөтэй, энгэртээ логотой, хажуудаа бас нэг бичигтэй байсан юм. ...надад одоо зургийг нь харуулж байгаа энэ хантааз нь тухайн үед Г манай гэрт шөнө орж ирэхдээ гар дээрээ тохчихсон явсан гээд байгаа цэнхэрдүү өнгөтэй хантааз мөн байна. Угаасаа энэ хантааз андашгүй юм. ...Г тэр өдөр ажилд яваагүй, урьд шөнө нь манай гэрт орж ирэхдээ үлдээгээд явсан эхнэрийнхээ хар өнгийн цүнх, тортой зүйлийг манайхаас ирж аваад манай гэрт нэг шил архи уучихаад гэр рүүгээ явсан” /3 дугаар хх-н 110/ гэж,

гэрч Д.Э “... хамгийн сүүлд 2016 оны 5 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Г 01 цагийн үед ганцаараа нилээн согтуу байдалтай манай гэрт орж ирсэн. Ирэхдээ гартаа эмэгтэй хүний хар цүнх, улбар шар өнгийн даавуун тортой хувцас, цэнхэр сааралдуу өнгийн энгэртээ логотой желетик /ажлын хувцас/ зэргийг барьчихсан явж байсан ба манайд дөнгөж орж ирчихлээ, би эхнэртэйгээ явж байгаа, эхнэрээ аваад ирье гэж хэлээд эхнэрийнхээ хар цүнх, тортой хувцас зэргийг манай гэрт үлдээгээд эхнэрийнхээ ажлын хувцас болон желетикийг нь аваад манайхаас гарч явсан. Би Г гуайгаас та урд шөнө эхнэрээ дагуулаад ирье гээд гарч явчихаад яагаад тэр чигтээ алга болчихвоо гэж асуухад Г гуай эхнэртэйгээ харьчихсан юм гэж хэлсэн. Тэгэхээр нь эхнэр чинь одоо хаана байгаа юм гэхэд эхнэр ажилдаа явсан гэж хариулсан. Мөн та эхнэрийнхээ хувцас хунарыг аваачиж өгдөггүй юм уу гэж асуухад Г гуай манай гэрт утсаа цэнэглэж цаг гаруй сууж байгаад явахдаа эхнэрийнхээ хар цүнх болон хувцас зэргийг аваад гарсан. Г ер нь хувцсаа сольдоггүй, дандаа хар өнгийн, хагас богино урттай гандмал хуучин куртик /малгайгүй шиг санагдаж байна/ өмсөөд явдаг, нилээн заваандуу хүн юм. Харин маргааш өглөө нь 10 цаг хагасын орчим Г манайд ирэхдээ хувцсаа сольчихсон, оранж өнгийн ноосон гэмээр цамц, сааралдуу өнгийн өмдтэй, хар өнгийн ботинк өмсчихсөн байхаар нь би Гоос “чи яагаад хувцсаа сольчихоов, ажилдаа яваагүй юм уу” гэж асуухад Г “би өнөөдөр амарч байгаа, гэртээ жаахан угаалга хийгээд” гэж надад хэлсэн. Мөн Гын өрөөсөн талын хацар шалбарсан байхаар нь хацраа яачихаав гэхэд шөнө харьж яваад унасан гэсэн. Би Гоос “чи урьд шөнө эхнэрийнхээ цүнх, тортой зүйлийг манайд үлдээгээд эхнэрээ дагуулаад ирье” гэж явчихаад яагаад алга болчихвоо гэхэд Г надад эхнэр ажилдаа явсан гэж хэлсэн боловч эхнэрийнхээ цүнх, тортой зүйлийг манайд үлдээснээ санахгүй байна гэсэн. Г манайд орж ирэхдээ гайгүй л байдаг. Харин тэр шөнө нилээн согтуу юу ярьсанаа болон яаж харьсанаа мэдэхгүй байна гэж байсан. Г худлаа ярьж байна. Тэр шөнө Г энэ цамцыг биш харин яах аргагүй эхнэрийнхээ гэх цэнхэр сааралдуу өнгөтэй, энгэртээ лого бүхий хануйгүй хантаазыг /желетик гэж хэлж болно/ барьсан явсан юм” /1 дүгээр хх-н 98-99/ гэж,

гэрч Х.Э “... би өдрийг нь 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр гэж ташаа хэлсэн байна. Учир нь би 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хөдөө явсан. Хөдөө явдаг өдрөө би явахынхаа өмнөх өдөр би Этэй тааралдаагүй. Харин хөдөө явахын өмнөх долоо хоногийн хоёр дахь өдөр буюу 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдөр намайг цонхоор харж байхад Э, Одгэрэл нар гаднаас манай хашааны үүдээр тортой зүйл барьчихсан орж ирж байсан. Одгэрэл гаднаас ирэхээрээ Этэй л хамт гэрт нь орж гарна уу гэхээс биш ганцаараа бараг ирдэггүй. Тэр хоёр гаднаас ирэхээрээ заавал архитай ирээд хоёулаа нийлээд уучихдаг зантай хүмүүс. Э хамгийн сүүлд хэзээ гэрээсээ гарсан, хаашаа явсан талаар би мэдэхгүй. Ямар ч гэсэн 2016 оны 5 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө цагдаагийнхан ирээд Эийн гэрт үзлэг хийгээд гэрээс нь 2 ширхэг архины шил хурааж байсан. Тэр архины шилнүүд нь Эийг сураггүй алга болсон хойгуур хүү Ганзориг нь гэртээ хүүхэн дагуулж ирээд архидсан архиных нь шилнүүд гэсэн. Түүнээс биш талийгаач Э 5 дугаар сарын 06-ны орчим гэрээсээ гарч явсанаас хойш гэртээ огт ирээгүй гэсэн. Тэр хойгуур Ганзориг хэд хоног гэрээ эзгүйчлээд таньж мэдэхгүй хүүхэн авчирч архидаад байсан юм байна лээ. Талийгаачийн том хүү А нь 2016 оны 6 дугаар сарын сүүлээр ирээд талийгаачийн гэрийг буулгаад аваад явсан” /3 дугаар хх-н 112-113/ гэж,

гэрч Б.Ж “... би 2016 оны 5 дугаар сарын 7-ны өглөө 10 цагийн орчим ажил олж хийх санаатай Гурвалжин зах руу гарсан. Тэнд ажил хайж байгаад 12 цагийн орчим хууз гэх хочтой грушик хийдэг байсан залуутай /гэрч М.Бат-Эрдэнийг тэгж дууддаг/ тааралдаад түүнтэй хамт пиво ууя гээд 12 цагийн орчим ойролцоох дэлгүүрээс 2.5 литрийн савтай пиво аваад Саппарогийн арын “Миний зах” дэлгүүрийн хашаа руу орж гаржуудын урд талд суугаад хоёулаа пиво ууж байтал грушик Батзориг, Амгаа, Г ах, Г ахын эхнэр нар дөрвүүлээ нэг шил архитай ирсэн. Тэгээд хууз хочит Бат-Эрдэнэ бид хоёр ууж байсан пивоноосоо тэд нарт тойруулж хийж өгөөд хоорондоо яриад сууж байтал хууз хочит Бат-Эрдэнэ тоглоом шоглоомоор Г ахыг хөгшин кобра гээд хэлчихсэн чинь Г ахын эхнэр нь уурлаад хөгшин хүний насыг хүндэлсэнгүй, та нар шиг зөндөө байна гээд ууж байсан нэг удаагийн аягатай пивоо хууз хочит Бат-Эрдэнэ рүү цацахад Г ах эхнэрээ тайвшруулсан. Дараа нь бид нар Г ахын барьж ирсэн нэг шил архийг хувааж уугаад Амгаагаар дахиж ганц шил архи аахулах гэтэл Амгаа мөнгө өгөхгүй байхаар нь би Амгаад үг хаясан чинь Амгаа уурлаад яваад өгсөн. Амгаа явахад Г ах түүнээс мөнгийг нь авчихсан байсан. Тэгээд бид нар Саппарогийн хойш алхаад тэр мөнгөөр нь цагаан дэлгүүрээс ганц шил архи аваад цагаан дэлгүүрийн баруун талаар тойрч хойшоо эргээд далангийн хажууд газарт сууж байгаад архиа хувааж уусан. Тэр архийг ууж бйахад Гын эхнэр нилээн согтчихсон бид нар руу түй түй гэж нулимаад та нар шиг шээс зөндөө байгаа гээд загнаад байсан. Бид нар архиа дуусгаад явахаар босоод цувраад цагаан дэлгүүрийн тийшээ уруудаад явах үед би Г ахад явлаа шүү гэж хэлэхэд эхнэр нь биднийг зайл гээд араас шороо цацаад байсан тул би дургүй хүрээд Гын эхнэрийн баруун хацарт нь нэг удаа алгадсан. Би тухайн үед халамцуу байсан болохоор Г ахын эхнэрийг нэг их хүчтэи биш алгадсан. Тэгээд Г ах эхнэртэйгээ харилаа гэж хэлээд үлдсэн. Би хууз хочит Бат-Эрдэнэ, Батзориг нартай хамт явган алхаад 15 цагийн орчим Гургалжин зах руу очсон. Хууз хочит Бат-Эрдэнэ тэндээс ажилтай гээд яваад өгсөн. Би Батзоригтой Гурвалжин зах дээр тус тусдаа ажил хайж, хэсэг байж байгаад ажил олдохгүй болохоор нь 18 цаг өнгөрч байхад би гэррүүгээ явсан. Батзориг түүнээс хойш хаачсаныг мэдэхгүй ... Г ахын эхнэр ханцуйгүй цэнхэрдүү өнгийн, энгэр дээрээ “BUS” гэсэн бичигтэй хантааз өмссөн, бас нэг тортой юм байсаныг санаж байна. Тортой юм аа өөрөө барих тэнхэлгүй болчихсон шахуу Г ах л бариад яваад байсан ... Би өмнөх мэдүүлэгтээ “Амгаа түрүүлж явсаныг манай найз Отгонбат яваад өгсөн. Амгаа бид нартаа үлдээд архи уусан гэж ташаа зөрүүлээд хэлсэн байна. Тэр өдөр Амгаа мөнгө өгөхгүй гэснээс болж надтай маргаад түрүүлээд явчихсан болохоор хууз хочит Бат-Эрдэнэ үлдээд бидэнтэй хамт архи уусан нь үнэн. Мөн Г ахын эхнэр нь хууз хочит Бат-Эрдэнийн ууж байсан лаазтай пивийг биш харин өөрийнхөө ууж байсан нэг удаагийн аягатай пивийг хууз хочит Бат-Эрдэнийн нүүр рүү цацсан. ... Би маргааш өдөр Гурвалжин зах руу гарахад Батзориг тэнд байсан. Г ах харагдаагүй. Би Гын ахын хажууд эхнэрийг нь нэг алгадсанаас өөрөөр цохиж зодоогүй. Үүнийг Г ах ч өөрөө мэднэ. Г ахын эхнэрийг би нэг алгадахад эхнэр нь газарт унаж ойчсон гэх зүйлгүй. Тэр үед Г ах эхнэрээ түшчихсэн явж байсан юм. Намайг алгадсаны дараа эхнэр нь хэвийн зүгээр байсан. Ам хамраас нь цус гарсан гэх зүйлгүй. Бат-Эрдэнэ бид хоёрыг “Миний зах” дэлгүүрийн хашаанд пиво уугаад сууж байхад Г ах Г ахын эхнэр Батзориг, Амгаа нар дөрвүүлээ ирсэн. Амгаагын найз гэх өөр хэн нэгэн хүн байгаагүй. Долуулаа байсан гэдэг худлаа. Бид нар хамт архи уухдаа зургуулаа байсан. Би тухайн үед хууз хочит грушик залуу Бат-Эрдэнийн албан ёсны нэрийг тодорхой мэддэгүй байсан тул анх мэдүүлэг өгөхдөө түүний нэрийг Отгонбат гэж ташаа хэлчихсэн болохоор Г гуай Бат-Эрдэнийн нэрийг Отгонбат гэж хэлээд байгаа байх. Батзориг бол Бат-Эрдэнийг хууз хочтой гэдгээр нь зүс танина Г ах согтуу байсан тул цагаан дэлгүүрийн тийшээ явсанаа санахгүй байгаа юм байлгүй. Амгаагаас бусад нь цагаан дэлгүүрийн тийшээ хамт алхаад тэнд архи уусан. Батзоригийн яриад байгаа үнэн байна” /3 дугаар хх-н 115-116, 237-238/ гэж,

гэрч Д. “... Г ах талийгаач Э бид гурав автобуснаас буугаад Саппорогийн ард Амгаатай тааралдаад Амгаагийн авч явсан нэг шил архийг “Миний зах” дэлгүүрийн хашаа руу орохын өмнө хувааж уучихаад Амгаа, Г ах хоёр мөнгө нийлүүлж дахиж нэг шил архи аваад дөрвүүлээ миний зах дэлгүүрийн хашаа руу ороход тэнд грушик Жанцанноров хууз хочит Бат-Эрдэнэ гэх залуутай хамт пиво уучихсан сууж байхаар нь тэр хоёртой нийлээд зургуулаа болоод Жанцанноров, Бат-Эрдэнэ нарын ууж байсан пивоноос нэг нэг тойруулаад, мөн Г ах Амгаа хоёрын авсан байсан нэг шил архийг хувааж уугаад Амгаа ганцаараа яваад өгсөн. Амгаагаас бусад нь гэмтлийн баруун талын буюу Саппорогийн арын дэнж дээр байрлах цагаан дэлгүүрээс нэг шил 0.75 граммын Стандарт нэртэй архи авч, тэр архийг цагаан дэгүүрийн баруун хойд талд тавуулаа хувааж уусан. Өөр газар архи уугаагүй. Жанцанноровыг бид нар Жанцаа гэж дууддаг, Сэгсээк Амгаагын албан ёсны нэрийг мэдэхгүй Жанцанноровын найз гээд байгаа залуугын нэрийг тэр үед нь мэдээгүй байж байгаад би сүүлд цагдаа дээрээс мэдсэн. Би анх мэдүүлэг өгсөнөөс хойш одоо жил гаруй хугацаа өнгөрсөн болохоор зарим зүйлээ мартаад ташаа яриад байгаа байх. Түүнээс биш худлаа хэлэх шаардпага байхгүй. 2016 оны 5 дугаар сарын 8-нд Г ахынд очиход намайг хоолны юм олоод ир гэхээр нь би Гурвалжин орж ажил хийгээд хоолны юм аваад буцаж очиход Г ах Гансүхийнхээс ирсэн гээд халамцуу, энэ хантаазтай архи ууж болдоггүй юм. Би эгчээс чинь хантаазыг нь авчихсан юм гээд харуулж байсан” /3 дугаар хх-н 239-240/ гэж,

гэрч Д.А “... Батзориг гэдэг ахын ярьж байгаа үнэн. Би тэр өдөр ганцаараа явж байгаад Г ах, Г ахын эхнэр, Батзориг нартай таарсан. Бид нар “Миний зах” дэлгүүрийн хашаанд архи уухад би Г ах, Г ахын эхнэр, Батзориг, Жанцаа, Жанцаагийн найз нартай хамт зургуулаа байсан” /3 дугаар хх-н 242/ гэж тус тус мэдүүлснийг улсын яллагчийн зүгээс яллах талын нотлох баримт болгов.

 

Гэвч дээрх гэрчүүдийн мэдүүлгүүдээс үзвэл аль ч гэрч нь шүүгдэгч Г.Г талийгаач Н.Эийг зодсон талаар мэдүүлээгүй буюу энэ талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодорхой мэдэхгүй, зөвхөн талийгаач Н.Этэй хамт архи уусан талаар мэдүүлжээ.

 

Түүнчлэн нэр бүхий гэрчүүдийн мэдүүлгүүд цаг хугацааны хувьд зөрүүтэй, зарим үйл явдлын /үйл баримтын/ талаар тодорхой бус байна.

 

Энэ байдал нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн гаргасан талийгаач Н.Эийн гэмтэл авсан цаг хугацаа, түүний нас барсан цаг хугацаа зэрэгтэй нийцээгүй гэж хэлж болно.

 

Өөрөөр хэлбэл хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд нь шүүгдэгч Г.Г уг гэмт хэргийг хэрхэн үйлдсэн гэдгийг бус харин талийгаач нас барахынхаа өмнө хэнтэй юу хийсэн, дараа нь ямар байдалтайгаар олдсон талаарх үйл явдлыг болон талийгаачийн биед учирсан гэмтлийн шинж чанар, үхлийн шалтгааныг тогтоосон баримтууд юм.

Эдгээр баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Г “Н.Эийг алсан” гэдгийг нотлох боломжгүй бөгөөд талийгаачийн үхэл нь Г.Гын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотойг тогтоосон талаар яллах талын нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлж чадаагүй байна.

Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь “Хүнийг алах” гэмт хэргийг шүүгдэгч Г.Г үйлдсэн болохыг хангалттай нотлож чадаагүй тул

шүүх бүрэлдэхүүн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гыг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй үндэслэлээр цагаатгаж, түүнд холбогдуулан үйлдсэн яллах дүгнэлтийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ.

 

Түүнчлэн прокурорын яллах дүгнэлтэнд “Хүнийг алах” гэмт хэрэг гарсан огноо, цаг хугацааг “2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр” гэж цогцос олдсон өдрөөр тодорхойлсон,

“Хүнийг алах” гэмт хэргийн шинжид байхгүй “санаатай” гэсэн үгийг оруулж бичсэн зөрчлүүд байгааг дурдах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж,

эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирүүлсэн

1 ширхэг бүдүүвч зураг, хохирогчийн өмсөж явсан гэх куртика, 1 хос ээмэг, 1 ширхэг бөгж, цагаан оосортой түлхүүр 1 ширхэг, улаан өнгийн цамц, цагаан өнгийн оймос, хар өнгийн торон мэт материалтай цамц, хар өнгийн женсэн өмд, дотуур хувцас болох ягаан өнгийн левчик, турсик, гялгардуу материалтай дотуур өмд, хуучирч тоос болсон 1 ширхэг хар хөх өнгийн пудболка, хохирогчийн гар цүнхтэй эд зүйл болох хэтэвч, гадаад паспорт, уруулын будаг, хөмсөгний харандаа 3 ширхэг, гар утас 2 ширхэг, мөн баттарей гар утасны гэрийн хамт, тэмдэглэлийн дэвтэр, 1 том, 1 жижиг үсний хавчаар, пудерний парлон, цэнхэр өнгийн утасны зүүлт, ууттай барагшуунтай үрэл, палмастар, парацетамол эм, хиймэл тагнайтай шүд, шар гэртэй бал, шалгагчийн өдөр тутмын тэмдэглэл, мэргэшсэн кундуктарын гэрчилгээ, хэтэвчин дотор “Сутайн буянт” гэсэн бичигтэй ажлын үнэмлэх, ХАС банкны виза карт, шинжилгээний бичиг, Ачтан эмнэлгийн нэрийн хуудас, Төрийн банкны зарлагын баримт 3 ширхэг, ХААН банкны орлогын баримт 1 ширхэг, 1 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, гадаад ханзаар тэмдэглэгдсэн 3 ширхэг хуудас, ХААН банкны карт, Жи Мобайл симний үүр 1 ширхэг, Скайтел утасны симний үүр 1 ширхэг, ЭХО эмнэлгийн баримт, дуудлагын жолоочийн хуудас 1 ширхэг, Худалдаа хөгжлийн банкны смарт карт 1 ширхэг, дуудлагын хивс, хивсэнцэр цэвэрлэх карт 1 ширхэг, “Forever living” гэсэн бичигтэй нэрийн хуудас, ажлын зарын карт 1 ширхэг, улаан өнгийн Монголоор бичиж тэмдэглэсэн хуудас 1 ширхэг зэрэг эд зүйлүүд, “BUS” гэсэн бичигтэй хантааз 1 ширхэг, хэргийн газраас олдсон 1 ширхэг 100 гр Ерөөл нэртэй архины шил, мөн хохирогчийн гэрээс олдсон 2 ширхэг 0.5 гр, 0.7 гр Эзэн Чингис нэртэй архины шил зэргийг хэргийн хамт буцаан хүргүүлэв.

 

Шүүгдэгч Г.Г нийт 570 хоног цагдан хоригдсон байна.

 

Шүүх шүүгдэгч Г.Год холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тул түүнд урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорихоос өөр төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэвэл зохино.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.9, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                       ТОГТООХ нь:

           

1. Б овогт Ггийн Гыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй үндэслэлээр цагаатгасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Год холбогдуулан үйлдсэн 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 149 дугаартай яллах дүгнэлтийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасугай.

 

3. Г.Г нь энэ хэрэгт 570 /таван зуун дал/ хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

 

4. Энэ хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг бүдүүвч зураг, хохирогчийн өмсөж явсан гэх куртика, 1 хос ээмэг, 1 ширхэг бөгж, цагаан оосортой түлхүүр 1 ширхэг, улаан өнгийн цамц, цагаан өнгийн оймос, хар өнгийн торон мэт материалтай цамц, хар өнгийн женсэн өмд, дотуур хувцас болох ягаан өнгийн левчик, турсик, гялгардуу материалтай дотуур өмд, хуучирч тоос болсон 1 ширхэг хар хөх өнгийн пудболка, хохирогчийн гар цүнхтэй эд зүйл болох хэтэвч, гадаад паспорт, уруулын будаг, хөмсөгний харандаа 3 ширхэг, гар утас 2 ширхэг, мөн баттарей гар утасны гэрийн хамт, тэмдэглэлийн дэвтэр, 1 том, 1 жижиг үсний хавчаар, пудерний парлон, цэнхэр өнгийн утасны зүүлт, ууттай барагшуунтай үрэл, палмастар, парацетамол эм, хиймэл тагнайтай шүд, шар гэртэй бал, шалгагчийн өдөр тутмын тэмдэглэл, мэргэшсэн кундуктарын гэрчилгээ, хэтэвчин дотор “Сутайн буянт” гэсэн бичигтэй ажлын үнэмлэх, Хас банкны виза карт, шинжилгээний бичиг, Ачтан эмнэлгийн нэрийн хуудас, төрийн банкны зарлагын баримт 3 ширхэг, Хаан банкны орлогын баримт 1 ширхэг, 1 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, гадаад ханзаар тэмдэглэгдсэн 3 ширхэг хуудас, Хаан банкны карт, Жи Мобайл симний үүр 1 ширхэг, Скайтел утасны симний үүр 1 ширхэг, ЭХО эмнэлгийн баримт, дуудлагын жолоочийн хуудас 1 ширхэг, Худалдаа хөгжлийн банкны смарт карт 1 ширхэг, дуудлагын хивс, хивсэнцэр цэвэрлэх карт 1 ширхэг, “Forever living” гэсэн бичигтэй нэрийн хуудас, ажлын зарын карт 1 ширхэг, улаан өнгийн Монголоор бичиж тэмдэглэсэн хуудас 1 ширхэг зэрэг эд зүйлүүд, “BUS” гэсэн бичигтэй хантааз 1 ширхэг, хэргийн газраас олдсон 1 ширхэг 100 гр Ерөөл нэртэй архины шил, мөн хохирогчийн гэрээс олдсон 2 ширхэг 0.5 гр, 0.7 гр Эзэн Чингис нэртэй архины шил зэргийг Баянгол дүүргийн прокурорын газарт буцаасугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар Г.Год урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Год авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                                                              

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    О.ЖАНЧИВНЯМБУУ

 

                                  ШҮҮГЧ                                      А.АЛТАНХУЯГ

 

                                    ШҮҮГЧ                                     Ч.ОТГОНБАЯР