Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2024/ДШМ/15

 

 

 

 

 

    2024      03        06                                         2024/ДШМ/15

 

    Я.Пд холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор: Э.Г,

Нарийн бичгийн дарга: Д.Урангоо нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/16 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Г.Дын гаргасан давж заалдах гомдлоор Я.Пд холбогдох 000 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Ёл овогт 00гийн П, 000 оны … дугаар сарын …..-ны өдөр төрсөн, эрэгтэй, …. настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Осумын 5 дугаар багт оршин суух, урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн .... оны ….. дугаар сарын ….-ны өдрийн….. дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан /регистрийн дугаар 000/.

 Я.П нь Хөвсгөл аймгийн Х сумын 00баг 00тоотод 00 оны 11 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Г.Дыг зодож, биед нь зүүн тал бөмбөлгийн хатуу хальс доорх цус хуралт, дух, хамар, хөмсөг, баруун хацарт шарх, баруун чамархайн дэлбэн, хоёр зовхи, баруун хацар, дух, хүзүү, хоёр буглаганд цус хуралт, духанд зулгаралт бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/16 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ёл овогт 00гийн Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.00зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.00зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 00гийн Пг 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Я.П нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Я.Пгээс 714,065 (долоон зуун арван дөрвөн мянга жаран тав) төгрөгийг гаргуулж хохирогч Г.Дд олгож, Эрүүгийн 000 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгч Г.Аззаяад төлөх төлбөргүй, хохирогч Г.Д нь 3,491,090 (гурван сая дөрвөн зуун ерэн нэгэн мянга ер) төгрөгийн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Я.Пгээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Г.Д давж заалдах гомдолоо: “Г.Д миний өгсөн мэдүүлэг, хэлсэн үг минь ороогүй байна. Би мэдүүлэг өгөхдөө “маш их гомдолтой байна” гэж хэлсэн. П “хөл бариад өг” гэхээр нь би “согтуу хүний хөл барихгүй” гэж хэлтэл хөх модон сандал бариад авахаар нь “эгчийгээ арай цохихгүй биздээ” гэхэд тэр сандлаараа толгой руу минь маш хүчтэй цохисон. ...намайг цохисон хөх модон сандлыг хэргийн материалд оруулж өгнө үү.

...Сэтгэл санааны болон гоо зүйн талаасаа маш их хохирол амссан тул уг хохирлоо нэхэмжилж байна. Пд оногдуулах шийтгэлийг хүндрүүлж өгнө үү. Би маш их гомдолтой байна” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтээ: “...хохирогчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Шүүгдэгч Я.П нь Хөвсгөл аймгийн Х сумын 00баг 00тоотод 00 оны 11 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Г.Дыг зодож, биед нь зүүн тал бөмбөлгийн хатуу хальс доорх цус хуралт, дух, хамар, хөмсөг, баруун хацарт шарх, баруун чамархайн дэлбэн, хоёр зовхи, баруун хацар, дух, хүзүү, хоёр буглагад цус хуралт, духанд зулгаралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.100зүйлд зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд  шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж,  бэхжүүлсэн, гэрч, хохирогч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй учир хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий гэж дүгнэсэн нь үндэслэлтэй гэж үзнэ.

Хохирогчийн давж заалдах гомдлын талаар:

1.Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан шүүгдэгчид хуульд заасан ялаас ямар төрөл, хэмжээний ял сонгон оногдуулах нь тухайн шүүхийн эрх хэмжээний асуудал бөгөөд шүүх шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.00зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлаж, хуульд заасан, төрөл хэмжээний дотор ял оногдуулсныг  буруутган дүгнэх, өөрчлөх хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

2.Хохирогч эрүүл мэндэд нь учирсан хохирлын улмаас гарсан болон цаашид гарах зардлаа нэхэмжлэх эрхтэй боловч уг шаардлага, түүнтэй холбогдох нотлох баримтыг өөрөө цуглуулах, гаргах үүрэг хүлээх бөгөөд шүүх хохирогчийн гаргаж өгсөн нотлох баримтын хэмжээнд хохирлыг шийдвэрлэнэ.

Хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол 5,205,155 төгрөг нэхэмжилснээс шүүх 1,714,065 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангасан гэж дүгнэж, үүнээс шүүгдэгчийн төлсөн 1,000,000 төгрөгийг хасч, шүүгдэгчээс 714,065 төгрөг гаргуулж, үлдэх 3,491,090 төгрөгийн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хохирлыг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

3.Хохирогчийн “хөх модон сандлыг хэргийн материалд оруулж өгнө үү” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй. Учир нь хохирогчийг сандлаар цохисон гэх байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдоогүй, яллах дүгнэлтэд тусгагдаагүйн дээр  энэ талаар гаргасан хохирогчийн өмгөөлөгчийн хүсэлтийг шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Иймд дээрх үндэслэлээр хохирогчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хохирогч Дын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 00/ШЦТ/16 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.БАЯРХҮҮ

                                       ШҮҮГЧИД                                     Л.ЭРДЭНЭБАТ

                                                                Б.СОСОРБАРАМ