2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 192/ШШ2025/05862

 

 

 

 

 

 

 

 

 

2025 07 21

192/ШШ2025/05862

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэр /17043/ чингисийн өргөн чөлөө гудамж, **** байр, **** тоот хаягт оршин суух, **** овогт Мягмардолоонжингийн Дөлмандах**** /РД:****/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, **** байр, **** тоот хаягт оршин суух, **** овогт **** /РД:****/-т холбогдох

 

95,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ****, түүний төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Нэхэмжлэгч нь хариуцагчтай өөрийнхөө найзын санал болгосны дагуу танилцсан. Тухайн үед хариуцагч нь өөрийн санаачилсан алтаар баталгаажсан гэх MGL койныг гаргаж байгаа гэж хоёр ширхэг танилцуулга хуудас харуулсан. Тухайн танилцуулгад MGL койн нь анхдагч арилжаанд нэг ширхэгийн үнэ 0,024 доллароор гарна. Харин төслийн санаачлагч **** 50 төгрөг тутамд 0,017 доллароор тооцон 1,031,992 ширхэг койныг 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хэтэвчинд нь байршуулна. Койн гарсны дараа анхдагч харилцаа эхэлмэгц үүнийгээ зарж борлуулах, мөнгөө буцаан авах, эсвэл өөр нэгжид хүргүүлэн цэнэглэх бүрэн боломжтой гэсэн.

Үүний дагуу нэхэмжлэгч нь 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр, 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд тус тус 50,000,000 төгрөг буюу нийт 100,000,000 төгрөгийг хариуцагчийн хаан банкны данс руу шилжүүлсэн. Гэтэл тухайн танилцуулгад байсан хугацаандаа энэ MGL койн гараагүй. 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэгч нь хариуцагчаас өөрийн шилжүүлсэн 100,000,000 төгрөгөө буцаан авах тухай хүсэлтээ илэрхийлээд, 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр талууд уулзсан.

Уулзахдаа тооцооны үлдэгдлийн баталгаа баримт бичиг үйлдсэн. Тэр

 

баримт бичигт хариуцагч 100,000,000 төгрөгийн үлдэгдэл байгаа, үүнийг буцаан төлнө гэдгээ хүлээн зөвшөөрсөн. 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр, 06 дугаар сарын 10-ны өдөр, 06 дугаар сарын 20-ны өдөр, 06 дугаар сарын 30-ны өдөр 25,000,000 төгрөгөөр нь хувааж төлөхөөр тохиролцсон. Гэвч энэ хуваарийн дагуу бол төлөлт хийгдээгүй 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хариуцагчаас 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгч рүү шилжүүлсэн.

Үүнээс хойшоо дахиж ямар ч төлөлт хийгдээгүй байгаа тул хариуцагчаас үлдэгдэл 95,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хэрэгт авагдсан нотлох баримтууд

2.1. Нэхэмжлэгч талаас-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Иргэний үнэмлэхийн хуулбар, Зурагт хуудас, Шилжүүлгийн мэдээлэл, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Тооцооны үлдэгдлийн баталгаа, Итгэмжлэл,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ****аас хариуцагч ****т холбогдуулан гаргасан 95,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасны дагуу хангаж шийдвэрлэв.  

 

2. Нэхэмжлэгч тал нь ... нэхэмжлэгч 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр, 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд тус тус 50,000,000 төгрөг буюу нийт 100,000,000 төгрөгийг хариуцагчийн хаан банкны данс руу шилжүүлсэн. Гэтэл тухайн танилцуулгад байсан хугацаандаа MGL койн гараагүй... тооцооны үлдэгдлийн баталгаанд хариуцагч 100,000,000 төгрөгийн үлдэгдэл байгаа, буцаан төлнө гэдгээ хүлээн зөвшөөрсөн...2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хариуцагчаас 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгч рүү шилжүүлсэн... хариуцагчаас үлдэгдэл 95,000,000 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарладаг.

 

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон үйл баримтын талаар:

3.1. Шүүх хариуцагч ****т холбогдуулан гаргасан ****ын нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 05 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн. Хариуцагч нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр гардан авч хуульд заасан хэргийн оролцогчийн эрх үүрэгтэй танилцсан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас нотлох баримтуудыг шүүхэд ирүүлсэн бөгөөд талуудын нотлох баримт гаргуулах, гэрч асуулгах, үзлэг хийлгэх, шинжээч томилуулах зэрэг шаардлага, татгалзлаа нотлох хүсэлт гаргах эрхийг хязгаарлаагүй болно.

 

3.2. Хариуцагч **** нь MGL койн нэхэмжлэгч рүү шилжүүлэх, нэхэмжлэгч **** нь койны үнэ 100,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлэхээр харилцан тохиролцож худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байна. Нэхэмжлэгч тал гэрээний төлбөрт 100,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлжсэн үйл баримт банкны дансны хуулга, тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтаар нотлогдоно.

 

4. Хууль хэрэглээ, нотолгоо, шаардлага, татгалзал нотлогдож буй талаар:

4.1. Дээрх нотлогдож байгаа үйл баримт, нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ амаар байгуулагдсан байх ба хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлсэн, хүчин төгөлдөр хэлцэл байна. Энэ нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 42 дугаар зүйлийн 42.1-т заасантай нийцнэ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

4.2. Энэхүү хуулийн зохицуулалт, гэрээний дагуу хариуцагч нь MGL койн-ийг нэхэмжлэгчид шилжүүлэх үүрэгтэй хэдий ч тухайн үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч тал нь гэрээнээс татгалзаж шилжүүлсэн 100,000,000 төгрөгийг буцаан авахаар, хариуцагч хүлээн зөвшөөрч буцаан өгөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуух тохиролцоо болно. Нэхэмжлэгч нь дээрх тохиролцооны дагуу шаардах эрхтэй.

 

5. Хариуцагч ****т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн хэдий ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу түүний эзгүйд хэргийг шийдвэрлэхээр тогтсон нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзэв.

 

6. Түүнчлэн хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан тайлбар, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасны дагуу 95,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцов.

 

7. Шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзэж хариуцагч ****аас 95,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ****ад олгож, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч ****аас 95,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ****ад олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 632,950 төгрөгийг

 

гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс төлсөн 632,950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ