Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 00066

 

     Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

Нарийн бичгийн дарга Ө.Оюумаа,

Улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

Хохирогч Х.Батбаяр, П.З ,

Хохирогч Х.Батбаярын өмгөөлөгч М.Найдан,

Иргэний хариуцагч ““Х Н”” ХХК-ий төлөөлөгч Б.О ,

Иргэний хариуцагч “ Т “ХХК-ий төлөөлөгч, өмгөөлөгч Б.Б ,

Шүүгдэгчийн болон ““Х Н”” ХХК-ий өмгөөлөгч Л.М ,

Шүүгдэгч С.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Г эд холбогдох эрүүгийн 1715000940032 дугаартай, 132/2017/0170/Э индекстэй хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдохын өмнө ““Х Н”” ХХК-д жолоочоор ажиллаж байсан, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, Т овогт С. Г

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2-т заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь хохироосон” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч С.Г ийн өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Батбаярын өгсөн: Миний хувьд амь хохирогч талийгаач Батхишигийн ах нь юм. Хэрэг болсон өглөөний 10 цагийн алдад надад осол болсон талаар мэдэгдэж Улаанбатаар хотоос хэргийн газарт очсон. Хэргийн газарт очиход надад эвгүй харагдаж байсан ба  өдөр 2-3 цагийн үед очсон. Тухайн үед Онцгой байдлын газрын ажилчид ирсэн осолд орсон машиныг салгах гээд байж байсан. Хувь хүнийхээ хувьд би өөрөө жолооч хүн учраас тухайн нөхцөл байдлыг дүгнэхэд эгнээндээ явч байгаа машин буруу буюу зүүн гар тийшээгээ дарж аюул саадыг тойрдог гэж би мэдэхгүй, аль ч талдаа ямар ч саад ирсэн зүүн гар тийшээгээ зогсохгүй гэж жолооны багш нар заадаг, мөн Замын хөдөлгөөний дүрэмд байдаггүй. Хэрвээ саад үнэхээр гарч ирсэн бол тухайн жолооч ямарваа нэгэн арга хэмжээ авч зогсоох эсхүл баруун гар тийшээгээ зогсох арга хэмжээ авах ёстой гэж бодож байна. Талийгаач дүү минь олон нялх хүүхэдтэй ба тэр өдөр барилгын ажлаар Эрдэнэсант суманд очсон юм байна. Тухайн хэрэг болсон газарт буюу Рашаант суманд орой очиход тэр сайхан 2 залуу машинтайгаа явж байгаад нас барсныг харахад их хэцүү байсан. Амь хохирогчийн оршуулгатай холбоотой 10 гаруй сая төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралтай холбогдуулж 5, 6 удаа Булган аймагт ирсэн зардлууд гарсан. Шүүгдэгч болон иргэний хариуцагч надад мөнгө өгөөгүй. Тухайн хүмүүс ганц удаа ч болов талийгаач дүүд минь гүн эмгэнэл илэрхийлсэн зүйл байхгүй. Миний хувьд шүүгдэгч Г Г цагдаагийн байгууллагад хоригдож байгаа гэж бодож байсан. Гэвч хоригдоогүй, гэртээ байсан байна лээ. Сэтгэл гаргаж, нэгэндээ дэм болж орж гарах байтал ганц удаа ч эмгэнэл илэрхийлж орж ирээгүй. Талийгаач дүүгийн минь 4 хүүхэд, ялангуяа бага хүүхэд нь өнөөдрийг хүртэл надаас аавыгаа нэхэж, талийгаач дүүгийнхээ гэрт орохоос айж, халшираад дүүгийнхээ гэрт нь орж чадахгүй байдалтай байна. Миний дүү амьд сэрүүн байсан бол 4 нялх хүүхэдтэй ч гэсэн амьдралаа авч явж чадах байсан. Тиймээс талийгаач дүүгийнхээ 4  хүүхдэд 18 нас хүртэл нь тэтгэлэг гаргуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ирж очсон болон оршуулгын зардалд 12633650 төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.З өгсөн: 2017 оны 08 дугаар сарын 18-ны өглөө 7 цагийн үед Улаанбаатар хотоос Завхан аймгийн төв рүү  аав ээж рүүгээ явах замдаа дүүтэйгээ уулзсан. Дүү минь 2018 оны 08 дугаар сарын 18-ны өглөө Эрдэнэсант сум руу хэдэн жилийн өмнө барьсан барилгын асуудал гарсан гэх шалтгаанаар томилолтоор ажиллах болчихлоо гээд ажлынхантайгаа явж байна гэж ярьсан ба замдаа уулзана гэж хэлээд дахин дахин утсаар гуйж хэлж байсан. Миний хувьд 7 цагийн үед зогсож дүүтэйгээ уулзаж цаг орчим ярьж, ажил бүтэмжтэй сайхан байгаа, газар авсан энэ жилээс байшингаа барих талаар бүх төлөвлөж байсан зүйлүүдээ надад ярьж, би дүүдээ амжилт хүсээд явсан. Тухайн үед дүү минь надаас тамхины мөнгөгүй болчихлоо гэж 10000 төгрөг асуухаар нь би дүүдээ 20000 төгрөг өгсөн. Өглөө талийгаач дүүгийн минь эхнэр Сувд-Эрдэнэ утасдаж осолд орсон талаар хэлж, компанийн захирал Баярсайхантай ярих үед амь хохирч, 2 хүн ослын газар дээр амиа алдсаныг мэдсэн. Тэр үед аав, дүүгээ авч бид бүгд ослын газар руу яаралтай гарсан. Хэргийн газарт өмнө нь ирсэн хүмүүс болох мөрдөгч, компанийн захирал нарт машиныг хөдөлгөж болохгүй очтол байлгаж байгаарай гэж гуйсан боловч Онцгой байдлын газрын ажилчид бид бүгдийг ирэхэд машиныг салгаж, хөдөлгөсөн байсан ба цаг хугацааны хувьд орой болчихсон харанхуй болсон байсан. Рашаант сумын цагдаагийн хэсэг дээр аваачиж норгийн өрөөнд 2 цаг байсан. Тухайн үед хохирогчоор тогтоож байцаасан. Талийгаачийн ажил явдлын хувьд алтан хайрцгийг нь нээлгэж, 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр нь хагас сайн өдөр байсан болохоор талийгаачийг 1 өдөр, эсхүл дараагийн 5 дахь өдөр гаргах хоёр өдөр байна гэсэн. Нэг дэх өдөр талийгаачийг гаргах гэсэн боловч талийгаачийн хадмууд Ховд аймгаас ирж амжихгүй мөн Өмнөговь аймгаас ирж буяны ажилд оролцох хүмүүс байсан учраас дараагийн 5 дахь өдөр нь талийгаач дүүгээ хөдөөлүүлэхээр тохирч, цогцсыг авч явсан юм. Тухайн үед хөдөө цогцос байршуулах хөргүүртэй газар байхгүй учраас гэр барьж дараагийн 5 дахь өдөр хүртэл өдөр болгон халуун наранд дээгүүр нь хүйтэн усаар норгож, цогцсыг илжрүүлэхгүйн тулд доогуур нь ус асгаж, 100 орчим  ундааны саванд хөлдөөсөн усаар биеэнд нааж долоо хоног орчим өдөр шөнөгүй усыг нь сольж байж хөдөөлүүлсэн. ...Талийгаач дүүгийн минь ажил явдал дуусаж 49 хоног өнгөрөөд өнөөдрийг хүртэл шүүгдэгч Г , түүний гэр бүлийн хүмүүс болох ах дүү нар нь хохирогч нартай утсаар ярьж эмгэнэл илэрхийлээгүй. Хэрвээ надад ийм асуудал тохиолдсон бол уучлалт гуйх байсан. Гэвч эдгээр хүмүүст ийм ёс суртахуун байхгүй байна. Болсон үйл явдлын талаар худал ярьж байгаа нь асуусан асуултанд хариулсан хариултаас тодорхой болж байна гэж ойлгож байна. Мөрдөн шалгах ажиллагаа бүрхэг явагдсан байдаг. Мөрдөн шалгах ажиллагаа гэдэг нь хэрэг гарсан бодит нөхцөл байдал, бүх зүйлийг тодорхойлж тодорхой болгох ёстой байдаг. Тухайлбал хохирогчоор тогтоосон болоод явсан байдаг. Хувийн зүгээс үнэлж дүгнэхэд мөрдөн шалгах ажиллагааг бодитой тодорхой хийгээгүй гэж боддог. Анх талийгаачийн ажил явдлыг дууссаны дараагаар мөрдөгчөөр ажиллаж байсан Баттөртэй холбогдож камерийн бичлэг зөндөө байдаг, камерийн бичлэгийг шүүж авсан эсэх талаар асуухад тийм үү би мэдэхгүй, байдаг юм болов уу? сумын цагдаагаас асууя гэсэн хариултыг өгсөн учраас би Улаанбаатар хотоос ирж клонкийн хяналтын камер замруу хардаг гэж мэдээд энэ талаарх хүсэлт өгч Гэрэлбаатар прокурорын гарын үсэгтэй хүсэлтийг хангах тухай хариу ирүүлсэн боловч хангах үүрэг даалгавар өгснөөр хангасан гэж үздэг процесс байдаг гэх тайлбарыг өгсөн. Тээврийн хэрэгслийг тухайн газраас зайлуулж холдуулсны дараа дахин зураг авч дүгнэлт хийгээгүй ба магадгүй тормозны ул мөр гарсан байх, эсхүл автобусны доод талд өөр газар мөр нь гарсан байгааг харах боломжгүй байгаад, дараа нь ил болсон байх магадлалтай. Тэр талаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт тэмдэглэл байдаггүй. Хяналтын камерийг харах гэж осол гарсан газарт дараа нь очиход микро автобусны дугуйны хэмжээтэй бүдэг тоормозны мөр урт хэмжээнд гарсан байсан ба уг зураг нь байгаа боловч дугуйн хээ болон нарийн ширийн зүйлсийг нь гаргах боломжгүй байгаа учраас  нотлох баримтын хэмжээнд гаргаж өгч чадахгүй байгаа юм. ...Хэргийн материалд гэрч, сэжигтэн, яллагдагч, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг зөрүүтэй байдаг. ...Хавтаст хэрэгт авагдсан зургуудыг харсан хэн ч микро автобусыг буруутай гэж үзэх үндэслэл байхгүй байна. Жолооч Г мэдүүлэгтээ “Авто тээврийн хэрэгслийн үндэсний төвөөс хяналт хурдны хязгаарт хяналт тавьдаг тухай мэдүүлсэн байдаг ба тээврийн хэрэгсэл  70 км цагаас дээш хурд гаргах боломжгүй гэх хариултыг өгсөн байдаг боловч хавтаст хэргийн 157 талд 2017 оны 08 дугаар сарын 19-ний өглөөний 5 цаг 10 минутанд 63 км/цаг, 5 цаг 11 минутанд 75 км/цаг, 5 цаг 12 минутанд 69 км/цаг, 5 цаг 13 минутанд 70 км/цаг,  5 цаг 14 минутанд 79 км/цаг, 5 цаг 15 минутанд 77 км/цаг,  мөн 5 цаг 15 минутанд 74 км/цаг, 5 цаг 16 минтунд 72 км/цаг хурдтай явж байсан ба шүүгдэгч Г н  хэлсэн хэмжээнээс хурд нь дандаа дээш гарч явсан байна. Шүүгдэгч Г нь өөрийгөө өмгөөлж, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй боловч худал мэдүүлсэн болох нь тээврийн хэрэгслийн систем дэх баримтаар тогтоогдож байна. ...Тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээр заасанчлан 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улсад орж ирсэн ба гэрчилгээнд өмчлөгч нь “Х Н” компани гэж байгаа ба өмчлөгч дээр өөрчлөлт ороогүй байдаг. Худалдах худалдан авах гэрээ, эсхүл бэлэглэлийн гэрээгээр шилжсэн талаарх баримтууд хавтаст хэргийн материалд Г н  өмчлөлд шилжсэн талаарх баримт байдаггүй. ...Тээврийн хэрэгсэл тоормозлоход хүндийн төв урагшаа шилжиж урд хэсэг нь намсдаг ба микро автобус хүндийн төв нь доошоо шилжиж намссан байсан учраас зорчигч тээврийн автобусны доогуур арам нь доошоо орж урд 2 дугуй хагарсан, урд тэнхлэг бүр доошоо налчийж суусан байдалтай зураг байна. Мөн хавтаст хэрэгт тээврийн хэрэгслийн эвдрэлийн зургууд байдаг ба микро автобусны крылан хойшоо шулагдаж ил гарч ирсэн, кабин нь хойшоогоо чихэгдсэн байдалтай байдаг. Талийгаач дүүгийн нэг хөл нь тасарч, нэг хөл нь зөвхөн мах арьсан дээрээ тогтож барихад шажигнаж, бяцарч үүрсэн байдалтай байсныг шинжээч эмч Нансалмаа дүгнэлтэндээ дурдсан байдаг. Үүнээс харахад тоормоз гишгэж, зогсоох арга хэмжээ авч байгаад хөл нь гэмтэж тасарсан гэж өөрийн зүгээс дүгнэж байна. Жолооч мэдүүлэгтээ эсрэг урсгал руу дарангуут дагаж дараад ирээд мөргөсөн гэсэн. Хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын схем зураг дээр тээврийн хэрэгслүүдийг замын байршил харьцааг нь хангалтгүй байдлаар зурсан. Тухайлбал автобусыг 2 дахин богиносгож зурсан нь 45 градус налсан мэт харагдаж байгаа юм. Автобус ямар хэмжээтэйг миний зүгээс хэмжиж үзсэн ба автобус 12 метрийн урттай, 2.5 метрийн өргөнтэй, 3.3 метрийн өндөртэй, харин микро автобус 4.7 метрийн урттай, 1.7 метрийн өргөнтэй байдаг ба уг бодит хэмжээнд үндэслэж би өөрөө зураг гаргасан /шүүх хуралдааны тэмдэглэлээс харах/ ...талийгаач дүүгийн минь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэдгийг шалтаг болгох гэж үзэж байгаа юм. ...Зам нойтон байсан болохоор автобусаа унагахаас хамгаалсан гэж байгаа. Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зорчигчдоо аварсан хүн Г юм. Яг аль цэгт 2 тээврийн хэрэгсэл мөргөлдөж аль цэгт хөдөлгөөн үргэлжилж зогссон талаар хавтаст хэрэгт болон хэргийн газрын үзлэг тэмдэглэлд тусгагдаагүй байдаг. Магадгүй миний камерийн бичлэгийг шалгах талаарх хүсэлтийг хангаж камерийн бичлэгийг авсан бол ямар тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлж хэрхэн яаж явсан мөн осол болсны дараа зөрсөн тээврийн хэрэгсэл ямар улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсныг тогтоох боломжтой байсан боловч мөрдөн шалгах ажиллагаа явуулсан ажилтнууд хангалтгүй гүйцэтгэсэн гэх үндэслэлээр урьдчилсан хэлэлцүүлгээр мөрдөн байцаалтанд буцаах хүсэлтийг гаргасан боловч шүүхээс хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. ...Хавтаст хэргийн 74 дүгээр талд шинжээч Ганбаатар осол гарсан шалтгаан нь автобусны жолоочийн буруутай үйл ажиллагаа гэж дүгнэсэн ба хх-136-139 дүгээр талд авагдсан бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр автобусны жолооч Замын хөдөлгөөний дүрэм зөрчснөөс осол гарсан гэж тогтоосон. Миний талийгаач дүү согтууруулах ундааны зүйл хэрэглэж микро жолоодож яваад автобустай зөрж таарч мөргөлдсөн. Өөр нэг тохиолдлыг авч үзвэл явган хүний гарцаар гарч байсан согтуу хүнийг мөргөсөн бол согтуу явж байсан учраас энэ хүний буруу гэж хэлэх эрх байхгүй. Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явж байсан ч гэсэн тухайн нөхцөл байдлын хувьд Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь хавтаст хэрэгт нотлох баримтаар тогтоогдоогүй. ...Хохирогчийн хувьд өөрт учирсан хохирол болох оршуулгын зардал, талийгаач  дүүгийнхээ хүүхдэд 18 нас хүртэл нь тэтгэлэг гаргуулна. Талийгаач дүү минь амьд сэрүүн байхдаа компаниас 400 мянган төгрөгийн цалин авдаг байсан хэмжээгээр тэтгэлэгийг 18 нас хүртэл нь гаргуулах, мөн оршуулгын зардал хөдөө орон нутагт болон Төв аймагт гэрт буяны ажил хийсэн зардлууд нийтдээ 20092276 төгрөгийг “Х Н” компаниас гаргуулах саналтай байна. “Х Н” компани Г Г буруутай гэж үзвэл Иргэний хуулийн дагуу гэм буруугийн хохирлыг арилгаж, дараа нь Г ээс нэхэмжилж авах бүрэн боломжтой. ...Тухайн осол гарахаас өмнө миний хувьд өвчин хэлж үзээгүй. Дүүгээ өнгөрснөөс хойш даралт ихсэх, толгой эргэх болсон. Мөн үе үе дүүгийнхээ талаар бодоход цээж шархиртал хөндүүрлэдэг болсон. Талийгаач дүүтэйгээ зүүдэндээ учрахаас өөр боломжгүй болсон. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн талийгаач Дарамбазар миний дүү замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, өөрийнх нь буруутай үйл ажиллагаанаас осол болсон гэж хэлж байгаа нь үндэслэлгүй юм. Дүүгийнхээ 2 настай хүүхдэд нь 18 нас хүртэл нь тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргаж байна гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч ““Х Н”” ХХК-ий төлөөлөгч Б.О ын өгсөн: Манай компаний хувьд Г буруутай нь тогтоогдоогүй байгаа учраас хариуцлага хүлээх боломжгүй юм. Тухайн үеийн замын нөхцөл байдлын хувьд бороо орж байсан, замын нөхцөл байдал хүнд байсан. Баруун гар тийш дарах гэхээр тэр олон хүнийг 2-3 метртэй жалганд оруулж нисгэх ёстой юу, эсхүл саадыг тойрч гарах уу гэдэг сонголт байсан гэж ярьсан. Замын хөдөлгөөний дүрмэнд тойрохоор байсан өөрсдөө эсрэг урсгалд давхиж орж ирсэн байна лээ. Г нь ““Х Н”” компаний үндсэн ажилтан биш, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээнд жолооч хамтран ажиллах гэрээтэй. Манай компани тээвэр зохицуулалтын компани түүнээс ““Х Н”” компаний үндсэн ажилтан биш. Г нь манай компаниас 2014 оны 08 дугаар сард машин түрээсээр авч лизингийн хугацаа 2015 оны 08 дугаар сард дуусч, 2015 оноос тухайн автобус Г н  өмч болсон. Манай гэрээг хүчингүй гэж ярьсан. Гэрээнд нэг талаас ““Х Н”” нөгөө талаас “Г Г н  өмчлөлийн” гэж заасан би бол эзэмшигч юм. Гэм буруутай нь тогтоогдоогүй, гэрээнд бусдад учирсан хохирлыг Г хариуцна гэж заасан байдаг, мөн хөдөлмөрийн дотоод журамд ийм заалттай байгаа гэх тайлбар,

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч “ Т “ХХК-ий төлөөлөгч, өмгөөлөгч Б.Б н өгсөн: Өнөөдрийн шүүх хуралдаанд ямар байр суурьтай байгаагаа тодорхой илэрхийлсэн. ““Х Н”” ХХК-ийг иргэний хариуцагчаар татсан асуудалтай холбоотой Төвцогтөлзийт ХХК-ийг иргэний хариуцагчаар татах хүсэлт гаргасан. ...Мөн гаргасан хүсэлтүүддээ дурдахдаа хүнд хэлбэрийн согтолттой жолооч нарт тээврийн хэрэгслээ жолоодуулж явуулснаас болж осол гарсан гэж хэлж байгаа. Тэгвэл үүнийг хэрхэн яаж тогтоож байгаа нь эргэлзээтэй. Өөрөөр хэлбэл Төвцогтөлзийт ХХК-ий захирал хүнд хэлбэрийн согтолттой жолоочид тээврийн хэрэгсэл жолоодож явуулснаас болж осол гарсан гэж тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хариуцагчийнхаа хувьд хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд тодорхой нотлох баримтуудыг хавтаст хэрэгт хавсаргасан ба үүнд амь хохирогч нарын ажил үүргийн хуваарийг эх хувиар, хөдөлмөрийн гэрээг эх хувиар, тээврийн хэрэгслийг жолоодож явсан талийгаачийн мэргэжлийн диплом зэргийг хавсаргаж өгсөн ба үүнээс Төвцогтөлзийт компанид ямар үүрэг гүйцэтгэж байгаа нь харагдана. Тухайн үед талийгаач нарын барих гэж явсан барилга нь 2-3 жилийн өмнө гүйцэтгэгдсэн байсан, тодорхой нэг гэрэл асахгүй гэх мэтийн заслын ажил гарсан. Төвцогтөлзийт компаний 4 ажилтан анх эхлүүлсэн ажлаа дуусгахаар явсан ба тэр 4 хүнийг үүрэгжүүлэн явуулж, Цэрэнхүү гэх хүнийг албан ёсоор жолоочоор явуулсан нь Цэрэнхүүгийн мэдүүлэг, цуг явж байсан хүмүүсийн мэдүүлгээр нотлогддог. Эдгээр хүмүүст барилгын ажлаа дуусгах даалгавар өгч байгууллагаас нь явуулсан. Иргэний хариуцагчтай холбоотой бас нэг зүйлийг ярьдаг ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тус бүр 2 хүн тогтоож их хэмжээний мөнгө нэхэмжлэх боломж олгосон гэж ярьдаг. Тэгвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зөвхөн нэг хүнийг тогтооно гэсэн зүйл байхгүй, магадгүй гэр бүлийнх нь бүх хүмүүсийг ч тогтоож болно. Эдгээр нь гэр бүлийн харилцаатай хүмүүс, сэтгэл санаа, эд хөрөнгийн маш их хохирлыг хүлээж байгаа юм. Гэм буруугийн асуудлыг шийдвэрлээгүй байхад олон хүмүүсийг хууль ёсны төлөөлөгч, хохирогчоор тогтоож байна гэсэн. Шүүхээс гэм буруутайд тооцвол хохирлын асуудал яригдана. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд зааснаар сэжигтэн яллагдагч, шүүгдэгч нараас нэхэмжлэх эрхтэй, заавал гэм бурууг тогтоосны дараа тогтоох албагүй. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд заасан тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах талаар заасан байдаг. Уг зохицуулалтанд зорчигч болон ачаа тээвэрлэх явцад гэм хор учирвал тухайн хохирлыг эзэмшигч, ашиглагч нь хариуцна гэх заалт байдаг. Тэгвэл ямар хуулийг үндэслэж Төвцогтөлзийт ХХК иргэний хариуцагчаар татаж байгааг, тухайн осол гарахад тухайн компани ямар буруутай болохыг тогтоох шаардлагатай ба хохирогч нар нэхэмжлэх зүйл байхгүй гэж байна гэх тайлбар,

1715000940032 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Гэрч Б.О ын өгсөн: Жолооч С.Г нь манай байгууллагад 2008   оноос хойш хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээнд хамтран ажиллах гэрээ  байгуулан өнөөдрийг хүртэл ажиллаж байна. С.Г нь гэрээт ажилчин юм. Уг   автобусны тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээр өмчлегч нь "“Х Н”" ХХК гэж бичсэн байдаг. Учир нь МУ-ын Автотээврийн тухай хуулийн 10.2.11-д заасны дагуу “компани нь зөвхөн өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр улс, хот хоорондын нийтийн тээвэр, шуудан тээвэрлэлтийн үйлчилгээ эрхлэнэ” гэсний дагуу иргэн С.Г ийн өмчлөлд байгаа “Kia Granbird” маркийн 88-43 УНД улсын дугаартай автобусыг компаний эзэмшилд шилжүүлэн нийтийн тээврийн үйлчилгээнд хамтран ажиллаж байгаа. Уг автобус нь манай компаний өмчөөр  2015 онд байсныг С.Г түрээслэж байгаад 2016 онд түрээс дуусаж өөрийнхөө эзэмшилд авсан  юм. Автобуснууд хувийнх учраас жижиг сажиг засвар үйлчилгээг жолооч нар өөрсдөө, харин том засварыг компани хамтран хийлцдэг. Тээвэрт  явах  автобуснууд урд өдөр нь ирж тээврийн хэрэгслээ шалгуулан зам хуудсаа авдаг. Нарийн үзлэгийг шалгагч механик хийдэг юм. Мөн манай компаний автобуснууд тээврийн хэрэгслийн оношлогоонд улиралд 1 удаа, жилд 4 удаа ордог.  Оношлогоонд орох хуваарь болон орох хугацааг Авто тээврийн үндэсний төвөөс гаргаж ирүүлсний дагуу манай байгууллага тээврийн хэрэгслээ оруулдаг. Мөн 7000-8000 км яваад техникийн үйлчилгээ хийгддэг. Энэ нь батлагдсан хуваарийн дагуу автобус бүр заагдсан км замаа хүрсэн бол шууд ордог юм. Жолооч нар өөрсдийн тээврийн хэрэгсэлдээ байгууллагын засварчидтай хамтран засвар үйлчилгээгээ замд гараагүй хугацаандаа байнга хийж байдаг. Нөгөө талдаа жолооч нар амарч байх хугацаандаа автобусыг ажлын бэлэн байдалд байлгах үүрэгтэй байдаг. ...Манайх жолооч нартаа эрүүл мэндийн гүнзгийрүүлсэн үзлэгийг жилд 1 удаа хийлгэдэг. Жолооч С.Г нь төлөв даруу зантай, хамт олонч, байгууллагын дотор нэр хүнд сайтай, өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлдэг, зөрчил гаргаж байгаагүй. 2016 онд Онц тээвэрчин цол тэмдгээр шагнуулж байсан манай байгууллагын тэргүүний ажилчин юм гэх мэдүүлэг /хх-46-47 тал/,

Гэрч С.Гантуяагийн өгсөн: Жолооч С.Г нь манай байгууллагын ажилтан мөн. Намайг 2014 онд энэ байгууллагад ажилд ороход л байсан. Тэр үед зорчигч тээврийн жолооч хийж байсан ба одоог хүртэл жолоочоор ажиллаж байгаа. Би С.Г ийг  яг хэдэн оноос эхлэн ажиллаж байгааг сайн мэдэхгүй байна. ...Уг   автобусны тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээр өмчлөгч нь ““Х Н”” ХХК гэж бичсэн байдаг болохоор манай компаний эзэмшлийн тээврийн хэрэгсэл гэж бодож байна. ....Тээвэрт явах жолооч нь урд өдөр нь ирж тээврийн хэрэгслээ шалгуулан, зам хуудсаа авдаг. Замд тээвэр хийх автобусыг би өөрөө нүд үзэж нэг бүрчлэн тээврийн хэрэгсэл шалгах бүртгэлийн дагуу шалгаж тэмдэглэгээ хийж хөтөлдөг. Тухайлбал жолоочийн үнэмлэх, мэргэшсэн жолоочийн үнэмлэх,    тээврийн хэрэгслийн өнгө үзэмж, гэрэл дохио, тоормоз, галын хор, эмийн сан, дугуй, ослын тэмдэг, хөгжим, зурагт, дугуйн гинж, сэлбэг, ажлын хувцас, хүрз, малтуур, шил, толь зэргийн бүрэн бүтэн байдлыг шалгаж гаргадаг. Мөн манай компаний автобуснууд тээврийн хэрэгслийн оношлогоонд улиралд 1 удаа, жилд 4 удаа ордог.

Оношлогоонд орох хуваарь болон орох хугацааг Авто тээврийн үндэсний төвөөс гаргаж ирүүлсний дагуу манай байгууллага тээврийн хэрэгслээ оруулдаг. ...Жолооч нар өөрсдийн тээврийн хэрэгсэлдээ байгууллагын засварчидтай хамтран засвар үйлчилгээгээ замд гараагүй хугацаандаа байнга хийж байдаг. ...Манайх жолооч нартаа эрүүл мэндийн гүнзгийрүүлсэн үзлэгийг жилд 1 удаа хийлгэдэг. Түүнэзс биш замд гарах бүрт нь хийдэггүй. Жолооч бүрт замд гарах болгонд нь зааварчилгаа өгч ажлын байран дахь давтан зааварчилгын бүртгэлд хөтөлдөг гэх мэдүүлэг /хх-48-49 тал/,

          Гэрч Н.Нансалмаагийн өгсөн: Би 2017 оны 08 сарын 18-ны өглөө 11 цагийн хүн тээврийн автобусаар Завхан аймгийн төвөөс Улаанбаатар хот орохоор явж байсан. Миний явсан автобус Хархорин дээр түр амарч хоол цай идэж уучихаад хоёр жолооч маань солигдоод шууд явсан. 2017 оны 08 сарын 19-ний өглөө Рашаант сумын төвийг дайран явсан. Тэр үед өглөөний 5 цаг өнгөрч байсан ба замаар явж байгаа машинууд гэрэл асаастай явцгааж байсан. Автобусанд явж байсан бүх зорчигчид унтаж явсан. Би жолоочийн хажуугийн суудалд унтаагүй замаар явж байгаа машинуудыг харж явтал манай автобусны чанх урдаас жижиг бололтой машин гэнэт чиглээд ирэхээр нь би хашгирч чадахгүй гараараа амаа дартал /хашгирвал жолоочийг сандралд оруулах байх гэж бодоод/ нөгөө жижиг машин яах ийхийн зуургүй ирээд мөргөлдөх шиг болсон. Тэр үед автобусны урд талын том шил бутарч хагаран, урд талын толь нь миний толгой дээгүүр нисээд арын суудлын тэнд унасан. Тэр үед жолооч маань “та нар зүгээрүү, гэмтэж бэртсэн хүн байна уу” гэж байсан. Хүмүүс “зүгээр, зүгээр” гэхэд эмнэлэг, цагдаа дуудахаар жолооч маань машинаасаа буусан. ...Өглөөний 5 цаг өнгөрч байсан болохоор гадаа харанхуй машинууд гэрэлтэй явж байсан. Рашаантын төвийн урдуур өнгөрөхөд ширүүн устай бороо орж үзэгдэх орчин муу байсан. ...Манай машины урдаас ирж байсан тээврийн хэрэгсэл урсгал сөрж бидний урдаас шууд яваад ирсэн. Тэр үед жолооч сигналдаж бас гэрлээ асааж унтрааж байсан. Би тэр машиныг ойролцоогоор 10 гаран метрийн зайнаас харсан байх гэх мэдүүлэг /хх-50-51 тал/,

       Гэрч Д.Амарсанаагийн өгсөн: 2017 оны 08 сарын 18-ны өдөр Цэрэнхүү, Дарамбазар, Батхишиг нарын хамтаар Төв аймгийн Эрдэнэсант суманд барилгын ажлаа дуусгахаар “Hyundai Grase” маркийн 78-80 ТӨА улсын дугаартай автомашинтай ирсэн. Бид нар Эрдэнэсант суманд 16 цагийн орчимд ирээд ажлынхаа бэлтгэлийг хангаж дууссан. ...Бид нарыг Эрдэнэсант суманд ирсэн байхад Дарамбазар “хүргэн ах, эгч хоёр Завхан явж байна, би уулзаад ирье” гээд зам руу явсан. Тэр удалгүй ирэхдээ 2 литрийн “Нийслэл” пиво авч ирсэн. “Хүргэн ах нь авч өгсөн” гэж ярьсан. 1-2 цагийн дараа Дарамбазар бас “ах маань Завхан явж байна гэнэ” гээд зам руу явж ирэхдээ “ах маань 20000 төгрөг өгсөн” гээд тэр мөнгөөрөө 1 шил архи авч ууцгаасан. Тэгээд орой 23 цагийн үед амарцгаасан. Би түрүүлээд унтсан байсан. Тэгээд өглөө нь 06 цагийн үед намайг босоход Батхишиг, Дарамбазар хоёр байхгүй байсан. Мөн манай машин байхгүй байсан. Тэгж байтал Төв аймгаас компаний захирал над руу утсаар яриад “чи хаана байгаа юм бэ” гэхээр нь “би байрандаа байна” гэсэн чинь “машин чинь хаана байгаа юм, зам дээр асуудал гарсан байна. Бусад хүмүүс чинь байгаа юу” гэхээр нь би “Батхишиг, Дарамбазар хоёр байхгүй байна” гэхэд “наад хүмүүс чинь зам дээр аваарт орсон байна, цагдаа над руу хэллээ” гэсэн. Тэгэхээр нь Цэрэнхүү бид хоёр осол болсон газарт ирэхэд манай машин хүн тээврийн автобустай мөргөлдсөн байсан. ...Цэрэнхүүгийн халаасанд байсан машины түлхүүрийг унтаж байхад нь авсан байсан гэсэн. Би талийгаач нартай 7-8 жил хамт ажиллаж байна гэх мэдүүлэг /хх-52-53 тал/,

      Гэрч Б.Цэрэнхүүгийн өгсөн: 2017 оны 08 сарын 18-ны өдөр Амарсанаа, Дарамбазар, Батхишиг нарын хамт Төв аймгийн Эрдэнэсант суманд барилгын ажлаа дуусгахаар “Hyundai Grase” маркийн 78-80 ТӨА улсын дугаартай автомашинтай ирсэн. Уг автомашины жолооч нь би өөрөө. Бид нар Эрдэнэсант суманд 16 цагийн орчимд ирээд бэлтгэл ажлаа хангаж дуусгасан. ...Бид нарыг Эрдэнэсант суманд ирсэн байхад Дарамбазар “хүргэн ах, эгч хоёр Завхан явж байна би уулзаад ирье” гээд зам руу явсан. Тэр удалгүй ирэхдээ 2 литрийн “Нийслэл” пиво авч ирсэн. “Хүргэн ах нь авч өгсөн” гэж ярьсан. 1-2 цагийн дараа Дарамбазар бас “ах маань Завхан явж байна гэнэ” гээд зам руу явж ирэхдээ “ах маань 20000 төгрөг өгсөн” гээд тэр мөнгөөрөө 1 шил архи авч ууцгаасан. Тэгээд орой 23 цагийн үед унтахаар хэвтэцгээсэн. Тэгтэл шөнө 01 цаг өнгөрч байхад намайг хүн татаад байхаар нь сэрээд хартал Дарамбазар надаас “картаа өгчих мөнгө байна уу” гэхээр нь би түүнд “мөнгө байхгүй одоо унт, өглөө эрт ажилтай” гэж хэлсэн. Тэгээд би унтаад өгсөн. Өглөө унтаж байтал Амарсанаа надад “нөгөө хоёр чинь алга байна” гэхээр нь би “цаад өрөөнд чинь унтаж байгаа байлгүй дээ” гэхэд “машин байхгүй байна” гэсэн. Тэр үед Төв аймгаас захирал Амарсанаатай утсаар ярьж болсон асуудлын талаар дуулгасан. Тэгээд Амарсанаа бид хоёр осол болсон газарт ирэхэд манай машин хүн тээврийн автобустай мөргөлдсөн байсан. ...Би унтахдаа машиныхаа түлхүүрийг өмсөж байсан хүрэмнийхээ баруун талын гадна халаасанд хийсэн байсан. Намайг унтаж байхад халааснаас авсан байсан. Тус машины албан ёсны жолооч нь талийгаач Амарсанаа байсан юм. Талийгаач Амарсанаа нь 2017 оны 04 сард тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулчихсан байсан учрааас би оронд нь уг машиныг жолоодож байсан юм гэх мэдүүлэг /хх-54-55 тал/,

Гэрч Д.Бямбасүрэнгийн өгсөн: Би компанийхаа үндсэн жолооч С.Г ийн хамтаар 2017 оны 08 дугаар сарын 18-ны өглөө Завхан аймгийн төвөөс 11 цагт Улаанбаатар хот руу хүн тээвэрт компаний “Kia Granbird” маркийн 88-43 УНД улсын дугаартай автобусаар нийт 36 зорчигчтой хөдөлсөн. Эхэлж хөдлөхдөө би жолоодон явсаар Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвөөс 03 цагийн орчимд түлшээ нэмээд хөдлөхдөө үндсэн жолооч С.Г эд жолоогоо шилжүүлж, түүнээс цааш би амарч явсан. Унтаж явтал гэнэт “тас няс” гэх чимээ гарахаар нь сэртэл автобусны урд том шил бут үсрэн хагарсан. Юу болов гээд бууж харах гэтэл урд хаалганы тэнд нэг зорчигч эмээ унасан байхаар нь босгож суудалд суулгаад машинаас бууж харахад саарал өнгийн микро автобус манай автобусны урдаас мөргөлдсөн байсан. Тэгээд цагдаа болон эмнэлэгт утсаар мэдэгдсэн. Би тэр үед амарч унтаж явсан болохоор яг юу болсон талаар мэдээгүй. Осол болсны дараа Г ээс юу болсон талаар асуухад “чанх өөдөөс урсгал сөрөөд машин хүрээд ирэхээр нь зайлаад гарчих санаатай эсрэг урсгал руу дартал дагаж урдаас дараад мөргөлдчихлөө” гэсэн  гэх мэдүүлэг /хх-56 тал/,

Шүүгдэгч С.Г ийн яллагдагчаар өгсөн: Би Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг ““Х Н”” ХХК-д хот хоорондын зорчигч тээврийн жолооч хийдэг бөгөөд 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотоос Завхан аймгийн чиглэлд ““Kia Granbird” маркийн 88-43 УНД улсын дугаартай 45 хүний суудалтай, том оврын автобусаар 16 зорчигч тээвэрлээд 2017 оны 08 дугаар сарын 16-ны өглөө 09 цагт Завхан аймгийн Улиастай хотод очсон. Тэгээд 2017 оны 08-р сарын 16-17-ны өдрүүдэд амраад 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 11 цагт буцаад Улаанбаатар хотын чиглэлд 32 зорчигч тээвэрлээд явсан. Замаасаа буюу Идэр сумаас 4 зорчигч аваад нийтдээ 36 зорчигчтой цааш явсан. Явсаар байгаад 17 цагт Завхан аймгийн Тосонцэнгэл суманд ирээд тэндээ хоол идээд 18 цаг 30 минутын үед цааш хөдөлсөн. Тэгээд цааш явж байгаад Архангай аймгийн Цахир сум руу ороод 22 цаг 30 минутын үед ээлжийн жолооч Бямбасүрэнд жолоогоо шилжүүлээд, цааш явж байгаад Архангай аймгийн Чулуут суманд дахин хооллоод цааш хөдөлсөн. Тэгээд шөнийн 02 цаг 30 минутанд буюу Өвөрхангай аймгийн Хархорин суманд орж ирээд түлш аваад би жолоогоо аваад цааш хөдөлсөн. Тэгээд би явсаар байгаад Булган аймгийн Рашаант сумын нутгаар 05 цагийн үед дайрч өнгөрөөд цааш явж байхад буюу 5 цаг 20 минутын үед байх миний урдаас 2 жижиг тэрэгний гэрэл гарсан. Би тухайн үед гэрлээ шилжүүлээд явж байтал миний урдаас явж байсан 2 жижиг тэрэгний араас 1 жижиг тэрэг урсгал сөрөөд ороод ирсэн. Тэгэхээр нь би гэрлээр дохьсон боловч урдаас чигээрээ яваад л байсан. Тэгээд би хурдаа хасаад урсгал сөрөөд ороод ирсэн машины урд явсан 2 жижиг тэргийг өнгөрөөгөөд урсгал сөрөөд сааднаас зугтаад зүүн гар тийш дарсан боловч нөгөө урсгал сөрөөд явж байсан машин надтай адил өөрийнхөө эгнээ рүү дарж орж ирээд тэгээд л мөргөлдсөн. Би тухайн үедээ нэлээн манарсан байдалтай байсан ба манай ээлжийн жолооч Бямбасүрэн хаалга онгойлгоод гарсан байсан. Тэгээд шууд Булган аймгийн Цагдаагийн газар руу ярьж мэдэгдсэн. Цагдаа нар ирээд түргэн тусламж дуудсан байсан. Тэгээд би автобуснаасаа буугаад харахад манай автобусны урдаас микро мөргөсөн байсан ба уг микро дотор жолоочийн суудал дээр 1 хүн, хажууд нь 1 хүн байсан. Хойд талд нь ямар нэгэн хүн байгаагүй. Уг микро дотор байсан 2 хүнийг эмч үзээд нас барсан байна гэж хэлж байсан. ...Тухайн үед бороо ороод замын нөхцөл байдал тааруу байсан. Өглөө үүр цайж байсан учраас гадаа харанхуй үзэгдэх орчин муу байсан. Тухайн осол гардаг зам бол тууш зам байсан. Ямар нэгэн тахир, муруй зам байгаагүй. Замын голын цагаан зураас тасархай шугамтай байсан. Халтиргаа гулгаа гэхээр зүйл байгаагүй. Би тухайн үед 64-70 км цагийн хурдтай явсан. Осол гарах үед би гэрлээ шилжүүлээд ойрын гэрэлтэй явж байсан. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Мөргөлдөх үед миний хурд 10 км орчим байсан байх. Тооромз гишгээд бараг зогсож байсан. Би хэрвээ хурдтай явж байгаад мөргөсөн бол тэр микро замын хажуу руу хийсч унах байсан байх гэж бодож байна гэх мэдүүлэг /хх-148-151 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлд:

Хэрэг учрал болсон гэх газар нь Булган аймгийн Рашаант сумын төвөөс зүүн тийш /ертөнцийн зүгээр/ 10 орчим км зайд дөрөвдүгээр багийн нутаг “Мөргөцөг” гэх газарт асфальтан зам дээр болсон байв. ...Хэргийн газарт “Kia Granbird” маркийн 88-43 УНД улсын дугаартай автобус нь мөнгөлөг саарал өнгийн “Hyundai Grase” маркийн 78-80 ТӨА улсын дугаартай ачааны микробустай мөргөлдсөн байдалтай байх ба дээрхи 2 тээврийн хэрэгсэл нь дөрвөн дугуйн дээрээ байрлалтай, асфальтан замын хойд хэсэгт болсон байдалтай харагдаж байв. УНД 88-43 улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Архангай аймгийн чиглэлээс Улаанбаатар хотын чиглэлд, ТӨА 78-80 улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Улаанбаатар хотын чиглэлээс Рашаант сумын чиглэлд харсан байдалтай байлаа. ...Мөргөлдсөн тээврийн хэрэгслүүдийг тойрч үзэхэд тоормоз болон шарвалтын ул мөр байхгүй, асфальтан зам нойтон, бороо орж байв. ...Асфальтан зам нь тухайн хэрэг орчинд шулуун, тэгш байх ба үзэгдэх орчин чөлөөтэй, зам дээр мөргөлдсөн хоёр тээврийн хэрэгслийн шарвасан болон тоормозлосон ул мөр илрээгүй, усархаг бороотой, зам нойтон гадаргуутай байв. Асфальтан замын өргөн 7 м, шороон хэсгийн өргөн 2 м, шороон хэсэгтэй замын нийт өргөн 11 м 60 см, голын цагаан зурааснаас асфальтан замын урд ирмэг хүртэл 3 м, 50 см байв. Замын зорчих хэсэг нь ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байлаа /хх-5-10/гэжээ.

       Булган аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн

  1. “Hyundai Grase” маркийн 78-80 ТӨА улсын дугаартай ачааны микробусыг жолоодож явсан жолооч П.Д нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а заалт “Согтууруулах ундаа, мансууруулах бодис сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадхааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдол зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.

“Kia Granbird” маркийн 88-43 УНД улсын дугаартай автобусыг жолоодож явсан С.Г МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 заалт “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалт, мөн МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 заалт “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгалыг сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

  1. Зам тээврийн осол гарсны дараа үзлэг хийхэд “Hyundai Grase” маркийн 78-80 ТӨА улсын дугаартай ачааны микробус тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгах боломжгүй байсан. Зам тээврийн осол гарсны дараа үзлэг хийхэд “Kia Granbird” маркийн 88-43 УНД улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь хөдөлгүүр хэвийн ажиллагаатай, гар болон хөл тоормоз бүрэн ажиллаж бүрэн бүтэн байдлыг хангаж явсан, урд гэрэл дохио зам тээврийн ослын үед хагарч ажиллагаагүй болсон.
  2. Жолооч П.Д нь ВСД ангилалын 633460 дугаарын жолооны үнэмлэхтэй, хүчинтэй, жолооч С.Г нь ВСД ангилалын 275928 дугаарын үнэмлэхтэй, хүчинтэй.
  3. Жолооч С.Г нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 заалт “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгалыг сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж эсрэг урсгалд орж өөдөөс явсан “Hyundai Grase” маркийн 78-80 ТӨА улсын дугаартай ачааны микробусыг мөргөсөн нь зам тээврийн хэрэг гарах шалтгаан болсон байна гэх дүгнэлт /хх-74 тал/,

Булган аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн №56 тоот:

  1. Талийгаач Х.Батхишигийн цогцост хийсэн шүүх эмнэлгийи магадлан шинжилгээгээр элэг, дэлүү задрал, хурц цус алдалт /2000 мл/, өвчүү, хоёр талын олон хавирганы хугарал, дотор  эрхтний доргилт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ.
  3. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
  4. Талийгаач нь цээж, хэвлийн битүү гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ гэх дүгнэлт /хх-79-80 тал/,

Булган аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн №57 тоот:

1. Талийгаач П.Дарамбазарын цогцост хийсэн шүүх эмнэлгийн магадлан шинжилгээгээр үнхэлцэг хальсны урагдал, зүрх задрал, хурц цус алдалт /2500 мл/, хоёр талын олон хавирганы хугарал, зүүн шилбэний тасрал, хугарал, баруун шилбэний хугарал, нүүр, толгойн хуйхны шарх, мөчдийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ.

3. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тоггоогдсонгүй.

4. Талийгаач нь цээж, хэвлийн битүү гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ гэх дүгнэлт /хх-97-98 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн №8160 тоот:

  1. Шинжилгээнд ирүүлсэн “С.Г 42н/эр” гэж хаягласан цус нь шинжилгээнд тэнцэж байна.
  2. “С.Г 42н/эр” гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрэхгүй байна гэх дүгнэлт /хх-104 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн №8164 тоот:

  1. Шинжилгээнд ирүүлсэн “Дарамбазар” гэж хаягласан цус нь шинжилгээнд тэнцэж байна.
  2. “Дарамбазар” гэж хаягласан цусанд 3.3 промилли спиртийн агууламж илэрч байна.
  3. Цусанд илэрсэн 3.3 промилли нь согтолтын хүнд зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-107 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн №8162 тоот:

  1. Шинжилгээнд ирүүлсэн “Батхишиг эр” гэж хаягласан цус нь шинжилгээнд тэнцэж байна.
  2. “Батхишиг эр”  гэж хаягласан цусанд 2.9 промилли спиртийн агууламж илэрч байна.
  3. Цусанд илэрсэн 2.9 промилли нь согтолтын хүнд зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-110 тал/,

Ашид билгүүн ХХК-ийн 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн №1057 тоот:

  1. “Kia Granbird” маркийн 88-43 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлтэй холбоотоой шууд 3365000₮, засвар үйлчилгээтэй холбоотой шууд бус 320000₮, нийт 3685000 төгрөгийн хохирол учирсныг тогтоосон дүгнэлт /хх-115 тал/,

Ашид билгүүн ХХК-ийн 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн №1057 тоот:

  1. “Hyundai Grase” маркийн 78-80 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлтэй холбоотоой шууд 2786000₮, засвар үйлчилгээтэй холбоотой шууд бус 965000₮, нийт 3751000 төгрөгийн хохирол учирсныг тогтоосон дүгнэлт /хх-117 тал/,

Замын цагдаагийн албаны бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн:

1. “Kia Granbird” маркийн 88-43 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С.Г нь МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 9.2 заалт /Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна/ гэсэн заалт, ...“Hyundai Grase” маркийн 78-80 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч гэх талийгаач П.Д нь 2.7 заалт Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний  аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох/ гэсэн заалтуудыг зөрчсөн байна.

       2. Уул зам тээврийн осол, хэрэг нь мөн “Kia Granbird” маркийн 88-43 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч МУ-ын ЗХД-ийн өөрт холбогдох заалтыг зөрчсөний улмаас гарсан гэх үндэслэлтэй байна гэх дүгнэлт болон яллагдагчийн өмгөөлөгчийн шинжээчдээс асуусан асуултын хариултад:

   1. МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 7.15 заалт /Саадыг тойрон гарахдаа өөдөөс яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө/.

Бэрхшээлтэй (өгсүүр буюу ганга жалгатай) замын нарийссан хэсэгт тээврийн       хэрэгслүүд зөрж өнгөрөх боломжгүй бол аль ганга жалгатай талд яваа тээврийн хэрэгсэлд, ганга жалгагүй бол өгсөж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.

2. ““Х Н”” ХХК-ий “Kia Granbird” маркийн 88-43 УНД дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан С.Г нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2 заалт /Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, “Hyundai Grase” маркийн 78-80 ТӨА дугаартай авто машин нь зам тээврийн ослын схем зураг болон фото зургаас харахад урсгал сөрсөн гэх нь тогтоох боломжгүй.

3. “Kia Granbird” маркийн 88-43 УНД дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь өөдөөс гэнэт тээврийн хэрэгсэл урсгал сөрж тухайн зорчиж явсан чиглэлд саад учирч өөдөөс яваа автомашинтай  мөргөлдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор чөлөөтэй замын зорчих хэсгийн эгнээ рүү чиглэлээ өөрчлөн тээврийн хэрэгслээ зайлуулах үйлдэл хийх явдал түгээмэл байдаг. Уг осол, хэргийн тухайд жолооч дээрх үйлдлийг хийсэн байх боломжтой гэж үзэж байна. Зам тээврийн осол, хэргийн материалтай танилцахад “Hyundai Grase” маркийн 78-80 ТӨА дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь урсгал сөрсөн гэх үйлдэл нь тодорхойгүй байна.                                                                                     

4.  Өөрийн жин 12.5 тн, 36 зорчигчтой, 36 зорчигчийн ачаа 1 тн орчим ачаатай, нийт жин нь ойролцоогоор 17.5 тн орчим байсан байж болох том оврын автобус мөргөлдөх үед их хурдтай явсан бол түүнтэй мөргөлдөх үед жолоочоос гадна нэг зорчигчтой, өөр ачаагүй явж байсан жижиг оврын микро автобус замын хажуу руу унах, эсвэл буцаж ойх хэмжээний хүч үйлчлэх байсан уу? гэсэн асуулт тавьсан нь шинжээчдийн тусгай мэдлэг хүрэлцэхгүй байна.

5. Бороотой үед онолын хувьд автомашины тоормосны систем бүрэн  ажилгаатай тээврийн хэрэгслээр огцом тоормослох үед зам дугуйн барьцалтын үйлчиллээр асфальтан зам дээр зам дугуйн тоормосны мөр үүсдэг.

6. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтолтын зэрэгтэй хүн өөрийн үйлдлийг болон орчны нөхцөл байдлын талаарх мэдээллийг зөв хүлээн авах чадваргүй, ослын үед зөв шийдвэр гаргах, самбаачлах үйл ажиллагаа муудсан байдаг тул “Hyundai Grase” маркийн 78-80 ТӨА дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь тоормос гишгээгүй байх үндэслэлтэй. “Kia Granbird” маркийн 88-43 УНД дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь аюул ослыг зайлуулах зорилгоор тоормосыг алгуур тоормосолж гишгэсэн байх үндэслэлтэй, тоормосыг алгуур гишгэснээр тоормосны мөр гарахгүй байх боломжтой. Учир нь: Алгуур тоормос гишгэсэн нь зорчигчид гэмтээгүйгээс тодорхойлогдож болно.

7. Зам тээврийн осол, хэргийн материалтай танилцахад цаг агаарын нөхцөл байдал бороотой, асфальтан гадаргуутай зам нойтон, тухайн зам тээврийн осол, хэрэгт холбогдсон тээврийн хэрэгслүүдийн тоормосны мөр үгүй тул хурдыг тогтоох боломжгүй гэж үзэж байна.

8. ““Х Н”” ХХК-ийн “Kia Granbird” маркийн 88-43 УНД дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан С.Г нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2 заалт /Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна/  /хх-136-139 тал/ гэх дүгнэлт, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хх-1-2 тал/, гомдол, мэдээлэлийг хүлээн авсан тэмдэглэл /хх-4/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, тэдгээрийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэл болон хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5-26 тал/, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлт /хх-27-32 тал/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-81-86, 91-96 тал/, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн лавлагаа, иргэний үнэмлэхний хуулбар /хх-151-153 тал/, “Kia Granbird” маркийн 88-43 УНД дугаартай тээврийн хэрэгслийн хурдны мэдээлэл /хх-157 тал/, тээврийн хэрэгслүүдийн гэрчилгээ, жолооны үнэмлэхний хуулбар /хх-158-161 тал/, жолоочийн эрүүл мэндийн болон тээврийн хэрэгслийн оношлогооны мэдээлэл, ажлын байран дахь давтан зааварчилгааны бүртгэл, гэрээ, замын хуудас /хх-162-186 тал/, хавтаст хэргийн материал танилцуулсан баримт /хх-196-199 тал/, хохирогч нарын иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтууд /хх-2-12-39, 83-102тал/, иргэний хариуцагч “ Т “ХХК-ий тайлбар, түүнд хавсаргасан нотлох баримтууд /хх-2-111-122 тал/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Батбаярын эх хувиар нь гаргаж өгсөн 7 хуудас бүхий 12633650 төгрөгийн иргэний нэхэмжлэлийн баримтуудыг тус тус шинжлэн судлав.  

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзвэл 2017 оны 8 дугаар сарын 19-ний өглөө 05 цаг өнгөрч байхад Булган аймгийн Рашаант сумын дөрөвдүгээр багийн нутаг “Мөргөцөг” гэх газарт асфальтан зам дээр Завхан аймгаас Улаанбаатар хотын чиглэлд явж байсан ““Х Н”” ХХК-ийн зорчигч тээврийн “Kia Granbird” маркийн 88-43 УНД дугаартай тээврийн хэрэгсэл Төв аймгийн Эрдэнэсант сумаас Рашаант сумын чиглэлд явж байсан Төв аймгийн Төвцогтөлзийт ХХК-ийн “Hyundai Grase” маркийн 78-80 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас зам тээврийн осол гарч, 78-80 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан П.Д болон түүнд зорчин явсан Х.Б нарын амь хохирч, Kia Granbird” маркийн 88-43 УНД улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 3365000 төгрөгийн  шууд, 320000 төгрөгийн  шууд бус, “Hyundai Grase” маркийн 78-80 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 2786000 төгрөгийн шууд, 965000 төгрөгийн  шууд бус хохирол тус тус учирсан үйл баримт тогтоогдож байна.

       Энэ үйл баримт нь хэргийн газарт болон тээврийн хэрэгсэлд үзлэгийг хуульд заасан журмын дагуу хийж үйлдсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-5-22 тал/, амь хохирогч нарын хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-23-26 тал/, тэдний хууль ёсны төлөөлөгч, хохирогчоор тогтоогдсон Х.Батбаяр,  П.З  нарын өөрт учирсан хохирол, гэм хорын талаар өгсөн мэдүүлгүүд /хх-33-35тал/, хэрэг үйл баримт болохын өмнөх болон яг болсон үеийн нөхцөл байдлын талаар гэрч Н.Нансалмаа /хх-50-51 тал/, Д.Бямбасүрэн /хх-148-151 тал/ болон шүүгдэгч С.Г нарын гэрчээр өгсөн /хх-44-45 тал/ мэдүүлгүүд, Булган аймгийн Замын цагдаагийн тасгийн шинжээчийн “жолооч С.Г нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмын 8.2 заалт “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгалыг сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж эсрэг урсгалд орж өөдөөс явсан “Hyundai Grase” маркийн ачааны микробусыг мөргөсөн нь зам тээврийн хэрэг гарах шалтгаан болсон байна гэх дүгнэлт /хх-74 тал/, Замын цагдаагийн албаны бүрэлдэхүүнтэй шинжээчдийн “Kia Granbird” маркийн 88-43 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С.Г нь МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 9.2 “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсныг тогтоосон дүгнэлт /хх-136 тал/, шүүх эмнэлгийн магадлан шинжилгээгээр талийгаач Х.Б нь цээж, хэвлийн битүү гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ гэх /хх-79-80 тал/, талийгаач П.Д нь цээж, хэвлийн битүү гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ /хх-97-98 тал/ гэх амь хохирогч нарын нас барсан шалтгааныг тогтоосон Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн №56, 57 тоот дүгнэлтүүд, “Kia Granbird” маркийн 88-43 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлтэй холбоотой шууд 3365000₮, засвар үйлчилгээтэй холбоотой шууд бус 320000₮, нийт 3685000 төгрөгийн хохирол учирсныг тогтоосон дүгнэлт /хх-115 тал/, “Hyundai Grase” маркийн 78-80 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлтэй холбоотой шууд 2786000₮, засвар үйлчилгээтэй холбоотой шууд бус 965000₮, нийт 3751000 төгрөгийн хохирол учирсныг тогтоосон /хх-117 тал/ Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний Ашид билгүүн ХХК-ий автомашин техникийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.       Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шүүхийн шинжилгээний болон зам тээврийн ослын шалтгааны талаархи дүгнэлтүүд, хохирлын үнэлгээний тайланг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээчдэд хууль сануулж гаргуулсан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

       Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчийн гэм буруу мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотлогдоогүй, “Hyundai Grase” маркийн 78-80 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн хоёр заалтыг зөрчсөн нь осол гарах шалтгаан болсон гэж шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаж цагаатгах байр сууринаас хэргийн онолоо дэвшүүлж мэтгэлцсэн бол шүүгдэгч С.Г шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын асуусан асуултанд хариулахдаа “Hyundai Grase” маркийн 78-80 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл хурдтай, урсгал сөрж орж ирсэний улмаас замын баруун гар тал жалгатай, ус урсаж байсан учраас саадыг тойрч, аюулаас зайлсхийх зорилгоор эсрэг урсгал руу дарахад тус микробус мөн дагаж дарсанаас осол болсон гэжээ.

       Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар “Hyundai Grase” маркийн 78-80 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл урсгал сөрсөн болох нь хангалттай нотлогдож тогтоогдоогүй бөгөөд “Би жолоочийн хажуугийн суудалд унтаагүй замаар явж байгаа машинуудыг харж явтал манай автобусны чанх урдаас жижиг бололтой машин гэнэт чиглээд ирэхээр нь би хашгирч чадахгүй гараараа амаа дартал /хашгирвал жолоочийг сандралд оруулах байх гэж бодоод/ нөгөө жижиг машин яах ийхийн зуургүй ирээд мөргөлдөх шиг болсон”, мөрдөгчийн “танай машины урдаас ирсэн гэх машин урсгал сөрсөн үү” гэх хөтлөх шинжтэй асуултанд “миний урдаас ирж байсан тээврийн хэрэгсэл урсгал сөрсөн. Бидний урдаас шууд яваад ирсэн...” гэх гэрч Н.Нансалмаагийн мэдүүлэг /хх-51 тал/ нь аль тээврийн хэрэгсэл  урсгал сөрж мөргөснийг тодорхой заагаагүй, түүний мэдүүлгийн эх сурвалж өөр бусад нотлох баримтаар нотлогдоогүй байна.

        Түүнчлэн хэргийн газрын үзлэгийн “...мөргөлдсөн тээврийн хэрэгслүүдийг тойрч үзэхэд тоормоз болон шарвалтын ул мөр байхгүй, асфальтан зам нойтон, бороо орж байв. ...Асфальтан зам нь тухайн хэрэг орчинд шулуун, тэгш байх ба үзэгдэх орчин чөлөөтэй, зам дээр мөргөлдсөн хоёр тээврийн хэрэгслийн шарвасан болон тоормозлосон ул мөр илрээгүй, усархаг бороотой, зам нойтон гадаргуутай байв. Асфальтан замын өргөн 7 м, шороон хэсгийн өргөн 2 м, шороон хэсэгтэй замын нийт өргөн 11 м 60 см, голын цагаан зурааснаас асфальтан замын урд ирмэг хүртэл 3 м, 50 см байв. Замын зорчих хэсэг нь ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байлаа” /хх-5-10/ гэх тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтээс харахад жолоочийн мэдүүлэгт дурдсан зам чөлөөлөн зогсоход сөргөөр нөлөөлөх хүчин зүйлүүд тогтоогдоогүй байна.  

    Харин “Hyundai Grase” маркийн 78-80 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Д.Дарамбазар нь замын хөдөлгөөний дүрмээр жолоочид хориглосон “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний  аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөн болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн шинжилгээнд ирүүлсэн П.Д гэж хаягласан цус нь шинжилгээнд тэнцэж байна, цусанд 3.3 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна /хх-107 тал/ гэх дүгнэлтээр нотлогдож тогтоогдсон байна.

    Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн дагуу зам дээрх аюул саад нь янз бүрийн шинж чанартай байж болох учраас түүнд тохирсон арга хэмжээг жолооч өөрөө зөв сонгох, өөрөөр хэлбэл зам дээрх аюул саад нь хөдөлгөөнтэй болон хөдөлгөөнгүй байх ба хөдөлгөөнгүй саадыг тойрон гарахдаа жолооч өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэл явж өнгөрөх боломжит хугацааг тооцоолж “саадыг тойрон гарахдаа өөдөөс яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх”, хөдөлгөөнт саадны хувьд /явган зорчигч, мал, амьтан гэх мэт/ хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед “тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авах” үүрэгтэй юм.

Тухайн осол, хэрэг гарсан шалтгааныг тогтоосон Булган аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлт болон нэмэлт шинжилгээ хийсэн Замын цагдаагийн албаны бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй байна, өөрөөр хэлбэл шүүгдэгч С.Г ийн нэг талаас аюул саадыг тойрон гарах боломжтой гэж хөнгөмсөгөөр найдан эсрэг урсгалд сөрж орсон, нөгөө талаас аюул саад бодитой учираад байгаа нөхцөл байдалд тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээг аваагүй замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл, учирсан хор уршиг хоёрын хооронд шууд холбоотой байх ба автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь хохироосон гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулж байна.

       Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон байх тул шүүгдэгч С.Г ийг  Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааний хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        Шүүгдэгч С.Г ийн гэм буруутай үйлдлийн улмаас 2 хүний амь хохирч хүнд хор уршиг учирсан байх ба амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирогч нар талийгаач нарыг оршуулах, буяны зан үйлтэй холбогдож гарсан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсонтой холбоотой гарсан зардлыг талийгаачдын насанд хүрээгүй хүүхдүүдэд нөхөн төлбөрийн хамт гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь хуульд нийцсэн, Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1, 508.2-т зааснаар шаардах эрхтэй байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэж буй нотлох баримтуудын агуулга, хэргийн хамаарал, нотлогооны шаардлага хангаж буй эсэхийг нэг бүрчлэн хянав.

 Хохирогч Х.Батбаяр, П.Агарзандан нарын нэхэмжлэлийн шаардлагын тухайд:  

1.Талийгаачийг оршуулахтай холбогдож гарсан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан иргэний нэхэмжлэлийн шаардлагын хувьд хэргийн 2 дугаар хавтасны 19-39 дүгээр талд авагдсан нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэж буй нотлох баримтын зарим нь нотлох баримтын шаардлага хангаагүйгээс шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж буй нотлох баримтуудыг эх хувиар нь ирүүлж эдгээр баримтын хүрээнд 12633650 төгрөгийн иргэний нэхэмжлэл гаргаснаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардал /замын хураамж нийт 11000₮, Зочид буудлын төлбөр 40000₮, Дашваанжил АХЦС-ын газны үнэ 53800₮, 60000₮,  “Юнигаз”-аас авсан газны үнэ 59000₮,54800₮, 44100₮, 20000₮, МТ ШТС-аас авсан бинзений үнэ 9000₮/-д 351700 төгрөг, талийгаачийг оршуулахтай холбогдож гарсан зардал /хүнсний зүйл Андууд зах 393300₮, 953000₮, Нарантуул зах 1040000₮, Атрын шим ХХК 648450₮, Гүсгээл ХХК 1567250₮, Барс худалдааны төв 517000₮, Их мөрөөдлийн жигүүр ХХК 1460900₮, Дэлгэр орших оргилуун 551500₮, Төвцогтөлзийт ХХК 2507000₮, 900 ХХК 634200₮,  бинзений үнэ Петровис ХХК 250000₮, 200000₮, 360000₮, 105000₮, шарилын хайрцаг болон бусад зүйл Сувдбуян ХХК 420000₮/-д 11607600 төгрөг, нийт 11959300 төгрөгийн хохирлыг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтын шаардлага хангаагүй болон нотлох баримтгүйгээр нэхэмжилсэн 674350 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

2. Насанд хүрээгүй хүүхдүүдэд нөхөн төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд:

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд амь хохирогч Х.Б нь 2007 оны 6 дугаар сарын 20-ны өдөр П.Агарзандантай гэр бүл болж төрийн эрх бүхий байгууллагад гэрлэлтээ бүртгүүлсэн /хх-2-12 тал/, тэдний дундаас 2007 оны 10 дугаар сарын 03-ны өдөр охин Б.Уянга, 2010 оны 10 дугаар сарын 04-ний өдөр охин Б.Ундрал,  2013 оны 3 дугаар сарын 07-ны өдөр  охин Б.Уянтогос, 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүү Б.Аянга нар төрсөн байх бөгөөд /хх-2-14-15 тал/ Х.Б нь авто ослын улмаас 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдөр нас барснаар түүний эхнэр П.Агарзандан хүүхдүүддээ тэжээгчээ алдсаны тэтгэмжийг 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс сар бүр 251000 төгрөгөөр /хх-2-13 тал/ тогтоолгосон байна.

Амь хохирогч Х.Б нь Т ХХК-д барилга угсралт, засал чимэглэлчээр ажиллаж түүний сарын дундаж цалин 400000 төгрөг байсан болох нь хөдөлмөрийн гэрээ болон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар /хх-2-16 тал/ нотлогдож байх тул нэг ам бүлд ногдох орлогыг тооцоход /400000₮:6=66666₮/ дунджаар 67000 төгрөг байна, үүнээс амь хохирогч болон хөдөлмөрийн чадвар бүхий эхнэр П.Агарзандан нарт ногдох хэсгийг хасахад /400000₮-134000₮=266000₮/ насанд хүрээгүй хүүхдүүдэд ногдох хэсэг нь 266000 төгрөг болж байгаа бөгөөд нийгмийн даатгалын сангаас сар бүр авч буй 251000 төгрөгийн тэтгэмжээс их байх тул түүний зөрүүгээр /266000₮-251000₮=15000₮/ нөхөн төлбөрийг тооцож, 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх нийт 7 сарын хугацааны 105000 төгрөгийг нөхөн гаргуулж, 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сар бүр 15000 төгрөгийн нөхөн төлбөрийг 2007 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төрсөн Б.Уянгыг 16 нас, суралцаж байгаа бол 18 настай болтол гаргуулж хохирогч П.Агарзанданд олгох нь зүйтэй байна.

Хохирогч П.З , С.Сувд-Эрдэнэ нарын нэхэмжлэлийн шаардлагын тухайд:       

       1.Талийгаачийг оршуулахтай холбогдож гарсан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан иргэний нэхэмжлэлийн шаардлагын хувьд хэргийн 2 дугаар хавтасны 85-102 дугаар талд авагдсан нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэж буй нотлох баримтын хүрээнд хохирогч С.Сувд-Эрдэнэ, П.З  нар нь 20092276 төгрөгийн иргэний нэхэмжлэл гаргасан байна.

        Үүнээс хохирогч С.Сувд-Эрдэнэ 8137650 төгрөгийг нэхэмжилсэн байх ба /хх-85-88 тал/ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардал /2017 оны 12 дугаар сарын 24-25-ны өдрийн Зочид буудлын төлбөр 80000₮, МТ Дархан ХХК-иас авсан бинзений үнэ 70000₮, 79300₮, замын хураамж 3000₮/-д 232300 төгрөг, талийгаачийг оршуулахтай холбогдож гарсан хүнсний зүйлийн зардал /2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Мөнх худалдааны төв/-д 76250 төгрөг, нийт 308550 төгрөгийг гаргуулж, харин талийгаачийн 49 хоногийн буяны үйл ажиллагаанд гарсан болон хэргийн хор уршигтай шууд шалтгаант холбоогүйгээр гарсан 2017 оны 12 дугаар сарын 24-25-ны өдрийн хүнсний зүйлийн /Сансар худалдааны төв 30275₮, Сайхан супермаркет 6850₮/, 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 10 дугаар сарын 05-ны өдүүдэд авсан хүнсний зүйлийн /Шинэхэн минж 9700₮, Мөнх худалдааны төв 72800₮, Орос худалдааны төв 450000₮, Мандухай цэцэн ХХК 102200₮, 425000₮, Заяа худалдааны төв 44000₮, 129000₮ Барс худалдааны төв 188400₮/-ийн үнэ 1458225 төгрөг, мөн хугацаанд авсан шатахууны /Хөрс авто 99500₮, Өндөр дов 40000₮, Өвөрхангай ШТС 110000₮, 104000₮, Говь-Алтай ШТС 54545₮/ үнэ 408045 төгрөг болон нотлох баримтын шаардлага хангаагүй, нотлох баримтгүй гэх үндэслэлээр 5962830 төгрөг буюу нийт 7829100 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

       Хохирогч П.З  11954626 төгрөгийг нэхэмжилсэн байх ба /хх-89-102 тал/ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан /Петростар ХХК 95012₮, 72996₮, 98100₮, НИК ХХК 40000₮, 38302₮, 98661₮, 80000₮, 60000₮, 20000₮, Шунхлай петролум 72300₮, замын хураамж 14000₮/-д 689371 төгрөг, талийгаачийг оршуулахтай холбоотой хүнсний зүйлийн /2017 оны 8 дугаар сарын 19-25-ны өдрүүдийн Глобалсайкл ХХК 5394000₮, 350000₮, Цоглог худалдааны төв 787500₮, Их Овооцагаан ХХК 598000₮, 288000₮, 62000₮ 321950₮, 263500₮, Барс худалдааны төв 881000₮/, Баянзүрх супермаркет 181417₮, 52200₮, 202560₮, 20000₮, 47800₮, 32800₮, 48200₮, 263500₮, 73750₮, 135000₮/ зардалд 10003177 төгрөг, мөн хугацаанд тээвэр шатахууны /НИК ХХК 41000₮, 67500₮, МТ ШТС 30000₮, 30000₮, 30000₮, 30000₮, 30000₮, 30000₮, 140000₮, Петростар ХХК 40000₮, 10000₮, 50000₮/ зардалд 528500 төгрөг, нийт 11221048 төгрөгийг гаргуулж, харин цаг хугацааны хувьд хэрэгт хамааралгүй болох 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн н.Пүрэврагчаа, н.Жавзандулам нарын Завхан аймгийн Их уул сумаас Улаанбаатар хотод ирсэн замын зардлын 76400₮, мөн 9 дүгээр сарын 25-ны өдөр болон талийгаачийн 49 хоногийн буяны үйл ажиллагаатай холбоотой 2017 оны 10 дугаар сарын 05-06-ны өдүүдэд Баянзүрх супермаркетаас авсан  хүнсний зүйлийн  /38200₮, 19509₮, 44650₮/ үнэ, мөн хугацаанд Петростар ХХК-иас авсан бинзений /40000₮, 81000₮, 40018₮, 43027₮/ үнэ 382804 төгрөг, нотлох баримтын шаардлага хангаагүй, нотлох баримтгүй гэх үндэслэлээр 350774 төгрөг буюу нийт 733578 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.  

       2. Талийгаачийн насанд хүрээгүй хүүхдэд нөхөн төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд:

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд амь хохирогч П.Д нь 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдөр С.Сувд-Эрдэнэтэй гэр бүл болж төрийн эрх бүхий байгууллагад гэрлэлтээ бүртгүүлсэн /хх-211 тал/, тэдний дундаас 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүү Д.Идэржавхлан төрсөн байх бөгөөд /хх-212 тал/ П.Д нь авто ослын улмаас 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдөр нас барснаар /хх-213 тал/ түүний эхнэр С.Сувд-Эрдэнэ хүүдээ тэжээгчээ алдсаны тэтгэмжийг 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс сар бүр 251000 төгрөгөөр /хх-214 тал/ тогтоолгосон байна.

Амь хохирогч П.Д нь Төвцогтөлзийт ХХК-д барилгын техникчээр ажиллаж түүний сарын дундаж цалин 360000 төгрөг байсан болох нь нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар /хх-216 тал/ нотлогдож байх тул нэг ам бүлд ногдох орлогыг тооцоход /360000₮:3=120000₮/ дунджаар 120000 төгрөг байна, үүнээс амь хохирогч болон хөдөлмөрийн чадвар бүхий эхнэр С.Сувд-Эрдэнэ нарт ногдох хэсгийг хасахад /360000₮-240000₮=120000₮/ насанд хүрээгүй хүүхдэд ногдох хэсэг нь 120000 төгрөг болж байгаа бөгөөд нийгмийн даатгалын сангаас сар бүр авч буй 251000 төгрөгийн тэтгэмжээс бага, өөрөөр хэлбэл олгогдож буй тэтгэмж нь цалингаас ногдох орлогоос их байх тул  нөхөн төлбөр гаргуулах үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

       Иргэний нэхэмжлэгч Б.Цэрэнхүүгийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

       Хэрэгт “Hyundai Grase” маркийн 78-80 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээр /хх-161 тал/ түүний өмчлөгчөөр “ Т “ХХК бүртгэгдсэн, тус компанийг төлөөлж тээврийн хэрэгслийн эзэмшигч Б.Цэрэнхүүг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон байх ба /хх-41 тал/ түүний өгсөн мэдүүлэгт “байгууллагынхаа хөрөнгө болох ТӨА 78-80 улсын дугаартай ачааны микробусны үнийг нэхэмжилнэ /хх-43 тал/ гэж, харин гэрчээр өгсөн мэдүүлэгтээ /хх-54-55 тал/ “ би 2017 оны 08 сарын 18-ны өдөр Амарсанаа, Дарамбазар, Батхишиг нарын хамт Төв аймгийн Эрдэнэсант суманд барилгын ажлаа дуусгахаар “Hyundai Grase” маркийн 78-80 ТӨА улсын дугаартай автомашинтай ирсэн. Уг автомашины жолооч нь би өөрөө ...нэг шил архи авч ууцгаасан. Тэгээд орой 23 цагийн үед унтахаар хэвтэцгээсэн. ...Өглөө унтаж байтал Амарсанаа надад “нөгөө хоёр чинь алга байна” гэхээр нь би “цаад өрөөнд чинь унтаж байгаа байлгүй дээ” гэхэд “машин байхгүй байна” гэсэн. ...Би унтахдаа машиныхаа түлхүүрийг өмсөж байсан хүрэмнийхээ баруун талын гадна халаасанд хийсэн байсан. Намайг унтаж байхад халааснаас авсан байсан” гэжээ.

       Хөрөнгө, даатгалын үнэлгээний “Ашид Билгүүн” ХХК-ий гаргасан хохирлын үнэлгээгээр “Hyundai Grase” маркийн 78-80 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлтэй холбоотой 2786000 төгрөгийн шууд, засвар үйлчилгээтэй холбоотой 965000 төгрөгийн шууд бус, нийт 3751000 төгрөгийн хохирол “ Т “ХХК-д учирсан болохыг тогтоосон байна.

      Зам тээврийн ослын улмаас учирсан хор уршиг, хохирол нь ““Х Н”” ХХК-ийн “Kia Granbird” маркийн 88-43 УНД дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан С.Г ийн Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” заалтыг зөрчсөнтэй шууд шалтгаант холбоотой байгаа хэдий ч дээрхи хор уршиг, хохирлын хэмжээ ихсэхэд “Hyundai Grase” маркийн 78-80 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч нарын буруутай үйл ажиллагаа  нөлөөлсөн гэж шүүх дүгнэв.

       Өөрөөр хэлбэл тус “ Т “ХХК-ийн ажилчид нь томилолтоор ажиллах хугацаандаа архидан согтуурч улмаар бусдад тээврийн хэрэгслийг ашиглах боломж нөхцлийг бүрдүүлсэн, осол гарах үед уг тээврийн хэрэгслийн жолооч хүнд зэргийн согтолттой /хх-107-110 тал/ байсан нь аюул саад бий болсоныг даруй мэдэх, түүнийг зайлуулах, учрах хор уршгийн хэмжээг бууруулах аргыг самбаачлах, зөв шийдвэр гаргах зэрэгт нөлөөлсөн гэж үзнэ.     

      Иймд Төвцогтөлзийт ХХК-ийн “Hyundai Grase” маркийн 78-80 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан  3751000 төгрөгийн хохирол  гаргуулах тухай иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” гэж заасны дагуу иргэний хариуцагч гэмт хэргийн улмаас бусдад учирсан гэм хорыг хамтран хариуцах боломжтой бөгөөд шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчдын хүсэлтээр Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд заасны дагуу тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч ““Х Н”” ХХК болон “ Т “ХХК-ийг тус тус  иргэний хариуцагчаар татан оролцуулсан болно.

      Хэрэгт авагдсан “Kia Granbird” маркийн 88-43 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр ““Х Н”” ХХК бүртгэгдсэн тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-158 тал/, 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн ““Х Н”” ХХК-ий “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-тай байгуулсан ХХНТ/003-2017 дугаартай “Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ” /хх169 тал/, 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ““Х Н”” ХХК-ий жолооч С.Г тэй байгуулсан “Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээнд хамтран ажиллах гэрээ /хх-166 тал/, мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.О , С.Гантуяа, Д.Бямбасүрэн нарын гэрчээр өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагчийн төлөөлөгч Б.О ын гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаас дүгнэлт хийхэд ““Х Н”” ХХК-ийг иргэний хариуцагчаар татсан нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд төлүүлэх төлбөрийн хэмжээг тогтоохдоо тээврийн хэрэгслийг шүүгдэгчийн эзэмшилд шилжүүлэх болсон шалтгаан, зам тээврийн осол гарахад шалтгаалсан шууд болон шууд бус нөлөө, хохирогч нарт учирсан хохирлын хэмжээ зэргийг харгалзан үзэх нь зүйтэй байх ба гэм буруугийн шүүх хуралдааны дараа ““Х Н”” ХХК болон шүүгдэгч С.Г нарын хохирогч талтай байгуулсан “Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөх тухай” гэрээний дагуу иргэний хариуцагч ““Х Н”” ХХК-иас  талийгаачдыг оршуулахтай холбогдож гарсан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардлыг, шүүгдэгч С.Г ээс гэм хор учруулсаны  төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэв.

      Харин ““Х Н”” ХХК нь өөрт учирсан хохирлоо гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй бөгөөд “Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөх тухай” гэрээнд дээрх төлбөрийг нэхэмжлэх харилцааг ““Х Н”” ХХК, С.Г нар нь жич харилцан тохиролцож шийдвэрлэнэ гэснийг, түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар “ Т “ХХК-ий хувьд иргэний хариуцлага хүлээх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

        Шүүгдэгч С.Г эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, иргэний хариуцагч болон шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо богино хугацаанд нөхөн төлөхөө илэрхийлж хугацаатай гэрээ байгуулсан, шүүгдэгч С.Г ийн бага насны хүүхэдтэй, гэр бүлийн хүн нь эмчийн хяналтад байгаа зэрэг хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулж, түүнийг нээлттэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв. 

       Энэ хэрэгт шүүгдэгч С.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй байна.

       Шүүхийн шийдвэр уншиж сонсгосон даруй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрт тооцооны техникийн шинжтэй алдаа гарсаныг шүүх өөрийн санаачлагаар хэргийн оролцогчдод мэдэгдэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу даруй хянан хэлэлцэж, шийдвэрийг залруулсан болно.

      Өөрөөр хэлбэл хохирогч П.З , С.Сувд-Эрдэнэ нарын иргэний нэхэмжлэл дээр тооцооны алдаа гарч ““Х Н”” ХХК-иас  гаргуулах хохирлын дүн 23488898 төгрөгийг 23180348 төгрөг гэж 308550 төгрөгөөр,  хохирогч П.З , С.Сувд-Эрдэнэ нарт 11529598 төгрөг олгохыг 11221048 төгрөг гэж 308550 төгрөгөөр, мөн нэхэмжлэлийн шаардлагаас 8562678 төгрөгийг хэрэгсэхгүй болгохыг 382804 төгрөг гэж 8179874 төгрөгийн тус тус зөрүү гарсан байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалт буюу    

       Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 508 дугаар зүйлийн 508.1, 508.2, 508.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан иргэний хариуцагч “Х Н” ХХК-иас 23180348 төгрөг, шүүгдэгч С.Г ээс 105000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Х.Батбаяр, П.Агарзандан нарт 12064300 төгрөгийг, хохирогч П.З , С.Сувд-Эрдэнэ нарт 11221048 төгрөгийг, амь хохирогч Х.Батхишигийн насанд хүрээгүй хүүхдүүд болох Б.Ундрал, Б.Уянтогос, Б.Аянга, Б.Уянга нарын тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 15000 /арван таван мянга/ төгрөгийг 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2007 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төрсөн Б.Уянгыг 16 нас, суралцаж байгаа бол 18 настай болтол шүүгдэгч С.Г ээс сар бүр гаргуулж хохирогч П.Агарзанданд тус тус олгож, хохирогч Х.Батбаяр, П.Агарзандан нарын нэхэмжлэлийн шаардлагаас 464350 төгрөгийг, хохирогч П.З , С.Сувд-Эрдэнэ нарын нэхэмжлэлийн шаардлагаас 382804 төгрөгийг болон нөхөн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг, иргэний нэхэмжлэгч “ Т “ХХК-ий “Hyundai Grase” маркийн 78-80 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан  3751000 төгрөгийн хохирол  гаргуулах тухай иргэний нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэснийг

       Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 508 дугаар зүйлийн 508.1, 508.2, 508.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан иргэний хариуцагч “Х Н” ХХК-иас 23488898 төгрөг, шүүгдэгч С.Г ээс 105000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Х.Батбаяр, П.Агарзандан нарт 12064300 төгрөгийг, хохирогч П.З , С.Сувд-Эрдэнэ нарт 11529598 төгрөгийг, амь хохирогч Х.Батхишигийн насанд хүрээгүй хүүхдүүд болох Б.Ундрал, Б.Уянтогос, Б.Аянга, Б.Уянга нарын тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 15000 төгрөгийг  2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2007 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төрсөн Б.Уянгыг 16 нас, суралцаж байгаа бол 18 настай болтол шүүгдэгч С.Г ээс сар бүр гаргуулж хохирогч П.Агарзанданд тус тус олгож, хохирогч Х.Батбаяр, П.Агарзандан нарын нэхэмжлэлийн шаардлагаас 674350 төгрөгийг, хохирогч П.З , С.Сувд-Эрдэнэ нарын нэхэмжлэлийн шаардлагаас 8562678 төгрөгийг болон нөхөн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг, иргэний нэхэмжлэгч “ Т “ХХК-ийн “Hyundai Grase” маркийн 78-80 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан  3751000 төгрөгийн хохирол  гаргуулах тухай иргэний нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж залруулсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                 ТОГТООХ нь:    

       1. Шүүгдэгч Т овогт С. Г Г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

       2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г ийг  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.      

       3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г эд оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

       4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг түүнийг үндсэн ялаа эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

        5. Шүүгдэгч С.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжилсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

        6.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 508 дугаар зүйлийн 508.1, 508.2, 508.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан иргэний хариуцагч “Х Н” ХХК-иас 23488898 /хорин гурван сая дөрвөн зуун наян найман мянга найман зуун ерэн найм/  төгрөг, шүүгдэгч С.Г ээс 105000 /нэг зуун таван мянга/ төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч Х.Батбаяр, П.Агарзандан нарт 12064300 /арван хоёр сая жаран дөрвөн мянга гурван зуу/ төгрөгийг, хохирогч П.З , С.Сувд-Эрдэнэ нарт 11529598 /арван нэгэн сая таван зуун хорин есөн мянга таван зуун ерэн найм/ төгрөгийг, амь хохирогч Х.Б насанд хүрээгүй хүүхдүүд болох Б.У, Б.У, Б.А, Б.У нарын тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 15000 /арван таван мянга/ төгрөгийг 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2007 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төрсөн Б.У 16 нас, суралцаж байгаа бол 18 настай болтол шүүгдэгч С.Г ээс сар бүр гаргуулж хохирогч П.Агарзанданд тус тус олгож, хохирогч Х.Б, П.А нарын нэхэмжлэлийн шаардлагаас 674350 /зургаан зуун далан дөрвөн  мянга гурван зуун тавь/ төгрөгийг, хохирогч П.З , С.Сувд-Эрдэнэ нарын нэхэмжлэлийн шаардлагаас 8562678 /найман сая таван зуун жаран хоёр мянга зургаан зуун далан найм/ төгрөгийг болон нөхөн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг, иргэний нэхэмжлэгч “ Т “ХХК-ийн “Hyundai Grase” маркийн 78-80 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан 3751000 /гурван сая долоон зуун тавин нэгэн мянга/ төгрөгийн хохирол  гаргуулах тухай иргэний нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. 

      7. ““Х Н”” ХХК нь өөрт учирсан хохирлоо гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй бөгөөд “Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөх тухай” гэрээнд дээрх төлбөрийг нэхэмжлэх харилцааг ““Х Н”” ХХК, шүүгдэгч С.Г нар нь жич харилцан тохиролцож шийдвэрлэнэ гэснийг, “ Т “ХХК  иргэний хариуцлага хүлээх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болохыг тус тус дурдсугай.

      8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Г эд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн Булган аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа Цагдан хорих байранд цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн тоолсугай.

      9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1,   38.1 дүгээр зүйлийг 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.                                                                                                                     

     10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Г эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                                           

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.ЦЭРЭНХАНД