Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 399

 

   

                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   

                          

 

 

 

 

                   

                      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

           

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Буянхишиг хөтлөн

улсын яллагч Н.Ням-Очир

шүүгдэгч /хохирогч/ Г.О

шүүгдэгч /хохирогч/ Д.Ц

нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1705001970270 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 12 дугаар сарын 22-нд Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6; нөхөр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 9 дүгээр хороо,  …. дугаар гудамж ... тоотод оршин суух, ялгүй, ........... дугаарын регистртэй, Мэрхэд овогт Гын О

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1964 оны 4 дүгээр сарын 8-нд Говь-Алтай аймгийн Алтай суманд төрсөн, 54 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, ам бүл 6; нөхөр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хороо,..... хороолол, …. дугаар байр …. тоотод оршин суух, ялгүй, .......... дугаарын регистртэй, Жадран овогт Дгийн Ц

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Г.О нь 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хархорин” худалдааны төв, 32 дугаар автобусны буудлын хажуу талын лангууг ажиллуулдаг хохирогч Д.Цтэй маргалдаж, улмаар харилцан зодолдож, түүний бие махбодид хөнгөн хохирол учруулсан

 

шүүгдэгч Д.Ц нь 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хархорин” худалдааны төв, 32 дугаар автобусны буудлын хажуу талын лангууг ажиллуулдаг хохирогч Г.Отэй маргалдаж, улмаар харилцан зодолдож, түүний бие махбодид хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

 

Шүүгдэгч /хохирогч/ Г.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болохоор би шүүгдэгчийн хувиар дахин мэдүүлэхгүй. Ц гуай бид хоёр бие биенээ тэгж их айхтар цохиж зодсон зүйл болоогүй. Лангуунаас болж маргалдаад, би эхэлж үсдээд, дараа нь Ц намайг бас үсдээд, тэгээд тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгасан.

Хохирогчийн хувьд гомдол санал байхгүй, одоо нэхэмжлэх зүйлгүй. Ц гуайн хэлж байгаа үнэн. 2017 оны 10 дугаар сард бид хоёрыг мөрдөн байцаагч Дөлбадрах дуудаад нэг баримт дээр гарын үсэг зуруулахдаа хугацааг нь 8 дугаар сараар бичүүлнэ гээд байсан. Бас бид хоёрыг бие биенээсээ мөнгө өгч авсан, гомдолгүй гэсэн утгатай зүйл бич гээд байсан. Үнэн хэрэгтээ бид хоёр хэн хэндээ мөнгө өгч аваагүй. Би 3 дугаар анги төгссөн. Бичихдээ муу, гэхдээ уншиж чадна, уншсанаа сайн ойлгодог. Түүнээс биш намайг бичиг үсэг мэдэхгүй гэж доромжилж байгаа юм шиг ярьж болохгүй. Тухайн үед мөрдөн байцаагч Дөлбадрах нь хэргийн материалтай танилцсан гэсэн баримт дээр юм бичүүлэхэд би Ц гуайгаар бичүүлээд, дараа нь би өөрөө уншиж, гарын үсгээ зурсан. Энэ зурсан гарын үсэг минийх мөн байна. Бас бичсэн бичиг нь Цийнх мөн.

Надад аль болох мөнгөн ял оногдуулж өгнө үү. Надад өмгөөлөгч авах шаардлага байхгүй гэв.

 

Шүүгдэгч /хохирогч/ Д.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Болсон хэргийн талаар нэг их яриад байх зүйл юу байхав дээ. Гэхдээ энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн ажиллагаа байгаа. Юу гэхлээр миний мэдүүлэг хавтаст хэргийн 37-39 дүгээр хуудсанд байдаг. Үүнийг худлаа бичсэн байна. Би Оийг цохиж зодоогүй. О эхлээд миний хүү рүү гутал шидэхээр нь би хүүгээ хамгаалсан. Тэгээд намайг үсдэж татахаар нь би мөн адил үснээс нь зулгаасан. Үснээс нь зулгаасан гэдгээ хүлээн зөвшөөрнө. Харин зодсон зүйл байхгүй. Түүнээс гадна мөрдөн байцаагч Дөлбадрах 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдөр О бид хоёрыг дуудаад, өрөөндөө оруулж зэрэгцүүлж суулгаж байгаад та хоёрыг хоёуланг чинь хэрэгт татсан байгаа, хэн хэндээ хохирлын мөнгө төгрөг өгөлцсөн, одоо гомдол саналгүй гэдгээ бичиж өг гээд бас хэргийн материалтай танилцсан хугацааг нь 8 дугаар сарын 6-ны өдрөөр гэж бичүүлэх гээд байсан. Энэ О бол ямар ч бичиг үсэг мэддэггүй юм билээ. Тэгээд би Оийн өмнөөс гомдол, санал энэ тэргүй гэж бичиж өгөөд гарын үсгийг нь мөрдөн байцаагчийн дэргэд өөрөөр нь зуруулсан. Тэдгээр баримтууд нь саяны үзүүлсэн баримтууд мөн байна. Миний бичсэн бичиг мөн байна. Би Оийг бичсэн болгож, өөрийнхөө бичгийн хэвийг арай өөрчлөх маягтай, жаахан жижигрүүлээд бичиж байсан. Бас балаа сольж, өөр өнгийн балаар бичсэн байгаа. Энэ бүгдийг би байцаан шийтгэх хуулийн зөрчил гэж үзэж байна.

Хохирогчийн хувьд гомдол санал, Оөөс одоо нэхэмжлэх зүйлгүй. Үсдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрнө. Надад өмгөөлөгч авах шаардлага байхгүй.

Хэргийн шийдлийн хувьд хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байсан юм. Миний хоёрын хоёр хүүхэд маань оюутан, түүнчлэн бид нар байрны зээл төлдөг. Тийм болохоор 450.000 төгрөгийн торгох ялыг төлөхөд хэцүү байна. Шүүгдэгч Оийн хувьд ч гэсэн олон нялх хүүхэдтэй болохоор 450.000 төгрөг төлөхөд нь хэцүү байгаа байх гэж би бодож байна гэв.

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон

Дгийн Ц “… 12 цагийн орчимд би хүүгийнхээ түрээслэдэг дэлгүүр дээр очиход хүүгийн дэлгүүрийн бараа ирж байсан, тэгэхээр нь би хажуу талд гар дээрээс наймаа эрхэлдэг 25-аас 30 орчим насны эмэгтэйд та бараагаа цаашлуулчих дэлгүүрийн бараа зөөх гэж байна гэж хэлсэн. Тэгэхэд тэр эмэгтэй намайг үл ойшоосон байдалтай, хэл амаар доромжилж дайраад, би тэр эмэгтэйтэй хэл амаа ололцох гэж ярилцаад болохгүй байсан. Тэр үед манай хүүхэд дэлгүүрээс гарч ирэхэд нөгөө эмэгтэй зарж байсан гуталнуудаа шидсэн. Би салгах гэж тэр хоёрын дундуур ороод тэр эмэгтэйг түлхэхэд нөгөө хүүхэн үгийн зөрүүгүй намайг үсдээд доош дарахаар нь би адилхан зөрүүлээд үсдсэн. Гэтэл тэнд байсан гар дээрээс наймаа эрхэлдэг хүмүүс бид хоёрыг бүчээд авсан. Нэг мэдэхэд миний цамцнаас нэг хүн боогоод боолт бага зэрэг орсон. Нөгөө эмэгтэй салаад яваад өгсөн. Би 102-д дуудлага өгсөн.

Би өөрийгээ ямар хэрэгт яллагдагчаар татагдаж байгааг хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлгээ одоо өмгөөлөгчгүй өгнө. Мэдүүлэг өгөхөөс татгалзах зүйл байхгүй. Би гэм буруугаа ойлгож ухамсарлаж байна. Бид хоорондоо тохиролцож гомдол саналгүй болсон. Миний биеийн байдал зүгээр болсон. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.

Надад урьд өгсөн хохирогчийн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. Би Отэй сайн дураараа эвлэрсэн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг хөнгөнөөр шийдэж өгнө үү. Миний биед О үснээс зулгааж гэмтэл учруулсан. Өөр надад хүрсэн хүн байхгүй” /хх-н 7-8, 41-42, 56-57/ гэж,

Гын О “… 12 цагийн орчимд би өөрийнхөө зардаг гутал хувцсаа газар дээр дэлгэчихээд зогсож байхад над руу хажуу талын дэлгүүрийн залуу гуталнууд шидсэн. Тэгэхээр нь би гайхаад хартал тэр залуу намайг үсдээд гарнаас базаад үснээс зуураад дэлгүүр рүү гээ оруулсан. Тэр үед нөгөө залуугийн ээж нь дэлгүүр дотроо зогсож байснаа гэнэт намайг өшиглөөд, үснээс зуураад маажсан, харин тэр залуу миний үснээс зулгааж, өшиглөсөн. Тэгэхээр нь би босох гэж оролдоод ээжийнх нь үснээс татаад боссон. Тэр үед гаднаас хүмүүс дэлгүүр рүү нь орж ирээд бид хэдийг салгасан. Салгасан хүмүүс тэр залууг яагаад эмэгтэй хүн зодож байгаа юм бэ, чи эрийн муу эмд гэдэг гараад эрэгтэй хүнтэй зодолдооч гэж хэлсэн. Удалгүй нөгөө залуугийн аав нь гэх эрэгтэй хүн ирээд Баянгол дүүргийн цагдаа нарыг жижигрүүлдэг, чамайг бол алаад хаяна шүү гэж хэлээд над руу салаавч гаргаад, намайг цохих гэж гараа далайтал хажууд зогсож байсан эрэгтэй та болиоч эмэгтэй хүн рүү дайраад наад эмэгтэй чинь таны гарын аяыг даахгүй гэж хэлээд байж байхад цагдаа нар удалгүй ирсэн. Миний биед учирсан зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, үс халцрал уг ТҮЦ-ний залуу үснээс зулгааж учруулсан. Баруун бугалганд цус хуралт гэмтлийг ээж нь гэх хүн баруун бугалганаас базаж учруулсан.

Би өөрийгээ ямар хэрэгт яллагдагчаар татагдаж байгааг хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Би уншиж, бичиж чадна. Мэдүүлэг өгөхөөс татгалзах зүйл байхгүй. Би гэм буруугаа ойлгож ухамсарлаж байна. Дахин давтахгүй. Бид хоорондоо тохиролцож гомдол саналгүй болсон.

Би хүүг нь надтай хэрэлдээд ойрхон байсан учир хүүг нь үснээс зулгаасан гэж бодож байсан. Тэгээд би газар унаад эргээд босох үедээ толгой доошоо дарагдсан байсан учир гараараа тэмтэрч байгаад татаад зулгаагаад босоод иртэл Ц эгч байсан. Гэрч нарын мэдүүлгээс харахад Ц эгч миний биед гэмтэл учруулсан юм байна. Сүүлд нь Ц эгч ирээд бид нар эвлэрсэн. Бид нар одоо сайн харилцаатай, миний хувьд сайн дураараа эвлэрсэн учир бидний дунд ямар нэг маргаан байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” /хх-н 10-13, 39-40, 54-55/ гэж,

гэрч Б Б “… 2017 оны 7 дугаар сарын 22-ны өдөр манай ээж Хятад улс руу яваад бараа аваад ирсэн ба маргааш өдөр ээж бид хоёр 12 цагийн орчим тухайн үед түрээслэж байсан павилондоо түрүүлж орж ирээд хуучин бараагаа хураагаад шинэ бараанд зай гаргаж тавьтал ээж араас ирж байсан ба үүдэнд бараа тавьсан эгчтэй бараагаа цаашлуулж бай, би бараагаа оруулах гэсэн юм гэхэд нөгөө эгч чанга чанга хашгираад чадахгүй гээд байгааг сонссон. Тэгээд би павилоноос гараад тэр эгчид хандаж та яах гэж дээрэлхэж хэл амаар доромжилж байдаг юм бэ гэж хэлсэн. Тэгтэл нөгөө эгч чамд ямар хамаатай юм пизда минь гээд эхэлсэн. Тэгээд миний түрээслэж байсан лангуун дээр орж ирээд миний харалдаа зогсоод Энхцэцэг эгчийн гутлыг аваад над руу шидэхээр нь би өөрийгөө гараараа хамгаалсан. Би толгойгоо онуулахгүй гээд гараараа халхалсан. Тэгтэл ээж хараад нөгөө эгчийг чи цаашаа гар гээд түлхсэн. Тэгтэл ээжийг шууд үсдэж дарж аваад зөрүүлээд ээж бас үсдсэн. Би салгах гэсэн боловч бие биенээ үсдсэн дийлдэхгүй байсан. Тэгээд байж байтал гаднаас 4-5 хүн орж ирээд ээж болон нөгөө эгч үснээсээ зуурсан байсныг салгасан. Тэр үед миний түрээслэдэг байсан лангуутай хамт түрээслэж байсан Өлзийхүү эгч, Энхцэцэг ирж салгасан. Өөр бас танихгүй 3-4 эмэгтэй ирж салгасан. Тухайн үед ээжийн зулгаалгасан үс байсан боловч хаячихсан. Миний ээж О эгчтэй үсдэлцэж байхад гаднаас 3-4 хүн орж ирж салгасан. Тухайн үед харсан Энхцэцэг эгч, Өлзийхүү эгч тэр нь манай ээж, О эгч хоёрыг салгасан. Уг гэмтэл нь миний ээж Цтэй, О нь харилцан үсдэлцэж зулгаалцаж байх үедээ учруулсан гэмтэл байх. Манай ээжид гэмтэл учруулсан. Үнэндээ бол хоёр хүний зодоон болсон тухайн үед салгах гэсэн боловч дийлэхгүй байсан. Гаднаас 3-4 хүн орж ирээд тэр хоёрыг салгаж авсан. Түүнээс биш би Оөд огт гар хүрээгүй, би эмэгтэй хүнтэй зодолдох нь битгий хэл хэл хараалын үг хүртэл хэлж үзээгүй. Оөд гар хүрээгүй. Уг хэргийн гол эзэд нь манай ээж болон О хоёр юм. Надад ямар ч хамаагүй” /хх-н 69-71/ гэж,

гэрч Б Ө “… 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр үдээс өмнө Ц, О нар газраа булаацалдаад чи наашаа цаашаа зогс гээд хоорондоо хэрэлдээд байсан. Тэгж хэрэлдэж байснаа павилон дотор орж ирээд бие биенийхээ үснээс зулгаагаад гараасаа зулгаалцахаар нь тэр хавьд байсан хүмүүс салгасан. Би тэр үед нь хараад зогсож байсан. Түүнээс хойш дахин зодолдоогүй байх. Би тэр хоёрыг хоорондоо үснээсээ зулгаалцаж байхыг нь харсан. Ц, О хоёр хоорондоо үсдэлцээд зодолдоод байснаас биш Бат-Өлзий гэх хүү нь Отэй хэрэлдэж зодолдсон зүйл байгаагүй” /хх-н 73/ гэж,

гэрч П О “... 2017 оны 7 дугаар сарын 26-ны өглөө 10 цаг өнгөрч байхад павилон түрээслэдэг Ц эгч, бараа зардаг О нар газраа булаацалдаад байсан. Оийг бараагаа дэлгээд сууж байтал Ц эгчийн банди цаашаа зогссонгүй тэнэг авгай гээд хэрэлдээд Оийн гутлыг шидээд байсан. О бандийг нь 2-3 түлхсэн. Оийг банди нь заамдаж аваад хэрэлдээд байсан. Гэтэл цаанаас Ц эгч ирээд Оийн үснээс зулгаагаад павилон руугаа чирээд орсон. Павилон дотор юу болсныг бол хараагүй. О гарч ирэхдээ үснээсээ зулгаалгаад гээд үс нь арзайсан, халцарсан О Ц эгчтэй барилцаж аваад байсан” /хх-н 75/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Түүнчлэн нэр бүхий хохирогчдийн гэмтэлтэй холбоотой Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... Оийн биед зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, үс халцрал, баруун бугалганы цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринуулсан тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги нөлөөлөхгүй” гэсэн 9573 тоот /хх-н 15/,

Цийн биед зулайн хуйхны үс халцрал, хүзүү, баруун шууны зулгаралт, баруун бугалганы цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринуулсан тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги нөлөөлөхгүй” гэсэн 9574 тоот /хх-н 17/ дүгнэлтүүд гарсан байна.

Дээрх мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд нь шүүгдэгч Г.О, Д.Ц нарын гэм буруутай болохыг нотолно.

 

Өөрөөр хэлбэл гэмт хэрэг гарсан гэх үйл баримтыг дүгнэж үзвээс шүүгдэгч Г.О, Д.Ц нар нь худалдаа хийж байсан газрын талбайгаасаа болж хоорондоо маргалдан, улмаар бие биенийгээ үсдэх, чирэх хэлбэрээр ноцолдож, энэ байдлын улмаас тэдгээрийн хэн алины бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учиржээ.

Иймд прокуророос шүүгдэгч Д.Ц, Г.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллаж байгаа нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж шүүх дүгнээд тэдгээрийг тус бүр “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

 

Харин шүүгдэгч Д.Ц нь шүүх хуралдааны явцад “... мөрдөн байцаагч Дөлбадрах 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдөр О бид хоёрыг дуудаад, ... та хоёрыг хоёуланг чинь хэрэгт татсан байгаа, хэн хэндээ хохирлын мөнгө төгрөг өгөлцсөн, одоо гомдол саналгүй гэдгээ бичиж өг гээд бас хэргийн материалтай танилцсан хугацааг нь 8 дугаар сарын 6-ны өдрөөр гэж бичүүлэх гээд байсан. ... О бол ямар ч бичиг үсэг мэддэггүй юм билээ. Тэгээд би Оийн өмнөөс гомдол, санал энэ тэргүй гэж бичиж өгөөд гарын үсгийг нь мөрдөн байцаагчийн дэргэд өөрөөр нь зуруулсан. Тэдгээр баримтууд нь саяны үзүүлсэн баримтууд мөн байна. Миний бичсэн бичиг мөн байна. Би Оийг бичсэн болгож, өөрийнхөө бичгийн хэвийг арай өөрчлөх маягтай, жаахан жижигрүүлээд бичиж байсан. Бас балаа сольж, өөр өнгийн балаар бичсэн байгаа. Энэ бүгдийг би байцаан шийтгэх хуулийн зөрчил гэж үзэж байгаа ...” гэсэн агуулга бүхий тайлбар гаргасныг үгүйсгэхгүй.

 

Учир нь, хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Д.Ц, Г.О нарыг тус бүр хохирогчоор тогтоож, мэдүүлэг авсан /хх-н 6, 7-8, 9, 10-11/ мөртлөө үүнээс хойшхи цаг хугацаанд буюу 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр мөрдөгч нь Хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ. /хх-н 1/

Түүнчлэн хэргийг нэг мөрдөгчөөс нөгөө мөрдөгчид шилжүүлэх тухай тогтоолыг 2017 оны 8 дугаар сарын хэдний өдөр гаргасан нь тодорхой бус байна. /хх-н 2/

Улмаар 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол гаргасан байна. /хх-н 33, 34/

Энэ мэтчилэн зөрчил байхаас гадна, хэрэгт ямар ч ажиллагаа хийхгүйгээр хэргийг хэт удаан хугацаанд /нэг жил орчим/ мөрдөн шалгасан байгааг анхаарах нь зүйтэй.

Үүнээс гадна шүүгдэгч Г.О хэдийгээр бичиг бичиж чадахгүй, уншиж, уншсанаа ойлгоно гэх байдал, тэрээр хэргийн материал танилцуулсан баримт дээрх бичиглэлийг шүүгдэгч Д.Цээр бичүүлсэн гэдгээ, шүүгдэгч Д.Ц бичиж өгсөн гэдгээ тус тус хүлээн зөвшөөрч байгаа зэргийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэхгүй.

 

Нөгөөтэйгүүр дээрх зөрчил гэх байдлуудыг дахин засуулахаар хэргийг прокурорт буцааснаар тодорхой үр дүнд хүрэхгүй бөгөөд нэгэнт гэмт хэрэг үйлдэгдсэн үйл баримт нь шүүгдэгч нарын гэм буруугийн талаар маргахгүй байгаа, тухайн гэмт хэрэг гарсан байдлыг гэрчилсэн гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддог, цаашлаад хохирогч нарт учирсан гэмтлийн зэрэг нь тусгай мэдлэг бүхий шинжилгээний байгууллагаар тогтоогдсон, энэ гэмтлийн зэргийн талаар дахин дүгнэлт гаргах нь цаг хугацааны хувьд боломжгүй юм.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Ц, Г.О нарт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

Тухайлбал шүүгдэгч нарын хувийн байдал, тэдгээрийн амьдрал ахуй, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөлийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын хамгийн доод хэмжээгээр тогтоосоны зэрэгцээ уг торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдэрлэлээ.

 

Шүүгдэгч Д.Ц, Г.О нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болно.

 

Шүүгдэгч Д.Ц, Г.О нар шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Мэрхэд овогт Гын Оийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд

Жадран овогт Дгийн Цийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Г.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар

Д.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Г.О, Д.Ц нарт тус бүрт оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн буюу сар бүр 150.000 төгрөг төлөхөөр тогтоосугай.

 

4. Г.О, Д.Ц нар торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдгээрт мэдэгдсүгэй.

 

5. Г.О, Д.Ц нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг,

энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Г.О, Д.Ц нарын урьд авсан “хувийн баталгаа” гаргуулах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ