| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
| Хэргийн индекс | 128/2025/0581/З |
| Дугаар | 128/ШШ2025/0946 |
| Огноо | 2025-12-11 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 128/ШШ2025/0946
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Жа /РД:/,
Хариуцагч: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдох төрийн албаны маргааныг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.У, нэхэмжлэгч Б.Жа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.На нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/62 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, цэргийн дэд хурандаа цолыг олгохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, улсад ажилласан хугацааг нөхөн тооцуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Нэхэмжлэгч Б.Жа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2010 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дугаар тушаалаар Өвөрхангай аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны 64 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчээр томилогдож[1], хожим 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Б/731 дүгээр тушаалаар тус албаны Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгчээр томилогдон[2] ажиллаж байгаад 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/356 дугаар тушаалаар түүнийг Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчээр дэвшүүлэн томилсон[3] байна.
2.2. Түүнийг тус албан тушаалыг хашиж байх хугацаанд Өвөрхангай аймгийн прокурорын газраас Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, хурандаа Ч.Хт хаяглагдан 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Тус шийдвэр гүйцэтгэх газрын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахмад Б.Жа нь 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 24/6А дугаартай тогтоолоор хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан этгээд болох Б.Буын хяналтын хугацааг буруу бодож үндэслэлгүйгээр дуусгавар болгож, ялтанд давуу байдал олгож Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 155 дугаар зүйлийг зөрчсөн байна. Иймд шалтгааныг тогтоож, хариуцлага тооцож биелэлтийг 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дотор ирүүлнэ үү хэмээх Ц-1/62 дугаартай албан бичиг[4];
...Зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль тогтоомжийн дагуу хэрэгжиж байгаа эсэх-ийг 2024 оны эхний 2 сарын байдлаар шалгахад зөрчил илэрсэн тул гаргасан 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаартай прокурорын шаардлага[5];
...2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн ...хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн Б.Сд холбогдох тус шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ГХ/118 дугаартай гүйцэтгэх хуудсыг 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авсан боловч 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах тогтоол үйлдсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 153.2, 185 дугаар зүйлийн 185.2 дугаар заалтыг зөрчсөн байх тул шалтгааныг тогтоож буруутай албан тушаалтанд хариуцлага тооцож хэмээх Ц-1/211 дүгээр албан бичиг[6];
...2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн ...Эрх хасах ял шийтгүүлсэн ялтнуудын ял эдлэлтийн байдлыг 2024 оны 04 дүгээр сарын байдлаар шалгахад ахлах болон шийдвэр гүйцэтгэгч нараас ялтанд олгосон эрхийг эрх бүхий байгууллагаас хасахдаа ял эдлэх хугацааг буруу тооцсон нөхцөл байдалд дүгнэлт хийгээгүй, зөрчлийг засуулах арга хэмжээ аваагүй хэмээх Ц-1/393 дугаартай зөрчил арилгуулах бичиг[7];
...Хорихоос өөр төрөл, тэнсэх албадлагын арга хэмжээ авагдсан этгээдүүдийн хувийн хэрэг материалтай танилцахад хууль болон журмын хэрэгжилтийг хангаж ажиллаагүй зөрчил илэрсэн тул гаргасан 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 11 дүгээр[8], 2024 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 14 дүгээр прокурорын шаардлага[9]тус тус ирүүлжээ.
2.3. Дээрх шаардлага бүхий албан бичигт дурдсан зөрчлүүдтэй холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 272 дугаар зүйлийн 272.2.1, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 37.1.13, 48 дугаар зүйлийн 48.1.3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн сахилга, ёс зүйн дүрмийн 2.1.14, 6.3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хяналт шалгалт, үнэлгээ-дотоод аудитын газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 07/2707 дугаар албан бичгийг тус тус үндэслэл болгон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б/29 дүгээр тушаалаар ...ял болон албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх ажиллагааг мэргэжил арга зүйгээр хангаагүй, хууль болон албан тушаалын тодорхойлолтоор хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн хэмээн үзэж, Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгч Батсуурийн Жагийн албан тушаалын цалингийн хэмжээг 1 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан[10].
2.4. Уг сахилгын шийтгэлээс хойш Өвөрхангай аймгийн прокурорын газраас Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, хурандаа Ч.Хт дахин Хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хүнд хяналт тавих ажиллагаа холбогдох хууль, журамд нийцэж байгаа эсэхийг 2024 оны эхний 8 сарын байдлаар шалгахад зөрчил илэрсэн тул 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 572 дугаар зөрчил арилгуулах албан бичиг[11];
...Хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ авсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дахь хууль тогтоомжийн хэрэгжилт-ийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар шалгахад хуулийг нэг мөр хэрэгжүүлээгүй, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг удаашруулсан зөрчил илэрсэн тул 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 673 дугаар зөрчил арилгуулах албан бичиг[12];
...2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Ц-1/958 дугаар ажил сайжруулах тухай албан бичгийг[13] тус тус хүргүүлжээ.
2.5. Мөн дээрхийн адил прокурорын газраас ирүүлсэн асуудлыг хянан үзээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 272 дугаар зүйлийн 272.2.1, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 48 дугаар зүйлийн 48.1.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн сахилга, ёс зүйн дүрмийн 2.1.14, 6.3, Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Ц-1/958 дугаар албан бичиг, Даргын зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэл болгон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/34 дүгээр тушаалаар ...Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, 6.12 дугаар зүйлд зааснаар хугацааны өмнө суллаж хяналт тогтоосон этгээдэд тавих хяналт, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгжиж байгаа эсэхийг шалгахад тэнсэгдсэн этгээдийн хувийн байдлын талаарх мэдээллийг гаргаагүй, уулзалтын тэмдэглэлээ бусад этгээдэд олшруулан ашигласан, ажил эрхлэлтийн талаар холбогдох байгууллагаас тодорхойлолт аваагүй, сум багийн засаг даргатай тэнсэгдсэн этгээдийн талаар харилцан мэдээлэл солилцоход чиглэсэн тодорхой ажил зохион байгуулаагүй зэрэг зөрчил гаргаж, албан тушаалын тодорхойлолтоор хүлээсэн үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн хэмээн үзэж, Б.Жад нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах сахилгын шийтгэл оногдуулсан байна[14].
2.6. Харин Б.Жагаас үүсээд буй асуудал, нөхцөл байдлын талаар ...Миний бие хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Жа, тус газарт 16 дахь жилдээ ажиллаж байгаа, цаашид энэ байгууллагад ажиллах боломж байхгүй байна. Учир нь дэд хурандаа М.Гр, дэд хурандаа Ж.На, ахмад О.М*******а, хошууч Л.Ог нар байнгын дарамт үзүүлж, алба хаагч нарын дунд хов хутгаж, бие биеийгээ буруугаар ойлгох эхлэлийг тавьдаг, ажилдаа хаалгаар орж ирэнгүүт элдвээр хэлдэг, ямар нэг арга хэмжээ болоход нуудаг, битгий оруул, ирсэн бичгийг битгий үзүүл гэх мэт асуудлууд удаа дараа гаргаж ирдэг. Энэ байдлыг нь хэлж ад болж, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаанд байнга Гр, На нар нь оролцож, ажил хийхэд нөлөөлж, зарим алба хаагч үйл хөдлөл, зүй бус доромжилж, хүсэж зөвшөөрөхгүй гарахад ар гэр, өөрсдийг нь дуудаж, дахин өөр газар ороход ирээдүй үгүй, саналаараа гарсан гэж бич гэж гомдол саналгүй гэж бичүүлж авдаг, өөрсдийн дарамт шахалт байхгүй гэж, намайг ажлаас гаргана, дээрээс шууд өгдөг цолыг нь яаж авдгийг харуулна гэж ярьсан, Гр өрөөнд орж ирж зодсон, Х 12 сарын 13-ны өглөө ажилдаа орж ирэхэд хачин царайтай, шөнө унтаагүй юм уу, хаагуур юугаа хийгээд байдаг юм, нүүрэн дээр нь баас байгаа гэх мэтээр яах гээд байгаа нь мэдэгдэхгүй үргэлж дарамт үзүүлж байдаг. Энэ байдлыг цаашид тэвчиж чадахгүй тул ажлаас гарах өргөдөл гаргаж байна. Тус газартаа өнөөдрийг хүртэл ажиллахдаа хэнд ч гэм хор хийлгүй болж бүтэхгүй байгааг шулуун шударга хэлсэндээ өнөөдөр ад үзэгдэж ийм нөхцөл байдалд хүрч байна. Тус алба хаагч нар ажилд орсон хүмүүсээс хөлс шан нэхдэг, өөрсдийн ажил үүргийг гүйцэтгэж байж хээл хахууль авдаг, баримтыг ерөнхий газрын даргад өөрийн биеэр тусад нь бичиж өгөх болно. Алба хаагч нарын ар гэрт хов зөөдөг, алба хаагч нараа гадуур элдвээр хэлдэг, бэлгийн дарамт үзүүлдэг, энэ бүхнийг хэлж ил гаргаж тавихгүй, хэн ч дуугарахгүй байдаг болохоор хэрээс хэтэрч байна. Ийм юмыг, тэр юмыг Жа мэдсэн үү? Битгий хэлээрэй, битгий мэдэгдээрэй гэж алба хаагч нарт хэлдэг, энэ байдлыг би намайг ялгаварлан гадуурхаж байгаа хэлбэр мөн гэж үзэж байна. Алба хаагч алба хаагчаа доромжлох, өрөөнд орж зодох нь зөв үйлдэл юм байна гэж ойлгож байна. Ийм зүйлүүдийг хүлээн зөвшөөрч чадахгүй гэх гомдлыг[15] 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргад хаяглан хүргүүлсний дагуу 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр албаны шалгалтын удирдамж батлагдаж, Б.Жагаас гаргасан гомдлын бодит байдлыг шалган тогтоож, удирдлагыг үнэн зөв мэдээллээр хангаж, хариуг хугацаанд нь хүргүүлэх зорилгоор Хяналт шалгалтын хэлтсийн дарга, дэд хурандаа О.Нах, Хяналт шалгалтын хэлтсийн ахлах байцаагч, дэд хурандаа Ц.Ио, Хяналт шалгалтын хэлтсийн ахлах байцаагч, ахлах дэслэгч О.Б, жолооч дэд ахлагч Н.Тии нарын бүрэлдэхүүнтэй хянан шалгах ажлын хэсэг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажилласан байна[16].
2.7. Уг ажлын хэсгээс 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Б.Нрт ...Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэд хурандаа Б.Жагаас гаргасан гомдлын дагуу шалгалтын ажиллагааг явуулахад гомдолд дурдсан асуудал талуудаас авсан тайлбараар нотлогдоогүй гэх илтгэх хуудас бичиж, хүргүүлсэн байх бөгөөд тус илтгэх хуудсаа гомдол гаргасан Б.Жад мэдэгджээ[17].
2.8.Харин хянан шалгах ажлын хэсэг зүгээс алба хаагч Б.Жагийн гомдол заасан асуудлыг шалгах явцад гомдол гаргагч дэд хурандаа Б.Жа нь тус газрын хяналтад тэнсэх, албадлагын арга хэмжээ эдэлж байгаа Д.Л*******вээс нийт 4,700,000 төгрөгийг бэлнээр авахдаа бэлэн мөнгө хүлээн авах актыг үйлдээгүй,
...мөн Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолын дагуу тэнсэх, хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ оногдуулсан этгээд болох Н.Б*******д эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахгүй байж улмаар хувийн харилцаа тогтоон, Б.Жа нь өөрийн хамаарал бүхий этгээдүүдийн дансаар дамжуулан нийт 4,100,000 төгрөгийн хахууль авсан, тэнсэх албадлагын арга хэмжээ эдэлж байсан иргэн Б.Б*******м, Д.Т*******л тус бүрээс 50,000 төгрөг буюу нийт 100,000 төгрөгийг бэлнээр авч хувьдаа ашигласан үйлдэл тогтоон.
2.9.2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн илтгэх хуудсаар ...тэнсэх, албадлагын арга хэмжээ эдэлж байгаа Д.Л*******вээс нийт 4,700,000 төгрөгийг бэлнээр авахдаа бэлэн мөнгө хүлээн авах акт үйлдээгүй үйлдлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107 дугаар зүйлийг зөрчиж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор хийх ёстой үйлдлийг хийхгүй байж өөртөө давуу байдлыг бий болгосон зөрчил, харин шүүхийн шийтгэх тогтоолын дагуу тэнсэх, хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ оногдуулсан этгээд болох Н.Б*******д эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахгүй байж улмаар хувийн харилцаа тогтоон, Б.Жа нь өөрийн хамаарал бүхий этгээдүүдийн дансаар дамжуулан нийт 4,100,000 төгрөгийн хахууль авсан, тэнсэх албадлагын арга хэмжээ эдэлж байсан иргэн Б.Б*******м, Д.Т*******л тус бүрээс 50,000 төгрөг буюу нийт 100,000 төгрөгийг бэлнээр авч хувьдаа ашигласан үйлдлийг Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчийн сахилга, ёс зүйн дүрэм-ийн 2 дугаар зүйлийн 2.1.2, 2.1.3 дахь хэсгийг зөрчсөн хэмээн буруутган Б.Жаг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 277 дугаар зүйлд зааснаар Албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах саналыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад уламжилсны дагуу [18] хариуцагч Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2, 37.1.7, 37.1.8, 37.1.13, 39 дүгээр зүйлийн 39.1.2, 39.1.4, 47 дугаар зүйлийн 47.1.1, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 107 дугаар зүйлийн 107.1, 262 дугаар зүйлийн 262.1.5, 280 дугаар зүйлийн 280.1, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5, 7.1.6, 7.1.7, дахь заалтыг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/62 дугаар тушаалаар Б.Жаг 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөр тасалбар болгон төрийн албанаас халж, цэргийн дэд хурандаа цолыг хурааж, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/02 тушаалаар түүнийг ажлыг хүлээлцүүлсэн.
2.10. Үүгээр ч зогсохгүй Авлигын эсрэг хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг заасны дагуу гэмт хэргийн шинжтэй үйлдлийн талаар мэдээлэх үүргээ биелүүлэн Б.Жагийн үйлдлийн талаар холбоотой баримт, мэдүүлэг хамт Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн.
Тус газраас мэдээлэлд дурдсан асуудлаар өнөөг хүртэл мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүнийг хэргийн оролцогч нарын хэн аль нь үгүйсгээгүй болно.
2.11.Гэвч нэхэмжлэгч зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/62 дугаар тушаалыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан боловч Төрийн албаны зөвлөлөөс 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 04/1076 дугаартай албан бичгээр тус гомдлыг шийдвэрлэх боломжгүй ч шүүхэд хандах эрх нь нээлттэй талаар хариуг ирүүлжээ[19].
2.12. Үүнийг нэхэмжлэгч эс зөвшөөрч 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгч хүлээн авч, 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШЗ2025/4637 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн[20].
2.13. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 04-ны өдрийн 128/ШЗ2025/5781 дугаар захирамжаар Б.Жагийн нэхэмжлэлтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Б.Жад холбогдох эрүүгийн 2*******1 дугаартай хэргийг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн боловч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 221/ШТ2025/0827 дугаар тогтоолоор дээрх захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулан хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэсэн болно.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч Б.Жа шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: Миний бие 2010 онд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тусгай шалгалтад орж шийдвэр гүйцэтгэгч сонгон шалгаруулалтад тэнцэж, Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт иргэний шийдвэр гүйцэтгэгчээр ажилд орсон. 2017 онд эрүүгийн шийдвэр гүйцэтгэгчээр дотоод сонгон шалгаруулалтад орж, 2022 онд эрүүгийн ахлах шийдвэр гүйцэтгэгчээр дэвшин ажиллаж байгаад 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ажлаас халагдсан гэж мэдэгдэж, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/62 тоот тушаал гарч намайг ажлаас чөлөөлж, ажлыг хүлээлцүүлсэн.
Миний бие тус газарт тасралтгүй 14 жил 8 сар ажиллахдаа хоёргүй сэтгэлээр ажиллаж, хууль журамд заасан үүргээ нэр төртэй биелүүлэн 8 жил тэргүүний албан хаагч ажил мэргэжлийн аварга болж байсан. Миний эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг, ажлын байрны тодорхойлолтод хамааралгүй асуудлаар удирдах албан тушаалтнаас миний өгсөн үүргийг биелүүлэхээс татгалзах эрхийн хүрээнд хуульд нийцээгүй, хууль бус үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй, болохгүй байгаа шударга бус үйлдлийг шууд хэлдэг ярьдаг үйлдлээс минь болж Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дэд дарга намайг ажил хийлгэхгүй хавчин гадуурхах, шахах, хууль бусаар мөрдөж мөшгөх, ажлын байранд бэлгийн дарамт үзүүлэх, хамт олны өмнө доромжлох, элдвээр хэлэх, байнга эвгүй байдалд оруулах, ажлын чиг үүргийн дагуу ирсэн бичгийг надад цаг хугацаанд танилцуулахгүй дарах, хугацаа тулгаж өгөх зэрэг үйлдэл байнга гаргаж байсан. Эдгээр дарамт шахалттай эвлэрэхгүй тэмцэж, улмаар сэтгэл санаагаар унаж, хамт олонтойгоо харьцахгүй сүүлийн 2 жил ганцаардмал байдалд ажиллаж ирсэн.
Улмаар нөхцөл байдал улам бүр дордож байсан тул 2024 оны 12 дугаар сард өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж хүсэлтдээ дээрх нөхцөл байдлын талаар бичиж ийм үйлдэл гаргаад байгаа албан хаагч нарыг шалгуулахаар явуулсан гомдол гаргасны дагуу ШШГЕГ-ын Хяналт шалгалт, үнэлгээ-дотоод аудитын газраас Нахаар ахлуулсан 3 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг манай газар дээр ирж шалгалт хийх болсон боловч Нах нь шалгалтын удирдамжаас гадуур асуудлаар зөвхөн миний ажлыг сүүлийн 2 жилээр шалгаж, надаас тайлбар авах нэрээр хэл амаар доромжилж, гүтгэж, тулгаж, хувийн амьдрал болон миний хувь хүний эрх, хувийн нууцад бүдүүлгээр халдаж, гар утас булаан авч хувийн мессеж, чат уншиж, хүүхэд хичээлээс хоцорлоо эмээг нь хүргэж өг гэж хэлье гэж хэлэхэд яриулахгүй гэж утас өгөөгүй, би гуйж авч ээждээ хүүхдээ хэлээд үргэлжлүүлж энэ байдлаа хэлэх гэхэд утсыг минь өгөхгүй байх зэргээр бүдүүлгээр эрхийг минь зөрчсөн. Би шалгагдаад байгаа асуудлаар дуудаж асуугаад тайлбар мэдүүлэг аваад байсан хүмүүстэй нүүрэлдмээр байна гэхэд загнаж доромжилсон.
Шалгагч Нах нь чам дээр баахан зөрчил гарсан, чи хүлээн зөвшөөр шоронд явуулна даа, би Авлигатай тэмцэх газарт мөрдөгчөөр болон даргын даалгавар өгөгчөөр ажиллаж байсан тул юу л бол юу гаргаж ирнэ, чамайг яав л чиг яана гэсэн үгээр дайрч, сүрдүүлсэн. Би өөрийн гаргасан өргөдөл болон шалгуулахаар бичсэн бусад алба хаагч нартай холбоотой асуудлыг асуухад тэр хамаагүй шалгачихна гээд уурлаад байсан. Гэвч надаас өөр нэг ч алба хаагчийг шалгаагүй би ямар асуудлаар шалгуулаад байгаагаа мэдээгүй, надад шалгасан талаар танилцуулаагүй дарамталж, элдвээр хэлж доромжлон, дайрч байсан болохоор миний бие эвгүйрхэж гарах гэсэн боловч гаргахгүй гарын үсэг зурж байж гар гээд тухайн баримт бичиг дээр юуны тухай бичсэнийг мэдэхгүй цаасан дээр гарын үсэг зурахыг шаардаж, дарамталсан. Би айж сандарсандаа сэтгэл санаа давчдаж, уйлаад Нахын өгсөн цаасан дээр танилцалгүйгээр гарын үсгээ зураад гарсан. Тухайн цааснуудад юу бичигдсэн болон хэдэн хуудас байсныг нь мэдээгүй. Мөн хэдэн төгрөгийн зээлтэй юм, амьдарч байгаа байр болон машинаа зар гэх мэтээр хувийн амьдрал ахуйтай холбоотой асуудлаар дарамталсан.
Энэ бүхэн надад маш их дарамт өгч, сэтгэл зүйд нөлөөлж, хууль бусаар мөрдөн тулгаж, дураараа өөрсдийн хүсэлд нийцүүлж, миний эрхэнд халдаж эрүүдэн шүүсэн гэж үзэж байна. Хувь хүний нууц болон эрх чөлөөнд хууль бусаар халдаж мөрдөн шалгах эрхгүй На, Гр, Т*******л нарын алба хаагч нар нь 2024 оны эхнээс намайг 6 сарын хугацаанд нууцаар мөрдөж, хууль бусаар цуглуулсан, үндэслэлгүй хуурамч баримтуудыг бүрдүүлэн Хяналт шалгалтын ажлын хэсэгт өгч намайг ажлаас халуулсан.
2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/62 дугаартай намайг ажлаас халсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Ажлаас халах үндэслэл болгосон дараах хуулийн заалтуудыг миний бие огт зөрчөөгүй. Төрийн албаны тухай хуулийн 37.1.2, 37.1.7, 37.1.8, 37.1.13 дугаар заалтад заагдсаны дагуу чиг үүргийг хэрэгжүүлж, жил бүр ажлын үр дүнг дүгнүүлж, сүүлийн 5 жил 8095 хувийн үзүүлэлттэй ажлаа дүгнүүлж байсан нь баримтаар нотлогдоно.
Мөн хуулийн 39.1.2, 39.1.4-т заасан албаны эрх мэдлээ хэтрүүлж, бусдыг хавчин гадуурхаж, бусдыг эрхшээлдээ байлгаж, бэлгийн дарамт үзүүлсэн гэх зөрчил дутагдал гаргаагүй бөгөөд харин ч эсрэгээр Өвөрхангай аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дэд дарга Нагийн ийм төрлийн дарамтад өртөж байсан, бэлгийн дарамт үзүүлдэг талаар дээд байгууллагад гомдол гаргасан байхад намайг хүчирхийлэл үйлдсэн байдлаар тушаалд тусгасан нь огт үндэслэлгүй юм.
Мөн хуулийн 47.1.1-д 3 ба түүнээс дээш албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би ахлах шийдвэр гүйцэтгэгчийн албан тушаалд ажиллахдаа хууль болон ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ ямар ч зөрчил дутагдалгүй хийж гүйцэтгэж ирсэн. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн ажлын байрны тодорхойлолт болон хуулиар харьяалуулан, оногдуулан өгөөгүй ажил үүргийг надад хамаатуулж, хууль, журамд заасан хийж гүйцэтгэх үүрэгтэй албан тушаалтан болох шийдвэр гүйцэтгэгч нь байсаар байтал хууль журмыг зөрчиж байна, би хийхгүй гэсэн хүсэлтийг 2022 оноос хойш удаа дараа гаргаж хэлж байсан боловч хүчээр хий гэж тулгаж өгч тушаал шийдвэр байхгүйгээр хариуцуулж, үүнийхээ үр дагаврыг надад үүрүүлэн хууль зөрчин 2 удаа хариуцлага тооцсон. Би өөрийн үндсэн ажил болох ахлах шийдвэр гүйцэтгэгчийн ажлын үүргийн дагуу нэг ч арга хэмжээ авагдаж, зөрчил гаргаж байгаагүй учир энэ заалтыг хүлээн зөвшөөрөхгүй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8.1.1-д заасан бүрэн эрхээ эдлэхдээ энэ заалтад заагдсаныг хэтрүүлэн хэрэглэсэн, хувийн сонирхлоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэсэн нь миний ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй ажил үүргийг хүчээр хариуцуулж хийлгэж байсан нь удирдах албан тушаалтан болон удирдлага зохион байгуулалтаар хангаж, үүрэг чиглэл өгч байсан албан тушаалтнуудын буруутай үйл ажиллагаа гэж үзэж байна.
Авлигын эсрэг хуулийн 7.1.5, 7.1.6, 7.1.7-д заасан бусдаас шан харамж шаардсан, эрх мэдлээ урвуулан хэтрүүлж, бусдаас эд хөрөнгө олж авсан давуу эрх эдэлсэн үйлдэл байхгүй, эдгээр нь тогтоогдоогүй байхад ажлаас халах тушаалын 1 дүгээр заалтад албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдаас авлига авсан, бусдад давуу байдал олгосон нь албаны дотоод шалгалтаар тогтоогдсон гэсэн нь үндэслэлгүй байна.
Байгууллагын дотоод шалгалтаар тогтоогдсон гэдэгт аливаа хууль тогтоомжоор олгогдсон мөрдөн шалгах эрхгүй, прокурорын зөвшөөрөлгүй На, Гр, Т*******л нарын алба хаагч нарын хууль бусаар цуглуулсан баримтыг үндэслэж, намайг зөрчил гаргасан мэтээр үндэслэлгүй ажлаас халах тушаал гаргасан нь үндэслэлгүй байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 277.1.2 дахь заалтад дээрх тушаалд дурдсан гэмт хэргийн шинжтэй зөрчлүүд нь санаатай гэмт хэрэг болох нь нотлогдож, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчийг халахаар хуульчилсан байдаг. Гэтэл энэ талаар намайг шалгаад эрүүгийн хэрэг үүсгэсэн прокурорын тогтоол, гэм буруутай гэж үзсэн шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийн аль нь ч байхгүй.
Иймд мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй албан хаагч нарын санаатай үгсэн хуйвалдаж, бусдыг дарамталж, тулган шаардаж, хуурч мэхэлж, худал амлалт өгч, хүчээр тайлбар мэдүүлэг авч, хууль бус аргаар хувь хүний мэдээлэлд халдаж цуглуулсан баримтыг үндэслэн надад танилцуулаагүй шалгалтын ажиллагаа явуулан Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Эрүүгийн хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын холбогдох журмуудыг ноцтойгоор зөрчин авсан баримтуудыг үндэслэн шууд надаас ямар ч тайлбар авахгүй, сонсох ажиллагаа явуулахгүйгээр төрийн албанаас халах тушаал гаргаж, намайг хохироож, хөдөлмөрлөх эрхийг минь зөрчиж байгаад маш их гомдолтой байна гэжээ.
3.2. Нэхэмжлэгч Б.Жа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний гаргасан өргөдлөөр огт шалгалт хийгээгүй атлаа намайг шалгасан, удирдамжийн дагуу явагдаагүй. Шалгалтын талаар хариу надад огт ирээгүй. 2024 оны 10-р сард ирсэн иж бүрэн шалгалтаар манай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 59 зөрчил илэрсэн. Үүнээс хамгийн их нь Иргэний шийдвэр гүйцэтгэхтэй холбоотой байсан.Хорихоос өөр төрөл дээр яг миний албан тушаал буюу ахлах шийдвэр гүйцэтгэгчийн албан үүргийн хувьд ямар ч зөрчил гараагүй. Удирдлага зохион байгуулалтаар хангаагүй хэмээх үндэслэлийн хувьд хувийн хэрэг бүр дээр удирдах албан тушаалтан өгсөн үүрэг даалгавар, танилцсан гэж бий. Тухайн хувийн хэрэгт юу хийх ёстойг нь нэг бүрчлэн дугаарлаад сар болгон, хуудас бүрийг нь би гараараа бичиж өгдөг байсан. Мөн 12 дугаар сарын 12-ны өдрийн прокурорын шаардлагаар арга хэмжээ авсан байгаа. Тус шаардлагыг би огт олж хараагүй, би хүний ажлын өмнөөс арга хэмжээ авхуулж чадахгүй, хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хурал дээр хэлсэн. Үүнээс болж Натай муудалцсан бөгөөд надад арга хэмжээ авсан хурал дээр би суугаагүй, сүүлд ирүүлсэн хурлын тэмдэглэлийг сүүлд нөхөж хийсэн гэж бодож байгаа, учир нь манайх долоо хоног болгон хуралддаг тэр бүртээ ийм тэмдэглэл үйлддэггүй. Гэтэл тэр хуралд намайг суусан мэтээр тэмдэглэл бичигдсэн байсан. 2025 оны 1 дүгээр сарын 20-ны буюу маргаан бүхий актыг надад танилцуулаагүй, мэдэгдээгүй, ажлаасаа гарсны дараа М*******а гэж хүнээс Viber-аар авч байсан. Олон жил хамт ажилласан учраас хуурамч гарын үсэг зуруулчихна гэж бодоогүй ч даргын тушаалыг танилцуулсан гэж зурагдах юм шүү гээд хоосон цаасан дээр зуруулсан, дээр нь юу бичигдэхийг би мэдээгүй. Үлдсэн баримтууд дээр нь би гарын үсэг зурахаас татгалзсан нь ажил хүлээлцэх хурлын тэмдэглэл дээр бичигдсэн байсан. Тухайн үед надад Ц*******р даргын ажил хүлээлцэх тушаалыг л танилцуулсан. Би сүүлийн 5 жил дандаа 80-95 хувьтай дүгнүүлж байсан атал ажлаа хийгээгүй мэтээр Төрийн албаны тухай хуулийн заалтуудыг ашигласан гэв.
3.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тушаалын үндэслэл болж байгаа үндэслэл нь Төрийн албаны тухайн хуулийн 47.1.1 дэх хэсэг байсан. Гэтэл тайлбар нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг ярьдаг. Хэрвээ гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь тогтоогдсон гэж үзэж байгаа бол Төрийн албаны тухай хуулийн 47.1.2-т заасан үндэслэлийг хэрэглэх ёстой. Цаашлаад тусгайлан зохицуулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 277.1.2-т заасан үндэслэлийг хэрэглэх ёстой байсан ч хэрэглээгүй. Авлига авсан, бусдад давуу байдал олгосон, байдал бий болгосон талаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхгүй учраас тус тайлбарууд нь үндэслэлгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хэрэглэвэл зохих заалтыг хэрэглээгүй. Эрх зүйн хэм хэмжээг хэрэглэх эрэмбэ дарааны хувьд тусгайлан зохицуулалттай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 277 дугаар зүйлд заасныг нэн тэргүүнд хэрэглэх ёстой. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлд тодорхой заасан буюу хуульд өөрөөр заагаагүй бол 47 дугаар зүйлийг хэрэглэх тухай заасан. Өмнөх 2 тушаалын хувьд нарийвчилсан зохицуулалт байхгүй учраас Төрийн албаны хуулийг хэрэглэх ч 3 дах тушаалын хувьд өөр буюу нарийвчилсан зохицуулалт байгаа. Хяналт шалгалт явуулах журам нээлттэй байхгүй, надад хуулбар нь байгаа учраас нотлох баримтаар гаргаж өгч чадаагүйг дурдах нь зүйтэй байх. Хяналт шалгалт явуулахдаа удирдамжид зааснаас хэтрүүлсэн. Хяналт шалгалтын ажлын хэсгээс Жагийн гомдлыг шалгахад зөрчил илэрсэнгүй гэсэн боловч Жад холбогдуулан гаргасан асуудлаар огт мэдээлэл өгөөгүй. Энэ нь хяналт шалгалтын журмыг зөрчсөн буюу энэ талаар ямар нэг удирдамж, төлөвлөгөө гаргаагүй, хариуцагчаас нотлох баримтаар гаргаж өгөөгүй. Мөн нэгжийн албан хаагчдад танилцуулаагүй. Жагийн хувьд тус журамд заасан эрхүүдээ хэрэгжүүлэх боломжийг олгоогүй. Энэ нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болно. Албанаас халах тухай шийдвэр гаргах процесс журам мөн зөрчигдсөн. Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5-д заасан хуульд үндэслэх зарчмыг биелүүлээгүй буюу буруу хуульд үндэслэсэн, дүрэм журамд заасан процессын дагуу нээлттэй, ил тод, эрх ашгаа хамгаалах нөхцөлөөр огт хангаагүй, урьдчилан мэдэгдэж оролцоог нь хангаагүй байна гэв.
3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., Н.На нар шүүх хуралдаанд бичгээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Жа нь тус байгууллагын харьяа Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа нэр бүхий алба хаагч нарт холбогдуулан гаргасан өргөдлийг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар уламжлуулан 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 01/2429 дугаар албан бичгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт ирүүлсэн. Ерөнхий газрын даргын өгсөн үүргийн дагуу Хяналт шалгалт, үнэлгээ-дотоод аудитын газраас Б.Жагийн гомдлын дагуу шалгалтын ажиллагааг явуулсан бөгөөд гомдолд дурдсан асуудал тогтоогдоогүй талаарх хариуг нэхэмжлэгчийн оршин суух хаяг болох Өвөрхангай аймаг Арвайхээр сумын 13 дугаар баг 503-29 хаягт хүргүүлсэн. Харин Б.Жа нь Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаандаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий даргын 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн баталсан албан тушаалын тодорхойлолтод заасан зорилт, зорилгыг хэрэгжүүлж ажиллаагүйн улмаас 2024 онд Өвөрхангай аймаг дахь прокурорын газраас удаа дараа прокурорын шаардлага, зөрчил арилгуулах албан бичгийг хүргүүлжээ. Үүнд:
-2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Ц-1/62 дугаар албан бичгээр 2023 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн 24/6А дугаартай тогтоолоор хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан этгээд болох Б.Буын хяналтын хугацааг буруу бодож, үндэслэлгүйгээр дуусгавар болгож, ялтанд давуу байдал олгож Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 155 дугаар зүйлийг зөрчсөн тул тус алба хаагчид хариуцлага тооцож ирүүлэх тухай албан бичиг;
-2024 оны 2 дугаар сард Зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль тогтоомжийн дагуу хэрэгжиж байгаа эсэх шалгалтын ажиллагаа явуулахад зөрчил илэрсэн тул 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаар прокурорын шаардлага;
-2024 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн Ц-1/211 дүгээр албан бичгээр хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн тэнсэж шийдвэрлэсэн Б.Сд холбогдох 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 118 дугаартай гүйцэтгэх хуудсыг 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авсан боловч 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоол үйлдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 153.2, 185 дугаар зүйлийн 185.2 дугаар заалтыг зөрчсөн тул буруутай албан тушаалтанд хариуцлага тооцох албан бичиг;
-2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Ц-1/393 дугаар албан бичгээр эрх хасах ял шийтгүүлсэн ялтнуудын ял эдлэлтийн байдлыг 2024 оны 4 дүгээр сарын байдлаар шалгахад ахлах болон шийдвэр гүйцэтгэгч нараас ялтанд олгосон эрхийг эрх бүхий байгууллагаас хасахдаа ял эдлэх хугацааг буруу тооцсон нөхцөл байдалд дүгнэлт хийлгээгүй, зөрчлийг засуулах арга хэмжээ аваагүй тул зөрчил арилгуулах бичиг;
-Тэнсэх албадлагын арга хэмжээ авагдсан этгээдүүдийн хувийн хэрэг материалтай танилцахад хууль болон журмын хэрэгжилтийг хангаж ажиллаагүй зөрчил илэрсэн тул 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 11 дүгээр, 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 14 дүгээр прокурорын шаардлага тус тус хүргүүлсэн байна.
Дээрх зөрчлүүдийг үндэслэн Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б/29 дүгээр тушаалаар Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгч, хошууч Б.Жаг ял болон албадлагын арга хэмжээ хэрэгжүүлэх ажиллагааг мэргэжил арга зүйгээр хангаагүй, хууль болон албан тушаалын тодорхойлолтоор хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн үндэслэлээр албан тушаалын цалингийн хэмжээг 1 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Мөн тус прокурорын газраас Хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэл тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хүнд хяналт тавих шийдвэр гүйцэтгэх ажиллагааг холбогдох хууль болон журмын нийцэж байгаа эсэхийг 2024 оны 08 дугаар сарын байдлаар шалгахад зөрчил илэрсэн тул 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 573 дугаар зөрчил арилгуулах албан бичиг;
-Хуулийн этгээдийн эрх хасах албадлагын арга хэмжээ хэрэгжүүлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг холбогдох хууль болон журамд нийцэж байгаа эсэхийг 2024 оны 08 дугаар сарын байдлаар шалгахад зөрчил илэрсэн тул 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 15 дугаар прокурорын шаардлага;
-Хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ авсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомжийн хэрэгжилтийг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 23-ны байдлаар шалгахад хуулийг нэг мөр хэрэгжүүлээгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулсан зөрчил илэрсэн тул 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 673 дугаар зөрчил арилгуулах албан бичиг;
-Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоосон этгээдэд тавих хяналт хуульд заасан хугацааны журмын дагуу хэрэгжиж байгаа эсэхийг 2024 оны 11 дүгээр сарын байдлаар шалгахад зөрчил илэрсэн тул 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Ц-1/958 дугаар албан бичгээр ажил сайжруулах үүрэг тус тус хүргүүлсэн байна.
Иймд Прокурорын байгууллагаас ирүүлсэн прокурорын шаардлага, зөрчил арилгуулах албан бичигт дурдсан зөрчлийг арилгах, тогтмол хяналт тавьж ажиллах талаар удаа дараа удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, ажилдаа хайхрамжгүй хандсан тул Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/34 дугаар тушаалаар Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгч, хошууч Б.Жаг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, хугацааны өмнө суллаж хяналт тогтоосон этгээдэд тавих хяналт хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгжиж буй эсэхийг шалгахад тэнсэгдсэн этгээдийн хувийн байдлын талаарх мэдээллийг гаргаагүй, уулзалтын тэмдэглэлийг олшруулан, бүртгэлд ирээгүй ялтныг ирснээр бүртгэж, тэмдэглэлийг ашигласан, ажил эрхлэлтийн талаар холбогдох байгууллагаас тодорхойлолт аваагүй, сум, багийн засаг даргатай тэнсэгдсэн этгээдийн талаар харилцан мэдээлэл солилцоход чиглэсэн тодорхой ажил зохион байгуулаагүй зэрэг зөрчил гаргаж, албан тушаалын тодорхойлолтоор хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн тул нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах сахилгын шийтгэл ногдуулсан.
Мөн Хяналт шалгалт, үнэлгээ-дотоод аудитын газраас албан шалгалт явуулах явцад Б.Жа нь Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 118 дугаар шийтгэх тогтоолоор Н.Б*******гээс нийт 50,090,006 төгрөгийг гаргуулах Төв аймгийн Заамар сумын Засаг даргын тамгын газарт олгуулах шийдвэртэй шийтгэх тогтоолыг тус газрын архив, бичиг хэргийн ажилтнаар дамжуулан хүлээн авсан боловч тухайн эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоол үйлдээгүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсгийг, Н.Б******* шийтгэх тогтоолд дурдсан төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй байхад бүрэн төлж барагдуулсан гэх 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 02/1033, 02/1034 дугаар албан бичгийг 2 удаа боловсруулж, хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ авагдсан этгээд болох Н.Б*******д өгсөн нь Шүүхийн шийтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.1.4 дэх заалтыг ноцтой зөрчсөн нь тогтоогдсон.
Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 277 дугаар зүйлийн 277.1.1-д өргөсөн тангараг, сахилга, ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн гэж тус тус заасны дагуу албанаас халах сахилгын шийтгэл ногдуулахаар хуульчилсан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн сахилга, ёс зүйн дүрмийн 5.3-т энэ журмын 5.2-д заасан ноцтой зөрчил гэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн сахилга, ёс зүйн дүрэм, Хөдөлмөрийн дотоод журамд заасан шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нэр хүндийг гутаах, эд хөрөнгийн хохирол учруулах зэргээр албаны сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг санаатай бий болгосон, ёс зүйн дүрэм зөрчсөн сахилга, ёс зүйн хэм хэмжээг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ гэж заасан.
Б.Жа нь албан тушаалын тодорхойлолт болон хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдаас авлига авсан, бусдад давуу байдал олгосон нь албаны шалгалтаар тогтоогдож, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13, 37.1.18, 39 дугаар зүйлийн 39.1.2, 39.1.4, 47 дугаар зүйлийн 47.1.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 10 дугаар зүйлийн 10.1, 262 дугаар зүйлийн 262.1.5, 280 дугаар зүйлийн 280.1, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5, 7.1.7 дахь заалт, Хяналт шалгалт, үнэлгээ-дотоод аудитын газрын саналыг тус тус үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/62 дугаар тушаалаар төрийн албанаас халсан.
Өвөрхангай аймаг дах шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хяналтад тэнсэх албадлагын арга хэмжээ авагдсан этгээдүүдээс бэлнээр мөнгө болон шан харамж авсан гэх Б.Жагийн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 07/3326 дугаартай албан бичгийг Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн. Авлигатай тэмцэх газарт нэхэмжлэгч Б.Жа нь Хяналт шалгалт, дотоод-үнэлгээ аудитын газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга, дэд хурандаа О.Нахад холбогдуулан гомдол гаргаж, тус газрын Мөрдөн шалгах хэлтсээс уг гомдлын дагуу мөрдөн шалгах ажиллагааг явуулсан бөгөөд тухайн гомдолд Өвөрхангай аймгийн Прокурорын газарт хяналт тавьж ажилласан байх тул хэрхэн шийдвэрлэгдсэн эсэх талаар шийдвэр одоогоор гараагүй байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсээс захиргааны шийдвэрийн төсөлтэй танилцуулахаар Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасны дагуу Б.Жагаас тайлбар, саналыг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр тодруулахад албан бичиг хуурамчаар үйлдэж бусдад давуу байдал олгосон нь үнэн, авлига авснаа хүлээн зөвшөөрөхгүй байна. Зөрчлүүдээ арилгасан өөр төрлийн арга хэмжээ авхуулаад албан тушаалдаа үлдэх боломж уу? гэж санал хэлсэн байна. Мөн тус хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/62 дугаар тушаалыг 21:00 минутад биечлэн танилцуулж, гарын үсэг зуруулж баталгаажуулсан.
Иргэн Б.Жа Төрийн албаны тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Авлигын эсрэг хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн сахилга, ёс зүйн дүрмийн хориглосон хэм хэмжээг удаа дараа зөрчсөн үйлдэлд албанаас халах сахилгын шийтгэл оногдуулсан байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/62 дугаар тушаал нь хууль зөрчөөгүй тул Б.Жагийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эхний зөрчлийн хувьд иж бүрэн шалгадаг төлөвлөгөөт шалгалт орсон. Тус шалгалтаар хамгийн их нь буюу 16 зөрчил нь Хорихоос өөр төрлийн ял оногдуулах хэсэгт илэрсэн. Нэхэмжлэгч сая худлаа ярьсан, эсвэл андуурсан байх. Жагийн хувьд хөрөнгө орлого хураах, албадлагын арга хэмжээ авахдаа зөрчлүүд гаргасан учраас түүнд 11 дүгээр сарын 6-ны өдөр сахилгын шийтгэл оногдуулсан. Хоёр дахь зөрчлийн хувьд нэхэмжлэгч шаардлагатай ажиллагаануудыг хийхдээ алдаа гаргасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186дүгээр зүйлийн 186.2-ийн 5 дахь заалтыг хэрэгжүүлж ажиллаагүй, 189 дүгээр зүйлийн 189.5 дах заалтыг зөрчсөн байна гээд даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэгдсэн. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн албан тушаалын тодорхойлолтын 1 дүгээр зорилт дээр мэдээлэл солилцох, цахим сан бүрдүүлэх, 5 дугаар зорилт дээр нэгдсэн удирдлагаар хангаж, зохион байгуулалттай арга хэмжээ авч хэрэгжүүлэх гэх мэт дурдагдсан байгаа. Тиймээс миний ажил үүрэг биш гээд байгаа нь ойлгомжгүй. Тэмдэглэлд бичигдсэнээр Ц*******р дарга "Ганц нэг процессын асуудал бол байна, гэтэл таны гаргасан зөрчил ямар аймар юм байлаа, аймгийн ерөнхий прокурор та бид хоёрт үзүүлсэн биз дээ. Ярьж хэлж байгаа шигээ ажлаа хиймээр байна шүү" гэхэд Жа "Ойлголоо" гэсэн. Ингээд нийт ажилтанд зарлах хэлбэрээр сануулах арга хэмжээ авсан. Нэхэмжлэгч тус тушаалтай танилцаагүй гэдэг ч газрын даргын хуралдааны хөтөлбөр дээр гарын үсгээ зурсан. 3 дахь арга хэмжээ буюу 1 дүгээр сарын 20-ны тушаалын хувьд, нэхэмжлэгчийн гомдолд дурдсан хүмүүсээс тодруулга тайлбар авсан, шалгалт явуулсан, бусад албан тушаалтан шан харамж авдаг тухай гомдлыг нь шалгахад зөрүүлээд Жаг шан харамж авдаг тухай мэдээлэл өгсөн. Хянан шалгах ажлын хэсгийн дарга Нах Жагаас дахин тайлбар авсан тэмдэглэл байгаа. Б******* гэдэг хүнээс бэлэн мөнгө авсан ч тэмдэглэл үйлдээгүй нь н.Б*******гийн мессежийн зургаас харагддаг. Бусад хүнээс бас бэлнээр мөнгө аваад байдаг. Бусдаас мөнгө авсан, бусдад давуу байдал олгосон нь тогтоогдсон, зөрчлүүд илэрсэн учраас нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хууль болон үүрэг, хориглох хэм хэмжээг зөрчиж, өргөсөн тангаргаа зөрчсөн тул 3 дахь тушаалыг гаргасан. Нэхэмжлэл гаргасан, төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан зэрэг үйл баримтаар уг тушаалтай танилцаагүй гэдэг нь үгүйсгэгдэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Дөрөв. Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн тухайд:
4.1.Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс шүүхэд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
4.2. Нэхэмжлэгчийн зүгээс ...өмнө 2 удаа хариуцлага тооцсон болохыг мэдээгүй, прокурорын албан шаардлагад дурдсан асуудлыг дор бүр нь хийж гүйцэтгэсэн, өөрийн үндсэн ажил болох ахлах шийдвэр гүйцэтгэгчийн хувьд ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэхгүй...хэмээн маргасан.
4.3.Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б/29 дүгээр тушаал[21], 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/34 дүгээр тушаалаар[22] тус тус Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Жад сахилгын шийтгэл ногдуулсан үйл баримтыг тэрээр энэ талаар мэдээгүй, миний ажлын чиг үүрэгт хамаагүй гэх тайлбар маргаж байгаа нь үнэн нийцсэнгүй.
4.4. Хавтаст хэрэгт авагдсан Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчийн албан тушаалын тодорхойлолтын зорилт хэсгийн 1-д Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааг нийслэлийн хэмжээнд зохион байгуулах, 2-т Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааны чиглэлээр холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах, харилцан мэдээ, мэдээлэл солилцох , 5-т Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч нарыг нэгдсэн удирдлагаар хангаж, зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх хэмээн тодорхойлсон байгаагаас үзэхэд Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б/29 дүгээр тушаал гарах үндэслэл болсон ...ял болон албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх ажиллагааг мэргэжил арга зүйгээр хангаагүй гэх зөрчил, 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/34 дүгээр тушаал гарах үндэслэл болсон ...тэнсэгдсэн этгээдийн хувийн байдлын талаарх мэдээллийг гаргаагүй, уулзалтын тэмдэглэлээ бусад этгээдэд олшруулан ашигласан, ажил эрхлэлтийн талаар холбогдох байгууллагаас тодорхойлолт аваагүй, сум багийн засаг даргатай тэнсэгдсэн этгээдийн талаар харилцан мэдээлэл солилцоход чиглэсэн тодорхой ажил зохион байгуулаагүй гэх зөрчлүүд нь Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчийн албан тушаалын тодорхойлолтод заасан албан тушаалын гүйцэтгэх чиг үүрэгт хамаарч байна.
4.5.Мөн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 15 дугаартай Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын зөвлөлийн хуралдааны тэмдэглэлд хурандаа Ч.Ц*******р ...2024 онд албадлагын арга хэмжээг та өөрөө хариуцаад хийж байх үедээ ийм зөрчил дутагдал гаргасан тул таны хариуцлагын асуудал. Ганц нэг процессын алдаа бол байна. Гэхдээ таны гаргасан зөрчил ямар аймаар юм байлаа. Ерөнхий прокурор та бид хоёрт үзүүлсэн биз дээ. 2025 онд хэн нь ямар ажлаа хариуцаж, хэрхэн ажиллах талаар тодорхой болгож, ажил үүргийн хуваарь боловсруулж, үндэслэл судалгаатай оруулж ирж танилцуул гэхэд дэд хурандаа Б.Жа Ойлголоо гэсэн тэмдэглэл хавтаст хэрэгт авагдсан байх ба тухайн бичгийн нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь ахлах шийдвэр гүйцэтгэгчийн ажил, үүргийг хэрэгжүүлэх хугацаанд ямарваа нэгэн сахилгын арга хэмжээ авагдаж, зөрчил гаргаж байгаагүй гэсэн нь үндэслэлгүй юм.
4.6. Нэхэмжлэгчийн зүгээс дээрх тушаалуудад Монгол улсын хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/183 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн сахилга, ёс зүйн дүрэм-ийн 10.1-т Алба хаагч сахилгын шийтгэл ногдуулсан тухай салбар нэгжийн даргын шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ тухай гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад 14 хоногийн дотор гаргах эрхтэй гэж заасны дагуу гомдол гаргах эрхтэй байсан[23] боловч дээрх хугацааны дотор нэхэмжлэгч тус эрхээ хэрэгжүүлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын Б/29, Б/34 дүгээр тушаалуудтай маргаагүй.
4.7.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын Б/29, Б/34 дүгээр тушаалуудыг эс зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэхэд тус шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2 дахь хэсэгт заасан тухайн шүүхийн харьяаллын бус үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан, уг захирамжид нэхэмжлэгчийн зүгээс гомдол гаргаагүй тул эдгээр тушаалууд хуулийн хүчин төгөлдөр шийдвэр болсон, түүнийг шүүх хууль бус гэж дүгнэн хүчингүй болгох боломжгүй.
4.8. Нэхэмжлэгчээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/62 тоот тушаалтай холбогдуулан ...тушаалыг гардуулаагүй, сонсох ажиллагаа хийгээгүй, ...мэдэгдэх хуудсанд гарын үсэг зураагүй, хоосон цаасан дээр гарын үсэг зурсан, дээр нь юу нэмж бичсэнийг би мэдэхгүй... гэж тайлбарлан маргасан боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1289 дугаар дотоод албан бичгийн дагуу Б.Жаг албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тушаалын төслийг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Захиргааны шийдвэрийн төсөл танилцуулах хуудас үйлдэн Б.Жа танилцуулахад тэрээр гарын үсэг зурахаас татгалзсан тул төсөл боловсруулсан албан тушаалтан Б.Ц*******н нь гарын үсэг гэсэн хэсэгт Тушаалын төслийг танилцуулахад: ...Авлига авсан гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байна. Зөрчлүүдээ арилгасан, өөр төрлийн арга хэмжээ аваад албан тушаалдаа үлдэж болох уу? Тэтгэвэрт гарах хугацаа дөхсөн. Албан бичиг хуурамчаар үйлдэж давуу байдал олгосон нь үнэн. Миний гомдлыг авч хэлэлцэхгүй атлаа намайг өөр шалтгаанаар шалгасанд гомдолтой байна. Урьд нь ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөхөд хүлээн авдаггүй, байнга дээрэлхэж дарамталдаг. Тоглоом хийж байгаа эсвэл үүрэг өгч байгаа нь мэдэгддэггүй. Мэдүүлэг өгсөн иргэнтэй цуг байлцуулаагүй. Миний данс руу орсон мөнгө болгоныг би авсан гэсэн үг биш. Хяналт шалгалт хийсэн өдрөөс хойш албан бичиг цохогдоогүй, өгөхгүй байгаа гэсэн болно хэмээн тэмдэглүүлсэн байгаа, тус мэдэгдэх хуудас нь гар бичмэл бус компьютер дээр бичигдсэн зэргээр Б.Жагийн тайлбар няцаагдсан.
Өөрөөр хэлбэл хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт ...Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ гэж заасан ажиллагааг хийсэн байна.
4.9.Нөгөөтээгүүр тус тушаалын хууль зүйн үндэслэлийг эс зөвшөөрч маргах боловч шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсан үйл баримт болох Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хяналтад тэнсэх, албадлагын арга хэмжээ эдэлж байгаа П.Л*******вээс нийт 4.700.000 төгрөгийг бэлнээр авахдаа бэлэн мөнгө хүлээн авах актыг үйлдээгүй гэх зөрчлийн хувьд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107.1 дэх хэсэгт Шийдвэр гүйцэтгэгч төлбөрт бэлэн мөнгө хүлээн авах, түүнийг төлбөр авагчид олгохдоо энэ тухай баримтыг хоёр хувь үйлдэж, үйлдсэн он, сар, өдрийг бичиж, гарын үсэг зуруулан, төлбөр төлөгчид нэг хувийг өгч, нэг хувийг нь хувийн хэрэгт хавсаргана гэж заасан зөрчил хамаарч байх бөгөөд нэхэмжлэгчийн энэ үйлдэл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хяналт шалгалт, үнэлгээ-дотоод аудитын газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга, дэд хурандаа О.Нах Д.Л*******вээс авсан ...Одоогийн байдлаар бол Б.Жад бэлнээр 4,700,000 төгрөгийг өгсөн байна, ...Б.Жад бэлэн мөнгө өгөхдөө шууд л май гээд гараас гарт өөрт нь өгч, өгүүлж байсан. Мөнгө өгчхөөд ямар нэгэн акт үйлдэж өгч байсан зүйл огт байхгүй гэх тайлбар[24], Д.Загарзүсэмийн өгсөн тайлбар[25], 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б.Жагийн гарын үсэгтэй дахин тайлбар авсан тэмдэглэлд түүний Хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээг төлөх болно гэж Д.Л*******вээс 4 сая гаран төгрөг бэлнээр авч хувьдаа ашигласан гэх тайлбар[26] зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
4.10. Түүнчлэн Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолын[27] дагуу тэнсэх, хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ оногдуулсан Н.Б*******д эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахгүй байж, улмаар хувийн харилцаа тогтоон, хамаарал бүхий этгээдүүдийн дансаар дамжуулан нийт 4.100.000 төгрөгийн шан харамж авсан, мөн Н.Б******* нь хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээг бүрэн биелүүлээгүй байхад бүрэн биелүүлж дууссан талаарх албан бичгийг төлөвлөсөн гэх зөрчлийн хүрээнд 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 02/1033 дугаартай албан бичигт Н.Б******* нь ...хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ авагдаж 31.0150.000 төгрөгийг улсын орлогод оруулахаар заасныг бүрэн биелүүлж дуусгавар болсон тул гэж[28], Н.Б*******гийн өөр өөр данс руу мөнгө шилжүүлсэн баримтууд[29], Б.Жатай бичсэн зурвасууд[30] зэрэг нотлох баримтууд хэрэгт нотлох баримтаар авагдаж, бэхэжжээ.
4.11.Мөн тэнсэх албадлагын арга хэмжээ эдэлж байсан иргэн Б.Б*******м, Д.Т*******л тус бүрээс 50.000 төгрөг, нийт 100.000 төгрөгийг бэлнээр авч хувьдаа ашигласан гэх зөрчлийн хүрээнд 2024 оны 12 дугаар сарын 19-ны өдөр Б.Т*******лээс авсан тайлбар[31], 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б.Жагийн гарын үсэгтэй дахин тайлбар авсан тэмдэглэлд түүний ...Тус газрын хяналтад тэнсэх албадлагын арга хэмжээ эдэлж дууссан Б*******маас тус газрын 103 тоот өрөөнд бэлнээр 50.000 төгрөг (хугацааг тодорхой санахгүй байна), Т*******лээс тус газрын зүүн хойд талд байрлах МТ шатахуун түгээгүүрийн газрын ойролцоогоос бэлнээр 50.000 төгрөгийг тус тус авсан гэх тайлбар[32] хэрэгт авагдсан бөгөөд нэхэмжлэгчээс бэлэн мөнгө аваагүй хэмээн маргаагүй бөгөөд үүнтэй холбоотойгоор тайлбар, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй зэргээс үзэхэд дээрх зөрчлүүдийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.
4.12.Хариуцагч дээрх тогтоогдсон зөрчлийн үндэслэлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 273 дугаар зүйлийн 273 дугаар зүйлийн 273.1-д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч нь энэ хуулийн 271, 272 дугаар зүйлд зааснаас гадна Төрийн албаны тухай хуульд заасан нийтлэг эрх, үүргийг хэрэгжүүлнэ гэж зааснаас үзэхэд Б.Жа нь Төрийн албан хаагчийн болохын хувьд Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх нийтлэг үүрэг хүлээх, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2-т өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх, 37.1.7-д төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх, 37.1.8-д өөрийн мэдлэг, чадвараа байнга хөгжүүлж, хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээх, 37.1.13-т албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах, 39 дугаар зүйлийн 39.1-д Төрийн албан хаагч хуульд зааснаас гадна дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно, 39.1.2-т албаны эрх мэдлээ хэтрүүлэх, 39.1.4-д албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн бусдыг аливаа хэлбэрээр хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах, түүнчлэн дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт үзүүлэх гэж тус тус заасан төрийн албан хаагчийн үйл ажиллагаандаа ёсчлон мөрдөх, дээдлэх нийтлэг эрх, үүргийг зөрчсөн хэмээн баримталсан хууль зүйн үндэслэл зөв байна.
4.13.Тэр дундаа маргаан бүхий актад Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас хална, 47.1.1-д хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх зохицуулалт баримталсан нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд хуулийн дээрх зохицуулалтад заасан удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх нөхцөл нь албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хоёр буюу түүнээс дээш хангалтгүй биелүүлсэн нь зохих ёсоор нотлогдож, тогтоогдсон байхыг ойлгох ба нэхэмжлэгч нь өөрийн албан тушаалын чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлсний улмаас 2 ба түүнээс дээш удаа сахилгын шийтгэл авсан нөхцөлөөс үзэхэд маргаан бүхий тушаал нь зорилгодоо бүрэн нийцжээ.
4.14.Иймээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ...ажлын хэсэг гомдолд дурдаагүй асуудлыг шалгаж, албаны шалгалт явуулах журмыг зөрчсөн хэмээх... тайлбарыг шүүхээс ажлын хэсгийн зүгээс зөвхөн гомдлоор заасан асуудлаар хязгаарлан бусад зөрчлийг орхигдуулах нь Төрийн албаны мөн чанартай нийцэхгүй гэж, маргаан бүхий актад Төрийн албаны тухай хуулийг баримтлах ёсгүй тухайн харилцааг нарийвчилсан зохицуулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг баримтлаагүй тул маргаан бүхий акт хууль ёсны биш, хүчингүй болох ёстой ...гэх тайлбарт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 273 дугаар зүйлийн 273.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч нь энэ хуулийн 271, 272 дугаар зүйлд зааснаас гадна Төрийн албаны тухай хуульд заасан нийтлэг эрх, үүргийг хэрэгжүүлнэ заасан тул энэ тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлд заасан Төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь халах зохицуулалтыг баримталсан эсэхээ үл хамаарч нэхэмжлэгчийн зөрчил үйлдсэнийг үгүйсгэх үндэслэл болохгүй гэж няцаахаар байна.
4.15. Иймд дээрх үндэслэлээр маргаан бүхий 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/62 дугаар тушаалыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 273 дугаар зүйлийн 273.1, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.7, 37.1.13, 47 дугаар зүйлийн 47.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс гаргасан Шүүхийн
шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/62 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, цэргийн дэд хурандаа цолыг олгохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, улсад ажилласан хугацааг нөхөн тооцуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТБААТАР