Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 401

 

   

                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   

                          

 

 

 

 

                   

                      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

           

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Буянхишиг хөтлөн

улсын яллагч Н.Дамбадаржаа

шүүгдэгч /хохирогч/ Б.О, түүний өмгөөлөгч Ц.Амар

шүүгдэгч /хохирогч/ Н.Б, түүний өмгөөлөгч Г.Нандинцэцэг

нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805000160032 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 1 дүгээр сарын 23-нд Өвөрхангай аймгийн Тарагт суманд төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, англи хэлний орчуулагч мэргэжилтэй, зохион байгуулагч ажилтай, ам бүл 1; Баянгол дүүргийн .. дугаар хороо, .. дугаар хороолол, дугаар байрны  тоотод түр оршин суух, аймгийн сум, 9 дүгээр баг,  дүгээр гудамж,  тоотод хаягийн бүртгэлтэй, ялгүй, ............. дугаарын регистртэй, Ч овогт Бгийн О

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 1 дүгээр сарын 19-нд Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, зургийн инженерээр ажилладаг, ам бүл 3; хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн  дугаар хороо,  хотхон  дүгээр байр  тоотод оршин суух, ялгүй, ........... дугаарын регистртэй, М овогт Нямсүрэнгийн Б

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Б.О нь 2017 оны 12 дугаар сарын 19-ний орой Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 27 дугаар байрны 28 тоот орон сууцанд хохирогч Н.Бтэй маргалдан харилцан зодолдож, түүний бие махбодид хөнгөн хохирол учруулсан

 

шүүгдэгч Н.Б нь 2017 оны 12 дугаар сарын 19-ний орой Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 27 дугаар байрны 28 тоот орон сууцанд хохирогч Б.Отай маргалдан харилцан зодолдож, түүний бие махбодид хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

Шүүгдэгч /хохирогч/ Б.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд болсон үйл явдлын талаар хавтаст хэрэгт тодорхой бичигдсэн тул дахин мэдүүлэхгүй.

Хохирогчийн хувьд ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй. Миний хувьд Лхагвадонидтой танилцаад хамтран амьдарч байсан юм. Тэгээд орой ажлаа тараад 23 цагийн үед байрандаа иртэл хаалга онгойхгүй, хаалганы цоожны голыг сольсон байсан. Ингээд хаалга онгойлгох гэж байх хооронд энэ эмэгтэй гарч ирээд юу хүн гэж асуух явцдаа бичлэг хийгээд байсан. Тэгвэл ядаж би наанаас чинь хувцсаа авчихъя гэж хэлээд ортол Б намайг миний хүзүүний ороолтоор боогоод би хэсэг ухаан балартсан. Энэ хоорондоо Бг би хэд хэд цохьсон. Би энэ Бг гэх эмэгтэйг тэгэхэд анх удаа харсан. Гэхдээ Лхагвадонидийн салсан эхнэр нь гээд өмнө нь утсаар ярьж байсан. Цаашид ийм байдал гаргахгүй гэв.

 

Шүүгдэгч /хохирогч/ Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн тул дахин яриад байх зүйлгүй. Гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй.

Хохирогчийн хувьд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй. Хэрэг гарах болсон шалтгаан нь манай салсан нөхөр Лхагвадонид хоёр хүүхэдтэйгээ уулзмаар байна, дахин хамт амьдаръя гээд ирээд байдаг байсан. Тэгэхдээ өөр эмэгтэйтэй хамтран амьдарч байгаа энэ тэр гэж хэлээгүй, харин манай хамаатны нэг хүүхэд хань татаад манай байранд байгаа гэж яриад байхаар нь би хүүхдүүдээ аваад байр руугаа очсон юм. Гэтэл байранд энэ эмэгтэй байж байгаад хэрүүл маргаан үүссэн. Цаашид ийм байдалд хүрэхгүй байж чадна гэв. 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор тогтоогдсон

н Б “... би өөрийн нөхөр болох Лхагвадондиос 2017 оны 8 дугаар сард албан ёсоор гэрлэлтээ цуцлуулсан. Харин тусдаа амьдраад 2 жил шахам болж байна. Би нөхөр Лхагвадонидоос салснаас хойш өөрийн аав ээж хоёрын гэрт хүүхдүүдтэйгээ амьдарч байсан. Лхагвадонид салснаасаа хойш бид нарын гэр бүлээрээ амьдарч байсан гэрт буюу Баянгол дүүргийн 12 дугаар хороонд байрлах 27 дугаар байрны 48 тоотод амьдарч байсан. Би дундын өмчөөсөө шийдүүлээгүй үлдээсэн байгаа энэ байрны дөрвны гурав нь хоёр хүүхэд бид гуравын ашиглах өмчлөлд хэвээр байгаа гэж үзэж байгаа. Би хүүхэдтэйгээ тусдаа байрны төлбөр зардал үүсгээд амьдарч байгаа маань аав, ээж хоёрт хохиролтой байна. Учир нь хоёр хүүхэд бид нарын амьдрах байрны төлбөрийг аав ээж хоёр төлдөг. Лхагвадонидыг удаа дараа байраа хоёр хүүхэд бид нарт суллаж өг гэж хэлсэн боловч тоодогггүй, гэрийнхээ цоожны голыг солиулчихаад байдаг байсан. Тийм учраас би өөрөө гэрт амьдрахаар очсон юм. Тэгээд би 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Лхагвадонид  бид хоёрын амьдарч байсан Баянгол дүүргийн 12 дугаар хороонд байрлах 27 дугаар байрны 48 тоотод очиж амьдаръя  гэж шийдээд тэнд очсон. Учир нь тэр байр нь бид нарын амьдарч байсан байр болохоор хуучин гэртээ очсон юм. Хуучин гэртээ очиж байгаа болохоор би Лхагвадонидод очиж байгаа талаараа хэлээгүй. Гэхдээ би Лхагвадонидтой буцаж нийлэх зорилготой очоогүй. Тэр өдөр би байрандаа 18 цагийн үед 2 хүүхэдтэйгээ хамт очсон ба намайг очиход Лхагвадонидын хамаатны дүү ганцаараа байсан. Би гэртээ оронгуутаа цоожныхоо голыг солиод нэг хувь түлхүүрийг нь Лхагвадонидын хамаатны дүүд нь өгсөн. Би хоёр хүүхэдтэйгээ том өрөөнд нь орсон. Тэгээд би хоёр хүүхэдтэйгээ унтах гээд байж байтал гаднаас нэг хүн хаалга оролдоод цаанаас нь онгойлгох гээд түлхүүр хийгээд байсан. Тэгэхээр нь би очоод хаалга онгойлгоод чи хэн бэ гэтэл нэг танихгүй эмэгтэй чи өөрөө хэн бэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрийн эзэн нь байна гэж хэлтэл нөгөө эмэгтэй намайг түлхээд гэрт ороод ирсэн. Би буцаагаад түлхээд гаргатал гарахгүй байсан ба эндээс юмаа авъя гэж хэлсэн. Би тэр эмэгтэйг гэртээ оруулахгүй гээд түлхээд байсан. Гэтэл тэр эмэгтэй намайг тэнэг, галзуу гэх мэтээр хэл амаар доромжлоод чанга чанга орилоод байсан. Тэр эмэгтэй бид хоёр заамдалцаж авсан. Заамцалдсан байх үед тэр эмэгтэй миний толгой нүүр хэсэг рүү нилээн хэдэн удаа цохьсон. Манай том охин уйлаад байхад тэр эмэгтэй болихгүй байсан. Хажуу айлын хүн орж ирээд тэр эмэгтэйг надаас салгаж авсан. Зодоон болох үед би хүүхдээрээ гар утсан дээрээ бичлэг хийлгүүлсэн. Би тэр эмэгтэйг огт танихгүй харж байгаагүй. Тэр эмэгтэй манай салсан нөхөр Лхагвадонидын найз охин нь юм шиг байна лээ.  Тэр эмэгтэй намайг цохиод байхаар нь би зөрүүлээд ганц хоёр удаа нүүр рүү нь цохьсон. Бас тэр эмэгтэйн гарыг хазсан. Энэ байр нь Лхагвадонидын нэр дээр бүртгүүлсэн, манай хоёр хүүхэд бид дөрвийн дундын өмч. Гэхдээ Лхагвадонид бид хоёр тэр байранд 2 хүүхэдтэйгээ хамт амьдарч байсан байр болохоор манай гэр бүлийн дундын өмч гэж бодоод очиж амьдрахаар шийдсэн юм. Би гомдолтой байна. Эмчилгээний зардалд гарах мөнгийг Огаас гаргуулж авмаар байна.

Лхагвадонид ямар нэгэн эмэгтэйтэй хамтран амьдарч байгаа эсэхийг мэдээгүй. Мөн хөдөө явсан гэдгийг нь ч мэдээгүй. Лхагвадонид надад хэлэхдээ хамтран амьдарч байгаа эмэгтэй байхгүй гэж хэлсний улмаас бид хоёр нийлэх талаар ярилцан сэтгэл зүйчид хандсан. Надад ямар нэгэн гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-н 12-13, 109-111, 126-129/ гэж,

Бгийн О “... би 2017 оны 9 дүгээр сараас эхэлж Лхагвадонидтой Баянгол дүүргийн 12 дугаар хороонд байрлах 27 дугаар байрны 48 тоотод хамт амьдарч эхэлсэн. Тэгээд би 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ажлаа тараад 23 цаг өнгөрч байхад Баянгол дүүргийн 12 дугаар хороонд байрлах 27 дугаар байрны 48 тоот гэртээ ирээд хаалга онгойлгох гэтэл түлхүүр таарахгүй байсан. Тэгээд би гайхаад хаалгаа нүдтэл урьд нь огт харж байгаагүй нэг эмэгтэй хаалга онгойлгоод урдаас бичлэг хийгээд байсан. Тэр эмэгтэй намайг хэн бэ гэж асуухад нь би гайхаад өөрөө хэн бэ гэхэд тэр эмэгтэй би гэртээ байна гэж хэлсэн. Би гайхаад өглөө гэрээ цоожлоод гарсан ш дээ гэж хэлтэл шууд намайг түлхээд гадны хүн оруулахгүй гээд хаалгаа хаах гээд байсан. Тэгэхээр нь би ядаж өөрийнхөө юмыг авъя гэтэл наад хаалганыхаа ард зогсож бай юмыг чинь аваад өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрөө ороод авъя гэтэл чи яахаараа хүний гэрт ордог юм гэж хэлээд миний ороолтноос татаад гэр рүүгээ чирээд орсон. Тэгээд тэр эмэгтэй намайг ороолтоор минь боосон. Тэр эмэгтэй ороолтноос тавихгүй болохоор нь би нүүр рүү нь хэд хэдэн удаа цохиж тавиулсан. Тэр үед нөгөө эмэгтэй охиноо бичлэг хий гэснээ намайг аллаа гээд орилоод байсан. Би хоёр харилцан зууралцаж цохилцсон. Тэгээд тэр шөнөдөө тэр эмэгтэй бид хоёр Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр ирж өргөдөл гаргах гэсэн боловч хоёулаа харилцан зодолдсон юм чинь гээд эвлэрээд нэг нэгэндээ өргөдөл өгөхөө болиод явцгаасан. Гэтэл маргааш нь тэр эмэгтэй надад өргөдөл өгсөн байсан. Би тэр эмэгтэйг огт танихгүй ээ. Өмнө нь харж байгаагүй. Би тэр эмэгтэйг Лхагвадонидын өмнөх эхнэр гэдгийг мэдээгүй. Бид хоёр 2017 оны 7 дугаар сараас хойш дотно болсон. Гэхдээ бид хоёр гэрлэлтийн баталгаагүй. Мөн дундаасаа хүүхэдгүй. Би гомдолтой байна эмчилгээний зардалаа гаргуулж авмаар байна.

Зодоон болсны орой нь Б бид хоёр 2 цагдаагийн хэлтэс дээр ирээд ярилцаж байгаад гомдолгүй салах талаар яриад амаар тохиролцсон салсан. Энэ талаар цагдаагийн ахмад Баярбат мэдэж байгаа. Тэгэхээр нь би шүүх эмнэлэгт үзүүлээгүй. Харин цагдаагийн байгууллагаас 3 хоногийн дараа над руу ярихаар нь би 25-ны өдөр ирж уулзаад шүүх эмнэлэгт үзүүлэх тогтоол авсан. Тэгээд шууд шүүх эмнэлэгт үзүүлсэн. Миний толгой маш ихээр өвдөж байсан. Мөн сэтгэл санаагаар унасан байсан. Б миний үснээс зулгаасан болохороо миний толгой хавантай байсан. Толгойн эм маш их хэрэглэж байсан.

Одоо би Бд ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй /хх-н 19-20, 105-108, 123-125/ гэж,

гэрч Ц Л “… тухайн үед би Өмнөговь аймгийн Цогтцэций суманд томилолтоор ажлаар явж байсан. Тэнд зам засварын ажил хийсэн. “Үйлсийн Зам” ХХК-н өнгөрсөн жилийн ажлыг шалгаж очсон юм. Б манай салсан эхнэр байгаа юм. Б бид хоёр 2008-аас 2015 оны хооронд хамт амьдарч байгаад 2015 оны 5 дугаар сараас тусдаа амьдарч эхэлсэн ба 2017 оны 8 дугаар сард албан ёсоор гэрлэлтээ цуцлуулж салсан. Б бид хоёр дундаасаа хоёр охинтой. Том охин маань 9 настай, бага нь 2 нас 6 сартай. Б бид хоёр нэг нэгнийгээ хуурч мэхлээд өөр хүнтэй болоод салсан асуудал байхгүй. Бид хоёр хувийн таарамжгүй харилцааны улмаас болж салсан. Б анх салах өргөдлөө гаргаж байсан. Б надтай хамт амьдарч байхдаа намайг амьдралаа авч явчих чадваргүй гэж байнга чамалдаг, маргалдахаараа гэр орныхоо хамаг юмыг эвдэж сүйтгэдэг мөн аав, ээж хамаатан садангуудыг байнга хэл амаар доромжилж хэрүүл маргаандаа оруулдаг байсан болохоор нь би Бгээс салсан юм. Би уг нь их хүлээцтэй ханддаг байсан. Би Ог нэг нутаг гэдэг утгаараа таньдаг байсан. Тэгээд О бид хоёр 2017 оны 7 дугаар сард дотно танилцаад 9 дүгээр сараас нь эхлээд Баянгол дүүргийн 12 дугаар хороо 23-48 тоот миний байранд амьдарч эхэлсэн. О бид хоёр 3 сар гаруй хамт амьдарч байна. О бид хоёр гэрлэлтийн баталгаагүй, дундаасаа хүүхэдгүй. О нь хүнтэй нийтэч, ямар нэгэн илүү дутуу ааш араншингүй, муу зуршилгүй хүн байгаа юм. Баянгол дүүргийн 12 дугаар хороо 23-48 тоот миний байр миний эзэмшлийн байр байгаа юм. Би Бтэй 2015 оны 5 дугаар сараас хойш  хамт амьдраагүй. Харин 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Б гэв гэнэт байрандаа ирж амьдарна гээд надад ч хэлэлгүйгээр гэв гэнэт 2 хүүхэдээ дагуулаад ирсэн. Тэр өдөр нь О бас ажлаа тараад гэртээ ирж таараад тэр хоёр маргалдсан юм байна лээ. Би сүүлд мэдсэн. Би дүү Батцэцэгийн хамт амьдарч байсан. О түр надтай хамт амьдарч байсан. Түүнээс биш гэр болох гэж амьдраагүй, түр хугацаанд надтай амьдарч байсан. Мөн зодоон болсноос хойш би гэрээс Ог явуулсан. Огийн уруул хэсэг нь хөхөрсөн толгойн хуйх нь хавантай 2 өвдөг нь хөхөрсөн байсан. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь надаас болсон учраас энэ хоёр эмэгтэйн хэргийг аль болох хөнгөн шийдэж өгөхийг хүсье” /хх-н 21-22, 119-121/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Түүнчлэн нэр бүхий хохирогчдийн гэмтэлтэй холбоотой Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... Бгийн биед тархи доргилт, баруун, зүүн нүдний доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт, зүүн бугалга, гуя, умдагт цус хуралт, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринуулсан тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги анөлөөлөхгүй” гэсэн 467 тоот /хх-н 24/,

Огийн биед тархи доргилт, баруун дээд, доод зовхи, дээд уруул, зүүн хөх, хоёр өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринуулсан тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги анөлөөлөхгүй” гэсэн 615 тоот /хх-н 36/ дүгнэлтүүд гарсан байна.

Дээрх мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд нь шүүгдэгч Б.О, Н.Б нарын гэм буруутай болохыг нотолно.

 

Өөрөөр хэлбэл гэмт хэрэг гарсан гэх үйл баримтыг дүгнэж үзвээс шүүгдэгч Б.О, Н.Б нар Н.Бгийн салсан нөхөр болох Ц.Лхагвадонидын гэрт хоорондоо маргалдан, улмаар зодолдож, энэ байдлын улмаас тэдгээрийн хэн алины бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учиржээ.

Иймд прокуророос шүүгдэгч Б.О, Н.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллаж байгаа нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж шүүх дүгнээд тэдгээрийг тус бүр “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

 

Шүүхээс шүүгдэгч Б.О, Н.Б нарт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

Тухайлбал шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөлийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын хамгийн доод хэмжээгээр торгов.

Харин оногдуулсан торгох ялыг хуульд заасны дагуу хэсэгчлэн төлүүлэх нөхцөл байдал үгүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.О, Н.Б нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болно.

 

Эд мөрийн баримтаар тооцоогүй боловч прокуророос хэргийн хамт шүүхэд ирүүлсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Ч овогт Бгийн Ог “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд

Морьтон овогт Нямсүрэнгийн Бг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Б.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар,

Н.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Б.О, Н.Б нар торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдгээрт мэдэгдсүгэй.

 

4. Б.О, Н.Б нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдаж,

эд мөрийн баримтаар тооцоогүй боловч прокуророос хэргийн хамт шүүхэд ирүүлсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.О, Н.Б нарын урьд авсан “хувийн баталгаа” гаргуулах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ