Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2024/ДШМ/16

 

 

 

 

 

  2024        03        06                                         2024/ДШМ/16

 

   Б.Ад холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: Э.У,

Шүүгдэгч: Б.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ч.Б,

Нарийн бичгийн дарга: Б.Баяржаргал нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/03 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Агийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Ад холбогдох 000 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

“Боржигон” овогт Бийн А, .... оны .... дүгээр сарын ....-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, . настай, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, одоо ажилгүй /замын инженер ажилтай, ажил зогссон/, ам бүл 5, аав, ээж, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Д …. дүгээр багийн ….....а тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар 000/.

Б.А нь 2023 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Д сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Д” нэртэй баараар үйлчлүүлж, тооцооны асуудлаас болж тус баарны эзэн Б.Дтой маргалдаж түүнийг цохиж унагаан баруун дунд чөмгөний хүзүү хэсгийн хугарал, баруун 9, 10 дугаар хавирганы хугарал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/03 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Боржигон овогт Бийн Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бийн Аг 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Б.Агээс 390.000 /гурван зуун ерэн мянга/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 дугаартай дансанд олгож, хохирогч Б.Дийн нэхэмжилсэн 14.039.215 /арван дөрвөн сая гучин есөн мянга хоёр зуун арван тав/ төгрөгийн хохирлоос 120.427 / нэг зуун хорин мянга дөрвөн зуун хорин долоо/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Б.Дийн нэхэмжлэлээс эмчилгээний зардалтай холбоотой 13.918.788 /арван гурван сая есөн зуун арван найман төгрөг долоон зуун наян найман мянга / төгрөг, хохирогч Б.Дийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлээр тогтоогдсон 3.300.000 /гурван сая гурван зуун мянга/ төгрөгийг тус тус шүүгдэгч Б.Агээс гаргуулж, шүүгдэгч Б.Агээс хохирогч Б.Д нь эмчилгээний зардалтай холбоотой 1.000.800 /нэг сая найман зуу/ төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.А давж заалдах гомдолдоо: “...Миний бие ам бүл 5 аав ээж 2 хүүхдийн хамт амьдардаг. Манай 2 хүүхэд 2020 оны 08 сарын 28 өдөр төрсөн бөгөөд 2 сартай байхад нь гэр бүлийн хүн маань хүн 2 хүүхэд бид 3-ыг орхиод явсан. Тэр үеэс 2 хүүхдээ өөрийн төрсөн ээжийнхээ хамт асран халамжилж байгаа. 2 хүүхэд маань орой болгон намайг асууж уйлаад хэцүү байгаа талаар ээж маань эргэлтээр очихдоо хэлсэн. Би аав, ээж, ах нартай холбогдсон хэргийнхээ талаараа огт хэлээгүй нууж яваад шүүхээс намайг хэрэг холбогдож шийтгэгдсэний дараа ар гэр минь мэдсэн. Би 2023 оны 08 сард хэрэгт холбогдсоноос хойш ажилдаа явж чадаагүйн улмаас хохирлоо төлж чадаагүй.

Аав, ээж маань ажил хийдэггүй, 2 хүүхдийг минь харж асардаг. Би өөрөө ажил хийж ар гэрээ тэжээдэг. Би Улаанбаатар хотод “Заг ХХК” -нд жолооч хийдэг. Би өөрөө ажил хийж хохирлыг барагдуулах бүрэн боломжтой. Надад ажлаа хийж хохирлыг барагдуулах, 2 хүүхдээ асран халамжлах боломжийг олгож, миний хувийн болон ар гэрийн байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...Шүүх Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор шүүгдэгчид ял оногдуулсан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.” гэв.

Шүүгдэгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний буруутай үйлдлээс болж маш олон хүн цаг зав, хөрөнгө мөнгөөр хохирсонд харамсаж байна. Иймд надад оногдуулсан хорих ялыг өөрчилж, торгох шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Б шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж түүнд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг өөрчилж, торгох шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.А нь 2023 оны 8 дугаар сарын 12-13д шилжих шөнө Хөвсгөл аймгийн Д сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Д” нэртэй баараар үйлчлүүлж, тооцооны асуудлаас болж тус баарны эзэн Б.Дтой маргалдаж түүнийг цохиж унагаан баруун дунд чөмгөний хүзүү хэсгийн хугарал, баруун 9, 10 дугаар хавирганы хугарал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Дийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Г.Баасандулам, Я.Лхамсүрэн, Д.Данзанбаатар нарын мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Ц.Бурмаагийн мэдүүлэг, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 10749 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Б.Агийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Шүүгдэгч Б.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Агийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Иймд шүүгдэгч Б.Агийн “...би өөрөө ажил хийж ар гэрээ тэжээн тэтгэдэг бага насны 2 хүүхдээ асран хамгаалдаг байдлыг минь харгалзан үзэж оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирлын баримтуудыг нэг бүрчлэн үнэлж дүгнэн хохирогч Б.Дид гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос 120,427 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, эмчилгээний зардалтай холбоотой 13,918,788 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлээр тогтоогдсон 3,300,000 төгрөгийг шүүгдэгч Б.Агээс гаргуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож тогтооно” гэсэнтэй нийцсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Агийн гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хохирогч Б.Д, шүүгдэгч Б.А нар нь 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 50 дугаартай эвлэрлийн гэрээ байгуулж шүүгдэгч нь 18,500,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж, 4,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 14,500,000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний дотор төлж барагдуулах, хохирогч Б.Д нь ямар нэг гомдолгүй болохоо илэрхийлсэн баримтыг давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан байна.

Энэхүү баримтаар хохирогч Б.Дид учирсан эд хөрөнгийн хохирол бүрэн барагдсан гэж үзэх боломжгүй бөгөөд харин хохирол төлбөрийн талаар талууд тохиролцсон, шүүгдэгч нь хохирогчид учирсан эд хөрөнгийн хохирлоо 14,500,000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн гэж үзэх үндэслэлтэйг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б.Агийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/03 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.ЭРДЭНЭБАТ

                                        ШҮҮГЧИД                                    Б.СОСОРБАРАМ

                                                     Н.БАЯРХҮҮ