Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2022/00199

 

 

2022 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2022/00199

 

Ц.Б-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2021/03695 дугаар шийдвэртэй Ц.Б-ны нэхэмжлэлтэй Ч.Мд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 235,848,256 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй, 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 11 тоот, 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 9 тоот, 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 10 тоот зээлийн гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож,  зээлийн гэрээний үүрэгт илүү төлсөн 72,410,750 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Н, хариуцагч Ч.М, хариуцагчийн өмгөөлөгч Д.Б, С.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Ц.Б нь Ч.Мд 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 10,000,000 иенийг 6 сарын хугацаатайгаар, нэг сарын 3,5 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн ба зээлийн гэрээний хугацаа 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдөр дуусахад зээлийн хүүг бүрэн төлсөн ч үндсэн зээлийн үлдэгдэл нь 6,000,000 иень болсон. 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр зээлийн үлдэгдэл 6,000,000 иеньд гэрээ үйлдсэн ба 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 740,000 иенийг, 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 6,000,000 иенийг тус тус нэмж зээлсэн ба нийт зээлийн үлдэгдэл нь 10,908,800 иень буюу 235,848.256 төгрөг болсон. Ингээд 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээний иений үлдэгдэлдээ гэрээ байгуулан 1 сарын хугацаанд бүгдийг барагдуулна гэж гэрээ байгуулсан боловч өнөөдрийг хүртэл үүргээ зөрчин зээлээ төлөөгүй. Талуудын хооронд нийт 7 иений гэрээ байгуулагдсан байдаг. Хариуцагч Ч.Мгаас нэхэмжлэгчид явуулсан цахим шууданд хийсэн үзлэгээр 37,008,278 иень төлсөн, 15.000 ам.долларыг төлсөн талаарх баталгаа болгож и-мэйл илгээсэн байдаг. Ч.М нь нийт 29,240,000 иенийг 7 гэрээний дагуу авч, нийт 35,419,100 иенийг төлөх ёстой байтал хэргийн баримтаар 12,615,000 иенийг төлж, 8,496,815 иений үнэ бүхий 3 ширхэг орон сууц өгсөн. Хариуцагч нь 14,307,285 иенийг төлөөгүй байсан тул талууд 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр тохиролцож зээлийн үлдэгдэлийг 10,908,800 иенээр зээлийн 11 тоот гэрээ байгуулсан байдаг. 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 11 тоот зээлийн гэрээ үйлдсэнийг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Дээрх гэрээ болон гэрээний огноо, гэрээний үнийн дүнг буруу зөрүүтэй бичсэн нь хариуцагчийн хүсэлтээр нэхэмжлэгчээс илгээсэн цахим шууданд хийсэн үзлэгээр тодорхой болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 11 тоот зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 10,908,800 иений хувьд 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 5 тоот зээлийн гэрээний дагуу төлөх 7,840,000 иень, 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 8 тоот зээлийн гэрээний дагуу төлөх 2,240,000 иень, 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 9 тоот зээлийн гэрээний дагуу төлөх 828,800 иень юм. Иймд 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн албан ханш 21,62 төгрөгийг зээлийн үлдэгдэл 10,908,800 иенээр тооцож 235,848,256 төгрөгийг хариуцагч Ч.Мгаас гаргуулахаар нэхэмжилж байна. Иймд Ч.Мгаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 235,848,256 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд талууд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар 9 тоот зээлийн гэрээг байгуулж, 27,740,000 иень авсан болохыг хариуцагч Ч.М зөвшөөрсөн тайлбарыг гаргаж, нэхэмжлэгчид илгээсэн и-мэйлээр тогтоогдсон. 10 дугаартай зээлийн гэрээ нь хуулийн дагуу гэрээ байгуулж, хүү, алданги төлөхөөр тохиролцсон байсан тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэгт авагдсан зээлийн гэрээний баруун дээд буланд дахь бичвэр нь нэхэмжлэгчийн бичвэр мөн боловч тухайн зээлийг бусдаас авсан зээлийн үүрэг дуусгавар болсон талаар бичсэн байдаг. Цахим шуудангийн үзлэгээр хариуцагч 27 сая иень авсан үйл баримтын талаар маргаагүй, нэг өдөр 6 сая болон 7 сая иенээр зээлийн гэрээ байгуулсан боловч 6 сая иень нь 2014 оны гэрээний гүйцэтгээгүй үүрэг, 7 сая иенээр нэхэмжлэгчийн данснаас зарлага гарснаар тогтоогдоно. Хариуцагч 10 сая иенээр үлдэгдлээ баталгаажуулж 11 тоот гэрээг байгуулсан гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Ц.Б тай зээлийн гэрээ байгуулж зээл авч байсан ч төлөх ёстой төлбөрийг бүрэн төлсөн. Бидний хооронд хийгдэх төлбөр тооцоо бүрэн хийгдсэн. И-мэйлээр тооцооны талаар явуулж байсныг зөвшөөрч байна. Гэвч н.Буянхүү, Ц.Б нар ажлын байран дээр байнга ирэхэд нь залхдаг байсан тул барьж ирсэн баримтад гарын үсэг зураад гаргадаг байсан. Байраар бартер хийж зээл төлсөн боловч 3 ширхэг орон сууцыг худалдсан мөнгийг нь тухай бүрт Ц.Б д бэлнээр өгч байсан тул бартераар зээл төлсөн зүйл байхгүй.

Талуудын хооронд 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан 11 тоот, 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан 9 тоот, 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан 10 тоот зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргасан ба үндэслэл нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.4, 196 дугаар зүйлийн 196.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь бодитоор тухайн зээлийг олгоогүй байна. Мөн талуудын хооронд байгуулагдсан төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт хариуцагчаас илүү төлсөн 72,410,750 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан. Зээлдэгч буюу хариуцагч мөнгийг хүлээн авсан тохиолдолд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй. Хариуцагч Ч.М нь 11 тоот гэрээнд гарын үсэг зураагүй болохыг өөрөө тайлбарласан. Ц.Б их хэмжээний мөнгийг дансаар шилжүүлээгүй нь орлогын албан татвар төлөхөөс зайлсхийсэн гэж үзнэ. Мөн хариуцагч ноцтой төөрөгдлийн улмаас гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлтэй. Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил, Иргэний хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт зааснаар нэмэгдэл үүргийн хугацаа дууссанаар хүү, алданги шаардах хугацаа дуусгавар болохоор байна. Энэ гэрээг сунгасан гэж үзвэл Иргэний хуулийн 72 дугаар зүйлд зааснаар зээлийн гэрээнүүд дуусгавар болсон гэж үзнэ. 3 орон сууцыг худалдсан 70,500,000 ам.доллар нь 3,260,000 иень болж, хэргийн баримтаар хариуцагч Ч.М нь 14,772,582 иений төлбөрийг төлсөн. Мөн иений шилжүүлгийн хураамжийг хариуцагчаар төлүүлж зөвшөөрөлгүйгээр хариуцагчийн эдийн засгийн байдлыг ашиглан төөрөгдөлд оруулж гэрээ байгуулсан гэж үзэж байна. Цахим шууданд ирсэн и-мэйлээр хийсэн тооцоо нь бусад баримтаар нотлогдохгүй байна. Төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт нэхэмжлэгч нь 2 ширхэг орон сууцыг авсан. Талуудын тайлбараар өмнөх гэрээний үлдэгдэл төлбөр дээрх сунгалт хийгдэж байсан. 10,908,800 иений гэрээн дээр гарын үсэг зурах болсон нь үлдэгдэл 300 гаруй иень байгаад орон сууцаа худалдаж төлбөрийг бэлнээр төлснөөр 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг бүрэн дууссан. 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2,000,000 иений 5 тоот гэрээнд төлбөр дуусгавар болсон талаар дурьдсан, уг гэрээний төлбөрийг дууссан талаар гэрээнд дурьдсан байхад нэхэмжлэгчийн байр суурь энэ хугацаанд өөрчлөгдөж байсан хэдий ч гэрээ байгуулсны дагуу хариуцагч мөнгө авсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Харин 3 ширхэг орон сууцны 70,500,000 төгрөгийг иений зээлд, үлдсэн 2 орон сууцны үнийг төгрөгийн зээлд төлсөн. Хариуцагчийн зүгээс төгрөгийн зээлэнд 141,930,000 төгрөг төлөхөөр байхад хэрэгт авагдсан баримтын тооцоогоор 233,247,750 төгрөгийг нэхэмжлэгч Ц.Б д шилжүүлсэн байх тул нэхэмжлэгч 91 сая төгрөгийг илүү авч үндэслэлгүй хөрөнгөжсөн байна. Хариуцагч 9, 10, 11 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд үндэслэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасантай нийцээгүй харшилсан гэж үзэж байна. Хариуцагчийн тайлбараар ноцтой төөрөгдсөн тул 11 тоот хэлцэл хүчин төгөлдөр бус байна. Өмнөх сунгалт гэх нэртэй гэрээ нь бодитоор байгуулагдаагүй тул хүчин төгөлдөр бус, Ц.Б-ны данснаас гарсан мөнгө болгоныг хариуцагч Ч.М авсан гэж үзэх боломжгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 282.4-т заасныг тус тус баримтлан хариуцагч Ч.Мгаас 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 5 тоот, 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 8 тоот, 2016 оны 02 дугаар сарын 23-ны 09 тоот зээлийн гэрээний үүрэгт 10,908,800 японы иен буюу 235,848,256 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Ц.Б-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 11 тоот, 2016 оны 02 дугаар 23-ны өдрийн 9 тоот, 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 10 тоот зээлийн гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт илүү төлсөн 72,410,750 төгрөгийг буцаан гаргуулах тухай хариуцагч Ч.Мгийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,337,192 төгрөгийг, хариуцагчаас 3 баримтаар төлсөн 2,699,412 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасныг үндэслэн хэргийг бүхэлд нь хянаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү.

а/ Ц.Б нь 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 01 тоот, 10,000,000 иень, 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 05 тоот 7,000,000 иень, 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 07 тоот 1,500,000 иень, 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 08 тоот 2,000,00 иень, 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 09 тоот 740,000 иень, 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 10 тоот 6,000,000 иений нийт 7 зээлийн гэрээний дагуу Ч.Мд 20,695,000 иень данснаас авч өгсөн, 6,785,000 иень бэлнээр өгсөн Ч.Мд нийт 29,240,000 иень зээлүүлсэн тул зээлд 29,240,000 иень, зээлийн хүүд 6,179,100 иень, нийт 35,419,100 иень төлөхөөс 12,609,328 иенийг төлсөн.

Нэхэмжлэгч Ц.Б болон хариуцагч Ч.М нар нь 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл зээлийн гэрээний харилцаанд оролцсон. 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 11 тоот зээлийн гэрээ нь өмнөх зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийн баримт юм. Үүнийг нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэл анх гаргаж өгөхдөө бичсэн байдаг, мөн хариуцагч хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд хэлдэг. Мөн хавтаст хэргийн 43, 44 хуудсанд хариуцагчийн өмгөөлөгч Д.Б нь зээлийн гэрээний баталгаа болгож баримтжуулсан гэрээ гэж бичсэн байдаг. Иймээс 11 дугаартай зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан харилцааг зохицуулсан гэрээ гэж дүгнэж болохгүй. Нэхэмжлэгч Ц.Б , Ч.М нарын хооронд үндсэн 7 иений зээлийн гэрээ байгуулагдсан ба гэрээ байгуулагдсан огноогоор нэхэмжлэгчийн иений данснаас зарлага гарсан. Ц.Б , Ч.М нар хамт Голомт банкнаас очиж бэлнээр авдаг байсан. Гүйлгээний утган дээр “ЧК77102962 Б.Ц” гэж бичигдсэн байдаг. /хх-11,14,16/ Иймээс хариуцагчид шилжсэн гэдэг нь нотлогдож байна.

б/ Мөн 05 тоот гэрээний хавсралтад Ч.Мгийн гарын үсэг бичигдсэн. Үүнийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэж болохгүй. Нэхэмжлэлийн шаардлагьн үндэслэл болсон 2015 оны 05 дугаар сарын 20-ны 05 тоот зээлийн гэрээний хавсралт №5-д “шимтгэлд 26,000 иенийг, 2015 оны 08 тоот зээлийн гэрээний мөнгөн хөрөнгөөс шимтгэлд 11,000 тус тус нэхэмжлэгч суутгаж авсан” гэж шүүх дүгнэсэн. Гэтэл зээлдүүлэгч тал зээлдэгч талд 7,000,000 иень, 2,000,000 иенийг банкнаас бэлнээр гаргаж өгөөд харин зээлдэгч тал иенээ авсаны дараа бэлэн мөнгө гаргалтын шимтгэлийг Ц.Б д хүлээлгэж өгдөг байсан. Шимтгэл хүлээлгэж өглөө гэсэн үг үсэг байхгүй. 2015 оны 12 дугаар сарын 16-ны 08 тоот зээлийн гэрээний баруун дээд буланд №5-д “зээлдүүлэгчтэй гэрээг японд нэг мөр болгож хаав” гэж бичсэн нь ач холбогдол тодорхойгүй ба 05 тоот гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэсэн. Учир нь Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт үгийн шууд утгыг анхаарна гэж заасан тул гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн. Гэтэл гэрч н.Буянхүү болон хариуцагч Ч.М нь зээлээд байгаа иень, ам.доллар, төгрөг нь ганц Ц.Б-ных биш байдаг, япон хүний иенийг н.Буянхүү Ц.Б-ны мөнгийг нийлүүлж Ч.Мд зээлдэг байсныг хэлдэг. Иймээс “японд нэг мөр хаав” гэсэн бичгийн утга нь Японд очиж япон хүнтэй авсан зээлээ хаасныг шүүх ойлгоогүй байна. Ийм ойлгомжтой бичгийг шүүх дүгнэж чадахгүй Иргэний хуулийг тайлбарласан байна. Ч.М нь 27,740,000 иень авснаа и-мэйлээр илэрхийлсэн атлаа эргүүлж төлөхдөө 12,865,328 иенийг төлснөө хүлээн зөвшөөрдөг. Мөн зээлийн үлдэгдэл бий гэхдээ 10 сая биш гэж хэлсэн нь 2021 оны 11 дүгээр сарын 12-ны шүүх хуралдааны тэмдэглэлийн 7,8 дугаар хуудсанд бичигдсэн байна. Хариуцагч шүүх хуралдаан болон  и-мэйл хаягаараа авсан иень болон буцааж төлсөн иенээ хэлээд бичээд явуулаад байхад шүүх зээлийн гэрээний мөнгөн хөрөнгийг зээлдэгчид бүрэн шилжсэн гэж дүгнэхгүй байгаад нь эргэлзээ төрж байна. Үгийн шууд утган дээр үндэслэж хийсвэр дүгнэлт хийсэн. Энэ дүгнэлтээр Ц.Б-ны бичиг мөн эсэхийг тогтоож дүгнэх боломжгүй. 2 дугаар хавтаст хэргийн 140 хуудсанд байгаа Ц.Б аас Ч.Мд явуулсан и-мэйлд үндэслэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Уг и-мэйлийг 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Ц.Б илгээсэн байдаг.  2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Ч.Мгаас Ц.Б д дараах и-мэйлийг илгээсэн учраас зөвшөөрөхгүй шүүхэд хандсан. Хэргийн материалд гаргаж өгсөн нотлох баримтуудаас төлсөн иень нь 37,008,278 иень хүрэхгүй байна гэжээ.

 

          5. Хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарыг агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 7 удаагийн зээлийн гэрээ байгуулагдсан гэж тайлбарладаг боловч 7 удаа мөнгө шилжүүлсэн баримт байхгүй. Уг гэрээнд зөвхөн 3 удаагийн мөнгө шилжүүлсэн баримт байдаг, үүнд хариуцагч маргаагүй. Бусад гэрээ нь сунгалт, харин зарим гэрээнд үнийн дүн эргэлзээтэй. Тухайн гэрээг үйлдэх болсон шалтгаан гэвэл хариуцагч 3,000,000 иений үлдэгдэлтэй байсан учраас тэр үлдэгдлээ тооцож гарын үсэг зурж байна гэж ойлгоод гарын үсэг зурсан. Гэтэл 10,000,000 иений үлдэгдэлтэй болж төөрөгдсөн тайлбар хийсэн. Үл хөдлөх эд хөрөнгөө худалдаж 2016 оны зээлийн гэрээний үүрэг болох 3,000,000 иенийг төлсөн. 6,000,000 иень, 740,000 иень зээлсэн гэх мэтчилэн нэхэмжилсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2021 оны 11 дүгээр сард нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилдөг. Нэхэмжлэгч шилжүүлээгүй мөнгөө үндэслэлгүйгээр нэхэмжилсэн. Үүнийг анхан шатны шүүх хэргийг тал бүрээс нь хянаж, хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн. Гэхдээ хэдэн төгрөг нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн үйл баримт тодорхой бус байсан. Үүнийг нэхэмжлэгч тал нотолж чадаагүй учраас энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн. Нэхэмжлэгчийн данснаас гарсан зарлага болгон хариуцагчид орж ирсэн, хариуцагч зээлсэн гэх үйл баримт биш. Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлаж, нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэжээ.

 

          6. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

          а/ Ч.М нь нийт үндсэн зээл 123,000,000 төгрөг гэрээнд заасны дагуу зээлийн хүүд 18,930,000 төгрөг, нийт 141,930,000 төгрөгийг буцаан шилжүүлэх байтал эдгээр зээлийн үүрэгт нийт 233,240,750 төгрөгийг Ц.Б д шилжүүлсэн. 91,310,750 төгрөгийг Ц.Б надаас үндэслэлгүйгээр шилжүүлэн авсан. Илүү шилжүүлсэн 91,310,750 төгрөгөөс 80,000,000 төгрөгийн хүүд төлсөн 18,900,000 төгрөгийг суутгаж, үлдэх 72,410,750 төгрөгийг Ц.Б аас буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн дээрх шаардлага тодорхойгүй гэсэн дүгнэлт хийж бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Анхан шатны шүүхээс сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэх боломжгүй гэх дүгнэлтийг хийсэн нь ойлгомжгүй, үндэслэл муутай болжээ. Өөрөөр хэлбэл, шүүхээс дээрх сөрөг нэхэмжлэлийг хүлээн авсан атлаа шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн бол шүүх анхнаасаа сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахгүй байх байсан. Мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой байсан учир шүүх хүлээн авсан бөгөөд хэрэв шаардлага, үндэслэл тодорхой биш байсан бол шүүгчийн захирамжаар сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах байсан. Гэтэл шүүх 72,410,759 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн үндэслэл тодорхойгүй гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй болсон байна. Шүүх сөрөг нэхэмжлэлд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг хэрхэн, яаж дүгнэсэн нь тодорхой бус байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй учир сөрөг нэхэмжлэлээс 72,419,750 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, бусад хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

          7. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарыг агуулга: 6,000,000 иень, 740,000 иенийг зээлсэн мэтээр хариуцагчаас нэхэмжилдэг гэж байна. 740,000 иень нь зарлагын баримтаар гаргаагүй, гэхдээ хариуцагч Ч.Мгийн и-мэйлийг үзвэл 27,740,000 иень гэж бичсэн нь 740,000 иенийг хүлээн зөвшөөрч илгээсэн байдаг. Мөн данснаас гарсан зарлага болгоныг хариуцагчид өгсөн эсэх эргэлзээтэй гэдэг. Зээлийн гэрээ байгуулсан өдөр уг зарлага гарсан байдаг. Мөн и-мэйл хаягт 27,740,000 иень авсан гэдгийг Ч.М нь өөрөө бичсэн учраас энэ нь үгүйсгэгдэж байна. Мөн 11 тоот зээлийн гэрээ гэж байгаа боловч энэ нь зээлийн гэрээний үлдэгдлийн төлбөрийн баримт гэдгийг шүүх анхаарч үзнэ үү. Мөн хариуцагч 72,410,750 төгрөгийн сөрөг нэхэмжлэл гаргасан. Хариу тайлбартаа 84,048,000 төгрөг гэж зөрүүтэй тайлбарладаг үүнийг шүүх анхаарч үзнэ үү. Гадаад валютаар шилжүүлэг хийхэд шимтгэл төлдөг гэдгийг талууд тохиролцсон байсан. Иймд шимтгэлийн мөнгө нэхэмжилж буй нь үндэслэлгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг зохигчийн гаргасан гомдлын хүрээнд хянаж, гомдолд заасан шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Ч.Мд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,908,800 иень буюу 235,848,256 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн №9, 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн №10, 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн №11 тоот зээлийн гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, зээлийн гэрээний үүрэгт илүү төлсөн 72,410,750 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

Хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 02 дугаартай 80,000,000 төгрөгийн зээлийн гэрээ, 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 03 дугаартай 25,000,000 төгрөгийн зээлийн гэрээ, 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 06 дугаартай 18,000,000 төгрөгийн зээлийн гэрээ, 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 04 дугаартай 15,000 ам.долларын зээлийн гэрээний хувьд гэрээний үүрэг дуусгавар болсон талаар зохигчид маргаагүй, дээрх гэрээний талаар дүгнэх шаардлагагүй болно.

     /хэргийн 1 дүгээр хавтасны 158-160 дахь тал/

 

Нэхэмжлэгч нь шүүхэд 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд байгуулагдсан иений нийт 10 ширхэг зээлийн гэрээг нотлох баримтаар гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ доор дурьдсан 4 ширхэг гэрээг үндэслэж буюу “2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 5 тоот зээлийн гэрээгээр зээлдүүлсэн 7,000,000 иень, зээлийн хүү 840,000 иень нийт 7,840,000 иень, 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 8 тоот зээлийн гэрээгээр зээлдүүлсэн 2,000,000 иень, зээлийн хүү 240,000 иень, нийт 2,240,000 иень, 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 9 тоот зээлийн гэрээгээр зээлдүүлсэн 740,000 иень, зээлийн хүү 88,800 иень нийт 828,800 иень бүгд 10,908,800 иень болсныг 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 11 тоот зээлийн гэрээгээр өмнөх 3 зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийн баримт тул 10,908,800 иень нэхэмжилнэ” гэж тодорхойлжээ.

         

          Хариуцагч нь нэхэмжлэгчээс дээрх 4 гэрээгээр зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлж аваагүй, зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж маргасан байна.

 

          Хариуцагч нь нэхэмжлэгчээс 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 5 тоот зээлийн гэрээгээр 7,000,000 иень шилжүүлж аваагүй тул зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж маргасан боловч хэргийн 2 дугаар хавтасны 49-50 дугаар талд авагдсан талуудын хооронд байгуулсан 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 8 тоот зээлийн гэрээний дээд буланд “05 дугаартай зээлдүүлэгчтэй гэрээг Японд 1 мөр болгож хаав” гэж тэмдэглэснээс үзвэл нэхэмжлэгчээс хариуцагч нь 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 5 тоот зээлийн гэрээгээр 7,000,000 иенийг зээлсэн гэж үзнэ.

 

          Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэжээ.

 

          Хэргийн 2 дугаар хавтасны 49-50 дугаар тал дахь баримтаас үзвэл талууд 5 тоот  гэрээний төлбөр тооцоог хийж дуусгавар болгосон тул уг гэрээг үндэслэж нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлд 7,000,000 иень, зээлийн хүүд 840,000 иень нийт 7,840,000 иень шаардах эрхгүй. Энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв байна. /4а/

 

          Нэхэмжлэгч нь хариуцагчид 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 8 тоот зээлийн гэрээгээр 2,000,000 иень, 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 9 тоот зээлийн гэрээгээр 740,000 иень зээлдүүлсэн гэх байдлаа нотлох зорилгоор өөрийн эзэмшдэг Голомт банкны 1605008530 тоот дансны хуулгыг шүүхэд баримтаар гаргаж, уг данснаас 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 5,000,000 иень, 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 2,240,000 иень тус тус авч хариуцагчид өгсөн гэх тайлбарыг гаргасан байна.

 

          Хариуцагч нь нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэж түүнээс 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 8 тоот, 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 9 тоот зээлийн гэрээгээр зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлж аваагүй тул дээрх зээлийн гэрээнүүд байгуулагдаагүй гэж маргасан.

 

          Нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн данснаас 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр авсан 2,240,000 иень, мөн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр бэлнээр 740,000 иенийг тус тус хариуцагчид өгсөн гэж үзэхгүй. Учир нь нэхэмжлэгч нь хариуцагчид зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгсөн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй болно. Энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно. /4а/

 

           Мөн нэхэмжлэгч нь талуудын бичгээр хийсэн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 11 тоот зээлийн гэрээг өмнөх зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийн баримт гэж тайлбарласныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үгүйсгээгүй бөгөөд тэрээр “зээлийн гэрээний баталгаа болгож баримтжуулан хийсэн гэрээ” гэж тайлбарлаж байна. Иймээс 5 тоот гэрээний үүрэг дуусгавар болсон, 8,9 тоот гэрээ байгуулагдаагүй тул 11 тоот гэрээг үндэслэж нэхэмжлэгч нь хариуцагчаас 10,908,800 иень шаардах эрхгүй. /4а/

                                                                                                    /1 дүгээр хавтасны 43-44 дахь/

 

          Хэдийгээр шүүх 05 тоот гэрээний үүрэг дуусгавар болсон, 8 тоот,  9 тоот зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж дүгнэсэн боловч хэрэгт авагдсан и-мэйлийг үндэслэж хэргийг дараах байдлаар дүгнэлээ. Үүнд: нэхэмжлэгч нь тайлбар болон давж заалдах гомдолдоо зээлийн гэрээнүүдийн нийт гүйцэтгэвэл зохих үүргийг 35,419,100 иень гэж, хариуцагч 13,500,000 иений зээлийн гэрээгээр шилжүүлж авснаа төлчихсөн гэж тус тус зөрүүтэй тайлбарладаг боловч хэргийн 2 дугаар хавтасны 155-159 дэх талд авагдсан 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн хариуцагч Ч.Мгийн цахим шууданд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тэрээр 27,740,000 иень авсан болохоо хүлээн зөвшөөрч 37,008,278 иень төлсөн талаар дурьдсан бөгөөд үзлэг хийсэн тэмдэглэлд дурьдсан үйл баримтыг нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад дэмжсэн агуулгатай тайлбар гаргаснаас үзвэл хариуцагч нь нэхэмжлэгчид 35,419,100 иень төлөх үүрэгтэйгээс 37,008,278 иень төлсөн гэж дүгнэнэ. Уг баримтаар нэхэмжлэгчид хариуцагч нь зээл, зээлийн хүүг бүрэн төлсөн байх тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүрэг Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй. Энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй. /4б/

 

          Нэхэмжлэгчид хариуцагч нь дээрх 17 зээлийн гэрээнээс аль гэрээнд хэдэн төгрөг болон иень төлснийг талуудын гаргасан дансны хуулгын баримтаар тодорхойлох боломжгүй байна. Учир нь хэргийн баримтаар нэхэмжлэгчид хариуцагчаас зээл, зээлийн хүүд төгрөг болон иень 2014-2016 онд төлсөн боловч уг гүйлгээний утга дээр аль гэрээний үүрэгт хэдийг төлсөн талаар ялган зааглаж бичээгүй тул тэдгээр дансны хуулгууд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.

         

          Иймд анхан шатны шүүхийн “нэхэмжлэгчээс 2015 оны 05, 08, тоот, 2016 оны 09 тоот гэрээний үүрэгт 9,740,000 иенийг хариуцагчид шилжүүлсэн гэх байдал, хариуцагч дээрх гэрээний үүрэгт 10,908,800 иен буюу 235,848,256 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй гэж үзэх үйл баримт нотлогдохгүй байна” гэж дүгнэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгахгүй. /4б/

 

          Хэргийн 2 дугаар хавтасны 155-159 дэх талд авагдсан 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн хариуцагч Ч.Мгийн цахим шууданд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр нэхэмжлэгчээс 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр илгээсэн 77,2 кв багтаамжтай файлыг нээхэд 10,908,800 иений тооцооллын талаарх захиа байх тул нэхэмжлэгчийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7 дахь хэсэгт заасантай нийцсэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна. /6а/

 

          Нэхэмжлэгч нь “хариуцагч Ч.М нь 27,740,000 иень авснаа и-мэйлээр илэрхийлсэн атлаа эргүүлж төлөхдөө 12,865,328 иенийг төлснөө хүлээн зөвшөөрдөг. Мөн зээлийн үлдэгдэл бий гэхдээ 10 сая биш гэж хэлсэн нь 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлийн 7,8 дугаар хуудсанд тусгагдсан” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг давж заалдах шатны шүүх хуралдаанд тодруулахад хариуцагч нь “төлөх үлдэгдэлтэй гэж хэлээгүй. Тухайн үед төлөх үлдэгдэл байсан гэж хэлсэн. Энэ нь 2016 оны 08 дугаар сарын гэрээнд маргаж байх үедээ тухайн үед зээлийн үлдэгдэл байсан, тиймээс тэрэнд гарын үсэг зурсан байх гэж тайлбар хэлсэн” гэж хариулсан тул энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй. /4б/

 

          Сөрөг нэхэмжлэлийн тухайд,

 

          Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 2015 оны 05 дугаар сарын 20-ны 5 тоот, 2015 оны 12 дугаар сарын 16-ны 8 тоот, 2016 оны 02 дугаар сарын 23-ны 9 тоот гэрээний гүйцэтгээгүй үүрэг гэж, хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 9 тоот, 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 10 тоот, 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 11 тоот зээлийн гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт илүү төлсөн 72,410,750 төгрөгийг буцаан гаргуулах гэж тус тус тодорхойлсон.

 

          Анхан шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай харилцан тооцогдохгүй гэж дүгнэж сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна. Учир нь шүүх хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбарыг харьцуулан дүгнэж 5 тоот гэрээний үүрэг дуусгавар болсон, 9, 10 тоот гэрээг байгуулагдаагүй гэж дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул хариуцагчийн 9, 10, 11 тоот гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул анхан шатны шүүх энэхүү сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгахгүй.

 

          Хэргийн 2 дугаар хавтасны 155-159 дэх талд авагдсан 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн хариуцагч Ч.Мгийн цахим шууданд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тэрээр 27,740,000 иень авснаа зөвшөөрсөн, уг үзлэгийн тэмдэглэлд хариуцагчийн “чамд нийтдээ би ийм мөнгө аваад ийм мөнгө төлсөн байна” гэж авсан зээлийн дүн болон зээлийн хүүд төлсөн дүнг тодорхой бичгээр илэрхийлснийг хариуцагчийг төөрөгдсөн гэж үзэхгүй. Энэ талаарх хариуцагчийн тайлбар болон давж заалдах гомдол үндэслэлгүй байна. /6а/

 

          Хариуцагч нь нэхэмжлэгчид 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 80,000,000 төгрөгийн, 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 25,000,000 төгрөгийн, 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 18,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт зээлд 123,000,000 төгрөг зээлийн хүүд 18,930,000 төгрөг нийт 141,930,000 төгрөг төлөхөөс 233,240,750 төгрөг төлсөн тул илүү төлсөн 72,410,750 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.

 

          Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэгчээс хариуцагчийн зээлийн гэрээний үүрэгт илүү төлсөн 72,410,750 төгрөгийг буцаан шаардаж буй үндэслэл нь тодорхойгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

          Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дахь хэсэгт “төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй” гэж зохицуулсан.

 

          Нэхэмжлэгчид хариуцагч нь зээл болон зээлийн хүүд төлсөн мөнгөн дүнгээс 72,410,750 төгрөг илүү төлснийг буцаан гаргуулах үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгчид хариуцагч нь зээлийн гэрээний төлбөрийн үүргийг гүйцэтгэж өрийг хүлээн зөвшөөрч дээрх мөнгөн хөрөнгийг төлснийг Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дахь хэсэгт зааснаар буцаан шаардахгүй тул анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгахгүй. Энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно. /6а/

         

Дээрх үндэслэлээр зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2021/03695 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчээс 1,337,120 төгрөг, хариуцагчаас 520,100 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                А.МӨНХЗУЛ

 

                                    ШҮҮГЧИД                                Д.НЯМБАЗАР

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ